Хүүхдүүд ээ, Еховаг магтагтун!
Хүүхдүүд ээ, Еховаг магтагтун!
«Газар дээрээс ЭЗЭНийг магтагтун... Залуус ба онгон бүсгүйчүүд... магтагтун» (ДУУЛАЛ 148:7, 12).
1, 2. а) Юу юу хийж болохгүй гэдгийг хүүхдүүд мэддэг вэ? б) Эцэг эхийнхээ хориглоход хүүхдүүд ямар учраас дургүйцэх хэрэггүй вэ?
ХҮҮХДҮҮД юу хийж болохгүйгээ сайн мэддэг. Ихэнх нь хэдэн нас хүрч байж харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гарч, оройн хэдэн цаг хүртэл унтахгүй байж болохоо эсвэл хэзээнээс машин жолоодохыг зөвшөөрдгийг түгдрэхгүй хэлдэг. Заримдаа, чин сэтгэлийн гуйлтынхаа хариуд, ихэнхдээ, «Том болоод...» гэсэн нэг л янзын хариу сонсдог юм шиг санагддаг байж болох юм.
2 Эцэг эх чинь та нарын хүссэн болгоныг зөвшөөрөөд байдаггүй нь хамгаалах л гэсэн хэрэг. Тэгээд ч эцэг эхийнхээ үгэнд орж байж Еховад таалагдана биз дээ (Колоссай 3:20). Гэсэн ч би хэзээ «жинхэнэ ёсоор» амьдарч эхлэх юм бол доо гэж заримдаа боддог уу? Том болж байж л чухал ажил бүхнийг хийх эрхтэй болдог юм гэж үү? Яалаа гэж дээ! Та нарын хийх гэж хүсэн тэмүүлж байж болох ямар ч ажлаас хавьгүй чухал ажил одоо өрнөж байгаа шүү дээ. Хүүхдүүд та нар энэ ажилд оролцож болох уу? Болохоор барахгүй, Хамгийн дээд Бурхан өөрөө та нарыг урьдаг гээч!
3. Ехова хүүхдүүдийг ямар онцгой ажилд урьдаг вэ? Одоо бид ямар ямар асуулт авч үзэх вэ?
3 Ямар ажлын тухай ярьж байна вэ? Өгүүллийн гол зүйлийг анхаар даа. «Газар дээрээс ЭЗЭНийг магтагтун... Залуус ба онгон бүсгүйчүүд, хөгшчүүл ба хүүхдүүд магтагтун» (Дуулал 148:7, 12). Та нарт Еховаг магтах агуу завшаан олдож байна. Ийм ажилд оролцоно гэхээс сэтгэл чинь догдолж байна уу? Олон хүүхдийн сэтгэл догдолдог. Яагаад ингэдгийг ойлгохын тулд гурван асуулт авч үзье. Нэгдүгээрт, Еховаг магтах ёстойн учир юу вэ? Хоёрдугаарт, яаж магтах вэ? Гуравдугаарт, энэ ажлыг хэзээнээс хийж эхлэх нь зүйтэй вэ?
Еховаг магтахын учир юу вэ?
4, 5. а) 148-р дууллыг үзвэл, бидэнд ямар гайхамшигтай боломж байдаг вэ? б) Бүтээлүүд нь ярьж, бодохгүй хэр нь Бүтээгчээ хэрхэн магтдаг вэ?
4 Ехова бол Бүтээгч билээ. Түүнийг магтах нэг гол шалтгаан энэ юм. Үүнийг 148-р дууллаас улам сайн ойлгож болно. Сэтгэл хөдлөм, уянгат сайхан дууг хоолой нийлүүлэн дуулж байгаа асар олон хүний дэргэд очвол та нарт ямар санагдахыг бодоод үз дээ. Сонсоод үзтэл үнэн үгтэй, гүнзгий утгатай, уянгалаг сайхан дуу байвал та нар яах вэ? Үгийг нь сурч аваад, тэдэнтэй хамт дуулахгүй гэж үү? Ихэнх хүн тэгж хүсэх байх. Та нарт үүнээс ч илүү сайхан боломж байгааг 148-р дуулал хэлж өгдөг. Энэхүү дуулалд, Еховаг хоолой нийлүүлэн магтаж буй асар олон бүтээлийг дүрслэн харуулдаг. Гэхдээ та нар энэ дууллыг уншиж байхдаа ер бусын нэг зүйлийг анзаарах байх.
5 148-р дуулалд дүрсэлсэн магтан дуулаачдын олонх нь ярьж ч, бодож ч чаддаггүй. Жишээ нь, нар, сар, од, цас, салхи, уул толгод Еховаг магтдаг гэж байдаг. Амьгүй юм, үзэгдэл яаж ингэж чаддаг байна аа? (3, 8, 9-р зүйл). Ургамал мод, далайн амьтан, ан араатан ч мөн л магтдаг (7, 9, 10-р зүйл). Нар шингэх үес тэнгэрийн хаяа хэчнээн гоё ягааран байдгийг харж, түг түмэн од түгсэн тэнгэрт орчих тэргэл сарыг ширтэж байсан уу? Тоглож буй амьтдыг өхөөрдөн, байгаль дэлхийн үзэсгэлэнг биширч байв уу? Хэрэв тийм бол та нар амьд ба амьгүй байгалийн дуулах магтууг «сонссон» хэрэг юм. Еховагийн бүтээсэн бүхэн түүнийг төгс хүчит Бүтээгч гэдгийг, орчлонт ертөнцөд түүнээс хүчтэй, ухаантай, хайрын сэтгэлтэй нэгэн үгүй гэдгийг бидэнд сануулдаг (Ром 1:20; Илчлэлт 4:11).
6, 7. а) 148-р дуулалд Еховаг магтдаг ямар ямар ухаант бүтээлийн тухай өгүүлдэг вэ? б) Яавал Еховаг магтах хүсэл төрж болох вэ? Жишээгээр тайлбарлана уу.
6 148-р дуулалд Еховаг магтдаг ухаант бүтээлийн тухай бас өгүүлдэг. 2-р зүйлд Еховагийн тэнгэрийн «цэргүүд» буюу тэнгэр элчүүд гардаг. 11-р зүйлд Еховаг магтахыг хаад, шүүгчид гэх зэрэг эрх мэдэлтэй, нэр нөлөөтэй хүмүүст уриалжээ. Хүчирхэг тэнгэр элчүүд Еховаг магтахдаа баярладаг байхад өчүүхэн хүн энэ ажлыг голж болох уу даа? 12, 13-р зүйлд хүүхдүүдийг бас энэ үйлсэд урьжээ. Та нар Еховаг магтмаар байна уу?
7 Жишээ авъя. Та нар дүрслэх урлаг, спортын ч юм уу, эсвэл хөгжмийн хосгүй авьяастай дотнын найзтай бол гэрийнхэндээ, найзууддаа түүний тухай ярих уу? Мэдээж, ярина. Тэгвэл Еховагийн хийсэн болон хийж байгаа бүхнийг мэдвэл бидэнд мөн л тийм хүсэл төрнө. Тухайлбал, од түгсэн тэнгэр үргэлж «ярьдаг» тухай Дуулал 19:1, 2-т бичсэн байна. Еховагийн гайхамшигт үйлсийг эргэцүүлэн боддог бол Бурхныхаа тухай бусдад ярихгүй байхын аргагүй.
8, 9. Ямар ямар шалтгааны улмаас Ехова биднээр магтуулахыг хүсдэг вэ?
8 Еховаг магтах бас нэг чухал шалтгаан бол ингэхийг Бурхан өөрөө биднээс хүсдэгтэй холбоотой. Яагаад тэгж хүсдэг вэ? Хүнээр магтуулах хэрэгтэй учраас уу? Үгүй дээ. Хүмүүс бидэнд заримдаа магтаал хэрэгтэй байж болох л доо. Гэтэл Ехова биднээс хамаагүй илүү шүү дээ (Исаиа 55:8). Бурхан өөртөө бүрэн итгэлтэй байдаг (Исаиа 45:5). Гэсэн ч биднээр магтуулахыг хүсдэг, магтвал баярладаг. Үүний учрыг ойлгохын тулд хоёр шалтгааныг ярилцъя. Нэгд, өөрийг нь магтах нь бидэнд хэрэгтэйг Ехова мэддэг. Учир нь биднийг «сүнслэг хэрэгцээ» буюу өөрийг нь шүтэх хэрэгцээтэй бүтээсэн (Матай 5:3, ШЕ). Үр хүүхдээ шим тэжээлтэй хоол идэж байхыг эцэг эх нь хараад баярладгийн адил сүнслэг хэрэгцээгээ хангахыг маань хараад Ехова баярладаг (Иохан 4:34).
9 Хоёрт гэвэл, Бурхны тухай магтаалыг бусад хүн сонсох хэрэгтэйг Ехова мэддэг. Элч Паул залуу Тимотод: «Өөртөө ба сургаалдаа анхаарлаа нарийн хандуул. Эдгээр зүйлд туйлбартай бай. Учир нь үүнийг хийхдээ чи өөрийгөө болон чамайг сонсогчийн хэн хэнийг нь аварна» гэж бичсэн (1 Тимот 4:16). Тийм ээ, хэрэв та нар хүмүүст Ехова Бурхныг магтаж ярьдаг бол тэд ч бас Еховаг мэддэг болно. Тийм мэдлэг тэднийг мөнхөд аварна шүү дээ! (Иохан 17:3).
10. Бид яагаад Бурхнаа магтахыг хүсдэг вэ?
10 Еховаг магтах бас нэг шалтгаан бий. Авьяаслаг найзын тухай жишээг эргэн саная. Хүмүүс тэр найзын чинь талаар худлаа яриад, гүтгээд байвал та нар найзыгаа өмөөрч, магтаж ярихыг бодно биз дээ? Тэгвэл Еховаг энэ ертөнц тэр чигээрээ гүтгэн доромжилдог (Иохан 8:44; Илчлэлт 12:9). Еховад хайртай бүхэн Бурхныхаа тухай худал яриаг залруулж, үнэнийг хэлэхийг хүсдэг. Та нар ч гэсэн Еховаг хайрлаж, талархсан сэтгэлээ илэрхийлж, түүний гол дайсан Сатанд биш, Еховад захирагддагаа харуулмаар байгаа биз дээ? Тэгвэл Еховаг магтах хэрэгтэй. Одоо яаж магтах тухай асуултыг авч үзье.
Зарим хүүхэд Бурхныг магтдаг байсан нь
11. Еховаг магтах үйлсэд хүүхдүүд амжилт олдгийг батлах Библийн ямар ямар жишээ байна вэ?
11 Еховаг магтах үйлсэд хүүхдүүд томчуудаас дутахгүй амжилт олдгийг Библи харуулдаг. Тухайлбал, арамейчуудад олзлогдсон израиль охин байна. Тэр охин Еховагийн зөнч Елишагийн тухай эзэгтэйдээ зоригтой ярьсан. Тийнхүү гэрчилсний ачаар эзэн нь Еховагийн гайхамшгийг үзэж, ач тусыг нь хүртжээ (Хаадын дэд 5:1–17). Есүс ч бас хүүхэд байхдаа Еховаг зоригтой магтдаг байсан. Есүсийн хүүхэд ахуйн явдлуудаас Еховагийн сонгож, Сударт тэмдэглүүлсэн нь 12 настай байхдаа Иерусалимын сүм дотор шашны багш нараас асуух юмаа зоригтой асууж, Еховагийн тухай ойлголтоороо тэдний гайхал бишрэлийг төрүүлж байсан тухай юм (Лук 2:46–49).
12, 13. а) Есүс нас барахынхаа өмнөхөн сүмд юу хийсэн бэ? Түүнд нь хүмүүс яаж хандсан бэ? б) Хүүхдүүдийн магтаалыг Есүс яаж хүлээж авсан бэ?
12 Есүс том болсон хойноо ч Еховаг магтахыг хүүхдүүдэд уриалж байсан. Үхэхээсээ хэдхэн хоногийн өмнө Иерусалимын сүмд очжээ. Тэнд байхдаа «гайхамшигт зүйлс» үйлдсэнийг нь Библид бичсэн байдаг. Тэрбээр уг ариун газрыг дээрэмчдийн үүр болгогсдыг хөөж, сохор, доголон хүмүүсийг эдгээжээ. Тэнд байгсад, ялангуяа, шашны удирдагчид Ехова болон түүний Хүү Мессиаг магтах учиртай байв. Гэвч олон хүн магтаалын ганц ч үг хэлээгүй нь харамсалтай. Есүсийг Бурхан илгээснийг тэд мэдсэн ч шашны удирдагчдаас айдаг байжээ. Гэлээ ч айж хулчийлгүй ярьсан хүмүүс бас байсан юм. Тэдний хэн болохыг мэдэх үү? Библид: «Ахлах тахилч нар, хуулийн багш нар [Есүсийн] үйлдсэн гайхамшигт зүйлсийг болон сүм дотор: „Давидын Хүүд Хосанна!“ гэж хашхиралдах хүүхдүүдийг хараад ихэд дургүйцэн [Есүст]: „Та эдний юу хэлж буйг сонсож байна уу?“ гэв» хэмээн бичжээ (Матай 21:15, 16; Иохан 12:42).
13 Есүс өөрийг нь магтаж буй хүүхдүүдийг дуугүй болгоно гэж тэр тахилчид боджээ. Тэдний бодсоноор болсон уу? Харин ч бүр эсрэгээр болсон! Есүс тэдэнд: «Тийм ээ, „Нялх, хөхүүл хүүхдүүдийн амнаас магтаалыг Та Өөрийнхөө төлөө бэлдсэн“ гэснийг та нар огт уншаагүй юм уу?» гэв. Хүүхдүүд тийн магтахад Есүс болон түүний Эцэгт таатай байсан нь ойлгомжтой. Уг нь тэнд байсан томчууд магтах ёстой байтал хүүхдүүд тийнхүү магтжээ. Нүднийх нь өмнө гайхамшиг үйлдэж, зоригтой бөгөөд итгэлтэй ярьж, Бурхныг болон ард түмнийг нь хайрлаж байгаа энэ хүн бол өөрийгөө «Давидын Хүү», амласан Мессиа гэж нэрлэсэн Есүс гэдэг нь тэр хүүхдүүдэд тодорхой байлаа. Тэд итгэлийнхээ төлөө зөгнөл биелүүлэх хосгүй боломжоор шагнуулсан (Дуулал 8:2).
14. Хүүхдүүд өөртөө байгаа бэлгээ ашиглан, Бурхныг хэрхэн магтдаг вэ?
14 Эдгээр жишээнээс бид юунд суралцаж болох вэ? Хүүхдүүд Еховаг амжилттай магтаж чаддаг. Тэд Библийн үнэнийг тодорхой бөгөөд хурдан ойлгож, итгэл үнэмшлээ чин сэтгэлээсээ, хичээл зүтгэлтэй илэрхийлж чаддаг. Бас тэдэнд өөр нэгэн чадвар байдгийг Сургаалт үгс 20:29-д: «Залуусын алдар суу нь тэдний хүч тэнхээ» хэмээн бичжээ. Тийм ээ, та нарт Еховаг магтахад чухал хэрэгтэй чадал тэнхээ, эрч хүч бий. Эдгээр бэлгээ яаж үр дүнтэй ашиглаж болох вэ?
Еховаг яаж магтах вэ?
15. Еховаг сайн магтахын тулд ямар байх хэрэгтэй вэ?
15 Дургүйд хүчгүй гэдэг. Хэрэв та нар өөрсдөө л хүсэхгүй бол Еховаг олигтой магтаж чадахгүй. «Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзнээ хайрла» гэсэн хамгийн агуу тушаалыг үргэлж санаарай (Матай 22:37). Та нар бусдын шахалт шаардлагагүйгээр Бурхны Үгийг бие даан судалж, Еховатай биечлэн танилцсан уу? Тэгж судалбал Еховаг хайрладаг болдог. Хайртайгаа харуулах сайн арга бол түүнийг магтах явдал юм. Хэрэв та нар үнэхээр их хүсэж байгаа бол Еховаг урам зоригтойгоор магтахад бэлэн байна гэсэн үг.
16, 17. Еховаг магтахад биеэ авч яваа байдал ямар үүрэгтэй вэ? Жишээ татна уу.
16 Юу хэлэх тухай бодохоосоо түрүүлээд биеэ хэрхэн авч явах тухайгаа бодох хэрэгтэй. Елишагийн үед амьдарч байсан израиль охин бүдүүлэг, хүмүүжилгүй, худалч байсан бол арамей эзэд нь түүнийг Еховагийн зөнчийн тухай ярихад сонсох байсан болов уу? Юу л бол. Үүнтэй адил, хэрэв та нар хүмүүжилтэй, үнэнч шударга, биеэ зөв авч явдаг бол хүмүүс үгийг чинь сонсохдоо дуртай байна (Ром 2:21). Жишээ авъя.
17 Португалид 11 настай охиныг сургуулиас зохиох баярт оролцохыг шаарджээ. Гэтэл тэр баяр Библиэр сургасан мөс чанартай нь зөрчилдөж байв. Охин татгалзаж байгаа учраа багшдаа эвтэйхэн тайлбарласан боловч багш нь доог тохуу болгон хүлээн авчээ. Түүнээс хойш тэр багш охиныг болон шашныг нь басамжлан доромжлохыг нэг бус удаа оролджээ. Гэсэн ч охин урьдынхаараа л байж. Хэдэн жилийн дараа, тэр охин байнгын эхлэгч буюу Еховад бүрэн цагаар үйлчилдэг хүн болсон байлаа. Нэг удаа чуулган дээр баптисм хүртэж байгаа хүмүүсийг харж байтал нэг хүн нүдэнд нь тусжээ. Тэр нь өнөөх багш байлаа! Баярын нулимс унагасаар шавьтайгаа тэврэлдэн уулзсан тэр эмэгтэй, биеэ үргэлж хүндлүүштэй авч явдаг байсныг нь ер мартаагүй тухайгаа ярьжээ. Нэг Гэрч эмэгтэйг гэрт нь анх ирэхэд шавийнхаа биеэ хэрхэн авч явдгийг ярьсан байна. Ингээд хичээл заалгахаар болж, эцэст нь Библийн үнэнийг хүлээн авчээ. Тийм ээ, Еховаг магтахад биеэ авч яваа байдал ч маш чухал үүрэгтэй аж!
18. Сургууль дээрээ Библи болон Ехова Бурхны тухай ярихаасаа зовдог бол яах хэрэгтэй вэ?
18 Сургууль дээрээ итгэл үнэмшлийнхээ тухай ярихад хэцүү санагддаг уу? Олон хүүхдэд хэцүү санагддаг. Юутай ч, итгэл үнэмшлийн чинь талаар ангийнхан чинь өөрсдөө асуухаар тийм нөхцөлийг бий болгоорой. Жишээ нь, хуулиар зөвшөөрдөг бол Библид үндэслэсэн ном хэвлэл сургууль дээрээ авч очоод, өдрийн завсарлагаар ч юм уу, эсвэл өөр тохиромжтой үеэр уншиж болохгүй нь юу билээ? Танай ангийнхан юу уншиж байгааг чинь асууж магадгүй шүү дээ. Асуусан асуултад нь хариулан, тэр хэвлэлээс ямар сонирхолтой зүйл мэдэж авснаа ярьж, нэг л мэдэхэд сайхан яриа өрнүүлчихсэн байх вий. Ангийнхаа хүүхдүүдийн үзэл бодлыг мэдэхийн тулд асуулт асуугаарай. Библиэс юу сурч мэдсэнээ хуваалцаж, тэдний ярихыг анхааралтай сонсоорой. 19-р хуудсан дахь жишээнд гардагчлан, олон хүүхэд сургууль дээрээ Бурхныг магтдаг. Ингэснээрээ тэд өөрсдөө баяр баясгалантай болдгийн зэрэгцээ Еховатай танилцахад нь олон хүнд тусалдаг.
19. Хүүхдүүд айлаар дэлгэрүүлэх ажилд яаж илүү амжилттай оролцож болох вэ?
19 Айлаар дэлгэрүүлэх нь Еховаг магтах хамгийн үр дүнтэй арга юм. Хэрэв айлаар дэлгэрүүлэх ажилд оролцож хараахан эхлээгүй байгаа бол ийм зорилго тавьж яагаад болохгүй гэж? Харин оролцдог бол цааш цаашдын зорилгоо тодорхойлж болно биз дээ? Тухайлбал, хүн болгонд адилхан юм хэлэхийн оронд эцэг эх болон туршлагатай итгэл нэгтнүүдээсээ зөвлөгөө авч, оршил үгээ сайжруулаарай. Библиэ чадварлаг ашиглаж, давтан уулзалтыг үр дүнтэй хийж, Библийн хичээл эхэлж сураарай (1 Тимот 4:15). Еховаг хэдийчинээ их магтана, төдийчинээ амжилтад хүрч, дэлгэрүүлэх ажлаасаа баяр баясгалан амсана.
Еховаг хэзээнээс магтаж эхлэх нь зүйтэй вэ?
20. Хүүхдүүд өөрсдийгөө Еховаг магтахад балчирдана гэж бодох хэрэггүйн учир юу вэ?
20 Энэ өгүүллээр авч үзэж байгаа гурван асуултын сүүлчийнх нь хариулт тун энгийн. «Залуу насныхаа өдрүүдэд Бүтээгчээ санагтун» гэж Библид тодорхой хариулсан байдаг (Номлогчийн үгс 12:1). Тийм ээ, Еховаг яг одооноос л магтаж эхлэх хэрэгтэй. «Би Еховаг магтахад арай л балчирдана. Надад туршлага байхгүй. Жаахан том болоодохъё» гэж чи хэлж магад. Гэхдээ ингэж хэлж байгаа анхны хүн чи биш ээ. Жишээ нь, залуу Иеремиа Еховад: «Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй» гэж хэлж байсан. Тэгэхэд нь Ехова түүнд айх юм байхгүйг батлан хэлсэн (Иеремиа 1:6, 7). Бидэнд ч бас Еховаг магтахад айгаад байх юм байхгүй. Бидэнд хэн ч, юу ч хор хөнөөл учруулж чадахгүй (Дуулал 118:6).
21, 22. Еховаг магтдаг хүүхдүүдийг яагаад шүүдэртэй зүйрлэдэг вэ? Энэ зүйрлэл яагаад урам хайрладаг вэ?
21 Тэгэхлээр хүүхдүүд ээ, Еховаг магтахаасаа битгий зовоорой! Өнөөдөр дэлхий даяар явагдаж байгаа хамгийн чухал ажилд та нар залуу байгаа дээрээ оролцох сайхан боломжтой шүү. Ингэх аваас Еховаг магтдаг орчлонт ертөнцийн нэгэн сайхан айлын хүүхэд боллоо гэсэн үг. Ехова та нарыг энэ гэр бүлд багтахад хязгааргүй баярладаг. Дуулалч Еховад хандан: «Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүрийн хэвлийнээс Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ» хэмээн Бурхны онгодонд хөтлүүлэн хэлсэн үгийг анхаараарай (Дуулал 110:3).
22 Өглөөний наранд гялалзах шүүдэр хэчнээн гоё харагддаг билээ? Гялалзан гялтганах тоо томшгүй олон шүүдрийг харахад сэтгэл сэргэмээр. Энэ хэцүү цагт өөрийг нь үнэнчээр магтаж байгаа хүүхдүүд та нарыг Ехова тэгж л хардаг. Еховаг магтах шийдвэр тань түүний зүрхийг баярлуулдаг нь лавтай (Сургаалт үгс 27:11). Тиймээс, хүүхдүүд ээ, Еховаг магтагтун!
Та юу гэж хариулах вэ?
• Еховаг магтах ямар ямар чухал шалтгаан байдаг вэ?
• Хүүхдүүд Еховаг магтаж чаддагийг Библийн ямар ямар жишээ харуулдаг вэ?
• Хүүхдүүд өнөөдөр Еховаг хэрхэн магтаж болох вэ?
• Еховаг хэзээнээс магтаж эхлэх нь зүйтэй вэ? Яагаад?
[Догол мөрийн асуулт]
[Хавсралт]
Сургууль дээрээ Еховаг магтдаг хүүхдүүд
ДЭЛХИЙН өнцөг булан бүрд Еховагийн Гэрч хүүхдүүд үг хэлээрээ ч, биеэ авч явах байдлаараа ч сургууль дээрээ Еховаг магтдаг. Тэдний хичээл зүтгэлийг харуулах хэдэн жишээ үзье.
Грект нэг Гэрч охин агаарын бохирдлын тухай реферат бичих даалгавар авчээ. «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товъёг»-ийн тусламжтайгаар хэрэгтэй материалаа олоод, рефератынхаа төгсгөлд «Сэрцгээ!» сэтгүүлээс авснаа бичжээ. Багш нь түүний ажлыг урьд нь уншиж байсан рефератуудаас хамгийн сайн нь гэж хэлсэн байна. Сүүлд тэр багш семинар дээр уг материалыг ашигласан нь сайн үр дүнд хүрчээ. Тэгэхэд нь Гэрч охин «Багш нар. Тэдэнгүйгээр бид яах байсан бэ?» гэх зэрэг өгүүлэл бүхий хэдэн «Сэрцгээ!» сэтгүүл багшдаа өгөхөөр шийджээ. Багш нь хожим тэр сэтгүүлийг хүүхдүүдэд магтан ярьсанд зарим хүүхэд авч уншихыг хүссэн байна. Гэрч охин янз бүрийн сэдэвтэй нийтлэл бичсэн «Сэрцгээ!» сэтүүлийн олон дугаарыг ангийнхандаа авчирж өгчээ.
Африкийн Бенин улсад нэгэн христиан охин ер бусын хавчлагатай тулгарчээ. Ер нь эцэг эхчүүд хүүхдүүдээ хэцүү хичээлийн шалгалтад бэлдүүлэхийн тулд нийлж байгаад багш хөлсөлдөг байж. Энэ удаад хөлсөлсөн багш нар бямба гаригийн өглөө давтлага хийж байхаар тогтжээ. Гэтэл Гэрч охин: «Бямба гаригийн өглөө манай хурлынхан дэлгэрүүлдэг. Энэ бол миний хувьд долоо хоногийн хамгийн сайхан өдөр. Би үүнийг юугаар ч солихгүй!» гэж хэлсэн байна. Охиноо ганцаараа өсгөн хүмүүжүүлдэг Гэрч аав нь ч бас үүнийг зөвшөөрч, зарим эцэг эх, багшийг цагийн хуваариа өөрчлөхийг ятгасан боловч бүгдээрээ татгалзжээ. Тэгэхлээр нь охин бие даан шалгалтдаа бэлдэхээр шийдэв. Харин бямба гаригт хурлынхантайгаа дэлгэрүүлж байв. Ангийнхан нь түүнийг шоолж, дэлгэрүүлэх ажлаа, Бурхнаа орхиоч гэж хэлдэг байлаа. Түүнийг шалгалтад унана гэдэгт тэд бат итгэлтэй байв. Гэтэл харин ч эсрэгээр болж, багш хөлсөлсөн хүүхдүүд шалгалтдаа унаж, Гэрч охин амжилттай дүн үзүүлэхэд л сая тоглоом шоглоом дуусжээ. Одоо хүүхдүүд түүнд: «Чи Бурхандаа үйлчилсээр байх хэрэгтэй» гэж хэлдэг болсон гэнэ.
Чех улсад 12 настай охин уншсан номоороо илтгэл тавих даалгавар авчээ. Ээж нь түүнд «Нэгэн цагт амьдарч байсан хамгийн агуу хүн» гэдэг ном ашиглахыг зөвлөсөн аж. «Энэ дэлхийн хамгийн агуу хүн хэн бэ? Та нар юу гэж бодож байна вэ?» гэсэн асуултаар охин илтгэлээ эхэлжээ. Тэгээд Есүсийн тухай, дэлхий дээрх амьдралынх нь тухай, зааж байсан сургаалынх нь тухай ярьсан байна. Дараа нь уг номын «Уучлах нь» гэдэг бүлгийг онцлон ярьжээ. Гэтэл багш нь дуу алдаж: «Энэ бол чиний хамгийн сайн илтгэл!» гээд, уг номыг өгөхөд их баярлажээ. Ангийнх нь зарим хүүхэд ч бас ийм ном авчрахыг гуйсан байна. Маргааш нь охин тэр номоос 18-ыг тараажээ.
Ийм хүүхдүүд Еховаг сургууль дээрээ магтан алдаршуулахдаа асар их баяр хөөр болдог. Бүгдээрээ тэдний хичээл зүтгэлийг дуурайцгаая.