Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн үгэнд итгэгтүн

Еховагийн үгэнд итгэгтүн

Еховагийн үгэнд итгэгтүн

«Би Таны үгэнд итгэдэг юм» (ДУУЛАЛ 119:42).

1. 119-р дууллыг хэн зохиосон, ямар санаа илэрхийлсэн тухайд юу хэлж болох вэ?

  119-р дууллыг зохиогч Еховагийн үгийг эрхэмлэн хүндэтгэдэг нэгэн байжээ. Тэр хүн Иудагийн хаан хүү Хезекиа байсан бололтой. Зохиогч уг дууллаа бичихдээ Иудад хаан болтлоо «ЭЗЭНээс зуурч» явсан Хезекиагийн сэтгэлийн үгийг илэрхийлсэн гэлтэй (Хаадын дэд 18:3–7). Юутай ч, дууллыг зохиогч «сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг» хүн байсан нь тодорхой (Матай 5:3, ШЕ).

2. 119-р дууллын сэдэв юу вэ? Шүлгийн тогтолцоо нь ямар вэ?

2 119-р дууллын гол санаа нь Еховагийн үг буюу мэдээний үнэ цэнийн тухай юм. * Цээжилж тогтооход хялбар болгох зорилгоор зохиогч уг дууллын 176 зүйлийг еврей хэлний цагаан толгойн дараалсан найман үсгээр толгой холбон бичжээ. Өөрөөр хэлбэл, эх еврей хэлээр энэхүү дуулал мөр бүр нь ижил үсгээр эхэлсэн, 8 мөр 22 бадаг шүлэг бөгөөд Бурхны «үг», «хууль», «гэрчлэл» [«сануулга», ШЕ] *, «зам», «тушаал», «зарлиг», «шүүхийн» тухай өгүүлдэг. Энэ болон дараагийн өгүүллээр 119-р дууллыг еврей эхээс нь нарийн зөв буулгасан хувилбараар авч үзье. Еховагийн эртний болоод өнөөгийн үйлчлэгчдийн туршлагыг эргэцүүлэн бодвол Бурхны онгодоор бичигдсэн энэхүү дууллыг гүнзгий ойлгож, Бурхныг Библи гэдэг номыг бичүүлж өгсөнд нь улам илүү талархдаг болно.

Бурхны үгийг дуулгавартай сахиж, жаргалтай амьдрагтун

3. Явдал үйлдээ гэм зэмгүй байх гэж юу гэсэн үг вэ? Жишээ татна уу.

3 Бурхны хуулиар явбал жинхэнэ ёсоор жаргалтай амьдардаг (Дуулал 119:1–8). Тийн явдаг бол Ехова биднийг явдал үйлдээ гэм зэмгүй гэж үзнэ (Дуулал 119:1). «Гэм зэмгүй» гэдэг нь төгс гэсэн үг биш ч, Ехова Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийн төлөө мэрийж байгааг маань харуулдаг. Ноа «Бурхантай хамт явдаг», «өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв». Тэрбээр Еховагийн хуулийн дагуу амьдардаг үнэнч хүн байсан учир гэр бүлийнхэнтэйгээ хамт Усан галавыг эсэн мэнд давжээ (Эхлэл 6:9, 10; 1 Петр 3:20). Үүнтэй адилаар, бидний хувьд ч Бурхны тушаалыг хичээнгүйлэн сахих эсэхээс энэ ертөнцийн төгсгөлийг эсэн мэнд давах эсэх маань шалтгаална (Дуулал 119:4).

4. Жаргалтай амьдарч, амжилтад хүрэх эсэх маань юунаас шалтгаалах вэ?

4 Хэрэв бид «шулуун шударга зүрхээр [Еховад] талархаж», зарлигийг нь сахин биелүүлдэг бол тэр биднийг хэзээ ч орхихгүй (Дуулал 119:7, 8). Хуулийн номыг өдөр шөнөгүй уншиж, бичигдсэн бүхнийг нь сахин биелүүлэх зөвлөгөөг хэрэгжүүлсэн Израилийн удирдагч Иошуаг Бурхан орхиогүй билээ. Тиймээс ч Иошуа хөгжин дэвжиж, амжилтад хүрсэн (Иошуа 1:8). Насныхаа эцэст ч Бурханд талархсаар байсан бөгөөд израильчуудад: «Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй... гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа» хэмээн сануулдаг (Иошуа 23:14). Бид ч бас Иошуа болон 119-р дууллыг зохиогчийн адилаар Еховаг магтан алдаршуулж, үгэнд нь итгэвэл жаргалтай амьдарч, амжилтад хүрнэ.

Еховагийн үг биднийг цэвэр байлгадаг

5. а) Сүнслэгээр хэрхэн цэвэр байж болохыг тайлбарлана уу. б) Ноцтой нүгэл үйлдсэн залуу хүнд юу туслах вэ?

5 Еховагийн үгийн дагуу «сэрэмжтэй байвал» сүнслэгээр цэвэр байж болдог (Дуулал 119:9, ШЕ, 10–16). Эцэг эх сайн үлгэр жишээ үзүүлэхгүй байлаа ч, хүүхэд нь сүнслэгээр цэвэр байх боломжтой. Эцэг нь хиймэл шүтээн шүтдэг байсан ч, Хезекиа Еховаг шүтдэггүй хүмүүсийн нөлөөнөөс «зам мөрөө цэврээр хадгалсан». Тэгвэл, өнөөдөр Еховад үйлчилдэг залуу хүн ноцтой нүгэл үйлджээ гэж бодъё. Тийм хүн чин сэтгэлээсээ гэмшиж, Еховад залбирч, эцэг эхийн тусламж, хурлын ахлагчдын сайхан сэтгэлийн дэмжлэгийг авч, Хезекиаг дуурайн, Бурхны үгийн дагуу сэрэмжтэй байж, зам мөрөө цэврээр хадгалж болно (Иаков 5:13–15).

6. Бурхны үгийн дагуу сэрэмжтэй байж, зам мөрөө цэврээр хадгалсан эмэгтэйчүүдийг нэрлэнэ үү.

6 Рахаб Рут хоёр 119-р дууллыг зохиохоос олон жилийн өмнө амьдарч байсан хэдий ч зам мөрөө цэврээр хадгалж чадсан. Рахаб Канаан нутагт суудаг янхан байсан боловч хожим Еховаг шүтдэг, бат итгэлтэй хүн болж алдаршсан (Еврей 11:30, 31). Моаб эмэгтэй Рут бурхдаа орхиж, Еховад үйлчлэн, Израильд өгсөн Бурхны хуулийг сахих болсон (Рут 1:14–17; 4:9–13). Энэ хоёр эмэгтэй израиль үндэстэн биш ч, Бурхны үгийн дагуу сэрэмжтэй байж, Есүс Христийн элэнц эмэг болох хүндтэй үүрэг хүлээсэн (Матай 1:1, 4–6).

7. Даниел болон гурван еврей залуу сүнслэг цэвэр байдлаа хадгалах тухайд ямар үлгэр жишээ үзүүлсэн бэ?

7 «Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг». Гэхдээ залуучууд Сатаны гарт байдаг энэхүү завхарсан ертөнцөд ч цэвэр замаар явах боломжтой (Эхлэл 8:21; 1 Иохан 5:19). Даниел болон гурван еврей залуу Вавилоны олзонд байхдаа Бурхны үгийн дагуу сэрэмжтэй байдаг байв. Жишээ нь, тэд «хааны амттан шимттэнээр» биеэ бузарлаагүй (Даниел 1:6–10). Мосегийн хуулиар бузар гэж тодорхойлсон амьтдын махыг вавилончууд иддэг байжээ (Левит 11:1–31; 20:24–26). Түүнчлэн, нядалсан амьтны цусыг ихэнхдээ юүлж асгадаггүй байсан бөгөөд тийм мах идвэл цусны тухай Бурхны хуулийг зөрчсөн хэрэг болох байв (Эхлэл 9:3, 4). Тэгэхлээр, дөрвөн залуу Вавилоны хааны амттан шимттэнээс яагаад татгалзсан нь ойлгомжтой! Бурханд үнэнч тэр залуус сүнслэг цэвэр байдлаа хадгалж, бидэнд үлгэр жишээ үзүүлжээ.

Үнэнч байдлаа хадгалахад Бурхны үг тусалдаг

8. Бурхны хуулийг сайн ойлгож, хэрэгжүүлдэг байя гэвэл ямар хүсэл, мэдлэг хэрэгтэй вэ?

8 Бурхны үгэнд «баясах» нь Еховад үнэнч байдлаа хадгалахад чухал үүрэгтэй (Дуулал 119:17–24). Бид дуулалч шиг байх аваас Бурхны хуулийн «гайхамшигт зүйлсийг» ойлгохыг эрмэлзэн, Еховагийн тогтоолыг цаг үргэлж хүсэн тэмүүлж, сануулгад нь баясна (Дуулал 119:18, 20, 24). Хэрэв та Еховад өөрийгөө зориулаад удаагүй байгаа бол «үгийн цэвэр сүүг хүсдэг» болж амжсан уу? (1 Петр 2:1, 2). Бурхны хуулийг сайн ойлгодог, хэрэгжүүлдэг байя гэвэл Библийн үндсэн сургаалыг ойлгох хэрэгтэй.

9. Бурхны хууль хүний шаардлага хоёр зөрчилдвөл яах ёстой вэ?

9 Бид Бурхны сануулгад «баясдаг» байж болох ч «ноёд» ямар нэг шалтгаанаар бидний «эсрэг хэлэлцдэг» бол яах вэ? (Дуулал 119:23, 24). Эрх мэдэлтэй хүмүүс биднийг шахаж, хүний хуулийг Бурхныхаас дээгүүр тавиулах гэж оролдох нь цөөнгүй байдаг. Хүний шаардлага Бурхны хүсэл таалал хоёр зөрчилдвөл яах вэ? Бурхны үгэнд баясах сэтгэл Еховад үнэнч үлдэхэд тусална. Хавчлагад өртөж явсан элч нарын адилаар: «Бид хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах ёстой» гэж хэлнэ (Үйлс 5:29).

10, 11. Хамгийн хүнд бэрх үед ч Еховад яаж үнэнч үлдэж болохыг жишээгээр хэлнэ үү.

10 Хамгийн хүнд үед ч Еховад үнэнч үлдэж болдог (Дуулал 119:25–32). Бурханд гуйвшгүй үнэнч байя гэвэл Еховагаас суралцахад бэлэн байж, заавар зөвлөгөөг нь гуйж шаргуу залбирах ёстой. Түүнээс гадна, «үнэнч байдлын замыг сонгох» шаардлагатай (Дуулал 119:26, 27, 30, ШЕ).

11 119-р дууллыг зохиосон байж болох Хезекиа «үнэнч байдлын замыг сонгожээ». Хуурамч бурхад шүтдэг хүмүүс түүнийг тойрон хүрээлж, хааны ордныхон дооглон тохуурхдаг байсан байж болох ч, тэр замыг сонгоход нь саад хийж чадаагүй. Тэрбээр иймэрхүү байдалд «гашуудсанаас болж сэтгэл [нь] уйлдаг» байсан биз ээ (Дуулал 119:28). Гэхдээ Бурханд итгэдэг, сайн хаан байсан бөгөөд «ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн» (Хаадын дэд 18:1–5). Бурханд найдвал бид ч бас үнэнч байдлаа хадгалж, сорилтыг тэвчиж чадна (Иаков 1:5–8).

Еховагийн үг биднийг зоригжуулдаг

12. Дуулал 119:36, 37-г хүн бүр дор бүрнээ хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

12 Бурхны үгийг удирдлага болговол сорилтыг давах эр зоригтой болдог (Дуулал 119:33–40). Еховагийн хуулийг «бүхий л зүрхээрээ сахин биелүүлэхийн тулд» бид зааврыг нь даруухнаар хайдаг (Дуулал 119:33, 34). Бас дуулалчийн адилаар: «Зүрхийг минь [шударга бус] олз уруу бус, Өөрийн сануулга уруу хандуулаач» гэж Бурхнаас гуйдаг (Дуулал 119:36). Түүнчлэн, элч Паулын жишээгээр «бүх юманд үнэнч шударга байдаг» (Еврей 13:18, ШЕ). Хэрэв ажил олгогч маань биднээр шударга бус ямар нэг юм хийлгэх гэвэл бид Бурхны тушаалыг эр зоригтой сахидаг. Тийм үйлдлийг маань Ехова үргэлж ивээж, муу хандлага бүхнээ хянаж байхад тусалдаг. Тиймээс: «Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлээч» хэмээн залбирч байцгаая (Дуулал 119:37). Бурхны үзэн яддаг алив «хоосон» буюу жигшмээр юманд дурлан тэмүүлэхийг бид хэзээ ч хүсдэггүй (Дуулал 97:10). Энэ нь порно, мэргэ төлөг гэх мэтийн муу юмнаас зайлсхийхэд тусалдаг (1 Коринт 6:9, 10; Илчлэлт 21:8).

13. Есүсийн шавь нар хавчигдаж байхдаа эр зоригтой гэрчлэх хүчийг хэрхэн авсан бэ?

13 Бурхны үгийн тухай нарийн зөв мэдлэгтэй хүн эр зоригтой гэрчлэх итгэл төгс байдаг (Дуулал 119:41–48). Тэгээд ч биднийг «буруутгадаг хүнд хариулахын» тулд зоригтой байх хэрэгтэй (Дуулал 119:42). Заримдаа бид, хавчлагад өртөөд: «Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийн боолуудад соёрхооч» хэмээн Еховад залбирч байсан Есүсийн шавь нар шиг болж болох юм. Ийнхүү залбирсны үр дүн юу байсан билээ? «Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурхны үгийг зоригтойгоор ярьж эхлэв». Эртний христиануудыг зоригжуулсан Хэмжээгүй эрхт Эзэн бидэнд ч бас үгийг нь ярих зүрх зориг өгдөг (Үйлс 4:24–31).

14. Паул шиг эр зоригтой гэрчлэхэд юу туслах вэ?

14 Хэрэв «үнэний үгийг» эрхэмлэж, Бурхны «хуулийг үргэлж сахидаг» бол хэнээс ч айж ичилгүй, эр зоригтой гэрчилнэ (Дуулал 119:43, 44). Бурхны үгийг нямбайлан судлах аваас «хаадын өмнө Бурхны сануулгуудыг ярих» чадвартай болно (Дуулал 119:46). Залбирал болон Еховагийн сүнсний тусламжтайгаар тохирсон үгийг зөв хэлж чадна (Матай 10:16—20; Колоссай 4:6). І зуунд элч Паул эрх баригчдад Бурхны сануулгыг зоригтой ярьж чаддаг байсан билээ. Жишээ нь, Ромын амбан захирагч Феликт «Христ Есүст итгэх итгэлийн тухай ярьсан» (Үйлс 24:24, 25). Бас амбан захирагч Фест, хаан Агрийп нарт гэрчилсэн (Үйлс 25:22–26:32). Бид ч мөн Еховагийн дэмжлэгтэйгээр эр зоригтой гэрчилж, хэзээ ч «сайн мэдээнээс ичихгүй» байж чадна (Ром 1:16).

Бурхны үг биднийг тайтгаруулдаг

15. Хүмүүс биднийг тохуурхахад Бурхны Үг хэрхэн тайтгаруулдаг вэ?

15 Еховагийн Үг биднийг жинхэнэ ёсоор тайтгаруулдаг (Дуулал 119:49–56). Хэдийгээр, Еховагийн Гэрчүүд бид эр зоригтой дэлгэрүүлдэг ч заримдаа «бардам хүн» буюу Бурхны өмнө бардамнадаг хүмүүс биднийг «ихэд тохуурхахад» тайтгарал үнэхээр хэрэгтэй болдог (Дуулал 119:51). Тийм үед залбирч, Бурхны Үгэнд байдаг урам хайрласан зүйлийг санах нь тустай. Ийнхүү «өөрийгөө тайтгаруулдаг» (Дуулал 119:52). Бурханд сэтгэлээ уудалж байхдаа, хүнд үеийг давахад хэрэгтэй тайтгарал, эр зориг өгөх зарчим, хуулийг эргэн санаж болох юм.

16. Бурхны үйлчлэгчид хавчлагатай тулгарсан ч юунаас «няцаагүй» вэ?

16 Дуулалчийг тохуурхдаг тэр бардам хүмүүс нь Бурханд өөрсдийгөө зориулсан үндэстэн болох израильчууд байсан нь үнэхээр гутамшигтай! Тэдний араас орж, Бурхны хуулиас «няцахгүй» байх шийдвэр төгс байцгаая (Дуулал 119:51). Нацизмын харгис хавчлага болон үүнтэй төстэй зүй бус явдлыг олон жил үзсэн Еховагийн мянга мянган үйлчлэгч Бурхны Үгийн хууль, зарчмаас «няцаагүй» билээ (Иохан 15:18–21). Тэгээд ч Еховад дуулгавартай байх нь дарамт огт биш ээ. Учир нь Бурхны зарлиг биднийг тайтгаруулдаг «дуу» мэт билээ (Дуулал 119:54; 1 Иохан 5:3).

Еховагийн үгэнд талархагтун

17. Бид Бурхны үгэнд талархдаг учир яахыг хүсдэг вэ?

17 Бурхны үгэнд талархдагаа батлах арга бол тэр дагуу амьдрах явдал юм (Дуулал 119:57–64). Дуулалч Еховагийн «үгийг сахин биелүүлэхээр амласан» төдийгүй «зөв шударга тогтоолуудынх нь улмаас Бурханд талархахаар шөнө дунд босжээ». Хэрэв шөнө дунд сэрвэл, Еховад талархлаа илэрхийлэн залбирах таатай боломж гарлаа гэсэн үг (Дуулал 119:57, 62). Бид Бурхны үгэнд талархдаг учир Бурхнаар заалгахыг хүсдэг. Бас Еховагаас эмээдэг буюу түүнийг сүсэглэн биширдэг хүмүүстэй анд нөхөр байхыг эрмэлздэг (Дуулал 119:63, 64). Үүнээс өөр сайн анд нөхрийг энэ дэлхий дээр өөр хаанаас олох билээ?

18. «Хорон муу хүний уяанууд хэрэх» цагт Ехова бидний залбиралд хэрхэн хариулдаг вэ?

18 Бүхий л зүрхээрээ Еховад залбирч, бидэнд заахыг даруухнаар гуйдаг маань нигүүлслийг нь хүртэнэ хэмээн бодож, Бурхны «ивээлийг хайж» байгаа хэрэг. Ялангуяа, «хорон муу хүний уяанууд хэрэх» цагт залбирах хэрэгтэй (Дуулал 119:58, 61). Ехова хориг саад тавих гэсэн дайсны уяаг таслан биднийг чөлөөлж, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажлаа үргэлжлүүлэхэд тусалдаг (Матай 24:14; 28:19, 20). Манай үйл ажиллагааг хориглодог улс орнуудад ийм явдал удаа дараа гарч байсан.

Бурхны үгэнд итгэгтүн

19, 20. Зовж шаналах нь тустай гэж юу гэсэн үг вэ?

19 Бурхан болон Бурхны үгэнд итгэх нь зовлонг тэвчиж, хүсэл тааллыг нь биелүүлэхэд тусалдаг (Дуулал 119:65–72). Бардам хүмүүс дуулалчийн эсрэг гүтгэлэг зохиож байсан ч тэрбээр: «Зовон шаналсан нь... надад тустай» хэмээжээ (Дуулал 119:66, 69, 71). Еховагийн үйлчлэгчид зовж шаналах нь тустай гэж юу гэсэн үг вэ?

20 Зовж шаналах цагтаа бид Еховад шаргуу залбирдаг нь гарцаагүй. Үүний ачаар бид Еховад улам ойртдог. Библи судлахдаа олон цаг зарцуулж, сурч мэдсэнээ хэрэгжүүлэх гэж ихээхэн хүчин чармайлт гаргадаг байж болох юм. Ингэвэл улам л жаргалтай амьдарна. Гэтэл зовж шаналах үедээ тэвчээр алдах, бардам зан гаргах гэх мэтээр муухай аашилдаг бол яах вэ? Шаргуу залбирал, Бурхны үг болон сүнсний тусламжтайгаар тиймэрхүү сул талаа давж, «шинэ хүнийг» аль болох бүрэн гүйцэд өмсөх арга бий (Колоссай 3:9–14). Түүнээс гадна, зовлонг тэвчихэд итгэл бэхэждэг (1 Петр 1:6, 7). Жишээ нь, Паул зовлонгийн ачаар Еховад илүү найддаг болсон (2 Коринт 1:8–10). Тэгвэл бид тулгарсан бэрхшээлээс сайн юманд суралцдаг уу?

Үргэлж Еховад найдагтун

21. Бурхан бардам хүмүүсийг ичээхэд юу болох вэ?

21 Еховад найдахын баттай шалтгааныг Бурхны үг бидэнд өгдөг (Дуулал 119:73–80). Хэрэв Бүтээгчдээ үнэхээр найддаг бол ичих явдал байхгүй. Гэхдээ бусдын эвгүй зангаас болж өөрсдийгөө тайтгаруулж, дуулалч шиг: «Бардам хүмүүс ичих болтугай» гэж залбирмаар санагдаж болох юм (Дуулал 119:76–78). Ехова тийм хүмүүсийг ичээхдээ ёс бус явдлыг нь илчилж, агуу нэрээ ариусгана. Бурхны ард түмнийг хавчдаг хүмүүс эцэстээ юу ч хожихгүй гэдэгт итгэлтэй байж болно. Жишээ нь, бүх зүрхээрээ Еховад найддаг Гэрчүүдийг нь устгаж хэзээ ч чадаагүй, чадах ч үгүй (Сургаалт үгс 3:5, 6).

22. Дуулалч «утаан доторх хөхүүр шиг болсон» хэмээсэн нь юу гэсэн үг вэ?

22 Хавчигдах цагт Бурхны үг бидний итгэлийг бэхжүүлдэг (Дуулал 119:81–88). Дуулалч бардам хүмүүст хавчигдсанаасаа болоод «утаан доторх хөхүүр шиг болжээ» (Дуулал 119:83, 86). Эрт цагт хөхүүрт ус, дарс мэтийн шингэн зүйлийг хийдэг байсан. Хэрэв утаатай газар юм уу галын ойр орчим хоосон өлгөвөл хөхүүр агшиж хатдаг. Зовлон бэрхшээл, хавчлагаас болж «утаан доторх хөхүүр шиг» болсон мэт санагдах үе танд байдаг уу? Байдаг бол, Еховад найдан: «Надаар Таны амнаас гарах сануулгыг сахиулахын тулд Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч» хэмээн залбираарай (Дуулал 119:88).

23. Дуулал 119:1–88-ыг тоймлон үзэхдээ бид юу ойлгосон бэ? Дуулал 119:89–176-г судлахдаа өөрөөсөө юу гэж асууж болох вэ?

23 119-р дууллын эхний хэсгийг авч үзэхэд Ехова үйлчлэгчдэдээ хайр энэрлээ үзүүлдэг нь харагдаж байна. Учир нь тэд түүний үгэнд итгэж, зарлиг, сануулга, тушаал, хуульд нь баярладаг (Дуулал 119:16, 47, 64, 70, 77, 88). Үнэнч хүмүүс үгийнх нь дагуу сэрэмжтэй байдаг нь Бурханд таалагддаг (Дуулал 119:9, 17, 41, 42). Та энэ сайхан дууллын үлдсэн хэсгийг судлахдаа өөрөөсөө: «Би Еховагийн үгээр үнэхээр замаа гэрэлтүүлдэг үү?» гэж асуугаарай.

[Зүүлт]

^ Энд «Бурхны үг» гэсэн нь Бурхны Үг болох Библийг хэлээгүй болно.

^ «Ариун Библи»-д (МБОХ, 2000 он) «гэрчлэл» гэж буулгасан үгийг «сануулга» гэж орчуулах нь эх Библитэй илүү тохирдог. Иймээс дэс дарааг хадгалж, ойлгоход дөхөм болгох үүднээс энэ болон дараагийн өгүүлэлд дурдсан бүх зүйлд «сануулга» гэдэг үг ашигласан болно.

Та хэрхэн хариулах вэ?

• Жинхэнэ ёсоор жаргалтай амьдрах эсэх маань юунаас шалтгаалах вэ?

• Еховагийн үг биднийг сүнслэгээр хэрхэн цэвэр байлгадаг вэ?

• Бурхны үг биднийг хэрхэн зоригжуулж, тайтгаруулдаг вэ?

• Еховад болон үгэнд нь итгэх ёстойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]