«Та нарыг үнээр худалдан авсан юм»
«Та нарыг үнээр худалдан авсан юм»
«Та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс, биеэрээ Бурхныг алдаршуулагтун» (1 КОРИНТ 6:20).
1, 2. а) Мосегийн хуульд бичсэнээр, израиль боолуудад хэрхэн хандах ёстой байсан бэ? б) Эзэндээ хайртай боол ямар сонголт хийх эрхтэй байсан бэ?
«БООЛЧЛОЛ эрт цагийн нийгэмд өргөн тархсан, бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үзэгдэл байсан» хэмээн Библийн нэгэн тольд бичжээ («Holman Illustrated Bible Dictionary»). Уг бүтээлд цааш нь: «Египет, Грек, Ромын эдийн засаг боолын хөдөлмөрт тулгуурладаг байв. МЭ І зуунд Италид гурван хүний нэг нь, бусад оронд таван хүн тутмын нэг нь боол байжээ» гэж тэмдэглэсэн байна.
2 Эртний Израильд ч боолчлол гэж байсан хэдий ч еврей боолын эрхийг Мосегийн хуулиар хамгаалсан байв. Тухайлбал, израиль хүнийг зургаан жилээс илүү хугацаагаар боолчлохыг хориглосон заалт уг Хуульд бий. Долоо дахь жилдээ «хөлс мөнгө төлөлгүйгээр чөлөөлөгдөж» болдог байжээ. Нөгөөтэйгүүр, боолуудад хэрхэн хандах тухай заалтууд шударга бөгөөд хүнлэг байсан нь Мосегийн хуульд бичигдсэн дараах зүйлээс харагдана. «Хэрэв боол: „Би эзэндээ болон эхнэр, хүүхдүүддээ хайртай. Би чөлөөлөгдөж явахгүй“ гэж үнэхээр хэлбэл, эзэн нь түүнийг Бурхны өмнө авч очоод, дараа нь түүнийг хаалга эсвэл хатавчинд аваач. Эзэн нь түүний чихийг шөвгөөр цоолж, тэр насан турш эзэндээ үйлчлэх ёстой» (Египетээс гарсан нь 21:2–6; Левит 25:42, 43; Дэд хууль 15:12–18).
3. а) І зууны христианууд боолууд байсан гэдэг нь ямар учиртай вэ? б) Бурханд үйлчлэхэд биднийг юу хөтөлдөг вэ?
3 Тийнхүү сайн дураараа боолчлогдох нь жинхэнэ христиан боолчлолын үлгэр загвар байсан. Жишээлбэл, Библийг бичсэн Паул Иаков Петр Иуда нар өөрсдийгөө Бурхан ба Христийн боол буюу зарц гэж нэрлэсэн (Тит 1:1; Иаков 1:1; 2 Петр 1:1; Иуда 1). Паул Тессалоник хотын христиануудад «амьд ба үнэн Бурханд [«боол мэт», ШЕ] үйлчлэхийн тулд... хэрхэн шүтээнүүдээсээ эргэж Бурханд хандсаныг» нь сануулсан (1 Тессалоник 1:9). Тэр христиануудыг Бурхны боол болоход юу хөтөлсөн бэ? Эртний израиль боолуудыг саная. Хувийн эрх чөлөөнөөсөө татгалзсан тэд чухам юунд хөтлөгдөж боол хэвээрээ үлддэг байсан билээ? Эзэндээ хайртайдаа тэр биш гэж үү? Христиан боол ч бас Бурхныг хайрлах хайрандаа хөтлөгддөг. Жинхэнэ, амьд Бурхныг таньж мэдээд, хайрлаад ирэхлээр түүнд «бүх зүрх, бүх сэтгэлээрээ» үйлчлэх хүсэл төрдөг (Дэд хууль 10:12, 13). Тэгвэл Бурхан болон Христийн боол болно гэж яахыг хэлдэг вэ? Энэ нь бидний өдөр тутмын амьдралд яаж нөлөөлдөг вэ?
«Бурхны алдрын төлөө бүхнийг хий»
4. Бид яаж Бурхан болон Христийн боол болдог вэ?
4 «Эзэмшигч этгээдийн хууль ёсны өмч бөгөөд түүнд бүрэн захирагддаг хүнийг» боол гэж тодорхойлсон байдаг. Бид өөрсдийгөө Еховад зориулан, баптисм хүртэж, хууль ёсны өмч нь болдог. Элч Паул үүнийг: «Та нар өөрсдийнх биш... Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм» хэмээн тайлбарлажээ (1 Коринт 6:19, 20). Үнэ гэдэг нь, мэдээжээр, Есүс Христийн золих тахил юм. Учир нь Бурхан энэхүү золих тахилын үндсэн дээр биднийг, тослогдсон христианууд уу эсвэл дэлхий дээр амьдрах ирээдүйтэй хамтран зүтгэгчид нь үү гэдгээс хамаарахгүйгээр үйлчлэгчдээ болгон хүлээж авдаг (Ефес 1:7; 2:13; Илчлэлт 5:9). Тэгэхлээр, бид баптисм хүртсэн цагаасаа Бурхных болдог (Ром 14:8). Мөн, Есүс Христ биднийг үнэт цусаараа худалдан авсан учраас бид Христийн боол болж, тушаалыг нь биелүүлэх үүрэг хүлээдэг (1 Петр 1:18, 19).
5. Еховагийн боолууд бидний эн тэргүүний үүрэг юу вэ? Тэр үүргээ хэрхэн биелүүлж болох вэ?
5 Боол хүн эзэндээ дуулгавартай байх ёстой. Бид Эзнээ хайрлах хайрандаа хөтлөгдөн, сайн дураараа боол болдог билээ. 1 Иохан 5:3-т: «Түүний айлдваруудыг сахих явдал нь Бурхныг хайрлах хайр мөн. Түүний айлдварууд хүнд хүчир биш» гэж бичжээ (МБОХ, 1996 он). Тэгэхлээр, Бурханд дуулгавартай байгаа маань бидний хайрын баталгаа бөгөөд түүнд захирагдах дуртайг харуулдаг байна. Энэ нь бидний үйлдэл бүрээр илэрдэг. Паул: «Та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий» гэж хэлсэн байдаг (1 Коринт 10:31). Бид өдөр тутмын амьдрал дээрээ, шалихгүй зүйл дээр ч «Еховад боол мэт үйлчилдгээ» батлахыг хүсдэг (Ром 12:11, ШЕ).
6. Бурхны боол байх нь шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлдөг вэ? Жишээ хэлнэ үү.
6 Жишээ нь, шийдвэр гаргахдаа тэнгэрийн Эзэн Еховагийнхаа хүсэл тааллыг бодолцох учиртай (Малахи 1:6). Чухал шийдвэр гаргах мөчид Бурханд дуулгавартай байдаг эсэх маань соригдож болох юм. Тэр үед бид Бурхны зөвлөгөөг анхаарах уу эсвэл «хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй» зүрхнийхээ хандлагыг дагах уу? (Иеремиа 17:9). Мелиса гэдэг бүсгүйг баптисм хүртээд удаагүй байхад нь нэг залуу сонирхож эхэлжээ. Мелисад тэр их аятайхан хүн шиг санагдсан бөгөөд Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийгээд удаж байлаа. Гэсэн ч, хурлын ахлагч нь Мелисад «зөвхөн Эзэн дотор» гэрлэ гэсэн Еховагийн тушаалыг дагах нь ухаалаг байдаг тухай ярьсан аж (1 Коринт 7:39; 2 Коринт 6:14). «Ахлагчийн өгсөн зөвлөгөөг дагахад надад амархан байгаагүй. Гэхдээ нэгэнт л Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийн тулд өөрийгөө зориулсан болохлоор зааврыг нь дагахаар шийдсэн» гэж Мелиса хэлсэн юм. Тэгээд юу болсонд дүгнэлт хийж: «Би зөвлөгөөг хүлээж авсандаа үнэхээр баяртай байна. Тэр залуу удалгүй Библи судлахаа больсон. Хэрэв би түүнээс холбоогоо таслаагүй бол Гэрч биш хүнтэй амьдралаа холбох байжээ» хэмээн дурссан.
7, 8. а) Бид хүмүүсийн сэтгэлд нийцэхгүй байх вий гэж хэтэрхий санаа зовох хэрэггүйн учир юу вэ? б) Хүнээс айх айдсаа хэрхэн ялж болдгийн жишээ хэлнэ үү.
7 Бурхны боолууд бид хүний боол болох ёсгүй (1 Коринт 7:23). Үнэндээ, хэн ч олны өмнө нэр хүндгүй байхыг хүсдэггүй боловч христиан хүн ертөнцийнхнөөс өөр хэм хэмжээ баримталдгийг мартах учиргүй. Паул: «Би хүмүүсийн сэтгэлд нийцүүлэхийг оролдоно уу?» гэж асуугаад, «Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүсийн сэтгэлд нийцүүлсээр байсан бол би Христийн боол биш байх байсан» гэж өөрөө хариулсан (Галат 1:10). Бид хүмүүсийн шахалтад бууж өгч, сэтгэлд нь нийцүүлэх ёсгүй. Тийм дарамт шахалттай учирвал яах вэ?
8 Жишээ болгон, Испанийн Елена гэдэг христиан охины тухай ярилцъя. Ангийнх нь нэлээд хэдэн хүүхэд цусны донор байжээ. Тэд Еленаг Еховагийн Гэрч учраас цусаа өгөх юм уу цус сэлбүүлэхгүй гэдгийг мэдсэн аж. Елена боломжийг ашиглан, өөрийн саналаар ангийнхныхаа өмнө үзэл бодлоо тайлбарлажээ. «Үнэнийг хэлэхэд, би их сандарч байлаа. Гэхдээ маш сайн бэлдсэн, үр дүн нь ч үнэхээр сайн байсан шүү. Ангийн маань олон хүүхэд намайг хүндэтгэдэг болж, багш миний хийдэг ажлыг биширч байна гэж хэлсэн. Хамгийн гол нь Еховагийн нэрийг хамгаалж, итгэл үнэмшлээ Библийн тусламжтайгаар тодорхой тайлбарлаж чадсандаа би сэтгэл хангалуун байсан» гэж Елена ярьсан юм (Эхлэл 9:3, 4; Үйлс 15:28, 29). Тийм ээ, Бурхан болон Христийн боолууд бид бусдаас ялгардаг. Гэхдээ итгэл үнэмшлийнхээ талаар хүндэтгэлтэйгээр тайлбарлахад бэлэн байвал хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж болно (1 Петр 3:15).
9. Элч Иоханд үзэгдсэн тэнгэр элчээс юунд суралцаж болох вэ?
9 Бурхны боолууд гэдгээ санаж явах нь даруу байхад бас тустай. Нэг удаа элч Иохан тэнгэрийн Иерусалимын сүрлэг үзэгдэл үзээд сэтгэл нь ихэд хөдөлсөндөө Бурхнаас мэдээ дамжуулсан тэнгэр элчид мөргөхөөр хөлд нь унажээ. Тэгэхэд нь тэнгэр элч: «Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон эш үзүүлэгч ах дүүсийн чинь, мөн энэхүү номын үгсийг сахигсдын хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө» гэсэн (Илчлэлт 22:8, 9). Тэр тэнгэр элч Бурхны бүх боолд хэчнээн сайхан жишээ үзүүлээ вэ! Зарим хүн хуралд тусгай үүрэг хүлээдэг. Есүс үүнтэй холбогдуулан: «Та нарын дунд хэн чинь агуу нэгэн болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог» гэж хэлсэн байдаг (Матай 20:26, 27). Есүсийн дагалдагчид бид бүгдээрээ боолууд билээ.
«Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн»
10. Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд үнэнч үйлчлэгчдэд нь дандаа амархан байгаагүйг харуулах жишээ хэлнэ үү.
10 Бурхны хүсэл тааллыг биелүүлнэ гэдэг төгс бус хүмүүсийн хувьд тэр бүр амар хялбар байдаггүй. Явж, израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөл гэж Еховаг хэлэхэд зөнч Мосе нэлээд цааргалдаг (Египетээс гарсан нь 3:10, 11; 4:1, 10). Иона Ниневе хотынхонд шүүх мэдээ тунхаглах даалгавар авмагцаа «ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар боссон» (Иона 1:2, 3). Зөнч Иеремиагийн бичээч Барух «ёолсоор сульдлаа» гэж зовлон тоочсон (Иеремиа 45:2, 3). Бурхны хүсэл таалал өөрсдийн маань хүсэл сонирхол, эрхэмлэдэг зүйлтэй зөрчилдвөл яах вэ? Есүсийн ярьсан ёгт үлгэр энэ асуултад хариулна.
11, 12. а) Лук 17:7–10-т гардаг ёгт үлгэрийг товч ярина уу. б) Энэ ёгт үлгэрээс ямар сургамж авч болох вэ?
11 Есүс, эзнийхээ малыг талд өдөржин хариулсан боолын тухай ярьжээ. 12 цаг хүнд ажил хийгээд ядарсан боолыг харьж ирэхэд эзэн нь түүнд, суугаад хоолоо ид гэж хэлдэггүй. Харин ч: «Надад идэх юм бэлтгэ. Бүсээ бүсэлж, намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи идэж, ууна биз» гэж хэлсэн. Тэр боол эзэндээ үйлчилснийхээ дараа л өөрийгөө бодох байсан. Есүс: «Та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд: „Бид зохисгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн“ гэж хэл» хэмээн ёгт үлгэрээ төгсгөсөн байдаг (Лук 17:7–10).
12 Есүс энэ ёгт үлгэрээрээ, Ехова бидний үйлчлэлийг үнэлдэггүй гэж хэлэх гээгүй билээ. «Бурхан бол... Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» гэж Библид тодорхой бий (Еврей 6:10). Тэгэхлээр, Есүсийн ёгт үлгэрийн гол санаа нь боол хүн өөртөө нийцүүлэх юм уу өөрийн ая тухыг боддоггүй гэдгийг онцолж байна. Бурханд амьдралаа зориулж, боол нь болохоор шийдсэн маань Бурхны хүсэл тааллыг түрүүлж биелүүлэхийг зөвшөөрсөн хэрэг юм. Тиймээс, бид дур хүслээ Бурхны хүсэл таалалд захируулах ёстой.
13, 14. а) Ямар үед төрөлх зангаа ялах хэрэгтэй вэ? б) Бид ямар учраас Бурхны хүсэл тааллыг өөрийнхөөсөө дээгүүр тавих ёстой вэ?
13 Бурхны Үг болон «итгэмжит, ухаалаг боолын» гаргадаг ном хэвлэлийг тогтмол судлахад бидний зүгээс их хүчин чармайлт шаардагдаж болох юм (Матай 24:45). Ялангуяа, урьд нь юм унших дургүй байсан бол эсвэл «Бурхны гүн юмсыг» тайлбарладаг хэвлэл судалж байгаа бол бүр ч их чармайх хэрэгтэй (1 Коринт 2:10). Ямар ч байлаа гэсэн, бие даан судлах цаг гаргах хэрэгтэй биз дээ? Тэвчээртэй суугаад, судлах цаг гаргахад хувийн сахилга бат зайлшгүй шаардлагатай байж болох юм. Эс бөгөөс яаж «төлөвшсөн хүмүүст зориулагддаг бор хоол» идэх дур хүсэлтэй болох билээ? (Еврей 5:14)
14 Заримдаа, өдөржин ажиллаад гэртээ ирэхдээ их ядарсан байдаг ч цуглаандаа явахын тулд өөрийгөө хүчлэх үе гардаг. Эсвэл танихгүй хүмүүстэй ярихаасаа ичдэг төрөлх зангаасаа болоод дэлгэрүүлэхэд хэцүү байж ч болох юм. Сайн мэдээ дэлгэрүүлэх нь заримдаа бидний «хүслийн эсрэг» байдгийг Паул өөрөө хүлээн зөвшөөрсөн (1 Коринт 9:17). Гэхдээ хайрт тэнгэрийн Эзэн Ехова маань биднийг ингэх хэрэгтэй гэж хэлдэг учраас бид хийдэг. Тэгээд Библи судалж, цуглаанд явж, дэлгэрүүлэхийн тулд хүчин чармайлт гаргасныхаа эцэст үргэлж сэтгэл тэнийж, сэргэдэггүй гэж үү? (Дуулал 1:1, 2; 122:1; 145:10–13)
«Арагшаа» бүү харагтун
15. Есүс Бурханд захирагддагаа хэрхэн харуулсан бэ?
15 Есүс Христ тэнгэрийн Эцэгтээ захирагддагаа дээд зэргээр батлан харуулсан билээ. Тэрбээр шавь нартаа: «Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм» гэж хэлсэн байдаг (Иохан 6:38). Гетсемани цэцэрлэгт шаналж байхдаа: «Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог» хэмээн залбирчээ (Матай 26:39).
16, 17. а) Ард орхисон юмаа хэрхэн үзэх ёстой вэ? б) Паул энэ ертөнцөд олж болох байсан ямар завшаанаа «хог» гэж үзсэнийг тайлбарлана уу.
16 Есүс Христ биднийг Бурхны боол байх шийдвэртээ үнэнч байгаасай гэж хүсдэг. Тэрбээр: «Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурхны хаанчлалд үл тэнцэнэ» гэж хэлсэн (Лук 9:62). Бид Бурханд үйлчлэхдээ ард орхисон юмаа үргэлж бодоод байх нь зүйд нийцэхгүй. Харин оронд нь, Бурхны боол болоод юу олж авснаа бодох хэрэгтэй. Паул Филиппой хотын христиануудад: «Би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмны гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд [юм]» гэж бичжээ (Филиппой 3:8).
17 Паул юуг хог гэж үзсэн хийгээд Бурхны боол болж, сүнслэг шагнал хүртэхийн тулд юу орхисныг бодъё. Энэ ертөнцийн тохь тухаас төдийгүй иудейн шашны удирдагчдын нэг болох завшаанаасаа ч татгалзсан. Хэрэв Паул иудейн шашныг шүтсээр байсан бол багш Гамалиелынхаа хүү Симеон шиг, албан тушаал ахих байсан (Үйлс 22:3; Галат 1:14). Симеон фарисайчуудын нэг удирдагч болж, жаахан эргэлзэж байсан ч МЭ 66—70 онд Ромын эсрэг иудейчүүдийн бослогод голлох үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр уг мөргөлдөөний үеэр хэт даврагч иудейчүүд юм уу Ромын цэргийн аль нэгний гарт үрэгдсэн аж.
18. Сүнслэг үйл хэрэг шагнал авчирдгийг жишээгээр хэлнэ үү.
18 Олон Гэрч Паулын жишээг дагажээ. Жин гэдэг эгч: «Сургуулиа төгсөөд хэдхэн жилийн дараа Лондон хотын нэгэн нэртэй хуульчийн нарийн бичгийн даргын ажилд орлоо. Ажилдаа ч дуртай, авдаг цалин ч өндөр байсан. Гэвч Еховад үйлчилбэл илүү ихийг хийж чадна гэж зүрх минь хэлээд байлаа. Эцэст нь би ажлаасаа гарах өргөдлөө өгч, эхлэгчээр үйлчлэх болсон. 20 шахам жилийн өмнө ийм алхам хийсэндээ хэчнээн баяртай байдаг гээч! Бурханд бүрэн цагаар үйлчилдэг минь миний амьдралыг нарийн бичгийн даргын ажлаас ч илүү баян болгосон юм даа. Еховагийн Үг хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчлөхийг харахаас илүү жаргал байхгүй. Ийм үйл хэрэгт өөрөө оролцоно гэдэг бүр ч сайхан. Еховагаас авснаа өгсөнтэйгээ харьцуулах ч юм биш» хэмээн ярьсан юм.
19. Юунд шийдвэр төгс байх хэрэгтэй вэ? Яагаад?
19 Амьдрал ахуй маань цагийн аясаар хувирч өөрчлөгддөг ч Бурханд өөрийгөө зориулсан шийдвэр маань хэвээр үлддэг. Бид урьдын адил Еховагийн боолууд бөгөөд Бурхан бидэнд цаг зав, хүч чадал, авьяас чадвар болон бусад зүйлээ яаж дээд зэргээр ашиглахаа өөрсдөө шийдэх боломж олгодог. Тэгэхлээр, ийм шийдвэр гаргахдаа Бурхныг хайрлах хайраа харуулж болох нь байна. Түүнчлэн, өөрийгөө золиослоход хэр зэрэг бэлэн байдгаа харуулдаг (Матай 6:33). Нөхцөл байдал маань ямар ч байсан, Еховад хамгийн сайныгаа өгөх шийдвэр төгс байх хэрэгтэй биз дээ? Паул: «Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус, байгаа зүйлийн дагуу энэ нь тааламжтай» гэж бичжээ (2 Коринт 8:12).
«Та нар... үр жимс авдаг»
20, 21. а) Бурхны боолууд ямар үр жимс ургуулдаг вэ? б) Өөрт нь хамаг чадлаараа үйлчилдэг хүмүүсийг Ехова хэрхэн шагнадаг вэ?
20 Бурхны боол байна гэдэг тэсэшгүй бэрх юм биш ээ. Харин ч аз жаргалыг маань булаадаг хүнд хэцүү боолчлолоос чөлөөлж өгдөг. Паул: «Нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд Бурханд боолчлогдсон та нар ариусгалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь болой» гэж бичсэн (Ром 6:22). Бурханд боолчлогдох нь «ариусгалд хүрэх үр жимс» ургуулдаг. Өөрөөр хэлбэл, бид ёс суртахууны хувьд биеэ цэвэр ариун авч явсныхаа ач тусыг хүртдэг. Түүнээс гадна, ирээдүйд мөнх аминд хүрнэ.
21 Ехова боолууддаа уужим сэтгэлээр ханддаг. Хамаг чадлаараа үйлчлэхэд маань тэр бидэнд «тэнгэрийн цонхыг нээж, ...ивээлийг хальтал асгадаг» (Малахи 3:10). Үүрд мөнхөд Еховагийн боол байна гэдэг юутай сайхан бэ!
Та санаж байна уу?
• Бид яагаад Бурхны боолууд болдог вэ?
• Бурхны хүсэл таалалд захирагддагаа бид хэрхэн харуулдаг вэ?
• Еховагийн хүсэл тааллыг өөрийнхөөсөө дээгүүр тавих ёстойн учир юу вэ?
• Ямар учраас «арагшаа харж» болохгүй вэ?
[Догол мөрийн асуулт]