Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн замуудад суралцагтун

Еховагийн замуудад суралцагтун

Еховагийн замуудад суралцагтун

«Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье» (ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 33:13).

1, 2. а) Египет хүнд доромжлуулж байсан еврейг Мосе яагаад хамгаалсан бэ? б) Еховагийн сэтгэлд нийцсэн үйлчлэгч нь болохын тулд Мосе юу сурах хэрэгтэй байсан бэ?

 МОСЕ фараоны гэрт өсөж хүмүүжин, Египетийн язгууртнуудын эрхэмлэдэг боловсрол эзэмшсэн байлаа. Гэвч тэрбээр египет хүн биш гэдгээ мэдэж байв. Эцэг эх нь еврейчүүд ажээ. Тэрбээр 40 настай байхдаа «Израилийн хөвгүүд, нутгийн ах дүү нараа» ямаршуу аж төрдгийг үзэхээр очоод нэг еврейг доромжилж буй египет хүнийг харжээ. Үүнийг зүгээр хараад байж чадалгүй египет хүнийг цохиж алав. Мосе Еховагийн ард түмний талд орсон бөгөөд Бурхан ах дүүсийг нь чөлөөлөхдөө өөрийг нь ашиглаж байна гэж бодож байлаа (Үйлс 7:21–25; Еврей 11:24, 25). Хэрэг явдал илэрч, Египетийн хааны ордныхон Мосег эсэргүү гэж үзэх болсноос тэрбээр арга буюу амь зулбан зугтав (Египетээс гарсан нь 2:11–15). Мосе Бурхны үйлсэд хувь нэмрээ оруулахын тулд Еховагийн замуудыг илүү сайн мэдэж авах шаардлагатай байв. Тэр сурч чадах болов уу? (Дуулал 25:9).

2 Мосе Египетээс зугтан гарч, харь нутагт хонь маллаж амьдарсаар 40 жилийг ардаа орхисон байлаа. Элэг нэгт еврей ах дүүс нь өөрийг нь тоогоогүйд өширхөн хорсолгүй, Бурханд захирагдан, нөхцөл байдалтайгаа эвлэрчээ. Хэнд ч тоогдолгүй олон жил өнгөрсөн боловч Еховад удирдуулан өөрчлөгдөхөд бэлэн байв. Хожим нь тэрбээр биеэ магтсандаа бус, Бурхны ариун сүнсний нөлөөгөөр: «Мосе гэгч хүн дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу байлаа» гэж бичжээ (Тооллого 12:3). Ехова санаа зорилгоо биелүүлэхдээ Мосед хүндтэй үүрэг оноосон. Бид ч бас «төлөв байдлыг хайвал» Еховагийн ивээлийг хүртэх болно (Зефаниа 2:3).

Даалгавар авсан нь

3, 4. а) Ехова Мосед ямар даалгавар өгсөн бэ? б) Бурхан Мосед яаж тусалсан бэ?

3 Нэгэн өдөр Еховаг төлөөлж нэг тэнгэр элч Синаин хойгт орших Хореб уулын дэргэд Мосетой ярьжээ. Тэрбээр Мосед: «Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Учир нь Би тэдний зовлонг мэдсэн. Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гарган, ...сүү балаар бялхсан сайхан уудам нутаг уруу аваачихаар Би бууж ирлээ» гэж хэлсэн (Египетээс гарсан нь 3:2, 7, 8). Бурхан энэ санаагаа хэрэгжүүлэхээр Мосед даалгавар өгчээ. Даалгаврыг Еховагийн заавраар гүйцэтгэх ёстой болов.

4 Еховагийн тэнгэр элч цааш нь: «Одоо нааш ир. Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя» гэжээ. Мосе тээнэгэлзэж байлаа. Энэ даалгаврыг биелүүлэхэд өөрийгөө тэнцэхгүй гэж боджээ. Үнэхээр ч Бурхны тусламжгүйгээр барах ажил биш байв. Гэсэн ч Ехова: «Би чамтай заавал хамт байна» гэж батлан хэлсэн (Египетээс гарсан нь 3:10–12). Ехова Мосед үнэхээр Бурхны илгээсэн хүн мөн гэдгийг батлах үнэмлэх болгож гайхамшиг үйлдэх чадвар өгсөн. Мосегийн ах Аарон туслах нь болж хамт явсан. Ехова тэдэнд юу хэлэх, яах ёстойг нь зааж өгөх байлаа (Египетээс гарсан нь 4:1–17). Мосе даалгавраа үнэнчээр биелүүлж чадах болов уу?

5. Израильчуудын байдал Мосед яагаад хэцүү санагдсан бэ?

5 Израилийн ахмадууд анхандаа Мосе Аарон хоёрт итгэсэн (Египетээс гарсан нь 4:29–31). Гэвч удалгүй, «Израилийн хөвгүүдийн харгалзагчид» өөрсдийг нь фараон болон түүний зарц нарын нүдэнд «жигшүүрт зүйл» болголоо гэж тэр хоёрыг буруутгасан (Египетээс гарсан нь 5:19–21; 6:9). Египетээс явснаас нь хойш нэлээд хожуу Египетийн тэрэгнүүд араас нь нэхэж явааг хараад израильчууд айн сандралджээ. Урдуур нь Улаан тэнгис хөндөлсөж, араас нь дайснууд хөөж байсан учраас урхинд орсон мэт санаж, Мосег буруутган зэмлэсэн. Та яах байсан бэ? Хэдийгээр израильчууд завьгүй байсан ч Мосе Еховагийн заавраар ард олныг замд гарахад бэлдэхийг уриалсан. Дараа нь Бурхан Улаан тэнгисийн усыг ярахад, хуурай болсон ёроолоор нь израильчууд явж гарсан (Египетээс гарсан нь 14:1–22).

Чөлөөлөгдөхөөс илүү чухал асуудал

6. Ехова Мосед даалгавар өгөхдөө юуг онцлон анхааруулсан бэ?

6 Ехова Мосед даалгавар өгөхдөө нэрийнхээ чухлыг онцлон анхааруулжээ. Тэрхүү нэр болон уг нэрийн Эзнийг хүндэлнэ гэдэг амин чухал хэрэг байв. Мосег нэрийнх нь тухай асуухад Ехова: «Би юу болмоор байна, тэр болдог» гэж хариулсан. Мосе Израилийн хөвгүүдэд: «Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан болох Ехова намайг та нар уруу илгээв» гэж хэлэх ёстой байлаа. «Энэ бол мөнхөд миний нэр бөгөөд энэ нэрээр үе үеийнхэн намайг дурсана» гэж Ехова тайлбарласан (Египетээс гарсан нь 3:13–15, ШЕ). Өнөөдөр ч дэлхий дахины бүх үйлчлэгч нь Бурхнаа Ехова гэдэг нэрээр нь мэддэг (Исаиа 12:4, 5; 43:10–12).

7. Фараоныг бардамнан хийрхэж байсан ч Бурхан Мосед ямар тушаал өгч байсан бэ?

7 Мосе Аарон хоёр, фараоны өмнө очоод, Еховагийн нэрээр үг айлтгасан. Гэвч фараон: «ЭЗЭН [«Ехова», ШЕ] гэгч хэн болоод, Израилийг явуул гэсэн Түүний үгийг би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг [«Еховаг», ШЕ] мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй» гэж ихэд бардам өгүүлжээ (Египетээс гарсан нь 5:1, 2). Тэрбээр хатуу сэтгэлтэй, итгэл эвддэг хүн гэдгээ харуулсан ч Ехова Мосег дахин дахин түүн уруу явуулж байлаа (Египетээс гарсан нь 7:14–16, 20–23; 8:1, 2, 20). Мосе фараоны уурлан унтууцаж байгааг ойлгож байв. Түүнтэй дахин дахин сөргөлдөөд сайн юманд хүрэх болов уу? Израиль Египетээс чөлөөлөгдөхийн хүслэн болж байхад, фараон зөрүүдлэн татгалзсаар байв. Та Мосегийн оронд байсан бол яах байсан бэ?

8. Фараонтой холбоотой асуудлыг Ехова хэрхэн шийдсэн нь ямар ач холбогдолтой вэ? Тэр үйл явдлаас бид юу ойлгох ёстой вэ?

8 Мосе дахин фараонд хандан: «Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН [«Ехова», ШЕ] ингэж айлдаж байна. „Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ“» гэж хэлэв. Бурхан бас: «Би мутраа сунгаж, чамайг болон чиний ард түмнийг тахлаар цохисон бол чи дэлхийгээс устгагдах байсан. Харин Би Өөрийн хүчийг чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд, үүний төлөө чамайг босгосон юм» гэжээ (Египетээс гарсан нь 9:13–16). Ехова чулуун зүрхт фараоныг шийтгэсэн нь өөрийг нь үл хүндэтгэдэг бүгдэд сануулга болгохын тулд хүчээ харуулахыг зорьсон хэрэг байжээ. Тэдний дотор, хожим нь «ертөнцийн захирагч» гэж Есүс Христийн нэрлэсэн Сатан Диавол ордог (Иохан 14:30; Ром 9:17–24). Зөгнөсөн ёсоор, Еховагийн нэр дэлхий даяар тунхаглагджээ. Бурхны тэвчээрийн ачаар израильчуудаас гадна Еховаг шүтэхээр тэдэнтэй нэгдсэн «үй олон хүн» аврагдсан (Египетээс гарсан нь 9:20, 21; 12:37, 38). Ехова тийнхүү нэрээ тунхагласан явдал нь жинхэнэ шүтлэгийг хүлээн авсан сая сая хүнд ач тусаа өгсөөр байна.

Зөрүүд ард түмэнтэй харьцдаг байсан нь

9. Израильчууд Еховаг хүндэтгэдэггүйгээ хэрхэн харуулсан бэ?

9 Еврейчүүд Бурхны нэрийг мэддэг байсан. Мосе тэдэнтэй ярихдаа Бурхны нэрийг хэлдэг байсан ч тэд уг нэрийн Эзнийг зохих ёсоор хүндэтгэдэггүй байв. Ехова израильчуудыг Египетээс гайхамшгаар чөлөөлсний дараахан ундны усгүй удсанаас тэд яасан билээ? Мосед дургүйцсэн. Хожим нь хоол хүнсний талаар гомдол гаргасан. Мосе тэднийг өөрийнх нь болон Аароны эсрэг биш, Еховагийн эсрэг дургүйцэж байгааг нь анхааруулсан (Египетээс гарсан нь 15:22–24; 16:2–12). Ехова Синаи ууланд израильчуудад Хууль өгөхдөө ер бусын гайхамшиг үзүүлсэн. Гэвч ард олон алтан тугал хийж мөргөн дуулгаваргүй загнаж, энэ явдлаа Еховад «зориулсан баяр наадам» хийж байгаа мэтээр ярьсан (Египетээс гарсан нь 32:1–9).

10. Египетээс гарсан нь 33:13-т бичсэн Мосегийн гуйлт өнөө үеийн христиан харгалзагчдад ямар учраас онцгой ач холбогдолтой вэ?

10 Еховагийн зөрүүд гэж нэрлэсэн ард түмэнтэй харьцахад Мосед ямар хэцүү байсан бол оо! Тэрбээр Еховагаас: «Хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон юм бол Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье. Ингэснээр би Таны мэлмийд тааллыг олох юм» гэж гуйсан (Египетээс гарсан нь 33:13). Христиан харгалзагчид Еховагийн орчин үеийн Гэрчүүдэд халамж анхаарал тавихдаа Израилийн ард түмнээс хавьгүй даруухан сүргийг хариулдаг ч, Мосегийн адилаар: «ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч. Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч» гэж залбирдаг (Дуулал 25:4). Тэд Еховагийн замуудыг мэдсэний ачаар хурлын асуудлыг Бурхны Үгийн дагуу, зан чанарыг нь тусган шийдвэрлэж сурдаг.

Ехова ард түмнээсээ юу хүсдэг вэ?

11. Ехова Мосед ямар хууль өгсөн бэ? Тэр хууль яагаад бидний анхаарлыг татдаг вэ?

11 Ехова ард түмнээсээ юу хүсдэгээ Синаи ууланд амаараа тунхагласан билээ. Сүүлд Мосе Арван тушаал бичсэн хоёр хавтан авч, уулнаас бууж яваад, израильчуудыг цутгамал тугалд мөргөж байхыг хармагцаа уурандаа өнөөх хавтангуудаа бут үсэртэл нь шиджээ. Ехова Мосегийн засаж бэлтгэсэн чулуун хавтангууд дээр Арван тушаалыг дахин бичив (Египетээс гарсан нь 32:19; 34:1). Гэвч анхныхаасаа өөрчлөгдсөнгүй. Мосе тэдгээр тушаалын дагуу явах ёстой байлаа. Ехова бас өөрийгөө бишрэм байдлаар илчилж, төлөөлөгч нь биеэ хэрхэн авч явах ёстойг ойлгуулсан. Христианууд Мосегийн хуулийг сахидаггүй ч, уг хуульд Еховаг шүтдэг хэн бүхэнд хамаатай, мөнхийн зарчим олон бий (Ром 6:14; 13:8–10). Тэдгээрээс цөөн хэдийг авч үзье.

12. Зөвхөн Еховад үнэнч байх шаардлагыг израильчууд хэрхэн биелүүлэх ёстой байсан бэ?

12 Зөвхөн Еховад үнэнч байгтун. Ехова: «Би бол хартай Бурхан» хэмээн өөрт нь чин үнэнч байхыг шаарддагаа Израилийн ард түмэнд тунхаглажээ (Египетээс гарсан нь 20:2–5). Израильчууд Еховаг жинхэнэ Бурхан гэдгийн олон нотолгоог үзчихээд байлаа (Дэд хууль 4:33–35). Бусад үндэстэн юу ч хийж байсан, ард түмнийх нь дунд хиймэл шүтээн шүтэх явдал болон спиритизмийн ямар нэг хэлбэр гарвал хүлцэн тэвчиж чадахгүй гэдгээ тэрбээр тодорхой харуулсан. Бурханд үнэнч байх гэдэг нь хэлбэр төдий явдал байх учиргүй байв. Тэд бүгдээрээ Еховаг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрлах хэрэгтэй байсан (Дэд хууль 6:5, 6). Энэ хайраа үг яриа, үйл хөдлөл гээд, ер нь, амьдралынхаа бүхий л хүрээнд харуулах байв (Левит 20:27; 24:15, 16; 26:1). Ехова зөвхөн өөрт нь үнэнч байхыг шаарддаг гэдгийг Есүс Христ ч тодорхой тайлбарласан билээ (Марк 12:28–30; Лук 4:8).

13. Израиль ямар учраас Еховагийн тушаалыг дуулгавартай дагах ёстой байсан бэ? Бид ямар учраас Бурханд захирагдах ёстой вэ? (Номлогчийн үгс 12:13).

13 Еховагийн тушаалыг дуулгавартай дагагтун. Израилийн ард түмэн Еховатай гэрээ байгуулахдаа дуулгавартай байна гэж тангарагласнаа санаж явах шаардлагатай байсан. Эрх чөлөөг нь хааж боогоогүй ч, тэд Еховагийн өгсөн хууль тушаалыг дуулгавартай дагах учиртай байлаа. Ингэвэл Бурханд хайртайгаа батлах бөгөөд Еховагийн бүх шаардлага тэдний сайн сайхны төлөө учраас өөрсдөд нь болон үр удамд нь ач тустай байх байв (Египетээс гарсан нь 19:5–8; Дэд хууль 5:27–33; 11:22, 23).

14. Сүнслэг асуудлыг тэргүүн зэрэгт тавихын чухлыг Бурхан израильчуудад хэрхэн онцлон харуулсан бэ?

14 Сүнслэг асуудлыг эн тэргүүнд тавигтун. Израилийн ард түмэн махан биеийн хэрэгцээгээ хангах гэж сүнслэг үйл хэргийг орхигдуулах ёсгүй байсан. Тэдний амьдрал дан ганц хорвоогийн явдалд зориулагдах учиргүй байлаа. Тэд Еховагийн тушааснаар, шүтлэг мөргөлдөө зориулж 7 хоног бүр тусгайлан цаг гаргадаг байсан бөгөөд тэрхүү цагийг Ехова ариун гэж тооцжээ (Египетээс гарсан нь 35:1–3; Тооллого 15:32–36). Мөн жил бүр «ариун цугларалтууд» явуулах нэмэлт цагийг Ехова тогтоож өгчээ (Левит 23:4–44). Эдгээр арга хэмжээ нь Еховагийн хүчирхэг үйлсийн тухай ярилцаж, замуудыг нь санаж, сайхан сэтгэлийнх нь төлөө талархлаа илэрхийлэх боломж олгодог байжээ. Израильчууд Еховад үнэнч байсан цагтаа Бурхнаас эмээж, түүнийг хайрлах хайраа хөгжүүлж, замаар нь явж чаддаг байсан (Дэд хууль 10:12, 13). Уг хуулиудад агуулагдсан ашигтай зарчмууд өнөөдөр ч Еховагийн үйлчлэгчдэд ач тусаа өгдөг (Еврей 10:24, 25).

Еховагийн зан чанарыг ойлгон эрхэмлэгтүн

15. а) Еховагийн зан чанарыг ойлгон эрхэмлэдэг байсан нь Мосед яагаад ач тустай байсан бэ? б) Еховагийн чанаруудыг тус бүрд нь эргэцүүлэн бодоход ямар ямар асуулт туслах вэ?

15 Еховагийн зан чанарыг ойлгон эрхэмлэснээр Мосе ард түмэнтэй зөв харьцаж чаддаг байв. Египетээс гарсан нь 34:5–7-д Бурхан Мосегийн урдуур өнгөрч: «ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч [«өршөөнгүй» ШЕ], нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба хайр энэрэл, үнэнээр бялхам билээ. Тэр хайр энэрлийг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн гэм бурууг гурав, дөрөв дэх үеийг хүртэл үр хүүхэд, ач нарт нь буулгадаг» хэмээн тунхагласан. Жаахан азнаад, энэ үгийг эргэцүүлэн бодъё. Бид өөрсдөөсөө: «Дурдсан чанарууд тус бүрдээ ямар утгатай вэ? Ехова тухайн чанарыг хэрхэн илэрхийлсэн байна вэ? Христиан харгалзагчид энэ чанарыг хэрхэн илэрхийлж болох вэ? Христиан хүн бүрийн ажил үйлд тухайн чанар яаж нөлөөлөх ёстой вэ?» гэж асуух нь зүйтэй. Хэдэн жишээ үзье.

16. Бурхны өршөөнгүй чанарыг хэрхэн гүнзгий ойлгож болох вэ? Ингэх нь яагаад чухал бэ?

16 Ехова бол «өршөөнгүй, нигүүлсэнгүй» Бурхан юм. Хэрэв таны ойлгодог хэлээр «Судрыг ойлгох нь» хэмээх нэвтэрхий толь байгаа бол «Өршөөл» («Mercy») гэдэг үгийг хэрхэн тайлбарласныг уншиж болохгүй нь юу билээ? Эсвэл энэ сэдвийг «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товъёг» юм уу «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн номын сангаас» (компакт диск) үзэж болно. * Бас Библийн үгийг цагаан толгойн дарааллаар бичсэн түүвэр ашиглаад, «Өршөөл» гэдэг үгтэй Библийн ишлэл олж болдог. Тийнхүү судалбал, Ехова өршөөнгүй сэтгэлээрээ заримдаа ял шийтгэлийг хөнгөрүүлээд зогсохгүй, өрөвдөн энэрдэг болохыг ойлгоно. Бурхан энэ чанартаа хөтлөгдөн ард түмэндээ тусалдаг. Амласан газар уруу явах аян замынх нь туршид тэдний бие махбодын болон сүнслэг хэрэгцээг хангаж байсан нь үүний баталгаа юм (Дэд хууль 1:30–33; 8:4). Израильчуудыг алдаа гаргавал Ехова өршөөн уучилдаг байсан. Бурхан эрт цагаас ард түмнээ өршөөдөг байсан юм бол, өнөөдөр үйлчлэгчид нь бие биеэ бүр ч өрөвдөх хэрэгтэй! (Матай 9:13; Матай 18:21–35).

17. Еховагийн нигүүлсэнгүй чанарыг ойлгосноор жинхэнэ шүтлэгийг хэрхэн дэмжиж болох вэ?

17 Еховагийн өршөөнгүй зан нигүүлсэх сэтгэлтэй холбоотой. Хэрэв танд тайлбар толь байвал, «нигүүлсэнгүй» гэдэг үгийг хэрхэн тайлбарласныг уншаарай. Үүнийгээ Еховаг нигүүлсэнгүй гэж бичсэн Библийн ишлэлүүдтэй харьцуулаарай. Ехова ард түмнийхээ дундах гачигдалтай хүмүүсийг хайрлан халамжилдаг нь нигүүлсэх сэтгэлийнх нь илрэл гэж Библид тэмдэглэсэн байдаг (Египетээс гарсан нь 22:26, 27). Хаа газар, гачигдаж дутагдсан хүмүүс ч, ядарч зүдэрсэн харийнхан ч байдаг. Ехова тийм хүмүүст шударга хандаж, сайхан сэтгэл гаргаж байхыг ард түмэндээ заахдаа Египетэд өөрсдөө харийнхан байсныг нь сануулсан билээ (Дэд хууль 24:17–22). Тэгвэл Бурхны өнөө цагийн үйлчлэгчид бидний тухайд юу хэлж болох вэ? Нигүүлсэх сэтгэл маань биднийг нэгтгэхийн хажуугаар бусдыг Ехова уруу татахад тусалдаг (Үйлс 10:34, 35; Илчлэлт 7:9, 10).

18. Ехова израильчуудад өөр үндэстнүүдийг дуурайхыг хориглосноос бид ямар сургамж авдаг вэ?

18 Гэвч израильчууд өөр үндэстнүүдэд анхаарал халамж тавихдаа Еховаг болон ёс суртахууны хэм хэмжээг нь хайрлах хайраа умартах учиргүй байсан. Тийм ч учраас, Бурхан израильчуудад эргэн тойрныхоо ард түмнүүдийн араас орж, шашны зан үйл, ёс суртахуунгүй амьдралыг нь дуурайхгүй байхыг заажээ (Египетээс гарсан нь 34:11–16; Дэд хууль 7:1–4). Энэ нь өнөөгийн бидэнд ч хамаатай. Бидний Бурхан Ехова ариун учраас бид ч бас ариун хүмүүс байх ёстой (1 Петр 1:15, 16).

19. Гэм нүгэлд Ехова хэрхэн ханддагийг ойлговол ард түмэн нь ямар гоомой юм хийхгүй вэ?

19 Ехова Мосед өөрийнхөө замуудыг илүү сайн ойлгуулахын тулд, хэдийгээр нүгэлт хэргийг таалдаггүй ч уурлахдаа удаан гэдгээ тодорхой харуулсан. Тэрбээр хүмүүст өөрийнх нь шаардлагыг мэдээд, биелүүлэх хугацаа олгодог. Гэмшсэн нүгэлтнийг уучилдаг ч, үйлдсэн нүглийнх нь зохих шийтгэлээс чөлөөлдөггүй. Израильчууд сайн муу юу ч хийсэн, хойч үед нь нөлөөлж болохыг Бурхан Мосед анхааруулсан. Хэрэв ард түмэн нь Еховагийн замуудыг ойлгож, эрхэмлэдэг бол өөрөө өөртөө төвөг удчихаад Бурхныг буруутгах буюу цалгар назгай байна гэж буруу бодохгүй.

20. Итгэл нэгтнүүдтэйгээ болон сайн мэдээг маань сонсож буй хүмүүстэй зөв зохистой харьцахад юу туслах вэ? (Дуулал 86:11)

20 Хэрэв та Еховагийн тухай, замуудынх нь тухай мэдлэгээ гүнзгийрүүлэхийг хүсдэг бол Библиэ бие даан судалж, уншсан зүйлээ эргэцүүлэн бодож байгаарай. Бурхныхаа гайхамшигтай зан чанарыг олон талаас нь хичээнгүйлэн үзээрэй. Еховаг хэрхэн дуурайж, амьдралаа түүний санаа зорилгод яаж улам нийцүүлж болохыг залбирч байгаад тунгаан бодоорой. Ингэвэл урхинаас зайлж, итгэл нэгтнүүдтэйгээ зөв зохистой харьцахын зэрэгцээ сүр жавхлант Ехова Бурхныг мэдэж, хайрладаг болоход нь бусдад тусалж чадна.

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.

Та юу мэдэж авсан бэ?

• Мосед даруу зан яагаад чухал байсан бэ? Бид яагаад даруу байх ёстой вэ?

• Ехова фараонд дахин дахин үгээ хэлүүлж байсны ач тус юу вэ?

• Өнөөдөр бидэнд ч хамаатай ямар ямар чухал зарчмыг Мосе сурч мэдсэн бэ?

• Еховагийн зан чанарыг яаж илүү гүнзгий ойлгодог болох вэ?

[Догол мөрийн асуулт]