Бурхантай хамт алхаж, сайныг хурааж авагтун
Бурхантай хамт алхаж, сайныг хурааж авагтун
«Учир нь салхийг тарьдаг тэд хуй салхийг хурааж авдаг» (ХОСЕА 8:7).
1. Бурхантай хамт алхахын тулд яах вэ?
ОСОЛТОЙ газраар явахдаа газарчнаар замаа заалгах нь аюул багатай байдаг. Тийм учраас ганцаараа явснаас газарчинтай явсан нь өлзийтэй. Бидний нөхцөл байдал энэ жишээтэй зарим талаар төстэй юм. Ехова өнөөгийн ёс бус ертөнц хэмээх их элсэн цөлд бидэнд зам зааж өгье гэдэг. Алхаж гишгэхээ өөрсдөө мэдэх гэж зүтгэхийн оронд Бурхантай хамт алхах нь ухаалаг хэрэг болно. Харин Бурхантай хамт алхахын тулд яах вэ? Үгээрээ дамжуулан өгдөг зааврыг нь дагах хэрэгтэй.
2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?
2 Өмнөх өгүүллээр бид «Хосеа» номын 1–5-р бүлэгт гардаг бэлэгдлийн утгатай үйл явдлыг ярилцан, Бурхантай хамт алхахад сургамж болох зүйлийг мэдэж авсан. Харин одоо 6–9-р бүлгийн онцлох санааг ярилцъя. Эхлээд энэ дөрвөн бүлгийг тоймлон үзье.
Товч тойм
3. «Хосеа» номын 6–9-р бүлгийн агуулгыг товч ярина уу.
3 Ехова Хосеаг, гол нь, Израилийн арван овогт хойт хаант улсад зөгнүүлэхээр явуулжээ. Хамгийн нөлөө бүхий овог нь ефраим байсан энэ үндэстэн Бурхнаас нүүр буруулсан ажээ. Еховагийн гэрээг зөрчин, ёс бусыг үйлдэх болж, үнэнч бус байсныг нь «Хосеа» номын 6–9-р бүлэгт бичжээ (Хосеа 6:7). Тэд «Ехова уруу буцахын» оронд улс төрийн холбоотнууддаа найдсан. Ингэж Бурхны сануулгыг үл тоомсорлон мууг «тарьсны» дүнд мууг «хурааж авах» буюу шийтгүүлэх нь зайлшгүй байлаа. Гэхдээ Хосеагийн зөгнөлд баярт мэдээ ч бий. Хэрэв чин сэтгэлээсээ гэмшсэнээ батлан харуулбал Ехова тэднийг хүлээн авч, өршөөнө гэж амлажээ.
4. Ямар ямар сургамжтай зүйлийг дэлгэрэнгүй ярилцах вэ?
4 «Хосеа» номын энэ дөрвөн бүлэгт ч бас Бурхантай хамт алхахад туслах заавар бий. Бидэнд сургамжтай дөрвөн чухал зүйлийг одоо дэлгэрэнгүй ярилцъя. 1) Үнэн сэтгэлээсээ гэмшсэн нь үг хэлээр төдийгүй үйл хэргээр харагддаг; 2) дан ганц тахилаар Бурханд таалагдах аргагүй; 3) үйлчлэгчид нь нүүр буруулахад Еховагийн зүрх шимширдэг; 4) сайныг хурааж авъя гэвэл сайныг тарих хэрэгтэй.
Үнэн сэтгэлээсээ гэмшсэнийг юу харуулдаг вэ?
5. Хосеа 6:1–3-ын гол санаа юу вэ?
5 Хосеагийн зөгнөлөөс гэмшил хийгээд өршөөлийн талаар ихийг мэдэж болдог. Хосеа 6:1–3-т: «Ирэгтүн, ЭЗЭН [Ехова] уруу буцацгаая. Учир нь Тэр биднийг тастсан боловч Тэр биднийг эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан боловч Тэр биднийг боож өгөх болно. Хоёр хоногийн дараа Тэр биднийг амилуулах болно. Биднийг Түүний өмнө амьдруулахын тулд гурав дахь өдөрт Тэр биднийг босгох болно. Тиймээс мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Түүний ирэх нь үүр цайхын адил гарцаагүй. Тэр бидэн дээр бороо мэт, газрыг услах хаврын бороо мэт ирнэ» гэж бичжээ.
6—8. Израиль жинхэнэ ёсоор гэмшээгүй гэж хэлж болохын учир юу вэ?
6 Дээрх үгийг хэн хэлсэн бэ? Зарим хүн, Бурханд дуулгаваргүй загнасан үнэнч бус израильчууд гэмшсэн царай гаргаж байгаад Бурхны өршөөлийг хүртье гэсэн бодолтой энэ үгийг хэлсэн гэж үздэг. Харин зарим нь зөнч Хосеа хүмүүсийг Ехова уруу буцаж ирэхийг гуйж аргадан, дээрх үгийг хэлсэн гэдэг. Хэн нь ч хэлсэн бай, хамгийн гол нь, жинхэнэ ёсоор гэмшсэнээ харуулж, Ехова уруу буцаж ирсэн хүн Израилийн арван овогт хаант улсад байсан уу? гэдэг асуудал юм. Тийм хүн бараг байгаагүй нь харамсалтай. Ехова Хосеагаар: «Ефраим аа, Би чамайг яах вэ? Иуда аа, Би чамайг яах вэ? Учир нь та нарын хайр энэрэл чинь өглөөний манантай адил ба эртлэн алга болдог шүүдэртэй адил юм» гэж хэлүүлжээ (Хосеа 6:4). Бурхны ард түмний сүнслэг байдал хэчнээн эмгэнэлтэй байж вэ! «Хайр энэрэл» буюу үнэнч хайр нь өглөөний нарнаар сарнин алга болдог манан шиг хэдийнээ үгүй болжээ. Тэд гэмшсэн мэт байсан нь Бурхны хувьд тэднийг өршөөх үндэс болохгүй байлаа. Яагаад тэр вэ?
7 Израильчууд чин зүрхнээсээ, жинхэнэ ёсоор гэмшээгүй ажээ. Ехова ард түмнээ үл таалсныг Хосеа 7:14-т: «Орондоо гасалж байхдаа ч тэд зүрхнээсээ Над уруу хашхирдаггүй» гэж бичсэн байдаг. Цааш нь 16-р зүйлд: «Тэд эргэсэн боловч дээш ханддаггүй» гэж бичжээ. Израильчууд «дээш хандах» буюу Ехова уруу эргэн, түүнтэй тогтоосон харьцаагаа сэргээхийн тулд өөрсдийгөө засаж залруулахыг бодохгүй байлаа. Үнэндээ, тэд Бурхантай хамт алхахыг чин сэтгэлээсээ хүсээгүй юм.
8 Израильчуудыг үнэн сэтгэлээсээ гэмшээгүй гэж хэлэх бас нэг учир байна. Тэд луйвар, аллага, хулгай, хиймэл бурхад шүтэх, өөр үндэстнүүдтэй улс төрийн холбоо тогтоох гэх мэтээр асар их нүгэл үйлдсээр байсан. Хосеа 7:4-т тэднийг «талх баригчийн зуухтай» адилтгасан нь бузар муу хүсэлдээ шатаж явдаг байснаас нь тэр болов уу. Сүнслэгээр ингэтлээ завхарсан ард түмэн өршөөл хүртэх эрхтэй байсан гэж үү? Үгүй, ямар ч эрхгүй байсан! Ехова «тэдний хууль бус явдлыг санаж, тэдний нүглүүдийг шийтгэх болно» гэдгийг Хосеа тэрслүү ард түмэнд хэлжээ (Хосеа 9:9). Израиль өршөөл хүртэхээсээ нэгэнт өнгөрчээ!
9. Хосеагийн үгнээс гэмшил хийгээд өршөөлийн талаар юу мэдэж авдаг вэ?
9 Хосеагийн хэлсэн үгнээс гэмшил хийгээд өршөөлийн талаар ямар сургамж авч болох вэ? Израильчуудын явдлаас харахад, Еховагийн өршөөлийг хүртье гэвэл чин сэтгэлээсээ гэмшсэнээ батлах ёстой болж байна. Чухам яаж? Нулимс унагаж, уярмаар сайхан үг хэлэхэд Ехова хууртахгүй. Үнэн сэтгэлээсээ гэмшсэн нь үйлсээр харагддаг. Нүгэл үйлдсэн хүн өршөөл хүртэхийн тулд нүгэлт үйл хэргээ бүрмөсөн орхиж, Еховагийн өндөр хэм хэмжээнд нийцүүлэн амьдрах ёстой.
Дан ганц тахилаар Еховад таалагдах аргагүй
10, 11. Израилийн түүхээс харахад, яагаад дан ганц тахилаар Еховад таалагдах аргагүй вэ?
10 Одоо, Бурхантай хамт алхахад сургамж болох хоёр дахь зүйлийг ярилцъя. Тахил өргөөд л Бурханд таалагдчихна гэвэл эндүүрэл ажээ. Хосеа 6:6-д: «Би [Ехова] тахилаас илүүгээр хайр энэрэлд, шатаалт тахилаас илүүгээр Бурхныг мэдэх мэдлэгт баярладаг» гэж бий. Үйлчлэгчид нь хайр энэрэл буюу үнэнч хайр гэдэг чанарыг илэрхийлж, өөрийнх нь тухай мэдлэгтэй байхад Ехова баярладгийг анхаараарай. «Гэхдээ энэ зүйлд Еховаг „тахил“ болон „шатаалт тахилд“ баярладаггүй гэсэн нь ямар учиртай юм бэ? Тэр тухай Мосегийн хуульд тушаагаагүй гэж үү?» гэсэн асуулт гарч болох юм.
11 Тахил өргөх тушаал Мосегийн хуульд байсан нь үнэн. Гэвч хамаг учир тахилд биш, хүмүүст байжээ. Хосеагийн үеийн израильчууд нүгэл үйлдсээр байсан хэр нь Бурханд чин үнэнч болж харагдах гэсэндээ тахилыг ёс төдий өргөдөг байсан бололтой. Ийнхүү Бурхныг үнэнчээр хайрладаггүйгээ харуулсан. Мөн Бурхны тухай мэдлэгийнхээ дагуу амьдраагүй нь тэр мэдлэгийг уландаа гишгэдэг байсных юм. Тийнхүү зөв сэтгэлгүй, зөв замаар явдаггүй байсан тэдний тахилыг Ехова хүлээж авна гэж үү? Үгүй, харин ч жигшсэн.
12. Хосеа 6:6-д өнөө үеийн хүмүүст хамаатай ямар сэрэмжлүүлэг байдаг вэ?
12 Хосеагийн хэлсэн үг сүмд явдаг хүмүүст сэрэмжлүүлэг болдог. Тэд шашны зан үйл хийдэг нь Бурханд өргөл өргөж байгаа хэрэг юм. Гэвч шүтлэг мөргөл нь тэдний өдөр тутмын амьдралд бараг нөлөөлдөггүй. Хэрэв тэд Бурхны тухай мэдлэгтэй болохыг чин сэтгэлээсээ хүсдэггүй, мэдлэгээ хэрэгжүүлж, муу үйлээс зайлсхийдэггүй юм бол Бурханд яаж таалагдах билээ? Дан ганц шашны зан үйлээр Бурханд таалагдана гэж бодож болохгүй. Үгийнх нь дагуу амьдрахын оронд ёс төдий шүтлэгээр тааллыг нь олчихно гэж боддог хүмүүст Ехова баярладаггүй (2 Тимот 3:5).
13. Бид ямар тахил өргөдөг вэ? Бурханд таалагдахын тулд юуг мартах ёсгүй вэ?
13 Дан ганц тахилаар Бурханд таалагдахгүйг жинхэнэ христианууд мартах учиргүй. Бид хэдийгээр амьтнаар тахил өргөдөггүй ч гэсэн «Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөдөг» (Еврей 13:15). Гэрчүүд бид, Хосеагийн үеийн израильчууд шиг, хийсэн буруу хэргээ сүнслэг тахилаар цайруулчихаж болдог гэж бодож болохгүй. Нууцаар садар самуун үйлддэг байсан нэг бүсгүй: «Хийсэн хэргээ цайруулах гэсэндээ дэлгэрүүлэх ажилд илүү идэвхтэй оролцдог байсан» гэж хожим нь үнэнээ хэлсэн байдаг. Энэ нь тэрслүү израильчуудын хийдэг байсантай адилхан юм. Магтаалын тахилаа зүрхний зөв хандлага, Бурханд таалагдах зан чанартай хослуулж байж л Еховад таалагдана.
Үйлчлэгчид нь нүүр буруулахад Еховагийн зүрх шимширдэг
14. Хосеагийн зөгнөл Бурхны тухай юу хэлдэг вэ?
14 «Хосеа» номын 6–9-р бүлгээс, Ехова үйлчлэгчдээ нүүр буруулахад яадгийг мэдэж болдог. Энэ бол гурав дахь сургамж юм. Ехова бол хайрладаг ч, шийтгэдэг ч Бурхан. Үйлчлэгчид нь нүглээ гэмшвэл баярлаж, тэднийг өрөвдөн хайрладаг. Харин гэмшдэггүй хүмүүст хатуу, шийдэмгий арга хэмжээ авдаг. Бурхан бидний сайн сайханд онцгой санаа тавьдаг учраас өөртэй нь хамт үнэнчээр алхвал баярладаг. Дуулал 149:4-т: «ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахаддаг» гэж бичжээ. Тэгвэл үйлчлэгчид нь үнэнч бус болбол Еховад ямар санагддаг бол?
15. Хосеа 6:7-д бичсэнээр, зарим израильчууд яадаг байсан бэ?
15 Ехова үнэнч бус израильчуудын тухай: «Тэд гэрээг ...зөрчив. Тэнд тэд Миний эсрэг урвасан» гэж хэлжээ (Хосеа 6:7). «Урвах» гэж буулгасан еврей үг бас «итгэл эвдэх, үнэнч бус байх» гэсэн утгатай. Малахи 2:10–16-д ханьдаа үнэнч бус байсан израильчуудын явдлыг яг тэр үгээр илэрхийлсэн байдаг. Хосеа 6:7-д бичсэн энэ үгээр «эхнэр нөхрийн харьцааг зүйрлэдэг» бөгөөд «хайраа эвдэн бусниулсан нөхцөл байдлыг» заадаг гэж нэгэн нэвтэрхий тольд тайлбарлажээ.
16, 17. а) Израиль Бурхантай байгуулсан гэрээгээ яасан бэ? б) Бид юу санаж явах ёстой вэ?
16 Ехова гэрээ байгуулсан болохоор Израилийг бэлэгдлийн эхнэрээ гэж үздэг байв. Гэтэл ард түмэн нь гэрээг зөрчсөн нь завхайрсантай адилхан байсан. Ийнхүү үнэнч нөхөр шиг байсан Бурхнаа орхисон юм!
17 Тэгвэл бид яадаг вэ? Бурхан биднийг өөртэй нь хамт алхаж байна уу, үгүй юу гэдгийг анхаарч байдаг. «Бурхан бол хайр» бөгөөд бидний үйл хэрэг Бурхныг гомдоож ч, баярлуулж ч болдог гэдгийг санаж явах нь зүйтэй (1 Иохан 4:16). Буруу замаар явбал Еховаг шаналгах бөгөөд дургүйг нь хүргэх нь лавтай. Үүнийг байнга санаж явбал хорхой хүргэм зүйлд татагдахгүй байж чадна.
Сайныг хэрхэн хурааж авах нь
18, 19. Хосеа 8:7-д ямар зарчим байдаг вэ? Үүнийг израильчуудын явдал хэрхэн баталсан бэ?
18 Хосеагийн зөгнөлөөс авах дөрөв дэх сургамжийн тухай ярилцъя. Сайныг яаж хурааж авах вэ? Хосеа үнэнч бус израильчуудын мунхаг явдлын үр дүнг: «Салхийг тарьдаг тэд хуй салхийг хурааж авдаг» гэж бичжээ (Хосеа 8:7). Эндээс, хожим юу болох нь одоо хийж байгаа зүйлээс шууд шалтгаалдаг гэсэн зарчим харагдаж байна. Үүнийг үнэнч бус израильчуудын явдал хэрхэн баталсан бэ?
19 Израильчууд нүгэл үйлдэж байсан нь мууг тарьсан хэрэг байлаа. Хор хохирол амсахгүйгээр тэр чигээрээ явж болох байсан болов уу? Тэдэнд шийтгэлээс зугтах ямар ч арга байгаагүй. Хосеа 8:13-т: «Тэр [Ехова] тэдний хууль бус явдлыг санаж, нүглийнх нь төлөө тэднийг шийтгэх болно» гэж бичжээ. Мөн Хосеа 9:17-д: «Миний Бурхан тэднийг зайлуулах болсны учир нь тэд Түүнийг сонсоогүй юм. Тэд үндэстнүүдийн дунд тэнүүчлэгчид байх болно» гэж бий. Ехова үйлдсэн нүглийнх нь төлөө израильчуудыг шийтгэх гэж байлаа. Тэд мууг тарьсан учир мууг хурааж авах ёстой байсан. МЭӨ 740 онд ассиричууд Израилийн арван овогт хаант улсыг сөнөөн устгаж, ард иргэдийг нь олзлон авч явсан нь Бурхан тэднийг шийтгэсэн хэрэг байжээ.
20. Израильчуудад тохиолдсон явдал бидэнд юу хэлж өгдөг вэ?
20 Хүн юу тарина, түүнийгээ хураадгийг израильчуудад тохиолдсон тэр явдал харуулдаг. Бурхны Үг бидэнд: «Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг» гэсэн анхааруулга өгдөг (Галат 6:7). Мууг таривал мууг л хурааж авна. Жишээ нь, садар самуун амьдралтай хүн гашуун үр дагавар л амсдаг. Муу явдалдаа гэмшдэггүй хүн эцэстээ жаргал амсахгүй.
21. Яавал сайныг хураах вэ?
21 Тэгвэл сайныг яаж хураах вэ? Энэ асуултад энгийн нэг жишээгээр хариулъя. Тариачин улаан буудай хураая гэвэл арвай тарих уу? Мэдээж үгүй. Буудай л тарьж таарна шүү дээ. Түүн шиг, сайн үр дүнд хүрье гэвэл сайн юм хийх шаардлагатай. Та үргэлж сайныг хураахыг, өөрөөр хэлбэл, одоо сэтгэл хангалуун амьдарч, ирээдүйд Бурхны шинэ ертөнцөд мөнх амьдрахыг хүсдэг үү? Тэгвэл үргэлж сайныг тарих буюу Бурхантай хамт алхаж, зөв хэм хэмжээнийх нь дагуу амьдардаг байх хэрэгтэй.
22. «Хосеа» номын 6–9-р бүлгээс ямар сургамж авсан бэ?
22 «Хосеа» номын 6–9-р бүлгээс Бурхантай хамт алхахад сургамж болох дөрвөн чухал зүйлийг мэдэж авлаа. 1) Үнэн сэтгэлээсээ гэмшсэн нь үг хэлээр төдийгүй үйл хэргээр харагддаг; 2) дан ганц тахилаар Бурханд таалагдах аргагүй; 3) үйлчлэгчид нь нүүр буруулахад Еховагийн зүрх шимширдэг; 4) сайныг хурааж авъя гэвэл сайныг тарих хэрэгтэй. Тэгвэл «Хосеа» номын үлдсэн таван бүлэг Бурхантай хамт алхахад яаж туслах бол?
Та юу гэж хариулах вэ?
• Хүн жинхэнэ ёсоор гэмшсэнээ яаж харуулдаг вэ?
• Яагаад дан ганц тахилаар Бурхны тааллыг олох аргагүй вэ?
• Үйлчлэгчид нь өөрийг нь орхиход Бурхан яадаг вэ?
• Сайныг хураая гэвэл юу тарих ёстой вэ?
[Догол мөрийн асуулт]