Еховагийн замууд зөв
Еховагийн замууд зөв
«ЭЗЭНий замууд зөв юм. Шударга зөв нь түүгээр алхах... болно» (ХОСЕА 14:9).
1, 2. Ехова израильчуудад ямар зам тавьж өгсөн бэ? Гэвч тэд яасан бэ?
ЗӨНЧ Мосегийн үед израиль үндэстэн Еховагийн тавьж өгсөн зөв замаар явж эхэлсэн билээ. Гэвч МЭӨ наймдугаар зууны эхэн гэхэд тэд туйлын их завхран гажуудсаны улмаас Бурхны жигшил зэвүүцлийг төрүүлэх болжээ. Энэ тухай «Хосеа» номын 10–14-р бүлэгт тодорхой өгүүлдэг.
2 Израильчууд хоёр нүүртэй болсон байна. Арван овогт хаант улсын ард иргэд «хорон мууг хагалан, шударга бусыг хурааж авсан» (Хосеа 10:1, 13). Ехова: «Израилийг залуу байх үед Би түүнийг хайрлан, Өөрийн хүүг Египетээс дуудан гаргасан» гэж хэлсэн байдаг (Хосеа 11:1). Египетийн боолчлолоос чөлөөлж өгснийх нь төлөө израильчууд Бурхандаа «худал үг», «заль мэхээр» хариу барьжээ (Хосеа 11:12). Тийм учраас Ехова тэдэнд: «Өөрийн Бурхан уруу буц, энэрэл ба шударга ёсыг сахь» гэж зөвлөсөн (Хосеа 12:6).
3. Тэрслүү Самарийг юу хүлээж байсан бэ? Израильчууд яавал өршөөл хүртэх байсан бэ?
3 Тэрслүү Самари болон Самарийн хааныг аймшигт сүйрэл хүлээж байлаа (Хосеа 13:11, 16). Гэхдээ «Хосеа» номын сүүлийн бүлэгт: «Израиль аа, өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэ» хэмээн уриалсан байдаг. Хэрэв израильчууд гэмшин, уучлал гуйвал Бурхан өршөөлөө үзүүлэхэд бэлэн байжээ. Тэд «ЭЗЭНий [«Еховагийн», ШЕ] замууд зөв юм» гэдгийг хүлээн зөвшөөрч, тэр замаар алхах учиртай байсан (Хосеа 14:1–6, 9).
4. Хосеагийн зөгнөлөөс ямар ямар зарчмыг дэлгэрэнгүй ярилцах вэ?
4 Хосеагийн зөгнөлийн энэ хэсэгт Бурхантай хамт алхахад туслах олон зарчим байдаг. Энэ өгүүллээр: 1) Ехова чин сэтгэлээсээ шүтэхийг шаарддаг; 2) Бурхан үйлчлэгчдээ үнэнчээр хайрладаг; 3) бид үргэлж Еховад найдах ёстой; 4) Еховагийн замууд дандаа зөв байдаг; 5) нүгэл үйлдсэн хүмүүс Ехова уруу эргэж ирж болдог тухай ярилцъя.
Ехова чин сэтгэлээсээ шүтэхийг шаарддаг
5. Бурхан бидний үйлчлэлийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
5 Ехова цэвэр ариунаар, чин сэтгэлээсээ үйлчлэхийг шаарддаг. Гэтэл Израиль үр жимсгүй «саглагар [«муудаж буй», ШЕ] усан үзмийн мод» болсон. Израилийн ард түмэн хуурамч бурхад шүтэх гэж «илүү их тахилын ширээ» барьжээ. Еховад тэрсэлсэн тэд «багануудыг» хүртэл босгосон нь хуурамч шүтлэгтээ хэрэглэх зорилготой байсан бололтой. Ехова тэр тахилын ширээнүүдийг нь нурааж, багануудыг нь эвдэхээр болжээ (Хосеа 10:1, 2).
6. Бурхантай хамт алхахын тулд ямар байх ёсгүй вэ?
6 Еховагийн үйлчлэгчид хоёр нүүр гаргах ёсгүй. Тэгвэл израильчууд яасан билээ? Тэдний тухай: «Зүрх нь итгэлгүй [«хоёр нүүртэй болжээ», ШЕ]» гэж бичжээ. Тэд Еховад өөрсдийгөө зориулсан ард түмэн нь болж гэрээ байгуулсан ч Бурхны өмнө хоёр нүүр гаргаж буруутан болсон. Эндээс ямар сургамж авах вэ? Нэгэнт л Бурханд өөрсдийгөө зориулсан бол хоёр нүүр гаргах ёсгүй байх нь. Сургаалт үгс 3:32-т: «Муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй. Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм» гэдэг. Бурхантай хамт алхахын тулд «цэвэр зүрхнээс гарах хайр, сайн мөс чанар болон чин үнэнч итгэлтэй» байх ёстой (1 Тимот 1:5).
Бурхан үйлчлэгчдээ үнэнчээр хайрладаг
7, 8. а) Яавал Бурхан биднийг үнэнчээр хайрлах вэ? б) Ноцтой нүгэл үйлдсэн бол яах шаардлагатай вэ?
7 Еховаг чин сэтгэлээсээ, зөв шүтвэл Ехова биднийг хайрлан энэрэх буюу үнэнчээр хайрлана. Зөрүүд тэрслүү израильчуудад: «Зөв шударгыг тариалж, энэрэнгүйгээр хурааж ав. Боловсруулаагүй газраа хагал. Учир нь ЭЗЭН чиний дээр зөв шударгыг асгахаар [«заахаар», ШЕ] ирэх хүртэл Түүнийг хайх цаг нь одоо билээ» гэж хэлжээ (Хосеа 10:12).
8 Израильчууд гэмшсэн сэтгэлээр Еховаг хайсан бол Ехова «зөв шударгыг» дуртайяа «заах» байсан. Хэрвээ бидний дотор хэн нэг нь ноцтой нүгэл үйлдсэн бол өршөөл гуйн залбирч, ахлагчдаас сүнслэг тусламж хүсэх зэргээр Еховаг хайх шаардлагатай (Иаков 5:13–16). Мөн Бурхны ариун сүнсээр удирдуулах хэрэгтэй. Учир нь «өөрийнхөө махан биед таригч нь махан биеэсээ ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна» гэдэг билээ (Галат 6:8). «Сүнсэнд тарьдаг» бол Бурхан биднийг үнэнчээр хайрласаар байх болно.
9, 10. Хосеа 11:1–4-т израильчуудын тухай бичсэн зүйлийг яаж тайлбарлах вэ?
9 Ехова үйлчлэгчидтэйгээ ямагт хайрын сэтгэлээр харьцдаг гэдэгт бид итгэдэг. Үүний баталгаа Хосеа 11:1–4-т байдаг. Тэнд: «Израилийг залуу байх үед Би түүнийг хайрлан, Өөрийн хүүг Египетээс дуудан гаргасан. ...Тэд Баалуудад тахил өргөсөөр, шүтээнүүдэд утлага уугиулсаар байсан. Гэвч Ефраимд [израильчуудад] алхахыг зааж өгсөн нэгэн бол Би билээ. Би тэднийг мутартаа авсан. Гэвч Би тэднийг эдгээснийг тэд мэдээгүй. Би тэднийг хүний оосроор, хайрын уяагаар дагуулсан. Би тэдний хувьд эрүүнээс нь буулгыг өргөн хаядаг нэгэнтэй адил болсон. Би тонгойж, тэднийг хооллосон» гэж бичжээ.
10 Энд Израилийг балчир хүүхэдтэй зүйрлэсэн байна. Ехова израильчуудыг хайрын сэтгэлээр «мутартаа аван», алхахыг зааж, «хайрын уяагаар дагуулсан» гэжээ. Эртний Израильд эцэг эхчүүд хүүхдээ унагахгүйн тулд биед нь бэхэлсэн уяагаар залж явдаг байжээ. Та гараа тосоод, нялх үрээ хөлд ороход нь тусалж байна гээд төсөөл дөө. Ехова бас таныг яг тэгж «хайрын уяагаар дагуулж», энхрийлэн хайрладаг.
11. Бурхан «буулгыг өргөн хаядаг» гэж юу гэсэн үг вэ?
11 Ехова израильчуудтай харьцахдаа «эрүүнээс нь буулгыг өргөн хаядаг нэгэнтэй адил болсон. [Тэр] ... тэднийг хооллосон». Малчин хүн малдаа өвс тэжээлийг нь чөлөөтэй идүүлэхийн тулд буулгыг нь «өргөн хаядаг» буюу арлыг нь өргөж, буулганаас нь гаргадаг шиг Бурхан ард түмэндээ тийн ханддаг байв. Израилийн ард түмэн буулгаа эвдэн, Еховад захирагдахаа болиогүй бол дайснуудынхаа буулганд орж, тэсэхүйеэ бэрх зовлон амсахгүй байх байжээ (Дэд хууль 28:45, 48; Иеремиа 28:14). Заналт дайсан Сатаны саварт орж, аймшигт буулганд нь хэзээ ч тарчлахгүйн тулд хайрт Бурхантайгаа хамт үүрд үнэнчээр алхацгаая.
Үргэлж Еховад найдагтун
12. Хосеа 12:6-д бичсэнчлэн, Бурхантай хамт үүрд алхахын тулд яах шаардлагатай вэ?
12 Бурхантай хамт үүрд алхахын тулд Бурханд үргэлж найдах ёстой. Израильчуудад: «Өөрийн Бурхан уруу буц, энэрэл ба шударга ёсыг сахиж, үргэлж Бурхныгаа хүлээ [«Бурхандаа найд», ШЕ]» хэмээн уриалсан байдаг (Хосеа 12:6). Израилийн ард түмэн гэмшээд, Ехова уруу эргэж ирснээ батлахын тулд хайрлан энэрч, шударгыг үйлдэн, үргэлж Бурхандаа найдах учиртай байв. Бид ч бас Бурхантай хамт хэр удаан алхаж байгаагаасаа үл хамааран, хайрлан энэрч, шударгыг үйлдэн, үргэлж Бурханд найддаг байх ёстой (Дуулал 27:14).
13, 14. Паул Хосеа 13:14-ийг иш татахдаа Еховад найдах ямар шалтгааныг тэмдэглэсэн бэ?
13 Израильчуудын тухай Хосеагийн зөгнөлөөс бид Бурханд найдах онцгой шалтгааныг мэдэж авдаг. Ехова: «Би тэднийг Үхэгсдийн орны хүчнээс золих уу? Би тэднийг үхлээс золих уу? Үхэл ээ, чиний өргөсүүд хаана байна вэ? Үхэгсдийн орон оо, чиний хатгуур хаана байна вэ?» хэмээн хэлжээ (Хосеа 13:14). Ехова израильчуудыг тэр үед үхлээс авраагүй ч ирээдүйд үхлийг бүрмөсөн устгах зорилготой байлаа.
14 Паул итгэл нэгт тослогдсон христиануудад захидал бичихдээ Хосеагийн зөгнөлөөс иш татан: «Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх үед „Үхэл ялалтад залгигдсан“ гэж бичигдсэн үг биелнэ. „Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ? Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ?“ Үхлийн хатгуур нь нүгэл. Нүглийн хүч нь хууль юм. Харин бидний Эзэн Есүс Христээр бидэнд ялалтыг өгдөг Бурханд талархал нь байх болтугай» гэжээ (1 Коринт 15:54–57). Ехова Есүсийг дахин амилуулж, өөрийнхөө ой санаанд байгаа хүмүүсийг амилуулна гэдгээ баталжээ (Иохан 5:28, 29). Еховад найдах ийм л онцгой шалтгаан байгаа юм даа! Гэхдээ дахин амилах найдвараас гадна өөр нэг зүйл Бурхантай хамт алхах хүсэл төрүүлдэг.
Еховагийн замууд дандаа зөв байдаг
15, 16. Самарийн тухай юу гэж зөгнөсөн байсан бэ? Тэр зөгнөл хэрхэн биелсэн бэ?
15 Еховагийн замууд зөв гэдэгт итгэдэг бол үргэлж Бурхантай хамт алхаж чадна. Самарийн оршин суугчид Бурхны зөв замуудаар алхаагүй юм. Эцэстээ тэд, нүгэл үйлдэж, Еховад итгээгүйнхээ төлөө шангаа хүртэх учиртай байжээ. Тэр тухай: «Самари буруутайд тооцогдоно. Учир нь тэрээр Бурхныхаа эсрэг тэрсэлсэн. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх бяцлагдаж, жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчигдэх болно» гэж зөгнөсөн байдаг (Хосеа 13:16). Самарийг эзлэн түрэмгийлсэн ассиричууд тийм аймшигт хэрэг хийдэг харгис хүмүүс байсныг түүхийн баримт харуулдаг.
16 Самари хот Израилийн арван овогт хаант улсын нийслэл байсан ч дээрх зүйлд Самари гэдгээр хаант улсыг бүхэлд нь хэлсэн байж болох юм (Хаадын дээд 21:1). МЭӨ 742 онд Ассирийн хаан V Шалманесер Самари хотыг бүсэлжээ. МЭӨ 740 онд Самарийг сүйрэхэд, нэр нөлөө бүхий хүмүүс нь Месопотами, Меде уруу цөлөгдсөн байна. Самарийг V Шалманесер эзэлсэн үү, аль эсвэл түүний залгамжлагч II Саргон эзэлсэн үү гэдэг одоо ч тодорхойгүй хэвээр байгаа (Хаадын дэд 17:1–6, 22, 23; 18:9–12). Гэхдээ Саргоны тэмдэглэлд бичсэнээр, 27 290 израиль хүнийг Евфрат мөрний эх болон Медед цөлжээ.
17. Бурхны зөв замаас хазайхын оронд яах ёстой вэ?
17 Самарийн оршин суугчид Еховагийн зөв замуудыг дагаагүйнхээ горыг амссан юм. Бурханд өөрсдийгөө зориулсан христианууд бид ч бас Бурхны зөв хэм хэмжээг үл хүндэтгэн, нүгэл үйлдвэл эмгэнэлт үр дагаварт хүрнэ. Тиймээс зөв замаас хэзээ ч хазайхгүй байцгаая! «Та нараас хэн нь ч алуурчин, эсвэл хулгайч, эсвэл хорон мууг үйлдэгч юм уу, эсвэл бусдын хэрэгт хошуу дүрдэг нэгэн мэт бүү зовог. Хэрэв Христийнх гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурхныг алдаршуул» хэмээсэн элч Петрийн зөвлөгөөг дагацгаая (1 Петр 4:15, 16).
18. Яавал «Бурхныг алдаршуулсаар» байх вэ?
18 Бид Бурханд захирагдаж, зөв замаар нь явдаг бол «Бурхныг алдаршуулсаар» байна. Каин дур зоргоороо явж, үүдэн дээр нь нүгэл гэтэж байгааг Ехова анхааруулсаар атал үл тоосны гайгаар хүний амь хөнөөсөн (Эхлэл 4:1–8). Балаам Моабын хаанаас шан харамж авахын тулд Израилийг хараах гэж оролдсон ч бүтээгүй (Тооллого 24:10). Леви Кора болон бусад хүн Мосе Аарон нарын эрх мэдэлд тэрсэлснийхээ төлөө Бурханд шийтгүүлж, амиа алдсан (Тооллого 16:1–3, 31–33). Бид «Каины замаар замнаж», «Балаамын алдаа төөрөгдөлд өөрсдийгөө тушааж», «Корагийн тэрслэлтийн дотор мөхөхийг» яасан ч хүсэхгүй (Иуда 11). Гэхдээ алдлаа гэхэд, Хосеагийн зөгнөл бидэнд найдвар төрүүлдэг.
Нүгэл үйлдсэн хүмүүс Ехова уруу эргэж ирж болдог
19, 20. Гэмшсэн израильчууд ямар тахил өргөж болдог байсан бэ?
19 Ноцтой нүгэл үйлдээд бүдэрсэн хүмүүс ч Ехова уруу эргэж ирж болдог. Хосеа 14:1, 2-т: «Израиль аа, өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэ. Учир нь чи өөрийн хууль бус явдлаас болж бүдэрсэн билээ. Өөртөө үгсийг аван ЭЗЭН уруу эргэ. Түүнд хандаж, „Бүх гэм бурууг авч хаяад, биднийг нигүүлсэнгүйгээр хүлээн аваач. Тэгвэл бид уруулынхаа үр жимсийг өргөе“ [гэж хэлэгтүн]» хэмээн бичжээ.
20 Гэмшсэн израильчууд Бурханд «уруулынхаа үр жимсийг өргөж» болдог байжээ. Энэ нь чин сэтгэлийн магтаалын тахил байв. Паул «Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг... өргөхийг» христиануудад уриалсан нь цаанаа энэ зөгнөлийг хэлсэн хэрэг ажээ (Еврей 13:15). Бурхантай хамт алхаж, ийм тахил өргөнө гэдэг ямар их завшаан бэ!
21, 22. Израильчуудыг гэмшвэл Ехова яах байсан бэ?
21 Дураараа дургисан амьдралаа орхиж, Бурхан уруу эргэж ирсэн израильчууд «уруулынхаа үр жимсийг өргөхөд» Бурхан амласан ёсоороо тэднийг сүнслэгээр сэргээжээ. Хосеа 14:4–7-д: «Би [Ехова] тэдний урвалтыг эмчилж, тэднийг чөлөөтэйгөөр хайрлана. Учир нь Миний уур хилэн тэднээс холдсон юм. Би Израильд шүүдэр шиг байх болно. Тэр сараана цэцэг шиг дэлбээлэн, Ливаны хуш мод шиг үндэслэнэ. Түүний мөчрүүд нь нахиалж, түүний гоо үзэсгэлэн нь чидун мод шиг, түүний анхилуун үнэр нь Ливаны хуш мод шиг болно» гэж бичжээ.
22 Израильчуудыг гэмшвэл Бурхан тэднийг сүнслэгээр эдгээж, дахин хайрлах байв. Тэдэнд шүүдэр мэт болж, арвин ихээр ивээх байлаа. Дахин сэргэсэн ард түмэн нь «чидун мод адил» гоо үзэсгэлэнтэй болж, Бурхны замаар алхах боломжтой байсан. Өөртэй нь хамт алхахаар эргэлт буцалтгүй шийдсэн биднээс Ехова Бурхан юу шаарддаг вэ?
Еховагийн зөв замаар алхагтун
23, 24. «Хосеа» номын төгсгөлд бидэнд урам хайрлах ямар зөгнөл байдаг вэ? Энэ нь ямар хүсэл төрүүлдэг вэ?
23 Үргэлж Бурхантай хамт алхъя гэвэл «дээрээс ирэгч мэргэн ухааныг» авч, бүх үйл хэргээ Бурхны зөв замуудад нийцүүлдэг байх ёстой (Иаков 3:17, 18). Хосеагийн зөгнөлийн сүүлчийн зүйлд: «Ухаантай хэн боловч эдгээр зүйлийг ойлго. Гярхай нэгэн эдгээрийг мэдэг. Учир нь ЭЗЭНий замууд зөв юм. Шударга зөв нь түүгээр алхаж, харин нүгэлтнүүд түүнд бүдрэх болно» гэж бичжээ (Хосеа 14:9).
24 Энэ ертөнцийн мэргэн ухаан, үзэл бодлыг удирдлага болгохын оронд Бурхны зөв замаар шийдвэр төгс алхацгаая (Дэд хууль 32:4). Хосеа 59 жил, магадгүй түүнээс ч олон жил тийнхүү явсан. Тэрбээр Бурхны өгсөн мэдээг үнэнчээр дамжуулж байхдаа, үгийг нь ухаж ойлгох ухаантай, гярхай хүмүүс гарна гэдгийг мэдэж байсан. Харин бид яадаг вэ? Ехова бидэнд гэрчлэх боломж олгож байгаа дээр, түүний нигүүлслийг ухаалгаар хүлээн авах хүмүүсийг хайсаар байна. Энэ ажлаа «итгэмжит, ухаалаг боолтой» хамтран хийж байгаадаа бид баяртай байдаг (Матай 24:45–47).
25. Хосеагийн зөгнөл ямар ач тустай вэ?
25 Хосеагийн зөгнөл Бурхны амласан шинэ ертөнцөд мөнх амьдрах найдвар өвөрлөн Бурхантайгаа хамт үүрд алхахад тусалдаг (2 Петр 3:13; Иуда 20, 21). Ямар сайхан найдвар вэ! Еховагийн замууд зөв гэж үгээрээ ч, үйлсээрээ ч баталбал энэ найдвараа бодитойгоор биелэхийг бид дор бүрнээ үзнэ.
Та юу гэж хариулах вэ?
• Хэрэв бид Бурхныг цэвэр ариунаар шүтвэл, Бурхан бидэнд хэрхэн хандах вэ?
• Бид ямар учраас Еховад үргэлж найдах хэрэгтэй вэ?
• Еховагийн замууд зөв гэдэгт та яагаад итгэлтэй байдаг вэ?
• Яавал Еховагийн зөв замаар үргэлж алхах вэ?
[Догол мөрийн асуулт]