Бид Ехова Бурхныхаа нэр дотор алхана
Бид Ехова Бурхныхаа нэр дотор алхана
«Бидний хувьд, бид үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана» (МИКА 4:5).
1. Ноагийн үед байдал ямар байсан бэ? Ноа бусдаас ямар ялгаатай байсан бэ?
ӨМНӨХ өгүүллээр бид, Енох Бурхантай хамт явсан тухай үзсэн. Энэ өгүүллээр Ноагийн тухай ярилцъя. «Ноа бол зөв шударга, өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв. Тэрээр Бурхантай хамт явж [байв]» гэж Библид тэмдэглэсэн буй (Эхлэл 6:9, 10). Ноагийн үед олон хүн цэвэр шүтлэгээс хазайсан байлаа. Үнэнч бус тэнгэр элчүүдээс болж байдал улам дордов. Тэд эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаа тогтоож, үр хүүхэдтэй болсон бөгөөд тэднийг «нефилим» гэдэг байв. Нефилимүүд тэр цагийн «хүчтэй, ...алдарт хүмүүс байжээ». «Дэлхий хүчирхийллээр дүүрсэн» нь гайхах хэрэг биш байлаа! (Эхлэл 6:2, 4, 11). Гэсэн ч Ноа «гэм зэмгүй» явж, «зөвт байдлыг тунхагласаар» байв (2 Петр 2:5). Бурхан амийг нь аврах гэж хөвөгч авдар барихыг тушаасанд дуулгавартайгаар «тийнхүү үйлдэж, Бурхны өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ» (Эхлэл 6:22). Тийм ээ, Ноа үнэхээр Бурхантай хамт явж байсан.
2, 3. Ноа бидэнд ямар сайхан жишээ үлдээсэн бэ?
2 Элч Паул Бурхны эртний үнэнч үйлчлэгчдийг дурдахдаа Ноагийн тухай: «Итгэлээр Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө хөвөгч авдрыг сүсэглэн бэлдсэн бөгөөд тэр түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ» хэмээн бичжээ (Еврей 11:7). Ямар сайхан жишээ вэ! Еховагийн үг биелнэ гэдэгт итгэж байсан Ноа Бурхны тушаалыг биелүүлэхийн тулд цаг зав, хүч чадал, эд хөрөнгөө зориулсан. Өнөөдөр ч гэсэн олон хүн энэ ертөнцөд олдож болох алив таатай боломжоос татгалзан, Еховагийн тушаалыг сахихийн тулд Ноагийн жишээг дуурайдаг. Тэдний итгэлийг магтан сайшаах нь зүйтэй бөгөөд тэд итгэлийнхээ ачаар өөрсдийгөө болон бусдыг аварна (Лук 16:9; 1 Тимот 4:16).
3 Ноагийн элэнц эцэг Енохын хувьд Бурханд бат итгэлтэй байх амаргүй байсныг бид өмнөх өгүүллээр ярилцсан. Ноа болон түүний гэрийнхний хувьд ч Бурханд итгэдгээ харуулах хэцүү байсан байх учиртай. Енохын үед Еховаг жинхэнэ ёсоор шүтдэг хүн цөөхөн байсны адил Ноагийн үед ч цөөхөн байлаа. Наймхан хүн л Бурханд үнэнчээ батлан харуулж, Усан галавыг эсэн мэнд давсан билээ. Ноа хүчирхийлэл, садар самуунаар дүүрсэн ертөнцөд зөвт байдлыг тунхаглаж байсан. Түүнээс гадна, гэрийнхэнтэйгээ хамт асар том модон авдар барьж, урьд нь бүх дэлхийг хамарсан үер болж байгаагүй ч гэсэн, тийм үерт бэлджээ. Энэ нь тэднийг ажиглаж байсан хүмүүст их л этгээд санагдаж байсан нь лавтай.
4. Есүсийн хэлснээр, Ноагийн үеийн хүмүүсийн гол алдаа юу байсан бэ?
4 Ноагийн үед хүчирхийлэл, хуурамч шашин, садар самуун ноцтой байдалд хүрчихээд байсан хэдий ч Есүс тэр үеийн тухай дурдахдаа, хүмүүс Ноагийн сэрэмжлүүлэн хэлснийг хүлээж аваагүй нь алдаа байсан гэж онцлон тэмдэглэсэн нь сонирхолтой. Тэрбээр: «Ноаг хөвөгч авдарт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа» гэж хэлсэн байдаг. «Идэж ууж, гэрлэж, нөхөрт гарах юу нь буруу гэж? Жирийн л юм шүү дээ!» гэж зарим хүн бодож болох юм. Гэхдээ юу юугүй үер буух гэж байсан бөгөөд Ноа зөвт байдлыг тунхаглаж байв. Өөрөөр хэлбэл, Ноа хэлж, хийж байсан бүхнээрээ тэднийг сэрэмжлүүлж байсан. Гэтэл «үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй» юм (Матай 24:38, 39).
5. Ноа болон түүний гэрийнхэнд ямар ямар чанар хэрэгтэй байсан бэ?
5 Тэр үеийг эргэн санахад Ноа хэчнээн ухаалаг алхам хийсэн нь харагддаг. Тухайн үед бусдаас өөр байна гэдэг эр зориг шаардсан хэрэг байлаа. Ноа болон гэр бүлийнхэн нь бат итгэлтэй байж байж л том гэгчийн авдар барьж, тэр авдартаа амьтдыг төрөл төрлөөр нь оруулах байв. Үнэнч байсан цөөн хүний зарим нь бусдын нүдэнд өртөөд байлгүй, тэдэн шиг л «жирийн» амьдрах юмсан гэж бодож байсан болов уу? Тэгж бодогдох үе байсан байж болох л юм. Гэхдээ тэд Бурханд үнэнч хэвээрээ үлджээ. Тэр үед Ноа, эдүгээ бидний хэний ч хүлээхээргүй тийм олон жилийн дараа, итгэлийнхээ ачаар Усан галавыг эсэн мэнд давсан. Харин «жирийн» амьдарч, цаг үеийнхээ учир холбогдлыг ойлгоогүй хүмүүсийг Ехова устгасан.
Хүн төрөлхтөн хүчирхийлэлд дахин нэрвэгдсэн нь
6. Усан галавын дараа байдал ямар байсан бэ?
6 Үерийн ус татарсны дараа хүн төрөлхтний түүхийн нэгэн шинэ эрин үе эхэлсэн. Гэхдээ хүн урьдын адил төгс бус, «зүрхнийх нь хандлага бүр багаас нь бузар муу» хэвээрээ байлаа (Эхлэл 8:21). Түүнээс гадна, чөтгөрүүд өмнөх шигээ хүний биетэй болж чадахгүй ч хүмүүсийг уруу татах идэвх нь сулраагүй байв. Ёс бус ертөнц «муу нэгний дотор байгаа» нь тэр дороо л илэрхий болсон. Еховагийн үйлчлэгчид яг л өнөө үеийнхэн шиг «диаволын заль мэхтэй» тэмцэх ёстой байлаа (1 Иохан 5:19; Ефес 6:11, 12).
7. Усан галавын дараа хүчирхийлэл хэрхэн газар авсан бэ?
7 Усан галавын дараа дэлхий дахиад л хүчирхийллийн талбар болсон нь, наад зах нь, Нимродын үеэс эхэлсэн түүхтэй. Хүн ам өсөж, техник технологийн дэвшил гарахын хэрээр хүчирхийлэл аажмаар газар авч байлаа. Эхэн үедээ хүмүүс сэлэм, жад, нум сум агсаж, тэрэг хөлөглөдөг байсан. Хожим нь, цахиур буу, үхэр буу, винтов хэрэглэдэг болжээ. Харин ХХ зууны эхэн үеэс илүү хүчин чадалтай их буу хэрэглэдэг болсон. Дэлхийн І дайн хүмүүсийг нисэх онгоц, танк, шумбагч хөлөг онгоц, хорт хий гэх мэтийн илүү аймшигтай зэвсэгтэй танилцуулж, тэдгээр зэвсэг олон сая хүний амийг хөнөөсөн. Энэ бүхэн гэнэтийнх байсан уу? Үгүй.
8. Илчлэлт 6:1–4 хэрхэн биелсэн бэ?
8 1914 онд Есүс Бурхны тэнгэрийн Хаанчлалын хаан сэнтийд заларсан бөгөөд «Эзний өдөр» эхэлсэн (Илчлэлт 1:10). «Илчлэлт» номд тэмдэглэсэн үзэгдэлд Есүсийг цагаан морь унасан ялан дийлэгч Хаанаар дүрсэлжээ. Араас нь дагаж яваа морьтнууд тус бүрдээ хүн төрөлхтөнд учрах зовлон гамшгийг бэлэгддэг. Улаан морьтонд «дэлхийгээс энх тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биеэ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв» (Илчлэлт 6:1–4). Энэ морьтон дайн тулааныг, том илд нь өмнө байгаагүй зэр зэвсэг ашигладаг, орчин үеийн дайны хор хөнөөлийг бэлэгддэг. Үүнд тус бүр нь хэдэн арван мянган хүнийг устгах чадалтай цөмийн цэнэгт хошуу, мөн ийм цэнэгт хошууг олон километр зайтай байнд хүргэдэг зөөгч пуужин болон үй олноор хөнөөх аюултай хими, биологийн зэвсэг ордог.
Бид Еховагийн сэрэмжлүүлгийг хүлээн авдаг
9. Өнөөгийн нөхцөл байдал Усан галавын өмнөхтэй юугаараа төстэй вэ?
9 Нефилимүүдэд уруу татагдсан ёс бус хүмүүсээс болж хүчирхийлэл улам гаарсан учир Ехова Бурхан Ноагийн үед хүн төрөлхтнийг устгасан. Өнөөдрийн тухайд юу хэлж болох вэ? Хүчирхийлэл тэр үеийнх шиг газар авчээ! Түүнээс гадна, өнөөгийн хүмүүс яг л тэр үеийнхэн шиг өдөр тутмын ажил хэрэгтээ бүрмөсөн автаад, «жирийн» амьдарч, сэрэмжлүүлгийг тоохгүй байна (Лук 17:26, 27). Тэгэхлээр, Бурхан ёс бус хүмүүсийг дахиж устгана гэдэгт эргэлзэх хэрэг байна уу? Байхгүй.
10. а) Библи юунаас сэрэмжлүүлдэг вэ? б) Өнөөдөр ямар алхам хийх нь хамгийн ухаалаг хэрэг вэ?
10 Усан галаваас олон зууны өмнө Енох өнөө үед болох устгалын тухай зөгнөж байжээ (Иуда 14, 15). Бас Есүс удахгүй болох «агуу их гай гамшгийн» тухай хэлсэн (Матай 24:21). Өөр зөнчид ч ийм явдлаас сэрэмжлүүлж байсан (Езекиел 38:18–23; Даниел 12:1; Иоел 2:31, 32). «Илчлэлт» номд тэр устгалын тухай хурц тод дүрслэн бичжээ (Илчлэлт 19:11–21). Бид дор бүрнээ Ноаг дуурайн, зөвт байдлыг идэвхийлэн тунхаглаж, Еховагийн сэрэмжлүүлгийг хүлээн авдаг. Бас уг сэрэмжлүүлгийг хүлээж авахад нь бусдад тусалдаг. Тиймээс, бид Ноагийн жишээгээр Бурхантай хамт явдаг гэж хэлж болно. Амьд явахыг хүсдэг хэн ч болов Бурхантай хамт явах нь амин чухал юм. Гэхдээ бидэнд өдөр бүр бэрхшээл тулгардаг учир яах хэрэгтэй вэ? Бурхны санаа зорилго хэрэгжинэ гэдэгт итгэх итгэлээ бэхжүүлэх хэрэгтэй (Еврей 11:6).
Хэцүү цагт үргэлж Бурхантай хамт явагтун
11. Бид І зууны христиануудыг хэрхэн дуурайдаг вэ?
11 МЭ І зуунд, тослогдсон христиануудыг «Замд хамаарагддаг» гэж ярьдаг байжээ (Үйлс 9:2). Тэд бүхий л амьдралынхаа туршид Ехова болон Есүст итгэж, Христийн замаар замнасан. Эдүгээ үнэнч христианууд ч тэр л замаар явдаг.
12. Есүс хүмүүсийг гайхамшгаар хооллосны дараа юу болсон бэ?
12 Есүсийг дэлхий дээр байх үед болсон нэг явдал итгэл хэчнээн чухал болохыг харуулдаг. Нэгэн удаа Есүс 5 000 орчим хүнийг гайхамшгаар хоолложээ. Үүнд нь хүмүүс гайхахын зэрэгцээ баярлаж байлаа. Гэхдээ дараа нь юу болсныг анхааралтай авч үзье. «Хүмүүс Есүсийн үзүүлсэн тэмдгийг үзээд: „Ертөнцөд ирэх ёстой өнөөх Эш үзүүлэгч үнэхээр энэ мөн“ гэж ярилцах болжээ. Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгохыг хүсэж байгааг Есүс мэдээд, зайлж ганцаараа дахин уул уруу явлаа» гэж Библид тэмдэглэсэн байдаг (Иохан 6:10–15). Тэр шөнөдөө Есүс өөр газар уруу явжээ. Уг нь, хүмүүс Есүсийг хаан хүний уужуу ухаантай, ард түмний материаллаг хэрэгцээг хангах чадалтай гэж үзээд л хаанаа болгох гэтэл Есүсийн дургүйцсэн нь сэтгэлийг нь гонсойлгожээ. Еховагийн товлосон, Есүсийн захирах цаг хараахан болоогүй байлаа. Түүнээс гадна, Есүс газар дээр бус, тэнгэрээс захирах байсан шүү дээ.
13, 14. Олон хүн ямар үзэлтэй байсан бэ? Итгэл нь хэрхэн соригдсон бэ?
13 Гэсэн ч хүмүүс Есүсийг тууштай дагасаар, Иоханы бичсэнээр, бүр «нуурын нөгөө талаас олжээ». Хаан болгох гэхэд зугтаж явсан хүнийг тэд яагаад дагах болов? Материаллаг сонирхолдоо хөтлөгдсөн учраас л тэр. Тэд Ехова Мосегийн үед израильчуудыг хэрхэн хоол хүнс, гутал хувцсаар хангаж байсныг хүртэл хэлээд авчээ. Цаанаа бол, хоол хүнсээ Есүсээр л хангуулаад байх санаатай байж. Есүс тэдний далд санааг ойлгоод, үзэл бодлыг нь засахын тулд Бурхны үзлийг тайлбарлаж эхлэв (Иохан 6:17, 24, 25, 30, 31, 35–40). Гэтэл зарим хүн үүнд нь, ялангуяа, «Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уусан хүн мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна» гэж хэлэхэд нь ихэд дургүйцжээ (Иохан 6:53, 54).
14 Ер нь, хүн Бурхантай хамт явахыг чин сэтгэлээсээ хүсдэг эсэх нь Есүсийн үгийг сонсоод илэрхий болдог байв. Энэ удаа ч бас л тийм явдал болсон. «Тэд үүнийг сонсоод, дагалдагчдаас олонх нь: „Энэ чинь хэцүү үг байна. Үүнийг хэн сонсож чадах вэ?“ гэцгээв» хэмээн бичсэнийг үзвэл хүмүүст их хүчтэй сэтгэгдэл төрсөн нь харагдаж байна. Есүс үгийнхээ гүнзгий утгыг тайлбарлан: «Сүнс бол амь өгдөг, мах [«махбод», МАБ] бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ» хэмээжээ. Гэсэн ч олон хүн үгийг нь хүлээн аваагүй. Тэгээд юу болсныг Библид: «Үүнээс болж Түүний дагалдагчдаас олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй» гэж тэмдэглэжээ (Иохан 6:60, 63, 66).
15. Есүсийн зарим дагалдагч ямар үзэлтэй байсан бэ?
15 Гэхдээ Есүсийн дагалдагчид бүгд тийм байгаагүй. Үнэнч шавь нар нь Есүсийн үгийг гүйцэд ойлгоогүй хэдий ч, Есүст бат итгэсэн хэвээр байв. Петр: «Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна» хэмээсэн нь Есүсийг орхиж яваагүй үнэнч нөхдийнхөө сэтгэлийн үгийг хэлсэн хэрэг байлаа (Иохан 6:68). Үнэхээр сайхан жишээ үзүүлжээ!
16. Бид хэрхэн соригдож болох вэ? Ямар үзэл хөгжүүлэх нь зүйтэй вэ?
16 Бид ч гэсэн Есүсийн эртний шавь нарын адилаар сорилтод орж болох юм. Тухайлбал, Еховагийн амлалт бидний бодож байсан шиг хурдан биелэхгүй байгаагаас, эсвэл байгууллагынхаа хэвлэлээс Библийн ямар нэг зүйлийн тайлбарыг уншаад ойлгохгүйгээсээ, эсвэл итгэл нэгтдээ гомдсон зэргээс болоод сэтгэл гонсойжээ гэж бодъё. Гэхдээ иймэрхүү юмаар шалтаглан Бурхантай хамт явахаа болих нь зөв үү? Яалаа гэж! Есүсийг орхиж явсан хүмүүс сүнслэг бус үзэлтэй байсан. Бид тэдний алдааг давтахаас болгоомжлох ёстой.
«Бид... ухралт хийдэг хүмүүс бус»
17. Бурхантай хамт явахад юу юу тусалдаг вэ?
17 Элч Паул: «Судар бүр Бурхны амьсгалснаар байгаа» гэж бичжээ (2 Тимот 3:16). Ехова Бурхан Библиэр дамжуулан: «Энэ бол зам. Үүгээр алхагтун» гэж тодорхой хэлдэг (Исаиа 30:21). Бурхны Үгийг дуулгавартай дагах нь «хэрхэн алхаж буйгаа хянаж байхад» тустай (Ефес 5:15). Библи судалж, сурч мэдсэнээ эргэцүүлэн боддог бол «үнэний дотор... явж» чадна (3 Иохан 3). Тийм ээ, Есүсийн хэлсэн «сүнс бол амь өгдөг, махбод бол ашиггүй» гэдэг гарцаагүй үнэн. Бурхан өөрийн Үг, сүнс болон байгууллагаар дамжуулан бидэнд сүнслэг удирдлага өгдөг билээ. Энэ бол бидний алхааг чиглүүлэх хамгийн найдвартай цорын ганц удирдлага мөн.
18. а) Зарим хүн ямар болчимгүй алхам хийдэг вэ? б) Бид юунд итгэх итгэлээ хөгжүүлэх хэрэгтэй вэ?
18 Хүмүүс сүнслэг бус үзлээсээ болоод, эсвэл Еховагийн амлалт бодож байсан шиг нь биелээгүйн улмаас бухимдаж, ертөнцөөс авч болдог зүйлд сэтгэл алддаг. Ямар цаг үед амьдарч байгаагаа умартан, сонор сэрэмжтэй байх хэрэгтэйн учрыг ололгүй, Хаанчлалын үйл хэргийг бус, амин хувийн зорилгоо эн тэргүүнд тавьдаг (Матай 24:42). Ийм замаар явах нь хамгийн болчимгүй хэрэг. Элч Паул: «Бид сүйрэл уруу ухралт хийдэг хүмүүс бус, харин итгэж, амийг хадгалдаг хүмүүс билээ» гэж хэлснийг анхаарцгаая (Еврей 10:39). Өнөө үе бол Енох Ноа нарынхтай адил хэцүү цаг мөн. Бидэнд ч бас тэдний адилаар Бурхантай хамт явах хосгүй завшаан олджээ. Еховатай хамт явж байсан цагт амласан бүхэн нь биелж, ёс бус бүхэн арилж, шинэ ертөнц бий болохыг үзнэ гэдэгтээ бат итгэлтэй байж болно. Мөн ч сайхан ирээдүй хүлээж байна даа!
19. Мика, Бурхны үнэнч үйлчлэгчдийн тухай юу гэж хэлсэн бэ?
19 Бурхны ариун сүнсээр хөтлүүлсэн зөнч Мика дэлхийн улс үндэстнүүдийг «өөрийн бурхны нэр дотор алхана» гэж хэлжээ. Гэхдээ өөрийнхөө болон Бурхны үнэнч үйлчлэгчдийн тухай: «Бидний хувьд, бид үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана» хэмээжээ (Мика 4:5). Хэрэв та Микагийнхтай адилхан сэтгэл өвөрлөсөн бол ямар ч хэцүү цагт Еховад ойр байгаарай (Иаков 4:8). Бүгдээрээ Ехова Бурхныхаа нэр дотор үүрд мөнх алхах шийдвэр төгс байцгаая!
Та хэрхэн хариулах вэ?
• Ноагийн үе болон өнөө үе юугаараа төстэй вэ?
• Ноа болон түүний гэрийнхэн «Бурхантай хамт явдаг» байснаа хэрхэн харуулсан бэ? Тэдний итгэлийг хэрхэн дуурайж болох вэ?
• Есүсийн зарим дагалдагч ямар буруу үзэлтэй байсан бэ?
• Бурхны үйлчлэгчид юунд шийдвэр төгс байдаг вэ?
[Догол мөрийн асуулт]