Skip to content

Гарчиг руу орох

Христианууд Еховагийн алдрыг тусган харуулдаг

Христианууд Еховагийн алдрыг тусган харуулдаг

Христианууд Еховагийн алдрыг тусган харуулдаг

«Та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ» (МАТАЙ 13:16).

1. Мосег Синаи уулнаас буухыг үзсэн израильчууд айснаас үүдэн ямар асуулт урган гардаг вэ?

 СИНАИ уулын бэлд цугласан израильчуудын хувьд Еховатай дотно харьцаа тогтоох хүндтэй шалтгаан байлаа. Ехова тэднийг хүчирхэг мутраараа Египетээс чөлөөлж, цөлөөр явахад нь идэх хоол, уух усаар хангаж, юугаар ч дутаагаагүй билээ. Бас довтлон ирсэн амалекчүүдийг ялахад нь тусалсан (Египетээс гарсан нь 14:26–31; 16:2–17:13). Израильчууд Синаи уулын өвөрт буудаллаад байхдаа тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилахыг үзээд, айсандаа дагжин чичрэв. Дараа нь тэд Мосег уулнаас бууж ирэхэд Еховагийн цог жавхлангийн улмаас нүүр нь гэрэлтэж байхыг харсан. Гэтэл тэд цог жавхланг нь гайхан биширч, Бурхныг алдаршуулахын оронд харин ч Мосед «ойртохоос айв» (Египетээс гарсан нь 19:10–19; 34:30). Өөрсдийнх нь төлөө тийм их юм хийсэн Еховагийн цог жавхланг үзэхээсээ яагаад айдаг билээ?

2. Мосег Еховагийн алдрыг тусгахыг үзээд израильчууд айсан нь юунаас болсон байж болох вэ?

2 Израильчуудын айсан нь урьдын явдлаас үүдэлтэй болов уу. Тэд Еховад санаатайгаар дуулгаваргүй загнаж, алтан тугал хийгээд шийтгүүлсэн билээ (Египетээс гарсан нь 32:4, 35). Энэ явдлаасаа сургамж авч, засаж залруулсных нь төлөө Еховад талархсан уу? Ихэнх нь талархаагүй. Мосе нас эцэслэхийнхээ өмнө ард олонд алтан тугалтай холбоотой хэрэг явдал болон дуулгаваргүй зангаасаа болж мандуулж байсан бусад хэргийнх нь тухай сануулан: «Та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалыг эсэргүүцэн, Түүнд итгэсэн ч үгүй, Түүний үгийг ч сонсоогүй. Би та нарыг мэдэх болсон тэр өдрөөс хойш та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр ирсэн» гэж хэлжээ (Дэд хууль 9:15–24).

3. Мосе нүүрээ хэзээ бүтээж, хэзээ бүтээлгээ авдаг байсан бэ?

3 Израильчуудыг айхад Мосе яасныг анхааралтай авч үзье. Библид: «Мосе тэдэнтэй ярьж дуусаад, нүүрэн дээрээ бүтээлэг тавив. Харин Мосе ЭЗЭНтэй ярихаар [мөргөлийн асарт] Түүний өмнө очих бүрд, гарах хүртлээ бүтээлгээ авдаг байсан. Тэр гарч ирээд, юу тушаасныг Израилийн хөвгүүдэд дамжуулах болгонд Мосегийн нүүрийг буюу түүний нүүрний арьс гэрэлтсэнийг Израилийн хөвгүүд хардаг байв. Тиймээс, ЭЗЭНтэй ярилцахаар орох хүртлээ Мосе нүүрээ дахин бүтээдэг байв» гэж тэмдэглэжээ (Египетээс гарсан нь 34:33–35). Мосе нүүрээ яагаад бүтээдэг байсан бэ? Үүнээс бид юунд суралцаж болох вэ? Эдгээр асуултын хариу биднийг Еховатай дотно харьцаа тогтоосон эсэхээ шалгахад тусална.

Хосгүй завшааныг алдсан нь

4. Мосе нүүрээ бүтээдэг байсныг Паул юутай холбож тайлбарласан бэ?

4 Израильчуудын оюун ухаан болон зүрхний байдлын улмаас Мосе нүүрээ бүтээдэг байсан гэж элч Паул тайлбарлажээ. Паул: «Израилийн хөвгүүд Мосегийн нүүрэн дэх... цог жавхлангийн улмаас түүний царайг харж чадахгүй байсан... ...Тэдний ухаан санаа хатуурсан ажээ» гэж бичсэн байдаг (2 Коринт 3:7, 14). Яасан харамсмаар юм бэ! Ехова израильчуудыг ард түмнээ болгон сонгож, дотно харьцаатай байхыг хүсэж байлаа (Египетээс гарсан нь 19:4–6). Гэтэл тэд Мосегийн нүүрэнд туссан Бурхны цог жавхланг харах дургүй байв. Еховаг хайрлаж, оюун ухаан, зүрх сэтгэлээ түүн уруу хандуулахын оронд харин ч нүүр буруулжээ.

5, 6. а) Мосегийн үеийн израильчууд болон І зууны иудейчүүд юугаараа ижил төстэй вэ? б) Есүсийн үгийг хүлээж авсан хүмүүс хүлээж аваагүй хүмүүсээс ямар ялгаатай байсан бэ?

5 Үүнтэй төстэй явдал МЭ І зуунд болж байсан. Паулыг христиан болох үед Мосегийн хууль Их Мосе буюу Есүс Христ зуучтай шинэ гэрээгээр солигдсон байв. Есүс үгээрээ ч, үйлээрээ ч Еховагийн алдрыг төгс тусгасан билээ. Паул дахин амилсан Есүсийг Бурхны «алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл» хэмээжээ (Еврей 1:3). Бурхны Хүүгийн амнаас мөнх амийн үгийг сонсоно гэдэг иудейчүүдийн хувьд үнэхээр хосгүй завшаан байлаа! Гэвч Есүсийг сонсож байсан ихэнх хүн үгийг нь даанч тоогоогүй юм. Тийм хүмүүсийн тухайд Есүс Исаиагийн зөгнөлөөс иш татан: «Энэ ард түмний зүрх нь хатуурч, чихээрээ дөнгөж сонсон, нүдээ аньжээ. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэж буцах байсан бөгөөд Би тэднийг эдгээх байсан» гэж хэлсэн (Матай 13:15; Исаиа 6:9, 10).

6 Харин Есүсийн шавь нар тэр иудейчүүдээс их ялгаатай байв. Есүс шавь нартаа: «Та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ» гэж хэлжээ (Матай 13:16). Жинхэнэ христианууд Еховаг танин мэдэж, түүнд үйлчлэхийг чин сэтгэлээсээ эрмэлздэг. Бурхны хүсэл тааллыг Библиэс мэдээд, баяр хөөртэй биелүүлдэг. «Шинэ гэрээний үйлчлэгчид» болох тослогдсон христианууд Еховагийн алдрыг тийнхүү тусган харуулдаг. «Өөр хонинууд» ч бас тэднийг дуурайдаг (2 Коринт 3:6, 18).

«Сайн мэдээ нууцлагдсаны» учир

7. Сайн мэдээг ихэнх хүн хүлээж авдаггүй нь яагаад гайхмаар биш вэ?

7 Израильчууд Мосегийн үед ч, Есүсийн үед ч хосгүй завшаанаа алдсан тухай бид ярилцлаа. Өнөөдөр бас л тийм явдал гарч байна. Бидний дэлгэрүүлдэг сайн мэдээг ихэнх хүн хүлээж авдаггүй. Гэхдээ бид үүнд гайхдаггүй. Паул: «Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг. [Учир нь] энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон» гэж бичсэн байдаг (2 Коринт 4:3, 4). Сатан сайн мэдээг нуух гэж оролддог. Үүний зэрэгцээ олон хүн юм харахыг хүсдэггүй нь нүүрээ бүтээсэнтэй адил юм.

8. Мэдлэггүйн гайгаар олон хүн хэрхэн сохорсон бэ? Тэдэн шиг болохоос яаж сэргийлэх вэ?

8 Бурхныг мэддэггүйн гайгаар олон хүний бэлэгдлийн нүд сохорчээ. «Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас... болж оюун ухаандаа харанхуй болж, Бурхны аминаас хөндийрчээ» гэж Библид бичсэн байдаг (Ефес 4:18). Паул христиан болохоосоо өмнө Хуулийг сайн мэддэг ч, Бурхны тухай жинхэнэ мэдлэггүй, таг сохор байсан тул Есүсийн дагалдагчдыг хавчиж явжээ (1 Коринт 15:9). Гэхдээ Ехова түүнд жинхэнэ үнэнийг илчилсэн. Энэ тухай Паул өөрөө: «Мөнх амийн төлөө Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайл болгон Есүс Христ төгс тэвчээрээ эхлээд надад харуулахын тулд би өршөөлийг олж авсан юм» гэж хэлжээ (1 Тимот 1:16). Паулын адилаар Бурхныг эсэргүүцдэг байсан олон хүн эдүгээ Бурханд үйлчилдэг болоод байна. Ийм учраас, бидэнд дургүйцдэг хүмүүст ч сайн мэдээ хүргэсээр байх нь чухал юм. Түүний зэрэгцээ, Бурхны Үгийг тогтмол судалж, утгыг нь ойлгодог бол мэдлэггүйн гайгаар буруу юм хийж, Еховагийн дургүйг хүргэхээс зайлсхийж чадна.

9, 10. а) І зууны иудейчүүд сурч мэдэхээс цааргалж, хувийн үзлээ мугуйдлан баримталдаг байснаа хэрхэн харуулсан бэ? б) Өнөөдөр христ шашны ертөнцөд байдал ямар байгааг тайлбарлана уу.

9 Олон хүн сурч мэдэхээс цааргалж, хувийн үзлээ мугуйдлан баримталдаг тул сүнслэг зүйлийг хардаггүй. Ихэнх иудейчүүд Есүсийг болон сургаалыг нь үл тоомсорлосон нь Мосегийн хуулийг зөрүүдлэн дагасаар байсных юм. Мэдээж, бүгдээрээ тийм байгаагүй. Жишээ нь, Есүсийг дахин амилсны дараа «тахилчдаас маш олон хүн итгэлд дуулгавартай болж байлаа» (Үйлс 6:7). Гэсэн хэдий ч, ихэнх нь ямар байсныг Паул: «Энэ өдрийг хүртэл Мосег унших бүрд тэдний зүрхэн дээр бүтээлэг тавиастай байдаг» гэж бичжээ (2 Коринт 3:15). Есүс өмнө нь иудейн шашны удирдагчдад: «Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ» гэж хэлснийг Паул мэдэж байсан бололтой (Иохан 5:39). Уг нь, тэд «Судруудыг» тэгж айхтар судалдаг байсан юм бол Есүсийг Мессиа мөн гэж таних л байсан. Гэсэн ч хувийн үзлээ ягштал баримталдаг байсан учраас Бурхны Хүү олон гайхамшиг үйлдээд ч үзэл бодлыг нь өөрчилж чадаагүй юм.

10 Өнөөдөр христ шашны ертөнцөд олон хүн бас л ийм байдалтай байна. І зууны иудейчүүдийн адилаар «тэд Бурхны төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш» ажээ (Ром 10:2). Зарим хүн Библийг судалдаг ч сургаалд нь итгэхийг хүсдэггүй. Тослогдсон христиануудын төлөөлөгч болох «итгэмжит, ухаалаг боолын» ангиар дамжуулан Бурхан ард түмнээ сургадаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй (Матай 24:45). Харин бид, Ехова ард түмнээ сургаж байгааг ойлгодог, Библийн үнэний тухай мэдлэгээ үргэлж гүнзгийрүүлдэг (Сургаалт үгс 4:18). Бид Еховагаар заалгадаг учраас хүсэл таалал, санаа зорилгынх нь тухай мэдлэгээр шагнуулдаг.

11. Хүссэн юмандаа л итгэдэг хүмүүс Библийн үнэнийг ойлгож чаддаггүй нь ямар учиртай вэ?

11 Зарим хүн хүссэн юмандаа л итгэдэг учраас сүнслэгээр сохордог. Есүсийг ирэх тухай Бурхны ард түмнийг тунхаглахад нь хүмүүс элэглэн шоолно гэж Библид зөгнөсөн байдаг. Ноагийн үед Бурхан усан галав юүлсэн гэдгийг «тэд ойлгох хүсэлгүй» (ШГ) хэмээн элч Петр бичжээ (2 Петр 3:3—6). Үүнтэй адилаар, өөрийгөө Есүсийн дагалдагч гэдэг олон хүн Еховаг өрөвч, сайхан сэтгэлтэй, уучлах дуртай гэж шууд зөвшөөрдөг атлаа «гэмтнийг шийтгэлгүй орхидоггүй» гэдгийг үл тоомсорлодог буюу үгүйсгэдэг (Египетээс гарсан нь 34:6, 7). Жинхэнэ христианууд Библийн сургаалыг үнэн зөвөөр нь ойлгохыг чин сэтгэлээсээ хичээдэг.

12. Зохиомол зан үйл хүмүүсийг хэрхэн сохолдог вэ?

12 Сүмд явдаг олон хүн ёс заншлаас болж сохорсон байдаг. Есүс тухайн үеийнхээ шашны удирдагчдад: «Та нар... ёс заншлынхаа төлөө Бурхны үгийг хүчингүй болголоо» гэж хэлсэн (Матай 15:6). Иудейчүүд Вавилоны олзноос нутагтаа буцаж ирээд, хичээл зүтгэл гарган цэвэр шүтлэгийг сэргээсэн ч, хожим нь, тахилчид бардам ихэрхэг болжээ. Еховаг шүтэхтэй холбоотой баяр наадмыг чин сэтгэлийн сүсэггүйгээр ёс төдий хийдэг болов (Малахи 1:6–8). Есүсийн үед хуулийн багш нар болон фарисайчууд хүний зохиосон маш олон зан үйлийг Мосегийн хуульд нэмсэн байлаа. Тэд Есүст «хоёр нүүртнүүд» хэмээн зэмлүүлсэн нь Мосегийн хуулийн үндэс болсон зарчмуудыг ойлгоогүйгээс болжээ (Матай 23:23, 24). Жинхэнэ христианууд хүний зохиосон шашны зан үйлээс болж цэвэр шүтлэгээс хазайхгүйн тулд анхааралтай байх ёстой.

«Үзэгдэхгүй Нэгнийг харж байгаа нь»

13. Мосе ямар хоёр аргаар Бурхны цог жавхланг үзсэн бэ?

13 Мосе уулан дээр байхдаа Бурхнаас цог жавхлангаа үзүүлэхийг гуйсанд Ехова урдуур нь өнгөрч, цог жавхлангийнхаа өчүүхэн хэсгийг үзүүлсэн билээ. Мосе мөргөлийн асарт Бурхантай ярилцахдаа нүүрээ бүтээдэггүй байсан. Тэрбээр бат итгэлтэй, Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг хүсдэг хүн байв. Ехова түүнийг ивээж, цог жавхлангаа үзэгдлээр үзүүлсэн. Гэхдээ Мосе үүнээс өмнө Бурхныг итгэлийн мэлмийгээр аль хэдийнээ харсан байжээ. Библид, Мосег «Үзэгдэхгүй [Нэгнийг] харж байгаа мэт тэвчсэн» гэж бичжээ (Еврей 11:27; Египетээс гарсан нь 34:5–7). Мосегийн нүүрэн дэх гэрэл Бурхны алдрын тусгал байсан билээ. Гэхдээ израильчуудад Еховаг танин мэдэж, үйлчлэхэд нь хичээл зүтгэл гарган тусалсан нь Бурхны алдрыг тэрхүү гэрлээс илүүгээр тусган харуулсан хэрэг байсан юм.

14. Есүс Бурхны цог жавхланг яаж үзсэн бэ? Юунд баярладаг байсан бэ?

14 Есүс тэнгэрт байхдаа, орчлонт ертөнцийг бүтээхээс өмнө Бурхны цог жавхланг асар олон жил шууд үзэж байсан (Сургаалт үгс 8:22, 30). Тэр хугацаанд Ехова Бурхан Есүс хоёр бие биеэ хязгааргүй их хайрладаг болсон. Ехова Бурхан бүх бүтээлийнх нь анхдагч, ууган Хүүдээ туйлын их хайртай. Есүс ч гэсэн өөрт нь амь өгсөн Эцгээ халуунаар хайрладаг (Иохан 14:31; 17:24). Тэдний хайр бол Эцэг Хүүгийн төгс хайр юм. Есүс Мосегийн адилаар, Еховагийн алдрыг сургаалаараа тусган харуулахдаа баярладаг байсан.

15. Христианууд Бурхны алдрыг хэрхэн тусган харуулдаг вэ?

15 Өнөөдөр Еховагийн Гэрчүүд, Мосе Есүс хоёрын үлгэр жишээгээр Бурхныхаа цог жавхлан буюу алдрыг тусган харуулахыг эрмэлздэг. Тэд бол алдарт сайн мэдээ уруу «эргэсэн» буюу хүлээн авсан хүмүүс юм. Элч Паул: «[Хүсэл тааллыг нь биелүүлэхээр Еховад] хандаж эргэх бүрд бүтээлэг авагддаг» гэж хэлсэн (2 Коринт 3:16). Бид Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг хүсдэг учраас Библи судалдаг. Еховагийн Хүү, Хаан Есүс Христийн нүүрэнд тусаж байгаа алдрыг гайхан биширч, үлгэр жишээг нь дуурайдаг. Мосе Есүс хоёрын адилаар алдарт Бурхныхаа тухай хүмүүст ярих хүндтэй үүрэг хүлээдэг.

16. Библийн үнэнийг мэддэг маань ямар ач тустай вэ?

16 Есүс: «Эцэг минь ээ, Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж балчир хүүхдүүдэд илчилсэн билээ» гэж залбирсан (Матай 11:25). Тийм ээ, Ехова чин сэтгэлтэй, даруу хүмүүст санаа зорилгоо ойлгуулж, зан чанараа мэдүүлдэг (1 Коринт 1:26–28). Бурхан биднийг хамгаалан халамжилж, бидний л тусын тулд зааж сургадаг. Өөрийг нь илүү сайн таньж мэдээсэй гэж олон арга хэмжээ авдаг. Үүнд нь талархаж, Ехова Бурхантайгаа дотно харьцаа тогтоох боломж болгоныг ашиглацгаая.

17. Еховагийн зан чанарыг яаж илүү сайн мэддэг болох вэ?

17 Паул тослогдсон христиануудад хандан: «Бид бүтээлэггүй нүүрээр Эзний [«Еховагийн», ШЕ] алдрыг тусган харуулдаг. Сүнс... биднийг алдраас алдарт... ижил дүрээр өөрчилдөг билээ» хэмээн бичжээ (2 Коринт 3:18). Тэнгэр болон дэлхийн найдвартайгаасаа үл хамааран, Библиэс Еховагийн зан чанарыг сайн мэддэг болбол түүнтэй улам адилхан болно. Есүс Христийн амьдрал, үйл ажиллагаа, сургаал номлолыг талархах сэтгэлээр эргэцүүлэн бодвол Еховагийн чанаруудыг улам илүү тусган харуулж чадна. Ийнхүү Бурхнаа алдаршуулах нь бидний баяр бахдал мөн!

Та санаж байна уу?

• Мосег Бурхны цог жавхланг тусган харуулахад израильчууд айсны учир юу вэ?

• МЭ І зуун болон өнөө үед сайн мэдээ юуны улмаас «нууцлагдсан» бэ?

• Бид Бурхны алдрыг хэрхэн тусган харуулдаг вэ?

[Догол мөрийн асуулт]