Есүсийн хэрхэн явсанчлан тийн явагтун
Есүсийн хэрхэн явсанчлан тийн явагтун
«[Бурхны] дотор оршдог гэж ярьдаг нэгэн [Есүсийн] хэрхэн явсанчлан өөрөө бас тийн явдаг байх ёстой» (1 ИОХАН 2:6).
1, 2. Есүсийг ширтэх гэж юу гэсэн үг вэ?
«ӨМНӨӨ байгаа уралдаанд тэсвэртэйгээр оролцъё. Бидний итгэлийн удирдагч ба төгсгөгч Есүсийг ширтсээр гүйцгээе» хэмээн элч Паул бичжээ (Еврей 12:1, 2, ШГ). Бурханд үнэнч амьдрахын тулд Есүс Христийг ширтэх учиртай аж.
2 Монголоор «ширтэх» гэж буулгасан уг грек үг «юунд ч сатаарахгүй анхаарлаа төвлөрүүлэх, харцаа нэг зүйлээс нөгөө уруу шилжүүлэх» гэсэн утгатай. Библийн нэгэн тайлбар тольд: «Эртний Грекийн тамирчин уралдаанд гүйж явахдаа зам, барианаас харцаа түр салган, үзэгчид уруу харах тэрхэн зуур хурд нь саардаг байжээ. Христиан хүн ч бас адилхан юм» хэмээн тэмдэглэжээ. Анхаарал сарниулах зүйлс сүнслэгээр өсөхөд саад болдог тул Есүс Христийг ширтэх шаардлагатай. Тэгвэл удирдагчийнхаа юуг анхаарч харах вэ? «Удирдагч» гэж орчуулсан грек үг «аливаа зүйлд тэргүүлэн үлгэр жишээ үзүүлдэг нэгэн» гэсэн утгатай. Тиймээс, Есүсийг ширтэх гэдэг нь жишээг нь дуурайна гэсэн үг юм.
3, 4. а) Есүс Христ шиг явахын тулд яах хэрэгтэй вэ? б) Ямар ямар асуулт авч үзэх вэ?
3 Библид: «[Бурхны] дотор оршдог гэж ярьдаг нэгэн [Есүсийн] хэрхэн явсанчлан өөрөө бас тийн явдаг байх ёстой» гэж бичжээ (1 Иохан 2:6). Есүс Эцгийнхээ тушаалыг биелүүлж байсан шиг, бид Есүсийн тушаалыг биелүүлж байж «Бурхны дотор орших» юм (Иохан 15:10).
4 Тэгэхлээр, Есүс шиг явахын тулд Удирдагчаа анхааралтай ажиглаж, үлгэр жишээг нь чадах чинээгээрээ дуурайх хэрэгтэй. Үүнээс үүдэн, дараах чухал асуултууд урган гарч байна. Христ биднийг яаж удирддаг вэ? Есүсийг дуурайдгаа хэрхэн харуулах вэ? Түүний үлдээсэн жишээг дагахын ач тус юу вэ?
Христ дагалдагчдаа хэрхэн удирддаг нь
5. Есүс тэнгэрт гарахынхаа өмнө дагалдагчдадаа юу гэж амласан бэ?
5 Дахин амилсан Есүс Христ тэнгэрт гарахынхаа өмнө шавь нартаа үзэгдэж, маш чухал нэгэн ажлыг даалгажээ. Тэрбээр: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун» гэж хэлээд, энэ даалгавраа биелүүлэхэд нь цуг байхаа амлан: «Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» хэмээн айлджээ (Матай 28:19, 20). Есүс Христ орчин үеийн дагалдагчидтайгаа яаж хамт байдаг вэ?
6, 7. Есүс биднийг ариун сүнсээр хэрхэн удирддаг вэ?
6 «Туслагч буюу Миний нэрээр Эцгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно» гэж Есүс хэлсэн байдаг (Иохан 14:26). Есүсийн нэрээр ирдэг ариун сүнс биднийг удирдаж, хүч өгч, сүнслэгээр гэгээрүүлэн, «Бурхны гүн юмсыг ч» ойлгуулдаг (1 Коринт 2:10). Түүнчлэн, христиан хүнд байх ёстой «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах» гэх зэрэг чанарыг хөгжүүлэхэд тусалдаг. Эдгээр чанар бол «сүнсний үр жимс» юм (Галат 5:22, 23).
7 Хэрэв бид Библи судлаад, сурснаа ажил хэрэг болгох гэж мэрийвэл Еховагийн сүнс «мэргэн ухаан, тунгаан бодох ба ялгах чадвар, мэдлэг, шударга ёс, хэрсүү чанарыг» хөгжүүлэхэд тусална (Сургаалт үгс 2:1–11). Мөн сорилт, хүнд хэцүү үеийг тэвчихэд тусалдаг (1 Коринт 10:13; 2 Коринт 4:7; Филиппой 4:13). Бурхан христиануудаас, өөрсдийгөө «махан биеийн болон сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэж, ариун байдлыг төгс болгохыг» шаарддаг (2 Коринт 7:1). Бурхны сүнс тусалдаггүй байсан бол бид ариун буюу цэвэр бай гэсэн энэ шаардлагыг хангаж үнэндээ чадна гэж үү? Өнөө үед Есүсийн, биднийг удирдахдаа ашигладаг нэг хэрэгсэл бол ариун сүнс юм. Ехова Бурхан үүнийг ашиглах эрх мэдлийг Есүст өгчээ (Матай 28:18).
8, 9. Христ хурлыг удирдахдаа «итгэмжит, ухаалаг боолыг» хэрхэн ашигладаг вэ?
8 Христийн, дагалдагчдаа удирдахдаа ашигладаг өөр нэг хэрэгслийг ярилцъя. Есүс өөрийнх нь «залран байх хийгээд эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдгийн» (ШЕ) талаар тайлбарлан: «Эзэн нь зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан итгэмжит, ухаалаг боол нь хэн бэ? Түүнийг тийн биелүүлж байхад эзэн нь ирээд харвал, тэр боол ерөөлтэй еэ! Үнэнээр Би та нарт хэлье, эзэн хамаг эзэмшил хөрөнгөө түүнд даатгана» гэж хэлсэн (Матай 24:3, 45–47).
9 «Эзэн» нь Есүс Христ, «боол» нь дэлхий дээрх тослогдсон христиануудаас бүрдсэн бүлэг хүн юм. Есүс энэхүү боолын ангид газар дээрх эзэмшил хөрөнгөө даатгаж, сүнслэг хоолыг цагт нь өгөх ажлыг хариуцуулжээ. Боолын ангийг төлөөлдөг Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд туршлагатай цөөн тооны харгалзагч багтдаг. Тэд дэлгэрүүлэх ажлыг удирдан чиглүүлж, сүнслэг хоолоор цагт нь хангадаг. Христ хурлыг ийнхүү «итгэмжит, ухаалаг боол» ба Удирдах зөвлөлөөр дамжуулан удирддаг байна.
10. Ахлагчдад яаж хандах хэрэгтэй вэ? Яагаад?
10 Түүнээс гадна, Христ «хүн бэлгүүд» буюу хурлын ахлагчдыг өгсөн нь дагалдагчдаа удирддагийн бас нэгэн баталгаа юм. «Ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд» тийм бэлэг өгсөн ажээ (Ефес 4:8, ШЕ, 11, 12). Ахлагчид хурлыг удирдах үүрэг хүлээдэг. Еврей 13:7-д: «Та нарт Бурхны үгийг ярьж, та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай» хэмээн бичсэн байдаг. Тэд Христ Есүсийг дуурайдаг учраас бид итгэлийг нь дуурайх хэрэгтэй (1 Коринт 11:1). Ахлагчдад дуулгавартай байж, захирагдах нь «хүн бэлгүүдийг» өгсөн Есүст талархлаа илэрхийлж байгаа хэрэг юм (Еврей 13:17).
11. Христ дагалдагчдаа хэрхэн удирддаг вэ? Есүсийн явсан шиг явна гэж яахыг хэлэх вэ?
11 Тийм ээ, Есүс Христ өнөөдөр дагалдагчдаа ариун сүнс, «итгэмжит, ухаалаг боол», хурлын ахлагчдаар дамжуулан удирдаж байна. Бид Христ шиг явахын тулд яаж удирддагийг нь ойлгож мэдээд, захирагдах шаардлагатай. Бас үлдээсэн жишээг нь дуурайх ёстой. Элч Петр: «Та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл, та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайлыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн» гэж бичжээ (1 Петр 2:21). Есүсийн төгс жишээг дуурайдгаа яаж харуулах вэ?
Эрх мэдлээ ухаалаг ашиглагтун
12. Христийн үлгэр жишээний юуг онцгойлон анхаарах хэрэгтэй вэ?
12 Есүст Эцэг нь хэнд ч байхгүй эрх мэдэл өгсөн. Есүс ч энэ эрх мэдлээ ухаалаг ашигладаг байсан. Хурлын гишүүд бүгдээрээ, ялангуяа, ахлагчид «ухаалаг байгаагаа бүх хүнд мэдүүлэх» хэрэгтэй (Филиппой 4:5, ШЕ; 1 Тимот 3:2, 3). Ахлагчид Христийн жишээг дуурайн, эрх мэдлээ ухаалаг ашиглах нь амин чухал юм.
13, 14. Ахлагчид хурлынхаа гишүүдийг Бурханд үйлчлэхийг уриалахдаа Христийг хэрхэн дуурайдаг вэ?
13 Есүс шавь нарынхаа хир чадлыг харгалзан үзэж, хүч хүрэхгүй юмыг нь шаарддаггүй байсан (Иохан 16:12). Бурхны хүсэл тааллыг хичээл зүтгэлтэй биелүүлэхийг уриалж байснаас биш, шахаж шаардаж байсан удаагүй (Лук 13:24). Харин биеэрээ үлгэр дуурайл үзүүлэн, Бурханд үйлчлэх чин хүслийг төрүүлж байсан. Энэ жишээгээр, христиан ахлагчид хурлынхаа гишүүдийг айлгаж ичээн, зэмлэн буруушаах маягаар Бурханд үйлчлэхийг албаддаггүй. Харин ч Ехова Есүс хоёрыг болон бусдыг хайрлах хайрандаа хөтлөгдөхийг уриалдаг (Матай 22:37–39).
14 Есүс эрх мэдлээрээ далайлган, бусдын амьдралд оролцож, хүний чадлаас хэтэрсэн шаардлага тавьж, тоо томшгүй тушаал буулгаж байгаагүй юм. Тэрбээр Мосегийн хуулийн үндэс болсон зарчмуудыг зүрх сэтгэлд нь хоногшуулж, Бурханд үйлчлэх хүсэл төрүүлдэг байжээ (Матай 5:27, 28). Есүсийг дуурайдаг ахлагчид хувийн үзэмжээр шийдвэр гаргах юм уу өөрсдийн үзэл бодлыг хүчээр тулгадаггүй. Ямар хувцас өмсөж, үсээ яаж засах, амралт чөлөөт цагаа яаж өнгөрөөх, юу үзэж харах тухай асуудлаар зөвлөгөө өгөхдөө Мика 6:8; 1 Коринт 10:31–33; 1 Тимот 2:9, 10-ын гэх мэт Библийн зарчмыг ашиглан, зөв шийдвэр гаргахад нь тусалдаг.
Өрөвдөн, уучилдаг байгтун
15. Есүс шавь нараа алдаж эндэхэд яасан бэ?
15 Христ алдаж эндсэн шавь нартаа хэрхэн ханддаг байсан нь бидний хувьд дуурайвал зохих жишээ болдог. Дэлхий дээрх амьдралынх нь сүүлчийн шөнө болсон хоёр явдлыг ярилцъя. Тэр шөнө Есүс шавь нартайгаа Гетсемани цэцэрлэгт очжээ. Тэгээд Петр Иаков Иохан гурвыг авч яван, сэргэг байхыг захисан. Дараа нь жаахан цааш яваад, газар сөхрөн сууж залбирчихаад буцаад ирэхэд нь тэд унтаж байлаа! Есүс тэднийг яасан бол? Загнаж аашлахын оронд өрөвдөж, «Сүнс нь хүсэж байна, харин махан бие сул дорой» гэж хэлсэн! (Марк 14:32–38). Гэтэл яг тэр шөнө нь Петр Есүсийг гурван удаа үгүйсгэдэг (Марк 14:66–72). Тэгэхэд нь Есүс яасан бэ? «Эзэн... амилаад, Симонд [Петрт] харагджээ» (Лук 24:34). «Тэрээр Кефт [Петрт], дараа нь... арван хоёрт үзэгдэв» гэж Библид бичжээ (1 Коринт 15:5). Есүс гомдож өширхөхийн оронд гэмшсэн элчээ уучилж, зоригжуулсан. Хожим нь Петрт чухал үүрэг хариуцлага оноосон (Үйлс 2:14; 8:14–17; 10:44, 45).
16. Итгэл нэгтнүүдээ алдаж эндэх юм уу муухай зан гаргавал бид Есүсийг хэрхэн дуурайж болох вэ?
16 Итгэл нэгтнүүд маань алдаж эндэх юм уу муухай зан гаргахад тэднийг Есүс шиг өрөвдөн уучлах нь зүйтэй биш үү? Петр: «Бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд сүнс дотор даруу байцгаа. Ерөөлийг өвлүүлэх зорилгын үүднээс та нарыг дуудсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн» гэж уриалдаг (1 Петр 3:8, 9). Хэн нэг нь биднийг Есүс шиг өрөвдөн уучлахгүй байвал яах вэ? Тийм үед ч Есүсийг дуурайх ёстой (1 Иохан 3:16).
Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавигтун
17. Есүс Бурхны хүсэл тааллыг биелүүлэх ажлыг амьдралынхаа эн тэргүүнд тавьсан нь юунаас харагддаг вэ?
17 Есүс Христ шиг явах өөр нэг арга бий. Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах ажил Есүсийн амьдралд гол байр эзэлдэг байсан. Тэрбээр Самарийн Сухар хотын дэргэд нэг эмэгтэйтэй ярилцсаныхаа дараа шавь нартаа: «Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн» хэмээн хэлжээ (Иохан 4:34). Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэх нь Есүсийн хувьд шим тэжээл, тамир тэнхээ өгч, сэтгэл баясгадаг хоолтой адилхан байсан. Есүсийг дуурайн, эн тэргүүнд Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхээс илүү утга учиртай, аз жаргалтай амьдрал байдаг гэж үү?
18. Үр хүүхдээ бүрэн цагийн үйлчлэгч болоход нь тусалж дэмжсэний ач тус юу вэ?
18 Үр хүүхдээ бүрэн цагийн үйлчлэгч болоход нь тусалж дэмждэг эцэг эхчүүдийн хүчин чармайлт ивээл авчирдаг. Нэгэн аав хоёр ихэр хүүгээ эхлэгч болгох зорилготой байжээ. Зорилго нь биелсэнд баярласан тэр эцэг: «Хүүхдүүд маань урам хугалсангүй. Хоёр хүүгээ Еховагаас „ирсэн бэлэг“ гэж ам бардам хэлнэ» хэмээн бичжээ (Дуулал 127:3). Тэгвэл хүүхдүүд бүрэн цагаар үйлчлээд ямар ач тус хүртдэг вэ? Таван хүүхэдтэй нэг ээж: «Хүүхдүүд маань эхлэгчээр үйлчилдэг болсноос хойш Еховатай улам дотно харьцаатай болсон, Библи бие даан судалж хэвшсэн, цагийг ухаалаг ашиглаж, сүнслэг зүйлийг түрүүлж бодож сурсан. Бүгдээрээ олон юмаа золиосолсон ч энэ замыг сонгосондоо нэг нь ч харамсдаггүй» гэж ярьсан юм.
19. Хүүхдүүд ирээдүйгээ төлөвлөхдөө юуг тооцож үзэх нь ухаалаг хэрэг вэ?
19 Хүүхдүүд ээ, та нар ойрын ирээдүйд юу хийхээр төлөвлөж байна вэ? Аль нэг компанид сайн мэргэжилтэн болохыг зорьж байна уу? Эсвэл бүрэн цагийн чадварлаг үйлчлэгч болохоор мэрийж байна уу? Элч Паул: «Та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Цагийг авар [«зохистой цагийг зольж ав», ШЕ]. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж. Тийм учраас бүү мунхаг бай. Эзний [«Еховагийн», ШЕ] хүсэл юу болохыг ухаар» гэж зөвлөсөн байдаг шүү дээ (Ефес 5:15–17).
Үнэнч байгтун
20, 21. Есүс үнэнч байдлаа хэрхэн харуулсан бэ? Бид яаж түүнийг дуурайх вэ?
20 Есүсийн явсанчлан тийн явахын тулд түүн шиг үнэнч байх хэрэгтэй. Есүс Бурханд хэчнээн үнэнч байсан тухай Библид: «Тэрээр хэдийгээр Бурхны мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй, харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн [«тарчлаах шонгийн», ШЕ] үхэлд ч... дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов» гэж бичжээ. Есүс Еховагийн хүсэл таалалд захирагдан хэмжээгүй эрх мэдлийг нь үнэнчээр дэмжиж байсан. Тэрбээр шонд хадуулаад тарчлан үхэж байхдаа ч дуулгавартай байв. Бид «Христ Есүст байсан тийм бодолтой байж», Бурхны хүсэл тааллыг үнэнчээр биелүүлэх ёстой (Филиппой 2:5–8).
21 Есүс бас элч нартаа үнэнч байсан. Төгс бус байдал, алдаа дутагдлыг нь үл тоон тэднийг «эцэст нь хүртэл хайрласан» (Иохан 13:1). Бид ч гэсэн итгэл нэгтнүүдээсээ өө сэв хайхын оронд Есүсийг дуурайх хэрэгтэй.
Есүсийн үлдээсэн жишээг дагагтун
22, 23. Есүсийн үлдээсэн жишээг дагахын ач тус юу вэ?
22 Төгс бус хүмүүс бид Есүсийн үлдээсэн төгс жишээг яг таг дуурайж чадахгүй нь мэдээж. Гэхдээ л дөхүүлж чадна. Үүний тулд Христийн, дагалдагчдаа удирдах аргыг ойлгож мэдээд үлгэр жишээг нь дуурайх хэрэгтэй.
23 Христийг дуурайх нь олон талын ач тустай. Бурхны хүсэл тааллыг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг учраас амьдрал маань утга учиртай, аз жаргалтай болдог (Иохан 5:30; 6:38). Бас мөс чанар цэвэр байхаас гадна бусдад үлгэр жишээ үзүүлдэг. Есүс «нөр их хөдөлмөрлөдөг, ачаа үүрсэн» бүх хүнийг урьж, сүнслэгээр сэргээдэг (Матай 11:28–30, ШЕ). Хэрвээ Есүсийн жишээг дагадаг бол бид ч бас итгэл нэгтнүүдээ сэргээж чадна. Есүсийн жишээг цаг үргэлж дуурайцгаая.
Та санаж байна уу?
• Христ өнөөдөр дагалдагчдаа хэрхэн удирддаг вэ?
• Ахлагчид Бурхнаас авсан эрх мэдлээ ашиглахдаа Христийг яаж дуурайдаг вэ?
• Алдаж эндсэн нэгэндээ Есүсийг дуурайн хэрхэн хандах хэрэгтэй вэ?
• Хүүхдүүд Хаанчлалыг яаж эн тэргүүнд тавих вэ?
[Догол мөрийн асуулт]