Skip to content

Гарчиг руу орох

Бурхны үг таны замыг гэрэлтүүлэг

Бурхны үг таны замыг гэрэлтүүлэг

Бурхны үг таны замыг гэрэлтүүлэг

«Таны үг бол... миний зам дахь гэрэл юм» (ДУУЛАЛ 119:105).

1, 2. Еховагийн үгээр замаа гэрэлтүүлье гэвэл яах хэрэгтэй вэ?

 БИД л хүсэх юм бол Еховагийн үг бидний замыг гэрэлтүүлнэ. Тийм сүнслэг гэрлийн ач тусыг хүртье гэвэл Бурхны Үгийг хичээнгүйлэн судалж, зөвлөгөөг нь хэрэгжүүлэх ёстой. Тэгж гэмээнэ, дуулалчийн: «Таны үг бол миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл юм» гэж хэлснийг биеэрээ мэдэрнэ (Дуулал 119:105).

2 Одоо бүгдээрээ Дуулал 119:89–176 буюу үлдсэн 11 бадгийг авч үзье. Ийнхүү мэдлэгийнхээ хүрээг өргөжүүлэн тэлэх сайхан боломж гарч байна! Энэ мэдлэг биднийг мөнхийн амь уруу хөтлөх замаасаа хазайхгүй байхад тусална (Матай 7:13, 14).

Бурхны үгэнд баясахын учир

3. Бурхны үгэнд найдаж болохыг Дуулал 119:89, 90 хэрхэн харуулдаг вэ?

3 Еховагийн үгэнд баясдаг хүн сүнслэгээр тогтвортой байдаг (Дуулал 119:89–96). Дуулалч: «Өө, ЭЗЭН, Таны үг тэнгэрт мөнхөд бат тогтдог. [...] Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар байна» хэмээжээ (Дуулал 119:89, 90). «Тэнгэрийн тогтоолууд» буюу Бурхны үгээр тэнгэрийн эрхэс өөр өөрийнхөө байранд орчиж, дэлхий үүрд мөнх байсаар байна (Иов 38:31–33; Дуулал 104:5). Бурхны хэлсэн үг болгон санаа зорилгыг нь «хэрэгжүүлдэг» учир бид Еховагийн амнаас гарах үг болгонд найддаг (Исаиа 55:8–11).

4. Бурхны үгэнд баясах нь зовж шаналсан үйлчлэгчдэд нь ямар ач тустай вэ?

4 Бурхны хуульд баясдаггүй байсан бол дуулалч зовлон шаналал дотроо мөхөх байжээ (Дуулал 119:92). Түүнийг харийнхан бус, харин Мосегийн хуулийг зөрчиж, элэг нэгтнээ үзэн яддаг израильчууд зовоож байв (Левит 19:17). Гэсэн ч, тэрбээр Бурхны хуулийг хайрладгийнхаа ачаар сэтгэлийн тэнхээтэй байсан. Элч Паул бас Коринт хотод «хуурамч ах дүүсийн дунд байх аюулд» орж явжээ. Тэдний дунд Паулаас өө хайдаг «хамгийн эрхэм... элч нар» байсан бололтой (2 Коринт 11:5, 12–14, 26). Гэхдээ Паул Бурхны үгэнд баясдагийнхаа ачаар эдгээр сүнслэг бэрхшээлийг давж чадсан. Бид Еховагийн Үгэнд баясаж, зөвлөгөөг нь хэрэгжүүлдэг учир ах дүү нартаа хайртай (1 Иохан 3:15). Ертөнц биднийг үзэн яддаг. Гэхдээ үүнээс болоод бид Бурхны заавар зөвлөгөөнөөс нэгийг ч мартахгүй. Бид Еховад үүрд баяр хөөртэй үйлчлэх тэр цагийг тэсэн ядан хүлээх зуураа Бурхны хүсэл тааллыг биелүүлэх үйлсэд ах дүү нартайгаа эв нэгдэлтэй оролцдог (Дуулал 119:93).

5. Аса хаан Еховаг яаж эрж хайсан бэ?

5 Еховад үнэнчээ харуулан: «Би Таных билээ, намайг авраач. Учир нь би Таны тушаалуудыг эрэн хайсан юм» гэж залбирч болно (Дуулал 119:94). Аса хаан Бурхныг эрэн хайж, Иудаг тэрс явдлаас цэвэрлэсэн билээ. Асагийн хаанчлалын арван тав дахь жил буюу МЭӨ 963 онд Иудагийн ард түмэн хотлоороо цуглаж, «ЭЗЭНийг эрэлхийлэхээр гэрээнд оров». Бурхан ч «тэдэнд олдож... бүх талд амралтыг өгөв» (Шастирын дэд 15:10–15). Христиан хурлаас урсан явсан хэнд ч болов энэ явдал сургамж болж, Бурхныг дахин эрж хайх урам хайрлах учиртай. Ард түмэнтэй нь дахиж нэгдсэн хүмүүсийг Бурхан хамгаалж, шагнана.

6. Ямар ямар алхам биднийг сүнслэг аюулаас хамгаалах вэ?

6 Еховагийн үг биднийг мэргэн ухаантай болгож, сүнслэг хор хөнөөлөөс хамгаалдаг (Дуулал 119:97–104). Бурхны тушаал биднийг дайснуудаас маань илүү мэргэн болгодог. Бурхны сануулгыг анхаарвал ухаалаг болж, «тушаалуудыг нь сахин биелүүлбэл настангуудаас ч илүү ойлгон ухаарах» чадвартай болдог (Дуулал 119:98–100). Хэрэв Еховагийн үг бидэнд «зөгийн балаас ч илүү чихэрлэг» санагддаг бол бид «худал хуурмаг явдал бүрийг» үзэн ядаж, түүнээс зайлсхийх болно (Дуулал 119:103, 104). Энэ нь өнөөгийн эцсийн өдрүүдэд биднийг их зантай, хэрцгий, Бурханд таалагддаггүй хүмүүстэй учирч, сүнслэг аюулд өртөхөөс хамгаалах юм (2 Тимот 3:1–5).

Бидний хөл дэх дэнлүү

7, 8. Дуулал 119:105-д бичсэнээр, бид юу хийх хэрэгтэй вэ?

7 Бурхны үг сүнслэг гэрлийн унтаршгүй эх булаг билээ (Дуулал 119:105–112). Тослогдсон христиан ч бай, тэдний хамтрагч «өөр хонинууд» ч бай, бид бүгдээрээ: «Таны үг бол миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл юм» гэж хэлдэг (Иохан 10:16, МБОХ, 1996; Дуулал 119:105). Бурхны үг замыг маань дэнлүү адил гэрэлтүүлдэг учир бид сүнслэгээр бүдэрдэггүй, унадаггүй (Сургаалт үгс 6:23). Гэхдээ хүн болгон дор бүрнээ Еховагийн үгийг хөл дэх дэнлүүгээ болгох ёстой.

8 Түүнчлэн, 119-р дууллыг зохиогчийн адилаар тууштай байх хэрэгтэй. Тэрбээр Бурхны тушаалаас гажихгүй байх шийдвэр төгс байгаад зогсохгүй, «[Еховагийн] зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно» хэмээсэн (Дуулал 119:106). Библи тогтмол судалж, цуглаанд идэвхтэй оролцохын ач тусыг ямагт зохих ёсоор үнэлж байцгаая.

9, 10. Еховад өөрийгөө зориулсан хүн тушаалаас нь гажих явдал байдгийг бид хаанаас мэддэг вэ? Үүнээс яаж сэрэмжлэх вэ?

9 Дуулалч Бурхны тушаалаас гажаагүй. Гэхдээ Еховад өөрийгөө зориулсан хүнд ийм юм тохиолдохгүй гэх баталгаа байхгүй (Дуулал 119:110). Соломон хаан Еховад өөрийгөө зориулсан израиль хүн байсан төдийгүй засаглалынхаа эхэнд Бурхны өгсөн мэргэн ухаанаар зөв явсан хэдий ч тушаалаас нь гажсан. «Харь эмэгтэйчүүд түүнийг хүртэл нүгэл үйлдэхэд хүргэж» уруу татаад, хуурамч бурхад шүтүүлжээ (Нехемиа 13:26; Хаадын дээд 11:1–6).

10 Сатан бол олон урхи тавьдаг «анчин» мөн (Дуулал 91:3). Жишээлбэл, өмнө нь Еховаг шүтдэг байсан хүн биднийг сүнслэг гэрлийн замаас хазайлгаж, тэрслэлийн харанхуйд татан оруулахыг оролдож болох юм. Туатейр дахь христиануудын дунд «Иезебел гэгч эмэгтэй» байсан гэдэг нь хиймэл шүтээн шүтэж, садар самуун үйлдэхийг бусдад заадаг бүлэг эмэгтэй байсныг хэлсэн бололтой. Есүс тийм ёс бус явдлыг тэвчдэггүй байсны адилаар бид ч бас жигших ёстой (Илчлэлт 2:18–22; Иуда 3, 4). Тиймээс, Еховагийн тушаалаас гажилгүй, үргэлж үгийнх нь гэрэлд байхын тулд тусламж гуйн залбирч байя (Дуулал 119:111, 112).

Бурхны үг биднийг тэтгэдэг

11. Дуулал 119:119-д бичсэнээр Бурхан ёс бус хүмүүсийг хэрхэн үздэг вэ?

11 Зарлигаас нь гажихгүй бол Бурхан биднийг тэтгэнэ (Дуулал 119:113–120). Өөрсдийгөө христиан гэдэг «бүлээвтэр» хүмүүсийг Есүс буруушаадаг. Бид ч бас «хоёр санаатай хүмүүсийг» сайшаадаггүй (Дуулал 119:113; Илчлэлт 3:16). Бид чин сэтгэлээсээ үйлчилдэг учраас Ехова «хоргодох газар» маань болж, биднийг тэтгэнэ. Харин ов мэх хэрэглэн, «зарлигуудаас нь холдон одогчдыг бүгдийг нь голно» (Дуулал 119:114, 117, 118; Сургаалт үгс 3:32). Бурхан тэднийг «хог» буюу алт мөнгө гэх мэтийн үнэт металлыг цэвэршүүлэхэд гардаг шаар шиг үздэг (Дуулал 119:119; Сургаалт үгс 17:3). Ёс бус хүмүүстэй хамт устгагдаж, «шаар» болохыг хүсдэггүй маань лавтай. Тиймээс, Бурхны сануулгыг хайрладгаа ямагт харуулъя!

12. Еховагаас эмээх нь яагаад чухал бэ?

12 «Махан бие минь [Ехова] Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд би Таны шүүлтүүдээс айдаг» гэж дуулалч хэлжээ (Дуулал 119:120). Бурхны үйлчлэгч байж, тэтгүүлье гэвэл түүнээс эмээх нь зүйн хэрэг бөгөөд тийн эмээдгээ харуулж, буруушаадаг юмнаас нь зайлсхийх нь чухал. Еховагаас сүсэглэн эмээдгийнхээ ачаар Иов зөв амьдарсан (Иов 1:1; 23:15). Бид ч бас Бурхнаас эмээдэг бол юуг ч тэвчих хэрэгтэй болсон, сайшаадаг замаас нь хазайхгүй байж чадна. Гэхдээ тэвчихийн тулд чин сэтгэлээсээ итгэлтэйгээр залбирах шаардлагатай (Иаков 5:15).

Итгэлтэйгээр залбирагтун

13-15. а) Еховаг залбиралд маань хариулна гэдэгт итгэж болохын учир юу вэ? б) Юун тухай залбирахаа мэдэхгүй бол бидэнд юу туслах вэ? в) Залбирахдаа «үгээр илэрхийлшгүйгээр ёолж» байвал Дуулал 119:121—128 хэрхэн тусалж болохыг жишээгээр хэлнэ үү.

13 Бурхныг бидний төлөө «ажиллана» гэж итгэн залбирч болно (Дуулал 119:121–128). Бид дуулалч шиг, Еховаг бүх залбиралд маань хариулна гэж бат итгэдэг. Учир нь бид Бурхны тушаалд «алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр» хайртай. Бас Бурхны бүх тогтоолыг «зөвд тооцдог» (Дуулал 119:127, 128).

14 Бид итгэлтэйгээр залбирч, тушаалыг нь анхааралтай сахидаг учир Ехова залбирлыг маань сонсдог (Дуулал 65:2). Гэвч заримдаа бэрхшээлээс болж учраа олохоо болиод, юу гэж залбирахаа мэдэхгүй болчихвол яах вэ? «Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон байж, бидний төлөө зуучлан гуйдаг» (Ром 8:26, 27). Тийм үед өөрийнхөө нөхцөлд тохирсон залбирлыг Библиэс олж хэлэхэд Бурхан биднийг сонсдог.

15 Үгээр хэлэхийн аргагүйгээр «ёолон байгаатай» маань тохирох залбирал Библид олон байдаг. Дуулал 119:121–128-ыг жишээ болгон авч үзье. Дуулалчийн сэтгэлийн үгээ хэлсэн байдал нь биднийхтэй тохирч болох юм. Тухайлбал, бид мэхлүүлэхээс айж байгаа бол дуулалч шиг Бурхнаас тусламж гуйж болно (121–123-р зүйл *). Эсвэл их хэцүү шийдвэр гаргах гэж байна гэж бодъё. Тийм нөхцөлд Еховаг ариун сүнсээрээ бидэнд сануулгаа сэргээн сануулж, хэрэгжүүлэхэд туслахыг гуйж болно (124, 125-р зүйл). Бид «аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг». Гэсэн ч хорхой хүргэм зүйлийг тэвчиж чадалгүй дийлдэж, хуулийг нь зөрчих вий гэсэндээ бидний төлөө «ажиллаач» гэж Бурхнаас гуйх хэрэг гарч магадгүй (126–128-р зүйл). Өдөр бүр Библи уншдаг бол Еховад залбирахдаа өөртөө хэрэгтэй тийм хэсгийг санаж болох юм.

Еховагийн сануулга тусалдаг

16, 17. а) Бурхны сануулга бидэнд хэрэгтэйн учир юу вэ? Сануулгыг хэрхэн үзэх нь зүйтэй вэ? б) Хүмүүс бидэнд хэрхэн хандаж болох вэ? Гэхдээ хэний үзэл бодол хамгийн чухал бэ?

16 Бурханд залбирлаа сонсгож, сайшаалыг нь хүртэхийн тулд сануулгыг нь анхаарах ёстой (Дуулал 119:129–136). Бидэн шиг төгс бус хүмүүст Еховагийн гайхамшигтай сануулга үнэхээр хэрэгтэй. Тэдгээрийн ачаар бид Бурхны заавар, тушаалыг санаж байдаг. Сүнслэг гэрэл Бурхны үгийн тухай мэдлэгийг маань шинэ шинэ ойлголтоор баяжуулан тэлэх бүрд бид мэдээж баярладаг (Дуулал 119:129, 130). Хүмүүс Бурхны хууль зөрчихийг хараад «нүд [маань] усны урсгал мэт нулимсыг урсгадаг» ч, Ехова биднийг сайшаан, нүүр царайгаа бидний дээгүүр гийгүүлдэгт бас талархдаг (Дуулал 119:135, 136; Тооллого 6:25).

17 «Шударга» сануулгыг нь дагадаг хүнийг Бурхан ямагт сайшаадаг гэдэгт бид эргэлздэггүй (Дуулал 119:137–144). Ехова үйлчлэгчдэдээ сануулгаа өгч, тэдгээрийг сахин биелүүлэхийг шаардах эрхтэй гэж бид үздэг (Дуулал 119:138). Дуулалч Бурхны тушаалыг биелүүлдэг байсан атлаа өөрийгөө «дорд ба үзэн ядагдсан» гэсэн нь ямар учиртай вэ? (Дуулал 119:141). Дайснууд нь өөрт нь хэрхэн ханддаг байсныг ингэж хэлсэн бололтой. Бурхны тушаалыг биелүүлэхийн тулд юунаас ч шантардаггүй бол хүмүүс биднийг дорд үзэж магадгүй. Гэхдээ, «шударга» сануулгынх нь дагуу амьдардгийг маань Ехова сайшаан үздэг нь хамгийн чухал юм.

Аюулгүй бөгөөд амар тайван

18, 19. Бурхны сануулгыг сахин биелүүлэхийн ач тус юу вэ?

18 Бурхны сануулгыг сахин биелүүлдгийн үрээр бид түүнд улам ойртдог (Дуулал 119:145–152). Бид Еховагийн сануулгыг анхаардаг тул бүхий л зүрхээрээ түүнд залбирдаг. Залбирлыг маань сонсоно гэдэгт ч итгэлтэй байдаг. «Үүр цайхаас өмнө» сэрвэл тусламж гуйж болно. Тийм ээ, бид хэзээ л бол хэзээ залбирах боломжтой! (Дуулал 119:145–147). Бид Есүсийг дуурайн, Бурхны үгийг үнэн гэж үзэж, «хорон мууг дагагчдаас» зайлсхийдэг учир Ехова бидэнд ойрхон байдаг (Дуулал 119:150, 151; Иохан 17:17). Еховатай тогтоосон харьцаа маань өнөөгийн энэ зовлонт ертөнцөд биднийг тэтгэдэг бөгөөд Бурхны агуу дайн «Хармагедоныг» эсэн мэнд давахад тусална (Илчлэлт 7:9, 14; 16:13–16).

19 Бурхны үгийг чин сэтгэлээсээ хүндэтгэдгийнхээ ачаар бид жинхэнэ аюулгүй байдалд байдаг (Дуулал 119:153–160). Бид Еховагийн сануулгаас гаждаггүйгээрээ хорон муу хүмүүсээс ялгаатай. Тушаалыг нь хайрладаг учир Бурхан биднийг хайр энэрэлдээ аюулгүй байлгадаг (Дуулал 119:157–159). Тодорхой нөхцөлд биднээс юу шаарддагаа Ехова сануулгаараа ойлгуулдаг. Тиймээс ой ухаан маань ч сэргэлэн байдаг. Нөгөөтэйгүүр, Бурхны тушаал бидэнд удирдлага болдог бөгөөд бид ч Бүтээгчдээ захирагдах ёстойгоо хүлээн зөвшөөрдөг. Бурхны «үгийн нийлбэр нь үнэн» гэдгийг ч, дур мэдэн алхаагаа чиглүүлж чадахгүй гэдгээ ч ойлгодог. Тиймээс, Бурхны удирдлагыг дуртайяа хүлээн авдаг (Дуулал 119:160; Иеремиа 10:23).

20. Бурхан ямар учраас биднийг «агуу амар амгалан» байлгадаг вэ?

20 Бид хуулийг нь хайрладаг учир Ехова биднийг «агуу амар амгалан» байлгадаг (Дуулал 119:161–168). Юутай ч зүйрлэмгүй, «Бурхны амар тайвныг» ямар ч хавчлага биднээс салгаж чадахгүй (Филиппой 4:6, 7). Бид Еховагийн зөв шударга тогтоолыг үнэхээр эрхэмлэдэг учир түүнийг «өдөрт долоон удаа» буюу байнга магтдаг (Дуулал 119:161–164). Дуулалч: «Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй» хэмээжээ (Дуулал 119:165). Хэрэв бид дор бүрнээ Еховагийн хуулийг хайрлаж, сахин биелүүлдэг бол хүмүүсийн үйл хэргээс болж эсвэл өөр ямар нэг шалтгаанаар сүнслэгээр бүдрэхгүй.

21. Хуралд ямар нэг бэрхшээл гарлаа гэхэд бүдрэх хэрэггүйн учрыг Библийн ямар жишээ үзүүлдэг вэ?

21 Юунд ч бүдрээгүй олон хүний жишээ Библид байдаг. Жишээ нь, Гайос гэдэг христиан, Диотрефийн зохисгүй явдалд бүдрэлгүй, «үнэний дотор явсаар» байсан (3 Иохан 1–3, 9, 10). Мөн Паул, Юодиа Сунтухе нараас «Эзэн дотор санаа нэгтэй байхыг» хичээнгүйлэн гуйж байсан нь тэдний хооронд маргаан гарснаас болсон байж магадгүй. Тэд ч эв зүйгээ олж, Еховад үнэнчээр үйлчилсэн (Филиппой 4:2, 3). Тиймээс, хурал дотор ямар нэг бэрхшээл гарахад бид бүдрэх ёсгүй. Бидний «бүх явдал [Еховагийн] өмнө байдаг» гэдгийг санаж, тушаалыг нь биелүүлэхийг хичээцгээе (Дуулал 119:168; Сургаалт үгс 15:3). Тэгсэн цагт бидний «агуу амар амгаланг» юу ч алдагдуулж чадахгүй.

22. а) Бурханд захирагдвал ямар завшаан олдох вэ? б) Христиан хурлаас гажиж явсан зарим хүнийг хэрхэн үзэх хэрэгтэй вэ?

22 Еховад үргэлж захирагдвал түүнийг үүрд магтах завшаан олдоно (Дуулал 119:169–176). Бурхны зарлигийн дагуу амьдрахад сүнслэгээр аюулгүй байдгийн зэрэгцээ «уруул [маань] магтаалыг гаргадаг» (Дуулал 119:169–171, 174). Энэ бол өнөөгийн эцсийн өдрүүдэд бидэнд олдож болох хамгийн сайхан завшаан билээ. Дуулалч Еховаг магтаж амьдрахыг хүсэж байсан ч «төөрсөн хонь шиг замаас гажин явжээ». Чухам яагаад гэдгийг бид мэдэхгүй (Дуулал 119:175, 176). Христиан хурлаас гажиж явсан зарим хүн Бурхныг хайрласан хэвээрээ, магтахыг хүсдэг байж болох юм. Тиймээс, тэднийг дахин сүнслэгээр аюулгүй байж, ард түмэнтэй нь хамт Еховаг магтахын баяр хөөрийг өөрийн биеэр үзэхэд нь туслахын тулд чадах бүхнээ хийцгээе (Еврей 13:15; 1 Петр 5:6, 7).

Бидний зам дахь үүрдийн гэрэл

23, 24. 119-р дууллаас та өөртөө тустай ямар санаа олсон бэ?

23 119-р дуулал бидэнд олон талын ашиг тустай. Жишээлбэл, Бурханд илүү найддаг болоход тусална. Учир нь энэ дуулалд «Еховагийн хуулиар явбал» жинхэнэ ёсоор жаргалтай амьдарч болдгийг харуулдаг (Дуулал 119:1). Бурхны «үгийн нийлбэр нь үнэн» гэдгийг дуулалч бидэнд сануулдаг (Дуулал 119:160). Үүний ачаар бид Бурхны Үгийг улам их үнэлдэг болох нь лавтай. 119-р дууллыг эргэцүүлэн бодвол Судрыг нямбай судлах хүсэл төрдөг. Дуулалч: «Өөрийн зарлигуудыг надад заагаач» гэж олон удаа Бурхнаас гуйсан байдаг (Дуулал 119:12, 68, 135). Бас «Би Таны тушаалуудад итгэдэг учраас надад ялгах чадвар болон мэдлэгийг заагаач» хэмээжээ (Дуулал 119:66). Бид ч бас тэгж залбирах нь зүйтэй.

24 Еховатай дотно харьцаатай байхад сургаал нь тусалдаг. Дуулалч өөрийгөө Бурхны «зарц» гэж олон удаа хэлсэн байдаг. Түүгээр зогсохгүй, «Би Таных билээ» хэмээн сэтгэлийн үгээ хэлжээ (Дуулал 119:17, 65, 94, 122, 125; Ром 14:8). Еховагийн Гэрч болж, түүнд үйлчилж, түүнийг магтана гэдэг юутай сайхан хэрэг вэ! (Дуулал 119:7). Та Хаанчлалыг тунхаглагч болж, Бурханд баяр хөөртэй үйлчилдэг үү? Тийм бол, Ехова таныг хэзээд дэмжиж, ивээнэ гэдэгт итгэлтэй байгаарай. Та ганцхан түүний үгэнд итгэж, үгээр нь замаа гэрэлтүүлэх хэрэгтэй.

[Зүүлт]

^ «Дарлагчид» [«мэхлэгчид», ШЕ], «бүү дарлуулаач» [«бүү мэхлүүлээч», ШЕ].

Та хэрхэн хариулах вэ?

• Бурхны үгэнд баясах ёстойн учир юу вэ?

• Бурхны үг биднийг хэрхэн тэтгэдэг вэ?

• Бурхны сануулга бидэнд ямар ач тустай вэ?

• Еховагийн ард түмэн аюулгүй, амар тайван байдгийн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]