Skip to content

Гарчиг руу орох

Бурхантай хамт алхагтун

Бурхантай хамт алхагтун

Бурхантай хамт алхагтун

«Өөрийн Бурхантай хамт даруухнаар алх» (МИКА 6:8).

1, 2. Еховаг хүүхдээ хөлд ороход нь тусалж байгаа эцэгтэй зүйрлэж болохын учир юу вэ?

 БЯЦХАН ХҮҮ тэнтэр тунтар алхалсаар, өөрийг нь тосон зогсох аавынхаа гараас бариад авлаа. Хөлд оржээ. Хөндлөнгийн хүнд энэ явдал хөл хөөрцөг болоод байхаар юм биш байж болох ч, хүүгийн эцэг эхэд бол бяцхан үр нь ирээдүйн гараагаа амжилттай эхэлсэн мартагдашгүй агшин байсан нь дамжиггүй. Аав ээж нь амьдралын замаар хүүгээ хөтлөн алхаж, өсөж том болтол нь заавар зөвлөгөө өгөн, тусламж дэмжлэг үзүүлнэ гэж бодож байгаа даа.

2 Ехова Бурхан ч бас дэлхий дэх хүүхдүүдэдээ тийн ханддаг. Өөрийн ард түмэн болох Израиль буюу «Ефраимын» тухай: «Ефраимд алхахыг зааж өгсөн нэгэн бол Би билээ. Би тэднийг мутартаа авсан. [...] Би тэднийг хүний оосроор, хайрын уяагаар дагуулсан» гэж нэгэнтээ хэлсэн байдаг (Хосеа 11:3, 4). Энд Ехова өөрийгөө, хүүхдээ хөлд ороход нь тэвчээртэй тусалж, унахад нь «мутартаа авдаг» халамжит эцэгтэй зүйрлэжээ. Ехова бол бидэнд хэрхэн алхахыг зааж сургах чин хүсэлтэй, ямар ч эцгээс илүү Эцэг билээ. Бас бидний дэргэд байж, өдрөөс өдөрт сайн алхдаг болж байгааг маань хараад баярладаг. Хүн Бурхантай хамт алхах бүрэн боломжтой гэдгийг энэ өгүүллийн гол зүйл харуулж байна (Мика 6:8). Гэхдээ Бурхантай хамт алхах гэж юу гэсэн үг вэ? Бурхантай хамт алхах хэрэгтэйн учир юу вэ? Бурхантай яаж хамт алхах вэ? Ямар шагнал хүртэх вэ гэсэн дөрвөн асуулт гарч ирж байна. Эдгээр асуултыг тус бүрд нь авч үзье.

Бурхантай хамт алхах гэж юу гэсэн үг вэ?

3, 4. а) «Бурхантай хамт алхах» гэдгийг уншаад юу төсөөлж болох вэ? б) Бурхантай хамт алхах гэж юу гэсэн үг вэ?

3 Шууд утгаар, махан биетэй хүн сүнсэн биетэй Еховатай хамт алхаж чадахгүй (Египетээс гарсан нь 33:20; Иохан 4:24). Гэхдээ Библид хүмүүсийг Бурхантай хамт «алхсан», «явсан» гэж бэлэгдлийн утгаар дүрслэн бичсэн байдаг. Ямар ч улс үндэстний, ямар ч хэл соёлтой, аль ч цаг үеийн хүн, хоёр найз хамт явж байгааг төсөөлж чадна шүү дээ. Хамт явахдаа бие биедээ элгэмсэг халуун, ойр дотно хандах нь мэдээж. Ингэж бодохлоор, Бурхантай хамт алхах гэдэг үг тодорхой хэмжээгээр ойлгогдож байгаа байх. Гэхдээ дэлгэрэнгүй авч үзье.

4 Бурхны үнэнч үйлчлэгч Енох Ноа нарыг санацгаая. Тэднийг Бурхантай хамт явж байсан гэж бичсэн нь ямар учиртай юм бол? (Эхлэл 5:24; 6:9, 10). Ер нь, Библид ашигладаг «явах», «алхах» гэдэг үг «тодорхой нэг үйл хийх» гэсэн утга илэрхийлдэг. Тэгэхлээр, Енох Ноа хоёр Ехова Бурхны хүсэл таалалд нийцдэг үйл хийж амьдрахаар шийдсэн байх нь ээ. Тэд Еховагийн удирдлага зааврыг хайж, түүнд дуулгавартай захирагддаг байсан бөгөөд үүгээрээ эргэн тойрныхоо хүмүүсээс ялгаатай байлаа. Бас Бурханд найддаг байв. Энэ нь Ехова тэдний өмнөөс бүхнийг шийддэг байж гэсэн үг үү? Үгүй ээ. Ехова хүнийг сонгох эрх чөлөөтэй бүтээсний зэрэгцээ тэр эрх чөлөөгөө ухаалаг ашиглаасай гэж хүсдэг. Бид аливаа шийдвэр гаргахдаа хүнийхтэй харьцуулахын аргагүй «өндөр бодлыг» нь даруухнаар хүлээн авдаг (Сургаалт үгс 3:5, 6; Исаиа 55:8, 9). Үүний ачаар амьдрал гэдэг их замыг Еховатай хамт туулдаг.

5. Есүс «өөрийн амьдралыг ганц тохойгоор нэмэх» гэж хэлсэн нь ямар учиртай вэ?

5 Библид хүний амьдралыг зам, жимтэй зүйрлэсэн нь олонтаа. Жишээ нь, Есүс: «Та нараас хэн чинь санаа зовсноороо өөрийнхөө өндрийг [«амьдралыг», ШЕ] ганц тохойгоор нэмж чадах вэ?» хэмээн асуусан байдаг (Матай 6:27). Та энэ үгийг уншаад, «Амьдрал гэдэг цаг хугацаагаар хэмжигдэх зүйл атал Есүс яагаад уртыг хэмждэг „тохойгоор нэмэх“ тухай хэлдэг билээ?» гэж гайхан асууж болох юм. * Бодвол, амьдралыг замтай зүйрлэсэн байх. Санаа зовлоо гээд хүн амьдралынхаа замыг ганц ч болов алхмаар уртасгаж чадахгүй гэдгийг тайлбарлажээ. Тэгвэл бид замаа уртасгах ямар ч аргагүй гэсэн үг үү? Яалаа гэж! Эндээс бидний авч үзэх, ямар учраас Бурхантай хамт алхах хэрэгтэй вэ гэсэн хоёр дахь асуулт урган гарч байна.

Бурхантай хамт алхах хэрэгтэйн учир

6, 7. Төгс бус хүмүүст юу зайлшгүй хэрэгтэй вэ? Тэр удирдлагыг Еховагаас авах нь яагаад зүйтэй вэ?

6 Ехова Бурхантай хамт алхах хэрэгтэйн нэг шалтгааныг Иеремиа 10:23-т: «Өө, Ехова! Газар дэлхийн хүний зам өөрийн нь мэдлийнх биш гэдгийг би сайн мэднэ. Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй юм» (ШЕ) гэж тайлбарлажээ. Хүмүүс бид амьдралаа чиглүүлэх чадваргүй, эрхгүй гэдэг нь эндээс харагдаж байна. Тиймээс, удирдлага заавар зайлшгүй хэрэгтэй. Бурхнаас хамаарахгүйгээр өөрийнхөө замаар явна гэж зүтгэдэг хүмүүс Адам Евагийнх шиг алдаа гаргадаг. Анхны хос юу нь сайн, юу нь муу болохыг өөрсдөө шийдэх эрхтэй гэж андуу боджээ (Эхлэл 3:1–6). Хүн тийм «мэдэлгүй» шүү дээ.

7 Амьдралд удирдлага заавар хэрэгтэй болдгийг та мэдэрдэг л биз дээ? Бид өдөр болгон янз бүрийн шийдвэр гаргадаг. Заримдаа шийдвэр гаргахад амаргүй байдаг бол, заримдаа ямар шийдвэр гаргахаас өөрсдийн маань болон дотнын хүмүүсийн маань ирээдүй шалтгаалдаг. Гэтэл тийм чухал шийдвэр гаргах үед танаас насаар ахмад, ухаанаар илүү нэгэн зааж зөвлөе гэж байна гээд бод доо! Харамсалтай нь, өнөөдөр ихэнх хүн хувийн үзэл бодолдоо найдан, «алхаагаа чиглүүлдэг». Тийм хүмүүс Сургаалт үгс 28:26-ийн: «Зүрхэндээ итгэдэг хүн мунхаг. Харин мэргэн хүн аюулаас зайлдаг» гэсэн үнэн үгийг үл тоомсорлодог. Ехова биднийг «хуурамч зүрхэндээ» итгэх аюулаас хол явж, өөрийг нь Удирдагч, Багшаа хэмээн найдан, «мэргэн хүн» байгаасай гэж хүсдэг (Иеремиа 17:9). Эдгээрийг хэрэгжүүлбэл аюулгүй, сэтгэл хангалуун, жаргалтай амьдарна.

8. Нүгэл болон төгс бус байдал хүнийг юунд хүргэдэг вэ? Гэвч Ехова бидэнд юу хүсдэг вэ?

8 Амьдралын маань зам урт байгаасай гэж бид хүсдэг. Энэ бол Бурхантай хамт алхах өөр нэг шалтгаан юм. Нарийн яривал, төгс бус хүмүүс замынхаа эцэст бүгдээрээ нэг л газар очдог. Энэ гашуун үнэнийг ч Библид бичжээ. «Номлогчийн үгс» 12-р бүлэгт өтөл насны зовлонг дүрслэн бичсэн байдаг бөгөөд 5-р зүйлд: «Мөнхийн гэртээ одоход чинь гашуудагсад гудамжаар алхах болно» гэж тэмдэглэжээ. «Мөнхийн гэр» гэж юу вэ? Төгс бус байдал, нүглийн жам ёсоор очдог булш юм (Ром 6:23). Гэхдээ Бурхан биднийг өлгийнөөс булшинд орох хүртэлх богинохон хугацаанд зовж амьдраасай гэж хүсдэггүй (Иов 14:1). Гагцхүү Бурхантай хамт алхаж байж л, анх биднийг хэр удаан амьдруулах зорилгоор бүтээсэн тэр хугацаагаар нь буюу мөнх амьдрах боломжтой болно. Та үүнийг хүсэхгүй гэж үү? Мэдээж, хүсэж байгаа байх. Тиймээс тэнгэрийн Эцэгтэйгээ хамт алхах хэрэгтэй.

Бурхантай яаж хамт алхах вэ?

9. Ехова заримдаа ард түмнээсээ нуугддаг байсны учир юу вэ? Гэхдээ Исаиа 30:20-д юу амласан бэ?

9 Бидний хэлэлцэх Бурхантай яаж хамт алхах вэ гэсэн гурав дахь асуулт хамгийн чухал нь юм. Хариу нь Исаиа 30:20, 21-д: «Та нарын Багш цаашид Өөрийгөө нуухгүй бөгөөд харин та нар нүдээрээ Багшийгаа үзнэ. Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, ард чинь дуугарах „Энэ бол зам. Үүгээр алхагтун“ гэсэн үгийг та нарын чих сонсоно» гэж байдаг. Өөрийнх нь эсрэг тэрслэхэд Ехова тэднээс «нуугдаж» байсныг 20-р зүйлд бичсэн үг израильчуудад сануулсан биз ээ (Исаиа 1:15; 59:2). Гэхдээ одоо Ехова өөрийгөө нуугдаж байгаагаар бус, харин ч үнэнч ард түмнийхээ өмнө ил зогсож буйгаар дүрсэлжээ. Бурхныг шавь нартаа заах гэж байгаа юмаа үзүүлж, өмнө нь зогсох багштай зүйрлэж болох юм.

10. «Ард чинь дуугарах» Багшийнхаа үгийг сонсох гэж юу гэсэн үг вэ?

10 21-р зүйлд Еховаг ард түмнийхээ араас нь явж, зөв зам зааж өгч байгаагаар дүрсэлжээ. Библи судлаач эрдэмтдийн тэмдэглэснээр, «ард чинь дуугарах» гэж бичсэн нь хоньчин сүргээ тууж, буруу замаар орохоос сэргийлэн, чанга дууддаг аргаас сэдэвлэсэн байж болох аж. Энэ дүрслэл бидэнд ямар хамаатай вэ? Заавар зөвлөгөө хайж бидний уншдаг Бурхны Үг олон мянган жилийн өмнө бичигдсэн билээ. Тэгэхлээр, өнгөрсөн үеэс буюу бидний «араас» ирж байгаатай адил юм. Гэхдээ ач холбогдол нь анх бичигдэж байсан тэр үеийнх шигээ байгаа. Өдөр тутмын шийдвэр гаргахад ч, ирээдүйн амьдралаа төлөвлөхөд ч Библийн зөвлөгөө бидэнд тусалдаг (Дуулал 119:105). Библийн зөвлөгөөг тууштай хайж, амьдралдаа хэрэгжүүлдэг бол Еховагаар удирдуулан, хамт алхаж байна гэсэн үг.

11. Иеремиа 6:16-д Ехова ард түмнээ юунд уриалсан бэ? Тэд яаж хандсан бэ?

11 Бид Бурхны Үгийн удирдлагыг үнэхээр тийм чанд баримталдаг уу? Үе үе өөрийгөө шударгаар шалгахын тулд цаг гаргах нь зүйтэй. Иеремиа 6:16-д: «ЭЗЭН ингэж айлдаж байна. „Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ зориулан амралтыг олох болно“» гэсэн зөвлөгөө өөрийгөө шалгахад тусална. Та энэ үгийг уншаад, салаа замын уулзвар дээр түр зогсож, аль замаар явахаа асуун магадалж байгаа аялагчийг төсөөлж болох юм. Уг нь, Еховагийн эсрэг тэрсэлсэн Израилийн ард түмэн чухамдаа тэр аялагч шиг байх ёстой байсан. Тэд «эртний жимд» хүргэх замыг олох хэрэгтэй байлаа. Тэрхүү «сайн замаар» Еховад үнэнч өвөг дээдэс нь замнаж байсан хэдий ч одоо энэ үндэстэн мунхгийн гайгаар тэр замыг алджээ. Ехова хайрын сэтгэлээсээ зөвлөсөн боловч зөрүүд израильчууд тоомжиргүй загнасан нь харамсалтай. Энэ тухай дээрх зүйлд: «Тэд: „Бид алхахгүй“ гэсэн юм» хэмээн тэмдэглэжээ. Харин орчин үеийн ард түмэн нь тэр зөвлөгөөг дуртайяа хүлээн авсан.

12, 13. а) Христийн тослогдсон дагалдагчид Иеремиа 6:16-гийн зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлсэн бэ? б) Ямар замаар алхаж байгаагаа яаж шалгах вэ?

12 Иеремиа 6:16-гийн зөвлөгөөг тослогдсон христианууд ХІХ зууны сүүлээс хэрэгжүүлсэн. Тэд бүлгээрээ «эртний жимд» хүргэх зам уруу чин сэтгэлээсээ эргэжээ. Тэрслүү христ шашны ертөнцийнхнийг дуурайлгүй, МЭ І зуунд Есүс Христийн үндэслэсэн, эртний үнэнч дагалдагчдийнх нь баримталдаг байсан «эрүүл үгсийн жишээг» чанд дагасан юм (2 Тимот 1:13). Өнөөг хүртэл тослогдогсод бие биедээ болон хамтран зүтгэгч «өөр хонинуудадаа» туслан, христ шашны ертөнцийнхний орхисон, «эрүүл», жаргалтай замаар алхахад нь дэмжлэг үзүүлдэг (Иохан 10:16, ШГ).

13 «Итгэмжит, ухаалаг боолын» анги сая сая хүнд «эртний жимийг» олж, Бурхантай хамт алхахад нь туслан, сүнслэг хоолыг цагт нь өгдөг (Матай 24:45–47). Та тэр сая сая хүний тоонд багтдаг уу? Тийм бол, дур мэдэн сонгосон замаараа явахгүйн тулд яах хэрэгтэй вэ? Үе үе түр «зогсож», ямар замаар явж байгаагаа шалгах хэрэгтэй. Библи болон Библид үндэслэсэн хэвлэлийг тогтмол уншиж, тослогдогсдын зохион байгуулдаг сургалтад хамрагддаг бол Бурхантай хамт алхах сургууль хийж байгаа хэрэг. Сурч мэдсэнээ, авсан зөвлөгөөгөө даруухнаар хэрэгжүүлбэл «эртний жимийг» даган, Бурхантай хамт алхаж байна гэсэн үг.

«Үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт» алхагтун

14. Еховаг бодитойгоор төсөөлдөг бол шийдвэр гаргахдаа яах вэ?

14 Еховатай хамт алхахын тулд түүнийг бодитойгоор төсөөлдөг байх ёстой. Ехова эртний үнэнч израильчуудад нуугдахгүй гэдгээ амлаж байсныг санацгаая. Тэгвэл өнөөдөр амласан ёсоороо ард түмэндээ өөрийгөө илчилж, Багш нь болдог. Та Еховаг өмнө тань зогсож буй Багш гэж төсөөлдөг үү? Бурхантай хамт алхъя гэвэл тэгж л итгэдэг байх хэрэгтэй. Мосе тийн итгэдэг байсан. Тийм ч учраас, «үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт тэвчсэн» билээ (Еврей 11:27). Еховаг бодитойгоор төсөөлдөг хүн шийдвэр гаргахдаа түүнийг үргэлж санадаг. Жишээ нь, ноцтой нүгэл үйлдэхийг, үйлдчихлээ гэхэд түүнийгээ христиан ахлагчид болон гэрийнхнээсээ нуухыг бодож ч зүрхлэхгүй. Дэргэд нь хүн байхгүй байлаа ч гэсэн, Бурхантай хамт алхахыг хичээдэг. Эртний Израилийн хаан Давидын жишээгээр бид «гэр дотроо үнэнч зүрхээр явах» шийдвэр төгс байдаг (Дуулал 101:2).

15. Еховаг улам бодитойгоор төсөөлдөг болоход итгэл нэгтнүүд маань хэрхэн тусалдаг вэ?

15 Биднийг төгс бус бөгөөд үзэж хараагүй юмандаа заримдаа итгэж чаддаггүй сул дорой бодгаль гэдгийг Ехова ойлгодог (Дуулал 103:14). Энэ сул талаа давахад маань үнэхээр их туслалцаа үзүүлдэг. Жишээ нь, дэлхий дээрх бүх үндэстнээс «Өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүсийг» цуглуулсан (Үйлс 15:14). Бид эв нэгдэлтэйгээр Бурхандаа үйлчлэхдээ бие биеэ сүнслэгээр бэхжүүлдэг. Итгэл нэгт ах эгчийг маань сул талаа юм уу хэцүү сорилтыг давахад нь Еховагийн хэрхэн тусалсныг сонсоод түүнийг улам ч бодитойгоор төсөөлдөг болдог (1 Петр 5:9).

16. Есүсийн тухай мэдэх нь Бурхантай хамт алхахад яаж туслах вэ?

16 Хамгийн гол нь, Ехова биднийг Хүүгийнхээ жишээгээр сургадаг. Есүс: «Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй» хэмээжээ (Иохан 14:6). Есүсийн дэлхий дээрх амьдралыг судлах нь Еховаг илүү бодитой төсөөлдөг болох хамгийн сайн аргын нэг юм. Есүс хэлсэн, хийсэн бүхнээрээ тэнгэрийн Эцгийнхээ зан чанар, үйл хэргийг төгс дуурайсан (Иохан 14:9). Шийдвэр гаргахаасаа өмнө, үүнийг Есүс яаж шийдэх байсан бол гэж нухацтай бодож байх хэрэгтэй. Хэрэв тийн нухацтай бодож, залбирч байгаад шийддэг бол Христийн мөрөөр дагадаг гэсэн үг (1 Петр 2:21). Христийн мөрөөр дагадаг хүн Бурхантай хамт алхдаг.

Ямар шагнал хүртэх вэ?

17. Еховатай хамт алхвал ямар «амралтыг» олох вэ?

17 Ехова Бурхантай хамт алхвал их шагнал хүртэнэ. Ехова ард түмэндээ «сайн замаар» алхахыг уриалахдаа юу амласан билээ? «Та нар сэтгэлдээ зориулан амралтыг олох болно» гэсэн шүү дээ (Иеремиа 6:16). «Амралт» гэдгээр юуг хэлсэн юм бол оо? Тав тухтай, баян тансаг орчинд амраана гэсэн үг үү? Үгүй ээ. Сэтгэлийг маань амраадаг. Өөрөөр хэлбэл, дотоод сэтгэлийн амар тайван, баяр хөөр өгч, сүнслэг хэрэгцээг маань хангадаг. Та сэтгэлдээ тийм «амралтыг» олсон бол амьдралын хамгийн сайн замыг сонгосон гэдэгтээ итгэлтэй байж болно. Сэтгэлийн амар тайван гэдэг өнөөгийн хэцүү ертөнцөд хэн хүний хүртдэг ивээл биш ээ!

18. Ехова танд ямар шагнал өгөхийг хүсдэг вэ? Та юунд шийдвэр төгс байна вэ?

18 Мэдээж, амьд яваа маань том шагнал. Одоогийн амьдрал богинохон ч гэлээ үнэ цэнтэй. Гэхдээ Ехова хүмүүсийг идэр залуу наснаасаа уруудсаар өтөлж хөгшрөх ахархан хугацаагаар амьдруулахыг хэзээ ч зорилгоо болгоогүй билээ. Харин ч, өөртэй нь үүрд хамт алхаасай гэж хүсдэг. Энэ бол хамгийн том шагнал юм! Мика 4:5-д: «Бүх ард түмэн тус бүр өөрийн бурхны нэр дотор алхах боловч бидний хувьд, бид үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана» гэж бичсэн нь Бурхны чин хүслийг харуулдаг. Та тийм шагнал авч, Еховагийн «жинхэнэ» гэж нэрлэсэн тэр аминд хүрмээр байна уу? (1 Тимот 6:19). Тэгвэл өнөөдөр, маргааш, өдөр бүр, цаашлаад үүрд мөнх Еховатай хамт алхах шийдвэр төгс байгтун!

[Зүүлт]

^ Библийн зарим орчуулгад «тохой» гэдэг үгийг «нэг мөч» (МАБ) гэх мэтийн цаг хугацаа заах үгээр орлуулсан байдаг. Уг нь, эх Библид ашигласан «тохой» гэдэг үг 45 орчим см-тэй тэнцэх уртын хэмжээг заадаг ажээ.

Хэрхэн хариулах вэ?

• Бурхантай хамт алхах гэж юу гэсэн үг вэ?

• Бурхантай хамт алхах хэрэгтэйн учир юу вэ?

• Бурхантай хамт алхахад юу туслах вэ?

• Бурхантай хамт алхдаг хүмүүс ямар шагнал хүртдэг вэ?

[Догол мөрийн асуулт]