Сонор сэрэмжтэй байгтун! Шүүх цаг ирчихээд байна
Сонор сэрэмжтэй байгтун! Шүүх цаг ирчихээд байна
Энэхүү өгүүллийг «Сонор сэрэмжтэй байгтун!» товхимолд үндэслэн бэлтгэв. Уг товхимлын тухай 2004 оны мужийн чуулган дээр зарласан.
«Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэрэмжтэй байгтун» (МАТАЙ 24:42, ШЕ).
1, 2. Есүс өөрийнхөө ирэхийг юутай зүйрлэсэн бэ?
ТАНАЙ хөрш зэргэлдээ айлуудаар хулгай ороод байгааг мэдвэл та яах вэ? Гэр орныхноо болон эд хөрөнгөө хамгаалахын тулд сонор сэрэмжтэй байна биз дээ. Хэзээ очихоо хулгайч ямар хэлж дуулгах биш, харин ч хүнд мэдэгдэлгүйгээр гэнэт ирдэг.
2 Есүс жишээ татахдаа хулгайчийн тухай нэг бус удаа хэлсэн байдаг (Лук 10:30; Иохан 10:10). Төгсгөлийн цаг үед болох үйл явдал муу хүмүүсийг устгахаар ирэхээс нь өмнө болохыг мэдэгдээд: «Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг [«сэрэмжтэй», ШЕ] бай. Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн тэргүүлэгч шөнийн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол соргог байж, гэрээ ухуулахгүй байх байсан» гэж анхааруулсан (Матай 24:42, 43). Тэгэхлээр, Есүс хулгайч шиг гэнэт ирэх ажээ.
3, 4. а) Есүсийн сэрэмжлүүлгийг хүлээн авах гэж юу гэсэн үг вэ? б) Ямар ямар асуултыг авч үзэх вэ?
3 Есүсийн яг хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй учир тийм жишээ татсан нь оновчтой болжээ. Есүс дээрх зөгнөлийнхөө эхэнд: «Тэр өдөр цагийн тухайд хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элч ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ» гэж хэлсэн (Матай 24:36). Тийм ч учраас: «Бэлэн бай» хэмээн уриалжээ (Матай 24:44). Сэрэмжлүүлгийг хүлээн авсан хүмүүс биеэ зөв авч яван, муу хүмүүсийг устгахаар Есүсийг хэзээ ч ирсэн, бэлэн байж чадах байлаа.
4 «Есүс „сонор сэрэмжтэй байхыг“ шавь нартаа захисан уу, эсвэл жирийн хүмүүст захисан уу? „Сонор сэрэмжтэй байх нь“ ямар учраас чухал бэ? Сэрэмжтэй байхын тулд яах хэрэгтэй вэ?» гэх зэрэг чухал асуултыг авч үзэх шаардлага гарч байна.
Хэнийг сэрэмжлүүлсэн бэ?
5. Есүс «сонор сэрэмжтэй байхыг» уриалсан нь жинхэнэ христиануудад хамаатай гэдгийг бид хаанаас мэддэг вэ?
5 Удахгүй болох сүйрлийн тухай сэрэмжлүүлгийг үл тоомсорлодог хүмүүсийн хувьд Есүс хулгайч шиг ирэх нь үнэн (2 Петр 3:3–7). Тэгвэл жинхэнэ христиануудын тухайд яах бол? Элч Паул итгэл нэгтнүүддээ: «[Еховагийн] өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө маш сайн мэддэг» гэж бичсэн байдаг (1 Тесалоник 5:2). Еховагийн өдөр ирнэ гэдэгт бид эргэлздэггүй. Энэ нь сонор сэрэмжтэй байх онцын шаардлагагүй гэсэн үг үү? Есүс: «Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ» хэмээн шавь нартаа хэлснийг анхаараарай. Өмнө нь ч, Хаанчлалыг хайхыг уриалж: «Бэлэн байгтун. Та нарын бодоогүй цагт Хүний Хүү хүрч ирнэ» гэж хэлж байсан (Матай 24:44; Лук 12:31, 40). Тэгэхлээр, «сонор сэрэмжтэй байхыг» шавь нартаа уриалсан нь тодорхой байна.
6. «Сонор сэрэмжтэй байх» ёстойн учир юу вэ?
6 «Сонор сэрэмжтэй», «бэлэн байх» ёстойн учир юу вэ? Есүс: «Хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэйг тээрэмдэж байхад нэгийг нь авч, нөгөөг нь орхино» хэмээн тайлбарлажээ (Матай 24:40, 41). Бэлэн байсан хүмүүсийг, ёс бус ертөнцийг устгах үедээ «авах» буюу аварна. Харин хувийн хүслээ хөөж амьдарсан хүмүүсийг «үлдээж, орхих» буюу устгана. Үүнд, нэгэн цагт Библийн үнэнийг хүлээн авсан атлаа сонор сэрэмжтэй байж чадаагүй хүмүүс багтах бололтой.
7. Төгсгөл яг хэзээ ирэхийг мэддэггүй маань ямар боломж олгодог вэ?
7 Энэхүү хуучин тогтолцооны төгсгөл яг хэзээ ирэхийг нарийн мэддэггүй маань Бурханд чин сэтгэлээсээ үйлчилдэг эсэхээ харуулах боломж олгодог. Ингэж хэлэхийн учир юу вэ? Төгсгөл болтол хаа ч юм бэ дээ гэж бодогдож болох юм. Зарим христиан тийн боддогоосоо болоод Еховад үйлчлэх идэвхээ сулруулдаг нь тоогүй. Уг нь, Еховад үүрд мөнх үйлчлэх л гэж өөрийгөө чин сэтгэлээсээ зориулсан биз дээ? Төгсгөл ирэхийн сургаар их хичээл зүтгэл гаргалаа ч, зүрхийг хардаг Бурханд таалагдах аргагүй гэдгийг Еховаг мэддэг хүмүүс ойлгодог (1 Самуел 16:7).
8. Сонор сэрэмжтэй байхад Еховаг хайрлах хайр хэрхэн тусалдаг вэ?
8 Бид Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг учраас хүсэл тааллыг нь гүйцэлдүүлэхдээ баярладаг (Дуулал 40:8; Матай 26:39). Бас Бурханд үүрд мөнх үйлчлэхийг хүсдэг. Мөнх аминд хүрэхийн тулд бодож байснаасаа арай удаан хүлээх ёстой болсон ч бидний хувьд тэр найдвар маань үнэ цэнээ алддаггүй. Хамгийн гол нь, Еховагийн өдөр, санаа зорилго нь биелэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг сайн ойлгодог учир сонор сэрэмжтэй байдаг. Бурханд таалагдахыг чин сэтгэлээсээ хүсдэг тул Библийн зөвлөгөөг хэрэгжүүлж, Хаанчлалыг амьдралынхаа эн тэргүүнд тавихыг хичээдэг (Матай 6:33; 1 Иохан 5:3). Сонор сэрэмжтэй байдгаа шийдвэр гаргахдаа болон өдөр тутмын амьдрал дээрээ хэрхэн харуулах вэ? Одоо энэ тухай ярилцъя.
Таны амьдрал хаашаа явж байна вэ?
9. Өнөө үеийн онцлог шинжийг ойлгох нь ямар учраас чухал бэ?
9 Эдүгээ өдөр тутам ноцтой асуудал гарч, аймшигтай явдал тохиолдох болсныг олон хүн анхаардаг. Тийм хүмүүс амьдралдаа сэтгэл дундуур байдаг байж болох юм. Гэхдээ тэд дэлхий дахинд болж буй үйл явдал цаанаа чухам ямар учиртайг ойлгож, «эд юмсын тогтолцооны төгсгөлийн үед» амьдарч байгаагаа мэддэг болов уу? (Матай 24:3, ШЕ). Хүмүүс урьдынхаасаа илүү амиа боддог, хүчирхийлэлд дурладаг болсон гэх зэргээр зан чанар нь улам муудсан нь «эцсийн өдрүүдийн» онцлог шинж гэдгийг ойлгодог болов уу? (2 Тимот 3:1–5). Энэ бүхний учрыг олж, яаж амьдарч байгаагаа нухацтай авч үзэх нь хойшлуулшгүй чухал асуудал мөн.
10. Сонор сэрэмжтэй байдаг эсэхээ шалгахын тулд яах ёстой вэ?
10 Бидний тухайд юу хэлж болох вэ? Ажил алба, эрүүл мэнд, гэр бүл, шашин шүтлэгтэй холбоотой асуудлаар өдөр бүр шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Бид Библи юу хэлдгийг мэддэг, тэр мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Тийм ч учраас, дор бүрнээ: «Сүнслэг бус зүйл намайг сүнслэг зорилгоос минь хазайлгаж байна уу? Би шийдвэр гаргахдаа ертөнцийн үзэл бодлыг дагачих гээд байдаг тал байна уу?» гэж бодож үзэх нь зүйтэй (Лук 21:34–36; Колоссай 2:8). Еховад бүх зүрхээрээ итгэдэг, өөрийн ойлголтод түшиглэдэггүй гэдгээ үргэлж харуулах хэрэгтэй (Сургаалт үгс 3:5). Тэгсэн цагт «жинхэнэ аминд хүрэх» буюу Бурхны шинэ ертөнцөд амьдарна (1 Тимот 6:12, 19).
11-13. а) Ноагийн үед болсон явдал ямар сургамжтай вэ? б) Лотын үед болсон явдлаас бид юунд суралцдаг вэ?
11 Сонор сэрэмжтэй байхад туслах олон жишээ Библид байдаг. Ноагийн үед болсон явдлыг ярилцъя. Бурхан авах гэж буй арга хэмжээнийхээ тухай урьдаас мэдэгдсэн боловч Ноа болон түүний гэрийнхнээс өөр хүн анхаараагүй (2 Петр 2:5). Есүс энэ тухай: «Хүний Хүүгийн залран ирэх нь Ноагийн өдрүүдтэй адил байх юм. Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг хөвөгч авдарт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй [«анхаараагүй», ШЕ] юм. Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно» гэж хэлжээ (Матай 24:37–39). Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ? Бурхан бидэнд сүнслэг үйл хэргийг тэргүүн зэрэгт тавихыг уриалдаг. Гэтэл, тэр чухал үйл хэргийг ертөнцийн ажил явдлаас, тэр бүү хэл амьдралынхаа хэвийн үйл ажиллагаанаас болоод хойш тавьдаг хүн байвал өөрийгөө нухацтай цэгнэж үзэх хэрэгтэй (Ром 14:17).
12 Бас Лотын үеийг санацгаая. Лотынхны суудаг Содом хотынхон баян чинээлэг ч, ёс суртахууны завхралд автсан байлаа. Ехова хотыг устгуулахаар тэнгэр элчүүдээ илгээсэнд тэд Лотын гэр бүлийг Содомоос гарч явахыг, замдаа эргэж харахгүй байхыг анхааруулжээ. Лотынхон хэлсэн ёсоор нь хотоос гарч явсан. Харин Лотын эхнэрийн сэтгэл гэртээ хоргодсон бололтой. Дуулгаваргүй зан гарган, эргэж хараад, амиа алдсан (Эхлэл 19:15–26). Есүс: «Лотын эхнэрийг санагтун» хэмээсэн нь биднийг ирээдүйд болох үйл явдлаас сэрэмжлүүлсэн хэрэг ажээ. Бид энэ сэрэмжлүүлгийг анхаардаг уу? (Лук 17:32).
13 Бурхны сэрэмжлүүлгийг хүлээн авсан хүмүүс эсэн мэнд үлдсэн. Ноагийнх гэр бүлээрээ, Лот охидтойгоо эсэн мэнд үлдсэн нь сэрэмжлүүлгийг хүлээн авсны л ач байсан (2 Петр 2:9). Тэдний жишээг сайтар эргэцүүлэн бодохлоор зөвт байдлыг эрхэмлэдэг хүмүүс аврагдах юм байна гэдгийг ойлгож, сэтгэл сэргэдэг. «Зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг» байгуулна гэж амласнаа Бурхан биелүүлнэ гэдэгт ч бат итгэлтэй болдог (2 Петр 3:13).
Шүүх цаг ирчихээд байна!
14, 15. а) «Шүүх цаг» гэж юу вэ? б) «Бурхнаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө» гэсэн уриалгыг биелүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
14 Сонор сэрэмжтэй байдаг хүмүүс ирээдүйд болох ямар ямар үйл явдлын гэрч болох вэ? Бурхны санаа зорилго алхам алхмаар биелэхийг «Илчлэлт» номд бичсэн байдаг. Бэлэн байдгаа харуулъя гэвэл уг номд бичсэний дагуу амьдрах шаардлагатай. 1914 онд Христийг тэнгэрт хаан ширээнд залрахад эхэлсэн «Эзний өдөр» ямар ямар үйл явдал болохыг «Илчлэлт» номд хурц тод зөгнөн бичжээ (Илчлэлт 1:10). Зөгнөлд тэмдэглэснээр, нэгэн тэнгэр элчид «мөнхийн сайн мэдээ» байдаг бөгөөд тэрбээр чанга дуугаар: «Бурхнаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна» хэмээн тунхагладаг (Илчлэлт 14:6, 7). Тэрхүү «шүүх цаг» нь дээрх зөгнөлд дүрсэлсэн, Бурхны шүүх ажиллагааг тунхаглах хийгээд гүйцэтгэх үе юм. Эдүгээ бид «шүүх цагт» амьдарч байна.
15 «Бурхнаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө» гэсэн уриалгыг бид шүүх цаг дуусахаас өмнө биелүүлэх ёстой. Уриалгыг биелүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Бурхнаас зүй ёсоор эмээдэг хүн хорон муугаас эргэх учиртай (Сургаалт үгс 8:13). Бурхныг сүсэглэн хүндэтгэдэг бол түүнийг анхааралтай сонсдог. Өөрөөр хэлбэл, цаг зав гарган, түүний Үг буюу Библийг тогтмол уншиж, зөвлөсөн ёсоор нь, цуглаанд очихыг хичээх хэрэгтэй (Еврей 10:24, 25). Мессиа тэргүүтэй Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах завшаанаа эрхэмлэж, хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэх ёстой. Бүх зүрхээрээ хэзээд Еховад итгэх хэрэгтэй (Дуулал 62:8). Еховаг орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн гэж үздэг бид түүнийг амьдралыг маань удирдан залах эрхтэй гэж хүлээн зөвшөөрч, дуртайяа захирагдан дээдлэн хүндэтгэдэг. Та энэ бүхнийг хэрэгжүүлж, «Бурхнаас эмээж, Түүнд алдрыг өргөдөг» үү?
16. Илчлэлт 14:8-д бичсэн «Агуу Вавилоныг» шүүх тухай зөгнөл аль хэдийн биелсэн гэж хэлэхийн учир юу вэ?
16 «Шүүх цагт» болох бусад үйл явдлыг «Илчлэлт» номын 14-р бүлэгт дүрсэлжээ. Эхлээд «Агуу Вавилон» буюу хуурамч шашны дэлхийн эзэнт гүрний тухай: «Өөр нэгэн тэнгэр элч буюу хоёр дахь нь араас нь даган: „Агуу Вавилон... нурлаа“ гэж [хэлж байгааг]» тэмдэглэжээ (Илчлэлт 14:8). Бурхны нүдэнд «Агуу Вавилон» аль хэдийн нурсан. Хүн төрөлхтнийг олон мянган жилээр эрхшээлдээ байлгаж байгаа хуурамч шашны сургаал, зан үйлээс Еховагийн тослогдсон үйлчлэгчид 1919 онд чөлөөлөгдсөн билээ (Илчлэлт 17:1, 15). Тэр цагаас жинхэнэ шүтлэгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрсдийгөө зориулж, Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлын цар хүрээг өргөжүүлэн тэлсэн (Матай 24:14).
17. «Агуу Вавилоноос» гарахын тулд ямар ямар алхам хийх хэрэгтэй вэ?
17 «Агуу Вавилоныг» шүүх Бурхны ажиллагаа үүгээр дуусаагүй. Тун удахгүй «Агуу Вавилоныг» бүрмөсөн устгана (Илчлэлт 18:21). Тийм ч учраас, Библи газар газрын хүмүүст: «Нүглүүдэд нь хамтрагч болохгүйн тулд... түүнээс [Агуу Вавилоноос] гарагтун» гэж уриалдаг (Илчлэлт 18:4, 5). «Агуу Вавилоноос» яаж гарах вэ? Хуурамч шашнаас холбоогоо таслаад л боллоо гэсэн үг биш ээ. Өнөөдөр өргөн олноороо тэмдэглэдэг баяр наадам, дагаж мөрддөг ёс заншил, газар аваад байгаа садар самуун явдал, түүнчлэн спиритизмыг сурталчилсан зугаа цэнгэл гэх мэтийн олон зүйлээр «Агуу Вавилон» хүмүүсийг уруу татдаг. Энэ бүх асуудлаар «Агуу Вавилонтой» холбоогүй болохоо үйл хэргээрээ ч, хүсэл эрмэлзлээрээ ч батлан харуулж байвал сонор сэрэмжтэй байна гэсэн үг.
18. Сонор сэрэмжтэй христианууд «Илчлэлт» 14:9, 10-ын дагуу юунаас зайлсхийдэг вэ?
18 «Шүүх цагт» болох бас нэг үйл явдлыг мэдэж авцгаая. «Илчлэлт» 14:9, 10-ыг үзвэл, өөр нэгэн тэнгэр элч: «Хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ эсвэл гар дээрээ тэмдэг авна, тэр хүн Бурхны уур хилэнгийн дарсыг уух болно» гэж хэлсэн байдаг. Энд тэмдэглэсэн «араатан болон [түүний] хөрөг» гэдэг нь Еховагийн хамгийн дээд эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн засаглалыг бэлэгддэг. Сонор сэрэмжтэй христианууд Бурхны эрх мэдэлд захирагддаггүй хүмүүсээс «тэмдэг авах» буюу тэдэнд боол мэт үйлчилж, бодол санаа, үйл хэргээрээ тэднийг дуурайхаас зайлсхийдэг. Бурхны Хаанчлал тэнгэрт аль хэдийн тогтсон бөгөөд хүний засаглалыг халж, өөрөө мөнхөд байна гэдгийг христианууд ойлгодог (Даниел 2:44).
Яарах сэтгэлгээгээ хадгалагтун!
19, 20. а) «Эцсийн өдрүүдийн» төгсгөл ойртохын хэрээр Сатан юу хийхийг бид мэддэг вэ? б) Юунд шийдвэр төгс байх хэрэгтэй вэ?
19 «Эцсийн өдрүүдийн» төгсгөл ойртохын хэрээр бэрхшээл, сорилт улам л нэмэгдэнэ. Төгс бус хүмүүс бид энэ хуучин тогтолцоонд эрүүл мэнд муудах, өтөлж хөгшрөх, үхэл хагацал амсах, гомдож гутрах, Бурхны Үгийг дэлгэрүүлэхэд маань хүмүүс хүлээж авдаггүйгээс болж шантрах гээд юм юм л үздэг. Сатан биднийг буулгаж авах буюу сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг маань зогсоож, Бурхны хэм хэмжээний дагуу амьдрахыг болиулах гэж хамаг аргаа хэрэглэдэг гэдгийг хэзээ ч битгий мартаарай (Ефес 6:11–13). Амьдарч байгаа цаг үеийнхээ чухлыг мартаж, назгайрах цаг одоо яавч биш ээ!
20 Биднийг буугаад өгчихмөөр дарамттай тулгарахыг мэдэж байсан учраас Есүс: «Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг [«сэрэмжтэй», ШЕ] бай» хэмээн зөвлөсөн (Матай 24:42). Тиймээс, ямар цаг үед амьдарч байгаагаа үргэлж санацгаая. Сатаны заль мэхэнд хууртаж, сүнслэгээр сулрах юм уу, үнэний замыг бүрмөсөн орхихгүйн тулд ямагт сэрэмжтэй байцгаая. Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг урьдынхаасаа илүү идэвхтэй, зоригтой дэлгэрүүлэх шийдвэр төгс байцгаая. Сонор сэрэмжтэй байхыг зөвлөсөн Есүсийн үгийг анхаарч, яарах сэтгэлгээгээ хадгалцгаая. Ингэж чадвал Еховаг магтан алдаршуулж, Бурхнаас үүрдийн ивээл хүртэх хүмүүсийн тоонд орно.
Та хэрхэн хариулах вэ?
• Есүс сонор сэрэмжтэй байхыг уриалсан нь шавь нарт нь хамаатай гэдгийг юу харуулдаг вэ?
• Библийн ямар ямар жишээ сонор сэрэмжтэй байхад туслах вэ?
• «Шүүх цаг» гэж юу вэ? Дуусахаас нь урьтаж юу хийхийг бидэнд уриалдаг вэ?
[Догол мөрийн асуулт]