Skip to content

Гарчиг руу орох

«Аз жаргалын сайн мэдээг авчирж байна»

«Аз жаргалын сайн мэдээг авчирж байна»

«Аз жаргалын сайн мэдээг авчирж байна»

«Аз жаргалын сайн мэдээг авчирж [буй]... дэлгэрүүлэгчийн хөл нь уулсын дээр ямар үзэсгэлэнтэй вэ!» (ИСАИА 52:7).

1, 2. а) Өдөр бүр ямар аймшигт явдлууд болдог вэ? б) Хүмүүс байнга муу мэдээ сонсоод яадаг вэ?

 ӨНӨӨДӨР дэлхийн хаана ч муу мэдээ тасрахаа больжээ. Радио сонсвол, хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа хөнөөлт өвчний тухай мэдээ хирдхийлгэнэ. Зурагтын мэдээ үзвэл, аврал эрэх өлөн зэлмүүн хүүхдүүдийн дүр зураг нүднээ тусна. Сонин гарчиглавал, бөмбөг дэлбэрсний уршгаар байшин барилга нурж, энгийн номхон ард иргэд амь насаа алдсан тухай нийтэлсэн байна.

2 Тийм ээ, аймшигт явдал өдөр алгасахгүй болж байна. «Энэ ертөнцийн үзэгдэл [муу тал уруугаа] өөрчлөгдөж байгаа» нь илт (1 Коринт 7:31, ШЕ). Зүүн Европын нийгэм, улс төрийн нэгэн сэтгүүлд дэлхий маань тэр чигтээ «мөхлийн ирмэгт тулчихаад байгаа» мэт санагддаг тухай бичжээ. Тэгэхлээр, зовлонд нэрвэгдсэн хүмүүсийн тоо өсөж байгаад гайхах зүйлгүй! АНУ-д телевизийн мэдээний талаар явуулсан судалгаанд хамрагдсан нэг хүн: «Мэдээ үзсэний дараа сэтгэл гүн хямарсан байдаг. Дандаа муу мэдээ. Тэсэхийн арга алга» хэмээн хэлсэн нь олон сая хүний сэтгэлийг илэрхийлсэн гэлтэй.

Хүн бүхний сонсох хэрэгтэй мэдээ

3. а) Библид ямар сайн мэдээ байдаг вэ? б) Таны хувьд Хаанчлалын тухай сайн мэдээ ямар учраас үнэ цэнтэй вэ?

3 Ийм баргар нийгэмд баярт мэдээ байдаг уу? Байлгүй яах вэ! Библид сайн мэдээ байдаг гэхлээр үнэхээр тайтгармаар. Энэ бол өвчин, өлсгөлөн, гэмт хэрэг, дайн хийгээд бүхий л дарлал зовлонг Бурхны Хаанчлал эцэс болгоно гэсэн мэдээ юм (Дуулал 46:9; 72:12). Хүн бүхний сонсох хэрэгтэй мэдээ биш гэж үү? Еховагийн Гэрчүүд тэгж л боддог. Тийм ч учраас Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг бүх үндэстний хүмүүст хүргэх гэж байнга чармайж байдгаараа олонд танил болжээ (Матай 24:14).

4. Энэ болон дараагийн өгүүллээр, дэлгэрүүлэх ажилтай холбоотой ямар ямар асуулт авч үзэх вэ?

4 Тэгвэл, сайн мэдээг хүлээж авахдаа тааруу нутагт ч энэ ажлаа үр дүнтэй хийж, сэтгэл хангалуун байхын тулд яах хэрэгтэй вэ? (Лук 8:15). Дэлгэрүүлэх ажилтай холбоотой гурван чухал асуултыг тоймлон авч үзэх нь тустай. Бид: 1) ямар сэтгэлээр буюу яагаад дэлгэрүүлдэг вэ; 2) ямар мэдээ буюу юуг дэлгэрүүлдэг вэ; 3) ямар арга барилаар буюу яаж дэлгэрүүлдэг вэ? Хэрэв бид зөв сэтгэл өвөрлөн, мэдээгээ ойлгомжтой хүргэхдээ үр дүнтэй арга хэрэглэвэл хамгийн сайн мэдээ буюу Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ сонсох боломжийг олон янзын хүнд өгч чадна. *

Сайн мэдээ дэлгэрүүлдгийн учир

5. а) Дэлгэрүүлэх ажил хийдэг хамгийн гол шалтгаан юу вэ? б) Сайн мэдээ дэлгэрүүлэх тушаалыг биелүүлдэг маань Бурханд хайртайгаа харуулж байгаа хэрэг гэж хэлж болохын учир юу вэ?

5 Одоо эхний асуулт буюу ямар сэтгэлээр дэлгэрүүлдэг тухай ярилцъя. Бид сайн мэдээг яагаад тунхагладаг вэ? Есүс ямар шалтгаанаар дэлгэрүүлдэг байснаа тайлбарлан: «Би Эцгээ хайрладаг» гэж хэлжээ (Иохан 14:31; Дуулал 40:8). Бид ч бас, гол нь Бурханд хайртайдаа дэлгэрүүлэх ажил хийдэг (Матай 22:37, 38). Энэ нарийн уялдааг Библид: «Түүний айлдваруудыг сахих явдал нь Бурхныг хайрлах хайр мөн» хэмээн бичжээ (1 Иохан 5:3, МБОХ, 1996 он; Иохан 14:21). Бурхны айлдварууд гэдэгт «явж, бүх үндэстнийг дагалдагч болгох» тушаал орох уу? (Матай 28:19). Орно. Энэ үгийг Есүс хэлсэн ч, угтаа бол Еховагийн үг юм. Яагаад гэвэл Есүс: «Би Өөрийн санаагаар юуг ч хийдэггүй, харин Эцгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг» гэдгээ хэлсэн (Иохан 8:28; Матай 17:5). Тиймд, бид сайн мэдээ дэлгэрүүлэх тушаалыг биелүүлдэг бол Еховад хайртайгаа харуулж байгаа хэрэг.

6. Бурхныг хайрлах хайр маань сайн мэдээ дэлгэрүүлэх хүслийг хэрхэн төрүүлдэг вэ?

6 Түүнээс гадна, бид Сатаны тараадаг худал хуурмагтай тэмцэхийг хүсдэг учраас Еховаг хайрлах хайрынхаа үүднээс сайн мэдээ дэлгэрүүлдэг (2 Коринт 4:4). Бурхан захирах нь зөв эсэх талаар Сатан маргаан дэгдээсэн (Эхлэл 3:1–5). Еховагийн Гэрчүүд бид Сатаны гүтгэлгийг илчилж, Бурхны нэрийг хүн төрөлхтний өмнө ариусгах ажилд оролцохыг эрмэлздэг (Исаиа 43:10–12). Мөн түүнчлэн, Еховагийн зан чанар хийгээд үйл хэргийг мэддэг болсон учраас дэлгэрүүлдэг. Бид Бурхантай дотно байдгаа, түүний тухай бусдад ярих чин хүсэлтэй байдгаа мэдэрдэг. Үнэндээ, Еховагийн сайн сайхан бүхэн, зөв шударга үйлс бүхэн бидэнд баяр баясгалан авчирдаг учраас түүний тухай байнга ярьдаг (Дуулал 145:7–12). Бурхнаа цаашид ч магтан алдаршуулж, хүмүүст «Түүний давуу чанаруудыг» тунхаглахыг бид хүсдэг (1 Петр 2:9; Исаиа 43:21).

7. Бид Бурхныг хайрлахаас гадна өөр ямар чухал шалтгаанаар дэлгэрүүлэх ажилд оролцдог вэ?

7 Дэлгэрүүлэх ажлаа тасралтгүй хийх бас нэг чухал шалтгаан бий. Муу мэдээнд хайр найргүй бөмбөгдүүлсээр цөхөрсөн, ямар нэг байдлаар зовж шаналсан хүмүүсийг тайтгаруулахыг бид чин сэтгэлээсээ хүсдэг. Ингэж Есүсийг дуурайхыг хичээдэг. Жишээ болгон, «Марк» номын 6-р бүлэгт юу бичсэнийг үзье.

8. «Марк» номын 6-р бүлэгт Есүс хүмүүст ямар сэтгэлээр хандсан гэж бичсэн бэ?

8 Элч нар дэлгэрүүлэх ажлаа дуусгаж ирээд, хийсэн заасан бүхнээ Есүст илтгэдэг. Есүс тэдний ядарсныг хараад, өөртэй нь хамт «жаахан амрахыг» зөвлөсөнд тэд завинд сууж, нам гүм газар уруу явжээ. Ард олон тэдний араас, голын эрэг даган гүйсээр гүйцэж очив. Тэгэхэд Есүс яасан бэ? «Үй олон хүнийг хараад тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв» гэж Библид бичжээ (Марк 6:31–34). Өөрөө ядарч байсан ч, өрөвч сэтгэлдээ хөтлөгдөн сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлэн хийж байв. Есүс тэднийг чин сэтгэлээсээ өрөвдөж байсан нь тодорхой.

9. «Марк» номын 6-р бүлэгт бичсэн зүйлээс дэлгэрүүлэхдээ зөв сэтгэлтэй байх талаар ямар сургамж авч болох вэ?

9 Энэ явдал ямар сургамжтай вэ? Христианууд бид сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ёстойгоо ухамсарладаг. Бурхан «бүх хүнийг аврагдаасай» гэж хүсдэг учраас сайн мэдээ тунхаглах ажил бол бидний үүрэг юм (1 Тимот 2:4). Гэхдээ зөвхөн үүрэг гэсэн үүднээс биш, өрөвдөх сэтгэлдээ хөтлөгдөн энэ ажлаа хийдэг. Хэрэв бид хүмүүсийг Есүс шиг өрөвддөг бол сайн мэдээгээ хүргэсээр байхын төлөө чадах бүхнээ зүрх сэтгэлээсээ хийх болно (Матай 22:39). Ийнхүү зөв сэтгэл өвөрлөвөл сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа зогсолтгүй хийж чадна.

Бидний хүргэдэг мэдээ бол Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ мөн

10, 11. а) Исаиа бидний дэлгэрүүлдэг мэдээг хэрхэн дүрсэлсэн бэ? б) Есүс «аз жаргалын сайн мэдээг» хэрхэн дэлгэрүүлж байсан бэ? Бурхны орчин цагийн үйлчлэгчид Есүсийн жишээг яаж дуурайдаг вэ?

10 Одоо дэлгэрүүлэх ажилтай холбоотой хоёр дахь асуулт буюу хүргэдэг мэдээнийхээ тухай ярилцъя. Бид юуг дэлгэрүүлдэг вэ? Зөнч Исаиа бидний тунхагладаг мэдээг: «Энх амгаланг тунхаглаж, аз жаргалын сайн мэдээг авчран, авралыг зарлаж: „Чиний Бурхан хаанчилна“ гэж Сионд өгүүлэх сайн мэдээг дэлгэрүүлэгчийн хөл нь уулсын дээр ямар үзэсгэлэнтэй вэ!» хэмээн уран гоёор дүрслэн бичжээ (Исаиа 52:7).

11 Энэ зүйлийн, «Чиний Бурхан хаанчилна» гэсэн гол үг бидний тунхаглах ёстой мэдээ буюу Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг сануулдаг (Марк 13:10). Түүнээс гадна, энэ мэдээ маань эерэг сайн утгатайг уг зүйл хэлж өгдөг. Исаиа «аврал», «сайн мэдээ», «энх амгалан», «аз жаргал» гэх зэрэг үг хэрэглэжээ. Исаиагаас хойш олон зууны дараа, МЭ І зуунд Есүс Христ «аз жаргалын» буюу Бурхны Хаанчлал ирэх тухай мэдээг хичээл зүтгэлтэй тунхаглахын сайхан жишээ үзүүлэн, энэ зөгнөлийг яг таг биелүүлсэн (Лук 4:43). Орчин үед, ялангуяа 1919 оноос хойш Еховагийн Гэрчүүд Бурхны Хаанчлал болоод түүний авчрах ивээлийн тухай сайн мэдээг идэвхтэй тунхаглан, Есүсийн жишээг дагасаар ирсэн.

12. Хаанчлалын тухай сайн мэдээг хүлээж авсан хүмүүс ямар ач тус хүртдэг вэ?

12 Хаанчлалын тухай сайн мэдээг хүлээж авсан хүмүүс ямар ач тус хүртдэг вэ? Есүсийн үеийнхтэй адил өнөөдөр ч бас итгэл найдвар, урам зоригтой болдог (Ром 12:12; 15:4). Чин сэтгэлтэй хүмүүс сайхан амьдрал өмнө нь хүлээж буйд итгэх баттай шалтгааныг сурч мэдээд, ирээдүйдээ итгэлтэй болдог (Матай 6:9, 10; 2 Петр 3:13). Ийм итгэл найдварын ачаар Бурхнаас эмээдэг хүмүүс өөдрөг сэтгэлээ хэвээр хадгалж чаддаг. Дуулалч тэднийг «муу мэдээнээс айхгүй» гэж бичжээ (Дуулал 112:1, 7).

«Шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээх» мэдээ

13. Сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн тэр даруй хүртэх ач тусын талаар зөнч Исаиа юу гэж бичсэн бэ?

13 Түүнээс гадна, бидний хүргэдэг сайн мэдээг сонссон хүмүүс тэр дороо тайвширч, ач тус хүртдэг. Ямар? Исаиа тэр тухай: «Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна. Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд, мөн ЭЗЭНий тааламжит жил, бидний Бурхны өшөө авах өдрийг тунхаглан, бүх гашуудагсдыг тайвшруулахын [тулд илгээсэн юм]» хэмээн зөгнөн бичжээ (Исаиа 61:1, 2; Лук 4:16–21).

14. а) «Шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээнэ» гэсэн үг Хаанчлалын тухай сайн мэдээний талаар юу ойлгуулдаг вэ? б) Бид «шаналсан зүрхтэй хүмүүст» Еховагийн халамжийг хэрхэн үзүүлж болох вэ?

14 Энэ зөгнөлд бичсэнээр, Есүс сайн мэдээ дэлгэрүүлж, «шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээх» учиртай байв. Исаиа үүнийг хэчнээн яруу тодоор дүрсэлж вэ! Библийн нэгэн тайлбар тольд, «эдгээх» гэж орчуулсан еврей үгийг «боолтоор боох, эмээр эмнэх, шархыг анагаах гэх зэргийг илэрхийлэхэд хэрэглэх нь олонтаа» гэж бичжээ. Өвчтөнийг асарч, шархыг нь боох юм уу жин тавивал шарх хурдан аньдаг. Түүн лүгээ адил, ямар нэг шалтгаанаар зовж шаналж буй хүмүүс дэлгэрүүлэгчдийн тунхагласан Хаанчлалын тухай мэдээг хүлээн аваад сэтгэлийн тэнхээтэй болдог. Тийнхүү бид тусламж хэрэгтэй хүмүүсийг тэнхрүүлэн Еховагийн халамжийг үзүүлдэг (Езекиел 34:15, 16). Дуулалч Бурхны талаар: «Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, тэдний шархыг боодог» хэмээн бичжээ (Дуулал 147:3).

Хаанчлалын тухай мэдээ хүмүүсийг өөрчилдөг

15, 16. Хаанчлалын тухай мэдээ хүмүүст дэмжлэг болж, сэтгэлийн тэнхээ өгдгийг харуулах ямар ямар бодит жишээ байна вэ?

15 Хаанчлалын тухай мэдээ шаналсан зүрхтэй хүмүүсийг үнэхээр тайвшруулж, сэтгэлийн тэнхээ өгдгийг харуулах бодит жишээ олныг дурдаж болно. Үүнээс нэгийг авч үзье. Өмнөд Америкт амьдардаг Ореанна гэдэг настай эмэгтэй амьд явах хүсэлгүй болсон байжээ. Гэтэл Еховагийн Гэрч тэднийд очиж, Библи болон «Библийн тухай өгүүлдэг миний ном» *-оос уншиж өгдөг болов. Сэтгэл нь хямарсан тэр эмэгтэй эхэн үед орондоо хэвтээд, нүдээ анин, үе үе санаа алдан сонсдог байлаа. Гэвч удалгүй өндийж суугаад сонсдог болов. Хэсэг хугацаа өнгөрөхөд, унтлагын өрөөнийхөө сандал дээр суугаад, Библийн багшаа ирэхийг хүлээдэг болжээ. Хожмоо Хаанчлалын танхимд очиж эхэлжээ. Цуглаан дээр сурч мэдсэн зүйлдээ урамшсан тэрбээр гэрийнх нь хажуугаар өнгөрөх хүн бүрд Библид үндэслэсэн хэвлэл өгдөг болсон байна. Ингээд 93 насандаа баптисм хүртэж, Еховагийн Гэрч болжээ. Ореанна Хаанчлалын тухай мэдээний ачаар амьдралыг өөдрөгөөр харах болсон юм (Сургаалт үгс 15:30; 16:24).

16 Хүнд өвчний улмаас удаан амьдрах найдваргүй болсноо мэддэг хүмүүсийг ч Хаанчлалын тухай мэдээ асар их тайвшруулдаг. Баруун Европт аж төрдөг Мариагийн жишээг үзье. Эдгэшгүй өвчиндөө шаналан, ямар ч найдваргүй болсон тэр эмэгтэй Еховагийн Гэрчүүдтэй уулзахдаа сэтгэлийн гүн хямралд орсон байжээ. Гэсэн ч Бурхны санаа зорилгыг мэдээд амьдрал нь дахин утга учиртай болов. Тэрбээр баптисм хүртэж, дэлгэрүүлэх ажлыг идэвх зүтгэлтэй хийдэг болжээ. Амьдралынх нь сүүлчийн хоёр жилд нүд нь итгэл найдвар, баяр хөөрийн очоор гялалзаж байсан юм. Мариа дахин амилна гэсэн бат итгэлтэйгээр нас баржээ (Ром 8:38, 39).

17. а) Хаанчлалын тухай мэдээг хүлээн авсан хүмүүсийн амьдрал яаж өөрчлөгддөг вэ? б) Ехова «сөхөрсөн бүхнийг босгодгийг» та биеэрээ хэрхэн үзсэн бэ?

17 Хаанчлалын тухай мэдээ Библийн үнэнийг мэдэхийг хүсэн тэмүүлдэг хүмүүсийн амьдралыг өөрчилж чаддагийг эдгээр жишээ харуулдаг. Хайрт хүмүүсээ үхэлд алдан гашуудаж буй хүмүүс дахин амилах найдварын тухай мэдээд шинэ эрч хүчтэй болдог (1 Тесалоник 4:13). Ядуу зүдүү амьдралтай, гэрийнхнээ хоосон хонуулахгүйн төлөө зүтгэж явдаг хүмүүс Еховад үнэнч байвал хэзээ ч орхигдохгүйгээ мэдэхлээрээ урам зориг орж, өөрийгөө дахин хүндэтгэж эхэлдэг (Дуулал 37:28). Олон хүн Еховагийн тусламжтайгаар сэтгэлийн хямралаа давах хүчийг аажим аажмаар авч, зарим нь бүр өвчнөө ч ялж чаддаг (Дуулал 40:1, 2). Яг одоо Ехова Үгийнхээ хүчээр «сөхөрсөн бүхнийг босгож» байна (Дуулал 145:14). Хаанчлалын тухай сайн мэдээ «эмтэрсэн» зүрхтэй христианууд болон бусад хүнийг хэрхэн тайвшруулахыг харах тоолонд, хамгийн сайн мэдээ бидэнд байгаа нь улам бүр мэдрэгддэг юм! (Дуулал 51:17).

«Тэдний төлөө Бурханд хандах миний залбирал»

18. Ихэнх иудейчүүд сайн мэдээг хүлээж аваагүй нь Паулд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? Яагаад?

18 Бид хамгийн сайн мэдээ хүргэдэг атал олон хүн сонсохыг ч хүсдэггүй. Ийм үед бидэнд элч Паулынхтай адил сэтгэгдэл төрдөг. Тэрбээр олон удаа иудейчүүдэд дэлгэрүүлсэн ч ихэнх нь авралын мэдээг нь хүлээж аваагүй юм. Үүнд Паул ихэд харамсаж: «Зүрх сэтгэлд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуурь байна» хэмээн хэлжээ (Ром 9:2). Паул иудейчүүдийг туйлаас өрөвдөж, сайн мэдээг хүлээж аваагүйд нь гутарч байсан.

19. а) Заримдаа урам хугардагт яагаад гайхах хэрэггүй вэ? б) Дэлгэрүүлэх ажлаа зогсолтгүй хийхэд нь Паулд юу тусалсан бэ?

19 Бид ч бас өрөвдөх сэтгэлийн үүднээс сайн мэдээ дэлгэрүүлдэг. Тиймдээ ч, Хаанчлалын тухай мэдээг олон хүн хүлээж авахгүй байгаад урам хугардаг. Энэ нь хүмүүсийн сүнслэг сайн сайханд үнэн голоосоо санаа тавьж буйн илрэл юм. Гэвч бид элч Паулыг санах хэрэгтэй. Дэлгэрүүлэх ажлаа зогсолтгүй хийхэд нь түүнд юу тус болсон бэ? Иудейчүүдийг сайн мэдээ хүлээж аваагүйд харамсан гашуудаж, зүрх нь шимширч байсан ч тэдэнд туслах ямар ч аргагүй гэж бодолгүй, дэлгэрүүлсээр байсан. Тэрбээр Христийг хүлээн зөвшөөрөх хүмүүс тэдний дунд байгаа гэдэгт итгэж байсан. Тийм ч учраас иудей хүн бүрийн төлөө ямар сэтгэлтэй байдгаа: «Миний зүрх сэтгэлийн хүсэл болон тэдний төлөө Бурханд хандах миний залбирал нь тэдний аврал билээ» хэмээн бичжээ (Ром 10:1).

20, 21. а) Дэлгэрүүлэх ажилдаа Паулын жишээг хэрхэн дуурайж болох вэ? б) Дараагийн өгүүллээр дэлгэрүүлэх ажилтай холбоотой ямар асуулт авч үзэх вэ?

20 Паулын онцолсон хоёр зүйлийг анхааръя. Тэрбээр бүгд биш юм гэхэд зарим нь ч атугай аврагдаасай хэмээн зүрх сэтгэлээсээ хүсэж, энэ талаар Бурхнаас гуйн залбирдаг байсан. Өнөө цагт бид ч гэсэн, Паулын нэгэн адил, сайн мэдээнд зөв хандлагатай хүнийг олох чинхүү хүсэлтэйн дээр тийм хүмүүсийг олж, авралын замаар явахад нь туслахын тулд Еховад байнга залбирдаг (Сургаалт үгс 11:30; Езекиел 33:11; Иохан 6:44).

21 Гэхдээ аль болох олон хүнд Хаанчлалын тухай мэдээ хүргэхийн тулд юуг, яагаад дэлгэрүүлэх вэ? гэдгээс гадна яаж дэлгэрүүлэх талаар анхаарах нь зүйтэй. Дараагийн өгүүллээр энэ тухай үзье.

[Зүүлт]

^ Энэ өгүүллээр эхний хоёр асуултыг үзнэ. Дараагийн өгүүллээр гурав дахийг хэлэлцэнэ.

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.

Та юу мэдэж авсан бэ?

• Бид ямар ямар шалтгаанаар дэлгэрүүлэх ажил хийдэг вэ?

• Бидний дэлгэрүүлдэг гол мэдээ юу вэ?

• Хаанчлалын тухай мэдээг хүлээж авсан хүмүүс ямар ямар ач тус хүртдэг вэ?

• Дэлгэрүүлэх ажлаа зогсолтгүй хийхэд юу туслах вэ?

[Догол мөрийн асуулт]