Skip to content

Гарчиг руу орох

Зүрхэнд бичигдсэн хайрын хууль

Зүрхэнд бичигдсэн хайрын хууль

Зүрхэнд бичигдсэн хайрын хууль

«Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ» (ИЕРЕМИА 31:33).

1, 2. а) Энэ өгүүллээр бид юуны тухай авч үзэх вэ? б) Ехова Синаи ууланд израильчуудад хүчээ хэрхэн үзүүлсэн бэ?

 МОСЕГ Синаи уулнаас бууж ирэхэд нүүр нь Еховагийн цог жавхланг тусган гэрэлтэж байсан тухай, бас Мосе нүүрээ бүтээдэг байсан тухай бид өмнөх хоёр өгүүллээр ярилцсан билээ. Тэгвэл одоо тэр явдлаас үүдэлтэй, христиануудад хамаатай өөр чухал зүйлийг авч үзье.

2 Ехова Синаи уулан дээр Мосед заавар өгч, уулын бэлд цугласан израильчуудад хүчээ үзүүлсэн. «Уулыг өтгөн үүл бүрхэн, тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн дагжин чичрэв. [...] Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа» (Египетээс гарсан нь 19:16–18).

3. Ехова израильчуудад Арван тушаалаа яаж өгсөн бэ? Ард олон юу ойлгосон бэ?

3 Ехова тэнгэр элчээр дамжуулан израильчуудтай ярьж, хожим нь, «Арван тушаал» гэж алдаршсан хуулийг тэдэнд өгсөн (Египетээс гарсан нь 20:1–17). Уг хуулийг Төгс хүчит Нэгэн өгсөн гэдэг нь ямар ч эргэлзээгүй байв. Мосе Еховагийн бичсэн тэдгээр тушаал бүхий хоёр чулуун хавтанг авч явж байгаад, алтан тугалд мөргөж буй израильчуудыг хармагцаа хага шидчихдэг. Ехова тушаалуудаа дахин бичиж өгсөн. Мосег өнөөх хавтангуудыг тэвэрсээр уулнаас бууж ирэх үед нүүр нь гэрэлтэж байв. Хууль хэр зэрэг чухал болохыг тэгэхэд бүгд ойлгожээ (Египетээс гарсан нь 32:15–19; 34:1, 4, 29, 30).

4. Арван тушаал ямар учраас чухал ач холбогдолтой байсан бэ?

4 Арван тушаал бичсэн хоёр хавтанг гэрээний авдарт хийж, эхлээд мөргөлийн асрын Ариунаас ариун газар, дараа нь сүмд хадгалдаг байсан. Хавтан дээрх тушаалууд нь Мосегийн хуулийн гэрээний гол зарчим, Израиль үндэстнийг удирдах Бурхны удирдлагын үндэс болж байсны зэрэгцээ сонгосон ард түмэнтэйгээ харьцаж буйг нь баталж байлаа.

5. Израильчуудад өгсөн Бурхны хууль хайрыг нь хэрхэн харуулсан бэ?

5 Арван тушаал Еховагийн тухай ихийг хэлж, ард түмнээ гэсэн хайрыг нь онцлон харуулж байсны дээр сахин биелүүлсэн хүмүүст үнэхээр их ач тус хүргэсэн. Нэгэн эрдэмтэн: «Хүн төрөлхтөн Бурхны Арван тушаалаас илүү гарах нь бүү хэл, түүнд дөхөж очихоор хууль гаргаж байсангүй» гэж тэмдэглэжээ. Мосегийн хуулийг сахихын ач холбогдлын тухай Ехова: «Хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмний дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх. Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно» гэж дүгнэж хэлсэн (Египетээс гарсан нь 19:5, 6).

Зүрхэнд бичигдсэн хууль

6. Ямар хууль чулуун хавтан дээр бичсэн тушаалаас илүү үнэ цэнтэй вэ?

6 Бурхны хууль үнэхээр их ач холбогдолтой байсан. Гэхдээ тослогдсон христианууд чулуун дээр бичсэн тушаалаас илүү үнэ цэнтэй зүйл эзэмшдэгийг та мэдэх үү? Ехова Израиль үндэстэнтэй байгуулсан Хуулийн гэрээнээс өөр шинэ гэрээ байгуулахаа урьдаас мэдэгдэн: «Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ» гэж хэлсэн (Иеремиа 31:31–34). Шинэ гэрээний Зууч Есүс дагалдагчдадаа ямар нэг эд зүйл дээр бичиж тэмдэглэсэн хууль өгөөгүй. Харин хэлж ярьсан, хийж бүтээсэн бүхнээрээ Еховагийн хуулийг оюун ухаан, зүрх сэтгэлд нь шингээсэн.

7. «Христийн хуулийг» анх хэнд өгсөн бэ? Хожим нь хэн уг хуульд захирагддаг болсон бэ?

7 Энэ хуулийг «Христийн хууль» гэдэг бөгөөд анхнаас нь Иаковын үр сад болох Израиль үндэстэнд бус, харин сүнслэг үндэстэн буюу «Бурхны Израильд» өгсөн билээ (Галат 6:2, 16; Ром 2:28, 29). «Бурхны Израиль» сүнсээр тослогдсон христиануудаас бүрддэг. Еховаг шүтэхийг хүсдэг, үндэстэн бүрийн «үй олон хүн» хожим нь тэдэнтэй нэгдсэн юм (Илчлэлт 7:9, 10; Зехариа 8:23). «Нэг хоньчинтой» «нэг хонин сүрэгт» нийлсэн тэдний хэн хэн нь «Христийн хуульд» захирагдаж, уг хуулийн дагуу амьдрахыг хичээдэг (Иохан 10:16).

8. Христийн хууль Мосегийн хуулиас ямар ялгаатай вэ?

8 Израильчууд төрсөн цагаасаа л Мосегийн хуулийг сахидаг байв. Харин христианууд яс үндэс, төрсөн нутаг уснаас үл хамааран Христийн хуульд захирагдах эсэхээ сайн дураараа шийддэг. Тэд Еховагийн тухай, үйл хэргийнх нь тухай сурч мэдээд, хүсэл тааллыг нь биелүүлэхийг эрмэлздэг. Тослогдсон христианууд шийтгүүлэхээс айсандаа юм уу, нэгэнт хүлээсэн үүрэг гэж үздэг учраас л Бурханд дуулгавартай байдаг юм биш ээ. Бурхны хуулийг «дотроо хийлгэсэн» буюу «зүрхэн дээрээ бичүүлсэнд» л хамаг учир байгаа юм. «Өөр хонинууд» ч бас тэдний адилаар дуулгавартай байдаг нь Бурхны хууль зүрхэнд нь байдгийнх ажээ.

Хайранд үндэслэсэн хууль

9. Еховагийн бүх хуулийн мөн чанар нь хайр гэдгийг Есүс хэрхэн тайлбарласан бэ?

9 Еховагийн бүх хууль, тушаалын мөн чанарыг ердөө ганцхан үгээр, хайр гэж тодорхойлж болдог. Хайр бол цэвэр шүтлэгийн салшгүй хэсэг хэзээд байсан, байх ч болно. Хуулийн хамгийн агуу тушаал аль нь болохыг асуухад Есүс: «Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзнээ хайрла. [...] Удаах нь, Хөршөө өөрийн адил хайрла» гэж хариулаад, цааш нь: «Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм» гэж хэлдэг (Матай 22:35–40). Ийнхүү Есүс Арван тушаал бүхий Мосегийн хууль төдийгүй Еврей Судар бүхлээрээ хайранд үндэслэсэн гэдгийг тэмдэглэжээ.

10. Христийн хуулийн цөм нь хайр гэдгийг бид хаанаас мэддэг вэ?

10 Тэгвэл христиануудын зүрхэнд байдаг хуулийн цөм нь бас Бурхныг болон бусдыг хайрлах хайр уу? Тэгэлгүй яах вэ! Христийн хууль ёсоор, христианууд Бурхныг чин зүрхнээсээ хайрлахын зэрэгцээ өөрийгөө золиослон бие биеэ хайрлах нэгэн шинэ тушаалыг биелүүлэх үүрэгтэй. Христианууд, нөхдийнхөө төлөө амиа өгсөн Есүсийн хайрыг дуурайх ёстой. Бурхныг болон өөрсдийг нь хэрхэн хайрласан шиг нь бие биеэ хайрлахыг Есүс шавь нартаа заасан билээ. Жинхэнэ христиануудын хамгийн гол шинж нь нэг нэгнээ хайрлах агуу хайр юм (Иохан 13:34, 35; 15:12, 13). Есүсийн зааснаар, тэд дайснаа ч хайрлах учиртай (Матай 5:44).

11. Есүс Бурхныг болон хүмүүсийг хайрладгаа хэрхэн харуулсан бэ?

11 Есүс хайрын төгс жишээ үзүүлсэн. Тэнгэрт хүчирхэг сүнсэн бүтээл байхдаа Эцгийнхээ хүсэл тааллыг дэлхий дээр биелүүлэх даалгаврыг дуртайяа хүлээн авсан. Хүмүүсийг мөнх амьтай болгохын тулд амиа золиосолсны зэрэгцээ Еховад таалагдахын тулд яаж амьдрах ёстойг үлгэрлэн үзүүлсэн. Есүс ядарч зүдэрсэн олонд тусалдаг, сайхан сэтгэлтэй, халамжтай, даруу хүн байсан. Түүнээс гадна, хүмүүст Еховаг мэдүүлэхийн төлөө эцэж цуцахыг үл мэдэн, «мөнх амийн үгсийг» хуваалцдаг байсан билээ (Иохан 6:68).

12. Бурхныг болон бусдыг хайрлах нь хоорондоо салшгүй холбоотой гэж хэлэхийн учир юу вэ?

12 Бурхныг болон бусдыг хайрлах хайр хоорондоо салшгүй холбоотой. Элч Иохан: «Хайр бол Бурхнаас ирдэг. [...] Хэрэв хэн нэгэн нь: „Би Бурхныг хайрладаг“ гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол тэр хүн худалч. Учир нь харж байгаа ах дүүгээ хайрладаггүй нэгэн, хараагүй Бурхныг хайрлаж чадахгүй шүү дээ» гэж хэлсэн байдаг (1 Иохан 4:7, 20). Ехова хайрын эх булаг бөгөөд тэр чигээрээ хайр билээ. Хайрын сэтгэлээс л бүхнийг хийдэг. Бид Бурхны «дүр төрхөөр» бүтээгдсэн тул бие биеэ хайрлаж чадна (Эхлэл 1:27). Тэгэхлээр, хэрэв хүн бусдыг хайрладаг бол Бурхныг бас хайрладаг гэсэн үг.

Хайрлах буюу дуулгавартай байх

13. Бурхныг хайрлахын тулд юуны түрүүнд яах ёстой вэ?

13 Бурхныг хараагүй байж яаж хайрлах билээ? Юуны түрүүнд Бурхныг мэддэг болох нь амин чухал. Бид танихгүй хүнийг хайрладаг, итгэдэг болчихдоггүй шүү дээ. Тийм л учраас, Бурхны Үг биднийг Библи тогтмол уншиж, залбирч, Ехова Бурхныг мэддэг, хайрладаг болсон хүмүүстэй нөхөрлөж байгаад Еховатай танилцахыг уриалдаг (Дуулал 1:1, 2; Филиппой 4:6; Еврей 10:25). Ялангуяа, Евангелийн дөрвөн ном их тустай. Есүс Христ бүх үйл хэргээрээ Еховагийн зан чанарыг хэрхэн тусгаж байсныг бид эдгээр номоос мэддэг шүү дээ. Бурхантай танилцаж, биднийг хайрласан хайрынх нь төлөө талархдаг бол түүнд дуулгавартай байж, зан чанарыг нь дуурайх хүсэл улам оргилдог. Тийм ээ, Бурхныг хайрлана гэдэг дуулгавартай байна гэсэн үг юм.

14. Бурхны тушаалыг хүнд дарамт биш гэж хэлэхийн учир юу вэ?

14 Бид хайртай хүнийхээ юунд дуртай, юунд дургүйг сайн мэддэг, тэр дагуу харьцдаг. Бас хайртай хүнийхээ дургүйг зориуд хүргэдэггүй. Элч Иохан: «Түүний тушаалуудыг сахих нь Бурхны хайр [«Бурхныг хайрлах хайр», МБОХ, 1996] мөн. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» гэж бичсэн (1 Иохан 5:3). Тийм ээ, Бурхан тоймгүй олон тушаал буулгаж биднийг дарамталдаггүй. Хайр бидэнд зам заадаг учраас алхах гишгэх бүрийг маань заасан нуршуу дүрэм журам цээжлэх шаардлагагүй. Тийм ээ, Бурхныг хайрлах хайр маань биднийг хөтөлдөг. Хэрэв бид Бурхныг хайрладаг бол хүсэл тааллыг нь баяртайгаар биелүүлнэ. Тийн биелүүлбэл Еховагийн сайшаалыг хүлээж, үр шимийг нь хүртдэг. Учир нь Бурхны хууль үргэлж бидний сайн сайхны төлөө байдаг (Исаиа 48:17).

15. Яавал Еховаг дуурайх хүсэлтэй болох вэ? Тайлбарлана уу.

15 Бурхныг хайрладаг хүнд зан чанарыг нь дуурайх хүсэл төрдөг. Ер нь, хүн хайртай хүнийхээ сайхан чанарыг биширч, түүн шиг байхыг хичээдэг. Ехова Есүс хоёр бие биедээ хэрхэн ханддагийг авч үзье. Тэд олон тэрбум жил тэнгэрт хамт байж, бие биеэ зүрхнийхээ угаас, чин сэтгэлээсээ хайрладаг болсон. Есүс тэнгэрийн Эцгээ яг л байгаагаар нь төгс дуурайдаг учраас шавь нартаа: «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэж хэлэх бүрэн эрхтэй байсан (Иохан 14:9). Бид ч гэсэн Еховаг болон Хүүг нь мэдэж, тэдэнд талархдаг болбол тэднийг дуурайх хүсэл өөрийн эрхгүй төрнө. Еховаг хайрлах хайр, ариун сүнснийх нь тусламжтайгаар «хуучин хүнээ бузар муу зуршилтай нь хажуу тийш тавьж, ...шинэ хүнийг өмсөж» чадна (Колоссай 3:9, 10; Галат 5:22, 23).

Хайр үйл хэрэгт хөтөлдөг

16. Бид Бурхныг болон бусдыг хайрладгаа дэлгэрүүлэх болон заах ажлаараа хэрхэн харуулдаг вэ?

16 Христианууд бид Бурхныг болон хүмүүсийг хайрлах хайрандаа хөтлөгдөн Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд оролцдог. Ийнхүү бид «бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг» Ехова Бурхны тааллыг олдог (1 Тимот 2:3, 4). Бас Христийн хуулийг «зүрхэндээ бичүүлэхэд» нь хүмүүст туслан баяр жаргал эдэлдэг. Еховагийн сайхан чанаруудыг тусган харуулахын тулд зан чанараа өөрчилж байгааг нь ажиглахад таатай байдаг (2 Коринт 3:18). Бурхныг мэддэг болоход нь хүмүүст тусална гэдэг бидний өгч чадах хамгийн том бэлэг. Еховагийн анд нөхөр болох урилгыг хүлээн авсан хүмүүст тэр нөхөрлөлөө үүрд хадгалах боломжтой.

17. Эд баялгийг хайрласнаас Бурхныг болон хүмүүсийг хайрлах нь ямар учраас ухаалаг вэ?

17 Та бидний амьдарч буй өнөөгийн ертөнцөд хүмүүс эд баялагт шунаж дурладаг. Гэхдээ эд баялаг үүрдийнх байдаггүй. Хулгайд алдах, хорогдож барагдахын алийг тэр гэх вэ (Матай 6:19). Библи: «Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» гэж бидэнд анхааруулдаг (1 Иохан 2:16, 17). Ехова Бурхан мөнхийнх учраас түүнийг хайрладаг, түүнд үйлчилдэг хүмүүс ч мөнхөд байна. Тэгэхлээр, өнөөдөр байвч маргааш үгүй болох ертөнцийг хайрласнаас Бурхныг болон хүмүүсийг хайрлах нь илүү ухаалаг хэрэг биш гэж үү?

18. Нэг миссионер эгч өөрийгөө золиослох хайрыг хэрхэн харуулсан бэ?

18 Эд баялгийг бус, хайрыг эрхэмлэдэг хүмүүс Еховаг магтан алдаршуулдаг. Сенегалд миссионерээр үйлчилдэг Соня эгчийн жишээг ярилцъя. Тэрбээр Хайди гэдэг эмэгтэйд Библийн хичээл заадаг байжээ. Хайди нөхрөөсөө ДОХ-ын халдвар авчээ. Нөхөр нь нас барсны дараа Хайди баптисм хүртсэн ч удалгүй бие нь муудаж, эмнэлэгт хэвтжээ. Соня: «Эмнэлгийнхэн эрвийх дэрвийхээрээ зүтгэж байсан ч хүн хүч үнэхээр дутаж байсан. Хайдиг эмнэлэгт байхад нь асарч байхыг манай хурлынхнаас гуйсан юм. Би хоёр дахь шөнө нь Хайдигийн орны хажууд гудсан дээр хонож билээ. Тэгээд нас бартал нь асарч тойлж байсан. Эмнэлгийн ерөнхий эмч: „Хүмүүс ДОХ туссаныг нь мэдэхлээрээ хамаатнаа хүртэл хаяад л явчихдаг. Энэ нь бидэнд хамгийн хэцүү байдаг. Харин та өвчтөний хамаатан ч биш, өөр үндэстний хүн атлаа өвчтөнтэй хамт байж, ийм аюултай юм яагаад хийх болов?“ гэж асуухад нь би: „Бид хоёр яг л нэг эцэг эхийн хүүхдүүд шиг дотно байдаг. Хайди төрсөн эгч шиг минь санагддаг. Эгч шигээ хүнийг асрах надад сайхан байна“ гэж хэлсэн» хэмээн ярьжээ. Соня Хайдиг асран халамжлахдаа ядарч зовоогүй юм!

19. Бурхны хууль зүрхэнд маань байдаг бол бид яах ёстой вэ?

19 Өөрийгөө золиослох хайрын олон жишээг Еховагийн үйлчлэгчдээс харж болно. Өнөөдөр Бурхны ард түмнийг таниулах зорилготой тусгай хууль байхгүй. Гэхдээ Еврей 8:10-т бичсэн: «Эзэн [«Ехова», ШЕ] ийн айлдаж байна. „Учир нь тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм. Би Өөрийн хуулиудыг тэдний ухаан санаанд оруулж, Би тэдний зүрхэнд бичнэ. Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болно“» гэсэн зөгнөл тэдэн дээр биелж байгаа нь илэрхий. Зүрхэнд маань Еховагийн бичиж өгсөн хайрын хуулийг үргэлж нандигнаж, хайраа харуулах боломж бүрийг ашиглаж байя.

20. Христийн хуулийг үнэлэхийн аргагүй эзэмшил хөрөнгө гэхийн учир юу вэ?

20 Тийм л хайраар бие биеэ хайрладаг, дэлхий дахины ах дүүстэйгээ хамт Бурханд үйлчлэх гэдэг үнэхээрийн баяр хөөртэй хэрэг мөн! Өнөөгийн ертөнцөд хайрлах сэтгэл гэж үгүй. Харин Христийн хуулийг зүрхэндээ бичүүлсэн хүмүүст үнэлж баршгүй эзэмшил хөрөнгө байдаг нь Ехова Бурхны болон итгэл нэгт нөхдийнх нь халуун хайр юм. «Ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хэчнээн сайхан, хэчнээн тааламжтай вэ!» Еховагийн Гэрчүүд хэл, соёлын хувьд ялгаатай, өөр өөр улс оронд амьдардаг ч шүтлэгийн хувьд хосгүй нэгдмэл байдаг. Үүний ачаар Еховагийн сайшаалыг хүлээдэг. Дуулалч: «[Хайраар нэгдсэн хүмүүсийн дунд] ЭЗЭН ерөөлийг тушаасан бөгөөд тэр нь мөнхийн амь билээ» хэмээн бичжээ (Дуулал 133:1–3).

Та хариулж чадах уу?

• Арван тушаал хэр зэрэг чухал байсан бэ?

• Зүрхэнд бичигдсэн хууль гэж юу вэ?

• «Христийн хуульд» хайр ямар үүрэгтэй вэ?

• Бурхныг болон хүмүүсийг хайрладгаа хэрхэн харуулж болох вэ?

[Догол мөрийн асуулт]