Нөхөр эхнэрүүдэд зориулсан ухаалаг зөвлөгөө
Нөхөр эхнэрүүдэд зориулсан ухаалаг зөвлөгөө
«Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. Нөхрүүд ээ, ...эхнэрүүдээ хайрла» (Ефес 5:22, 25).
1. Библид тодорхойлсноор гэр бүл гэж юу вэ?
ГЭР БҮЛ бол эрэгтэй эмэгтэй хүнийг «нэг бие махбод» болгон хамтад нь нийлүүлсэн Бурхны байгууламж гэж Есүс хэлсэн (Матай 19:5, 6). Энэ нь өөр өөр зан чанартай хоёр хүн нийтлэг хүсэл сонирхол илэрхийлж, нэгэн зорилгын төлөө хөдөлмөрлөж сурна гэсэн үг. Гэр бүл бол хялбархан цуцалж болдог түр зуурын гэрээ биш, насан туршийн холбоо билээ. Олон улс оронд гэр бүлээ цуцлуулах амархан байдаг ч христиан хүний хувьд гэр бүл бол ариун юм. Ноцтой шалтгааны улмаас л цуцлуулж болно (Матай 19:9).
2. а) Гэр бүлд тус болох ямар нөөц боломж байдаг вэ? б) Гэр бүлээ сайн сайхан авч явахыг хичээх нь ямар учраас чухал бэ?
2 Гэр бүлийн асуудлаар зөвлөгөө өгдөг нэг мэргэжилтэн: «Гэр бүлээ сайн сайхан авч явахын үндэс нь шинэ шинэ асуудал, бэрхшээл үүсэхэд тухай бүрд нь шийдвэрлэж, тухайн үеийн нөөц боломжоо ашиглан байнга өөрчлөгдөж байх явдал юм» гэж хэлжээ. Христиан гэр бүлийн хувьд нөөц боломж гэдэгт Библийн ухаалаг зөвлөгөө, итгэл нэгтнүүдийнх нь дэмжлэг, Еховатай тогтоосон дотно харьцаа, залбирах явдал ордог. Жаргалтай нөхөр эхнэр хоёр бэрхшээлийг ажрахгүй давдаг бөгөөд он жилийн уртад ч хоёулаа сэтгэл хангалуун байдаг. Хамгийн чухал нь, ийм хос, гэр бүлийг Санаачлагч Ехова Бурхныг алдаршуулдаг (Эхлэл 2:18, 21–24; 1 Коринт 10:31; Ефес 3:15; 1 Тесалоник 5:17).
Есүс болон христиан хурлыг дуурайгтун
3. а) Гэр бүлтэй христиануудад өгсөн элч Паулын зөвлөгөөг тоймлон хэлнэ үү. б) Есүс ямар сайхан жишээ үзүүлсэн бэ?
3 Хоёр мянган жилийн өмнө элч Паул христиан хосуудад: «Чуулган [«хурал», ШЕ] Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. Нөхрүүд ээ, Христ чуулганыг [«хурлыг», ШЕ] хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла» хэмээсэн ухаалаг зөвлөгөө өгчээ (Ефес 5:24, 25). Энд ямар хоёр зүйлийг харьцуулсан байгааг анхаарна уу. Нөхөртөө даруухнаар захирагддаг христиан эхнэрүүд Есүсийн дагалдагчдын хурлыг дуурайн, тэргүүллийн зарчмыг хүлээн зөвшөөрч, баримталдаг. Жаргах зовохын алинд нь ч эхнэрээ хайрлаж байгаагаараа христиан нөхрүүд, хурлыг хайрлан санаа тавьдаг Христийн жишээг дагадгаа харуулдаг.
4. Нөхрүүд Есүсийн жишээг хэрхэн дуурайдаг вэ?
4 Гэр бүлийн тэргүүн нөхрүүд өөрсдөө ч Есүс гэдэг тэргүүнтэй (1 Коринт 11:3). Тиймээс, нөхрүүд өөрийгөө золиослох хэрэгтэй болсон ч, Есүс хурлыг халамжилж байсан шиг, гэр бүлийнхээ сүнслэг болон бодит хэрэгцээг хангадаг. Гэр бүлийнхээ сайн сайхныг хувийн дур хүсэл, ашиг сонирхлоос дээгүүр тавьдаг. Есүс: «Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд» хэмээн хэлсэн байдаг (Матай 7:12). Энэ зарчим гэр бүлд онцгой хамаатай. Паул: «Нөхрүүд эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. ...Хэн ч хэзээ ч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй. Харин тэжээж, хамгаалдаг» хэмээн бичихдээ дээрх зарчим гэр бүлд ач холбогдолтой болохыг харуулжээ (Ефес 5:28, 29). Хүн өөрийгөө тэжээж, хамгаалдаг шигээ ханиа мөн адил тэжээж хамгаалах учиртай.
5. Эхнэрүүд христиан хурлыг хэрхэн дуурайдаг вэ?
5 Бурхнаас эмээдэг эмэгтэйчүүд христиан хурлаас үлгэр жишээ авдаг. Есүсийг дэлхий дээр байх үед дагалдагчид нь ажил албаа дуртайяа орхиод түүнийг дагасан. Тэнгэрт гарсных нь дараа ч дуулгавартай хэвээрээ байсан бөгөөд өнгөрсөн 2 000 жилийн хугацаанд жинхэнэ христиан хурал Есүст захирагдсаар, удирдлагыг нь бүх талаар дагасаар ирсэн билээ. Христиан эхнэрүүд ч мөн адил нөхрөө хүндэтгэж, тэргүүллийн зарчмыг баримталдаг учраас нөхөртөө захирагдаж, тусалж, хамтран ажиллаж, дэмждэг. Бие биеэ тийн хайрладаг нөхөр эхнэр хоёр жаргалтай, баяр баясгалантай амьдарна.
Эхнэрээ хүндэтгэгтүн
6. Петр нөхрүүдэд ямар зөвлөгөө өгсөн бэ? Ямар учраас энэ нь чухал бэ?
6 Түүнчлэн, элч Петр гэр бүлтэй хүмүүст, тэр дундаа нөхрүүдэд шууд хамаатай зөвлөгөө өгчээ. Тэрбээр: «Эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг өөрөөсөө сул дорой сав мэт үзэн, ...эхнэртэйгээ ойлголцож амьдар. Амийн нигүүлслийн хамтран өвлөгчийнх нь хувьд түүнийг хүндэтгэ. Ингэвэл та нарын залбиралд саад тотгор учрахгүй» хэмээн хэлжээ (1 Петр 3:7). Петрийн зөвлөгөө хэчнээн чухал болох нь уг зүйлийн төгсгөлийн үгнээс харагддаг. Хэрэв христиан нөхөр эхнэрээ хүндэтгэдэггүй бол энэ явдал Еховатай тогтоосон харьцаанд нь нөлөөлж, Ехова залбирлыг нь сонсохгүй.
7. Христиан нөхөр эхнэрээ яаж хүндэтгэх вэ?
7 Тэгвэл эхнэрээ яаж хүндэтгэх вэ? Эхнэрээ хүндэтгэх гэдэг нь хайрлаж, зохих ёсоор анхаарч, хүний ёсоор хандахыг хэлнэ. Энэ санаа тухайн үед олон хүнд этгээд санагддаг байсан биз ээ. Нэгэн Библи судлаач: «Ромын хуульд эмэгтэй хүний эрхийг тусгадаггүй байв. Хуулиар, эмэгтэй хүн үүрд хүүхдээрээ үлддэг байж. [...] Нөхөртөө үг дуугүй захирагдаж, нөхрийнхөө л амыг хардаг байсан» гэж бичжээ. Энэ нь христиан сургаалаас тэс өөр байлаа. Христиан нөхөр эхнэрээ хүндэтгэж, хүссэнээрээ бус, Библийн зарчмын дагуу эхнэртээ ханддаг байв. Түүнээс гадна, «сул дорой сав» гэдгийг нь бодолцдог байжээ.
«Сул дорой сав» гэж юу гэсэн үг вэ?
8, 9. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй аль талаараа эрх тэгш вэ?
8 Петр эмэгтэй хүнийг «сул дорой сав» хэмээн бичихдээ сэтгэн бодох юм уу сүнслэг талаараа эрэгтэй хүнээс доогуур гэж хэлэх гээгүй юм. Христиан хуралд эмэгтэйчүүд эрчүүд шиг өндөр хариуцлага хүлээдэггүйн зэрэгцээ гэр бүлд ч нөхөртөө захирагдах учиртай нь үнэн (1 Коринт 14:35; 1 Тимот 2:12). Гэлээ ч, Бурхан эрэгтэй эмэгтэй гэж ялгалгүй, бүгдээс нь итгэлтэй, тэвчээртэй байж, ёс суртахууны өндөр хэм хэмжээ сахихыг шаарддаг. Петрийн хэлснээр, нөхөр ч, эхнэр ч «амийн нигүүлслийн хамтран өвлөгч» мөн. Ехова Бурхан аль алийг нь аврахыг хүсдэг (Галат 3:28). Петр захидлаа І зууны тослогдсон христиануудад бичсэн. Тэгэхлээр, түүний үгийг уншсан христиан нөхрүүд «Христийн хамтран залгамжлагч» мөнийн хувьд өөрсдөө ч, эхнэрүүд нь ч тэнгэрийн найдвартай гэдгийг ойлгодог байжээ (Ром 8:17). Хэзээ нэгэн цагт тэд Бурхны тэнгэрийн Хаанчлалд хаан, тахилчаар хамтдаа үйлчлэх байв! (Илчлэлт 5:10).
9 Тослогдсон христиан эхнэрүүд тослогдсон нөхрүүдээсээ аль ч талаараа доогуур байгаагүй нь тодорхой. Дэлхийд амьдрах найдвартай хүмүүсийн тухайд ч мөн л тийм байдаг. «Үй олон хүний» тоонд багтдаг эрэгтэй эмэгтэй хэн ч бай «Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгодог». Еховаг алдаршуулах дэлхий дахины үйл хэрэгт эрэгтэйчүүд ч, эмэгтэйчүүд ч «өдөр шөнөгүй» оролцдог (Илчлэлт 7:9, 10, 14, 15). Тэдний хэн хэн нь «жинхэнэ аминд хүрч» баясах цагтаа «Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөг» эдлэн жаргахаа тэсэн ядан хүлээдэг (1 Тимот 6:19; Ром 8:21). Тослогдсон ч бай, «өөр хонь» ч бай, христианууд бүгдээрээ «нэг хоньчны нэг сүрэгт» нэгдэн Еховад үйлчилдэг (Иохан 10:16, ШГ). Энэ бүхэн бол христиан нөхөр эхнэрүүд бие биеэ зохих ёсоор хүндлэх хүндтэй шалтгаан юм!
10. Эмэгтэй хүнийг «сул дорой сав» гэсэн нь ямар учиртай вэ?
10 Тэгвэл эмэгтэй хүнийг «сул дорой сав» гэсэн нь ямар учиртай вэ? Ер нь, эмэгтэй хүн эр хүнийг бодвол бие жижиг, чадал бага байдгийг Петр хэлсэн болов уу. Түүнээс гадна, хүүхэд төрүүлэх хосгүй чадвартай ч төгс бусаасаа болоод амаржих үедээ их зовдог. Хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн бие тодорхой үеүдэд эвгүйрхдэг байж болно. Ийм л таагүй үед нь юм уу, эсвэл хөл хүндтэй болж, амаржих үед нь онцгойлон анхаарч, халамжилж байх зайлшгүй шаардлагатай. Эхнэрээ сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэйг ойлгож, хүндэтгэдэг нөхөр гэр бүлээ аз жаргалтай байлгахад их тус нэмэр болдог.
Шашин шүтлэгээр хуваагдмал гэр бүл
11. Нөхөр эхнэр хоёр өөр өөр шашин шүтдэг байлаа ч гэр бүл хэрхэн жаргалтай байж болох вэ?
11 Тэгвэл, ханилж суусныхаа дараа нөхөр эхнэр хоёрын аль нэг нь Гэрч болж, улмаар шашин шүтлэгийн тухайд өөр өөр үзэлтэй болсон бол яах вэ? Тийм гэр бүл сайхан амьдардаг болов уу? Жаргалтай амьдарч болдгийг олон гэр бүлийн туршлага харуулдаг. Нөхөр эхнэр хоёр өөр өөр шашин шүтдэг ч, гэр бүл нь тогтвортой, аль аль нь жаргалтай байж болно. Түүнээс гадна, гэрлэлт нь Еховагийн нүдэнд хүчин төгөлдөр хэвээрээ бөгөөд тэд ч «нэг бие махбод» мөн. Тиймээс, христиан хүний Гэрч бус хань хамт амьдрахыг хүсэж л байгаа бол хамтдаа байх нь зүйтэй. Христиан эцэг, эхийн итгэл үнэмшил хүүхдүүдэд нь ч ач тустай (1 Коринт 7:12–14).
12, 13. Христиан эхнэрүүд Петрийн зөвлөгөөний дагуу Гэрч бус нөхөртөө яаж тусалж болох вэ?
12 Петр шашин шүтлэгээр хуваагдмал гэр бүлтэй христиан эмэгтэйчүүдэд сайхан зөвлөгөө өгсөн байдаг. Уг зөвлөгөө зарчмын хувьд Гэрч бус эхнэртэй христиан нөхрүүдэд ч мэдээж хамаатай. Петр: «Эхнэрүүд ээ, та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд үггүйгээр, эхнэрүүдийнхээ биеэ авч явах байдлаар аврагдана. Тэд та нарын журамт байдал болоод эелдэг зан байдлыг чинь ажиглана шүү дээ» хэмээн бичжээ (1 Петр 3:1, 2).
13 Христиан эхнэр итгэл үнэмшлийнхээ тухай нөхөртөө эвтэйхэн хэлж ярьдаг бол сайн. Гэтэл нөхөр нь сонсохыг хүсэхгүй байвал яах вэ? Сонсох эсэх нь тэр хүний хэрэг. Гэхдээ найдвар тасарлаа гэсэн үг биш ээ. Учир нь, христиан хүний биеэ авч явах байдал сайн гэрчлэл болдог. Эхэндээ эхнэрийнхээ итгэл үнэмшлийг сонирхдоггүй, бүр эсэргүүцдэг байсан нөхрүүд биеэ авч явах байдлыг нь хараад «мөнхийн аминд зөв хандлагатай» (ШЕ) болсон нь цөөнгүй (Үйлс 13:48). Нөхөр нь Гэрч болохгүй байлаа ч, эхнэрийнх нь биеэ авч явах байдал таатай сэтгэл төрүүлж, улмаар гэр бүл нь бат бэх болж болох юм. Гэрч эхнэртэй нэг эрэгтэй Еховагийн Гэрчүүдийн өндөр хэм хэмжээний дагуу амьдарч хэзээ ч чадахгүй гэдгээ хэлжээ. Гэсэн ч тэрбээр өөрийгөө «сэтгэл татам эхнэртэй жаргалтай нөхөр» хэмээгээд, эхнэрээ болон итгэл нэгтнүүдийг нь ихэд магтсан үгтэй захидал бичиж, сонины газар явуулжээ.
14. Нөхрүүд, Гэрч биш эхнэртээ хэрхэн тусалж болох вэ?
14 Христиан нөхрүүд ч бас Петрийн зөвлөгөөг хэрэгжүүлэн үлгэр жишээ байдлаараа эхнэрүүдээ талдаа оруулж чаддаг. Нөхөр нь илүү хариуцлагатай болж, архи тамхи, мөрийтэй тоглоом мэтэд мөнгөө үрж, хараал хэлэхээ больж байгааг Гэрч биш эхнэрүүд анзаарч мэдэрдэг. Зарим нь хурлын гишүүдтэй танилцдаг. Тэгээд христиан ахан дүүгийн барилдлага, Гэрчүүдийн байдлыг ажиглаад сэтгэл нь догдолж, Еховад татагдсан нь ч бий (Иохан 13:34, 35).
«Зүрхний нуугдмал хүн»
15, 16. Христиан эхнэр биеэ хэрхэн авч явбал Гэрч бус нөхрөө талдаа оруулж болох вэ?
15 Биеэ яаж авч явбал нөхрөө талдаа оруулах вэ? Христиан эмэгтэйд байвал зохих чанаруудыг илэрхийлбэл. Петр: «Та нарын үс сүлжих, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслах гэх мэт чимэглэл чинь зөвхөн гадна талын үзэмж бүү байг. Харин Бурхны өмнө асар үнэтэй болох дөлгөөн болон даруу сүнсний мөхөшгүй чанараар чимсэн зүрхний нуугдмал хүн нь та нарын чимэглэл байг. Учир нь, түүнчлэн урьд цагт Бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүд ч нөхрүүддээ захирагдан өөрсдийгөө гоёдог байв. Түүнчлэн, Сара Абрахамыг эзэн гэж дуудан, дуулгавартай дагасан юм. Хэрэв та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдвэл, тэр эмэгтэйн хүүхдүүд болно» хэмээжээ (1 Петр 3:3–6).
16 Петрийн зөвлөснөөр христиан эмэгтэйчүүд өнгө үзэмжид дулдуйдах биш, Библийн сургаал, дотор хүнд нь хэрхэн нөлөөлж байгааг нөхөртөө харуулахыг хичээх ёстой. Өөрөөр хэлбэл, «шинэ хүнийг» өмсөж байгаа нь нөхөрт нь бэлээхэн харагдах учиртай. Тэгсэн цагт нөхөр нь эхнэрийнхээ «хуучин хүнийг» одоогийнхтой харьцуулан үзэж юу магад (Ефес 4:22—24). Тэгээд эхнэр нь «дөлгөөн болон даруу» зангаараа сэтгэлийг нь сэргээж, татаж байгааг анзаарах нь лавтай. Дөлгөөн, даруу зан ганц нөхөрт нь таалагдаад зогсохгүй, Бурхны нүдэнд ч «асар үнэтэй» (Колоссай 3:12).
17. Сара христиан эхнэрүүдэд ямар учраас үлгэр дуурайл болдог вэ?
17 Сара христиан эхнэрүүдэд үлгэр жишээ болдог. Нөхөр нь Гэрч ч бай, биш ч бай, Сарагийн жишээг дуурайх нь зүйтэй. Сара Абрахамыг тэргүүнээ хэмээн хүлээн зөвшөөрдөг байсан нь хэнд ч илэрхий бөгөөд зүрхэндээ ч «эзэн гэж дууддаг» байв (Эхлэл 18:12). Гэлээ гээд, өөрийгөө дорд оруулсан юм биш ээ. Тэрбээр Еховад бат итгэдэг, сүнслэгээр хүчтэй эмэгтэй байсан. Бидэнд итгэлийн үлгэр дуурайл болдог «гэрчүүдийн үлэмж агуу үүлний» (ШЕ) нэг хэсэг нь Сара гарцаагүй мөн бөгөөд бид түүний жишээгээр «өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйхийг» хүсдэг (Еврей 11:11; 12:1). Христиан эхнэрүүд Сараг дуурайх нь өөрийгөө гутаасан хэрэг огт биш ээ.
18. Шашин шүтлэгээр хуваагдмал гэр бүлд ямар ямар зарчим баримтлах нь зүйтэй вэ?
18 Шашин шүтлэгээр хуваагдмал гэр бүлд ч гэсэн нөхөр нь л өрхийн тэргүүн байдаг. Хэрэв нөхөр нь Гэрч бол эхнэрийнхээ шашин шүтлэгийг хүндэтгэхийн зэрэгцээ өөрийнхөө итгэл үнэмшилд үнэнч байх ёстой. Гэрч эхнэр ч бас христиан байр сууриасаа ухрах учиргүй (Үйлс 5:29). Гэхдээ нөхрөө тэргүүн гэж хүлээн зөвшөөрч, байр суурийг нь хүндэтгэж, «нөхрийн талаарх хуульд» захирагддаг (Ром 7:2).
Библийн ухаалаг зөвлөгөө
19. Гэр бүлд аюул учруулж болзошгүй зарим зүйл юу вэ? Тэдгээрийг хэрхэн даван туулж болох вэ?
19 Өнөөдөр гэр бүлд аюул учруулж болзошгүй зүйл олон байна. Хариуцлагаа ухамсарладаггүй эрчүүд, нөхрөө тэргүүн гэж хүлээн зөвшөөрдөггүй эмэгтэйчүүд байдаг. Зарим гэр бүлд хэн нэг нь ханьтайгаа зүй бус харьцах явдал ч гардаг. Христиануудын тухайд санхүүгийн бэрхшээл, төгс бус байдал болон энэ ертөнцийн садар самуун явдал, үнэт зүйлийн талаарх гажуудсан ойлголт Бурханд үнэнч байдлыг нь сорьдог. Гэхдээ ямар ч нөхцөлд Библийн зарчмыг баримталдаг христиан хүмүүс Еховагийн ивээлийг хүртдэг. Тэр байтугай, нөхөр эхнэр хоёрын нэг нь л Библийн зөвлөгөөг хэрэгжүүлдэг бол хэн нь ч хэрэгжүүлдэггүй байхаас дээр байдаг. Түүнээс гадна, хэцүү нөхцөлд ч ханьдаа үнэнч байдаг үйлчлэгчдээ Ехова Бурхан хайрлаж, дэмжиж, зөвт үйл хэргийг нь ямагт санаж байдаг (Еврей 6:10; 1 Петр 3:12).
20. Петр христиануудад ямар зөвлөгөө өгсөн бэ?
20 Элч Петр гэр бүлтэй хүмүүст зөвлөгөө өгснийхөө дараа: «Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд сүнс дотор даруу байцгаа. Ерөөлийг өвлүүлэх зорилгын үүднээс та нарыг дуудсан тул та нар мууг муугаар эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн» хэмээн урам хайрласан сайхан үг бичжээ (1 Петр 3:8, 9). Бүх хүнд, ялангуяа нөхөр эхнэрүүдэд зориулсан үнэхээрийн ухаалаг зөвлөгөө биш гэж үү?
Та санаж байна уу?
• Христиан нөхрүүд Есүсийг хэрхэн дуурайдаг вэ?
• Гэрч эхнэрүүд христиан хурлыг хэрхэн дуурайдаг вэ?
• Нөхрүүд эхнэрээ хүндэтгэдгээ хэрхэн харуулж болох вэ?
• Гэрч бус нөхөртэй христиан эмэгтэй биеэ хэрхэн авч явах нь зөв бэ?
[Догол мөрийн асуулт]