Skip to content

Гарчиг руу орох

Бурхантай хамт алхахад Хосеагийн зөгнөл тусалдаг

Бурхантай хамт алхахад Хосеагийн зөгнөл тусалдаг

Бурхантай хамт алхахад Хосеагийн зөгнөл тусалдаг

«Тэд ЭЗЭНий араас алхах... болно» (ХОСЕА 11:10).

1. «Хосеа» номд бэлэгдлийн утгатай ямар үйл явдлыг тэмдэглэсэн байдаг вэ?

 АВЬЯАСЛАГ жүжигчдийн тоглосон, ээдрээт жүжгийн үйл явдал таны сонирхлыг татах уу? Библийн «Хосеа» номд бэлэгдлийн утгатай нэгэн үйл явдлыг бичсэн байдаг. * Тэр бол Бурхны зөнч Хосеагийн гэр бүлд болсон явдал бөгөөд Ехова Мосегийн хуулийн гэрээгээр эртний Израильтай бэлэгдлийн утгаар гэрлэснийг төлөөлдөг.

2. Хосеа гэж хэн байсан бэ?

2 Тэрхүү үйл явдал хэзээ, хаана болсныг «Хосеа» номын нэгдүгээр бүлэгт өгүүлдэг. Хосеа Израилийн арван овогт хаант улсын (ефраим овог хамгийн нөлөө бүхий байсан учраас Ефраим ч гэдэг) нутагт аж төрж байсан бололтой. Тэрбээр Израилийн сүүлчийн долоон захирагч болон Уззиа Иотам Ахаз хаан, мөн Иудагийн Хезекиа хааны үед зөгнөж байжээ (Хосеа 1:1). Тэгэхлээр, дор хаяж 59 жил зөгнөсөн гэсэн үг юм. Түүний нэр бүхий эл ном МЭӨ 745 оноос хойхон бичигдэж дууссан боловч, өнөөдөр ч чухал ач холбогдолтой. Учир нь эдүгээ үед олон сая хүн «Тэд ЭЗЭНий араас алхана» хэмээн Хосеагийн зөгнөсөн ёсоор явж байгаа билээ (Хосеа 11:10).

Тоймлон авч үзэхийн ач холбогдол

3, 4. «Хосеа» номын 1–5-р бүлгийн агуулгыг товч ярина уу.

3 «Хосеа» номын нэгээс тавдугаар бүлгийг тоймлон авч үзвэл Бурханд итгэн, хүсэл тааллаар нь амьдарч, Бурхантай хамт алхах шийдвэр маань батажна. Израилийн хаант улсын ард түмэн сүнслэгээр завхайрсан хэдий ч, үүндээ харамсан гэмшвэл Бурхан «өрөвдөн» өршөөх байв. Үүнийг Хосеагийн, эхнэр Гомертоо хэрхэн хандсан явдлаар дүрсэлсэн. Гомер анхны хүүхдээ төрүүлсний дараа дахин хоёр хүүхэд гаргасан нь бутач байсан бололтой. Гэсэн ч, Хосеа эхнэрээ буцаан авчиржээ. Үүнтэй адилаар, Ехова гэмшсэн израильчуудыг дуртайяа өршөөсөн (Хосеа 1:1–3:5).

4 Израиль үндэстэн үнэнийг эрхэмлэхээ больж, хайр энэрэл хийгээд Бурхны тухай мэдлэггүй болсны учир Ехова Израильтай заргалдсан. Тэрбээр шүтээн шүтдэг Израиль, зөрүүд тэрслүү Иудагийн аль алиныг шийтгэхээр болжээ. Гэхдээ тэд «зовлон дотроо» Еховаг хайж болох байв (Хосеа 4:1–5:15).

Үйл явдал өрнөсөн нь

5, 6. а) Израилийн арван овогт хаант улсад садар самуун хэр өргөн тархсан байсан бэ? б) Ехова Израилийг шийтгэхээр болсон нь бидэнд ямар хамаатай вэ?

5 Бурхан Хосеад тушаан: «Яв, өөртөө завхай эхнэрийг авч, завхай хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисоор, эрээ цээргүй завхайрлыг үйлдэж байна» хэмээн айлджээ (Хосеа 1:2). Израильд садар самуун явдал хэр өргөн тархсан байсан бэ? «Завхайрлын сүнс [арван овогт хаант улсын ард иргэдийг] төөрүүлж, тэд Бурхнаасаа хагацан, биеэ үнэлжээ. [...] Танай охид биеэ үнэлж, танай бэрүүд садарлаж бай[на]... ...Эрчүүд өөрсдөө янхнуудын хамт салж яван, сүмийн янхнуудтай хамт тахилууд өргөдөг» хэмээн Судрын эл номд бичжээ (Хосеа 4:12–14).

6 Израильд садар самуун явдал сүнслэг утгаар ч газар авсан байв. Тийм учраас, Ехова израильчуудыг «шийтгэхээр» болжээ (Хосеа 1:4; 4:9). Удахгүй Ехова садар самуун үйлддэг, хуурамч бурхад шүтдэг хүмүүсийг шийтгэх учир дээрх явдал бидний үед ч хамаатай. Харин Бурхантай хамт алхдаг хүмүүс шаардлагыг нь хангаж, Бурхнаа цэвэр ариунаар шүтэж чаддаг бөгөөд «садар самуун... ямар ч хүнд Христийн болон Бурхны хаанчлалд өв байхгүй» гэдгийг сайн ойлгодог (Ефес 5:5; Иаков 1:27).

7. Хосеа Гомертой гэрлэсэн нь юуг төлөөлдөг вэ?

7 Гомер Хосеагийн эхнэр болох үедээ онгон байсан нь тодорхой. «Хүүгээ төрүүлэхдээ» үнэнч эхнэр байжээ (Хосеа 1:3). Хосеагийн гэрлэлт буюу бэлэгдлийн утгатай тэр үйл явдалд дүрсэлснээр, Бурхан израильчуудыг МЭӨ 1513 онд Египетийн боолчлолоос чөлөөлснийхөө дараахан тэдэнтэй ариун журамтай гэр бүл болох гэрээ байгуулжээ. Израиль тэр гэрээг зөвшөөрч, «нөхөр» Еховадаа үнэнч байхаа амласан (Исаиа 54:5). Израиль улс Бурхантай бэлэгдлийн утгаар гэрлэснийг Хосеа Гомер хоёрын ариун журамтай гэрлэлтээр төлөөлүүлсэн хэрэг байв. Гэтэл бүх юм орвонгоороо эргэжээ!

8. Израилийн арван овогт хаант улс хэрхэн бий болсон бэ? Тэндхийн шүтлэг мөргөл ямар байсан бэ?

8 Хосеагийн эхнэр «дахин жирэмслэн охин төрүүлжээ». Гэхдээ, тэр охин болон удаах хүүхдээ завхайрч яваад олсон бололтой (Хосеа 1:6, 8). Гомер Израилийг төлөөлдгөөс үүдээд: «Израиль яаж завхайрдаг болсон бэ?» гэсэн асуулт гарч ирж болох юм. Израилийн арван овог МЭӨ 997 онд Иуда, Бениамин овгоос өрх тусгаарлажээ. Улмаар тугалыг шүтээнээ болгосноос ард иргэд нь Иерусалимын сүмд Еховад мөргөл үйлдэхээр Иудаг зорихоо байжээ. Баал шүтэж, садарлан наргих явдал Израильд хавтгайрсан байлаа.

9. Хосеа 1:6-д зөгнөсөнчлөн, Израильд юу болсон бэ?

9 Гомер хоёр дахь хүүхдээ өөр эрээс олжээ. Хүүхдийг төрөх үед Бурхан Хосеад: «Тэр охиныг Ло-рухама [«Өршөөлийг хүртсэнгүй» гэсэн утгатай] хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрийг цаашид өрөвдөхгүй, тэднийг хэзээ ч уучлахгүй [«учир нь би тэднийг заавал авч явна», ШЕ]» гэж хэлсэн (Хосеа 1:6). Ассири улс израильчуудыг МЭӨ 740 онд олзолсон нь Ехова тэднийг «авч явсан» хэрэг байлаа. Харин Иудагийн хоёр овогт хаант улсад өршөөл үзүүлж, авралаа соёрхсон. Ингэхдээ нум сум, илд сэлэм, дайн тулаан, морьд хийгээд морьтон цэргийн хүчийг ашиглаагүй юм (Хосеа 1:7). Иудагийн нийслэл Иерусалим хотыг заналхийлэн сүрдүүлж байсан Ассирийн 185 000 цэргийг МЭӨ 732 онд нэг тэнгэр элч ганцхан шөнийн дотор устгажээ (Хаадын дэд 19:35).

Ехова Израильтай заргалдсан нь

10. Гомерын завхай явдал юуг төлөөлдөг вэ?

10 Гомер Хосеаг хаяж, өөр эртэй садарлан, «завхай эхнэр» болдог. Израилийн хаант улс хуурамч бурхад шүтдэг үндэстнүүдтэй улс төрийн холбоо тогтоож, тэдэнд найдах болсныг энэ явдлаар дүрсэлжээ. Израиль хөгжил цэцэглэлийнхээ үндсийг Ехова гэж үзэхийн оронд тэдгээр үндэстний бурхадтай холбон ойлгож, хуурамч шашин шүтдэг болсноор Бурхантай байгуулсан гэрлэлтийн гэрээгээ зөрчсөн. Тэгэхлээр, Ехова сүнслэг утгаар завхайрсан ард түмэнтэй заргалдсан нь зүйн хэрэг байжээ (Хосеа 1:2; 2:2, 12, 13).

11. Ехова Израиль, Иудаг олзонд өгч байхдаа Хуулийн гэрээг яасан бэ?

11 Израиль «Нөхрөө» хаясныхаа төлөө ямар шийтгэл хүртсэн бэ? Бурхан Израилийг Вавилон гэдэг бэлэгдлийн «цөлд авчирсан». Вавилончууд бол МЭӨ 740 онд израильчуудыг олзолж байсан Ассирийг эзлэн түрэмгийлсэн үндэстэн юм (Хосеа 2:14). Ехова арван овогт хаант улсыг тийнхүү эцэс болгосон ч Израилийн 12 овогтой анх байгуулсан гэрлэлтийн гэрээгээ цуцлаагүй. Мөн МЭӨ 607 онд Иерусалимыг вавилончуудаар устгуулж, Иудагийн ард түмнийг олзонд өгөхдөө ч Израилийн 12 овогтой бэлэгдлийн утгаар гэрлэхдээ байгуулсан Мосегийн хуулийн гэрээг хүчингүй болгоогүй. Гагцхүү иудейн шашны удирдагчид Есүс Христийг хүлээн зөвшөөрөлгүй, МЭ 33 онд амийг нь авсны дараа л гэрээгээ цуцалсан билээ (Колоссай 2:14).

Ехова Израилийг зэмлэсэн нь

12, 13. Хосеа 2:6–8-ын гол санаа юу вэ? Тэнд бичигдсэн үг Израильд хэрхэн биелсэн бэ?

12 Бурхан Израилийг зэмлэж, «завхайрлаа зайлуулахыг» шаардсан боловч Израиль нууц амрагуудынхаа араас явахыг хүссэн (Хосеа 2:2, 5). Ехова: «Тэгэхээр харагтун, Би түүний замыг үүргэнээр шивээлж, тэр өөрийн жимийг олж чадахгүй болтол Би түүний эсрэг хана босгоно. Тэр нууц амрагуудаа мөшгөн дагавч тэднийг гүйцэхгүй. Тэрээр тэднийг хайх боловч тэднийг олохгүй. Тэгээд тэр эм: „Би өөрийнхөө анхны нөхөр уруу буцан явна. Учир нь миний хувьд одоогийнхоос тэр үед илүү сайн байсан“ гэх болно. Учир нь түүнд үр тариа, шинэ дарс ба тосыг өгч, түүний дээр мөнгө, алтыг арвижуулсан нь Би байсан гэдгийг тэр эм мэддэггүй. Харин тэд тэдгээрийг Баалд зориулан ашигласан» гэж хэлсэн (Хосеа 2:6–8).

13 Израиль «нууц амраг» нь болсон үндэстнүүдээс тусламж эрсэн боловч тэдний нэг нь ч тусалж чадаагүй. Балар ойгоор «шивээлүүлсэн» мэт Израильд тусламж үзүүлэх ямар ч арга тэдэнд байгаагүй юм. Нийслэл хот Самарийг нь Ассирийн арми гурван жил бүслээд, МЭӨ 740 онд нураан унагажээ. Тэр цагаас хойш арван овогт хаант улс дахин сэргээгүй билээ. Харин олзны израильчуудаас цөөн хэдэн хүн л, Еховад үйлчилж байсан өвөг дээдсийнх нь үе хэчнээн сайхан байсныг ойлгожээ. Тэд Баал шүтэхээс татгалзаж, Еховатай байгуулсан гэрээгээ сэргээхийг хүсэж байв.

Үйл явдал үргэлжилсэн нь

14. Хосеа Гомертой нөхөр эхнэрийн харьцаагаа яагаад сэргээсэн бэ?

14 Хосеагийн ар гэрийн байдал, Израилийн Еховатай тогтоосон харьцаа хоёр хоорондоо ямар холбоотойг гүйцэд сайн ойлгохын тулд «ЭЗЭН надад: „Садар боловч нөхөртөө хайрлагдсан эмийг хайрла“ гэв» хэмээсэн үгийг авч үзье (Хосеа 3:1). Хосеа Гомерыг, хамт амьдарч байсан хүнээс нь худалдан авч, уг тушаалыг биелүүлсэн. Тэгээд дараа нь эхнэртээ: «Чи олон хоног надтай хамт байх учиртай. Чи биеэ үнэлэлгүй, эрэгтэй хүнтэй байж болохгүй» хэмээн хатуу сануулсан (Хосеа 3:2, 3). Гомер сануулгыг хүлээн авч, Хосеа ч түүнтэй нөхөр эхнэрийн харьцаагаа дахин сэргээжээ. Хосеа эхнэртээ тийн хандсан нь юуны үлгэр загвар байсан бэ?

15, 16. а) Хүмүүжсэн ард түмэн Бурхнаас өршөөл хүртэхийн тулд яах ёстой байсан бэ? б) Хосеа 2:18 хэрхэн биелсэн бэ?

15 Бурхан Израиль, Иудагийн ард түмнийг Вавилоны боолчлолд байхад зөнчдөөрөө дамжуулан тэдэнтэй «эелдгээр ярьж» байсан. Тэд Бурхны өршөөлийг хүртэхийн тулд гэмшсэнээ батлан харуулж, Гомер шиг, «Нөхөртөө» буцаж очих ёстой байв. Тэгэхэд нь Ехова хүмүүжсэн «эхнэр» буюу ард түмнээ Вавилоны «цөлөөс» Иуда, Иерусалимд нь буцаан авчрах байлаа (Хосеа 2:14, 15). Бурхан энэ амлалтаа МЭӨ 537 онд биелүүлсэн юм.

16 Мөн: «Тэр өдөрт Би бас тэдний төлөө хээрийн араатнууд, огторгуйн шувууд ба газрын мөлхөгч амьтадтай гэрээ байгуулах болно. Би нум, илд ба дайныг энэ газраас халах бөгөөд тэднийг аюулгүй хэвтүүлнэ» гэж амласандаа ч хүрсэн (Хосеа 2:18). Эх нутагтаа эргэж ирсэн иудейчүүд араатан амьтнаас ч айх аюулгүй, амар тайван амьдарсан. Энэ зөгнөл бас 1919 онд сүнслэг Израилийн үлдэгдлийг хуурамч шашны дэлхийн эзэнт гүрэн «Агуу Вавилоноос» чөлөөлөгдөхөд биелсэн. Эдүгээ тэд, дэлхий дээр мөнх амьдрах ирээдүйтэй нөхдийнхөө хамт сүнслэг диваажинд айх аюулгүй, баяр хөөртэй амьдарч байна. Жинхэнэ христиануудын дунд араатан шиг авиртай хүмүүс байхгүй (Илчлэлт 14:8; Исаиа 11:6–9; Галат 6:16).

Сургамжийг зүрх сэтгэлдээ нандигнах нь

17-19. а) Бурхны ямар ямар чанарыг дуурайх ёстой вэ? б) Еховагийн өрөвч, энэрэнгүй чанарыг бодохлоор ямар сэтгэл төрдөг вэ?

17 Бурхан өрөвч, энэрэнгүй тул бид ч бас тийм байх ёстой. «Хосеа» номын эхний бүлгүүдээс бид ийм сургамж авлаа (Хосеа 1:6, 7; 2:23). Бурхан гэмшсэн израильчуудад өршөөл үзүүлэхэд бэлэн байсан нь «Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтад хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг мартдаг хүн хайр энэрлийг хүртэнэ» хэмээсэн сургаал үгтэй нь тохирдог (Сургаалт үгс 28:13). Түүнчлэн, «Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм. Бурхан эмтэрсэн, гэмшдэг зүрхийг жигшихгүй» хэмээсэн дуулалчийн үг гэмшсэн нүгэлтнүүдийг тайвшруулдаг (Дуулал 51:17).

18 Хосеагийн зөгнөлд онцолсноор, бидний шүтдэг Бурхан өрөвч, энэрэнгүй сэтгэлтэй тул зөв замаас хазайсан хүнийг ч гэмшиж, эргэвэл халуунаар угтан авдаг. Бэлэгдлийн утгаар гэрлэсэн Израиль үндэстнээс нь гэмшихэд тэрбээр өршөөлөө үзүүлж байсан. Хэдийгээр тэд Еховад дуулгаваргүй загнаж, «Израилийн Ариун Нэгнийг өвтгөсөн» ч «Тэр өршөөнгүй байн, ...тэднийг зөвхөн махан бие... болохыг нь санажээ» (Дуулал 78:38–41). Ехова Бурхны өршөөнгүй сэтгэлийг бодохлоор үргэлж хамт алхах хүсэл эрхгүй төрдөг.

19 Израильд хүн алах, хулгай хийх, садар самуун үйлдэх гэх мэтийн нүгэлт явдал гаарсан байсан ч Ехова «түүнтэй эелдгээр ярьсан» байдаг (Хосеа 2:14; 4:2). Өрөвч, энэрэнгүй чанарыг нь эргэцүүлэн бодохлоор сэтгэл зүрх маань Еховад улам их татагдаж, Бурхнаа улам их хайрламаар санагддаг. Тиймд, дор бүрнээ: «Бусадтай харьцахдаа Еховагийн өрөвч, энэрэнгүй чанарыг яаж илүү сайн дуурайх вэ? Итгэл нэгтэн маань намайг гомдоочихоод уучлал гуйхад нь би Еховаг дуурайн уучлахад бэлэн байдаг бил үү?» гэдгээ бодож үзэцгээе (Дуулал 86:5).

20. Бурханд бат найдах хэрэгтэйн учрыг жишээгээр хэлнэ үү.

20 Бурханд бат найдах хэрэгтэй. Жишээлбэл, Ехова: «Би түүнд... Ахорын хөндийг найдварын хаалга болгон өгнө» гэж амласан (Хосеа 2:15). Тийм ээ, Ехова «эхнэр» буюу ард түмнээ «Ахорын хөндий» дэх нутагт нь буцаахаа амлажээ. Уг амлалтаа МЭӨ 537 онд биелүүлсэн нь бидэнд ч гэсэн амласнаа биелүүлнэ гэж бат найдах үндэс болдог.

21. Бурхантай хамт алхахад мэдлэг яаж туслах вэ?

21 Бурхантай үргэлж хамт алхахын тулд Бурхны тухай мэдлэгээ гүнзгийрүүлж, амьдралдаа хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Израильд Бурхны тухай мэдлэг үнэхээр дутаж байсан (Хосеа 4:1, 6). Гэсэн ч зарим хүн Бурхны сургаалыг эрхэмлэн үнэлж, амьдралдаа хэрэгжүүлээд арвин их ивээл хүртжээ. Хосеа тийм хүмүүсийн нэг байсан билээ. Мөн, Елиагийн үед «Баалын өмнө өвдөг сөгдөөгүй» 7 000 хүн тэдний тоонд ордог (Хаадын дээд 19:18; Ром 11:1—4). Хэрэв бид Еховагийн сургаалд талархдаг бол Бурхантай үргэлж хамт алхаж чадна (Дуулал 119:66; Исаиа 30:20, 21).

22. Бид тэрс явдлыг хэрхэн үзэх ёстой вэ?

22 Бурхны ард түмний дунд удирдах үүрэг хүлээдэг эрчүүд тэрс явдлыг жигших ёстой. Хосеа 5:1-д: «Тахилч нар аа, үүнийг сонс! Израилийн гэр ээ, анхаарал тавигтун! Хааны гэр ээ, сонсогтун! Учир нь шүүлт нь та нарт хэрэгжих болно. Яагаад гэвэл та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор байжээ» гэж байдаг. Бурханд тэрсэлсэн удирдагчид Израилийн ард түмнийг шүтээн шүтэх явдалд уруу татаж, урхи, тор болж байжээ. Табор уул болон Мизпа гэдэг газар нь тийм хуурамч шүтлэгийн төв байсан бололтой.

23. Та «Хосеа» номын 1–5-р бүлгийг судлаад ямар сургамж авсан бэ?

23 Ехова бол сургаалыг нь дагадаг, тэрс явдлыг жигшдэг хүмүүст баттай ирээдүйг амлаж, ивээдэг, өрөвч сэтгэлтэй Бурхан гэдгийг Хосеагийн зөгнөлөөс бид одоо ойлгодог боллоо. Гэмшсэн израильчуудыг дуурайн Еховаг хайж, үргэлж таалалд нь нийцүүлэхийг хичээцгээе (Хосеа 5:15). Ингэвэл бид сайныг хурааж авч, Бурхантай хамт үнэнчээр алхдаг хүмүүсийн эдэлдэг, зүйрлэшгүй их амар тайван, баяр хөөрийг амсана (Дуулал 100:2; Филиппой 4:6, 7).

[Зүүлт]

^ Жишээ нь, Галат 4:21–26-д «үлгэрлэсэн зүйл» буюу бэлэгдлийн утгатай үйл явдлыг бичжээ. Энэ талаар «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн 2-р ботийн 693, 694-р хуудаснаас үзнэ үү (англи).

Та юу гэж хариулах вэ?

• Хосеа Гомертой гэрлэсэн нь юуг бэлэгддэг вэ?

• Ехова ямар учраас Израильтай заргалдсан бэ?

«Хосеа» номын 1–5-р бүлгээс та өөртөө хэрэгтэй ямар санаа олсон бэ?

[Догол мөрийн асуулт]