Skip to content

Гарчиг руу орох

Өнөөгийн ертөнцөд гэр бүл жаргалтай байх нь

Өнөөгийн ертөнцөд гэр бүл жаргалтай байх нь

Өнөөгийн ертөнцөд гэр бүл жаргалтай байх нь

«Хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» (Колоссай 3:14).

1, 2. а) Хурлынхаа гишүүдийн дундаас хэнийг харахад сайхан байдаг вэ? б) Ямар гэр бүлийг жаргалтай гэж хэлэх вэ?

 ХРИСТИАН хурлын гишүүдийн дундаас бие биедээ 10, 20, 30 бүр түүнээс ч олон жил үнэнч яваа хосуудыг харахад сайхан байдаг. Тэд зовлон жаргалаа хамтдаа туулсаар өдийг хүрчээ (Эхлэл 2:24).

2 Амьдралынх нь зам тэр бүр дардан байгаагүйг ихэнх хос хэлэх биз ээ. Нэгэн судлаач: «Жаргалтай гэр бүл зовдоггүй гэсэн үг биш ээ. Амьдралд сайн муу аль аль нь л тохиолддог... Гэхдээ... жаргалтай хосууд орчин үеийн амьдралын [эх захгүй явдалд] хөл алдалгүй, яаж ийгээд салж сарнилгүй үлдсэн байдаг» хэмээн бичжээ. Гэр бүлийн хосууд, ялангуяа үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ, амьдралд зайлшгүй тохиолддог хэцүү бэрхийг даван туулж сурдаг. Жинхэнэ хайр «хэзээ ч дуусдаггүй» гэдгийг тэд туршлагаасаа ойлгодог (1 Коринт 13:8).

3. Гэрлэлт, салалтын талаар статистикийн мэдээ юу харуулдаг вэ? Үүнээс үүдэн ямар асуултууд урган гарч байна вэ?

3 Гэтэл, олон сая гэр бүл салж сарнидаг. Нэгэн судалгаагаар: «Өнөөдөр АНУ-д бүх гэр бүлийн тал нь салах магадлалтай. Тэдний хагас нь гэр үл болсноосоо хойш 7,8 жилийн дотор салах аж. [...] Тэднээс 75 хувь нь дахин гэрлэж, 60 хувь нь эргээд сална» гэсэн дүн гарчээ. Гэр бүл салалтын тоо харьцангуй доогуур байсан улс орнуудад ч байдал өөрчлөгдөөд байна. Тухайлбал, Японд сүүлийн жилүүдэд гэр бүл салах явдал бараг хоёр дахин нэмэгджээ. Ийм байдалд хүргэдэг, христиан хурлын дотор ч мэр сэр гардаг энэ явдлын зарим шалтгаан юу вэ? Гэр бүлийн амьдралыг эвдэн бусниулах Сатаны алив оролдлогод авталгүй, жаргалтай байхад юу хэрэгтэй вэ?

Зайлсхийвэл зохих урхи

4. Гэр бүлд аюул учруулдаг зарим зүйл юу вэ?

4 Гэр бүлд юу аюул учруулдгийг ойлгоход Бурхны Үг бидэнд тусалдаг. Жишээ болгон, өнөөгийн нийгмийн байдал ямар байх тухай элч Паулын бичсэн үгийг авч үзье. «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ... Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун [«үнэнч», ШЕ] бус, үл хайрлагч [«төрөлхийн хайр дутагдалтай», ШЕ], эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурхныг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг үгүйсгэдэг. ...Ийм хүмүүсээс зайлсхийж яв» (2 Тимот 3:1–5).

5. «Өөрсдийгөө хайрлагчид» гэр бүлдээ аюул учруулдаг гэхийн учир юу вэ? Энэ тухайд Библи ямар зөвлөгөө өгдөг вэ?

5 Паулын үгийг задалж үзвэл, гэр бүлийн харьцаанд ан цав суулгах аюултай олон зүйлийг тоочин бичсэн нь харагддаг. Жишээ нь, «өөрсдийгөө хайрлагчид» хувиа хичээж, бусдыг огт боддоггүй. Ганцхан өөрийгөө хайрладаг хүн ханиа ч бодолгүй, хүссэнээ авах гэж зүтгэдэг. Ийм хүн ханиа жаргааж чадах уу? Яавч үгүй. Элч Паул христиануудад: «Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруухнаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар» хэмээсэн ухаалаг зөвлөгөө өгсөн нь гэр бүлтэй хүмүүст ч хамаатай (Филиппой 2:3, 4).

6. Мөнгийг хайрлах нь гэр бүлийн харьцааг хэрхэн бусниулдаг вэ?

6 Мөнгийг хайрлах явдал нөхөр эхнэрийн харьцаанд сэв суулгадаг. Паул: «Баяжих хүсэлтэй хүмүүс сорилт ба урхи, мөн зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг. Учир нь мөнгөний хайр бол [«мөнгийг хайрлах нь», МАБ] бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүн үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ» хэмээн сэрэмжлүүлсэн буй (1 Тимот 6:9, 10). Өнөөдөр олон гэр бүл Паулын үгийн үнэнийг биеэрээ үзэж байгаа нь тоогүй хэрэг. Эд хөрөнгөний хойноос улайран хөөцөлддөг олон хүн ханиа сэтгэл санааны дэмжлэг, байнгын халуун дотно харьцаагаар дутааж, үндсэн хэрэгцээг нь орхигдуулдаг.

7. Заримдаа, гэр бүлтэй хүн ямар зангаасаа болж үнэнч бус болдог вэ?

7 Өнөөгийн эцсийн өдрүүдэд зарим хүн «үнэнч бус, төрөлхийн хайр дутагдалтай, эвлэршгүй» болно гэдгийг Паул мөн хэлжээ. Хосууд ханилж суухдаа бие биедээ насан туршдаа үнэнч байхаа ёс төртэйгээр амладаг (Малахи 2:14–16). Гэтэл зарим хүн ханиасаа өөр хүнд янагийн сэтгэлээр ханддаг. Нөхөр нь өөрийг нь хаяж явахаасаа өмнө хүүхнүүдэд хэтэрхий дотно, шалиг зан гаргадаг байсныг 30 гаруй насны нэг эмэгтэй ярьсан юм. Тэр эрэгтэй гэр бүлтэй хүнд байж болшгүй зан гаргаж байгаагаа хүлээн зөвшөөрөөгүй аж. Нөхрийнхөө явдалд гомдсон эхнэр нь осолтой юм хийж байгааг нь эвтэйхэн хэлж ярихыг оролддог байжээ. Гэсэн ч, нөхөр нь завхайрчээ. Сайн санасандаа хэлсэн үгийг тоолгүй явсаар тэр эрэгтэй урхинд орсон байна (Сургаалт үгс 6:27–29).

8. Хүн юунаас болж завхайрдаг вэ?

8 Библид: «Эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухааны гачаалд автдаг нэгэн байх бөгөөд завхайрснаараа өөрийгөө хөнөөдөг» хэмээн завхай явдлаас тун тодорхой сэрэмжлүүлсэн байдаг (Сургаалт үгс 6:32). Ер нь, хүн өөрийн мэдэлгүй, санамсаргүйгээр завхайрна гэж бараг байдаггүй. Гол төлөв, толгойдоо орсон бодлыг лавшруулсны дараа л иймэрхүү нүгэл үйлддэг гэж Библи бичигч Иаков тэмдэглэжээ (Иаков 1:14, 15). Ийнхүү насан туршдаа үнэнч байна гэсэн амлалтаасаа няцдаг. «„Завхайрч болохгүй“ гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм» гэж Есүс хэлсэн байдаг (Матай 5:27, 28).

9. Сургаалт үгс 5:18–20-д ямар ухаалаг зөвлөгөө байдаг вэ?

9 Тиймээс, «Сургаалт үгс» номд өгсөн зөвлөгөөг сахивал ухаалаг амьдарч, ханьдаа үнэнч байж чадна. Тэнд: «Булгийн чинь ундарга ерөөгдөх болтугай! Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс. Энхрийхэн марал болон нигүүлсэлт согоотой адил, эхнэрийн чинь хөх ямар ч үед сэтгэлийг чинь хангах болтугай. Түүний хайранд үргэлж сэргэн хөгж. Учир нь хүү минь, чи садар эмтэй биеийн жаргалыг эдэлж, харь хүний цээжийг тэврэх ёстой гэж үү?» хэмээн бичжээ (Сургаалт үгс 5:18–20).

Гэрлэх гэж бүү яараарай

10. Хань болох хүнээ таних цаг гаргах нь яагаад ухаалаг вэ?

10 Гэрлэх гэж яарснаас бэрхшээлтэй асуудал үүсэж болох юм. Нас бие гүйцээгүй юм уу туршлага бага, бие биеэ сайн таньж амжаагүй эсвэл ааш зан, амьдралын зорилго, ар гэрийн байдлаа мэдэлцээгүй байж магад. Тэвчээртэй байж, хань болох хүнээ таних цаг гаргах нь ухаалаг хэрэг. Исаакийн хүү Иаковын жишээг бодож үзье. Иаков Рахелтай гэрлэхээсээ өмнө ирээдүйн хадам эцгийнхээ төлөө долоон жил хөдөлмөрлөсөн нь Рахелд үнэн сэтгэлээсээ хайртайнх байв. Энэ бол зүгээр нэг царайны сайханд татагдсан хэрэг биш байсан (Эхлэл 29:20–30).

11. а) Гэр бүл болж байгаа хүмүүсийн хооронд ямар ялгаа байж болох вэ? б) Хэлж ярихдаа ухаалаг байх нь ямар учраас чухал бэ?

11 Гэр бүл гэдэг бол янаг амрагийн харьцаанаас илүү гүнзгий утгатай ухагдахуун юм. Тоонот гэрт толгой холбосон хүмүүс өөр өөр гэр бүлд өсөж торнисон, зан чанар, ааш араншин адилгүй, бас ихэнхдээ боловсролын түвшин ялгаатай байдаг. Заримдаа өөр хэл соёлтой хүмүүс ч байх нь бий. Аль нь ч байлаа гэсэн, аливаа асуудлаар өөр өөр санаа бодол илэрхийлэх чадвартай хоёр өөр хүн нэг гал голомт үүсгэж, бие биеийнхээ салшгүй хэсэг болдог. Нэг нь нөгөөгөө, сав л хийвэл, өөлж, гомдоллодог, эсвэл бүр эсрэгээр сэтгэлийг нь сэргээж, урам хайрладаг байж болох юм. Тийм ээ, ханиа үг хэлээрээ гомдоож ч болно, урамшуулж ч болно. Бодлогогүй яриа нөхөр эхнэрийн харьцаанд ан цав суулгадаг (Сургаалт үгс 12:18; 15:1, 2; 16:24; 21:9; 31:26).

12, 13. Гэр бүл болоход юун тухай бодож үзэх нь зүйтэй вэ?

12 Учир иймээс, ирээдүйн ханиа сайн мэдэхийн тулд цаг гаргах нь зүйтэй. Гэрлээд олон жил болсон настай эгч: «Жишээ нь, ирээдүйд ханиа болгох хүнийг шинжихдээ тэр хүнд байгаасай гэж хүссэн арван чанарыг бодоод үзэх хэрэгтэй. Гэтэл тэр хүнд долоо нь байвал өөрөөсөө: „Дутаж байгаа гурван чанарыг нь хараагүй юм шиг байж, өдөр бүр дутагдлыг нь тэвчиж чадах уу?“ гэж асуугаарай. Тэгээд эргэлзэж байвал, түр азнаж, дахиад сайн бодож үзэх нь дээр» гэж хэлжээ. Гэхдээ, энэ асуудалд мэдээж бодитой хандах хэрэгтэй. Хэрэв гэр бүлтэй болохыг хүсдэг бол, арван хуруу тэгш хүн хаанаас ч олдохгүй гэдгийг санаарай. Та өөрөө ч төгс хань байж чадахгүй шүү дээ! (Лук 6:41).

13 Гэр бүл болоход олон юмаа золиослох хэрэг гардаг. Паул энэ санааг онцлон: «Та нар санаа зовох юмнаас чөлөөтэй байхыг би хүсдэг. Гэрлээгүй хүн Эзэнд яаж таалагдах вэ хэмээн Эзний юмсад санаа тавьдаг. Харин гэрлэсэн хүн эхнэртээ яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг бөгөөд тэр хүн хуваагдсан байдаг аж. Гэрлээгүй онгон эмэгтэй нь биеэрээ болон сүнсээрээ ариун байхын тулд Эзний юмсад санаа тавьдаг. Харин гэрлэсэн эмэгтэй нь нөхөртөө яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг юм» гэж бичжээ (1 Коринт 7:32–34).

Зарим гэр бүл бүтэлгүйтдэгийн учир

14, 15. Гэр бүлийн харьцаа сулрахад юу нөлөөлж болох вэ?

14 Нэг христиан эмэгтэйн нөхөр 12 жил хамт амьдарсан эхнэрээсээ салан, өөр эмэгтэй уруу явж, ханийнхээ сэтгэлийг шархлуулжээ. Ингэж салахаас өмнө, муу юм болох гээд байгааг эхнэр нь анзаарсан болов уу? Тэр эмэгтэй: «Тэр залбирахаа хүртэл больсон. Өчүүхэн юмаар аян шалтаг хийн цуглаан тасалж, дэлгэрүүлэх ажилд оролцохоо байсан. Завгүй эсвэл их ядарлаа гээд хамт байхаасаа ч цааргалдаг болсон. Эцэст нь, бүр надтай үг дуугарахаа больж, бид бие биеэсээ сүнслэг талаар хөндийрсөн. Миний анх ханилсан тэр хүн биш болсон нь харамсалтай» гэж ярьжээ.

15 Иймэрхүү тохиолдолд бие даан Библи судлах, залбирах, цуглаанд явахаа болих гэх мэтийн төстэй шинж тэмдэг илэрч байсныг хүмүүс анзаарчээ. Өөрөөр хэлбэл, ханиа орхисон олон хүн Еховатай тогтоосон харьцаагаа сулруулсан байдаг. Эцэст нь, сүнслэг хараа нь муудаж, Еховаг амьд Бурхан гэж үзэхээ больдог. Бурхны амласан шинэ ертөнц ч тэдний хувьд бодит зүйл байхаа больдог. Зарим тохиолдолд гэр бүлээсээ гадуур харьцаа тогтоож, ханьдаа үнэнч бус хандахаасаа өмнө сүнслэгээр суларсан байдаг (Еврей 10:38, 39; 11:6; 2 Петр 3:13, 14).

16. Гэр бүлийг юу бэхжүүлдэг вэ?

16 Нэг гэр бүл бат бэх сүнслэг харьцааны ачаар жаргалтай байлдаг гэж хэлсэн юм. Тэд залбирахдаа ч, Библи судлахдаа ч хамт байдаг аж. Нөхөр нь: «Бид Библи хамт уншиж, дэлгэрүүлэх ажилд ч цуг явдаг. Хамтдаа юм хийх сайхан байдаг» гэж хэлжээ. Тэгэхлээр, Еховатай дотно харьцаатай байх нь гэр бүлээ бэхжүүлэхэд их ач холбогдолтой гэдэг нь тодорхой байна.

Бодит байдлыг бодолцож, санаа бодлоо хуваалцах нь

17. а) Айл гэрийг аз жаргалтай байлгах ач холбогдолтой хоёр зүйл юу вэ? б) Паул христиан хайрыг юу гэж тодорхойлсон бэ?

17 Айл гэрийг аз жаргалтай байлгах ач холбогдолтой өөр хоёр зүйл бол христиан хайр, санаа бодлоо хуваалцах явдал юм. Бие биедээ сэтгэлтэй болсон хоёр хүн нэг нэгнийхээ дутагдлыг харахгүй байж болох юм. Тэгээд дэврүүн сэтгэлээр айл гэр болж, номд бичиж, кинонд гардаг шиг амьдарна гэж бодож магадгүй. Гэтэл, аажимдаа бие биеийнхээ үнэн нүүр царайг харж эхэлдэг. Тэр цагт ханийнх нь бага зэргийн дутагдал, таагүй зуршил том бэрхшээл болж болох юм. Хэрэв ийм юм болбол, христианууд сүнсний үр жимсийг, тэр дундаа хайр илэрхийлэх хэрэгтэй (Галат 5:22, 23). Христиан хайр зүгээр нэг хайр дурлалыг бодвол их хүчтэй. Элч Паул христиан хайрыг: «Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр... өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, ...бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг» хэмээн тодорхойлжээ (1 Коринт 13:4–7). Жинхэнэ хайр хүний сул талыг ч тэвчдэг. Мэдээж, бас төгс байхыг шаарддаггүй (Сургаалт үгс 10:12).

18. Санаа бодлоо хуваалцах нь гэр бүлийг хэрхэн бэхжүүлдэг вэ?

18 Түүнээс гадна, санаа бодлоо хуваалцах нь чухал үүрэгтэй. Ханилж суугаад хэдэн ч жил болсон бай, нөхөр эхнэр хоёр хоорондоо ярилцаж, нэгнийхээ үгийг чин сэтгэлээсээ сонсдог байх учиртай. Нэг нөхөр: «Бид санасан бодсоноо нөхөрсгөөр, илэн далангүй ярилцдаг» гэж хэлжээ. Нөхөр эхнэр хоёр он цагийн уртад ханийнхаа үгийг чихээрээ төдийгүй зүрхээрээ сонсож сурдаг. Өөрөөр хэлбэл, жаргалтай хос хамтдаа байхын хэрээр бие биеийнхээ сэтгэлийг үггүйгээр мэдэрч сурдаг. Зарим эхнэр, манай нөхөр намайг огт сонсдоггүй гэж гомдоллодог байхад зарим нөхөр, манай эхнэр хамгийн тохиромжгүй үед үг хэлэх гээд байдаг гэдэг. Санаа бодлоо хуваалцахын тулд өрөвч сэтгэлтэй, ойлгох чадвартай байх шаардлагатай. Ийм харьцаа нөхөрт ч, эхнэрт ч тустай (Иаков 1:19).

19. а) Уучлал гуйх ямар учраас хэцүү вэ? б) Яавал уучлал гуйж чаддаг болох вэ?

19 Санаа бодлоо чөлөөтэй хуваалцъя гэвэл уучлал гуйж чаддаг байх хэрэгтэй. Буруугаа хүлээж, уучлал гуйхын тулд даруу зан хэрэгтэй учир энэ нь тийм ч амар биш ээ. Гэхдээ уучлал гуйх нь гэр бүлийг бэхжүүлэхэд үнэхээр тус болдог! Чин сэтгэлээсээ уучлал гуйх нь ирээдүйд гарч болзошгүй зөрчлийн үндсийг арилгаж, гомдсон нэг нь нөгөөгөө жинхэнэ ёсоор уучилж, асуудлыг шийдэх гарц болдог. Паул: «Нэг нэгнийгээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн [«Ехова», ШЕ] уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» хэмээн тэмдэглэжээ (Колоссай 3:13, 14).

20. Христиан хүн ханьтайгаа гэр орондоо болон олны дунд хэрхэн харьцах ёстой вэ?

20 Түүнчлэн, бие биеэ харилцан дэмжих нь их чухал. Христиан нөхөр эхнэр хоёр бие биедээ итгэж, найддаг байх учиртай. Хэн нь ч ханийнхаа нэр хүндийг унагах юм уу ханиа басамжилж болохгүй. Христианууд бид ханиа хайрын сэтгэлээс магтан сайшааж, хатуу үгээр шүүмжилж гоочилдоггүй (Сургаалт үгс 31:28б). Тэнэг, бодлогогүй үг хэлэн даажигнаж, ханиараа тоглоом хийдэггүй (Колоссай 4:6). Сэтгэлийн үгээ байнга хэлж, харилцан бие биеэ дэмждэг бол харьцаа бэхэждэг. Ханийнхаа гараас барьж, энхрийлэн хэлсэн үгээрээ та: «Би чамдаа хайртай. Чинийхээ дэргэд байх ямар сайхан юм бэ!» гэсэн сэтгэлээ ойлгуулж болно. Энэ өгүүллээр бид өнөөгийн ертөнцөд гэр бүлийг жаргалтай, сайн харьцаатай байхад туслах зарим зүйлийг ярилцлаа. Дараагийн өгүүлэлд энэ сэдвээр Библийн бусад зөвлөгөөг үргэлжлүүлэн хэлэлцье. *

[Зүүлт]

^ Энэ сэдвийг Еховагийн Гэрчүүдийн олон хэлээр эрхлэн гаргасан «Гэр бүлийн аз жаргалын нууц» номоос дэлгэрэнгүй үзнэ үү.

Та тайлбарлаж чадах уу?

• Гэр бүлийг эвдэн бусниулдаг зарим зүйл юу вэ?

• Гэрлэх гэж яарахгүй байх нь яагаад ухаалаг вэ?

• Сүнслэг байдал гэр бүлд яаж нөлөөлдөг вэ?

• Гэр бүлийг тогтвортой байлгахад юу юу тусалдаг вэ?

[Догол мөрийн асуулт]