Skip to content

Гарчиг руу орох

Өнөөгийн түгшүүртэй цагт Бурхантай хамт явагтун

Өнөөгийн түгшүүртэй цагт Бурхантай хамт явагтун

Өнөөгийн түгшүүртэй цагт Бурхантай хамт явагтун

«Енох Бурхантай хамт явж байсан ба Бурхан түүнийг авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй» (ЭХЛЭЛ 5:24).

1. Өнөөгийн түгшүүртэй цаг үеийн зарим онцлог шинжийг хэлнэ үү.

 ТҮГШҮҮРТЭЙ ЦАГ! 1914 онд Мессиагийн Хаанчлал тогтсоноос хойш хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн үймээн самуун, хүчирхийллээр дүүрэн он жилүүдийг үүнээс өөрөөр тодорхойлох аргагүй мэт. Тэр үеэс энэхүү ёс бус ертөнцийн «эцсийн өдрүүд» эхэлсэн. Олон түмэн өлсгөлөн, өвчин эмгэг, газар хөдлөлт, дайн дажны хөлд одоогийнх шиг өртөж байсан нь үгүй (2 Тимот 3:1; Илчлэлт 6:1–8). Еховагийн үйлчлэгчдийг ч зовлон тойроогүй. Юу ч болж мэдэх өнөөгийн нийгэмд бид бүгдээрээ л хэцүү бэрхийг ямар нэг хэмжээгээр туулдаг. Мөнгөний гачаал, улс төрийн тогтворгүй байдал, гэмт хэрэг, өвчин эмгэг зэргээс болж амьдрал бараан болдог.

2. Еховагийн үйлчлэгчдэд ямар ямар сорилт тулгардаг вэ?

2 Түүнээс гадна, Еховагийн олон үйлчлэгч харгис хавчлагын бай болдог. Учир нь Сатан «Бурхны хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахидаг» хүмүүстэй дайтсаар байгаа билээ (Илчлэлт 12:17). Жинхэнэ христианууд хавчлагад нэг бүрчлэн өртдөггүй ч, дор бүрнээ Сатан Диаволтай тэмцэж, хүмүүсийн дунд хөөрөгдөж байдаг «сүнсийг» эсэргүүцэх ёстой болдог (Ефес 2:2; 6:12). Бид Еховад үйлчилдэггүй хүмүүстэй нэг дор ажиллаж, сурч, эсвэл өөр бусад шалтгаанаар хамт байх хэрэг гардаг тул уруу татагдахгүйн тулд байнга сонор сэрэмжтэй байх шаардлагатай.

«Харь үндэстнүүдтэй» бус, Бурхантай хамт явагтун

3, 4. Христианууд ертөнцийнхнөөс ямар ялгаатай вэ?

3 МЭ І зууны христианууд ч энэ ертөнцийн сүнстэй ширүүн тэмцдэг байсан тул христиан биш хүмүүсээс ихэд ялгаатай байжээ. Паул: «Тиймээс би Эзний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харь үндэстнүүд оюун санааны хоосрол дотроо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй. Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас, зүрхнийхээ хатуугаас болж оюун ухаандаа харанхуй болж, Бурхны аминаас хөндийрчээ. Тэд мэдрэмжгүй болж, зүсэн бүрийн бузар булайг шунахайран үйлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдийгөө тушаажээ» гэж бичсэн нь тэр ялгааг харуулдаг (Ефес 4:17–19).

4 Паул тун онож хэлжээ. Тэр үед ертөнц сүнслэгээр болон ёс суртахууны хувьд тас харанхуй байсан. Өнөөдөр ч ялгаагүй. Гэхдээ І зууны христиануудын адилаар, өнөөгийн христианууд «харь үндэстнүүд... шиг явдаггүй». Харин Бурхантай хамт явах хүндтэй үүрэг хүлээдэг. Эгэл дорд, төгс бус хүнийг ингэж хэлж болох юм уу гэж зарим хүн гайхах байх. Та бидэн шиг жирийн хүн Бурхантай хамт явж болдгийг Библид тэмдэглэсэн байдаг. Тэгээд ч Ехова биднийг өөртэй нь хамт яваасай гэж хүсэн хүлээдэг. МЭӨ наймдугаар зуунд амьдарч байсан зөнч Мика: «Шударгыг үйлд, энэрлийг хайрла, өөрийн Бурхантай хамт... алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?» хэмээн Бурхны онгодоор хөтлүүлэн бичжээ (Мика 6:8).

Яавал Бурхантай хамт явах вэ? Хамт явахын учир юу вэ?

5. Төгс бус хүн яавал Бурхантай хамт явах вэ?

5 Төгс хүчит, үл үзэгдэх Бурхантай хамт явах гэж яахыг хэлэх вэ? Жирийн хүнтэй хамт явахтай адилгүй нь ойлгомжтой. «Алхах», «явах» гэдэг үгээр Библид «тодорхой нэг үйл хийх» гэсэн утга илэрхийлдэг. * Тэгэхлээр, Бурхантай хамт явдаг хүн тогтоосон хэм хэмжээнийх нь дагуу, Бурханд таалагддаг үйл хийдэг байж таарна. Ийм хүн эргэн тойрныхоо ихэнх хүнээс ялгардаг. Христиан хүн ийм л байх учиртай. Яагаад гэдгийг дэлгэрэнгүй ярилцъя.

6, 7. Бурхантай хамт явах нь ямар учраас амьдралын хамгийн сайн зам бэ?

6 Гол шалтгаан бол Ехова хүнийг бүтээж, амь өгсөн бөгөөд эдүгээ биднийг амьд явахад шаардлагатай бүхнээр хангадаг явдал юм (Илчлэлт 4:11). Тиймээс, яаж амьдрахыг заах эрхтэй нэгэн бол ганцхан Ехова билээ. Түүнээс гадна, Бурхантай хамт явах нь амьдралын хамгийн сайн зам мөн. Ехова өөртэй нь хамт явдаг хүмүүсийн нүглийг уучлах арга хэмжээ авч, мөнх амьдрах ирээдүйн үүдийг нээсэн. Тэнгэрийн халамжит Эцэг маань бидэнд бас ухаалаг зөвлөгөө өгдөг. Бид Сатаны мэдлийн ертөнцөд төгс бус хэвээрээ байгаа хэдий ч тэр зөвлөгөөний ачаар одоо ч жаргалтай сайхан амьдардаг (Иохан 3:16; 2 Тимот 3:15, 16; 1 Иохан 1:8; 2:25; 5:19). Бурхантай хамт явдгийн ачаар эв нэгдэлтэй, амар тайван байдаг маань бас нэг шалтгаан юм (Колоссай 3:15, 16).

7 Эцэст нь тэмдэглэхэд, Бурхантай хамт явах эсэхээс Еден цэцэрлэгт Сатаны дэгдээсэн, эрх мэдлийн талаарх маргаантай асуудлаар хэний талд байдаг маань харагддаг. Энэ бол хамгийн чухал шалтгаан юм (Эхлэл 3:1–6). Бид Бурхны талд тууштай зогсдог гэдгээ амьдралынхаа хэв маягаар харуулж, ганцхан Ехова хамгийн дээд эрх мэдэлтэй гэж зоригтой тунхагладаг (Дуулал 83:18). Ийм үйл хэрэг Бурхны нэр ариусаж, хүсэл таалал нь биелээсэй гэж залбирдагтай маань тохирдог (Матай 6:9, 10). Бурхантай хамт явахаар шийдэх нь туйлын ухаалаг хэрэг! Тийн шийдсэн хүмүүс зөв замаар явж байгаадаа итгэлтэй байдаг. Учир нь Ехова ганцаараа мэргэн бөгөөд хэзээ ч алддаггүй (Ром 16:27).

8. Енох Ноа хоёрын амьдарч байсан үе өнөө үетэй юугаараа төстэй вэ?

8 Гэхдээ одоогийн энэ хэцүү цагт, бас ихэнх хүн Еховад үйлчлэх сонирхолгүй байхад христиан ёсоор амьдарч болно гэж үү? Туйлын хүнд үед ч Еховад үнэнч үлдсэн эртний үйлчлэгчдийг эргэн санавал дээрх асуултын хариу гарч ирнэ. Жишээ болгон, Енох Ноа хоёрын тухай ярилцъя. Тэд ёс бус байдал өргөн тархсан одоогийнхтой тун төстэй үед амьдарч байсан. Ноагийн өдрүүдэд дэлхий хүчирхийлэл, садар самуунаар дүүрсэн байв. Гэсэн ч Енох Ноа хоёр ертөнцийн сүнсийг эсэргүүцэж, Еховатай хамт явсан. Юуны ачаар вэ? Энэ асуултад хариулахын тулд эхлээд Енохын жишээг үзье. Дараагийн өгүүллээр Ноагийн тухай ярилцъя.

Түгшүүртэй цагт Енох Бурхантай хамт явсан

9. Бид Енохын тухай юу мэдэх вэ?

9 Бурхантай хамт явсан гэж Библид бичигдсэн эхний хүн бол Енох юм. «Метуселаг төрүүлснээс хойш Енох... Бурхантай хамт явжээ» гэж Библид бичсэн байдаг (Эхлэл 5:22). Дараагийн зүйлд Енох хэд насалсныг тэмдэглэжээ. Одоогийн биднийхтэй харьцуулахад урт насалсан ч, үе тэнгийнхнээ бодвол богино насалсан. Библид цааш нь: «Енох Бурхантай хамт явж байсан ба Бурхан түүнийг авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй» гэжээ (Эхлэл 5:24). Дайснууд нь Енохыг хорлохоос өмнө «Бурхан түүнийг аваачсан» буюу үхлийн нойроор унтуулсан бололтой (Еврей 11:5, МАБ, 13). Эдгээр зүйлээс гадна Енохын тухай Библид цөөхөн дурдсан байдаг ч түүнийг түгшүүртэй цагт амьдарч байсан гэж хэлэх бүрэн үндэстэй.

10, 11. а) Адам Ева хоёрын самуун явдлын дараа ёс бус байдал хэрхэн тархсан бэ? б) Енох юу гэж зөгнөж байсан бэ? Хүмүүс үгийг нь яаж хүлээж авсан бэ?

10 Адамыг нүгэл үйлдсэнээс хойш хүн төрөлхтөн ямар хурдан завхарсныг саная. Адамын ууган хүү Каин төрсөн дүү Абелыгаа хөнөөж, анхны алуурчин болсон тухай Библид тэмдэглэжээ (Эхлэл 4:8–10). Абелыг харамсалтайгаар амиа алдсаны дараа Адам Ева хоёр дахин нэг хүүтэй болж, Сет гэж нэрлэдэг. Түүний тухай: «Сет бас нэг хүүтэй болж, түүнийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс ЭЗЭНий нэрийг дуудах болжээ» гэж бичсэн байдаг (Эхлэл 4:25, 26). Гэвч харамсалтай нь, хүмүүс Еховагийн нэрийг тэрслүү байдлаар дуудах болжээ. * Еношийг төрснөөс хойш олон жилийн дараа Каины удмын Ламех өөрийг нь шархдуулсан нэгэн залууг алсан тухайгаа өгүүлсэн дууг хоёр эхнэртээ зориулж зохиожээ. Тэрбээр дуундаа: «Каины төлөө ноогдох ял шийтгэл долоо дахин илүү их бол, Ламехын төлөө ноогдох ял шийтгэл далан долоо дахин илүү их байх болно» хэмээсэн байдаг (Эхлэл 4:10, 19, 23, 24).

11 Дээр дурдсан товч мэдээ баримтыг үзвэл Еден цэцэрлэгт Сатаны дэгдээсэн самуун Адамын үр удамд ёс бус байдлыг тун хурдан тараасан нь харагдаж байна. Тийм л ертөнцөд Енох Еховагийн зөнчөөр үйлчилж байсан бөгөөд тэр үед зөгнөн хэлсэн нь өнөөдөр ч ач холбогдолтой хэвээрээ байгаа. Енох: «Харагтун. Эзэн [«Ехова», ШЕ] мянга мянган ариун нэгэнтэйгээ ирэв. Энэ нь бүгдийн дээр шүүх ажиллагаа явуулж, бүх бурханлаг бусчуудыг бурханлаг бус замаар үйлдсэн бүх бурханлаг бус үйлээр нь болон бурханлаг бус нүгэлтнүүдийн Түүний эсрэг ярьсан бүх хатуу үгээр нь буруутгахын тулд юм» хэмээснийг Иуда тэмдэглэжээ (Иуда 14, 15). Энэ үг «Хармагедоноор» бас биелнэ (Илчлэлт 16:14, 16). Тэр үед энэ зөгнөлийг сонсоод дургүйцсэн «бурханлаг бус нүгэлтэн» олон байсан нь гарцаагүй. Ехова зөнчөө тэдний гарт өгөлгүй «аваачсан» нь хайрынх нь илрэл билээ!

Бурхантай хамт явах хүчийг Енох хаанаас авсан бэ?

12. Енох үеийнхнээсээ ямар ялгаатай байсан бэ?

12 Еден цэцэрлэгт Адам Ева хоёр Сатаны үгийг дагаж, Еховагийн эсрэг тэрсэлсэн тухай бид дээр ярилцсан (Эхлэл 3:1–6). Харин тэдний хүү Абел эцэг эхээсээ өөр байсан бөгөөд Еховагаас сайшаал хүлээсэн (Эхлэл 4:3, 4). Харамсалтай нь, Адамын удмаас түүн шиг хүн бараг гарсангүй. Гэхдээ олон зууны дараа төрсөн Енох, Абел шиг хүн байв. Енох бусдаас юугаараа өөр байсан бэ? Элч Паул энэ асуултад хариулан: «Итгэлээр [Енох] нь үхлийг үзэлгүйгээр аваачигдав. Бурхан түүнийг аваачсан учир тэр олдсонгүй. Тэр нь аваачигдахаасаа урьд Бурханд тааламжит байсныхаа гэрчлэлтийг хүртсэн бөлгөө» гэж бичжээ (Еврей 11:5, МАБ). Енох бол Христийг дэлхийд ирэхээс өмнө амьдарч, итгэлийн гайхамшигтай жишээ үлдээсэн «үүл мэт олон гэрчийн» нэг байсан (Еврей 12:1, МАБ). Өнөөгийн ихэнх хүнээс бараг дөрөв дахин урт буюу 300 гаруй наслахдаа итгэлийнхээ ачаар л Еховад үнэнч байж чаджээ!

13. Енохын итгэл ямар байсан бэ?

13 Паул: «Итгэл бол... найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн» хэмээн бичиж, Енох болоод бусад үнэнч гэрчийн итгэлийг тодорхойлжээ (Еврей 11:1). Итгэлийн ачаар бид найддаг зүйлээ биелнэ гэдэгт эргэлзэлгүй хүлээдэг. Огт эргэлздэггүй учраас итгэж үнэмшдэг зүйлээ амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг. Ийм л итгэлийн үрээр Енох эргэн тойрныхоо хүмүүсээс ялгарч, Бурхантай хамт явж чадсан.

14. Енох юуны тухай мэддэг байсан нь итгэлийнх нь үндэс болсон бэ?

14 Жинхэнэ итгэл мэдлэгт үндэслэдэг. Тэгвэл Енох юу мэддэг байсан бэ? (Ром 10:14, 17; 1 Тимот 2:4). Тэрбээр Еденд болсон явдлын тухай мэддэг байсан нь гарцаагүй. Түүнээс гадна, тэнд хүмүүс яаж амьдардаг байсныг сонссон биз ээ. Тэр үед Еден цэцэрлэг байсан бололтой. Гэхдээ хүмүүст тийшээ орохыг хориглосон байлаа (Эхлэл 3:23, 24). Бас, Бурхан Адамын үр хүүхдээр дэлхийг дүүргэж, дэлхийг бүхэлд нь Еден шиг Диваажин болгох санаа зорилготойг мэдэж байжээ (Эхлэл 1:28). Сатаны «толгойг няцалж», худал хуурмаг явдлынх нь бүх хор уршгийг арилгах нэгэн «үр» (ШЕ) бий болгох Еховагийн санаа зорилгыг ойлгон эрхэмлэдэг байсан (Эхлэл 3:15). Нарийн яривал, «Иуда» номд тэмдэглэсэн, Енохын өөрийнх нь хэлсэн зөгнөл Сатаны үрийг устгахтай холбоотой ажээ. Енох итгэлийнхээ ачаар, Еховаг «Өөрийг нь хайгч хүмүүст... Шагнагч нь болдог» гэж үздэг байв (Еврей 11:6). Хэдийгээр Енох бидний мэдэж байгаа бүхнийг мэддэггүй байсан ч бат итгэлтэй байж чадсан билээ. Итгэлийнхээ ачаар түгшүүртэй цагт Бурханд үнэнч байж чадсан.

Енохын жишээг дуурайгтун

15, 16. Енохын жишээг хэрхэн дуурайж болох вэ?

15 Түгшүүртэй цагт амьдардаг бид ч бас Енохын адилаар Еховад таалагдахыг хичээдэг учир түүний жишээг дуурайх нь зүйтэй. Еховагийн тухай болон санаа зорилгынх нь тухай мэдлэгтэй болж, тэр мэдлэгээ гүнзгийрүүлж байх хэрэгтэй. Гэхдээ үүгээр бүх юм болчихгүй. Гол нь, мэдлэгийнхээ дагуу амьдрах шаардлагатай (Дуулал 119:101; 2 Петр 1:19). Санаа бодол, үйл хэргээрээ Бурханд таалагдахыг цаг ямагт хичээн, Еховагийн үзэл бодолд захирагдаж амьдрах ёстой.

16 Енохын үед Еховад үйлчилдэг өөр хүн байсан эсэхийг бид мэдэхгүй. Байлаа ч, цөөхөн байсан байж таарна. Бид бас энэ ертөнцөд цөөхүүлээ ч айж хулчийдаггүй. Бидний эсрэг хэн ч байсан, Ехова биднийг дэмжинэ (Ром 8:31). Ёс бус хүмүүсийг устгах гэж байсныг Енох зоригтой тунхаглаж байсан шиг бид ч бас тохуурхал, эсэргүүцэл, хавчлагыг үл хайхран, «Хаанчлалын [тухай] энэхүү сайн мэдээг» зоригтой дэлгэрүүлдэг (Матай 24:14). Тэрбээр үе тэнгийнхэн шигээ урт наслаагүй. Енох тэр ертөнцөд найдахын оронд шинэ ертөнцийг хүсэн хүлээж байсан (Еврей 11:10, 35). Бид ч бас Еховагийн санаа зорилго биелэхийг хүлээдэг учир «энэ ертөнцийг... бүрэн дүүрнээр ашигладаггүй» (1 Коринт 7:31). Гол нь, Еховад үйлчлэхийн төлөө хүч чадал, эд баялгаа зориулдаг.

17. Бид Енохын мэддэггүй байсан юуг мэддэг вэ? Тиймээс яах ёстой вэ?

17 Бурхан товлосон цагтаа амласан Үрийг бий болгоно гэдэгт Енох итгэж байсан. Тэр Үр буюу Есүс Христ ирж, амиа золиос болгон өгч, бидэнд болон Енох нарын эртний үнэнч үйлчлэгчдэд мөнхийн амийг өвлүүлэх замыг нээснээс хойш эдүгээ бараг 2 000 жил болж байна. Есүс Бурхны Хаанчлалын Хаан болж, Сатаныг тэнгэрээс дэлхий уруу хаясны дүнд өнөөдөр зовлон гамшиг их байгааг бид мэддэг (Илчлэлт 12:12). Үнэндээ, бид Енохын мэдэж байснаас хавьгүй ихийг мэддэг. Тэр тусмаа Енох шиг бат итгэлтэй байцгаая. Бурхны амлалт биелнэ гэж итгэдгээ бүх үйл хэргээрээ харуулцгаая. Түгшүүртэй цагт амьдардаг ч гэсэн Енохын жишээгээр Бурхантай хамт явцгаая.

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн 1-р боть, 220-р хуудасны 6-р догол мөрийг үзнэ үү (англи).

^ Еношоос өмнө Еховагийн Адамтай ярилцаж байсан, Абел Бурханд тааламжит тахил өргөсөн, Каиныг уурын мунхгаар хүний амь хөнөөхөөс өмнө Бурхан түүнтэй ярилцаж байсан зэргийг үзвэл хүмүүс «ЭЗЭНий нэрээр дуудах болжээ» гэдэг нь цэвэр шүтлэгийн дагуу биш, өмнө нь байгаагүй буруу аргаар дууддаг болсон хэрэг ажээ.

Та хэрхэн хариулах вэ?

• Бурхантай хамт явах гэж юу гэсэн үг вэ?

• Бурхантай хамт явах нь ямар учраас амьдралын хамгийн сайн зам болдог вэ?

• Енох түгшүүртэй цагт амьдардаг байсан ч юуны ачаар Бурхантай хамт явсан бэ?

• Енохыг хэрхэн дуурайж болох вэ?

[Догол мөрийн асуулт]