Эцэг эхчүүд ээ, та нар үр хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?
Эцэг эхчүүд ээ, та нар үр хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?
«Залуус ба онгон бүсгүйчүүд... Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул» (ДУУЛАЛ 148:12, 13).
1. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ юунд санаа зовдог вэ?
ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ирээдүйд санаа зовдоггүй эцэг эх байдаг болов уу? Эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө төрсөн цагаас нь, зарим нь бүр төрөхөөс нь өмнө эрүүл саруул байгаа, хэвийн өсөж бойжих байгаа гэх зэргээр санаа зовж эхэлдэг. Хүүхэд томрохын хэрээр санаа нь улам их зовдог. Товчхон хэлбэл, эцэг эх үр хүүхдэдээ хамгийн сайн сайхныг хүсдэг (1 Самуел 1:11, 27, 28; Дуулал 127:3–5).
2. Өнөөдөр олон эцэг эх үр хүүхдээ ирээдүйд сэтгэл хангалуун амьдруулах гэж мэрийдгийн учир юу вэ?
2 Гэхдээ өнөөгийн ертөнцөд хүүхдээ санаснаараа сайн сайхан явуулах амаргүй. Дайн дажин, улс төрийн хямрал, мөнгөний гачаал, өвчин зовлон, сэтгэл санааны хямрал гэх зэрэг хатуу бэрхийг биеэрээ туулсан олон эцэг эх үр хүүхдээ өөр шигээ бүү зовоосой гэж боддог. Баян чинээлэг оронд амьдардаг хүмүүс найз нөхөд, ах дүүсийнхээ хүүхдийн ажил төрөл бүтэмжтэй, амьдрал ахуй сайн явааг хараад үр хүүхдээ ирээдүйд тэдэн шиг тав тухтай, санаа зовох юмгүй, «сэтгэл хангалуун» амьдралтай залгуулах гэж өөрийн эрхгүй мэрийдэг байж болох юм (Номлогчийн үгс 3:13).
Сэтгэл хангалуун амьдрал
3. Христианууд ямар шийдвэр гаргадаг вэ?
3 Христианууд Есүс Христийн дагалдагч болохынхоо хувьд Еховад амьдралаа зориулахаар сайн дураараа шийддэг. Есүс: «Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр... Намайг дага» гэж хэлснийг тэд чин сэтгэлээсээ хүлээж авдаг (Лук 9:23; 14:27). Тийм ээ, христиан хүний амьдрал өөрийгөө золиослох сэтгэлгээтэй салшгүй холбоотой. Гэхдээ энэ нь заавал ядуу тарчиг, зовж зүдэрч амьдрах ёстой гэсэн үг биш ээ. Харин ч, христиан хүн бусдад өгөхийг хичээдэг учраас жаргалтай, сэтгэл хангалуун амьдардаг. Есүс ч: «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй» буюу жаргалтай гэж хэлсэн байдаг (Үйлс 20:35).
4. Есүс дагалдагчдадаа юу уриалсан бэ?
4 Есүсийн үед хүмүүсийн амьдрал ахуй их хүнд байжээ. Амьдралаа залгуулах гэж зүтгэхийн хажуугаар Ромын эзэнт гүрний харгис засаглалыг тэвчиж, явцуу үзэлтэй, шашны удирдагчдын тохоосон хүнд ачааг үүрэх ёстой байлаа (Матай 23:2–4). Гэсэн ч Есүсийн тухай сонссон олон хүн хүсэл эрмэлзэл, тэр бүү хэл, ажил мэргэжлээ орхиод, дагалдагч нь болсон (Матай 4:18–22; 9:9; Колоссай 4:14). Тэгвэл энэ нь болчимгүй алхам, ирээдүйгээ балласан хэрэг байв уу? Есүс: «Миний нэрийн төлөө гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно» гэж хэлснийг анхаараарай (Матай 19:29). Тэнгэрийн Эцэг нь дагалдагчдад нь юу хэрэгтэйг мэддэг гэдгийг Есүс батлан хэлсэн. Тийм ч учраас, шавь нартаа: «Эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун» гэж уриалаад: «Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» хэмээсэн (Матай 6:31–33).
5. Бурхан үйлчлэгчдэдээ санаа тавина гэж Есүсийн хэлсэн үгэнд зарим эцэг эх хэрхэн ханддаг вэ?
5 Өнөөгийн байдал тэр үеийнхээс бараг өөрчлөгдөөгүй. Бидэнд юу хэрэгтэйг Ехова мэддэг. Хаанчлалыг амьдралдаа эн тэргүүнд тавьдаг хүмүүс, ялангуяа, бүрэн цагийн үйлчлэгчид Бурхан санаа тавина гэж Есүсийн хэлсэнд бат итгэдэг (Малахи 3:6, 16; 1 Петр 5:7). Гэтэл зарим эцэг эх эргэлздэг. Нэг талаас, тэд хүүхдээ Еховад үр бүтээлтэй үйлчилж, яваандаа бүрэн цагийн үйлчлэгч болоосой гэж хүсэвч, нөгөө талаас, мөнгө төгрөгөөр дутах, ажил олдохгүйн зовлон зэргийг бодож үзээд, үр хүүхэд нь аятайхан ажилтай, үгүй ядаж амьдралаа залгуулчих юмтай болохын тулд урьдаар сайн боловсрол эзэмших нь зүйтэй гэж боддог. Тэдний ихэнх нь сайн боловсрол гэдгийг дээд боловсрол гэж ойлгодог.
Ирээдүйд бэлтгэх нь
6. Дээд боловсрол эзэмшихийн тулд яадаг вэ?
6 Улс орон болгонд боловсролын тогтолцоо нь өөрийн гэсэн онцлогтой байдаг. Жишээ нь, Монголд ерөнхий боловсролын сургууль (ЕБС) 11 жилийн сургалттай болж байгаа. ЕБС төгсөгчид дээд боловсрол эзэмшихийн тулд их, дээд сургуульд элсэн орж, эмч, хуульч, инженер гэх зэргийн мэргэжлээр дөрөв болон дөрвөөс дээш жил суралцан, бакалаврын зэрэгтэй төгсөх юм уу зэрэг ахиулан суралцдаг. Түүнээс гадна, техник мэргэжлийн сургууль болон мэргэжил олгох дамжаанд богино хугацаатай суралцаж, үнэмлэх, диплом авч болдог.
7. Ахлах ангийн сурагчдыг юу гэж ятгадаг вэ?
7 Өнөөдөр ЕБС сурагчдыг их, дээд сургуульд элсүүлэх зорилгоор бэлтгэх чиг хандлагатай болжээ. Тийм ч учраас, ажлын дөртэй болгох хичээл заахын оронд элсэлтийн шалгалтад өндөр оноо авахад нь туслах онолын хичээлийг шахуу зааж байна. Ахлах ангийн сурагчдыг багш, сурган хүмүүжүүлэгчид болон найз нөхөд нь төгссөнийхөө дараа өсөх ирээдүйтэй, өндөр цалинтай ажилд орохын тулд нэр хүндтэй их, дээд сургуульд элсэхийг ятгадаг.
8. Христиан эцэг эх ямар ямар шийдвэр гаргах хэрэгтэй болдог вэ?
8 Тэгвэл христиан эцэг эх яах нь зүйтэй вэ? Хүүхдээ сайн сурч, ирээдүйд өөрийгөө авч явах чадвартай болоосой гэж хүсдэг нь зүйн хэрэг (Сургаалт үгс 22:29). Гэхдээ эд баялаг, амжилтын төлөөх өрсөлдөөнд татагдан орохыг нь зүгээр л хараад суух уу? Үг яриа, үлгэр жишээгээрээ хүүхдээ юунд уриалдаг вэ? Зарим эцэг эх үр хүүхдээ том болохоор нь их, дээд сургуульд сургах гэж борви бохирохгүй ажиллаж, олсон хэдийгээ цааш нь хийдэг. Зарим нь өр тавихад ч бэлэн байдаг. Гэвч их, дээд сургуульд орлоо гэхэд, зардал нь зөвхөн мөнгөөр хэмжигддэггүй. Тэгвэл дээд боловсрол эзэмшихэд хэчнээн хэмжээний «зардал» гардаг вэ? (Лук 14:28–33).
Дээд боловсролын зардал
9. Их, дээд сургуулийн төлбөрийн тухайд юу хэлж болох вэ?
9 Зардал гэхлээр гол төлөв мөнгө төгрөг бодогддог. Зарим улсад дээд боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгодог бол зарим оронд сурлага сайтай оюутныг үнэгүй сургадаг. Гэхдээ ихэнх оронд их, дээд сургуулийн төлбөр өндөр байдаг бөгөөд жилээс жилд нэмэгдэж байна. «Нью-Йорк таймс» сонины нэгэн өгүүлэлд: «Саяхныг болтол сайхан ирээдүйн үүдийг нээдэг гол хүчин зүйл бол дээд боловсрол гэж үздэг байсан. Тэгвэл одоо баян, ядуу хүмүүсийн ялгаа заагийг тодотгогч болжээ» хэмээн тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, чанартай дээд боловсрол баян чинээлэг, нөлөө бүхий хүмүүсийн эзэмшил болон хувирч байна. Тэд үр хүүхдээ нэр хүндтэй сургуульд сургахыг зорьдог нь тэднийгээ ч бас баян чинээлэг, нийгэмд нөлөө бүхий иргэн болгох гэсэн хэрэг ажээ. Христиан эцэг эх тийм зорилго тавих нь зөв үү? (Филиппой 3:7, 8; Иаков 4:4).
10. Дээд боловсрол ертөнцийг урагш ахиулахад ямар үүрэгтэй вэ?
10 Дээд боловсрол үнэ төлбөргүй эзэмшүүлдэг газар ч далд зардал гарч мэднэ. Тухайлбал, зүүн өмнөд Азийн нэгэн оронд засгийн газар нь боловсролын салбартаа «пирамид хэлбэрийн» бодлого баримталдаг тухай нэгэн сонинд тэмдэглэжээ («The Wall Street Journal»). Энэ нь зөвхөн шилдэг сурагчдыг «татах» буюу Английн Оксфорд, Кембридж, АНУ-ын Харвард, Иели зэрэг дэлхийд алдартай сургуульд сургах зорилготой ажээ. Тийм алсыг харсан бодлого баримталдгийн учир нь, дээрх сонинд бичсэнээр, «үндэсний эдийн засгаа хөгжүүлэх явдал» юм байна. Яг боловсрол эзэмшихдээ мөнгө төлдөггүй ч, дараа нь ертөнцийг урагш ахиулахын тулд бүх насаараа зүтгэх хэрэгтэй болдог нь далд зардал гарч байгаа хэрэг ажээ. Өнөөгийн ертөнцөд дээрх арга замыг олон хүн эрхэмлэдэг хэдий ч христиан эцэг эх хүүхдээ тийм замаар явуулахыг хүсэх нь зөв үү? (Иохан 15:19; 1 Иохан 2:15–17).
11. Оюутнууд архиддаг, садар самуунтай орооцолддог нь судалгаанаас хэрхэн харагддаг вэ?
11 Хүүхэд оюутан болоод ямар орчинд ордгийг бас бодолцох хэрэгтэй. Мансууруулах бодис хэрэглэх, архидан согтуурах, садар самуунд орооцолдох, багш нараа хуурч мэхлэх, «дэглэх» гэх мэтийн муу явдлаараа оюутнууд зартай. Тухайлбал, архидалт хэр зэрэг өргөн тархсан байдгийг авч үзье. Оюутнууд зохион байгуулалттай архиддаг тухай «Нью сайентист» сэтгүүлд: «[АНУ-д оюутнуудын] 44 орчим хувь нь сард, наад зах нь хоёр удаа архиддаг» гэж бичжээ. Австрали, Их Британи, Орос болон бусад оронд ч байдал мөн адил байна. Садар самуун явдлын тухайд юу хэлж болох вэ? Нэг сэтгүүлд тэмдэглэснээр, өнөөдөр оюутнуудын дунд санамсаргүй учирсан нэгэнтэй үнсэлцэхээс эхлээд бэлгийн харьцаанд орох ч тохиолдол гардаг. Дараа нь тэд юу ч болоогүй юм шиг явдаг нь жирийн үзэгдэл болсон аж («Newsweek»). Оюутнуудын 60—80 хувь нь иймэрхүү юманд орооцолддог нь судалгаанаас харагджээ. Нэгэн судлаач, үүнээс ангид байдаг оюутан харин ч олны гайхлыг төрүүлнэ гэсэн утгатай үг хэлсэн байна (1 Коринт 5:11; 6:9, 10).
12. Оюутнууд ямар ачаалалтай байдаг вэ?
12 Муу юманд уруу татагдах аюул байдгийн зэрэгцээ гэрийн даалгавар, шалгалт шүүлэг гээд оюутны амьдрал ачаалал ихтэй. Ер нь, оюутан хүн сурч боловсорч, гэрийн даалгавраа хийж, шалгалтаа амжилттай өгөх үүрэгтэй. Бас заримд нь сурахын хажуугаар ажил хийх хэрэгтэй болж болох юм. Энэ бүхэн нэлээд цаг зав, хүч чадал шаардана. Тэгвэл христиан үйл хэрэгт хэдий хэмжээний цаг үлдэх бол? Ачаалал ихдэхлээр аль нэгийг нь золиослох хэрэг гаарч таарна. Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавьсан хэвээрээ байх болов уу, эсвэл хойш нь тавих болов уу? (Матай 6:33). Библи христиануудад: «Мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж» гэж уриалдгийг мартахгүй байцгаая (Ефес 5:15, 16). Зарим христиан цагт хавчигдаж, хүч хүрээгүй, эсвэл Бурхны буруушаадаг, зохисгүй үйл хэрэгт орооцолдсоны улмаас итгэлээ орхидог нь тун харамсалтай!
13. Христиан эцэг эх ямар ямар асуудлыг авч үзэх хэрэгтэй вэ?
13 Ганцхан оюутнууд л садар самуун болон бусад муу явдалтай орооцолддог, ачаалалтай байдаг гэж хэлж болохгүй. Гэхдээ христиан биш залуусын ихэнх нь энэ бүхнийг оюутны амьдралд байх л ёстой зүйл гэж үзэн, юман чинээ боддоггүй. Тэгвэл христиан эцэг эх үүнийг мэдсээр байж хүүхдээ тийм орчинд дөрөв таван жил байлгах нь ямар вэ? (Сургаалт үгс 22:3; 2 Тимот 2:22). Боловсролтой л болж байвал бусад нь хамаа алга гэж үү? Хамгийн гол нь, амьдралд «илүү чухал юм нь юу болохыг магадлахад» (ШЕ) дээд боловсрол тус болох уу? * (Филиппой 1:10; 1 Тесалоник 5:21). Эцэг эхчүүд эдгээр асуудлыг, мөн үр хүүхдээ өөр хот, улс оронд сургуульд явуулах эсэхээ шийдэхдээ залбирч байгаад, нухацтай бодох ёстой.
Дээд боловсролын оронд...
14, 15. а) Олон нийтийн үзлийг үл хэрэгсэн, Библийн ямар зөвлөгөөг дагах нь зүйтэй вэ? б) Христиан залуус ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?
14 Залуучуудын хувьд амжилтад хүрэх цорын ганц зам бол дээд боловсрол гэж өнөөдөр нийтээрээ үздэг. Гэхдээ христианууд олон нийтийн үзлийг бус, Библийн сануулгыг анхаардаг. Библид: «Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин Бурхны хүсэл юу болохыг, тухайлбал, сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлахын тул оюун ухаанаа шинэчлэн өөрчлөгдөгтүн» гэж байдаг (Ром 12:2). Тэгвэл Бурхан өнөөгийн төгсгөлийн цаг үеийн эцсийн мөчид хөгшин залуу гэлгүй ард түмнээсээ юу хүсдэг вэ? Элч Паул Тимотод: «Чи бүхний дотор саруул ухаантай бай. Мууг тэвч, сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцээ» хэмээн уриалсан байдаг. Энэхүү уриалга бидэнд ч хамаатай нь эргэлзээгүй (2 Тимот 4:5).
15 Эд хөрөнгөний хойноос улайран хөөцөлддөг ертөнцийнхнийг дуурайхын оронд «саруул ухаантай байж», сүнслэг зорилго тавих хэрэгтэй. Залуус та бүхэн: «Би Бурхны Үгийг чадварлаг заадаг болохын тулд бүх талаараа чармайдаг бил үү? „Үйлчлэлээ гүйцээхийн“ тулд юу төлөвлөж байгаа билээ? Бүрэн цагаар үйлчлэхийг эн тэргүүний зорилгоо болгодог уу?» гэж бодож үзээрэй. Эдгээрийг хэрэгжүүлэхэд, ялангуяа, үе тэнгийнхнийхээ гэрэлт ирээдүйд хүргэнэ гэж найддаг «агуу зүйлсээ хайн», дур зоргоороо явж байгааг харахад амаргүй байж болох юм (Иеремиа 45:5). Тиймд, христиан эцэг эх үр хүүхдэдээ бага наснаас нь сүнслэг орчныг бүрдүүлэн өгч, сургаж хүмүүжүүлэх нь ухаалаг хэрэг болно (Сургаалт үгс 22:6; Номлогчийн үгс 12:1; 2 Тимот 3:14, 15).
16. Христиан эцэг эх хүүхдэдээ сүнслэг орчныг бүрдүүлж өгөхийн тулд ямар ухаалаг алхам хийж болох вэ?
16 «Бидний хэнтэй нөхөрлөж байгааг ээж их анхаардаг байсан. Бид ангийнхаа хүүхдүүдтэй нөхөрлөлгүй, хурлынхаа төлөвшсөн хүмүүстэй л найзалдаг байсан. Ээж маань биднийг бүрэн цагаар үйлчилдэг хүмүүстэй дотно нөхөрлүүлэх гэж миссионер, явуулын харгалзагч, бетелчин, эхлэгч ах эгч нарыг гэртээ тогтмол урьдаг байж билээ. Тэдний ярьсан сонин сайхан зүйлийг сонсоод, баяр хөөрийг нь хараад бид ч бас бүрэн цагаар үйлчлэх чин хүсэлтэй болсон юм» гэж гурван хүүтэй айлын том нь хэлжээ. Ээж нь өөрөө бүрэн цагаар олон жил үйлчилсэн аж. Өнөөдөр гурван хүү нь гурвуулаа бүрэн цагаар үйлчилдэг болсныг хараад тэр ээж ямар их баяртай байгаа бол оо! Нэг хүү нь бетелчин, нөгөө нь Үйлчлэл дээшлүүлэх сургуульд суралцаж төгссөн бол гурав дахь хүү нь эхлэгчээр үйлчилдэг байна.
17. Хичээл сургууль, ажил мэргэжлээ сонгоход нь эцэг эх үр хүүхдэдээ хэрхэн тусалж болох вэ? (10-р хуудасны хавсралт үзнэ үү.)
17 Түүний зэрэгцээ, эцэг эх үр хүүхдээ хичээл сургууль, ажил мэргэжлээ сонгоход нь аль болох эртнээс оновчтой зөвлөгөө өгч, тусалж байх ёстой. Бетелд үйлчилдэг нэг христиан залуу: «Манай аав ээж хоёр гэрлэхээс өмнө ч, гэрлэснийхээ дараа ч эхлэгчээр үйлчилдэг байсан. Эхлэгчийн сэтгэлгээг бидэнд өвлүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Биднийг ямар нэг хичээл сонгох бол эсвэл алсыг харсан шийдвэр гаргах үед эхлэгчийн үйлчлэл, ажил хоёроо хослуулах боломжтой байх эсэхийг бодож үзэхийг зөвлөдөг байсан юм» гэж дурсжээ. Их, дээд сургуульд элсэх зорилгоор онолын хичээл гүнзгийрүүлж судлахын оронд эцэг эх хүүхдүүд зөвлөлдөж, бүрэн цагаар үйлчлэхэд тус болох хичээлийг илүү анхаарах нь зүйтэй. *
18. Залуучууд мэргэжил сонгохдоо юуны тухай бодож үзэх нь зүйтэй вэ?
18 Судалгаанаас үзвэл, олон улс оронд дээд боловсролтой боловсон хүчин бус, харин үйлдвэрлэл үйлчилгээний салбарт ажиллах хүч эн тэргүүнд шаардлагатай нь харагдаж байна. Нэг сэтгүүлд тэмдэглэснээр, «ойрын арваад жилд ажилчдын 70 хувь нь дээд боловсролын диплом бус, мэргэжлийн үнэмлэхтэй хүмүүс байх ажээ» («USA Today»). Техник мэргэжлийн сургууль болон мэргэжил олгох дамжаанд богино хугацаагаар суралцаж, нарийн бичиг, автын механик, компьютерын засварчин, сантехникч, гагнуурчин, үсчин гэх мэтийн мэргэжил эзэмшиж болдог. Зарим хүн иймэрхүү ажлыг хар ажил гэж голж болох ч, Еховад үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг хүн бол амьдрал залгуулах боломжтой, уян хатан графиктай ажлыг голж шилээд байдаггүй (2 Тесалоник 3:8).
19. Сэтгэл хангалуун, баяр хөөртэй амьдрах хамгийн баталгаатай зам юу вэ?
19 «Залуус ба онгон бүсгүйчүүд... Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул. Учир нь Түүний нэр л ганцаараа эрхэм дээд билээ. Түүний сүр жавхлан газар ба тэнгэрийн дээгүүр байдаг» гэж Библи хэлдэг (Дуулал 148:12, 13). Хүн ертөнцөд ямар ч байр суурьтай болж, ямар ч гавьяа шагнал хүртсэн, Еховад бүрэн цагаар үйлчлэхийг эн тэргүүнд тавин ажиллаж амьдардаг хүн шиг сэтгэл хангалуун, баяр хөөртэй байж чадахгүй. «ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд тэр харууслыг эс авчирна» гэдгийг үргэлж санаж явцгаая (Сургаалт үгс 10:22).
[Зүүлт]
^ Еховагийн байгууллагаас олгодог боловсролыг дээд боловсролоос илүүд үзсэн хүмүүсийн тухай «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1982 оны 5-р сарын 1-ний дугаарын 3—6-р хуудас, 1979 оны 4-р сарын 15-ны дугаарын 5—10-р хуудас; «Сэрцгээ!» сэтгүүлийн 1978 оны 6-р сарын 8-ны дугаарын 15-р хуудас, 1974 оны 8-р сарын 8-ны дугаарын 3—7-р хуудаснаас тус тус үзнэ үү (англи).
^ «Сэрцгээ!» сэтгүүлийн 1998 оны 10-р сарын 8-ны дугаарын 4—6-р хуудасны «Таны амьдралын баталгаа юу вэ?» өгүүлэл, 1989 оны 5-р сарын 8-ны дугаарын 12—14-р хуудасны «Амьдралын замаа хэрхэн сонгох вэ?» өгүүллийг тус тус үзнэ үү (англи).
Тайлбарлана уу
• Сайхан ирээдүйд хүрэхийн тулд христианууд юунд найддаг вэ?
• Христиан эцэг эх үр хүүхдийнхээ ирээдүйтэй холбоотой ямар ямар асуулттай тулгардаг вэ?
• Дээд боловсролын далд зардлыг хэрхэн тооцох вэ?
• Бүрэн цагийн үйлчлэгч болох зорилго тавихад нь эцэг эхчүүд үр хүүхдэдээ хэрхэн тусалж болох вэ?
[Догол мөрийн асуулт]
[9-р хуудасны хавсралт]
Дээд боловсрол эзэмших зайлшгүй хэрэгтэй юү?
Их, дээд сургуульд элсэгчдийн ихэнх нь сургуулиа зэрэгтэй төгсөж, цалин сайтай, баталгаатай ажилтай болно гэж боддог. Гэсэн ч, АНУ-ын засгийн газраас явуулсан судалгааны дүнг үзвэл, оюутнуудын дөнгөж 25 орчим хувь нь зургаан жилийн дотор зэрэг авдаг нь доогуур үзүүлэлт юм. Тэгвэл зэрэгтэй төгссөн оюутнууд сайн ажил олж чаддаг болов уу? Сүүлийн үеийн судалгаа, тоо баримт үзье.
«Харвард, Дьюкийн их сургууль төгсөх нь өндөр цалинтай сайн ажилтай болохын баталгаа биш ээ. [...] Компаниуд ажилд орохоор бүртгүүлж байгаа шинэ хүний тухай сайн мэддэггүй. Нэр хүндтэй их сургуулийн сүртэй диплом тэдэнд хүчтэй сэтгэгдэл төрүүлж болох л юм. Гэхдээ дараа нь ажил олгогчийн хувьд тэр хүний ур чадвар илүү чухал болдог» («Newsweek», 1999 оны 11-р сар).
«Өнөөдөр жирийн ажилд орох хүнд... урьдынхыг бодвол илүү өндөр шаардлага тавьдаг болсон. Гэхдээ дээд боловсролыг бус, ЕБС-д сайн эзэмших ёстой мэдлэг буюу тоо бодох, унших, бичих гэх мэтээр 9-р ангийн сурагчийн эзэмшсэн байвал зохих чадвар шаарддаг. [...] Сайн ажилд оръё гэвэл заавал их сургуульд сурах албагүй ч, дунд сургуульд сайн сурах хэрэгтэй» («American Educator», 2004 оны хавар).
«Ихэнх их, дээд сургуулийн сургалт амьдралаас хэтэрхий тасархай байдаг тул оюутнууд хөдөлмөрийн талбарт гарахдаа ямар ч дадлага туршлагагүй байдаг. ...Текник мэргэжлийн сургуульд элсэгчдийн тоо огцом нэмэгдэж, 1996—2000 онд 48 хувиар өссөн байна. [...] Харин энэ хооронд төлбөр өндөртэй, олон жилийн сургалттай их, дээд сургуулийн дипломын үнэ хүнд буурчээ» («Time», 2005 оны 1-р сарын 24).
«АНУ-ын Хөдөлмөр зохицуулах албанаас гаргасан урьдчилсан мэдээг үзвэл, 2005 онд, багаар бодоход, их, дээд сургууль төгсөгчдийн гуравны нэг нь төгсөхдөө авсан зэрэгтээ тохирох ажил олохгүй гэсэн таагүй дүр зураг гарч байна» («The Futurist», 2000 оны 7, 8-р сар).
Сурган хүмүүжүүлэгчид энэ бүхнийг харгалзан үзсэний эцэст, дээд боловсрол эзэмших хэрэгтэй эсэхэд эргэлзэх нь улам нэмэгджээ. «Бид хүмүүсийг тустай зүйлд сургаж чадахгүй байна» гэж багш нарын харамсан хэлснийг нэгэн сэтгүүлд тэмдэглэжээ («The Futurist»). Харин Бурхан өөрийн Үг Библид: «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг. Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт, чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно» хэмээснийг анхаараарай (Исаиа 48:17, 18).