Бардам зангаас болгоомжлогтун
Бардам зангаас болгоомжлогтун
«Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг» (ИАКОВ 4:6).
1. Хүн ямар үед зохих ёсоор бахархдаг вэ? Жишээ татна уу.
ТАНД бахархах сэтгэл төрж байсан үе бий юү? Ихэнх хүнд тийм үе байсан нь лавтай. Зохих хэмжээгээр бахархахад буруу юм байхгүй. Жишээ нь, эцэг эх нь хүүхдийнхээ сурлага хүмүүжил сайн байгааг мэдээд сэтгэл тэнийн баярладаг. Элч Паул болон түүний хамтран зүтгэгчид хавчлага дарамтыг үнэнчээр даван туулсан итгэл нэгтнүүдээрээ бахархаж байсан (1 Тесалоник 1:1, 6; 2:19, 20; 2 Тесалоник 1:1, 4).
2. Сайрхахаас зайлсхийх ёстойн учир юу вэ?
2 Дээрх жишээнээс харахад, хүн сайн үйл хэрэгт баярлан бахархдаг байна. Гэхдээ авьяас чадвар, царай зүс, эд хөрөнгө, зэрэг зиндаагаараа бусдаас илүү гэж бодоод биеэ дөвийлгөвөл бахархах сэтгэл хэмжээнээсээ хэтэрдэг. Ихэнхдээ энэ нь биеэ авч явах байдал, зан аашаар илэрнэ. Христиан хүн ийм зантай болохоос сэрэмжлэх ёстой. Учир нь бид хувиа хичээх төрөлхийн хандлагыг элэнц Адамаас өвлөн авсан билээ (Эхлэл 8:21). Хүн ийм хандлагын улмаас сайрхуу болохдоо амархан. Христианууд яс үндэс, эд хөрөнгө, эрдэм боловсрол, авьяас чадвар, дадлага туршлагаараа бусдаас илүү гэж сайрхахаас зайлсхийх ёстой. Энэ бол зохисгүй бөгөөд Еховад таалагддаггүй зан юм (Иеремиа 9:23; Үйлс 10:34, 35; 1 Коринт 4:7; Галат 5:26; 6:3, 4).
3. Бардам зан гэж юу вэ? Энэ тухай Есүс юу гэж хэлсэн бэ?
3 Сайрхахаас зайлсхийх өөр нэг шалтгаан бий. Сайрхал хэтэрвэл бардам болох аюултай. Бардам зан гэж юу вэ? Биеэ бусдаас илүү гэж бодон, дээрэнгүйлэх зан юм (Лук 18:9; Иохан 7:47–49). «Зүрхнээс гарч» «хүнийг бузарладаг» хорон муу чанаруудыг Есүс тоочихдоо «бардам занг» дурдсан байдаг (Марк 7:20–23). Бардам зангаас зайлсхийхийн чухлыг христианууд эндээс ойлгодог.
4. Библид гардаг бардам хүмүүсийн жишээг авч үзэх нь ямар ач тустай вэ?
4 Бардам хүмүүсийн талаар Библид юу өгүүлдгийг авч үзэх нь ач тустай. Үүний дүнд, хүн өөртөө байж магадгүй бардам занг олж илрүүлээд, энэ зангаа засаж чадна. Эсвэл ирээдүйд бардам болох аюулаас сэргийлнэ. Хэрэв тэгж чадвал Бурхныг бардам ихэмсэг хүмүүсийн эсрэг арга хэмжээ авах үед хохирол амсахгүй. Ехова: «Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг чинь зайлуулахад та нар Миний ариун уулан дээр дахин хэзээ ч ихэмсэг байхгүй» гэж айлдсан байдаг (Зефаниа 3:11).
Бурхан бардам хүмүүстэй тооцоо хийдэг
5, 6. Фараон яаж бардам загнасан бэ? Энэ нь ямар балаг тарьсан бэ?
5 Фараон гэх мэт хүчирхэг удирдагчдад яаж хандсанаас нь бардам занг Ехова хэрхэн үздэгийг ойлгож болно. Фараон бардам байсан учраас өөрийгөө бурхан хэмээн бодож, өөрийн боол Израилийн ард түмнийг дорд үзэж байсан нь лавтай. Еховад «баярын ёслол үйлдэхээр» цөлд очих гэсэн Израилийн гуйлтад фараоны хэрхэн хариулсныг харъя. «ЭЗЭН гэгч хэн болоод, Израилийг явуул гэсэн Түүний үгийг би дагах ёстой юм бэ?» хэмээн бардам өгүүлжээ (Египетээс гарсан нь 5:1, 2).
6 Зургаа дахь гамшгийн дараа Ехова Мосегоор дамжуулан фараонд: «Чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна» гэж хэлүүлжээ (Египетээс гарсан нь 9:17). Гэлээ ч фараон үл тоомсорлосон учраас Мосе долоо дахь гамшгийг зарлан мэдэгдсэн. Тэгэхэд орон даяар мөндөр буужээ. Арав дахь гамшгийн дараа израильчуудыг явах болмогц фараон бодлоо өөрчилж, араас нь нэхэн хөөв. Эцэстээ, фараон болон түүний цэргүүд Улаан тэнгисийн ёроол уруу явж орсон нь занганд орсон хэрэг байлаа. Ус нөмрөн авахад тэд юу эсийг бодсон бол оо! Фараоны бардам зан хэчнээн их балаг тарьсныг шилдэг цэргүүдийнх нь: «Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна» хэмээн хэлсэн үг харуулдаг (Египетээс гарсан нь 14:25).
7. Вавилоны хаад яаж бардамнасан бэ?
7 Бардам зантай бусад удирдагч ч бас Еховагаас шийтгэл хүлээжээ. Ассирийн хаан Сеннахериб тэдний нэг байлаа (Исаиа 36:1–4, 20; 37:36–38). Хожим нь вавилончууд Ассирийг эзлэн түрэмгийлсэн ч Вавилоны хоёр хаан бас шийтгэл хүлээсэн. Тэдний нэг Белшазар хаан их найр хийн, олон зочин урьж, Еховагийн сүмээс авчирсан жүнзнүүдэд дарс уун, Вавилоны бурхдыг магтаж байсан. Гэнэт хүний гар гарч ирэн, ханан дээр юм бичсэн. Учир битүүлэг уг бичгийн утгыг тайлж өгөхийг гуйсанд, зөнч Даниел Белшазарт сануулан: «Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн... өгсөн. Харин түүний зүрх ихэмсэг болж, түүний сэтгэл маш бардам болсноос тэрээр... хаан ширээнээсээ хаягдаж, сүр жавхлан нь түүнээс зайлав. Гэвч түүний хүү Белшазар аа, та энэ бүгдийг мэдсэн хэрнээ зүрх сэтгэлээ даруу байлгасангүй» гэж хэлжээ (Даниел 5:3, 18, 20, 22). Тэр шөнөдөө Вавилон Меде Персэд эзлэгдэж, Белшазар алагджээ (Даниел 5:30, 31).
8. Ехова бардам хүмүүсийг яасан бэ?
8 Еховагийн ард түмнийг басамжлан доромжилсон, бардам зантай бусад хүний талаар ч бас бодож үзье. Тэднээс нэрлэвэл, Филистийн аварга биет Голиат, Персийн хаант улсад өндөр байр суурьтай байсан Хаман, Иудей мужийн захирагч Херод Агрип хаан байна. Энэ гурван хүн бардам зангаасаа болж Бурхны гарт шившигтэйгээр үхсэн билээ (1 Самуел 17:42–51; Естер 3:5, 6; 7:10; Үйлс 12:1–3, 21–23). Ехова энэ бардам хүмүүстэй тооцоо хийсэн нь «Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг» гэсэн үгийн үнэнийг харуулдаг (Сургаалт үгс 16:18). Тийм ээ, «Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг» (Иаков 4:6).
9. Тир хэрхэн зангаа хувиргасан бэ?
9 Тирийн хаан цагтаа Бурхны ард түмэнд тусалж Египет, Ассири, Вавилоны бардам хаадаас ялгарч байжээ. Тэрбээр Давид болон Соломон хааны үед Бурхны сүм барих ажилд туслуулахаар гар урчуудаа явуулж, шаардлагатай материал өгсөн байдаг (2 Самуел 5:11; Шастирын дэд 2:11–16). Гэвч Тир улс хожим нь Еховагийн ард түмэнд дайсагнах болсон нь тоогүй. Яагаад тэр вэ? (Дуулал 83:3–7; Иоел 3:4–6; Амос 1:9, 10).
«Зүрх чинь бардамнав»
10, 11. а) Тирийн хаад хэнийг төлөөлдөг вэ? б) Тирийн хаад юунаас болж зангаа хувиргасан бэ?
10 Ехова зөнч Езекиелийг онгодоор хөтлөн, Тирийн хааны үнэн нүүр царайг илчилж, зэмлэн буруушаасан. «Тирийн хаанд» хандсан Езекиелийн үг, мөн чанартаа, «үнэн дотор зогсож чадаагүй» анхны тэрслэгч Сатанд хамаатай юм (Езекиел 28:12; Иохан 8:44, ШЕ). Сатан эхэндээ Еховагийн тэнгэрийн хөвгүүдийн нэг, үнэнч сүнсэн бүтээл байсан. Бурхны Езекиелээр хэлүүлсэн дараах үг Тирийн хаан, Сатан хоёрын завхран гажуудсан гол шалтгааныг заадаг.
11 «Чи Бурхны цэцэрлэг Еденд байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байв. ... Чи бол халхалдаг тослогдсон херуб байсан... Чамайг бүтээсэн өдрөөс эхлэн чиний дотор зөвт бус нь олдох хүртэл чи өөрийн замуудад гэмгүй байв. Чиний наймааны хөгжлөөр чи дотроосоо хүчирхийллээр дүүрч, чи нүглийг үйлдэв. Тиймээс... халхлагч херуб аа, Би чамайг устгав. Чиний гоо үзэсгэлэнгээс болж зүрх чинь бардамнав. Чи сүр жавхлангаасаа болж цэцэн ухаанаа завхруулсан» (Езекиел 28:13–17). Тирийн хаад бардам зангийнхаа уршгаар Еховагийн ард түмний дайсан болжээ. Тэр үеийн худалдаа арилжааны төв байсан Тир хөрөнгөжиж, гоё чамин эд зүйлсээрээ алдаршиж эхэлжээ (Исаиа 23:8, 9). Улмаар, Тирийн хаад биеэ тоож, Бурхны ард түмнийг хяхаж хавчдаг болсон байна.
12. Сатан юуны улмаас тэрслэгч болсон бэ? Зорилгодоо хүрэхийн тулд яадаг вэ?
12 Сатан болсон сүнсэн бүтээл цагтаа мэргэн ухаантай, Бурхны өгсөн ямар ч даалгаврыг биелүүлэх чадвартай байжээ. Үүнд талархахын оронд «биеэ тоож», Бурхны эрх мэдлийг үл тоомсорлож эхэлсэн (1 Тимот 3:6). Хувиа их бодох болж, шунахай сэтгэлдээ автан, Адам Ева хоёроор өөрийгөө шүтүүлэхийг хүссэн аж. Энэ бузар хүсэл нь «жирэмслээд нүглийг төрүүлжээ» (Иаков 1:14, 15). Сатан Еваг уруу татаж, Бурхны хориглосон ганц модноос жимс идүүлээд, дараа нь тэр эмэгтэйг ашиглан хориотой жимсийг Адамд идүүлж дөнгөсөн (Эхлэл 3:1–6). Ингэж анхны хос Бурхны эрх мэдлийг эсэргүүцэж, хэрэг дээрээ, Сатаныг шүтдэг болжээ. Бардам зантай Сатан ханаж цадахыг мэддэггүй тул Еховаг биш, өөрийгөө шүтүүлэх зорилгоор тэнгэр газар дахь оюун ухаант бүх бүтээлийг уруу татахыг оролдсоор ирсэн. Тэр ч бүү хэл, Есүс Христийг уруу татахыг оролдож байжээ (Матай 4:8–10; Илчлэлт 12:3, 4, 9).
13. Бардам зангийн уршиг юу вэ?
13 Тэгэхлээр, хамгийн анх бардам болсон нэгэн нь Сатан ажээ. Өнөөгийн зовлон зүдгүүр, завхрал гажуудал, нүгэл хилэнцийн үндэс нь бардам зан юм. «Энэ үеийн бурхан» Сатан бардам занг хөөрөгдсөөр байна (2 Коринт 4:4). Өөрт нь хугацаа бага байгааг мэддэг учраас жинхэнэ христиануудын эсрэг дайн хийдэг. Сатаны зорилго бол тэднийг Бурхнаас холдуулж, «өөрсдийгөө хайрлагчид, сагсуурагчид, их зантай» болгох явдал юм. «Эцсийн өдрүүдэд» олон хүн ийм болно гэж Библид зөгнөсөн байдаг (2 Тимот 3:1, 2; Илчлэлт 12:12, 17).
14. Ехова оюун ухаант бүтээлүүдтэйгээ харьцахдаа ямар зарчим баримталдаг вэ?
14 Есүс Христ Сатаны бардам зангийн үр урхгийг зоригтой илчилсэн. Ехова хүн төрөлхтөнтэй харьцахдаа «өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө» гэдэг зарчим баримталдгийг Есүс, биеэ зөвд тооцдог дайснуудынхаа нүүрэн дээр наад зах нь гурван удаа хэлж байсан (Лук 14:11; 18:14; Матай 23:12).
Бардам болохоос сэрэмжлэгтүн
15, 16. Хагар юунаас болж бардам болсон бэ?
15 Та дээрх жишээнүүдээс нэр алдартай хүмүүс бардам болсныг анзаарсан байх. Тэгвэл жирийн хүмүүс бардам болдоггүй гэсэн үг үү? Яалаа гэж дээ. Абрахамын гэр бүлд тохиолдсон явдлыг авч үзье. Абрахам өв залгамжлах хүүгүй, эхнэр Сара нь ч хүүхэд төрүүлэх наснаас хэдийн хэтэрсэн байлаа. Тийм хүн хоёр дахь эхнэр авч, хүүхэдтэй болох ёс тэр үед байжээ. Үнэнч үйлчлэгчид нь уг ёсыг дагахад Ехова хориг саад тавьдаггүй байв. Учир нь анх тогтоосон гэрлэх ёсоо дахин сэргээх цаг нь хараахан болоогүй байсан (Матай 19:3–9).
16 Абрахам эхнэрийнхээ ятгаснаар Хагар гэдэг шивэгчинг нь эхнэрээ болгож, өв залгамжлах үртэй болохоор шийджээ. Тэр бүсгүй Абрахамын эхнэр болмогцоо бие давхар болов. Ийм хүндтэй хүн болсондоо гүнээ талархахын оронд бардам зангаа хөөрөгджээ. Библид: «Хагар жирэмсэн болсноо мэдээд, өөрийн эзэгтэйг доромжлох болов» гэж бичсэн байдаг. Үүний улмаас Абрахамын гэрт хэрүүл маргаан гарч, Хагар Сарад хөөгджээ. Гэвч байдал өөрөөр эргэсэн юм. Бурхны тэнгэр элч Хагарт: «Чи эзэгтэйдээ буцаж очоод, гарын дор нь дуулгавартай бай» гэж зөвлөжээ (Эхлэл 16:4, 9). Хагар зөвлөгөөг авч, ааш зангаа зассан бололтой. Тийм ч учраас олон үндэстний элэнц эх болсон.
17, 18. Бид бүгдээрээ бардам зангаас зайлсхийх ёстойн учир юу вэ?
17 Хүн нийгэмд эзлэх байр суурь нь өөрчлөгдөхөд бардам болж болдгийг Хагарын жишээ харуулж байна. Бурханд чин зүрхнээсээ үйлчилдэг байсан христиан хүртэл эд хөрөнгө нь арвижиж, албан тушаал ахихлаараа бардам болох аюул байдаг ажээ. Түүнчлэн, амжилт бүтээл, эрдэм мэдлэг, авьяас чадварыг нь бусад хүн шагшин магтахад биеэ тоож эхэлдэг. Тиймд, христиан хүн бардам болохоос сэрэмжлэх ёстой. Энэ нь, ажилдаа амжилт гаргаж байгаа юм уу, эсвэл өндөр үүрэг хариуцлага хүлээх болсон хүнд бүр ч их хамаатай.
18 Еховагийн үзэл бардам зангаас зайлсхийх хамгийн гол шалтгаан болдог. Библид: «Ихэмсэг харц болон бардам зүрх болбоос хар санаатай хүмүүсийн дэнлүү бөгөөд нүгэл ажээ» хэмээн бичсэн байдаг (Сургаалт үгс 21:4). Бурхны Үг «энэ үеийн ертөнцийн баян» христиануудыг «биеэ бүү тоо» хэмээн онцгойлон анхааруулдаг (1 Тимот 6:17; Дэд хууль 8:11–17). Харин даржин амьдралтай христианууд «атаархахаас» болгоомжлохын зэрэгцээ баян, ядуу ямар ч хүн бардам болж болдгийг санаж явах ёстой (Марк 7:21–23; Иаков 4:5).
19. Уззиа юунаас болж нэрээ хугалсан бэ?
19 Бардам зан болон бусад муу хандлага Еховатай тогтоосон эрхэм харьцааг эвдэн бусниулах аюултай. Хаан ширээнд суугаад удаагүй байсан Уззиаг жишээ болгон ярилцъя. «Тэр... ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. ... Тэрээр Бурхныг эрэлхийлсээр байв. Тэрээр ЭЗЭНийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай байлгав» хэмээн Библид өгүүлдэг (Шастирын дэд 26:4, 5). Гэвч «зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос болж, тэрээр завхарч», нэрээ хугалжээ. Биеэ хэт тоосон тул утлага уугиулахаар сүмд орсон. Тахилчид түүнд ийм ёс алдсан зүйл хийхгүй байхыг анхааруулсанд Уззиа «уурлан хилэгнэжээ». Үүнээс болж Еховагийн шийтгэлийг хүртэн уяман өвчинд баригдаж, эцэстээ Бурхны тааллыг ололгүй нас барсан (Шастирын дэд 26:16–21).
20. а) Хезекиа хаан юунаас болж нэрээ хугалах шахсан бэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
20 Хезекиа хааны жишээг харьцуулж үзье. «Түүний зүрх бардам болсноос» нэрээ хугалах шахжээ. Гэхдээ «зүрхнийхээ бардамналыг номхруулж» Бурхны таалалд дахин багтсан нь сайшаалтай (Шастирын дэд 32:25, 26). Хезекиагийн бардам занг анагаах эм нь даруу зан байсныг анхааръя. Үнэхээр, даруу зан бол бардам зангийн эсрэг чанар юм. Тэгэхлээр, христиан хүнд байх ёстой даруу занг хэрхэн хөгжүүлж, үргэлж даруу байхын тулд яах ёстойг дараагийн өгүүллээр үзье.
21. Даруу хүмүүс ямар ирээдүйтэй вэ?
21 Үүний хажуугаар, бардам зан ямар балаг тарьсныг хэзээ ч мартахгүй байя. «Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг» учраас энэ муухай зантай шийдвэртэй тэмцэцгээе. Христианууд бид даруу байхын төлөө мэрийвэл бардам хүмүүс болон тэдний үйл хэргийг дэлхийгээс арчих Бурхны агуу өдрийг эсэн мэнд давах ирээдүй өмнө маань бий. Тэр цагт «хүний бардамнал нь номхтгогдож, хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө» (Исаиа 2:17).
Эргэцүүлж бодоорой
• Та бардам хүнийг хэрхэн тодорхойлох вэ?
• Хэн анх бардам болсон бэ?
• Хүн юунаас болж бардам болдог вэ?
• Бардам зангаас зайлсхийх ёстойн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]