Өөрсдийнхөө төлөө амьдардаггүй
Өөрсдийнхөө төлөө амьдардаггүй
«[Христ] бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө... амьдрах ёс[гүй]» (2 КОРИНТ 5:15).
1, 2. І зууны Есүсийн дагалдагчдыг аминч үзлээ ялан дийлэхэд нь ямар тушаал тусалсан бэ?
ЕСҮСИЙН дэлхий дээр өнгөрүүлсэн сүүлчийн үдэш байлаа. Хэдхэн цагийн дараа, өөрт нь итгэх бүх хүний төлөө амиа өгөх байв. Тэр үдэш Есүс үнэнч элч нартаа олон чухал юм ярихдаа өөрсдийг нь бусдаас ялгаруулах нэгэн чанарыг илэрхийлж байхыг тушаажээ. Тэрбээр: «Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэжээ (Иохан 13:34, 35).
2 Жинхэнэ христианууд өөрийгөө золиослох сэтгэлээр бие биеэ хайрлаж, итгэл нэгтнүүдийнхээ ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавих учиртай. Тийм хүмүүс «нөхдийнхөө төлөө амиа зориулахаас» ч буцдаггүй (Иохан 15:13). Эртний христианууд энэ шинэ тушаалыг хэрхэн хүлээж авсан бэ? ІІ зууны зохиолч Тертуллиан нэгэн алдарт бүтээлдээ христиануудын тухай бусад хүний хэлсэн үгийг иш татаж: «Тэдний бие биеэ яаж хайрлаж, тэр бүү хэл, нэгнийхээ төлөө үхэхэд ч бэлэн байдгийг хараач» гэж бичжээ («Apology»).
3, 4. а) Аминч үзэлтэйгээ яагаад тэмцэх ёстой вэ? б) Энэ өгүүллээр юун тухай үзэх вэ?
3 Бид ч бас «нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэж, ...Христийн хуулийг хэрэгжүүлэх» ёстой (Галат 6:2). Гэвч Христийн хуулийг сахиж, «бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзнээ [«Еховаг», ШЕ]... [болон] хөршөө өөрийн адил хайрлахад» аминч үзэл асар их саад болдог (Матай 22:37–39). Бид төгс биш учраас амиа бодомтгой байдаг. Бас дээр нь өдөр тутмын амьдралаас үүдсэн стресс, ажил сургууль дээрх өрсөлдөөн, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн амьдрал төрөлхийн энэ занг улам дэвэргэдэг. Аминч үзэл гаарсаар байна. Элч Паул ч энэ тухай: «Эцсийн хэцүү... цагт хүмүүс амиа бодно» гэж зөгнөсөн байдаг (2 Тимот 3:1, 2, ШГ).
4 Есүс дэлхий дээр үйл ажиллагаагаа явуулж дуусаад байхдаа шавь нартаа аминч үзлийг ялан дийлэхэд тустай гурван алхам зааж өгсөн. Ямар гурван алхам бэ? Тэр нь бидэнд ямар ач тустай вэ?
Жинхэнэ ерөндөг
5. Есүс Галилын хойт нутгаар дэлгэрүүлж байхдаа шавь нартаа юуг илчлэн хэлсэн бэ? Шавь нар нь үүнийг сонсоод яагаад гайхаж цочирдсон бэ?
5 Есүс Галилын хойт хэсэгт орших Цезарь Филип хотын орчим дэлгэрүүлж байв. Үзэсгэлэнт байгальтай, тайван амгалан энэ нутагт хүссэнээрээ байж, амарч зугаацахад илүү тохиромжтой байсан буй заа. Гэтэл Есүс тэнд байхдаа шавь нартаа «Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо» илчилж эхэлжээ (Матай 16:21). Удирдагчаа дэлхий дээр Хаанчлал байгуулна гэж бодож байсан шавь нар нь үүнийг сонсоод хэчнээн их гайхаж цочирдсон бол оо! (Лук 19:11; Үйлс 1:6)
6. Есүс ямар учраас Петрийг хатуу зэмлэсэн бэ?
6 Петр бушуухан «[Есүсийг] хажуу тийш нь аваачаад буруушааж: „Эзэн минь ээ, хаанаас даа! Тийм юм яасан ч болж болохгүй“» гэжээ. Тэгэхэд нь Есүс яасан бэ? Петрээс нүүр буруулж: «Миний араас зайл, Сатан аа! Чи надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурхны юмыг бус, харин хүнийхийг л боддог» гэж хэлсэн. Тэдний үзэл хоорондоо хэчнээн ялгаатай байж вэ? Есүс Бурхны заасан, өөрийгөө золиослох замаар явахыг дуртайяа зөвшөөрсөн. Тэр замаар яваад хэдхэн сарын дараа тарчлаах шонд хадуулан үхэх байв. Гэтэл Петр амар хялбар замаар явахыг зөвлөн: «Эзэн минь ээ, хаанаас даа! Тийм юм яасан ч болж болохгүй» гэж хэлсэн. Сайн санасандаа ингэж хэлсэн нь лавтай. Гэсэн ч Петр тэр үед Сатаны нөлөөнд автсан байсан учраас Есүст зэмлүүлсэн. Тэрбээр «Бурхны юмыг бус, харин хүнийхийг л бодож» байжээ (Матай 16:22, ШГ, 23).
7. Матай 16:24-т бичсэнчлэн, Есүс дагалдагчдаа ямар замаар явах хэрэгтэй гэж хэлсэн бэ?
7 Петрийн Есүст хэлсэнтэй адилхан үгийг өнөө үед ч сонсож болно. Энэ ертөнц хүмүүст голдуу «хаанаас даа, тийм юм болохгүй» гэж хэлэн, бэрхшээл багатай замаар явахыг уриалдаг. Гэтэл Есүс үүнээс тэс өөр үзэл бодолтой байхыг зөвлөсөн. Тэрбээр шавь нартаа: «Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа [«тарчлаах шонгоо», ШЕ] үүрч, Намайг дагаг» гэж хэлсэн (Матай 16:24). Нэгэн бүтээлд: «Энэ үг нь хүмүүсийг шавь болохыг урьсан урилга биш юм. Харин Христийн урилгыг аль хэдийнээ хүлээгээд авчихсан хүмүүст шавь байхын учир утгыг бодуулах гэсэн уриалга байсан» гэж тайлбарлажээ («The New Interpreter’s Bible»). Дагалдагчид нь Матай 16:24-т тэмдэглэгдсэн, Есүсийн хэлсэн гурван алхмыг хийх учиртай. Одоо эдгээрийг тус тусад нь авч үзье.
8. «Өөрийгөө үгүйсгэх» гэж юу гэсэн үг болохыг тайлбарлана уу.
8 Нэгдүгээрт, өөрийгөө үгүйсгэх ёстой. «Өөрийгөө үгүйсгэх» гэсэн утгатай грек үг нь хувийн хүсэл сонирхол, биеийн ая тухыг ганд нь хаяхад бэлэн байхыг илэрхийлдэг. Өөрийгөө үгүйсгэх гэдэг бол махан биеийн дур хүслээсээ хааяа хааяа татгалзахын ч нэр биш, даяанчлах юм уу өөрийгөө зовоогоод байх ч гэсэн үг бас биш ээ. Еховад амь амьдралаа тэр чигээр нь дуртайяа өгснөөр цаашид «өөрсдийнх биш» болдог гэсэн үг юм (1 Коринт 6:19, 20). Ийнхүү бид хувиа хичээх бус, Еховад үйлчлэхийн төлөө амь амьдралаа зориулах юм. Өөрсдийгөө үгүйсгэх гэдэг нь төгс бус хүсэлтэй маань зөрчилдөх байлаа ч Бурхны хүсэл тааллыг биелүүлэх шийдвэр төгс байхыг хэлнэ. Бид Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэхдээ зөвхөн Еховад үнэнч байхаа амладаг. Тэгээд амласан ёсоороо амьдрах гэж насан туршдаа чармайдаг.
9. а) Есүсийг дэлхий дээр байх тэр үед тарчлаах шон юуг төлөөлдөг байсан бэ? б) Бид тарчлаах шонгоо яаж үүрэх вэ?
9 Хоёр дахь алхам бол тарчлаах шонгоо үүрэх юм. І зууны үед тарчлаах шон нь зовж шаналах, олны шившиг болох, үхэхийг төлөөлдөг байв. Ер нь, гэмт хэрэгтнүүдийг л тарчлаах шонд хадаж алдаг эсвэл цогцсыг нь өлгөдөг байжээ. Есүс энэ үгийг хэлсний учир нь христиан хүн ертөнцийнх биш учраас хавчлага, үзэн ядалт, тэр бүү хэл үхэлтэй нүүр тулахад бэлэн байх ёстойг илэрхийлсэн хэрэг байв (Иохан 15:18–20). Христиан хэм хэмжээ маань биднийг ертөнцөөс тусгаар байлгадаг учраас хүмүүс биднийг «муу хэлдэг» (1 Петр 4:4). Ажил, сургууль дээр, эсвэл бүр гэр оронд ч тийм юм болж болно (Лук 9:23). Гэсэн ч бид өөрсдийнхөө төлөө амьдардаггүй учраас ертөнцөд үзэн ядагдахад бэлэн байдаг. «Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ! Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа» гэж Есүс хэлсэн (Матай 5:11, 12). Үнэхээр ч, Бурхны тааллыг олно гэдэг хамгаас чухал билээ.
10. Есүсийг дагах гэж юу гэсэн үг вэ?
10 Гуравдугаарт, Есүс Христийг дагах ёстой. Уильям Вайны «Шинэ Гэрээний үгийн тайлбар толь»-д «дагах» гэдгийг найз нөхөр байх буюу «тухайн хүний явдаг замаар явах» гэсэн утгатай гэж тайлбарлажээ. 1 Иохан 2:6-д: «[Бурхны] дотор оршдог гэж ярьдаг нэгэн Түүний [буюу Христийн] хэрхэн явсанчлан өөрөө бас тийн явдаг байх ёстой» гэж бичсэн байдаг. Есүс хэрхэн «явдаг байсан» бэ? Тэрбээр тэнгэрийн Эцгээ болон шавь нараа хайрладаг учраас амиа огтхон ч бодож байсангүй. «Христ... Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй» гэж Паул бичжээ (Ром 15:3). Ядарч, өлсөж байхдаа ч бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг байжээ (Марк 6:31–34). Бас Хаанчлалын тухай дэлгэрүүлэх, заах ажилд хүч тавин анхаардаг байсан. Тэгвэл бид Есүсийг дуурайн, бүх үндэстний хүмүүсээс шавь бэлдэж, тушаасан бүгдийг нь сахин биелүүлэхийг тэдэнд заахдаа хүчин зүтгэл гаргах хэрэгтэй биз дээ? (Матай 28:19, 20). Христ бидэнд тийнхүү үлгэр дуурайл үлдээсэн бөгөөд бид ч мөрөөр нь дагах учиртай (1 Петр 2:21).
11. Өөрийгөө үгүйсгэж, тарчлаах шонгоо үүрэн, Есүс Христийг дагах нь яагаад чухал бэ?
11 Өөрийгөө үгүйсгэж, тарчлаах шонгоо үүрэн, үлгэр жишээ Үзүүлэгчээ дагах нь амин чухал. Энэ гурван алхам бол өөрийгөө золиослох хайр илэрхийлэхэд саад болдог аминч үзлийн жинхэнэ ерөндөг юм. Түүнээс гадна, Есүс: «Хэн өөрийнхөө амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ олно. Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд юугаа өгөх билээ?» гэж хэлсэн байдаг (Матай 16:25, 26).
Бид, хоёр эзэнд үйлчилж чадахгүй
12, 13. а) Есүсээс зөвлөгөө авахаар ирсэн залуу удирдагчийн санааг юу зовоосон бэ? б) Есүс тэр залууд ямар зөвлөгөө өгсөн бэ? Яагаад?
12 Есүсийг шавь нартаа өөрсдийгөө үгүйсгэх шаардлагатайг нь онцлон хэлж байснаас хойш хэдэн сарын дараа баян, залуу удирдагч Есүс дээр ирж: «Багш аа, мөнх амийг олохын тул би ямар сайн юм хийх ёстой вэ?» гэж асуужээ. Есүс түүнд тушаалуудыг сахь гээд, тэдгээрээс хэдийг иш татаж хэлэхэд нь залуу: «Энэ бүхнийг би сахисан» гэж хариулдаг. Тэрбээр Хуулийн заалтуудыг биелүүлэхийг хамаг л чадлаараа хичээдэг, чин сэтгэлтэй хүн байсан бололтой. Тийм ч учраас: «Надад өөр юу дутагдаж байна вэ?» гэж асуужээ. Хариуд нь Есүс түүнд ер бусын зөвлөгөө өгч: «Хэрэв чи төгс [«гэмгүй ариун», МБН, 2000 он] байхыг хүсэж байвал явж, эд хөрөнгөө зарж, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага» гэж хэлжээ (Матай 19:16–21).
13 Уг залуу Еховад бүх зүрхээрээ үйлчлэхийн тулд анхаарлыг нь сарниулдаг зүйл буюу эд баялгаасаа ангижрах хэрэгтэйг Есүс олж харжээ. Христийн жинхэнэ шавь бол хоёр эзэнд буюу «Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй» (Матай 6:24). Тийм хүн зөвхөн сүнслэг асуудлыг харах «цэвэр нүдтэй» байх шаардлагатай (Матай 6:22). Эд хөрөнгөө зарж, ядууст өгнө гэдэг бол өөрийгөө золиосолж байгаа хэрэг юм. Золиосолсон эд хөрөнгөнийхөө оронд тэнгэрт эрдэнэстэй болох хосгүй завшаан өөрт нь байгааг Есүс хэлсэн. Залуугийн хувьд тэрхүү эрдэнэс гэдэг нь мөнхийн амь бөгөөд алс хэтдээ Христтэй хамт тэнгэрээс захирах боломж байв. Гэвч залуу өөрийгөө үгүйсгэхэд бэлэн биш байжээ. Тэрбээр «гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй нэгэн байжээ» (Матай 19:22). Харин Есүсийн дагалдагчид өөр сэтгэлтэй байсан.
14. Дөрвөн загасчин Есүсийг дагах урилгыг хэрхэн хүлээн авсан бэ?
14 Үүнээс хоёр жил шахмын өмнө Есүс, Петр Андрей Иаков Иохан гэдэг дөрвөн загасчныг мөн тийнхүү урьсан билээ. Тэр үед хоёр нь загасчилж, нөгөө хоёр нь загасны тор сэлбэж байжээ. Есүс тэдэнд: «Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно» гэхэд нь дөрвүүлээ загасчны ажлаа бүрмөсөн орхиод Есүсийг насан туршдаа дагах болсон (Матай 4:18–22).
15. Нэг эгч Есүсийг дагахын тулд юугаа золиосолсон бэ?
15 Өнөө үед баян залууг биш, дөрвөн загасчныг дуурайдаг христиан олон бий. Тэд Еховад үйлчлэхийн тулд эд хөрөнгөө, энэ ертөнцөд олсон ололт амжилтаа золиосолдог. «Би 22 настай байхдаа их чухал шийдвэр гаргаж билээ» гэж Дебра эгч хэлээд, цааш нь: «Еховагийн Гэрчүүдээр 6 сар шахам Библи заалгаад, Еховад өөрийгөө зориулахыг хүссэн ч гэрийнхэн маань маш их эсэргүүцэж байв. Манайх олон тэрбумын хөрөнгөтэй айл байсан учраас намайг Гэрч болбол нийгэмд нэр хүндээ алдаж, шившиг болохоос айж байсан юм. Тэд надад тансаг амьдрал үнэний зам хоёрын аль нэгийг сонгох 24 цагийн хугацаа өгч билээ. Хэрэв намайг Гэрчүүдээс харьцаагаа таслахгүй бол өв залгамжлах эрхийг минь хасах байв. Ехова надад зөв шийдвэр гаргахад тусалж, энэ шийдвэрээсээ няцахгүй байх хүч өгсөн. Би 42 жил бүрэн цагаар үйлчилж байгаадаа огтхон ч харамсдаггүй. Амиа бодсон, зугаа цэнгэл хөөсөн амьдралаас татгалзсаны ачаар гэрийнхэн шигээ утга учиргүй, баяр жаргалгүй амьдарсангүй. Нөхөр бид хоёр зуу гаруй хүнд Еховагийн Гэрч болоход нь тусалсан. Сүнслэг хүүхдүүд минь надад ямар ч эд баялгаас илүү үнэтэй» гэж ярьсан юм. Еховагийн олон сая Гэрч Дебра эгчтэй адилхан сэтгэгдэлтэй байдаг. Харин та ямар вэ?
16. Өөрийнхөө төлөө амьдардаггүй гэдгээ хэрхэн харуулж болох вэ?
16 Цаашид өөрийнхөө төлөө амьдрахгүй гэсэн хүсэлтэй олон мянган Гэрч эхлэгч буюу бүрэн цагаар дэлгэрүүлэгч болохоор сэтгэл шулууддаг. Зарим Гэрч бүрэн цагаар үйлчлэх боломжгүй ч эхлэгчийн сэтгэлгээ илэрхийлж, Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажлыг хамаг чадлаараа дэмждэг. Эцэг эхчүүд ч мөн тийм сэтгэлгээ илэрхийлж хүүхдүүдийнхээ итгэлийг бэхжүүлэхийн тулд хувийн ашиг сонирхлоо золиослон, тэдэндээ их цаг гаргадаг. Хаанчлалыг амьдралынхаа эн тэргүүнд тавьдгаа янз бүрийн аргаар харуулах боломж бид бүгдэд бий (Матай 6:33).
Хэний «хайр биднийг албаддаг» вэ?
17. Өөрийгөө золиослох хүслийг юу төрүүлдэг вэ?
17 Өөрийгөө золиослох хайрын замаар явах тийм ч амархан биш ээ. Гэхдээ ингэж явах хүслийг юу төрүүлдгийг бодоод үз дээ. Паул: «Нэг нь бүх хүний төлөө үхсэн... гэж бид ятгагдсан тул Христийн хайр биднийг албаддаг. Тэр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой» гэж бичжээ (2 Коринт 5:14, 15). Христийг хайрлах хайр л өөрсдийнхөө төлөө амьдрахгүй байхыг «албаддаг» байх нь. Ямар хүчтэй юм бэ! Тэгэхлээр, бидний төлөө үхсэн Христийн төлөө амьдрах нь бидний үүрэг биш гэж үү? Үнэхээр ч, Ехова Есүс хоёрын илэрхийлсэн агуу хайрын төлөө талархсан сэтгэл маань биднийг Бурханд өөрсдийгөө зориулж, Христийн шавь болохыг «албадсан» билээ (Иохан 3:16; 1 Иохан 4:10, 11).
18. Өөрийгөө золиосолж амьдрахын ашиг юу вэ?
18 Өөрийнхөө төлөө амьдрахгүй байх нь ашигтай юу? Христийн урилгыг хүлээж авахаас татгалзсан баян, залуу удирдагчийг явсны дараа Петр Есүсээс: «Хараач, бид бүх зүйлийг орхиод Таныг дагасан. Тэгвэл бидэнд юу байх вэ?» гэж асуудаг (Матай 19:27). Петр болон бусад элч өөрсдийгөө үнэхээр үгүйсгэсэн. Үүний ач тус юу байх байсан бэ? Юуны түрүүнд, Есүс өөртэй нь хамт тэнгэрээс захирах завшаан эдлэхийг нь тэдэнд хэлсэн (Матай 19:28). Мөн, бүх дагалдагчийнхаа хүртэх ивээлийн тухай: «Хэн Миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эх, эцгээ, үр хүүхэд, эдлэн газраа орхино, тэр хүн одоо энэ үед... зуу дахин илүү авна. Мөн ирэх үед мөнх амийг авна» гэж хэлсэн (Марк 10:29, 30). Бид золиосолсноосоо хавьгүй ихийг авдаг. Сүнслэг эцэг эх, ах эгч дүү, үр хүүхэд маань Хаанчлалын төлөө ганд нь хаясан ямар ч юмнаас илүү үнэтэй биш гэж үү? Тэгэхлээр Петр, баян залуу хоёрын хэн нь ашигтай амьдарсан байх нь вэ?
19. а) Жинхэнэ аз жаргал юунаас шалтгаалдаг вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
19 Амиа бодох биш, бусдад өгч, үйлчилбэл жинхэнэ ёсоор жаргалтай амьдардгийг Есүс үгээрээ ч, үйлсээрээ ч харуулсан билээ (Матай 20:28; Үйлс 20:35). Өөрийнхөө төлөө амьдрахын оронд Христийг дагавал эдүгээ сэтгэл хангалуун, ирээдүйд мөнх амьдарна. Бид өөрсдийгөө үгүйсгэхэд Ехова бидний Эзэн болдог нь ойлгомжтой. Тийнхүү бид Бурхны боолууд болдог. Тийм боол байх нь ямар шагналтай вэ? Энэ нь амьдралд гаргах шийдвэрт маань хэрхэн нөлөөлдөг вэ? Дараагийн өгүүллээр эдгээр асуултад хариулъя.
Та санаж байна уу?
• Аминч үзэлтэйгээ яагаад тэмцэх хэрэгтэй вэ?
• Өөрийгөө үгүйсгэж, тарчлаах шонгоо үүрэн, Есүсийг дагах гэж юу гэсэн үг вэ?
• Өөрийнхөө төлөө амьдрахгүй байх хүслийг юу төрүүлдэг вэ?
• Өөрийгөө золиосолж амьдрахын ашиг юу вэ?
[Догол мөрийн асуулт]