Skip to content

Гарчиг руу орох

Зөвхөн үйлсээр бус, нигүүлслээр аврагдсан хүмүүс

Зөвхөн үйлсээр бус, нигүүлслээр аврагдсан хүмүүс

Зөвхөн үйлсээр бус, нигүүлслээр аврагдсан хүмүүс

«Та нар итгэлээрээ аврагдсан юм. ...Үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно» (ЕФЕС 2:8, 9).

1. Амжилтын тухай христиануудын болоод хүмүүсийн ойлголт ямар ялгаатай вэ? Яагаад?

 ӨНӨӨДӨР хүмүүс амжилтаараа бардамнан сагсуурах нь элбэг байдаг. Харин христианууд бол өөр. Тэд Бурхандаа үр дүнтэй, сайн үйлчилсэн ч биеэ магтдаггүй. Еховагийн ард түмэн хамтын амжилтаараа бахархдаг ч, би ийм хувь нэмэр оруулсан гэж хүн болгон сүр бадруулдаггүй. Еховад үйлчлэхэд хувийн амжилт бус, зөв сэтгэл чухал гэдгийг тэд ойлгодог. Эцсийн эцэст, хэн боловч мөнхийн амийг эр сайндаа биш, харин өөрийн итгэл болон Бурхны нигүүлслийн ачаар л олж авна (Лук 17:10; Иохан 3:16).

2, 3. Паул юугаараа сайрхдаг байсан бэ? Ямар учраас?

2 Элч Паул үүнийг сайн ойлгодог болжээ. «Махан биеийнхээ өргөсийг» авахуулах гэж гурвантаа хүсэмжлэн гуйхад нь Ехова: «Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор Миний хүч бүрэн төгс болно» гэж хариулжээ. Тэрбээр Еховагийн гаргасан шийдвэрийг даруухнаар дагаж: «Би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ» хэмээжээ. Бид Паулын даруу занг дуурайх нь зүйтэй (2 Коринт 12:7–9).

3 Паул христиан үйлчлэлд гарамгай амжилт гаргасан хүн байсан хэдий ч, гоц гойд авьяастайдаа амжилтад хүрсэн гэж үзээгүй. Харин ч даруухнаар: «Бүх ариун хүнээс хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл өгөгдсөний учир нь Христийн нэвтэршгүй баялгийг Харь үндэстэнд тунхаглахын [тулд байлаа]» гэж тэмдэглэжээ (Ефес 3:8). Үнэхээр ч Паул бардамнан сагсуурч, биеэ тоож байсангүй. «Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдөг» (Иаков 4:6; 1 Петр 5:5). Та бид Паулыг дуурайн даруу байж, өөрийгөө итгэл нэгтнүүдийнхээ дунд «хамгийн өчүүхэн» нь гэж үздэг үү?

«Бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэгтүн»

4. Бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэх яагаад хэцүү вэ?

4 Элч Паул христиануудад: «Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруухнаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэгтүн» хэмээн зөвлөжээ (Филиппой 2:3). Энэ үгийг хэрэгжүүлэхэд, ялангуяа, хариуцлагатай үүрэг хүлээдэг хүнд тийм ч амаргүй. Өрсөлдөх сэтгэлгээгээр амьсгалдаг өнөөгийн нийгэм бидэнд их бага ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг учраас бүх юм санаснаар болчихдоггүй. Бага байхаас биднийг гэр бүлийн хүрээнд ах эгч дүү нартай маань, сургууль дээр ангийнхантай маань өрсөлдүүлэх байдлаар хүмүүжүүлсэн, эсвэл хичээл сурлага, урлаг спортоор тэргүүний сурагч байхыг уриалдаг байсан байж болох юм. Зөв юмны төлөө бүх талын хүчин чармайлт гаргах нь, мэдээж, магтууштай хэрэг. Гэхдээ христиан хүн бусдын анхаарлыг татах гэсэндээ бус, өөртөө болоод бусдад тус хүргэхийн тулд аливаад хичээл зүтгэл гаргадаг. Нөгөө талаас, манлайлагч гэж магтуулахын төлөө дандаа зүтгэх нь аюул дагуулдаг. Ямар аюул бэ?

5. Өрсөлдөх сэтгэлийг зоргоор нь тавивал юунд хүргэдэг вэ?

5 Өрсөлдөх сэтгэл юм уу биеэ дөвийлгөх үзлийг зоргоор нь тавивал хүн бусдыг хүндэтгэж мэддэггүй, их зантай болдог. Авьяас чадвартай юм уу хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүст атаархдаг болж мэднэ. Сургаалт үгс 28:22-т: «Хорон муу [«атаархуу», ШЕ] нүдтэй хүн эд баялгийн араас яаравчилдаг боловч ядуурал гадаа нь ирчихээд буйг үл анзаардаг» гэж байдаг. Тийм хүн өөртөө байхгүй эрх мэдэлд хүрэхийн тулд эрээ цээргүй авирлаж ч магад. Тэгээд өөрийгөө хаацайлан, бусдад дургүйцэж, бусдаас өө сэв хайх гэх мэтээр христиан хүнд байж боломгүй зан гаргаж болох юм (Иаков 3:14–16). Ямар ч байсан, өрсөлдөх сэтгэл хүнийг хар амиа боддог болгох аюултай.

6. Өрсөлдөх сэтгэл ямар аюулд хүргэдгийг Библи хэрхэн сэрэмжлүүлдэг вэ?

6 Тийм учраас, Библи христиануудад: «Сагсуурах, өрсөлдөх, хоорондоо атаархахаа больё» гэж уриалдаг (Галат 5:26, ШГ). Ийм муухай сэтгэл өвөрлөсөн итгэл нэгтнийхээ тухай элч Иохан: «Би зарим нэг зүйлийг чуулганд бичсэн. Харин тэдний дунд тэргүүн болохыг дурлагч Диотреф биднийг хүлээж авахгүй байгаа юм. Иймээс хэрэв би очвол түүний хийдэг үйл хэргийг нь сануулна. Юу гэвэл, тэр биднийг балмад үгсээр зүй бусаар буруутгасан юм» гэж бичжээ. Христиан хүн тийм болчихдог нь даанч тоогүй! (3 Иохан 9, 10)

7. Өрсөлдөөн ихтэй ажлын талбарт христиан хүн юунаас зайлсхийдэг вэ?

7 Христиан хүн аливаа өрсөлдөөнөөс бүрмөсөн ангид байна гэж бодох нь, мэдээж, бодит байдалтай нийцэхгүй. Жишээ нь, адилхан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм уу ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хувь хүмүүстэй ажлын шаардлагаар өрсөлдөх хэрэг гарч болох юм. Хэдий тийм байлаа ч, ажил төрлөө явуулахдаа хайрын үүднээс бусдыг хүндэтгэж, эелдэг байх ёстой. Хууль бус юм уу христиан хүнд зохимжгүй үйлдэл хийдэг, арцалдан тэмцдэг, хувийн ашгийн төлөө хэнийг ч хохироохоос буцдаггүй хүн болохоос зайлсхийх хэрэгтэй. Юу ч хийсэн, шилдэг нь байх явдал амьдралын туйлын зорилго биш гэдгийг христиан хүн ойлгодог. Ажил албандаа ингэж ханддаг бол шашин шүтлэгийнхээ асуудалд ямар байх нь бүр ч ойлгомжтой!

«Өөрийгөө бусадтай харьцуулалгүй»

8, 9. а) Христиан ахлагчид бие биетэйгээ өрсөлддөггүйн учир юу вэ? б) 1 Петр 4:10 Еховагийн бүх үйлчлэгчид хамаатай гэж үзэхийн учир юу вэ?

8 Христиан хүн итгэл нэгтнүүддээ ямар сэтгэлээр хандах ёстойг онгодоор бичигдсэн дараах үг харуулдаг. «Хүн бүр өөрийн үйл хэргийг шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрөөрөө сайрхах болно» (Галат 6:4). Хурлын ахлагчид бие биетэйгээ өрсөлдөхийн тулд бус, эв нэгдэлтэй байж, мөр зэрэгцэн хамтран ажиллахын тулд хариуцлага хүлээдгээ ойлгодог. Хурлынхаа сайн сайхны төлөө гаргасан бусдынхаа хичээл зүтгэлийг дэмждэг. Тийнхүү хагалан бутаргах аюултай өрсөлдөөнөөс зайлсхийж, итгэл нэгтнүүддээ эв нэгдлийн жишээ үзүүлдэг.

9 Зарим ахлагч нас, туршлага, төрөлхийн авьяас чадвартайгаасаа болоод ч юм уу, бусдаасаа илүү үр бүтээлтэй ажилладаг, эсвэл илүү хэрсүү байж болох юм. Тийм ч учраас, ахлагчид харилцан адилгүй үүрэг хариуцлага хүлээдэг. Гэхдээ тэд өөрсдийгөө бусадтай харьцуулалгүй, «Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурхны олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил» гэсэн зөвлөгөөг санаж явдаг (1 Петр 4:10). Үнэндээ, энэ үг Еховагийн бүх үйлчлэгчид хамаатай. Учир нь, бүгдээрээ л нарийн зөв мэдлэгийг тодорхой хэмжээгээр бэлэг болгон авсан бөгөөд христиан ёсоор үйлчлэх хүндтэй үүрэг хүлээдэг.

10. Ехова ямар үйлчлэлийг таалан хүлээж авдаг вэ?

10 Бусдаас илүү болох гэсэн зорилгогүйгээр зөвхөн хайрын үүднээс үнэнчээр үйлчилбэл Ехова бидний үйлчлэлийг таалан хүлээн авна. Тиймээс, жинхэнэ шүтлэгийг дэмжих үйл хэрэгтээ дүн нуруутай хандах нь чухал. Хүний доторхыг мэддэг хүн байхгүй ч, Ехова «зүрхийг хардаг» (1 Самуел 16:7; Сургаалт үгс 24:12). Тэгэхлээр, христиан хүн бүр өөрөөсөө: «Би Еховад ямар сэтгэлээр үйлчилдэг вэ?» гэж асууж байх нь зүйтэй (Дуулал 24:3, 4; Матай 5:8).

Сүнслэг үйл хэрэгт зөв хандах нь

11. Дэлгэрүүлэх ажилтай холбогдуулан ямар ямар асуулт авч үзэх нь зүйтэй вэ?

11 Еховагийн сайшаалыг хүлээхэд сэтгэл хамгийн гол юм бол, сүнслэг үйл хэрэг хэр зэрэг чухал бэ? Хайрын сэтгэлээр л үйлчилж байгаагаас хойш юу хийв, хэр зэрэг ихийг хийв гэдгээ заавал тайлагнах шаардлагатай юм уу? Бид тоон үзүүлэлтийг сүнслэг үйл хэргээсээ дээгүүр тавихыг, эсвэл сайн тайлан өгөхийг дэлгэрүүлэх ажлынхаа гол зорилго болгохыг хүсдэггүй учраас ингэж асуух нь буруу биш ээ.

12, 13. а) Дэлгэрүүлэх ажлын тайлан гаргадаг маань ямар ямар учиртай вэ? б) Нэгдсэн тайланг үзээд бид юунд баярладаг вэ?

12 «Еховагийн хүсэл тааллыг зохион байгуулалттай биелүүлэх нь» * номд: «Есүс Христийн эртний дагалдагчид дэлгэрүүлэх ажилд ямар ахиц дэвшил гарч байгааг их сонирхдог байв (Марк 6:30). Пентекостын өдөр ариун сүнс буухад 120 орчим шавь байжээ. Удалгүй тэдний тоо 3 000 болж, дараа нь 5 000-д хүрсэн тухай „Үйлс“ номд тэмдэглэсэн байдаг. [...] (Үйлс 1:15; 2:5–11, 41, 47; 4:4; 6:7). Итгэл нэгтнүүдийнх нь тоо ийнхүү нэмэгдэж байсан нь христиануудад ямар их урам хайрласан бол оо!» гэж бичжээ. Тэдний адилаар, өнөөдөр Еховагийн Гэрчүүд үнэн зөв тайлан гаргахыг хичээдэг нь Есүсийн: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэсэн үгийг дэлхий дахинд хэр зэрэг биелүүлж байгаагаа тайлагнаж буй хэрэг юм (Матай 24:14). Тайлангийн ачаар дэлгэрүүлэх ажлын бодит байдалтай танилцах боломж олддог. Дэлгэрүүлэх ажлыг өргөжүүлэхийн тулд хаана тусламж хэрэгтэй байна, ямар хэвлэл, хэчнээн хэмжээгээр шаардлагатай байна гэдгийг мэдэж болдог.

13 Тэгэхлээр, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавраа илүү үр дүнтэй биелүүлэхэд тайлан тусалдаг гэсэн үг. Түүнээс гадна, дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй ах дүүсийнхээ амжилтын тухай мэдээд урам зориг авдаггүй гэж үү? Байгууллагынхаа өргөжин тэлж байгааг дуулаад бид баяр хөөр болж, илүү ихийг хийх хүсэл төрж, Ехова биднийг ивээдэг гэдэгт улам бат итгэдэг. Түүний зэрэгцээ, дэлхий дахины тайланд миний тайлан бас байгаа гэж бодоход хэчнээн сайхан! Хүн нэг бүрийн тайлан, тайлангийн нийт дүнтэй харьцуулахад өчүүхэн хэдий ч, Ехова хийсэн болгоныг маань анхаарч байдаг (Марк 12:42, 43). Та тайлангаа өгөөгүй бол нэгдсэн тайлангийн эцсийн дүн дутуу гарах байсан шүү дээ.

14. Еховад үйлчлэхэд дэлгэрүүлэх болон заах ажлаас өөр юу ордог вэ?

14 Еховад өөрийгөө зориулсан үйлчлэгчид бид хийсэн бүхнээ тайландаа тэмдэглэдэггүй нь ойлгомжтой. Жишээлбэл, бие дааж Библи судалсан, цуглаанд очиж, оролцсон, хуралд хүлээсэн үүргээ биелүүлсэн, гачигдалтай итгэл нэгтнүүддээ шаардлагатай тусламж үзүүлсэн, дэлхий дахины Хаанчлалын үйл хэрэгт хандив өргөсөн гэх зэргийг тайланд оруулдаггүй. Тийм учраас, тайлан биднийг хичээл зүтгэлтэй үйлчилж, залхуу хойрго болохгүй байхад тусалдаг ч, мөнхийн амьтай болох эрхтэй эсэхийг маань тодорхойлдог лиценз юм уу үнэмлэх биш гэдгийг санаж, зөв хандах хэрэгтэй.

«Сайн үйлсийн төлөө зүтгэлтэй ард түмэн»

15. Сайн үйлс хийх шаардлагатайн учир юу вэ?

15 Бид зөвхөн сайн үйлсээр аврагдахгүй ч гэлээ, сайн үйлс хийх шаардлагатай нь тодорхой. Тийм ч учраас, Бурхан христиануудыг «сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмэн» гэж нэрлэн, «хайр болон сайн үйлсэд бие биеэ... хөхүүлэн урамшуулахыг» уриалдаг (Тит 2:14; Еврей 10:24). Библийг бичигчдийн нэг Иаков: «Сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой» хэмээн бичихдээ дээрх санааг онцолжээ (Иаков 2:26).

16. Юу сайн үйлсээс илүү чухал бэ? Гэхдээ бид юунаас сэрэмжлэх ёстой вэ?

16 Сайн үйлс чухал байдаг ч, сайн үйлд хөтлөх сэтгэл бүр чухал. Тиймээс, Бурханд үйлчилдгийн минь цаад шалтгаан юу вэ гэж өөрийгөө үе үе шалгах нь зүйтэй. Хүн ямар учраас Бурханд үйлчилдгийг бид яг таг мэдэхгүй учраас бусдыг сэжиглэхээс болгоомжлох хэрэгтэй. Библид: «Бусдын боолыг шүүгч та хэн бэ?» гэж асуугаад, «Тэр өөрийнхөө эзний өмнө зогсдог эсвэл унадаг» гэж тодорхой хариулсан байдаг (Ром 14:4). Бүхний Эзэн Ехова өөрийн томилсон Шүүгч Есүс Христийн хамт биднийг үйл хэрэг төдийгүй хүсэл сэтгэл, боломж бололцоо, хайр, үнэнч байдлын маань үндсэн дээр шүүнэ. Христиан хүний хийх ёстой зүйлийг буюу элч Паулын хэлснээр: «Өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээдэг» эсэхийг маань Ехова Бурхан, Есүс Христ хоёр л зөв тодорхойлж чадна (2 Тимот 2:15; 2 Петр 1:10; 3:14).

17. Чадах бүхнээ хийхийг хичээхийн зэрэгцээ «дээрээс ирэгч мэргэн ухаан нь... ухаалаг» гэдгийг санах нь ямар учраас зөв бэ?

17 Ехова бидэнд ухаалаг шаардлага тавьдаг. Иаков 3:17-д бичсэнээр, «дээрээс ирэгч мэргэн ухаан нь... ухаалаг» (ШЕ) гэж байдаг. Энэ талаар Еховаг дуурайвал бид мэргэн байж, жинхэнэ амжилтад хүрэх бус уу? Тиймээс, өөртөө ч, ах дүүсдээ ч ухаалаг бус, биелүүлэхийн аргагүй шаардлага тавихгүй байх хэрэгтэй.

18. Сүнслэг үйл хэрэг болон Еховагийн нигүүлсэлд дүн нуруутай хандаж байсан цагт юунд итгэлтэй байж болох вэ?

18 Сүнслэг үйл хэрэг болон Еховагийн нигүүлсэлд дүн нуруутай хандаж байсан цагт бид Бурхны жинхэнэ үйлчлэгчийн онцлог шинж болсон баяр хөөрийг хүртсээр байх болно (Исаиа 65:13, 14). Ехова хүн нэг бүрийн юу хийх чадалтайг үл харгалзан, ард түмнээ бүхэлд нь ивээж байгаад бид баярладаг. Цаашдаа ч чадах бүхнээ хийхэд туслаач гэж «залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүлцгээе». Тэгвэл «бүх оюун ухаанаас дээгүүрх Бурхны амар тайван нь Христ Есүс дотор [бидний] зүрх, бодлыг хамгаалах» нь гарцаагүй (Филиппой 4:4–7). Тийм ээ, бид дан ганц үйлсээр бус, Еховагийн нигүүлслийн ачаар аврагдана гэдгээ мэдээд тайвширч, урам авдаг!

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.

Та тайлбарлаж чадах уу? Христианууд ямар учраас...

• амжилтаараа бардамнадаггүй вэ?

• өрсөлдөх сэтгэлээс зайлсхийдэг вэ?

• дэлгэрүүлэх ажлын тайлан өгдөг вэ?

• итгэл нэгтнүүдээ шүүдэггүй вэ?

[Догол мөрийн асуулт]