Skip to content

Гарчиг руу орох

«Буруудахад тэвчээртэй бай»

«Буруудахад тэвчээртэй бай»

«Буруудахад тэвчээртэй бай»

«Эзний боол тэмцэл мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүх хүнд эелдэг зөөлөн ханд. ...Буруудахад тэвчээртэй бай» (2 ТИМОТ 2:24).

1. Биднийг сайн мэдээ дэлгэрүүлж явахад зарим хүн яагаад бүдүүлэг харьцдаг вэ?

 ТАНД юм уу шашинд тань таагүй ханддаг хүнтэй тааралдвал та яадаг вэ? Элч Паул «эцсийн өдрүүдийн» тухай зөгнөхдөө, хүмүүс «доромжлогчид, ...гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий... болно» гэж хэлсэн байдаг (2 Тимот 3:1–5, 12). Та дэлгэрүүлж яваад ч юм уу, эсвэл өөр ямар нэг байдлаар тийм хүмүүстэй тааралддаг байж магад.

2. Бүдүүлэг яриатай хүнтэй ухаалаг харьцахад Библийн ямар зүйлүүд туслах вэ?

2 Бүдүүлэг харьцаатай хүн болгон зөв юманд дургүй гэсэн үг биш ээ. Тэд их бэрхшээл зовлонтой ч юм уу сэтгэл санаа тавгүй байдгаас болоод хавь ойрынхоо хэнийг ч хамаагүй загнаж аашилдаг байж болох юм (Номлогчийн үгс 7:7). Хамт ажиллаж, амьдардаг хүмүүс нь хараалын үг байнга хэлдгээс бас олон хүн тэгж харьцдаг. Христианууд бид тийм үг яриа хэрэглэдэггүй ч, хүмүүс ямар учраас бидэнтэй бүдүүлэг харьцдагийг ойлгодог. Тэгвэл бид бүдүүлэг яриатай хүмүүстэй хэрхэн харьцах ёстой вэ? Сургаалт үгс 19:11-д: «Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг» гэж бичсэн байдаг. Бас Ром 12:17, 18-д: «Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул. [...] Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун» гэсэн зөвлөгөө бий.

3. Сайн мэдээ тунхаглах, эвийг эрхэмлэх хоёр ямар уялдаатай вэ?

3 Хэрэв бид үнэхээр эвийг эрхэмлэдэг бол хүнтэй харьцахдаа хэлэх үг, хийх үйлдэл, нүүрний хувирал, дууны өнгөөрөө үүнийг батална (Сургаалт үгс 17:27). Есүс элч нараа сайн мэдээ тунхаглуулахаар явуулахдаа: «Гэрт нь ороход: „Энх амгалан энд байх болтугай“ гэж хэлээд мэндчил». «Хэрэв тэр айл чинь зохистой бол, амар амгалангийн мэнд чинь та нарт буцаж ирэг» хэмээн зөвлөсөн (Матай 10:12, ШГ, 13). Бидний хүргэдэг мэдээ бол сайн мэдээ. Библид үүнийг «амар тайвны сайн мэдээ», «Бурхны нигүүлслийн сайн мэдээ», «Хаанчлалын [тухай] сайн мэдээ» гэдэг (Ефес 6:15; Үйлс 20:24; Матай 24:14). Бидний зорилго бол хүмүүсийн итгэл үнэмшлийг шүүмжлэх юм уу үзэл бодлоос нь болж маргалдах бус, Бурхны Үгэнд агуулагддаг сайн мэдээг хуваалцах явдал юм.

4. Ямар хэргээр явааг маань ч сонсолгүй, «Би сонирхдоггүй» гэж гэрийн эзнийг хэлбэл юу гэж хэлж болох вэ?

4 Биднийг үгээ ч хэлж дуусаагүй байхад гэрийн эзэн: «Би сонирхдоггүй» гэж ширүүн хэллээ гэж бодъё. Тийм үед: «Библиэс ганцхан зүйл үзүүлэх гэсэн юмсан» гэж хэлбэл сонсохоос нэг их татгалзахгүй болов уу. Эсвэл: «Шударга бус явдал байхгүй, бүх хүн бие биеэ хайрладаг болох цагийн тухай би тантай ярилцах гэсэн юм л даа» гэж хэлж болно. Тэглээ ч асууж сонирхохгүй байвал: «Дараа тухтай ярилцъя» гэж хэлсэн нь дээр. Гэрийн эзнийг эвгүй харьцлаа гээд «зохисгүй хүн» гэж дүгнэж болох уу? Хүмүүс бидэнд яаж ч хандсан, «Бүх хүнд эелдэг зөөлөн ханд. ...Буруудахад тэвчээртэй бай» гэсэн Библийн зөвлөгөөг санаарай.

Дээрэнгүй ч төөрөлдсөн хүн

5, 6. Саул Есүсийн дагалдагчдад яаж ханддаг байсан бэ? Яагаад?

5 І зуунд Саул гэдэг хүн харгис бүдүүлэг үг яриагаараа, тэр байтугай догшин ширүүн авираараа алдартай нэгэн байв. Библид түүнийг «Эзний дагалдагчдыг алж хядна гэж заналхийлдэг байсан» гэж бичжээ (Үйлс 9:1, 2). Тэрбээр «доромжлогч, хавчигч, дээрэнгүй хүн» байснаа хожим нь хүлээн зөвшөөрсөн байдаг (1 Тимот 1:13). Төрөл садангийнх нь зарим хүн аль эрт христиан болсон байж болох ч Есүсийн дагалдагчдад хэрхэн хандаж байснаа: «Тэдэнд хэрцгий хандаж, бүр харийн хотуудад ч хүртэл очиж, тэднийг мөшгөн мөрдөж байв» гэж бичжээ (Үйлс 23:16; 26:11; Ром 16:7, 11). Гэхдээ Саулыг тэгж байхад нь ч христианууд түүнтэй зарга үүсгэж явсан гэж бичсэн зүйл Библид байдаггүй.

6 Саул яагаад тэгдэг байсан бэ? Энэ тухайгаа тэр өөрөө: «Би итгэлгүй байдал дотор мэдэхгүйгээр үйлдсэн юм» гэж олон жилийн дараа бичжээ (1 Тимот 1:13). Тэрбээр «эцэг өвгөдийн хуулийн чанд байдлын дагуу сурсан» фарисай байв (Үйлс 22:3). Багш Гамалиел нь чамгүй өргөн мэдлэгтэй хүн байсан нь харагддаг. Гэтэл Саулын нөхөрлөж нийлдэг болсон тэргүүн тахилч Каиаф хэт туйлшрамтгай хүн байжээ. Есүс Христийг алах хуйвалдааныг тэр толгойлсон билээ (Матай 26:3, 4, 63–66; Үйлс 5:34–39). Түүнээс хожуу, Есүсийн элч нарыг ташуурдуулаад, суллахдаа Есүсийн нэрээр сургаал заахгүй байхыг хатуу тушаасан байдаг. Стефаныг чулуугаар цохиж алахаар шийдсэн Зөвлөлийн хуралдаан ширүүн уур амьсгалтай болсны дээр хурлыг даргалсан хүн нь Каиаф байжээ (Үйлс 5:27, 28, 40; 7:1–60). Стефан уруу чулуу шидэж байхыг Саул харж байсан бөгөөд Есүсийн дагалдагчдыг нухчин дарахын тулд Дамаск хотын христиануудыг баривчлах зөвшөөрлийг Каиафаас авчээ (Үйлс 8:1; 9:1, 2). Тийм дэмжлэг авсан Саул өөрийгөө Бурхны төлөө зүтгэгч гэж бодож байсан авч үнэндээ жинхэнэ итгэлгүй байв (Үйлс 22:3–5). Тийм учраас, Есүсийг Мессиа хэмээн хүлээн зөвшөөрч чадаагүй юм. Гэвч дахин амилсан Есүс Дамаск орох замд нь гайхамшгаар үзэгдэж, түүнтэй ярихад л буруу замаар явж байснаа ухаарчээ (Үйлс 9:3–6).

7. Саул Дамаск орох замдаа Есүстэй гайхамшгаар уулзаад яасан бэ?

7 Үүнээс хойш удалгүй Ананиа гэдэг христиан Саулд гэрчлэхээр явжээ. Та тийм хүнтэй халгаж цэрвэлгүй уулзах байсан уу? Ананиа болгоомжилж байсан ч Саултай их элэгсэг харьцсан. Саул Дамаск орох замдаа Есүстэй гайхамшгаар уулзсаны ачаар бодлоо өөрчилсөн байв (Үйлс 9:10–22). Тэрбээр хожмоо хичээл зүтгэлтэй миссионер, элч Паул хэмээн алдаршсан билээ.

Дөлгөөн зантай ч зоригтой

8. Есүс муу үйл хийдэг хүмүүстэй харьцахдаа Эцгээ хэрхэн дуурайдаг байсан бэ?

8 Есүс хүмүүстэй дөлгөөн боловч зоригтой харьцдаг, Хаанчлалыг хичээл зүтгэлтэй тунхагладаг байсан (Матай 11:29). Тэрбээр, ёс бус хүмүүст муу замаасаа эргэхийг уриалдаг тэнгэрийн Эцгээ дуурайдаг байв (Исаиа 55:6, 7). Нүгэлтнүүдтэй харьцаж байхдаа, тэдний засарч сайжирсныг ажиглаад, магтан сайшаадаг байсан (Лук 7:37–50; 19:2–10). Бусдыг гадаад байдлаар нь үнэлж дүгнэхийн оронд гэмшиж, өөрчлөгдөнө гэдэгт нь итгэж, Эцгийнхээ «энэрэл, хүлцэл, тэвчээрийг» дуурайдаг байв (Ром 2:4). Ехова бүхий л хүнийг гэмшиж, аврагдаасай гэж хүсдэг билээ (1 Тимот 2:3, 4).

9. Исаиа 42:1–4-ийн зөгнөлөөс Есүсийн талаар юу мэдэж болох вэ?

9 Ехова Есүс Христийг хэрхэн үздэгийг харуулсан зөгнөлийн үгийг Матай Евангелидээ иш татаж: «Миний сонгосон Зарц, сэтгэлд минь нийцсэн Миний Хайртыг харагтун. Би Түүний дээр Өөрийн Сүнсээ байлгана. Тэр нь Харь үндэстэнд шударга ёсыг тунхаглах болно. Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй бөгөөд гудамжнуудад хэн ч Түүний дууг сонсохгүй. Тэр шударга ёсыг ялалтад хүргэтэл бяцлагдсан хулсыг хугалахгүй, сүүмэлзэх зулыг ч бөхөөхгүй. Түүний нэрд Харь үндэстнүүд найдах болно» хэмээн бичжээ (Матай 12:17–21; Исаиа 42:1–4). Есүс дуу шуугиантай маргаан мэтгэлцээнд оролцдоггүй байсан нь дээрх зөгнөл үнэн болохыг баталсан. Тэр байтугай, хүнд хэцүү үедээ ч үнэнийг чин сэтгэлтэй хүмүүсийн зүрх сэтгэлд хоногштол ярьдаг байжээ (Иохан 7:32, 40, 45, 46).

10, 11. а) Ихэнх фарисай өөртэй нь илт дайсагнан харьцдаг ч Есүс заримд нь яагаад дэлгэрүүлдэг байсан бэ? б) Есүс эсэргүүцэгчдэдээ заримдаа яаж хариулдаг байсан бэ? Гэхдээ яадаггүй байсан бэ?

10 Есүс дэлхий дээр үйлчлэх хугацаандаа олон фарисайтай ярилцаж байсан. Зарим нь Есүсийг хэлсэн үгээр нь барихыг оролдож байсан ч тэрбээр фарисай болгоныг муу санаатай гэж үзээгүй. Жишээ нь, Симон гэдэг фарисай хүн Есүсийг Мессиа мөн эсэхэд эргэлздэг байсан ч хоолонд урьсан нь дотно танилцахыг хүссэн хэрэг болов уу. Есүс урилгыг нь хүлээн авч тэднийд очдог бөгөөд тэнд хүрэлцэн ирсэн хүмүүст дэлгэрүүлдэг (Лук 7:36–50). Бас нэгэн удаа Никодем гэдэг нөлөө бүхий фарисай хүн Есүс дээр шөнө дүлээр ирдэг. Есүс түүнийг харуй бүрий болохыг хүлээлээ гэж зэмлээгүй. Харин ч «Хүүд итгэгч хүмүүст» авралын зам нээхийн тулд Хүүгээ илгээсэн Бурхны хайрын тухай Никодемд ярьсан. Түүнчлэн, Бурхны авсан арга хэмжээнд дуулгавартай байхын чухлыг зааж өгсөн (Иохан 3:1–21). Хожим, Есүсийг магтсан яриаг бусад фарисайчууд үл ойшоон доромжлоход Никодем Есүсийг өмөөрдөг (Иохан 7:46–51).

11 Хүмүүс хуурамч зан гаргаж байгаад өөрийг нь унагахыг оролдож буйг Есүс мэдэж байв. Тэрбээр эсэргүүцэгчидтэйгээ дэмий маргадаггүй байсан. Гэхдээ шаардлагатай бол зарчим хэлэх, жишээ ашиглах, Судраас иш татах зэргээр товч бөгөөд чадварлаг хариулт өгдөг байсан (Матай 12:38–42; 15:1–9; 16:1–4). Ярилаа гээд сайн үр дүнд хүрэхээргүй байвал зарим үед огт хариулдаггүй байсан (Марк 15:2–5; Лук 22:67–70).

12. Өөр уруу нь хашгичиж байсан хүмүүст хүртэл Есүс хэрхэн тусалдаг байсан бэ?

12 Хааяа, бузар сүнснүүдэд эзэмдүүлсэн хүмүүс Есүс уруу хашгичдаг байв. Тийм үед Есүс биеэ барьдаг байсан бөгөөд, тэр бүү хэл, Бурхны өгсөн хүчээр тэдэнд тусалдаг байсан (Марк 1:23–28; 5:2–8, 15). Дэлгэрүүлэх ажлаа хийж явтал зарим хүн уурлаж, хашигичиж загнавал бид ч бас биеэ барьж, эелдэг зөөлөн, эвтэйхэн харьцахыг хичээх хэрэгтэй (Колоссай 4:6).

Гэрийнхэнтэйгээ харьцах нь

13. Еховагийн Гэрчүүдээр Библи заалгадаг болсон хүнийг гэрийнхэн нь заримдаа яагаад эсэргүүцдэг вэ?

13 Есүсийн дагалдагчид ялангуяа гэр бүлийнхээ дотор биеэ барих шаардлагатай байдаг. Библийн үнэн зүрхэнд нь гүн хүрсэн хүн гэрийнхнээ бас тийм болгохыг маш их хүсдэг. Гэтэл Есүсийн хэлснээр, гэрийнхэн нь түүнд дайсагнаж ч мэднэ (Матай 10:32–37; Иохан 15:20, 21). Энэ нь янз бүрийн шалтгаантай. Тухайлбал, Библийн сургаалын ачаар хүн үнэнч шударга, найдвартай, бусдыг хүндэтгэдэг болдог ч, Сударт зааснаар, ямар ч нөхцөлд Бүтээгчдээ захирагдах шаардлагатай байдаг (Номлогчийн үгс 12:1, 13; Үйлс 5:29). Биднийг Еховад үнэнч байх гэснээс болж гэрийнхний маань хэн нэгэнд үнэ хүнд нь унаж байгаа мэт санагдан, гомдож мэднэ. Тийм үед Есүсийг дуурайж биеэ барих нь хэчнээн чухал бэ! (1 Петр 2:21–23; 3:1, 2).

14-16. Гэрчүүдийг эсэргүүцдэг байсан хүмүүсийг юу өөрчилсөн бэ?

14 Одоо Еховад үйлчилж байгаа олон хүнийг анх Библийн хичээл хийж эхлээд өөрчлөгдөхөд хань нь, гэрийнхэн нь эсэргүүцдэг байсны учир нь Еховагийн Гэрчүүдийн тухай таагүй зүйл сонсоод гэр бүлийнхнээ уруу татагдах вий гэж айсан хэрэг ч байж мэднэ. Тэд юунаас болж бодлоо өөрчилсөн бол оо? Ихэнхдээ, итгэгч хүний үзүүлж буй сайн жишээ хүчтэй нөлөөлсөн байдаг. Тухайн хүн гэр бүлдээ хүлээсэн үүргээ биелүүлэхийн хажуугаар бүдүүлэг ширүүн ямар ч харьцааг тэвчдэг болж, цуглаанд тогтмол очиж, дэлгэрүүлэх ажилд оролцох зэргээр Библийн зөвлөгөөг тууштай хэрэгжүүлж байсан учраас гэр бүлийнхний зүгээс гарсан эсэргүүцэл намжсан нь бий (1 Петр 2:12).

15 Тэд бас буруу ойлголт юм уу бардам зангаасаа болоод Библийн тухай сонсохыг ч хүсээгүй байж болох юм. Яг ийм л явдал эх оронч үзэлтэй нэг америк хүнд тохиолджээ. Нэг удаа эхнэрээ мужийн чуулганд явсан хойно хамаг хувцсаа боож аваад гэрээсээ явжээ. Бас нэг удаа гар буу авч гараад, өөрийгөө буудна гэж эхнэрээ сүрдүүлж байжээ. Тэр хүн болчимгүй явдал бүрийнхээ төлөө ханийнхаа шашныг буруутгадаг байсан гэнэ. Гэсэн ч эхнэр нь Библийн зөвлөгөөг байнга хэрэгжүүлэхийг хичээдэг байж. Тэгээд Еховагийн Гэрч болсноос нь хойш хорин жилийн дараа нөхөр нь бас Гэрч болсон билээ. Албанид нэг эмэгтэй охиноо Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийж, баптисм хүртсэнд нь ихэд уурлажээ. Тэр ээж охиныхоо Библийг 12 удаа устгасан байна. Нэг өдөр ширээн дээр орхиод явсан шинэ Библийг нь нээж үзжээ. Тэгээд Матай 10:36-г санаандгүй уншаад, уг зүйл өөрт нь хамаатайг ойлгов. Нэгэн удаа, Италид болох чуулганд Гэрчүүдтэй хамт явах гэж байсан охиндоо санаа нь зовж, гаргаж өгөхөөр усан онгоцны буудалд очжээ. Охинтой нь хамт явах хүмүүс бие биеэ хэрхэн хайрлаж, чанга тэврэлдэж байгааг харж, хөгжилтэй инээлдэхийг сонсоод Гэрчүүдэд хандах хандлага нь өөрчлөгджээ. Ингээд удалгүй Библийн хичээл заалгахаар болсон байна. Одоо тэр эгч урьд нь эсэргүүцэгч байсан хүмүүст туслахыг хичээж байна.

16 Бас нэг тохиолдол гэвэл, хутга барьсан эр эхнэрээ Хаанчлалын танхимд орох зам дээр нь хөндөлсөж зогсоод, харааж загнаж гарчээ. Тэгэхэд эхнэр нь: «Танхим уруу хамт оръё. Тэгээд чи өөрөө хар л даа» гэж намуухан хэлжээ. Тэр хүн эхнэрийнхээ үгэнд орсон аж. Одоо тэрбээр христиан хуралд ахлагчаар үйлчилж байна.

17. Заримдаа христиан гэр бүлийн уур амьсгал таагүй болоход Судрын ямар зөвлөгөө тус болох вэ?

17 Гэрийнхэн нь бүгдээрээ христиан байлаа ч, төгс бусын харгайгаар гэр бүлийн уур амьсгал таагүй болох, тэр байтугай хатуу ширүүн үг хэлэх үе ч гардаг. Тийм үед эртний Ефес хотын христиануудад: «Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг» хэмээн зөвлөснийг анхаарууштай (Ефес 4:31). Ефесийн христиануудад орчин тойрон нь, төгс бус байдал нь, заримдаа, амьдралын урьдын хэв маяг нь нөлөөлдөг байжээ. Тэд өөрчлөгдөхийн тулд яах хэрэгтэй байсан бэ? «Оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэх» хэрэгтэй байв (Ефес 4:23). Бурхны Үгийг судалж, сурч мэдсэнээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх ёстойг эргэцүүлж, итгэл нэгтнүүдтэйгээ харьцаж, шаргуу залбирч байсан цагт л Бурхны сүнсний үр жимс тэдний амьдралд бүрэн дүүрэн харагдах байсан. Тэд «Бурхан [өөрсдийг нь] Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнийгээ энэрэн, уян зөөлөн сэтгэлээр хандаж» сурах учиртай байлаа (Ефес 4:32). Бусад хүн яаж ч байсан, бид биеэ барьж, нэг нэгнээ уучилж, энэрэн, уян зөөлөн сэтгэлээр хандах хэрэгтэй. Үнэндээ, бид «хэнд ч... бузар мууг бузар муугаар... хариулах» ёсгүй билээ (Ром 12:17, 18). Бурхнаа дуурайн, жинхэнэ хайр илэрхийлэх нь ямагт зөв байдаг (1 Иохан 4:8).

Бүх христианд зориулсан зөвлөгөө

18. 2 Тимот 2:24-т бичсэн зөвлөгөөг яагаад эртний Ефес хотын хурлын ахлагчид өгсөн бэ? Энэ зөвлөгөө бүх христианд ямар ашиг тустай вэ?

18 «Буруудахад тэвчээртэй бай» гэсэн зөвлөгөө бүх христианд хамаатай (2 Тимот 2:24). Уг нь, энэ зөвлөгөөг Ефес хотын хуралд ахлагчаар үйлчилж байсан Тимотод зориулж өгчээ. Хурлынх нь зарим гишүүн хувийн үзэл бодлоо тарааж, хуурамч сургаал зааж байжээ. Тэд Мосегийн хуулийн зорилгыг бүрэн ойлгоогүйгээс итгэл, хайр, сайн мөс чанартай байхын чухлыг ухаардаггүй байсан аж. Христийн сургаалын гол санаа болон «бурханлаг байдал» хэчнээн чухал болохыг анхааралгүй, «биеэ тоосноос» болж «үгсийн талаар маргаан хийн», хэрүүл тэмцэл болдог байв. Ийм байдлыг зохицуулахын тулд Тимот Судрын үнэнийг хатуу баримтлахын хажуугаар итгэл нэгтнүүддээ эелдэг зөөлөн хандах шаардлагатай байжээ. Тэрбээр орчин үеийн ахлагчдын адил, «сүргийг» өөрийнх нь мэдлийнх биш гэдгийг ойлгож, христиан хайр, эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор бусадтай харьцах хэрэгтэйг мэддэг байсан (Ефес 4:1–3; 1 Тимот 1:3–11; 5:1, 2; 6:3–5).

19. Бид бүгдээрээ «төлөв байдлыг хайх» нь яагаад чухал бэ?

19 Бурхан «төлөв байдлыг хайхыг» үйлчлэгчдэдээ уриалдаг (Зефаниа 2:3). «Төлөв байдал» гэсэн утгатай еврей үг доромжлолыг уур хилэн, өс хонзонгүйгээр, тэвчээр заан тэсэж өнгөрөөх чадварыг илэрхийлдэг. Тэгэхлээр, хэцүү нөхцөлд байсан ч Бурхнаа зөв зохистой төлөөлж, биеэ барьж чаддаг байхын тулд Еховагаас тусламж шаргуу гуйцгаая.

Та юу мэдэж авсан бэ?

• Бүдүүлэг дээрэнгүй харьцаатай хүнтэй тааралдвал, Библийн ямар ямар зүйл тус болох вэ?

• Саул ямар учраас дээрэнгүй зан гаргаж байсан бэ?

• Хүмүүстэй зөв зохистой харьцахад Есүсийн жишээ хэрхэн тусалдаг вэ?

• Гэрийнхэнтэйгээ харьцахдаа биеэ барих нь ямар ашиг тустай вэ?

[Догол мөрийн асуулт]