Skip to content

Гарчиг руу орох

Жинхэнэ даруу зан хөгжүүлэгтүн

Жинхэнэ даруу зан хөгжүүлэгтүн

Жинхэнэ даруу зан хөгжүүлэгтүн

«Та даруу хүмүүсийг аварна» (2 САМУЕЛ 22:28, ШЕ).

1, 2. Ертөнцийн захирагчид юугаараа адилхан бэ?

 НЭГЭН ЦАГТ Египет орныг удирдан захирч байсан хаадын дурсгал пирамидад мөнхөрчээ. Ассирийн хаан Сенахериб, Македоны Александр, Ромын Юлий Цезарь нар ч түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүс билээ. Тэр суутнуудад нийтлэг нэг зүйл бий. Тэдний хэн нь ч даруу зангаараа алдаршин мөнхжөөгүй юм (Матай 20:25, 26).

2 Та, дээрх захирагчдын аль нэгийг халамж анхаарал хэрэгтэй дорд хүмүүсийг хаант улсаасаа хайдаг байжээ гээд бод доо. Санаанд нэг л буухгүй байгаа биз? Эсвэл харц ядуу ардынхаа сэтгэлийг сэргээхээр муу оромжоор нь ороод гардаг байснаар төсөөлөхийн аргагүй. Гэтэл орчлонт ертөнцийн Хамгийн дээд Захирагч Ехова Бурхан өчүүхэн дорд хүмүүн бүтээлдээ хэчнээн өөр ханддаг гээч!

Даруу зангийн хамгийн агуу жишээ

3. Хамгийн дээд Захирагч харьяат албатууддаа хэрхэн ханддаг вэ?

3 Ехова хэнтэй ч харьцуулшгүй агуу бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн хэдий ч «Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор [түүний] мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм» (Шастирын дэд 16:9). Тэгвэл Бурхан эгэл дорд үйлчлэгчдийнхээ дундаас, элдвээр зовж «зүрх нь үхсэн» хүнийг олоод яадаг вэ? «Дорд нэгний сүнсийг сэргээж, гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын» тулд ариун сүнсээрээ тэдэнтэй «хамт оршдог» (Исаиа 57:15). Тэгэхэд сэтгэл нь сэргэсэн үйлчлэгчид нь Бурхандаа дахин баяр хөөртэй үйлчилдэг. Ехова юутай даруу Бурхан бэ!

4, 5. а) Бурхан хэрхэн захирдаг тухай дуулалч юу гэж бичсэн бэ? б) Бурхан «ядууст» туслахаар «Өөрийгөө даруу болгодог» гэж юу гэсэн үг вэ?

4 Нүгэлт хүн төрөлхтөнд туслахын тулд Хэмжээгүй эрхт Эзэн шиг өөрийгөө дорд болгосон нэгэн орчлонт ертөнцөд байдаггүй. Тийм ч учраас дуулалч: «ЭЗЭН бүх үндэстний дээгүүр өндөр байдаг. Түүний сүр жавхлан ч тэнгэрүүдийн дээгүүр юм. Бидний Бурхан ЭЗЭНтэй хэн нь адил байж, өндөрт заларч, Тэнгэр болоод газрыг үзэхээр Өөрийгөө даруу болгодог вэ? Тэрээр ядуусыг шороо тоосноос өргөж, гачигдагсдыг үнсэн овооноос өндийлгөдөг» гэж бичжээ (Дуулал 113:4–7).

5 Дуулал 113:6-д: «Өөрийгөө даруу болгодог» гэж бичсэнийг анхааръя. Энэ нь, Бурхан хүн төрөлхтөнтэй харьцахын тулд өөрийгөө дорд болгосон буюу доод зиндааны хүнтэй харьцаж хэргэм зэрэг, нэр төрөө эс тоон, дорд болсон гэсэн санаа илэрхийлдэг. Төгс бус хүмүүсийн хэрэгцээг анхаарч, хайрын сэтгэлээр халамжилж байдаг даруу Бурхныг маань хэчнээн үнэн хэлж вэ! (2 Самуел 22:36)

Есүс даруу байсны учир

6. Еховагийн даруу зангийн хамгийн агуу илрэл юу байсан бэ?

6 Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд хайртай ганц Хүүгээ дэлхий уруу хүн болгон илгээсэн нь даруу зан хийгээд хайрынх нь хамгийн агуу илрэл юм (Иохан 3:16). Есүс тэнгэрийн Эцгийнхээ тухай үнэнийг зааж, «ертөнцийн нүглийг үүрэхийн» тулд төгс амиа золиосолсон (Иохан 1:29; 18:37). Эцгийнхээ зан чанар, тэр дундаа, даруу занг нь төгс дуурайж, тушаалыг нь дуртайяа биелүүлжээ. Ийнхүү Бурхны нэгэн бүтээл даруу зан хийгээд хайрын хамгийн агуу жишээ үзүүлсэн юм. Харин Есүсийн даруу занг олон хүн үнэлээгүйгээр барахгүй, дайснууд нь түүнийг «хамгийн доорд хүн» гэж үзэн, гутаан доромжилж байв (Даниел 4:17). Гэтэл шавь нар нь, тэр дундаа, элч Паул багшийгаа дуурайн, бусадтай харьцахдаа даруу байх ёстойг ойлгодог байжээ (1 Коринт 11:1; Филиппой 2:3, 4).

7, 8. а) Есүс яаж даруу байж сурсан бэ? б) Есүс ирээдүйн шавь нартаа юу гэж уриалсан бэ?

7 Паул Есүсийн үзүүлсэн гайхамшигтай жишээг онцлон тэмдэглэж: «Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Тэрээр хэдийгээр Бурхны мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй. Харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов» хэмээн бичжээ (Филиппой 2:5–8).

8 «Есүс яаж даруу байж сурсан юм бол?» гэж зарим хүн асууж магад. Тэнгэрийн Эцэгтэйгээ асар олон жил дотно харьцаатай байж, бүтээлээ туурвихад нь Бурхны хажууд «уран дархан мэт байсан» нь ихээхэн нөлөөлжээ (Сургаалт үгс 8:30). Түүнчлэн, Еденд самуун дэгдсэнээс хойш Эцэг нь нүгэлт хүн төрөлхтөнтэй яаж даруухан харьцахыг ажиглаж байсан. Тийм болохоор, Есүс дэлхий дээр байхдаа Эцгийнхээ даруу занг дуурайн, ирээдүйн шавь нартаа: «Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц» гэж уриалаад, «Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд Та нар сэтгэлдээ амралтыг олох болно» хэмээн хэлжээ (Матай 11:29; Иохан 14:9).

9. а) Есүс юунд нь болж хүүхдүүдийг хайрладаг байсан бэ? б) Есүс бяцхан хүүхдийг дуудаж авчраад, шавь нартаа юу заасан бэ?

9 Есүс үнэнхүү даруу байсан учраас хүүхдүүд түүнээс айж бишүүрхдэггүй, харин ч татагддаг байжээ. Есүс ч хүүхдүүдэд элгэмсэг дотно ханддаг байсан (Марк 10:13–16). Юунд нь болж хүүхдүүдийг тэгж хайрладаг байсан бэ? Зарим шавьд нь байгаагүй зан чанар тэдэнд байжээ. Ер нь балчир хүүхдүүд томчуудыг их мундаг гэж боддог. Тийм ч учраас үргэлж асууж шалгааж байдаг. Том хүнтэй харьцуулахад хүүхэд юмыг амархан сурдаг, даруухан байдаг. Нэг удаа Есүс бяцхан хүүхдийг дуудаж авчраад, дагалдагчдадаа: «Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй. Хэн өөрийгөө энэ хүүхэд адил даруу болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно» гэж хэлжээ (Матай 18:3, 4). Тэрбээр: «Өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө» гэсэн зарчмыг нэг бус удаа хэлсэн байдаг (Лук 14:11; 18:14; Матай 23:12).

10. Ямар ямар асуулт авч үзэх вэ?

10 Тэр зарчмаас үүдээд чухал асуултууд гарч ирдэг. Мөнхийн амьтай болох уу, үгүй юу гэдэг маань даруу занг жинхэнэ ёсоор хөгжүүлэх эсэхээс тодорхой хэмжээгээр шалтгаалдаг. Гэтэл христианууд заримдаа яагаад даруу байж чаддаггүй вэ? Бардам зангаа дарж, аливаа бэрхшээлийн өмнө даруухан байхад яагаад хэцүү байдаг вэ? Жинхэнэ даруу занг хөгжүүлэхэд юу туслах вэ? (Иаков 4:6, 10)

Даруу байх амаргүйн учир

11. Даруу байхын тулд тэмцэх хэрэгтэй болдог нь яагаад гайхах зүйл биш вэ?

11 Таны хувьд даруу байх хэцүү бол ганц танд тэгж санагддаг юм биш ээ. 1920 оны «Харуулын цамхаг» сэтгүүлийн, даруу байх тухай Библийн зөвлөгөөг тайлбарласан өгүүлэлд: «Эзэн даруу занг хэчнээн өндөр үнэлдгийг бид ойлгодог. Тэгэхлээр, жинхэнэ шавь нар нь бүгдээрээ энэ чанарыг өдөр тутам хөгжүүлэх ёстойгоо ухамсарлах учиртай» гэж бичжээ. Цааш нь: «Эзний ард түмэн болж, Эзний замаар замнахаар шийдсэн хүмүүс Судрын энэ бүх зөвлөгөөг сайн мэддэг ч төгс бусаасаа болоод ч юм уу даруу занг хөгжүүлэхэд бусад чанараас илүү хэцүү, ихээхэн тэмцэл явуулах шаардлагатай байдаг бололтой» хэмээн нуулгүй бичжээ. Амин хувийн шунал хүсэлдээ дийлдсэн Адам Евагийн үр сад, төгс бус хүмүүс бид нэр алдарт угийн дуртай. Ийм шалтгааны улмаас жинхэнэ христиануудад даруу байх тэр бүр амаргүй байдгийг дээрх өгүүлэл тодорхой харуулж байна (Ром 5:12).

12, 13. а) Даруу зан хөгжүүлэхэд энэ ертөнц ямар саад тотгор учруулдаг вэ? б) Бид хэнээс болж улам ширүүн тэмцэх хэрэгтэй болдог вэ?

12 Даруу байх амаргүйн бас нэг шалтгаан бол бусдаас илүү гарахыг уриалдаг ертөнц биднийг хүрээлдэгт оршдог. Энэ ертөнцийн нийтлэг зорилгуудын нэг нь «махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаалыг» хангах гэж улайран, «бардан бахдах» явдал юм (1 Иохан 2:16). Есүсийн шавь нар ийм хүсэлд автахын оронд, нүдээ цэвэр байлгаж, Бурхны хүсэл тааллыг анхаарах ёстой (Матай 6:22–24, 31–33; 1 Иохан 2:17).

13 Хамгийн анх бардам болсон Сатан Диавол энэ ертөнцийг захирдаг нь даруу занг хөгжүүлж, илэрхийлэхэд хэцүү байдгийн гурав дахь шалтгаан юм (2 Коринт 4:4; 1 Тимот 3:6). Сатан муу муухай зан чанарыг өөгшүүлдэг. Жишээ нь, тэрбээр «дэлхийн бүх хаанчлалыг болон сүр хүчийг» Есүст өгч, оронд нь өөртөө мөргүүлэхийг оролдож байсан. Угийн даруу Есүс Диаволын саналаас эрс шийдвэртэй татгалзсан юм (Матай 4:8, 10). Сатан өнөөдөр ч бас христиануудыг сорьж, нэр алдрын хойноос хөөцөлдөх боломж бүрдүүлдэг. Харин даруу христианууд Есүсийн жишээг дагахыг хичээж, Бурхнаа магтан алдаршуулдаг (Марк 10:17, 18).

Жинхэнэ даруу занг хөгжүүлж, илэрхийлэх нь

14. «Хуурамч даруу байдал» гэж юу вэ?

14 Элч Паул Колоссайн христиануудад илгээсэн захидалдаа, бусдыг өөртөө татахын тулд даруу хүний дүр эсгэдэг явдлыг буруушаан, «хуурамч даруу байдал» гэж нэрлэжээ. Даруу хүний дүр эсгэж байгаа нь, үнэн чанартаа, төлөвшсөн христиан биш, харин ч биеэ «дөвийлгөгч» гэдгээ харуулж байгаа хэрэг юм (Колоссай 2:18, 23). Есүс ийм хүмүүсийг илчилсэн байдаг. Жишээ нь, фарисайчуудыг сүр бадруулан залбирч, мацаг барьснаа хүмүүст мэдүүлэх гэж нүүр царайгаа барайлгадгийнх нь төлөө зэмлэн буруушаасан. Харин бид залбирлаа Бурханд сонсгохын тулд даруухнаар залбирах ёстой (Матай 6:5, 6, 16).

15. а) Үргэлж даруу байхын тулд яах нь зүйтэй вэ? б) Даруу хүмүүсийн үлдээсэн ямар сайхан жишээ байдаг вэ?

15 Христианууд даруу байдлын хамгийн агуу жишээ болох Ехова Бурхан Есүс Христ хоёрт анхаарлаа хандуулбал жинхэнэ ёсоор даруу байж чадна. Үүний тулд Библи болон «итгэмжит, ухаалаг боолын» гаргасан Библид үндэслэсэн гарын авлагуудыг тогтмол судлах шаардлагатай (Матай 24:45). Христиан ахлагчид «зүрхээ ах дүү нараасаа дээгүүр өргөхгүйн» тулд тийнхүү судлах нь маш чухал (Дэд хууль 17:19, 20; 1 Петр 5:1—3). Даруу зангийн ачаар ивээл хүртсэн Рут, Ханна, Елизабет болон бусад олон хүний үзүүлсэн жишээг эргэцүүлээрэй (Рут 1:16, 17; 1 Самуел 1:11, 20; Лук 1:41—43). Бас Еховад даруухнаар үйлчилж байсан Давид, Иосиа, Баптисм хүртээгч Иохан, элч Паул гэх зэрэг нэр хүндтэй хүмүүсийн сайхан жишээг бодоорой (Шастирын дэд 34:1, 2, 19, 26–28; Дуулал 131:1; Иохан 1:26, 27; 3:26–30; Үйлс 21:20–26; 1 Коринт 15:9). Орчин үед ч христиан хурлын дотор даруу зангийн үлгэр жишээ болсон хүн олон бий. Эдгээр жишээг эргэцүүлж бодох нь «бие биедээ даруу хандахад» жинхэнэ христиануудад тус болно (1 Петр 5:5).

16. Даруу байхад дэлгэрүүлэх ажил хэрхэн тусалдаг вэ?

16 Дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцвол даруу зантай болдог. Даруу байсан цагт л танихгүй хүмүүст үр дүнтэй дэлгэрүүлж чадна. Ялангуяа, Хаанчлалын тухай мэдээг маань үл тоомсорлох юм уу бидэнд бүдүүлэг загнах хүнтэй эвтэйхэн харьцахад бүр ч их хэрэгтэй. Итгэл үнэмшлийн маань талаар маргаж мэтгэдэг хүмүүст «дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр» хариулахад даруу зан тусална (1 Петр 3:15). Бурханд даруухнаар үйлчилдэг олон хүн харь газар очиж, өөр хэл соёл, ахуй амьдралтай хүмүүст тусалсаар байна. Сайн мэдээ хүргэх ажилдаа ахиц гаргахын тулд тэдэнд гадаад хэл сурах шаардлага гарсан нь эргэлзээгүй. Энэ амаргүй давааг даруу зангийнхаа ачаар л давж чадсан биз ээ. Ийм ах эгч нар маань үнэхээр магтаал хүртэх эрхтэй (Матай 28:19, 20).

17. Христиан хүн даруу зангийн ачаар ямар ямар үүрэг биелүүлдэг вэ?

17 Даруу хүн христиан үүргээ биелүүлэхдээ бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг. Тухайлбал, христиан эцгүүд хувийн хүслээ хойш тавьж, үр хүүхэдтэйгээ Библи судлах цаг гаргахын тулд даруу байх шаардлагатай болдог. Мөн хүүхдүүд энэ л чанарын ачаар төгс бус эцэг эхээ хүндэлдэг, үгэнд нь ордог (Ефес 6:1–4). Гэрч биш нөхөртэй эмэгтэйчүүдийн тухайд «журамт байдал болоод эелдэг зан байдлаараа» ханиа талдаа оруулахын тулд даруу байх шаардлагатай үе олон гардаг (1 Петр 3:1, 2). Бас өндөр настай, өвчин эмгэгтэй эцэг эхээ асрахад даруу зан болон өөрийгөө золиослох хайр ач холбогдолтой (1 Тимот 5:4).

Даруу зан эвлэрүүлдэг

18. Бие биетэйгээ эвлэрэхэд даруу зан ямар үүрэгтэй вэ?

18 Бид Бурханд үйлчилдэг боловч бүгдээрээ төгс бус билээ (Иаков 3:2). Заримдаа христианууд санал зөрөлдөх юм уу бие биеэ буруу ойлгох явдал гардаг. Нэг нь нөгөөдөө үнэхээр гомдсон байж болох юм. Тийм үед: «Нэг нэгнийгээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил» гэсэн зөвлөгөөг дагахад асуудал шийдэгдэх нь олонтаа (Колоссай 3:13). Хэрэгжүүлэхэд хэдий хэцүү ч энэ зөвлөгөөг даруу зангийн ачаар ажил хэрэг болгож болдог.

19. Эвлэрье гэвэл юу санах ёстой вэ?

19 Заримдаа, голдоо ортол гомдсон нэг нь нөгөөгийнхөө хийсэн алдааг мартаж чадашгүй нь гэж бодож болох юм. Эвлэрэх зорилгоор тэр хүнтэй ярилцахад даруу зан тусална (Матай 18:15). Аль нэг нь юм уу хоёулаа буруугаа хүлээхгүй бардам зан гаргадаг нь эвлэрч чаддаггүйн нэг шалтгаан байж болдог. Эсвэл эвлэрье гэж санаачлага гаргасан нэг нь өөрийгөө өмөөрч, нөгөөгөө буруутгаснаас маргаанаа шийдэж чаддаггүй. Гэтэл жинхэнэ даруу зан л аливаа зөрөлдөөнийг арилгадаг.

20, 21. Даруу зан хөгжүүлэхэд юу хамгийн чухал үүрэгтэй вэ?

20 Даруу занг хөгжүүлэх нэг гол алхам бол Бурхнаас тусламж, ариун сүнс гуйн залбирах явдал юм. Гэхдээ «Бурхан... даруу хүнд нигүүлсэл [тэр дундаа, ариун сүнсээ] өгдгийг» санах хэрэгтэй (Иаков 4:6). Хэрэв та итгэл нэгтэнтэйгээ таарахгүй байгаа бол өөрийнхөө гаргасан том, жижиг ямар ч алдааг даруухнаар хүлээн зөвшөөрөхөд туслахыг гуйн, Еховад залбираарай. Таныг гомдоосон хүн үнэн сэтгэлээсээ уучлал гуйвал даруухнаар уучлаарай. Ингэх хэцүү байвал бардам зангийнхаа үлдэгдлийг зүрхнээсээ авч хаяхын тулд Еховагаас тусламж гуйн залбираарай.

21 Даруу байхын олон талын ач тусыг ойлговол энэ гайхамшигтай чанарыг хөгжүүлж, үргэлж даруу байх хүсэл төрдөг. Бидэнд Ехова Бурхан болон Есүс Христийн үзүүлсэн гайхамшигтай жишээ үнэхээр тустай. «Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоос амь, алдар хүнд, эд баялаг юм» гэсэн Бурхны үгийг хэзээ ч мартахгүй байцгаая (Сургаалт үгс 22:4).

Эргэцүүлж бодоорой

• Даруу зангийн хамгийн гайхамшигтай жишээг хэн хэн үзүүлсэн бэ?

• Даруу зан хөгжүүлэхэд юу юу саад болдог вэ?

• Даруу байхад юу туслах вэ?

• Үргэлж даруу байх нь ямар учраас маш чухал бэ?

[Догол мөрийн асуулт]