Skip to content

Гарчиг руу орох

Бүх үндэстний хүмүүст зориулсан сайн мэдээ

Бүх үндэстний хүмүүст зориулсан сайн мэдээ

Бүх үндэстний хүмүүст зориулсан сайн мэдээ

«Та нар... энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» (ҮЙЛС 1:8).

1. Библийн багш нар бид юуг анхаардаг вэ? Яагаад?

 САЙН багш шавь нартаа юу хэлэхээ анхаарахаас гадна яаж заахаа бас боддог. Библийн үнэнийг заадаг багш нар бид ч мөн ялгаагүй. Дэлгэрүүлдэг мэдээ, заах аргаа аль алийг нь анхаардаг. Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ өөрчлөгддөггүй ч, бид дэлгэрүүлдэг арга барилаа өөрчлөн шинэчилж байдаг. Мэдээгээ аль болох олон хүнд хүргэх гэсэндээ тэр юм.

2. Дэлгэрүүлэх арга барилаа өөрчлөн шинэчилдэг маань хэнийг дуурайж буй хэрэг вэ?

2 Бид, Бурхны эртний үйлчлэгчдийн нэгэн адил, дэлгэрүүлэх аргаа өөрчлөн шинэчилдэг. Элч Паулын жишээг авч үзье. Тэрбээр: «Би иудейчүүдэд иудей хүн адил, ...хуульгүй хүмүүст хуульгүй хүн адил, мөхөс хүмүүсийг талдаа оруулахын тулд би мөхөс хүмүүст мөхөс хүн адил болсон юм. Яалаа ч гэсэн заримыг нь аврахын тулд бүх хүнд би бүх юм болж байлаа» гэж хэлжээ (1 Коринт 9:19–23). Паул хүмүүст тийнхүү уян хатан хандаж, үр өгөөжтэй дэлгэрүүлдэг байсан. Бид ч бас ярилцаж буй хүнийхээ хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад тохируулж хэлэх үгээ өөрчилбөл үр дүнд хүрнэ.

«Дэлхийн бүх хязгаар» хүртэл

3. а) Сайн мэдээ дэлгэрүүлэгчдэд тулгардаг нэг хэцүү даваа юу вэ? б) Исаиа 45:22 өнөөдөр хэрхэн биелж байна вэ?

3 Сайн мэдээ дэлгэрүүлэгчдийн хувьд нэг амаргүй даваа бол ажлынхаа цар хүрээг «дэлхий даяар» тэлэх явдал юм (Матай 24:14). Өнгөрсөн зуунд Еховагийн олон үйлчлэгч сайн мэдээ түгээн дэлгэрүүлэхийн тулд нэлээд их хөлс хүч гаргаж байж шинэ шинэ газар оронд очиж байв. Энэ нь гайхалтай үр дүнд хүрч, дэлгэрүүлэх ажил дэлхий даяар явагдах болсон. ХХ зууны эхээр цөөн хэдэн оронд сайн мэдээ хүрч байсан бол, одоо Еховагийн Гэрчүүд 235 оронд идэвхийлэн дэлгэрүүлж байна! Тийм ээ, Хаанчлалын тухай сайн мэдээ «дэлхийн бүх хязгаар» хүртэл тунхаглагдаж байна (Исаиа 45:22).

4, 5. а) Сайн мэдээг түгээн дэлгэрүүлэхэд хэн чухал үүрэг гүйцэтгэдэг вэ? б) Харьяа нутаг дэвсгэрт нь үйлчлэхээр хилийн чанадаас ирсэн Гэрчүүдийн талаар зарим салбар юу гэж дүгнэсэн бэ?

4 Юу ийм ахиц дэвшилд хүргэв? Олон шалтгаан бий. «Гилеад» сургуулийг төгсгөсөн олон миссионерээс гадна, хожуу байгуулагдсан Үйлчлэл дээшлүүлэх сургуулийн 20 000 гаруй төгсөгч дэлгэрүүлэх ажилд асар их хувь нэмэр оруулж байна. Дэлгэрүүлэгч шаардлагатай орнуудад хувийнхаа зардлаар нүүж очсон Гэрч ч олон бий. Өөрийгөө золиослох сэтгэлгээтэй эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, гэр бүлтэй гэр бүлгүй ийм христианууд Хаанчлалын тухай мэдээг дэлхий дахинаа тунхаглахад асар их үүрэг гүйцэтгэж байна (Дуулал 110:3; Ром 10:18). Тэдний зүтгэлийг үнэлж баршгүй. Дэлгэрүүлэгч ихээр шаардлагатай орнуудад үйлчлэхээр хилийн чанадаас ирсэн Гэрчүүдийн талаар, тухайн нутаг дэвсгэрийг хариуцдаг зарим салбараас ирүүлсэн захидалд юу гэж бичсэнийг үзье.

5 «Эрхэм хайртай эдгээр ах эгч маань алс хязгаар нутагт дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцож, шинэ хурлуудыг үүсгэн байгуулалцаж, нутгийн Гэрчүүдийг сүнслэгээр өсөхөд их тус нэмэр болж байна» (Эквадор). «Манай хурлуудыг дэмжиж, бэхжүүлж байдаг гадаадын хэдэн зуун ах эгчийнхээ ачаар бид өдий зэрэгтэй явна. Тэдэнтэй хамт үйлчилдэг маань бидний хувьд их ивээл юм даа» (Доминикан улс). «Манай олон хуралд дийлэнх хувийг эгч нар эзэлдэг. Бүр 70 хувийг эзлэх нь ч бий (Дуулал 68:11). Тэдний ихэнх нь шинэхэн Гэрчүүд байдаг. Хилийн чанадаас ирсэн ганц бие, эхлэгч эгч нар тийм хүмүүст зааж сурган, үнэлж баршгүй тусламж үзүүлдэг. Гадаадын энэ эгч нар маань бидэндээ жинхэнэ бэлэг юм!» (Зүүн Европын нэг улс). Тэгвэл та өөр газар үйлчлэх тухай бодож үзсэн үү? * (Үйлс 16:9, 10).

«Бүх хэлтнээс арван хүн»

6. Дэлгэрүүлэхэд тулгардаг хэлний бэрхшээлийн талаар Зехариа 8:23 юу хэлдэг вэ?

6 Сайн мэдээ дэлгэрүүлэхэд бас нэг амаргүй даваа байдаг нь дэлхийн олон хэл юм. Бурхны үгэнд: «Тэр өдрүүдэд үндэстнүүдийн бүх хэлтнээс арван хүн: „Бид та нартай хамт явна. Учир нь Бурхан та нартай хамт байдаг гэж бид сонссон“ хэмээн, нэг иудей хүний хувцаснаас зуурна» гэж зөгнөжээ (Зехариа 8:23, ШЕ). Энэ зөгнөл орчин үед биелж байгаа бөгөөд «арван хүн» нь Илчлэлт 7:9-д бичсэн «үй олон хүнийг» бэлэгддэг. Гэхдээ, Зехариагийн зөгнөлд бичсэнээр, тэр «арван хүн» бүх үндэстний төдийгүй, «үндэстнүүдийн бүх хэлтний» хүмүүс байх ажээ. Ингэж нарийн бичсэн энэ зөгнөл үнэхээр биелж байна уу? Тэгэлгүй яах вэ, биелж байна.

7. «Бүх хэлтний» хүмүүст сайн мэдээ хүрч байгааг тоо баримт хэрхэн харуулдаг вэ?

7 Тоо баримт үзье. Тавин жилийн өмнө манай ном хэвлэл 90 хэлээр гардаг байв. Тэгвэл өнөөдөр энэ тоо 400 давжээ. «Итгэмжит, ухаалаг боол» харьцангуй цөөхөн хүний ярьдаг зарим хэлээр ч хэвлэл гаргахын тулд чадах бүхнээ хийдэг (Матай 24:45). Тухайлбал, Нийгэмлэгийн ном хэвлэл эдүгээ гренландын эскимос (47 000 хүн ярьдаг), палау (15 000 хүн ярьдаг), яп (7 000 хүрэхгүй хүн ярьдаг) хэлээр хэвлэгддэг болсон.

«Үлэмж том хаалга» нээгдэж, шинэ шинэ боломж гарсан нь

8, 9. Юуны ачаар «үлэмж том хаалга» нээгдсэн бэ? Олон мянган Гэрч үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

8 Гэхдээ «бүх хэлтний» хүмүүстэй сайн мэдээгээ хуваалцахын тулд заавал хилийн чанадад очих албагүй. Сүүлийн жилүүдэд, дүрвэгсэд болон цагаач иргэд өндөр хөгжилтэй орнуудад олноороо ирж суурьшин, олон хэлийн хүмүүс аж төрдөг хорооллуудыг шинээр бий болгож байна. Тухайлбал, Франц улсын нийслэл Парис хотод 100 шахам, Канадын Торонто хотод 125, Английн Лондон хотод 300 хэлээр ярьдаг хүмүүсийн хорооллууд бий! Ийнхүү гадаад орнуудаас хүмүүс ирж байгаа нь олон хуралд «үлэмж том хаалгыг» нээж, бүх үндэстний хүмүүст сайн мэдээ хүргэх шинэ шинэ боломж бүрдүүлж байна (1 Коринт 16:9).

9 Тийм хүмүүст дэлгэрүүлэхийн тулд мянга мянган Гэрч гадаад хэл сурах зорилго өмнөө тавьжээ. Ихэнхэд нь хэцүү бэрх байсан ч, шамдан сурсныхаа ачаар цагаачид болон дүрвэгсдэд Бурхны Үгийн үнэнийг мэдэхэд нь чадлынхаа хэрээр тусалж, баяр баясгалан эдэлдэг. Саявтархан, Баруун Европын нэгэн оронд болсон мужийн чуулганд баптисм хүртэгсдийн 40 орчим хувь нь гадаад хүмүүс байжээ.

10. Та «Бүх үндэстний хүмүүст зориулсан сайн мэдээ» товхимлыг яаж ашигладаг вэ? (10-р хуудсанд нийтэлсэн «„Бүх үндэстний хүмүүст зориулсан сайн мэдээ“ товхимлын онцлог талууд» гэсэн хавсралтыг үзнэ үү.)

10 Бид бүгдээрээ гадаад хэл сурах боломжгүй нь үнэн. Гэсэн хэдий ч, сэтгэл хөдөлгөм Библийн мэдээг олон хэлээр бичсэн «Бүх үндэстний хүмүүст зориулсан сайн мэдээ» * гэдэг шинэ товхимлыг үр дүнтэй ашиглаж, гадаадын хүмүүст тусалж болно (Иохан 4:37). Та дэлгэрүүлэх ажилдаа энэ товхимлыг ашигладаг уу?

Хүмүүс сайн мэдээ хүлээж авдаггүй бол...

11. Зарим газар өөр ямар бэрхшээл гардаг вэ?

11 Сатаны нөлөө ихсэхийн хирээр гардаг болсон нэг бэрхшээл бол зарим газар хүмүүс сайн мэдээг хүлээж авах нь ховор байдаг явдал юм. Ийм юм болно гэдгийг Есүс урьдаас хэлсэн учраас үүнд бид гайхдаггүй. Тэрбээр өнөө үеийн тухай: «Олонх хүний хайр хөрнө» хэмээн зөгнөсөн (Матай 24:12). Үнэхээр ч, Бурханд итгэх, Библийг хүндэтгэх хүмүүсийн тоо цөөрчээ (2 Петр 3:3, 4). Тийм болохоор, дэлхийн зарим хэсэгт харьцангуй цөөхөн хүн Христийн шавь болдог. Гэхдээ тийм газар үнэнчээр үйлчилдэг итгэл нэгтнүүдийн маань хөдөлмөр талаар болдог гэсэн үг биш ээ (Еврей 6:10). Үүний учрыг одоо ярилцъя.

12. Дэлгэрүүлэх ажил маань ямар хоёр зорилготой вэ?

12 «Матай» номд бидний дэлгэрүүлэх ажлын хоёр гол зорилгыг онцолдог. Эхнийх нь хүмүүсийг «[Есүсийн] дагалдагч болгох» (Матай 28:19). Хоёр дахь нь Хаанчлалын тухай мэдээ «гэрчлэл» болох учиртай (Матай 24:14). Эдгээр зорилгын аль аль нь чухал боловч хоёр дахь нь онцгой ач холбогдолтой. Яагаад тэр вэ?

13, 14. а) Христийн залран байх үеийн шинж тэмдгийн нэг чухал онцлог юу вэ? б) Хүмүүс нь сайн мэдээг хүлээж авахдаа тааруу нутагт дэлгэрүүлэхдээ юуг санаж явах хэрэгтэй вэ?

13 Элч нар нь Есүсээс: «Таны залран байх хийгээд эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлийн үед ямар шинж тэмдэг байх вэ?» гэж асуусныг Библи бичигч Матай тэмдэглэн үлдээжээ (Матай 24:3, ШЕ). Энэ асуултад Есүс, дэлхийг хамарсан дэлгэрүүлэх ажлыг уг шинж тэмдгийн нэг гол онцлог болно гэж хариулсан. Ингэхдээ дагалдагч буюу шавь бэлдэх тухай хэлсэн үү? Үгүй. Харин: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана» гэж хэлсэн (Матай 24:14). Үүгээрээ Есүс, Хаанчлалыг тунхаглах ажил өөрөө уг шинж тэмдгийн нэг чухал онцлог байх юм гэдгийг харуулсан.

14 Тийм учраас бид шавь бэлдэх талаар амжилт олохгүй байлаа ч Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж байгаа маань «гэрчлэл» болдгийг санаж явдаг. Хүмүүс сайн мэдээг яаж ч хүлээж авсан, бидний юу хийж байгааг мэддэг. Ийнхүү бид Есүсийн зөгнөл биелэхэд хувь нэмрээ оруулдаг (Исаиа 52:7; Илчлэлт 14:6, 7). Баруун Европт амьдардаг Жорди гэдэг Гэрч залуу: «Ехова Матай 24:14-ийн зөгнөлийг биелүүлэхдээ намайг оролцуулж байгаа гэж бодохлоор үнэхээр баяртай байна» гэж хэлсэн юм (2 Коринт 2:15–17). Та ч бас баяртай байдаг биз ээ.

Мэдээг маань эсэргүүцдэг бол...

15. а) Есүс дагалдагчдадаа юуг урьдчилан анхааруулсан бэ? б) Эсэргүүцлийг үл хайхран дэлгэрүүлэх ажлаа зогсолтгүй хийхэд юу тусалдаг вэ?

15 Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхэд гардаг өөр нэг бэрхшээл бол дайсагнасан хандлага юм. Есүс дагалдагчдадаа: «Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно» гэж урьдчилан анхааруулсан байдаг (Матай 24:9). Есүсийн орчин үеийн дагалдагчдыг ч бас эртний христиануудын адил үзэн ядаж, эсэргүүцэж, хавчдаг (Үйлс 5:17, 18, 40; 2 Тимот 3:12; Илчлэлт 12:12, 17). Зарим оронд төр засгаас манай үйл ажиллагаанд хориг тавьдаг. Гэсэн ч жинхэнэ христианууд Бурхандаа захирагддаг учраас Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажлаа зогсоодоггүй (Амос 3:8; Үйлс 5:29; 1 Петр 2:21). Тэд бусад орны Гэрчүүдийн адил Еховагаас ариун сүнсний хүч авдаг (Зехариа 4:6; Ефес 3:16; 2 Тимот 4:17).

16. Есүс Бурхны сүнс, дэлгэрүүлэх ажил хоёр нягт уялдаатайг хэрхэн харуулсан бэ?

16 Есүс дагалдагчдадаа: «Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд... энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» хэмээн хэлэхдээ Бурхны сүнс, дэлгэрүүлэх ажил хоёр нягт уялдаатайг онцолсон (Үйлс 1:8; Илчлэлт 22:17). Энэ зүйлд бичсэн үйл явдлын дэс дараа их чухал ач холбогдолтой. Есүсийн шавь нар эхлээд ариун сүнс аваад, дараа нь дэлхийг хамарсан дэлгэрүүлэх ажил хийх учиртай байсан. Тэд Бурхны ариун сүнсний тусламжтайгаар л «бүх үндэстэнд гэрчлэх» хүчийг авсан (Матай 24:13, 14; Исаиа 61:1, 2). Тэгэхлээр, Есүс ариун сүнсийг «туслагч» гэж нэрлэсэн нь тун оновчтой юм (Иохан 15:26). Бурхны сүнс шавь нарыг нь сургаж, удирдана гэдгийг Есүс хэлж байсан (Иохан 14:16, 26; 16:13).

17. Ширүүн эсэргүүцэлтэй тулгарахад ариун сүнс бидэнд хэрхэн тусалдаг вэ?

17 Сайн мэдээ дэлгэрүүлж яваад ширүүн эсэргүүцэлтэй тулгарахад Бурхны сүнс бидэнд яаж тусалдаг вэ? Хүч өгдөг. Харин биднийг хавчдаг хүмүүсийг эсэргүүцдэг. Үүнийг ойлгохын тулд Саул хааны амьдралд тохиолдсон нэг явдлыг авч үзье.

Бурхны сүнс эсэргүүцэгч болсон нь

18. а) Саулын хэрэг явдал хэрхэн буруугаар эргэсэн бэ? б) Саул Давидыг яаж хавчдаг байсан бэ?

18 Саул Израилийн анхны хаан болох гараагаа амжилттай эхэлсэн ч сүүлдээ Еховад дуулгаваргүй болжээ (1 Самуел 10:1, 24; 11:14, 15; 15:17–23). Үүний уршгаар Бурхны сүнс хааныг дэмжихээ больсон. Тэрбээр, дараагийн хаанаар тослогдож, Бурхны сүнсний тусламжийг авах болсон Давидад галзууртлаа уурладаг болов (1 Самуел 16:1, 13, 14). Гартаа жадтай түүнд босоо ятганаас өөр зэвсэггүй Давидыг хорлоход амархан байлаа. Нэгэн өдөр хаан босоо ятга тоглож суусан Давидыг «„Хананд хадъя“ гэж бодоод тэр жадыг шидэв. Гэтэл Давид түүнээс хоёр удаа зайлав» (1 Самуел 18:10, 11). Хожим нь Саул Давидын анд, өөрийн хүү Ионатаны үгэнд орж, «ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Тэр алуулагдахгүй» гэж хэлдэг. Гэсэн ч дараа нь бас л «жадаар Давидыг хананд хадах» гэдэг. Харин Давид «Саулаас биеэ зайлуулсанд Саулын жад хананд зоогдов». Давид оргон зайлсан боловч Саул араас нь нэхдэг. Энэ эгзэгтэй үед Бурхны сүнс Саулыг эсэргүүцэгч болсон юм. Яаж? (1 Самуел 19:6, 10).

19. Бурхны сүнс Давидыг яаж хамгаалсан бэ?

19 Давидыг зөнч Самуел уруу зугтсанд Саул түүнийг бариулахаар хүмүүсээ явуулжээ. Тэд Давидын нуугдсан газрыг олж очсон боловч «Бурхны Сүнс Саулын элч нарт ирэхэд тэд... эш үзүүлж», зөнчид шиг болов. Тэд ямар зорилгоор ирснээ ор тас мартталаа Бурхны сүнсний нөлөөнд автсан байлаа. Саул дахин хоёр удаа Давид уруу хүмүүсээ явуулахад урьдын явдал давтагджээ. Эцэст нь хаан өөрөө Давидыг барихаар очдог ч Бурхны сүнсийг эсэргүүцэх ямар ч чадваргүй байв. Учир нь, ариун сүнс Саулыг «өдөржин шөнөжин» хөдөлгөөнгүй барьж, Давидад зугтах боломж олгосон ажээ (1 Самуел 19:20–24).

20. Саулын Давидыг хавчиж байсан явдлаас бид ямар сургамж авдаг вэ?

20 Бурхны үйлчлэгчдийг хавчигчид ариун сүнсийг эсэргүүцээд амжилт олохгүй гэсэн чухал үнэнийг Саул Давид хоёрт тохиолдсон энэ явдал бидэнд хэлж өгдөг (Дуулал 46:11; 125:2). Ехова Давидыг Израилийн хаан болгох зорилготой байсан. Үүнийг нь хэн ч өөрчилж чадаагүй. Тэгвэл өнөө үед «Хаанчлалын энэхүү сайн мэдээ... тунхаглагдах» тухай Еховагийн санаа зорилгод хэн ч саад болж чадахгүй (Үйлс 5:40, 42).

21. а) Зарим эсэргүүцэгч яадаг вэ? б) Бид юунд итгэлтэй байдаг вэ?

21 Төр, шашны зарим удирдагч бидэнд саад хийхийн тулд худал хуурмагийг ашиглаж, тэр ч байтугай хүч хэрэглэхийг оролддог. Гэвч Ехова Давидыг сүнслэгээр хамгаалж байсан шигээ орчин үеийн ард түмнээ ч бас хамгаална (Малахи 3:6). Тиймд бид Давидын адил: «Бурханд би итгэлээ өгсөн бөгөөд би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?» хэмээн итгэлтэйгээр хэлдэг (Дуулал 56:11; 121:1–8; Ром 8:31). Алив саад бэрхшээлийг Еховагийн тусламжтайгаар даван туулж, Хаанчлалын тухай сайн мэдээг бүх үндэстний хүмүүст тунхагла хэмээн Бурхныхаа өгсөн даалгаврыг үргэлж биелүүлцгээе.

[Зүүлт]

^ 10-р хуудсан дахь «Тэд сэтгэл хангалуун байдаг» гэсэн гарчигтай хавсралтыг үзнэ үү.

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.

Та санаж байна уу?

• Бид ямар учраас дэлгэрүүлэх аргаа өөрчлөн шинэчилдэг вэ?

• «Үлэмж том хаалга» нээгдсэнээр ямар ямар шинэ боломж гарсан бэ?

• Хүмүүс нь сайн мэдээг хүлээж авахдаа тааруу нутагт дэлгэрүүлэхдээ юуг санаж явах хэрэгтэй вэ?

• Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг нэг ч эсэргүүцэгч зогсоож чаддаггүйн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[9-р хуудасны хавсралт]

Тэд сэтгэл хангалуун байдаг

«Тэд Еховад хамтдаа баяр хөөртэй үйлчилж байна». Испаниас Боливид нүүж очсон нэгэн айлын тухай ингэж бичжээ. Тэдний нэг хүү анх Боливи улсын алс бөглүү нутагт байдаг бүлэгт туслахаар очсон аж. Хүүгийнхээ хэчнээн баяртай байгааг харсан эцэг эх нь 14—25 насны дөрвөн хүүтэйгээ, халуун ам бүлээрээ тэнд үйлчлэх болжээ. Одоо тэдний гурван хүү эхлэгчээр үйлчилж байгаа ба анх очсон хүү нь саяхан Үйлчлэл дээшлүүлэх сургууль төгссөн байна.

«Бэрхшээл их гардаг. Гэхдээ би дэлгэрүүлэх ажил хийж, хүмүүст тусалж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Бас туслахаар ирсэнд минь үргэлж баярладаг нутгийн Гэрчүүдийн талархлын үгэнд сэтгэл хөдөлдөг юм» хэмээн Канадаас Зүүн Европт ирж үйлчилж байгаа 30 настай Анжелика гэдэг бүсгүй ярьсан байна.

«Ирсэн газрынхаа ахуй амьдралд дасахын тулд их олон юм сурах хэрэгтэй болсон. Гэлээ ч бид цөхрөөгүй. Биднээр Библийн хичээл заалгадаг 7 хүн одоо цуглаанд ирдэг болсон» гэж АНУ-аас Доминикан улсад очиж үйлчилж буй, 20 гаруй насны эгч дүү хоёр ярьсан юм. Ганц ч хуралгүй хотод Хаанчлалыг дэлгэрүүлэгчдийн хэсэг үүсгэн байгуулахад тэд их хувь нэмэр оруулжээ.

20 гаруй настай Лора гэдэг бүсгүй хилийн чанадад үйлчлээд 4 жил болж байна. Тэр: «Би зориуд энгийн амьдрахыг хичээдэг. Ингэснээр зөвхөн ядуу зүдүүгийн эрхээр биш, өөрөө хүсээд, сонгоод даруухан амьдарч болдог гэдгийг дэлгэрүүлэгчдэд ойлгуулдаг. Бусдад, ялангуяа, залуучуудад тусалж чадаж байгаа маань миний хувьд баяр баясгалан болдог. Үүний ачаар би харийн нутагт үйлчлэхийн хүнд хэцүүг мартдаг. Би энэ амьдралаа юугаар ч солихгүй. Ехова намайг энд хэдий хүртэл бай гэнэ, тэр хүртэл байх болно» гэж хэлжээ.

[9-р хуудасны хавсралт]

«Бүх үндэстний хүмүүст зориулсан сайн мэдээ» товхимлын онцлог талууд

Уг товхимолд нэг нүүр мэдээг 92 хэлээр нийтэлсэн. 1-р биед хамааруулж бичсэн учраас үүнийг уншихад гэрийн эзэнд тантай ярьж байгаа мэт сэтгэгдэл төрөх болно.

Хавтасны дотор талд дэлхийн газрын зураг бий. Гэрийн эзэнтэй яриа үүсгэхийн тулд тэр зургийг ашиглаарай. Та амьдарч байгаа нутаг орноо зааж, тэр хүний хаанаас ирснийг мэдмээр байгаагаа ойлгуулаарай. Ийм маягаар тэр хүнтэй яриа өдөж, нөхөрсөг, чөлөөтэй уур амьсгалыг бүрдүүлж болно.

Товхимлын өмнөтгөлд таны мэдэхгүй хэлээр ярьдаг хүмүүст сайн туслахын тулд хийвэл зохих хэдэн алхмыг дурдсан байгаа. Тэдгээрийг анхааралтай уншаад, сэтгэл гарган хэрэгжүүлээрэй.

Гарчиг гэсэн хэсэгт хэлнүүдийг тохирох таних тэмдгийн хамт жагсаасан байгаа. Манай байгууллагын танилцуулга болон бусад хэвлэлд тухайн хэлийг ямар тэмдгээр тэмдэглэдгийг эндээс мэдэж болно.