Skip to content

Гарчиг руу орох

Христиан гэдгээ санаж явагтун

Христиан гэдгээ санаж явагтун

Христиан гэдгээ санаж явагтун

«„Та нар бол Миний гэрч нар“ гэж ЭЗЭН айлдаж байна» (ИСАИА 43:10).

1. Ехова ямар ямар хүнийг өөртөө татдаг вэ?

 ТА Хаанчлалын танхимд ирээд эргэн тойрондоо байгаа хүмүүсийг ажиглан харж байна гээд төсөөлөөд үз дээ. Цуглаан дээр анхааралтай сууж, Библийн мэргэн ухааныг өөрийн болгохыг зорьж буй чин сэтгэлтэй залуус байна уу? (Дуулал 148:12, 13). Айл гэрийн амьдрал уруудан доройтож буй нийгэмд амьдарч байгаа ч Бурханд таалагдахыг мэрийдэг өрхийн тэргүүнүүд бас харагдана уу? Өвчин хуучаа үл тоон, Еховад өөрийгөө зориулсныхаа дагуу үнэнч яваа ахмадууд нүдэнд тусаж байна уу? (Сургаалт үгс 16:31). Тэд бүгдээрээ Еховад хайртай. Ехова ч тэднийг өөртөө татаж, дотно харьцаа тогтоожээ. «Намайг илгээсэн Эцэг хэн нэгийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй» хэмээн Бурхны Хүү хэлсэн байдаг (Иохан 6:37, 44, 65).

2, 3. Христиан гэдгээ санаж явах яагаад амаргүй байдаг вэ?

2 Еховагийн сайшаалыг хүлээж, ивээлийг хүртдэг хүмүүсийн тоонд ордогтоо бид баярлаж явдаг. Гэхдээ өнөөгийн «хэцүү цагт» христиан гэдгээ санаж явах амаргүй (2 Тимот 3:1). Ялангуяа, христиан эцэг эхийн хайр халамжинд байдаг залуучуудын хувьд бүр ч амаргүй байдаг. Тийм нэгэн залуу: «Би цуглаанд явдаг ч сүнслэг тодорхой зорилгогүй байсан. Шулуухан хэлэхэд, Еховад үйлчлэх чин хүсэл надад байгаагүй» хэмээн үнэнээ хүлээжээ.

3 Зарим хүн Еховад үйлчлэхийг чин сэтгэлээсээ хүсдэг ч үеийнхнийхээ шахалт, ертөнцийн нөлөө, нүгэлт хандлагадаа дийлдэх талтай байдаг. Хүчтэй дарамт шахалт христиан гэдгийг маань аажмаар мартуулж магадгүй. Жишээ нь, өнөөдөр олон хүн Библид заасан ёс суртахууны хэм хэмжээг хуучирсан гэдэг ч юм уу орчин үед баримтлах боломжгүй гэж боддог (1 Петр 4:4). Зарим хүн Бурхныг өөрийнх нь зааснаар шүтэх шаардлагагүй гэж үздэг (Иохан 4:24). Паул Ефес хотын христиануудад бичсэн захидалдаа ертөнцийн «сүнс» буюу давамгайлах хандлагын тухай хэлжээ (Ефес 2:2). Тэрхүү «сүнсний» шахалтаар хүмүүс Еховаг мэддэггүй нэгнийхээ үзэл бодлыг аялдан дагах янзтай байдаг.

4. Христиан хүний онцлог шинжээ хадгалахын чухлыг Есүс хэрхэн онцлон тэмдэглэсэн бэ?

4 Гэхдээ христиан гэдгээрээ бусдаас ялгарахаа больчихвол хөгшин залуу хэнд ч болов ямар эмгэнэлтэй явдал болохыг Еховагийн үйлчлэгчид бид ойлгодог. Христиан хүн чухам ямар байх ёстойг гагцхүү Еховагийн хэм хэмжээ, шаардлагад тулгуурлаж байж зөв ойлгож болно. Тэгээд ч Ехова биднийг дүр төрхөөрөө бүтээсэн билээ (Эхлэл 1:26; Мика 6:8). Библид христиан хүнийг ялгаруулдаг онцлог шинжийг бүхний нүднээ ил харагддаг хувцастай зүйрлэдэг. Есүс: «Харагтун, Би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерөөлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий» гэж анхааруулсан нь өнөө үед хамаатай * (Илчлэлт 16:15). Бид христиан чанар, биеэ авч явах хэм хэмжээг «тайлж», Сатаны ертөнцийн хэвэнд цутгуулахыг хүсдэггүй. Хэрэв ийм юм болбол, «хувцсаа» тайлснаас өөрцгүй, туйлын харамсмаар, ичгүүртэй хэрэг болно!

5, 6. Сүнслэг асуудалд тууштай хандах нь ямар учраас чухал бэ?

5 Христиан гэдгээ гүнзгий ухамсарлах нь амьдралд ихээхэн нөлөөлдөг. Учир нь, хэрэв Еховаг шүтдэг хүн хэн гэдгээ мартвал тодорхой зорилго буюу зүг чигээ алдаж, эцэст нь христиан замаасаа хазайна. Ийм шийдэмгий бус байх нь хэчнээн аюултайг Библид олонтаа сэрэмжлүүлсэн байдаг. Жишээ нь, шавь Иаков: «Эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. Тийм хүн Эзнээс [«Еховагаас», ШЕ] юм авна гэж бүү найдаг. Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм» хэмээн анхааруулжээ (Иаков 1:6–8; Ефес 4:14; Еврей 13:9).

6 Тэгвэл христиан гэдгээ санаж явахын тулд яах шаардлагатай вэ? Хамгийн дээд Бурхныг шүтэх нь хосгүй завшаан байдгийг юуны тусламжтайгаар илүү гүнзгий ойлгож болох вэ? Дараах зөвлөгөөг авч үзье.

Христиан гэдгээ өөртөө батлагтун

7. Өөрийгөө шалгуулах гэж Еховагаас гуйх нь яагаад зөв бэ?

7 Еховатай тогтоосон харьцаагаа ямагт бэхжүүлэх нь. Христиан хүний хамгийн үнэтэй хөрөнгө бол Еховатай тогтоосон харьцаа юм (Сургаалт үгс 3:32). Хэрэв христиан хүн мөн эсэхдээ эргэлзэж эхэлбэл Еховатай хэр зэрэг бат бэх, ойр дотно харьцаа тогтоосноо нарийн шалгах хэрэгтэй. Дуулалч: «ЭЗЭН, намайг шалгаж, намайг туршаач. Миний оюун бодол, зүрхийг шалгаач» хэмээн Бурхнаас гуйсан нь зөв зүйтэй юм (Дуулал 26:2). Ингэж шалгуулах нь яагаад чухал бэ? Яагаад гэвэл, бид хамгийн гүн бодол, дотоод хандлагаа өөрсдөө найдвартай шалгаж чадахгүй. Гагцхүү Ехова л бидний дотор хүн буюу зүрх сэтгэл, санаа бодол, сэтгэл мэдрэмжийг ойлгох чадвартай (Иеремиа 17:9, 10).

8. а) Ехова биднийг «турших» нь ямар тустай вэ? б) Таныг сүнслэгээр өсөхөд яаж тусалсан бэ?

8 Өөрийгөө шалгуулах гэж Еховагаас гуйж байгаа маань Еховагаар «туршуулахыг» хүсэж байгаа хэрэг юм. Ехова бидний далд санаа, зүрхний хандлагыг илчлэхийн тулд ямар нэг нөхцөл байдалд орохыг зөвшөөрч болох юм (Еврей 4:12, 13; Иаков 1:22–25). Тийм туршилт Еховад хэр зэрэг үнэнчээ харуулах боломж олгодог учир дуртайяа хүлээн авах хэрэгтэй. Цаашлаад, «юугаар ч дутахгүй төгс, бүрэн бүтэн байгаа» эсэхээ өөрсдөө мэдэж авдаг (Иаков 1:2–4). Мөн Ехова биднийг «турших» явцад бид сүнслэгээр өсдөг (Ефес 4:22–24).

9. Библийн үнэнийг өөртөө батлах нь дуртай дургүйн хэрэг мөн үү? Тайлбарлана уу.

9 Библийн үнэнийг өөртөө батлах нь. Библийн үнэнийг ул суурьтай мэддэггүй бол Еховагийн үйлчлэгч гэдгээ ухамсарлаж чадахгүй (Филиппой 1:9, 10). Хөгшин залуу гэлгүй христиан хүн бүр итгэдэг зүйл нь Библийн үнэн гарцаагүй мөн гэдгийг санасандаа хүртэл батлах хэрэгтэй. Паул итгэл нэгтнүүддээ: «Бүхнийг шалга, сайныг баригтун» гэж уриалжээ (1 Тесалоник 5:21). Еховагийн Гэрч эцэг эхийн гар дээр өсөж буй залуу христианууд эцэг эхийнхээ итгэлээр түрээ бариад жинхэнэ христиан болчихгүй гэдгийг ойлгох ёстой. Залуу Соломонд эцэг Давид нь: «Өөрийн эцгийн Бурхныг таньж мэдэн, бүх зүрхээрээ... Түүнд үйлчлэгтүн» гэж захиж байжээ (Шастирын дээд 28:9). Эцэг нь Еховад яаж итгэдэг болсныг хараад л өнгөрөх Соломоны хувьд учир дутагдалтай байв. Харин ч, Еховаг өөрийн биеэр мэддэг болох ёстой байсан бөгөөд тийн таньж мэдсэн билээ. Соломон: «Энэ ард түмний өмнө би орж гарч байхад мэдлэг, билиг ухааныг надад өгөөч» хэмээн Бурхнаас гуйж байсан (Шастирын дэд 1:10).

10. Чин сэтгэлийн асуулт тавих нь яагаад зөв бэ?

10 Мэдлэгтэй байж гэмээнэ бат итгэлтэй болдог. «Итгэл нь сонсохоос... ирдэг» гэж Паул тэмдэглэжээ (Ром 10:17). Энэ юу гэсэн үг юм бол оо? Бурхны Үгээр өөрийгөө тэжээвэл итгэлээ бэхжүүлж, Еховад өөрт нь, амлалтад нь, байгууллагад нь илүү найддаг болно гэсэн үг ажээ. Библийн холбогдолтой чин сэтгэлийн асуултдаа хариу авахад итгэл бэхэждэг. Түүнээс гадна, Ром 12:2-т Паул: «Бурхны хүсэл юу болохыг, тухайлбал, сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг [өөртөө] батал» хэмээн зөвлөсөн байдаг. Энэ зөвлөгөөг яаж хэрэгжүүлэх вэ? «Үнэний мэдлэг» олж авах хэрэгтэй (Тит 1:1). Еховагийн сүнс бидэнд хэцүү зүйлийг ч ойлгоход тусална (1 Коринт 2:11, 12). Тиймээс, ямар нэг юмыг ойлгоход амаргүй байвал Бурхнаас тусламж гуйн залбирах нь зүйтэй (Дуулал 119:10, 11, 27). Ехова биднийг Үгийг нь ойлгож, итгэж, сахиасай гэж хүсдэг учраас чин сэтгэлийн асуултад Ехова дуртайяа хариулдаг.

Бурханд таалагдах шийдвэр төгс байгтун

11. а) Бид төрөлхийн ямар хүсэлдээ урхидуулж болох вэ? б) Яаж үеийнхэндээ уруу татагдахгүй байх эр зоригтой болох вэ?

11 Хүнд биш, Бурханд таалагдахыг хичээх нь. Хүн бусдаас сондгойрохгүй байх төрөлхийн хүсэлтэй. Хүн бүрд найз нөхөд хэрэгтэй байдаг бөгөөд олны дунд байх сайхан санагддаг. Хүн, ялангуяа, өсвөр насныхан үеийнхнийхээ нөлөөнд хүчтэй автаж, бусдыг дуурайх, бусдад таалагдах хүсэлд эзэмдүүлдэг. Гэхдээ найз нөхөд, үе тэнгийнхэн маань бидний сайн сайханд тэр бүр санаа тавьдаггүй. Харин ч, муу юм хийхдээ хань татах нь байдаг (Сургаалт үгс 1:11–19). Үеийнхэндээ уруу татагддаг христиан хүн Еховагийн Гэрч гэдгээ голдуу нуудаг (Дуулал 26:4). «Та нар энэ орчлонгийн хүмүүс шиг амьдарч болохгүй» гэж элч Паул анхааруулжээ (Ром 12:2, ШГ). Ехова бидэнд гаднын алив нөлөөтэй тэмцэх дотоод хүч өгдөг (Еврей 13:6).

12. Бурханд найдах найдвараа алдаж болзошгүй аюултай тулгарвал ямар зарчим, хэний жишээ биднийг бэхжүүлэх вэ?

12 Бусдын муу нөлөөнд автаж, христиан гэдгээ мартах аюул учирвал, Бурханд үнэнч байх нь олон нийтийн үзэл бодол, чиг хандлагаас хамаагүй чухал гэдгийг санах хэрэгтэй. Египетээс гарсан нь 23:2-т тэмдэглэсэн: «Олныг дагалдан мууг үйлдэж болохгүй» гэсэн зарчим биднийг хамгаална. Элэг нэгт израильчуудын ихэнх нь Еховаг амласнаа биелүүлэх эсэхэд эргэлзэж байхад Калеб олныг дагахаас эрс татгалзсан. Бурхны амлалт найдвартай гэдэгт тэрбээр баттай итгэж байсан бөгөөд үүнийхээ төлөө том шагнал авсан билээ (Тооллого 13:30; Иошуа 14:6–11). Та ч гэсэн Бурхантай тогтоосон харьцаагаа хадгалахын тулд олны санаа бодол, дарамт шахалтад автахгүй байхыг хүсдэг үү?

13. Христиан хүн гэдгээ бусдад мэдүүлэх нь ямар учраас ухаалаг байдаг вэ?

13 Христиан гэдгээ бусдад мэдүүлэх нь. «Муу нуухаар сайн илчил» гэдэг үг христиан байр сууриа хамгаалахад тусална. Езрагийн үед Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхийг хичээж байсан үнэнч израильчууд эсэргүүцэлтэй тулгарахдаа: «Бид бол тэнгэр, газрын Бурхны зарц нар» хэмээн хэлсэн байдаг (Езра 5:11). Дайсагнасан өнгөөр ханддаг хүмүүсийн харьцаа, шүүмжлэл биднийг айлгаж болох юм. Хүн болгонд таалагдах гэж гүйвэл шийдэмгий байж чадахгүй. Тиймээс, битгий айгаарай. Еховагийн Гэрч гэдгээ хүмүүст мэдүүлэх нь үргэлж ашиг тустай байдаг. Итгэл үнэмшлээ, эрхэмлэдэг зүйлээ, христиан байр сууриа тайлбарлахдаа хүмүүст хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ тууштай байгаарай. Ёс суртахууны асуудлаар Еховагийн тогтоосон өндөр хэм хэмжээг баримтлах шийдвэр төгс гэдгээ хэлж, христиан хүний үнэнч байдал бол тохиролцож болдог юм биш гэдгийг тодорхой ойлгуулаарай. Библийн ёс суртахууны хэм хэмжээ баримталдгаараа бахархдаг гэдгээ харуулах нь зүйтэй (Дуулал 64:10). Христиан ёсоор үнэнч байж, бусдаас ялгарах нь биднийг бэхжүүлж, хамгаалдаг. Түүгээр зогсохгүй, зарим хүнд Ехова болон ард түмнийх нь тухай мэдэх хүсэл төрүүлдэг.

14. Элэглэн дооглож, эсэргүүцдэг хүмүүсээс болж сэтгэлээр унах хэрэггүйн учрыг тайлбарлана уу.

14 Зарим хүн таныг элэглэн дооглож, эсэргүүцэн хавчиж болох юм (Иуда 18). Итгэл үнэмшлээ тайлбарлах гэхэд тань нааштай хандахгүй байвал сэтгэлээр битгий унаарай (Езекиел 3:7, 8). Та хэчнээн хичээгээд ч итгэх хүсэлгүй хүнийг итгүүлж чадахгүй шүү дээ. Фараоныг саная. Фараон гамшиг ч үзсэн, гайхамшиг ч үзсэн, бүр ууган хүүгээ ч алдсан. Гэлээ ч, Мосег Еховагийн нэрээр ярьж байгаад итгээгүй. Тиймд, хүнээс айх хэрэггүй. Еховад итгэж, найдвал айдсаа ялж чадна (Сургаалт үгс 3:5, 6; 29:25).

Өнгөрснөөс сургамж авч, ирээдүйнхээ үндсийг тавигтун

15, 16. а) Сүнслэг өв гэж юу вэ? б) Сүнслэг өвийнхөө тухай Бурхны Үгийн тусламжтайгаар эргэцүүлэн бодох нь ямар ач тустай вэ?

15 Сүнслэг өвөө эрхэмлэх нь. Христиан хүн арвин их сүнслэг өвийнхөө тухай Бурхны Үгийн тусламжтайгаар эргэцүүлэн бодох нь ач тустай байдаг. Бид Еховагийн Үгийн үнэн, мөнх амийн найдвар болон сайн мэдээг тунхаглан, Бурхны төлөөлөгч байх завшаанаа сүнслэг өв гэж үздэг. Та Хаанчлалын тухай дэлгэрүүлэн амь аврах ажлыг Бурхнаас хүлээн авсан Гэрчүүдийнх нь нэг мөн үү? «Та нар бол Миний гэрч нар» гэж Ехова өөрөө баталдгийг санаж яваарай (Исаиа 43:10).

16 Та өөрөөсөө: «Би сүнслэг өвөө хэр зэрэг үнэлдэг вэ? Бурхны хүсэл тааллыг амьдралынхаа эн тэргүүнд тавихын тулд энэ өвөө зохих ёсоор үнэлж чаддаг уу? Алив хорхой хүрэм зүйлийг тэвчиж, сүнслэг өвөө, алдаж болохгүй зүйл гэж өндөр үнэлдэг үү?» гэж асууж үзээрэй. Түүнээс гадна, сүнслэгээр аюулгүй байгаагаа мэдрэхэд сүнслэг өв тусалдаг. Бурхны байгууллагатай холбоотой байсан цагт л сүнслэгээр аюулгүй байдаг билээ (Дуулал 91:1, 2). Еховагийн байгууллагын орчин үеийн түүхийн онцлох үйл явдлыг сөхөж үзвэл хэн ч, юу ч Бурхны ард түмнийг газрын хөрснөөс арчиж чадахгүй гэдэг нь тодорхой харагддаг (Исаиа 54:17; Иеремиа 1:19).

17. Сүнслэг өвөөс гадна өөр юу хэрэгтэй вэ?

17 Сүнслэг байдал дан ганц сүнслэг өвөөс шалтгаалахгүй нь ойлгомжтой. Хүн бүр Бурхантай дотно харьцаа тогтоож, хөгжүүлэх ёстой. Паул Филиппойн христиануудын итгэлийг бэхжүүлэх гэж шаргуу зүтгэснийхээ дараа тэдэнд хандан: «Иймээс хайрт хүмүүс минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад бүр ч илүү өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр биелүүлэгтүн» хэмээн бичсэн (Филиппой 2:12). Энд бичсэнээр, бид «авралаа... биелүүлэх» буюу хүчин чармайлт гаргаж байж аврагдах учиртай. Бид авралаа өрөөл бусдад даатгаж болохгүй.

18. Христиан гэдгээ гүнзгий ухамсарлахад сүнслэг үйл хэрэг яаж тусалдаг вэ?

18 Сүнслэг үйл хэргээр бялхах нь. «Хийдэг ажил нь хүнийг таниулдаг» гэж нэг номд тэмдэглэжээ. Өнөөдөр христианууд Бурхны тогтоосон Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх чухал ажил биелүүлэх тушаалтай. Элч Паул: «Би иудей бус хүмүүст илгээгдсэн хүн бөгөөд ажлаараа бахархаж байна» хэмээн бичжээ (Ром 11:13, ШГ). Дэлгэрүүлэх ажил биднийг ертөнцөөс ялгаруулж, бид ч уг ажилд оролцон, жинхэнэ христиан гэдгээ тод томруун харуулдаг. Цуглаанд явах, Хаанчлалын болон Чуулганы танхим барилцах, гачигдалтай итгэл нэгтнүүддээ туслах гэх мэтийн сүнслэг үйл хэрэгт бялхаж байх нь христиан гэдгээ улам гүнзгий ухамсарлахад тусалдаг (Галат 6:9, 10; Еврей 10:23, 24).

Христиан гэдгээ тодорхой мэдүүлэх нь ивээл авчирдаг

19, 20. а) Та христиан байхын ямар ямар ач тус хүртсэн бэ? б) Христиан хүн гэдгийг маань юу мэдрүүлдэг вэ?

19 Жинхэнэ христианууд бид ямар их ивээл хүртдэгээ түр саатан бодоцгооё. Ехова өөрөө бидний хүн нэг бүрийг Гэрчээ хэмээн хүлээн зөвшөөрдөг. Зөнч Малахи: «ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биетэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонссон. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг үнэлдэг хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ» гэж хэлжээ (Малахи 3:16). Бурхан биднийг анд нөхрөө гэж үздэг (Иаков 2:23). Эдүгээ бид утга учиртай амьдарч, өмнөө үр бүтээлтэй, ухаалаг зорилго тавьдаг болсон билээ. Бас мөнх амийн сайхан найдвартай (Дуулал 37:9).

20 Таны чухам хэн болох хийгээд аль хэр үнэ цэнтэйг таны тухай элдвээр бодож байж болох хүмүүс бус, Бурхан жинхэнэ ёсоор тогтоож чадна гэдгийг санаарай. Хүмүүс биднийг өөрсдийнхөө төгс бус хэмжүүрээр л дүгнэнэ шүү дээ. Харин Бурхны хайр, чин сэтгэлийн халамж бидэнд жинхэнэ үнэ цэнг маань мэдрүүлдэг. Тийм ээ, бид Бурхных билээ (Матай 10:29–31). Хариуд нь бид ч гэсэн Бурхнаа хайрлавал христиан гэдгээ гүнзгий ухамсарлаж, амьдралын маань утга учир тодоос тод болно. «Хэрэв хүн Бурханд хайртай бол тэр хүн Түүгээр танигдсан байна» (1 Коринт 8:3).

[Зүүлт]

^ Энэ үг Иерусалимын сүмийн харуулын даргын үүргийг санагдуулж болох юм. Харуулын дарга шөнийн манааны үеэр сүмийг тойрон явж, манаанд гарсан левичүүдийг сэрүүн байна уу, үгүй юү гэж шалгадаг байв. Унтаж байгаад баригдсан хүнийг саваадаж шийтгэдэг байжээ. Түүнчлэн, хувцсыг нь шатааж, шившиг болгодог байсан байж болох юм.

Та санаж байна уу?

• Христиан гэдгээ санаж явах нь ямар учраас чухал бэ?

• Христиан гэдгээ өөртөө хэрхэн батлах вэ?

• Хэнд таалагдахаа шийдэхдээ юуны тухай бодвол зөв шийдвэр гаргах вэ?

• Христиан гэдгээ гүнзгий ухамсарлахаас ирээдүй маань хэрхэн шалтгаалах вэ?

[Догол мөрийн асуулт]