Дахин амилах тухай сургаал танд ч хамаатай
Дахин амилах тухай сургаал танд ч хамаатай
«Зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна гэдэгт би... Бурханд найддаг» (ҮЙЛС 24:15).
1. Ямар учраас Дээд шүүхийнхэн дахин амилах тухай асуудлаар маргаж эхэлсэн бэ?
МЭ 56 онд элч Паул миссионерийн гурав дахь аяллаа дуусгаад Иерусалимд ирэв. Гэтэл ромчуудад баривчлагдаад «Зөвлөл» буюу иудейчүүдийн Дээд шүүхэд давж заалдахаар болжээ (Үйлс 22:29, 30). Паулын ажигласнаар шүүхийн гишүүдийн зарим нь садукайчууд, зарим нь фарисайчууд байв. Тэдний итгэл үнэмшил зарим зүйл дээр зөрдөг байж. Тухайлбал, садукайчууд нас барагсад дахин амилахыг үгүйсгэдэг байхад фарисайчууд үүнд итгэдэг байв. Паул өөрөө энэ асуудлаар ямар байр суурь баримталдгаа мэдэгдэн: «Ах дүү нар аа, би бол фарисайн хүү фарисай. Би найдвар болон үхэгсдээс амилах амилалтын төлөө шүүгдэж байна» гэж хэлжээ. Энэ үгээрээ Паул цугласан олныг будлиулж орхив! (Үйлс 23:6–9).
2. Паул итгэл үнэмшлээ хамгаалахад бэлэн байсан нь юуных вэ?
2 Үүнээс хэдэн жилийн өмнө Паул Дамаск хот уруу явах замдаа, дахин амилсан Есүсийг үзэгдлээр үзэж, дууг нь сонссон билээ. Тэр байтугай, «Эзэн, би юу хийх вэ?» гэж асууж байсан. Тэгэхэд нь Есүс: «Бос, Дамаск уруу яв. Юу хийх ёстойг чинь бүгдийг тэнд чамд хэлж өгнө» гэжээ. Дамаскт очиход нь Ананиа гэгч тусархаг христиан Паултай уулзаж, түүнд: «Манай өвөг дээдсийн Бурхан Өөрийн хүслийг мэдүүлж, Зөвт Нэгнийг [дахин амилсан Есүсийг] харуулан, мөн Өөрийн амнаас гарах дууг сонсгохын тулд чамайг урьдаас томилжээ» хэмээн хэргийн учрыг тайлбарлаж өгөв (Үйлс 22:6–16). Тиймээс, Паул нас барагсад дахин амилна гэж итгэдэг хэмээн «хариу өгөх» буюу энэ талаар итгэл үнэмшлээ хамгаалахад бэлэн байсан нь гайхмаар хэрэг биш ээ (1 Петр 3:15).
Дахин амилах найдварыг олон нийтэд тунхаглах нь
3, 4. Дахин амилах тухай сургаалыг тууштай баримталдгаа Паул хэрхэн харуулсан бэ? Түүний жишээнээс юунд суралцаж болох вэ?
3 Хожим нь, Тертул гэгч «өмгөөлөгч» Паулын эсрэг зарга мэдүүлсэн иудейчүүдийг төлөөлөн, амбан захирагч Феликийн өмнө Паулыг аюултай бүлэглэлийн толгойлогч, үймээн дэгдээгч хэмээн буруутгажээ. Тэр үед Паул: «Эдгээр хүмүүсийн „бүлэглэл“ гэж нэрлээд байгаа тэр Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханд үйлчилдэг нь үнэн» хэмээн шулуухан хэлээд: «Тэдний найддагийн адилаар зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг» гэж мэдэгдсэн нь асуудлын гол нь байлаа (Үйлс 23:23, 24; 24:1–8, 14, 15).
4 Хоёр жил орчмын дараа Феликийн залгамжлагч Порк Фест хорионд байсан Паулын хэргийг шалгахдаа Херод Агрийп хааныг урьсан аж. «Нэгэн үхсэн хүн буюу Есүсийг» «амьд гэж зарладгаас» нь болж Паулыг буруутгаад байгааг Фест тайлбарлав. Паул өөрийгөө өмгөөлөн: «Хэрэв Бурхан үхэгсдийг амилуулдаг бол энэ нь яагаад та нарын дунд ер бусын хэмээгдэнэ вэ?» гэж асуугаад: «Бурхны тусламжийг хүртсэнээр өдгөөг хүртэл би их, бага хүмүүст гэрчлэн зогсохдоо эш үзүүлэгчид болон Мосегийн хэлсэн нь биелэх ёстой гэдгээс өөр юуг ч ярьж байгаагүй. Энэ бол Христ зовлон эдэлж, үхэгсдээс анх түрүүн амилснаараа энэ ард түмэнд болон харь үндэстнүүдэд гэрлийг тунхаглана гэсэн үг юм» гэж мэдэгджээ (Үйлс 24:27; 25:13–22; 26:8, 22, 23). Паул дахин амилах тухай сургаалыг үнэхээр тууштай баримталдаг байжээ! Бид ч бас Паулын адилаар, нас барагсад дахин амилна гэдгийг итгэлтэй тунхаглах учиртай. Харин хүмүүс яаж хүлээж авдаг вэ? Паулын үгийг яаж хүлээж авдаг байсан, биднийхийг ч бас тэгж л хүлээж авдаг.
5, 6. а) Элч нарыг дахин амилах тухай сургаал заахад хүмүүс яаж хүлээж авч байсан бэ? б) Хүмүүст дахин амилах найдварын тухай ярихад бидэнд юу чухал бэ?
5 Паул МЭ 49—52 оны орчим миссионерийн хоёр дахь аяллаараа Афинд очиход юу болсныг санацгаая. Тэрбээр олон бурхан шүтдэг нутгийн хүмүүстэй ярилцаж, Бурхан өөрийнхөө томилсон нэгэн хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүхээр тогтсон тухай хэлдэг. Тэр хүн бол Есүс гэдэг нь гарцаагүй. Бурхан Есүсийг амилуулан үүнийгээ нотолсон хэмээн Паул тайлбарлажээ. Хүмүүс үгийг нь сонсоод яасан бэ? «Үхэгсдийн амилалтын тухай сонсоод зарим нь дооглоход, зарим нь: „Бид танаас энэ талаар дахин сонсмоор байна“ гэцгээж байлаа» (Үйлс 17:29–32).
6 Энэ явдал МЭ 33 оны Пентекостын өдрийн дараахан Петр Иохан хоёрт тохиолдсон явдалтай төстэй юм. Тэр үед маргааны гол эзэд нь бас л садукайчууд байв. Юу болсныг Үйлс 4:1–4-т ингэж тэмдэглэжээ. Петр Иохан хоёр «ард олонтой ярьж байх зуур тахилчид, сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн уруу ирэв. Учир нь элч нар олон түмэнд сургаж, Есүсээр үхэгсдийн амилалтыг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа». Гэхдээ нааштай хүлээн авсан хүмүүс ч байсан. «Үгийг сонсогсдоос олон хүн итгэсэн бөгөөд тэдний тоо таван мянгад хүрчээ». Бид ч мөн дахин амилах найдварын тухай ярихдаа хүмүүсийг өөр өөрөөр хүлээж авна гэдгийг тооцох хэрэгтэй биз ээ. Иймээс, юуны түрүүнд бид өөрсдөө энэ сургаалд бат итгэдэг байх нь чухал.
Итгэл ба дахин амилал
7, 8. а) І зууны Коринт хотын хуралд бичсэн захидлаас харахад, яавал итгэл хоосон болох вэ? б) Дахин амилах найдварын тухай зөв ойлголт жинхэнэ шашныг хэрхэн ялгадаг вэ?
7 І зуунд христиан болсон бүх хүн дахин амилах найдварыг тэр дор нь хүлээж аваагүй юм. Тийм хүмүүсийн зарим нь Коринт хотын хуралд байжээ. Паул тэдэнд хандан: «Учир нь би хүлээн авсан дараах зүйлийг та нарт дамжуулсан юм. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ» гэж бичсэн. Энэ үг нь үнэн гэдгийг баримтаар батлан, дахин амилсан Есүс «таван зуу гаруй ах дүүд... үзэгдсэн» тухай тэмдэглээд, тэдний олонх нь тэр үед амьд байсныг дурдсан байдаг (1 Коринт 15:3–8). Цааш нь: «Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан юм бол та нарын дотор зарим хүн үхэгсдийн амилалт байхгүй гэж юунд ярина вэ? Хэрэв үхэгсдийн амилалт байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно. Хэрэв Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал ч хоосон, та нарын итгэл ч хоосон болох юм» хэмээн бичиж, зөв ойлголттой болоход нь тусалжээ (1 Коринт 15:12–14).
8 Тийм ээ, нас барагсдыг дахин амилна гэдэгт итгэдэггүй бол христиан хүний итгэл үнэмшил хоосон болж таарна. Тэгэхлээр, энэ сургаал хэр зэрэг чухал болох нь тодорхой харагдаж байна. Үнэхээр ч энэ тухай зөв ойлголт жинхэнэ шашныг хуурамч шашнаас ялгаж өгдөг (Эхлэл 3:4; Номлогчийн үгс 9:5, 10). Тиймээс, Паул уг сургаалыг христиан сургаалын «анхдагч ойлголтод» хамруулжээ. Бид ч гэсэн «төлөвшилт уруу тэмүүлэх» шийдвэр төгс байцгаая. Паулын уриалснаар, «Бурхан зөвшөөрвөл... үүнийг хийцгээе» (Еврей 6:1–3).
Дахин амилах найдвар
9, 10. Библид бичсэнээр, «амилах» гэж юу гэсэн үг вэ?
9 Нас барагсад дахин амилна гэдэгт итгэх итгэлээ бэхжүүлэхийн тулд: «Библид дахин амилах тухай бичсэн нь ямар утгатай вэ? Дахин амилах тухай сургаал Еховагийн хайрыг хэрхэн онцлон харуулдаг вэ?» гэх зэргийн асуултыг авч үзье. Эдгээр асуултын хариу биднийг Бурханд улам ойртуулж, бусдад энэ сургаалыг сайн заахад тусална (2 Тимот 2:2; Иаков 4:8).
10 «Амилах» гэж буулгасан грек үгийг үгчлэн орчуулбал «дахин босох» гэсэн утга гардаг. Энэ нь юу гэсэн үг вэ? Библид бичсэнээр, үхсэн хүн дахин амилна гэж итгэж найдахыг хэлдэг. Түүнээс гадна, хүн тэнгэр газрын алинд нь амьдрах найдвартайгаасаа шалтгаалан эсвэл сүнс, эсвэл махан биеэр дахин амилна гэж Библи тайлбарладаг. Ийм гайхамшигтай найдвар өгсөн Еховагийн хайр, мэргэн ухаан, хүчийг бишрэх сэтгэл эрхгүй төрдөг.
11. Тослогдогсод ямар ирээдүйтэй вэ?
11 Есүс болон тослогдсон ах дүү нар нь дахин амилахдаа тэнгэрт амьдрахад тохирсон сүнсэн биетэй болох учиртай (1 Коринт 15:35–38, 42–53). Тэд Мессиагийн Хаанчлалын захирагч болж, дэлхийг диваажин болгоно. Тэргүүн тахилч Есүсийн удирдлагаар тослогдогсод «хаант тахилч нарыг» бүрдүүлж, шинэ ертөнцөд Христийн золих тахилын ач тусыг хүмүүст хүртээнэ (Еврей 7:25, 26; 9:24; 1 Петр 2:9; Илчлэлт 22:1, 2). Тэр болтол, дэлхий дээр байгаа тослогдогсод Бурхны сайшаалыг хүлээсээр байхыг хичээдэг. Тэд үхээд тэнгэрт үхэшгүй мөнхийн сүнсэн бодгаль болон дахин амилж, «хариу» буюу шагналаа авах юм (2 Коринт 5:1–3, 6–8, 10; 1 Коринт 15:51, 52; Илчлэлт 14:13). «Хэрэв бид Түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, мэдээж бас Түүний амилалттай нь ч холбогдох болно» хэмээн Паул бичжээ (Ром 6:5). Тэгвэл дэлхий дээр амилах хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ? Дахин амилах найдвар тэднийг Бурханд яаж ойртуулдаг вэ? Абрахамын жишээ бидэнд энэ талаар их сургамжтай.
Дахин амилал ба Еховатай тогтоосон анд нөхрийн харьцаа
12, 13. Нас барагсад амилна гэдэгт итгэх ямар ямар баттай үндэс Абрахамд байсан бэ?
12 «Бурхны анд нөхөр» Абрахам гайхмаар бат итгэлтэй хүн байв (Иаков 2:23). Паул «Еврей» номын 11-р бүлэгт Бурханд үнэнч хүмүүсийг нэрлэн бичихдээ Абрахамын итгэлийн тухай гурвантаа дурджээ (Еврей 11:8, 9, 17). Гурав дахь удаагаа бичихдээ, хүү Исаакаа тахил болгон өргө гэсэн тушаалыг дуулгавартай биелүүлэх гэж байсан Абрахамын итгэл хэчнээн бат байсныг онцолжээ. Еховагийн амласан үр Исаакийн удмаас гарна гэдэгт тэрбээр огтхон ч эргэлзээгүй. Исаак тахил болж үхсэн ч, «Бурхан [түүнийг] үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн».
13 Ехова Абрахамын хэр зэрэг итгэлтэйг үзээд, хүүгийнх нь оронд амьтнаар тахил өргүүлэх арга хэмжээ авч, хэргийн учрыг тайлсан. Паул Исаакт тохиолдсон явдал дахин амилах үлгэр загвар байсныг тайлбарлан: «[Абрахам] хүүгээ ийнхүү амилуулагдсан мэт буцаан авсан юм» хэмээжээ (Еврей 11:19). Нас барагсад амилна гэдэгт итгэх баттай үндэс үүнээс өмнө Абрахамд байжээ. Абрахам Сара хоёрыг өндөр настай болчихоод байхад Ехова тэдний нөхөн үржих чадварыг сэргээж, хүүтэй болгосон билээ (Эхлэл 18:10–14; 21:1–3; Ром 4:19–21).
14. а) Еврей 11:9, 10-т бичсэнээр, Абрахам юу хүлээж байсан бэ? б) Шинэ ертөнцөд Хаанчлалын ач тусыг хүртэхийн тулд Абрахам яах ёстой вэ? в) Бид Хаанчлалын ивээлийг яаж хүртэх вэ?
14 Паул Абрахамыг харийн хүн мэт амьдарч, майханд сууж, «суурь бүхий хотыг хүлээж байсан» гээд «Тэр хотын уран барилгачин ба барилгачин нь Бурхан мөн» хэмээн бичжээ (Еврей 11:9, 10). Тэр «хот» нь Бурхны сүм байсан Иерусалим хот биш, харин бэлэгдлийн хот буюу Христ Есүс болон 144 000 хам захирагчаас бүрдэх Бурхны тэнгэрийн Хаанчлал байв. Библид 144 000 хүний тэнгэрийн сүр жавхланг дүрслэн, «ариун хот, шинэ Иерусалим», Христийн «сүйт бүсгүй» гэж нэрлэсэн байдаг (Илчлэлт 21:2). 1914 онд Ехова Есүст тэнгэрийн Хаанчлалын Хааны эрх мэдэл өгч, дайснуудынхаа дунд захирахыг тушаасан (Дуулал 110:1, 2; Илчлэлт 11:15). Хаанчлалын ач тусыг хүртэхийн тулд «Бурхны анд нөхөр» Абрахам дахин амилах учиртай. Бидний хувьд ч мөн адил, Хаанчлалын ивээлийг хүртье гэвэл шинэ ертөнцөд орох ёстой. Үүний тулд эсвэл Армагеддоныг эсэн мэнд давах «үй олон хүний» тоонд багтах, эсвэл үхэгсдээс дахин амилах хэрэгтэй (Илчлэлт 7:9, 14). Гэхдээ дахин амилна гэж найдах ямар үндэс байна вэ?
Бурхны хайр бол дахин амилах найдварын үндэс
15, 16. а) Библийн хамгийн эхний зөгнөл хэрхэн дахин амилах найдварын үндэс болдог вэ? б) Нас барагсад дахин амилна гэдэгт итгэх нь биднийг Еховад хэрхэн улам ойртуулдаг вэ?
15 Биднийг өөртэй нь дотно харьцаа тогтоож, Абрахам шиг бат итгэлтэй байж, тушаалыг нь дуулгавартай биелүүлдгийг тэнгэрийн Эцэг Ехова маань өндөр үнэлж, биднийг зөвт хэмээн тунхаглаж, анд нөхрөө гэж үздэг. Үүний ачаар бидэнд Хаанчлалын ивээлийг хүртэх боломж олддог. Үнэндээ, Эхлэл 3:15-д тэмдэглэсэн Библийн хамгийн эхний зөгнөл дахин амилах найдвар хийгээд Бурхантай анд нөхөр болохын үндэс болдог. Энэ зөгнөлд Сатаны толгойг төдийгүй Бурхны «эмэгтэйн үрийн» (ШЕ) өсгийг няцлах тухай хэлжээ. Есүс шонд хадуулан тарчилж үхсэн нь бэлэгдлийн утгаар өсгийгөө няцлуулсан хэрэг байв. Гурав дахь өдрөө дахин амилсан нь өсгийнийх нь шархыг эдгээж, «үхлийн хүч буюу диаволыг» бүрмөсөн устгах боломж олгосон (Еврей 2:14).
16 «Биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан» гэж Паул сануулжээ (Ром 5:8). Энэхүү нигүүлслийн төлөө талархах сэтгэл биднийг Есүс болон тэнгэрийн хайрт Эцэгт маань улам ойртуулдаг (2 Коринт 5:14, 15).
17. а) Иов юунд найддаг байсан бэ? б) Иов 14:15-д Еховагийн тухай юу гэсэн байдаг вэ? Энэ үг танд ямар санагддаг вэ?
17 Христиануудыг бий болохоос олон зууны өмнө амьдарч асан үнэнч хүн Иов ч бас нас барагсад дахин амилна гэж найдаж байжээ. Тэрбээр Сатанаас болж их зовлон үзсэн. Хуурамч нөхөд нь дахин амилах найдварын тухай ганц ч үг дуугарахгүй байхад Иов тэр л найдвараар сэтгэлээ тайтгаруулж: «Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу?» хэмээн асуугаад, «Өөрийн зовлон бэрхшээлийн бүх өдөр өөрчлөлт ирэх хүртэл [«чөлөөлөгдтөлөө», ШЕ] би хүлээнэ» гэж хариулжээ. Тэгээд Ехова Бурхандаа хандан: «Та дуудах бөгөөд би Танд хариулах болно» хэмээжээ. Бас «Та Өөрийн мутрын бүтээл уруу тэмүүлэх болно» гэж халамжит Бүтээгчийнхээ сэтгэлийн тухай хэлсэн байдаг (Иов 14:14, 15). Тийм ээ, Ехова бүх үнэнч үйлчлэгчийнхээ дахин амилах цагийг тэсэн ядан хүлээж байдаг. Бидэн шиг төгс бус хүмүүст хайр, нигүүлслээ ийн үзүүлснийг нь эргэцүүлэн бодохлоор Бурханд өөрийн эрхгүй улам ойртдог (Ром 5:21; Иаков 4:8).
18, 19. а) Даниел ямар найдвартай вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?
18 «Ихэд хүндлэгддэг хүн» гэж Бурхны тэнгэр элчийн хэлсэн зөнч Даниел насан туршдаа Еховад үнэнч үйлчилсэн (Даниел 10:11, 19). Тэрбээр МЭӨ 617 онд Вавилонд олзлогдсон тэр үеэс эхлэн Персийн хаан Корешийн гурав дахь жил буюу МЭӨ 536 онд нэгэн үзэгдэл үзээд үхэх хүртлээ үнэнч байсан (Даниел 1:1; 10:1). Тэрхүү үзэгдэл нь дэлхийн эзэнт гүрнүүд бие биеэ халж сэлгэсээр агуу их гай гамшгаар эцэстээ хүрэх тухай байжээ (Даниел 11:1–12:13). Гэтэл үзэгдлийг гүйцэд ойлгож чадаагүй тул үүнийг үзүүлсэн тэнгэр элчээс: «Эзэн минь, энэ бүх явдлын үр дүн юу болох вэ?» хэмээн асуудаг. Хариуд нь тэнгэр элч «төгсгөлийн цаг үеийн» (ШЕ) тухай хэлж, тэр үед «хэрсүү ухаантнууд ойлгоно» хэмээжээ. Тэгвэл Даниел өөрөө яах байсан бол? Тэнгэр элч: «Чи амгаланд орж, цаг үеийн эцэст хувиа хүртэхээр дахин босох болно» гэж мэдэгджээ (Даниел 12:8–10, 13). Тэрбээр Христийн Мянган жилийн засаглалын үед «зөвт хүмүүсийн амилалтаар» амилна (Лук 14:14).
19 Эдүгээ бид төгсгөлийн цаг үеийн эцсийн шатанд амьдарч байгаа бөгөөд Христийн Мянган жилийн засаглал эхлэх цаг анх Ехова Бурхныг таньж мэдсэн тэр үеийг маань бодвол улам ойртжээ. Тиймээс өөрөөсөө: «Би шинэ ертөнцөд орж, Абрахам, Иов, Даниел болон Бурхны бусад үнэнч үйлчлэгчтэй уулзах болов уу?» гэж асуух нь зүйтэй. Еховатай дотно харьцаатай байж, тушаалыг нь биелүүлдэг бол шинэ ертөнцөд байх л болно. Дараагийн өгүүллээр, дахин амилах найдварын тухай үргэлжлүүлэн үзэж, хэн хэн дахин амилахыг мэдэж авцгаая.
Та санаж байна уу?
• Паулыг дахин амилах найдварын тухай ярихад хүмүүс хэрхэн хүлээж авдаг байсан бэ?
• Дахин амилах найдвар ямар учраас жинхэнэ шашныг хуурамч шашнаас ялгаж өгдөг вэ?
• Абрахам Иов Даниел нар нас барагсдыг амилна гэж итгэдгээ хэрхэн харуулсан бэ?
[Догол мөрийн асуулт]