Skip to content

Гарчиг руу орох

Христиан гэдгээрээ бахархагтун!

Христиан гэдгээрээ бахархагтун!

Христиан гэдгээрээ бахархагтун!

«Сайрхагч нь Эзэн дотор [«Еховагаар», ШЕ] сайрхаг» (1 КОРИНТ 1:31).

1. Өнөөдөр хүмүүсийн шашинд хандах хандлага ямар болсон бэ?

 «ХАЙХРАМЖГҮЙ ХАНДЛАГА». Саявтархан нэгэн тоймч хүмүүсийн шашин шүтлэгтээ хандах хандлагыг тодорхойлохдоо дээрх үгийг ашиглажээ. Тэрбээр: «Орчин үеийн шашинд ажиглагдаж байгаа хамгийн онцлог зүйлийг шашны өөрийнх нь хөгжил бус, харин сүсэгтэн олны „хайхрамжгүй хандлага“ гэж тодорхойлох нь зүйд нийцнэ» хэмээн тайлбарласан байна. Угтаа, «хайрамжгүй хандлага» гэдгийг «шашнаа үл тоох явдал» гэж тодорхойлжээ. Түүний тэмдэглэснээр, «Бурханд итгэдэг хүн» олон ч, «тэд Бурхныг үл тоомсорлодог» ажээ.

2. а) Хүмүүс шүтлэгтээ хайхрамжгүй болж байгаад гайхах хэрэггүйн учир юу вэ? б) Тийм хайхрамжгүй байдал жинхэнэ христиануудад ямар аюултай вэ?

2 Тийм хайхрамжгүй хандлага Библи судалдаг хүмүүсийн гайхлыг төрүүлдэггүй (Лук 18:8). Ер нь шашны хүрээнд ийм юм болох нь гарцаагүй байсан. Хуурамч шашин хүмүүсийг он удаанаар төөрөгдүүлж, урмыг нь хугалж байлаа (Илчлэлт 17:15, 16). Гэхдээ, хаа сайгүй тархаж байгаа энэхүү хайхрамжгүй, идэвхгүй байдал жинхэнэ христиануудад аюултай. Бид шүтлэгтээ хайхрамжгүй хандан, Бурханд үйлчлэх хийгээд Библийн үнэнийг судлах идэвхээ сулруулж болохгүй. Есүс Лаодик дахь христиануудад тийм үлбэгэр байхаас сэрэмжлүүлэн: «Чиний үйлс хүйтэн ч биш, халуун ч биш... Чамайг хүйтэн юм уу эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна. ...Чи... бүлээвтэр [байна]» хэмээн хэлсэн (Илчлэлт 3:15–18).

Хэн болохоо ухаарах нь

3. Христианууд юугаараа бахархаж болох вэ?

3 Христианууд сүнслэг талаар хайхрамжгүй болохгүйн тулд хэн болохоо сайтар ухаарч, түүгээрээ бахархах хэрэгтэй. Еховагийн үйлчлэгчид, Есүсийн шавь нар биднийг чухам хэн болохыг Библи хэлж өгдөг. Бид «сайн мэдээг» бусдад идэвхийлэн хүргэдэг учраас Еховагийн «гэрч нар», «Бурхны хамтран зүтгэгчид» юм (Матай 24:14; Исаиа 43:10; 1 Коринт 3:9). Бид бас «бие биеэ хайрладаг» (Иохан 13:34). Жинхэнэ христианууд «сайн мууг ялгахад суралцдаг» (Еврей 5:14). Бид энэ ертөнцөд «гэрэл мэт» байдаг (Филиппой 2:15). Бас «харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч явахыг» хичээдэг (1 Петр 2:12; 2 Петр 3:11, 14).

4. Еховаг шүтэгчид ертөнцийнх биш гэдгийг хэрхэн тодорхойлж болох вэ?

4 Еховаг шүтэгчид Удирдагч Есүс Христ нь ертөнцийнх биш байсны адилаар «ертөнцийнх биш» гэдгээ мэддэг билээ (Иохан 17:16). Тэд «оюун ухаандаа харанхуй болж, Бурхны аминаас хөндийрсөн» «харь үндэстнүүдээс» тусгаар байдаг (Ефес 4:17, 18). Есүсийн дагалдагчид тийнхүү «бурханлаг бус байдлыг болон ертөнцийн шуналыг үгүйсгэж, ...эдүгээ үед ухаалаг, зөвт байдлаар болон бурханлаг амьдардаг» (Тит 2:12).

5. «Еховагаар сайрхах» гэж юу гэсэн үг вэ?

5 Хэн болохоо, мөн орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Захирагчтай ямар харьцаатай болохоо сайтар ухаарвал «Еховагаар сайрхахгүй» байхын аргагүй (1 Коринт 1:31, ШЕ). «Еховагаар сайрхах» гэж юу гэсэн үг вэ? Ехова Бурхныг шүтдэгээрээ жинхэнэ христианууд бахархдаг. «Сайрхагч нэгэн нь Намайг газар дэлхий дээр хайр энэрэл, шударга ёс болон зөв шударгыг хэрэгжүүлдэг ЭЗЭН мөн гэж ойлгож, мэддэгээрээ сайрхаг» хэмээсэн үгийг бид дагадаг (Иеремиа 9:24). Бид Бурхныг таньж мэдэх аз завшаанаараа, Ехова биднийг хүмүүст туслахдаа ашигладаг гэдгээр «сайрхдаг».

Амаргүй зүйл

6. Зарим хүний тухайд христиан гэдгээрээ бахархах сэтгэлээ хадгалж явахад тэр бүр амар байдаггүйн учир юу вэ?

6 Христиан гэдгээрээ бахархах сэтгэлээ хадгалж явах тэр бүр амар байдаггүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Христиан гэр бүлд өссөн нэг залуу хэсэг хугацаанд сүнслэгээр суларснаа дурсан: «Би ер нь яах гэж Еховагийн Гэрч болсон юм бол оо гэх бодол заримдаа толгойд орж ирдэг байлаа. Надад хар багаас минь Библийн үнэнийг заасан юм. Би Еховагийн Гэрчүүдийг заримдаа христ шашны бусад урсгалаас ялгараад байх юмгүй адилхан л нэг урсгал гэж боддог байв» хэмээн ярьжээ. Зарим христиан ертөнцийн зугаа цэнгэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон Бурхны санаанд үл нийцэх амьдралын нөлөөнд автах явдал байдаг (Ефес 2:2, 3). Нөгөө зарим нь өөртөө эргэлзэж, үнэт зүйлс болон зорилгоо дахин хянаж үзэхэд хүрдэг.

7. Бурхны үйлчлэгчид өөрсдийгөө яаж шалгах нь зөв бэ?

7 Өөрийгөө үе үе нягталж шалгах нь буруу юу? Үгүй ээ. Элч Паул христиануудад өөрсдийгөө шалгаж байхыг уриалан: «Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал» хэмээн бичсэнийг санах хэрэгтэй (2 Коринт 13:5). Үүгээр элч Паул өөрсдөд нь бий болсон байж болзошгүй алив сүнслэг сул талыг илрүүлж, засахын тулд зохих хүчин чармайлт гаргаж, шаардлагатай алхам хийхийг уриалсан хэрэг байлаа. «Итгэл дотор байгаа эсэхээ» шалгаж байгаа христиан хүн үг болоод үйлс нь итгэл үнэмшилтэй нь тохирч байгаа эсэхийг тодорхойлох ёстой. «Итгэлийн хувьд сүйрсэн хөлөг онгоц мэт» болохгүй байхыг ямагт хичээцгээе! (1 Тимот 1:19).

Биднийг бэрхшээл тойрдоггүй

8, 9. а) Мосе өөртөө эргэлзэж байгаагаа хэрхэн илэрхийлсэн бэ? б) Биеэ барьсан Мосед Ехова хэрхэн хариулсан бэ? в) Еховагийн тайвшруулам амлалтууд танд яаж нөлөөлдөг вэ?

8 Христиан хүнд хааяа өөртөө эргэлзэх сэтгэл төрдөг бол, энэ нь, ерөөсөө болохоо байж байна гэсэн үг үү? Мэдээж, үгүй! Тийм сэтгэл ганц өөрт нь төрдөг юм биш гэдгийг мэдэхлээрээ хүн тайвширна. Эрт цагт Бурхны үнэнч гэрчүүд ч тийм байдалд ордог байжээ. Жишээлбэл, Мосе итгэл, зүтгэл, үнэнчээрээ энгүй хүн байсан ч биелүүлэх аргагүй юм шиг даалгавар өгөхөд нь тээнэгэлзэн: «Би хэн юм бэ?» гэдэг (Египетээс гарсан нь 3:11). Тэрбээр: «Би бол өчүүхэн амьтан!» гэх юм уу «Би үүнийг биелүүлж чадахгүй шүү дээ!» хэмээн хэлэх гэсэн нь илэрхий. Түүний амьдралын зарим талыг харвал хулчийсан нь зөв мэт. Боол үндэстнээс гаралтай, израильчуудад гологдсон, уран цэцэн үггүй хүн байв (Египетээс гарсан нь 1:13, 14; 2:11–14; 4:10). Тэрбээр хоньчин байв. Энэ нь египетчүүдийн жигшдэг ажил байжээ (Эхлэл 46:34). Мосе өөрийгөө Бурхны ард түмнийг боолчлолоос чөлөөлнө гэж төсөөлөх ч үгүй байсанд гайхах зүйлгүй!

9 Ехова: «Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчраад, та нар энэ ууланд Бурханд мөргөнө. Энэ нь чамд Миний чамайг илгээсний тэмдэг болно» хэмээн хоёр чухал зүйл амлаж, Мосег тайвшруулжээ (Египетээс гарсан нь 3:12). Бурхан үргэлж хамт байна гэдгээ шийдэмгий бус үйлчлэгчдээ хэлсэн. Түүнээс гадна, ард түмнээ заавал чөлөөлнө гэдгээ батлан илэрхийлсэн. Бурхан энэ мэтчилэн олон зууны турш тусалж дэмжих тухай амлалт өгсөөр ирсэн. Жишээ нь, Амласан газрын босгонд тулж очоод байсан Израилийн ард түмэнд Мосегоор дамжуулан: «Тууштай, зоригтой бай. Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт явдаг... Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй» гэж хэлжээ (Дэд хууль 31:6). Түүнчлэн, Иошуад: «Хэн ч чамайг амьдралын чинь туршид эсэргүүцэн зогсож чадахгүй. Би... чамтай хамт байх болно. Би чамайг хаяхгүй, мөн чамайг орхихгүй» гэж хэлсэн (Иошуа 1:5). Бас христиануудад: «Би [та нарыг] хэзээ ч орхихгүй. Би [та нарыг] хэзээ ч мартахгүй» хэмээн амласан (Еврей 13:5). Тийм хүчирхэг Туслагчтай бид христиан гэдгээрээ бахархах ёстой!

10, 11. Еховад үйлчлэхийн үнэ цэнийг дахин ойлгодог болоход нь леви хүн Асафт юу тусалсан бэ?

10 Мосегоос таван зуу орчим жилийн дараа амьдарч байсан Асаф гэдэг үнэнч леви хүн нэгэнтээ Бурхны хуулийн дагуу амьдрахын зөв эсэхэд эргэлзсэнээ нуулгүй бичжээ. Асаф элдэв сорилт, хорхой хүргэм зүйлийг үл тоон, Бурханд хамаг чадлаараа үйлчилж байсан ч Бурхныг элэглэн дооглогчид улам хүчирхэгжин хөгжиж байгааг ажиглажээ. Энэ явдал Асафт хэрхэн нөлөөлсөн бэ? Асаф: «Харин миний хувьд би бараг хөл алдаж, бараг халтирах шахлаа. Учир нь би хорон муу хүний амжилтыг харан, сайрхагчид атаархсан» хэмээн үнэнээ хэлжээ. Тэрбээр Еховад үйлчлэхийн үнэ цэнд эргэлзэж эхэлсэн аж. «Үнэндээ, би дэмий л зүрхээ цэвэр байлгаж, гараа гэмгүй байдал дотор угаалаа. Учир нь би өдөржин сахилгажуулагддаг... байжээ» хэмээн боджээ (Дуулал 73:2, 3, 13, 14).

11 Асаф сэтгэл хоёрдуулсан тэр бодлоо яасан бэ? Хайхралгүй орхисон уу? Үгүй. 73-р дуулалд бичсэнээр Бурханд залбиран, сэтгэлээ уудлан илчилсэн. Сүмийн ариун газарт зочилсон нь Асафын хувьд эргэлт болжээ. Тэнд байхдаа Бурханд үнэнч үйлчлэх нь хамгийн зөв зам гэдгийг ухаарсан аж. Тэрбээр сүнслэг зүйлийг дахин үнэлдэг болж, Ехова бол бузар мууг үзэн яддаг бөгөөд цаг нь болохоор ёс бус хүмүүсийг шийтгэнэ гэдгийг ойлгожээ (Дуулал 73:17–19). Үүний дүнд Еховагийн үйлчлэгч байх нь завшаантай хэрэг мөн гэдгийг улам сайн ойлгосон байна. Асаф Бурханд: «Би үргэлж Тантай хамт байна. Та баруун гараас минь барьсан юм. Та намайг Өөрийн зөвлөгөөгөөр удирдаж, хожим намайг сүр жавхланд угтан авна» хэмээн хэлжээ (Дуулал 73:23, 24). Тэрбээр Бурханд үйлчилдгээрээ дахин бахархдаг болсон (Дуулал 34:2).

Тэд хэн болохоо мартдаггүй байсан

12, 13. Бурхантай тогтоосон харьцаагаараа бахархдаг байсан Библийн баатруудын жишээ дурдана уу.

12 Христиан гэдгээ улам сайн ухаарахад тустай нэг арга бол саад бэрхшээлийг үл тоон, Бурхантай тогтоосон харьцаагаараа бахархдаг байсан Бурхны үнэнч үйлчлэгчдийн итгэлийг судалж, тэднийг дуурайх явдал юм. Иаковын хүү Иосефын жишээг авч үзье. Тэрбээр багадаа боол болон Египетэд худалдагдаж, Бурхнаас эмээдэг эцэг болон түшиг тулгуур болсон, халуун дулаан уур амьсгалтай гэр орноосоо олон зуун бээр алслагдсан тэс өөр ертөнцөд очжээ. Тэнд Бурхны мэргэн ухаанд үндэслэсэн зөвлөгөө өгчих хүн нэг ч байгаагүйн дээр ёс суртахууны байдал болон итгэлийг нь сорьсон хэцүү нөхцөлтэй тулгарч байлаа. Тийм хэдий ч, Иосеф Бурхны үйлчлэгч гэдгээ мартахгүй байхыг ихэд хичээхийн зэрэгцээ багаасаа хүмүүжсэн мөс чанартаа удирдуулдаг байжээ. Дайсагнасан хүмүүсийн дунд байхдаа ч Еховагийн үйлчлэгч гэдгээрээ бахархаж, итгэл үнэмшлийнхээ талаар ярихаас ичдэггүй байв (Эхлэл 39:7–10).

13 Түүнээс найман зууны дараа Арамын цэргийн жанжин Нааманд олзлогдон, шивэгчин болсон нэгэн израиль охин Еховад үйлчилдгээ мартаагүй. Боломж гармагц тэр охин жинхэнэ Бурхны зөнч Елишагийн тухай ярьж, Еховаг зоригтой гэрчилжээ (Хаадын дэд 5:1–19). Түүнээс олон жилийн дараа залуу хаан Иосиа завхарч гүйцсэн ард түмний дунд амьдарч байсан ч шүтлэгийн асуудлаар томоохон өөрчлөлт хийж, Бурхны сүмийг засварлахын зэрэгцээ ард түмнийг удирдан, Еховаг шүтэх шүтлэгийг сэргээсэн. Тэрбээр итгэл үнэмшил хийгээд шүтлэгээрээ бахархдаг байжээ (Шастирын дэд 34, 35-р бүлэг). Даниел болон түүний гурван найз Вавилонд очоод Еховагийн үйлчлэгч гэдгээ хормын төдий ч мартаагүй бөгөөд хавчлагад өртөн, сорилттой тулгарсан ч Бурханд үнэнч байдлаа хадгалсаар байв. Тэд Еховад үйлчилдгээрээ бахархдаг байсан нь гарцаагүй (Даниел 1:8–20).

Христиан гэдгээрээ бахархагтун

14, 15. Христиан гэдгээрээ бахархах гэж чухам юу гэсэн үг вэ?

14 Бидний дээр ярьсан Бурхны үйлчлэгчдийн амжилт арвин байсан. Яагаад гэвэл, тэд Бурхантай тогтоосон харьцаагаа эрхэмлэж, түүгээрээ бахархдаг байжээ. Тэгвэл бидний тухайд юу хэлж болох вэ? Христиан гэдгээрээ бахархах гэдэг чухам юу гэсэн үг вэ?

15 Христианууд, юуны түрүүнд, Еховагийн гэрч байж, ивээл сайшаалыг нь хүртдэгтээ гүнээ талархах ёстой. Бурхан өөрийнхнийгөө андахгүй мэддэг. Шашны төөрөгдөл хүчтэй байсан үед амьдарч асан элч Паул: «Эзэн [«Ехова», ШЕ] Өөрийн хүмүүсийг таньдаг» хэмээн бичжээ (2 Тимот 2:19; Тооллого 16:5). Ехова «өөрийн хүмүүсээр» бахархдаг. Тэрбээр: «Та нарт хүрэгч нэгэн миний мэлмийн цэцгийд хүрдэг» хэмээн мэдэгдсэн (Зехариа 2:8, ШЕ). Ехова бидэнд хайртай нь тодорхой. Үүний хариуд бид ч гэсэн түүнийг хайрлах хайрынхаа үндсэн дээр түүнтэй дотно харьцаа тогтоох ёстой. Паул: «Хэрэв хүн Бурханд хайртай бол тэр хүн Түүгээр танигдсан байна» гэжээ (1 Коринт 8:3).

16, 17. Христианууд залуу хөгшин гэлтгүй сүнслэг өвөөрөө бахархдагийн учир юу вэ?

16 Еховагийн Гэрч гэр бүлд өсөж хүмүүжсэн залуус Бурхантай тогтоосон хувийн харьцааныхаа үндсэн дээр төлөвшиж байгаа христиан мөн эсэхээ шалгах хэрэгтэй. Тийм залуус зөвхөн эцэг эхийнхээ итгэлээр түрээ барьж болохгүй. Паул Бурхны үйлчлэгч нэг бүрийн тухайд: «Тэр өөрийнхөө эзний өмнө зогсдог эсвэл унадаг» хэмээгээд, цааш нь «Тиймээс бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно» гэж бичжээ (Ром 14:4, 12). Зөвхөн эцэг эхээ дагаж Еховаг шүтдэг болсон хүний хувьд түүнтэй тогтоосон харьцаа дотно байж чадахгүй бөгөөд удаан үргэлжлэхгүй.

17 Бүхий л түүхийн туршид Еховагийн гэрчүүдийн цуваа тасраагүй. 60 орчим зууны тэртээ амьдарч байсан үнэнч эр Абелаас эхэлсэн энэ цуваа орчин үеийн Гэрчүүдийн «үй олон хүн» хүртэл үргэлжилдэг бөгөөд тэр цуваанд мөнх амьдрах ирээдүйтэй, Еховаг шүтэгч өөр олон хүн цаашид ч нэгдэн нийлэх болно (Илчлэлт 7:9; Еврей 11:4). Бид бол асар баян сүнслэг өвтэй, Еховаг үнэнчээр шүтэгчдийн цувааны энэ үеийн төлөөлөгчид мөн!

18. Бид үнэт зүйлс болон хэм хэмжээгээрээ ертөнцөөс хэрхэн ялгардаг вэ?

18 Бид христиан хүний үнэт зүйлс, эрхэм чанар, хэм хэмжээ, онцлог шинжээрээ бусдаас ялгардаг. Энэ бол «Зам» буюу Бурханд таалагддаг, амьдралын цорын ганц зөв хэв маяг мөн (Үйлс 9:2; Ефес 4:22–24). Христианууд «бүхнийг шалгадаг» ба «сайныг барьдаг»! (1 Тесалоник 5:21). Бид жинхэнэ христианууд болон Бурхнаас хөндийрч холдсон ертөнц хоёрын хооронд асар их ялгаа байдгийг сайн ойлгодог. Ехова жинхэнэ болоод хуурамч шүтлэгийн хоорондох ялгааг маш тодорхой болгож өгдөг. Тэрбээр зөнч Малахиар дамжуулан: «Та нар зөв шударга ба хорон муугийн хоорондхыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондхыг дахин ялгадаг болно» хэмээн мэдэгдсэн (Малахи 3:18).

19. Жинхэнэ христианууд шүтлэгтээ ямагт яаж хандах вэ?

19 Зүг чигээ алдсан энэ ертөнцөд «Еховагаар сайрхах» нь туйлаас чухал учраас Бурхнаараа зөв зохистой бахархаж, христиан гэдгээ мартахгүй байхад маань юу туслах вэ? Тустай зөвлөгөөг дараагийн өгүүллээр үзье. Эдгээрийг судлах явцад жинхэнэ христианууд шүтлэгтээ хэзээ ч «хайхрамжгүй ханддаг» болохгүй гэдэг нь танд тодорхой болно.

Та санаж байна уу?

• Христианууд хэрхэн «Еховагаар сайрхдаг» вэ?

• Мосе Асаф хоёрын жишээнээс та ямар сургамж авсан бэ?

• Библийн ямар ямар баатар Бурхны үйлчлэгч гэдгээрээ бахархдаг байсан бэ?

• Христиан гэдгээрээ бахархах гэдэг чухам юу гэсэн үг вэ?

[Догол мөрийн асуулт]