Үр хүүхэд бол үнэт бэлэг мөн
Үр хүүхэд бол үнэт бэлэг мөн
«Харагтун, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг, умайн үр жимс бол шагнал юм» (ДУУЛАЛ 127:3).
1. Анхны хүүхэд хэрхэн бий болсон бэ?
ЕХОВА БУРХАН анхны эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээхдээ бий болгосон нэгэн гайхамшгийн талаар ярилцъя. Эцэг Адам, эх Евагийн хоёр эс нийлэн, эвсэл үр болж, шинэ хүн буюу анхны хүүхэд болтлоо Евагийн умайд боловсрон хөгжжээ (Эхлэл 4:1). Үр тогтох хийгээд хүүхэд төрөх үйл явц өнөөдрийг хүртэл хүмүүсийн гайхлыг төрүүлсээр байна.
2. Жирэмсэн эмэгтэйн умайд явагддаг үйл явцыг гайхамшиг гэж хэлж болохын учир юу вэ?
2 Эхийн хэвлий дэх эвсэл үрээс 270 орчим хоногийн дотор олон триллион эсээс тогтсон хүүхэд бий болдог. Энэхүү эвсэл үрд өөр 200 гаруй төрлийн эс үүсэхэд шаардлагатай удамшлын мэдээлэл байдаг. Хүний ухаан санаанд багтамгүй, гайхалтай энэ мэдээллийн дагуу ер бусын нарийн нийлмэл бүтэцтэй эдгээр эс хатуу эрэмбэ дараатайгаар, тодорхой цаг хугацаанд ялгаран хөгжсөөр эцэстээ шинэ хүн бүрэлдэн тогтдог байна.
3. Хүүхэд бүрэлдэж, төрөх явцыг Бурхан бий болгосон гэдгийг учир мэдэх олон хүн яагаад хүлээн зөвшөөрдөг вэ?
3 Хүүхдийн жинхэнэ бүтээгч нь хэн бэ? Амийг анх бүтээсэн тэр Нэгэн гэдэг нь эргэлзээгүй. Дуулалч: «ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй. Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм» хэмээн дуулжээ (Дуулал 100:3). Эцэг эхчүүд та нар бүхнээс үнэтэй бяцхан үрсээ өөрсдийн тань ач гавьяагаар бус, харин хэмжээлшгүй мэргэн ухаант Бурхны өгсөн, шинэ хүн бүтээх гайхамшгийн ачаар бий болдгийг сайн мэддэг шүү дээ. Эхийн умайд хүүхэд бүрэлдэх явцыг учир мэддэг хүмүүс олон мянган жилийн турш Агуу Бүтээгчийн гайхамшиг гэж үзсээр иржээ. Та бас тэгж үздэг үү? (Дуулал 139:13–16).
4. Хүнд байдаг ямар дутагдал Еховад байдаггүй вэ?
4 Ехова хүмүүст үр удмаа үлдээхэд нь зориулж биологийн үйл явц төдийхнийг зохиож өгөөд л болчихсон, хатуу сэтгэлтэй Бүтээгч үү? Хатуу сэтгэлтэй хүмүүс байдаг хэдий ч Ехова огт тийм биш билээ (Дуулал 78:38–40). Дуулал 127:3-т: «Харагтун, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг, умайн үр жимс бол шагнал юм» гэж байдаг. Одоо бүгдээрээ бэлэг гэж юу болох хийгээд энэ нь юуг илэрхийлдэг талаар ярилцъя.
Бэлэг ба шагнал
5. Үр хүүхдийг бэлэг гэж хэлж болохын учир юу вэ?
5 Эцэг эх үр хүүхдэдээ янз бүрийн бэлэг өгдөг. Энэ нь гол төлөв мөнгө төгрөг, эд хөрөнгө ч юм уу эсвэл ямар нэг үнэ цэнтэй зүйл байх. Аль нь ч байлаа гэсэн бэлэг бол эцэг эхийн хайрын илэрхийлэл байдаг. Бурхан үр хүүхдийг эцэг эхэд бэлэг болгон өгсөн гэж Библид бичжээ. Үнэндээ үр хүүхэд бол Бурхны, хайрын сэтгэлээсээ өгсөн бэлэг юм. Хэрэв та эцэг эх бол бяцхан үрсээ орчлонт ертөнцийг Бүтээгчээс өөрт тань итгэж гардуулсан бэлэг гэж үздэгээ үйл хэргээрээ харуулдаг гэж хэлж чадах уу?
6. Бурхан хүмүүсийг үр хүүхэд төрүүлэх чадвартай бүтээсэн нь ямар зорилготой байсан бэ?
6 Ехова ийм бэлэг өгсөн нь Адам Ева хоёрын үр удмаар дэлхийг дүүргэх зорилготой байжээ (Эхлэл 1:27, 28; Исаиа 45:18). Тэрбээр олон сая тэнгэр элчийг бүтээсэн шигээ хүмүүсийг нэг бүрчлэн бүтээгээгүй юм (Дуулал 104:4; Илчлэлт 4:11). Харин, хүмүүсийг өөрсөдтэйгөө адилхан хүүхэд төрүүлэх чадвартайгаар бүтээсэн. Шинэ хүн төрүүлж, түүнийгээ халамжлан өсгөнө гэдэг эцэг эхийн хувьд хосгүй аз завшаан мөн! Эцэг эхчүүд та нар тийм үнэт бэлэг өгснийх нь төлөө Еховад талархдаг уу?
Есүсийн жишээнээс суралцъя
7. Зарим эцэг эхийг бодвол Есүс «хүмүүсийн хөвгүүдэд» хэрхэн санаа тавьж, өрөвдөн хайрладаг байсан бэ?
7 Харамсалтай нь, эцэг эхчүүд бүгдээрээ хүүхдийг шагнал гэж үздэггүй. Үр хүүхдээ өрөвдөн хайрладаггүй хүн олон байдаг. Тийм эцэг эхэд Ехова болон түүний Хүүгийн сэтгэл байдаггүй (Дуулал 27:10; Исаиа 49:15). Есүс балчир хүүхдүүдэд дандаа санаа тавьдаг байсан. Тэр байтугай, хүн болж дэлхийд ирэхээсээ өмнө, тэнгэрийн хүчирхэг сүнсэн бодгаль байхдаа «хүмүүсийн хөвгүүдээр бахдан байжээ» (Сургаалт үгс 8:31). Есүс хүмүүст асар их хайртай байсан учраас биднийг мөнхийн амьтай болгохын тулд өөрийнхөө амийг золиос болгон дуртайяа өгчээ (Матай 20:28; Иохан 10:18).
8. Есүс эцэг эхчүүдэд ямар сайхан жишээ үзүүлсэн бэ?
8 Есүс дэлхийд байхдаа эцэг эхчүүдэд онцгой сайхан жишээ үзүүлсэн. Ажил ихтэй, хэцүү үед ч гэсэн хүүхдүүдэд цаг гаргадаг байв. Тэрбээр зах дээр тоглож байгаа хүүхдүүдийг ажиглан харж, өөр хоорондоо хэрхэн харьцаж байгаагаас нь сургаалдаа ашигладаг байсан (Матай 11:16, 17). Есүс Иерусалимд сүүлчийн удаа ирэхдээ тарчилж үхнэ гэдгээ мэдэж байлаа. Хүмүүс хүүхдүүдээ Есүс уруу авчрахад шавь нар тэднийг буцаахыг оролдсон нь багшдаа төвөг удахгүй гэснийх бололтой. Гэтэл, Есүс шавь нараа зэмлэдэг. Тэрбээр бяцхан хүүхдүүдээр «бахдан байгаагаа» харуулан: «Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь» хэмээн хэлсэн (Марк 10:13, 14).
9. Хийдэг үйлс хэлэх үгнээс илүү чухал байдгийн учир юу вэ?
9 Есүсийн жишээ бидэнд сургамжтай. Хүүхдүүд хүрээд ирвэл, ажил ихтэй, завгүй байсан ч бид тэднийг Есүс шиг хүлээж авдаг уу? Есүс хүүхдүүдэд санаа тавьж, цагаа харамгүй зориулдаг байсан нь тэдний хувьд нэн шаардлагатай зүйл бөгөөд эцэг эхчүүд үүнийг онцгой анхаарах ёстой. Хайртай гэх зэргээр сэтгэлийн үгээ хүүхдэдээ хэлж байх нь үнэхээр чухал. Гэхдээ, үгийг бодвол үйлс илүү нөлөөтэйг санах нь зүйтэй. Хайр, хэлэх үгнээс илүү үйлсээр илэрдэг. Үр хүүхдэдээ үзүүлж байгаа анхаарал халамж, зориулж байгаа цаг тэдэнд хайртайг тань харуулна. Гэхдээ, энэ бүгдийг хийсээр атал мэдэгдэхүйц үр дүн тэр бүр таны хүссэнээр хурдан гарахгүй байж болох юм. Тийм үед тэвчээр хэрэгтэй. Хэрэв бид, Есүсийн шавь нартайгаа хэрхэн харьцаж байсныг дуурайх аваас тэвчиж сурна.
Есүсийн тэвчээр болон хайрын жишээ
10. Есүс шавь нараа даруу байхад хэрхэн сургасан бэ? Үүний үр дүн эхлээд ямар байсан бэ?
10 Шавь нарынх нь дунд хэн нь илүү болох талаар маргаан дэгдээд байсныг мэдсэн Есүс Капернаумд буцаж ирснийхээ дараа нэг өдөр тэднээс: «Замдаа та нар юун тухай маргалдаад байв аа?» хэмээн асуужээ. «Гэвч тэд дуугүй байлаа. Учир нь шавь нар нь замдаа хэн хамгийн агуу нь болох талаар маргалджээ». Есүс тэднийг хатуу зэмлэхийн оронд тэвчээр заан, даруу зан илэрхийлж сурахад нь тустай жишээ татсан байна (Марк 9:33–37). Хүсэн хүлээж байсан үр дүндээ хүрсэн үү? Тэр даруйдаа хүрээгүй. Хагас жил орчмын хойно Иаков Иохан хоёр Хаанчлалд өндөр байр суурьтай болгож өгөөч гэж Есүсээс эхээрээ гуйлгажээ. Есүс тэдний бодлыг дахиад л тэвчээртэйгээр засаж залруулсан (Матай 20:20–28).
11. а) Дээд давхрын өрөөнд цугласан Есүсийн элч нар заншил болсон ямар ажлыг хийгээгүй вэ? б) Есүс ямар жишээ үзүүлсэн бэ? Элч нар түүнийг тэр даруй хэрэгжүүлсэн үү?
11 Удалгүй, МЭ 33 оны Дээгүүр өнгөрөх баяр болж, Есүс уг баярыг тэмдэглэхээр элч нартайгаа хэдүүлхнээ цуглажээ. Голдуу эмэгтэйчүүд, зарц нарын хийдэг, тоос шороонд халтартсан хөл угаах дорд ажлыг дээд давхрын өрөөнд цугласан 12 элчээс нэг нь ч санаачлан хийгээгүй байна (1 Самуел 25:41; 1 Тимот 5:10). Шавь нараа өндөр байр суурийн төлөө тэмүүлсээр байгааг харах Есүст ямар харамсалтай байсан бол оо! Есүс элч нарынхаа хөлийг ээлж дараалан угаагаад, өөрийнх нь жишээгээр бусдад үйлчилж байхыг аминчлан захижээ (Иохан 13:4–17). Тэд уг захиасыг хүлээж авсан уу? Тэр үдэш оройхон дахиад л «тэдний дунд хэн нь хамгийн агуу нь байх талаар маргаан дэгджээ» хэмээн Библид тэмдэглэсэн байдаг (Лук 22:24).
12. Эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ Есүсийг хэрхэн дуурайж болох вэ?
12 Үр хүүхэд тань таны зөвлөгөөг хүлээж авахгүй үед та Есүсийн сэтгэл ямар байсныг ойлгодог биз дээ? Элч нар нь алдаагаа засахгүй удаад байсан ч Есүс цөхрөөгүйг тэмдэглэх хэрэгтэй. Тэвчээртэй байсан нь эцэстээ сайн үр дүнд хүрсэн (1 Иохан 3:14, 18). Эцэг эхчүүд ээ, Есүсийн хайр болон тэвчээрийн жишээг дуурайн, үр хүүхдээ хүмүүжүүлэх гэсэн хүчин чармайлтаа хэзээ ч бүү зогсоогоорой.
13. Эцэг эх хүүхдээ юм асуухад хөөж туун, бүдүүлэг загнаж болохгүйн учир юу вэ?
13 Өөрсдийг нь хайрлаж, анхаарч байгаагаа эцэг эх хүүхдүүддээ мэдрүүлэх хэрэгтэй. Есүс элч нарынхаа юу бодож байгааг мэдэхийг хүсдэг байсан учраас өөрөөс нь ямар нэг юм асуухад анхааралтай сонсдог байжээ. Бас элч нараасаа тодорхой зүйлийн талаар ямар бодолтой байгааг нь асуудаг байв (Матай 17:25–27). Тийм ээ, сайн багш шавиа анхааралтай сонсож, чин сэтгэлээсээ анхаардаг. Тийм учраас, эцэг эх: «Цаашаа, цаашаа! Юм хийж байгааг харахгүй байна уу?» гэж бүдүүлэг загнан, хүүхдүүдээ хөөж тууж болохгүй. Хэрэв та нар үнэхээр завгүй байвал дараа ярилцъя гэж хэлээд, хэлсэн үгэндээ заавал хүрэх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд, эцэг эх нь өөрийг нь үнэхээр анхаардаг юм байна гэдгийг ойлгох бөгөөд тэдэндээ илүү найддаг болно.
14. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ хайртайгаа харуулах тухайд Есүсээс юунд суралцаж болох вэ?
14 Эцэг эхчүүд үр хүүхдээ илэн таалж, энхрийлж тэврэх нь зохистой юу? Энэ тухайд ч гэсэн Есүсийн жишээнээс суралцаж болно. Библид: «Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр мутраа тавиад ерөөв» гэж байдаг (Марк 10:16). Тэр үед хүүхдүүдэд ямар санагдсан бол оо? Сайхан санагдаж, Есүст татагдсан нь эргэлзээгүй! Эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ хайрын үүднээс эвтэйхэн харьцдаг бол сургаал болоод сахилгажуулах арга хэмжээг нь дуртайяа хүлээн авах болно.
Үр хүүхдэдээ хэдий хирийн цаг гаргах ёстой вэ?
15, 16. Эдүгээ хүүхэд хүмүүжүүлэх асуудлаар ямар үзэл баримтлал зонхилж байна вэ? Үүнд хүргэсэн зүйл нь чухам юу вэ?
15 Эцэг эхчүүд үр хүүхдэдээ их цаг гаргаж, анхаарал халамж тавих зайлшгүй шаардлагатай гэдэгт зарим хүн эргэлздэг. Эдүгээ хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх асуудлаар гадаадын зарим оронд «чанартай цаг» гэдэг үзэл баримтлал давамгайлдаг болоод байна. Үүнийг дэмжигчид, эцэг эх үр хүүхэдтэйгээ өнгөрөөх цагаа бодож, төлөвлөн, үр ашигтай л өнгөрөөдөг бол заавал олон цаг хамт байх шаардлагагүй гэж үздэг. Энэ үзэл баримтлал хүүхдийн хүмүүжилд тустай, сайн зүйл мөн үү?
16 Нэг зохиолч олон хүүхэдтэй ярилцаж үзсэнийхээ дараа тэдний, «эцэг эх нь өөрсөдтэй нь илүү олон цагаар хамт байж, зөвхөн өөрсдийг нь анхаарч, халамжилдаг байгаасай» гэж хүсдэгийг тэмдэглэжээ. Нэгэн дээд сургуулийн профессор: «Энэхүү „чанартай цаг“ гэдэг үзэл баримтлал эцэг эхийн буруугаас бий болсон. Тэд үр хүүхэдтэйгээ бага цаг өнгөрөөдөг алдаагаа үүгээр зөвтгөдөг» хэмээн хэлжээ. Тэгвэл эцэг эхчүүд үр хүүхдэдээ хэдий хирийн цаг гаргах ёстой вэ?
17. Үр хүүхдэд эцэг эхийн зүгээс юу хэрэгтэй байдаг вэ?
17 Библид энэ талаар тодорхой заасан зүйл байдаггүй. Гэхдээ, эрт цагт израиль эцэг эхчүүд гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч үр хүүхэдтэйгээ ярьж байх учиртай байлаа (Дэд хууль 6:7). Эндээс эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ тогтмол харьцаж, өдөр бүр сургаж байх ёстой нь тов тодорхой харагдаж байна.
18. Есүс шавь нараа сургах боломжийг хэрхэн ашигладаг байсан бэ? Эцэг эхчүүд эндээс ямар сургамж авч болох вэ?
18 Есүс шавь нартайгаа хамт идэж уух, аялж зугаалах, амарч цэнгэх зэрэгтээ тэднийг сургах боломж бүрийг чадварлаг ашигладаг байв (Марк 6:31, 32; Лук 8:1; 22:14). Үүний адилаар, христиан эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ дотно харьцаа тогтоож, бэхжүүлэх хийгээд тэднийг Бурхны замаар явдаг болгон сургах боломж бүрийг овсгоотой ашиглах ёстой.
Юуг, хэрхэн заах нь
19. а) Үр хүүхэдтэйгээ цагаа хамт өнгөрөөхөөс гадна өөр юу хэрэгтэй вэ? б) Эцэг эхчүүд үр хүүхдэдээ юуны түрүүнд юу заах хэрэгтэй вэ?
19 Үр хүүхдээ зүй зохистой өсгөж, хүмүүжүүлэхэд цагийг хамт өнгөрөөх хийгээд тэдэнд зааж хэлэхээс илүү зүйл шаардлагатай. Юу заах тухай асуудал туйлаас чухал. Библид: «Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи... хөвгүүддээ хичээнгүйлэн заагтун» хэмээн онцолсныг анаарах хэрэгтэй. Хөвгүүддээ заах ёстой «энэ үгс» гэж чухам юу вэ? Үүний өмнө дурдсан: «Чи Өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла» хэмээсэн үг гэдэг нь тодорхой (Дэд хууль 6:5–7). Есүс үүнийг Бурхны тушаалуудын дотроос хамгийн чухал нь гэж хэлсэн (Марк 12:28–30). Тийм учраас, эцэг эхчүүд үр хүүхдэдээ юуны түрүүнд Еховагийн тухай болон ямар учраас зөвхөн түүнийг бүх зүрхээрээ хайрлаж, зөвхөн түүнд үнэнч байх ёстойг тайлбарлан, заах хэрэгтэй.
20. Дээр үед Бурхан эцэг эхчүүдэд үр хүүхдэдээ юу заахыг тушаасан бэ?
20 Гэхдээ, эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ заах ёстой «энэ үгсийг» зөвхөн Бурхныг бүх зүрхээрээ хайрлах гэдгээр хязгаарлан ойлгож болохгүй. Чулуун хавтан дээр Бурхны бичсэн хуулиуд буюу Арван тушаалыг Мосе «Дэд хууль» номын 5 дугаар бүлэгт давтсан буй. Энэ хуулиар худал хэлэх, хулгай хийх, хүн алах, завхайрах зэргийг хориглосон байдаг (Дэд хууль 5:11–22). Тэгэхлээр, дээр үед эцэг эхчүүд үр хүүхдэдээ ёс суртахууны өндөр хэм хэмжээг заадаг байсан нь эндээс харагдаж байна. Өнөөгийн христиан эцэг эхчүүд ч бас үр хүүхдээ зөв, аз жаргалтай хүмүүс болгон өсгөж, хүмүүжүүлэхийн тулд дээрхийн адилаар сургах хэрэгтэй.
21. Үр хүүхдэдээ Бурхны үгийг «хичээнгүйлэн заах» гэдэг нь юу гэсэн үг вэ?
21 Эцэг эхчүүд үр хүүхдэдээ «энэ үгсийг» буюу тушаалыг хэрхэн заах ёстойг анхаараарай. «Хөвгүүддээ хичээнгүйлэн заах» учиртай аж. Энд «хичээнгүйлэн заах» гэж орчуулсан үг нь «хэлсэн зүйлийг оюун ухаанд нь хоногшуулахын тулд дахин дахин сануулж, давтан давтан заах» гэсэн утгатай юм. Тэгэхлээр Бурхан, эцэг эхчүүдээс үр хүүхдийнхээ оюун ухаанд сүнслэг зүйлсийг бат бөх суулгаж өгөх тодорхой зорилго бүхий Библийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр зохиож, хэрэгжүүлэхийг шаарддаг ажээ.
22. Израиль эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжүүлэхтэй холбоотой ямар тушаал өгсөн бэ? Энэ нь юу гэсэн утгатай байсан бэ?
22 Сургалтын тийм хөтөлбөр хэрэгжүүлэхэд эцэг эхийн зүгээс ихээхэн хүчин чармайлт шаардагдах нь ойлгомжтой. Библид: «Чи [«энэ үгс» буюу Бурхны тушаалуудыг] тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүдний хооронд сахиус мэт байлга. Мөн түүнийг гэрийнхээ хаалганы хатавчин дээр, дааман хаалган дээрээ бич» гэж байдаг (Дэд хууль 6:8, 9). Эцэг эхчүүд Бурхны хуулийг хаалганыхаа хатавч болон дааман хаалган дээрээ бичиж, хуулбарыг нь хүүхдүүдийнхээ гарт уян, нүднийх нь хооронд зүүж өгөх ёстой гэсэн үг үү? Үгүй ээ. Үүний үндсэн санаа бол эцэг эхчүүд үр хүүхдэдээ Бурхны сургаалыг байнга сануулж байх явдал юм. Хэрэв тийнхүү тогтмол, цөхрөлтгүй сануулах аваас Бурхны сургаал хүүхдүүдийнх нь өмнө цаг ямагт л байдаг юм шиг байх болно.
23. Дараагийн өгүүллээр юун тухай үзэх вэ?
23 Эцэг эхчүүд хүүхдүүддээ ямар ямар онцгой чухал зүйлийг заах ёстой вэ? Өнөөдөр хүүхдүүдийг өөрсдийгөө хамгаалахад сургах нь яагаад амин чухал асуудал болсон бэ? Үр хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд нь эцэг эхчүүдэд тустай ямар сайн арга хэрэгсэл байна вэ? Эцэг эхчүүдийн анхаарлын төвд байдаг эдгээр болон бусад асуултыг дараагийн өгүүллээр авч үзнэ.
Та яаж хариулах вэ?
• Эцэг эхчүүд үр хүүхдээ үнэт бэлэг гэж үзэх ёстойн учир юу вэ?
• Эцэг эхчүүд болон бусад хүмүүс Есүсээс юунд суралцаж болох вэ?
• Эцэг эхчүүд үр хүүхдэдээ хэдий хирийн цаг гаргах ёстой вэ?
• Хүүхдүүдэд юуг, хэрхэн заах ёстой вэ?
[Догол мөрийн асуулт]