Skip to content

Гарчиг руу орох

Бүх хэлийн хүн сайн мэдээг сонсож байна

Бүх хэлийн хүн сайн мэдээг сонсож байна

Бүх хэлийн хүн сайн мэдээг сонсож байна

«Үндэстнүүдийн бүх хэлтнээс арван хүн: „Бид та нартай хамт явна. Учир нь Бурхан та нартай хамт байдаг гэж бид сонссон“ хэмээнэ» (ЗЕХАРИА 8:23, ШЕ).

1. Өөр өөр үндэстний, олон хэлийн хүнд сайн мэдээ дэлгэрүүлэх ажил хэрхэн эхэлсэн бэ?

 МЭ 33 оны Пентекостын өдөр болов. Өргөн уудам нутаг дэвсгэртэй Ромын эзэнт гүрний, наад зах нь, 15 мужаас, цаашлаад бусад алс газраас Еховаг шүтдэг иудей болон бусад үндэстний олон мянган хүн Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхээр хэдэн долоо хоногийн өмнө Иерусалимд хуран цугласан байжээ. Тэр өдөр ариун сүнсээр дүүрсэн жирийн хүмүүс эзэнт гүрний мэдэлд байсан өөр өөр үндэстний хэлээр сайн мэдээ тунхаглахыг цугласан олон сонсжээ. Тэд эртний бабелынхан шиг бие биеэ үл ойлгон самуурсангүй, харин сонссон бүхнээ ойлгож байлаа (Үйлс 2:1–12). Ийнхүү христиан хурлын тулгын чулуу тавигдаж, өдгөө дэлхий даяар олон хэлээр явагдаж байгаа гэгээрлийн ажил эхэлжээ.

2. МЭ 33 оны Пентекостын өдөр Есүсийн шавь нар олон үндэстний хүмүүсийг хэрхэн «алмайруулсан» бэ?

2 Есүсийн шавь нар тухайн үеийнхээ нийтлэг хэл болох грек хэлээр ярьдаг байжээ. Бас шашин шүтлэгтээ ашигладаг еврей хэл ч мэддэг байв. Гэхдээ тэр өдөр тэднийг олон үндэстний хүмүүсийн төрөлх хэлээр ярьсанд олон түмэн «гайхаж алмайрсан». Үүний үр дүн юу байсан бэ? Сайн мэдээг төрөлх хэлээрээ сонссон хүмүүсийн «зүрх хөндөгджээ». Цөөн хэдхэн шавь орой болоход 3 000 гаруй болж нэмэгдсэн байлаа! (Үйлс 2:37–42).

3, 4. Христианууд Иерусалим, Иудей, Галилын нутгаас явахдаа дэлгэрүүлэх ажлаа хэрхэн өргөжүүлж байсан бэ?

3 Энэхүү түүхэн үйл явдлын дараахан Иерусалимд хүчтэй хавчлага дэгдсэний улмаас «тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв» (Үйлс 8:1–4). Жишээ нь, «Үйлс» номын 8-р бүлэгт Есүсийн шавь Филипийн тухай бичсэн байдаг. Тэрбээр грек хэлтэй хүн байсан бололтой. Филип, самаричууд болон Христийн тухай сайн мэдээг хүлээн авсан Этиопын амбанд дэлгэрүүлжээ (Үйлс 6:1–5; 8:5–13, 26–40; 21:8, 9).

4 Христианууд Иерусалим, Иудей, Галилын нутгаас гарч, суурьших газар хайж явахдаа соёлын ялгаа болон хэлний бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болж байжээ. Зарим нь очсон газраа зөвхөн иудейчүүдэд дэлгэрүүлж явсан бололтой. Гэхдээ шавь Лукийн тэмдэглэснээр, «зарим нь буюу Кипр болон Курений хүмүүс Антиохт ирээд Грек хүмүүстэй ч ярьж, Эзэн Есүсийг тунхаглаж байв» (Үйлс 11:19–21).

Нүүр тал хардаггүй Бурхны, бүх хүнд зориулсан мэдээ

5. Бурхан нүүр тал хардаггүйг сайн мэдээ дэлгэрүүлэх ажил хэрхэн баталдаг вэ?

5 Үйл явдал тийн өрнөсөн нь нүүр тал хардаггүй Бурхны хүсэл таалалд нийцэж байсан. Элч Петр Еховагийн тусламжтайгаар еврей биш хүмүүсийн талаарх урьдын буруу ойлголтоо засаж, «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов» гэж талархан хэлжээ (Үйлс 10:34, 35; Дуулал 145:9). Урьд христиануудыг хавчиж явсан элч Паул, Бурхан «бүх хүнийг аврагдаасай... гэж хүсдэг» хэмээн бичиж, тал тохой татдаггүйг нь баталжээ (1 Тимот 2:4). Бүтээгч маань нас хүйс, арьс өнгө, яс үндэс, хэл соёлоор нь үл ялгаварлан, бүх хүнийг сайхан ирээдүйд хүргэх үүд хаалгыг нээсэн нь хэнийг ч алаг үздэггүйнх нь нотолгоо буюу.

6, 7. Библийн ямар ямар зөгнөлд сайн мэдээг дэлхий даяар олон хэлээр дэлгэрүүлэх тухай хэлсэн байдаг вэ?

6 Дэлгэрүүлэх ажил дэлхий даяар явагдах учиртайг олон зууны өмнөөс зөгнөсөн байжээ. Жишээ нь, «[Есүст] эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж, бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв» гэж Даниел зөгнөсөн байдаг (Даниел 7:14). Эдүгээ «Харуулын цамхаг» сэтгүүлийг 151 хэлээр гарган, дэлхий дахинд түгээж байгаа нь танд ч гэсэн Еховагийн Хаанчлалын тухай мэдэх боломж олгож байна. Энэ нь дээрх зөгнөлийн биелэл буюу.

7 Олон хэлийн хүн авралын сайн мэдээ сонсох тухай Библид зөгнөжээ. Жинхэнэ шүтлэг хүмүүсийг хэрхэн татах тухай зөнч Зехариа: «Тэр өдрүүдэд үндэстнүүдийн бүх хэлтнээс арван хүн: „Бид та нартай хамт явна. Учир нь Бурхан та нартай хамт байдаг гэж бид сонссон“ хэмээн, нэг иудей [„Бурхны Израилийн“ гишүүн, ариун сүнсээр тослогдсон христиан] хүний хувцаснаас зуурна» гэж бичжээ (Зехариа 8:23, ШЕ; Галат 6:16). Түүнчлэн, элч Иохан: «Харагтун, ...сэнтийний өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ» хэмээн үзэгдлээр үзсэн зүйлээ бичсэн байдаг (Илчлэлт 7:9). Эдгээр зөгнөл бидний нүдэн дээр биелж байна!

Сайн мэдээг бүх хүнд хүргэх нь

8. Орчин үед дэлгэрүүлэх ажлаа өргөжүүлэх ямар шаардлага гарч байна вэ?

8 Өнөөдөр хүмүүсийн нүүж суух нь урьдынхыг бодвол ихэсжээ. Даяаршил, нүүдэл суудлын шинэ эрин үеийг нээсэн. Ядууралд нэрвэгдэж, дайн дажнаас дүрвэсэн олон хүн сайн сайхан амьдралыг хайж, амар тайван газрыг зорьдог. Үүний дүнд олон улс оронд гадаад хэлээр ярьдаг дүрвэгсэд болон цагаачдын бүлгүүд бий болж байна. Тухайлбал, Финляндад 120 гаруй хэлийн хүн байдаг бол Австралид энэ тоо 200 давдаг байна. АНУ-ын Сан-Диего хотод л гэхэд 100 гаруй хэлийн хүн байдаг ажээ!

9. Гадаад хэлээр ярьдаг хүмүүсийг хэрхэн үзэх нь зүйтэй вэ?

9 Тэгэхлээр, гадаад хэлээр ярьдаг хүмүүс дэлгэрүүлэх ажилд тээр болно гэсэн үг үү? Яалаа гэж! Харин ч, тэдний ачаар дэлгэрүүлэх ажлаа өргөжүүлэх таатай боломж гарч, «талбай цайрч хураалтанд бэлэн болжээ» гэж үзэх нь зүйтэй (Иохан 4:35). Бид «сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг» хүмүүст яс үндэс, хэл соёлоос нь үл шалтгаалан, санаа тавихыг хичээдэг (Матай 5:3, ШЕ). Үүний үрээр «аливаа... хэлтний» хүмүүсээс Христийн шавь болох нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа билээ (Илчлэлт 14:6). Жишээ нь, 2004 оны 8-р сарын байдлаар, Германд 40 орчим хэлээр дэлгэрүүлэх ажил явагдсан. Мөн үед Австралид бараг 30 хэлээр сайн мэдээг дэлгэрүүлж байсан нь арван жилийн өмнөхтэй харьцуулбал 12-оор нэмэгдсэн байна. Грект Еховагийн Гэрчүүд бараг 20 хэлээр дэлгэрүүлсэн байна. Эдүгээ олон улсын хэл болсон англи хэл дэлхий дахины Еховагийн Гэрчүүдийн 20 хувийнх нь төрөлх хэл юм.

10. Бүх үндэстнээс шавь бэлдэх ажилд дэлгэрүүлэгч бүр ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

10 Есүсийн дагалдагчид бүх үндэстнээс шавь бэлдэх тушаалыг нь сайн биелүүлж байгаа! (Матай 28:19). Уг тушаалыг хүлээн авсан Гэрчүүд 235 оронд идэвхийлэн ажиллаж, ном хэвлэлээ 400 гаруй хэлээр тарааж байна. Еховагийн байгууллага ном хэвлэлээр хангадаг бол дэлгэрүүлэгчид дор бүрнээ Библийн сайн мэдээг хүмүүст хамгийн сайн ойлгодог хэлээр нь хүргэхийн тулд санаачлага гаргах ёстой (Иохан 1:7). Энэхүү хамтын хүчин зүтгэлийн ачаар, олон хэлийн сая сая хүн сайн мэдээний үр шимийг хүртэж байна (Ром 10:14, 15). Тийм ээ, дэлгэрүүлэгч бүр чухал үүрэг гүйцэтгэдэг!

Саадыг давах нь

11, 12. а) Ямар саадыг давах хэрэгтэй болдог вэ? Ариун сүнс яаж тусалдаг вэ? б) Хүмүүст эх хэлээр нь дэлгэрүүлэх яагаад ач тустай байдаг вэ?

11 Өнөөдөр олон дэлгэрүүлэгч гадаад хэл сурахаар шамдаж байгаа ч Бурхны ариун сүнсний гайхамшгаар сурчихна гэж боддоггүй (1 Коринт 13:8). Ер нь, хэл сурна гэдэг амаргүй. Гэхдээ гадаад хэлтэй л бол Библийн мэдээг хүргэчихнэ гэж бодох нь өрөөсгөл ойлголт юм. Сайн мэдээг хүний сэтгэлд хүргэхийн тулд тухайн хэлээр ярьдаг хүмүүсийн соёл, амьдрал ахуйг мэддэг байхын зэрэгцээ дэлгэрүүлэгч үзэл бодол, арга барилаа өөрчлөх хэрэг гарч магадгүй. Түүнээс гадна, харийн нутагт байгаа хүнд айж ичих явдал байдаг тул бодол санааг нь ойлгохын тулд сэтгэл гаргах хэрэгтэй.

12 Гэхдээ ариун сүнс Бурхны үйлчлэгчдэд одоо ч гэсэн тусалдаг (Лук 11:13). Гадаад хэлээр ярьдаг хүмүүст туслах хүчин чармайлт гаргаж буй дэлгэрүүлэгчдийг гайхамшгаар хэлний авъяас чадвартай болгодоггүй ч, хүмүүст туслах хүсэл төрүүлдэг (Дуулал 143:10). Хүн гадаад хэлээр сайн мэдээ сонсоод, эсвэл Библийн хичээл заалгаад мэдлэгтэй болж болно. Гэхдээ эх хэлээрээ заалгавал сурч мэдсэн нь зүрх сэтгэлийнх нь гүнд хүрч, итгэл найдварыг нь бадраах нь илүү байдаг (Лук 24:32).

13, 14. а) Зарим Гэрч ямар учраас гадаад хэлээр дэлгэрүүлдэг болсон бэ? б) Өөрийгөө золиослох сэтгэлгээг яаж илэрхийлдэг вэ?

13 Гадаадын хүмүүс Библийн мэдээг дуртайяа хүлээн авдгийг ажигласны үндсэн дээр олон Гэрч гадаад хэлээр дэлгэрүүлдэг болжээ. Зарим нь дэлгэрүүлэх ажил нь илүү хүчин чармайлт шаардаж, илүү сонирхолтой болохын хэрээр шамддаг болсон байна. «Зүүн Европоос ирсэн олон хүн Библийн үнэнээр цангасан байдаг» гэж өмнөд Европын нэг салбар бичжээ. Тийм хүмүүст туслах нь үнэхээр сайхан хэрэг! (Исаиа 55:1, 2).

14 Гадаад хэлээр дэлгэрүүлэх ажилд дорвитой хувь нэмэр оруулъя гэвэл тууштай байж, өөрийгөө золиослох сэтгэлгээ илэрхийлэх хэрэгтэй болно (Дуулал 110:3). Жишээ нь, Японд зарим Гэрч хятадын цагаач иргэдэд Библийг ойлгоход нь туслахын тулд их хотын тохь тухтай амьдралаа орхин, алс бөглүү нутаг уруу гэр бүлээрээ нүүжээ. АНУ-ын баруун эргийн дэлгэрүүлэгчид филиппин хүмүүстэй Библийн хичээл хийхийн тулд машинаар нэгээс хоёр цаг явж очдог байна. Норвегид Гэрч хос Афганистанаас ирсэн нэг айлд Библийн хичээл заадаг байна. Гэрчүүд «Бурхан биднээс юу шаарддаг вэ?» товхимлыг * англи, норвег хэлээр ашиглаж, харин тэр хүмүүс төрөлх дари хэлтэй нь төстэй перс хэлээр догол мөрийг уншаад, хоорондоо англи, норвег хэлээр ярилцдаг ажээ. Ийнхүү дэлгэрүүлэгчид өөрийгөө золиослох сэтгэлгээ илэрхийлж, уян хатан ханддагийнхаа ачаар гадаад хүмүүст сайн мэдээг амжилттай хүргэж, их ивээл хүртдэг. *

15. Гадаад хэлээр сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд хүн бүр хэрхэн оролцож болох вэ?

15 Та гадаад хэлээр дэлгэрүүлэх ажилд оролцох боломжтой юу? Эхлээд, танай нутагт гадаадын ямар хэлээр ярьдаг хүмүүс байгааг мэдэх нь зүйтэй. Тэгээд тэр хэлээр бичсэн танилцуулга, товхимол авч явж байгаарай. Тухайлбал, Библийн сайн мэдээг олон хэлээр энгийн, ойлгомжтой бичсэн «Бүх үндэстний хүмүүст зориулсан сайн мэдээ» товхимол (2004 онд гарсан) их тус болдог. (6-р хуудасны «Бүх үндэстний хүмүүст зориулсан сайн мэдээ» хавсралт үзнэ үү).

«Харийн хүнийг хайрла»

16. Гадаад хэлээр ярьдаг хүмүүсийн ашиг сонирхлыг хариуцлагатай үүрэг хүлээдэг ах нар хэрхэн харгалзаж болох вэ?

16 Гадаад хэл мэддэг ч бай, үгүй ч бай, сүнслэг тусламж үзүүлэх ажилд хүн бүр хувь нэмэр оруулах боломжтой. Ехова ард түмэндээ: «Харийн хүнийг хайрла» хэмээн сургасан билээ (Дэд хууль 10:18, 19). Энэ сургаалыг биелүүлсэн нэг жишээ авч үзье. Хойд Америкийн нэг том хотод таван хурал нэг танхимд цуглаанаа явуулдаг байжээ. Ер нь, нэг танхимд цугладаг олон хурал жил болгон цуглааныхаа цагийг өөрчилдөг. Тэр журмаар цуглаан явуулах цагийг өөрчилтөл хятад хэлний цуглаан ням гаригийн орой болж байхаар таарчээ. Гэтэл тэр цуглаанд ирдэг цагаач иргэдийн ихэнх нь зоогийн газар ажилладаг тул оройн цагаар цуглаанд ирэх аргагүй болсон байна. Бусад хурлын ахлагчид сайхан сэтгэл гарган, хуваариа дахин өөрчилж, хятад хэлний цуглааны цагийг урагшлуулжээ.

17. Гадаад хэлний хэсэгт туслахаар шийдсэн дэлгэрүүлэгчдэд хэрхэн хандах нь зөв бэ?

17 Гадаад хэлний хэсэгт туслах идэвх санаачлага гаргаж буй туршлагатай, чадварлаг дэлгэрүүлэгчдийг ахлагчид дэмждэг. Мэдээж, туршлагатай дэлгэрүүлэгчид хуралдаа хэрэгтэй. Гэхдээ орчин үеийн ахлагчид эртний Лустр, Икониумын ахлагчдыг дуурайхыг хичээдэг. Тэндхийн ахлагчид Тимотыг төрөлх хуралдаа хэрэгтэй хүн байсан ч гэсэн, элч Паултай явахыг нь хааж боогоогүй (Үйлс 16:1–4). Түүнээс гадна, гадаадын хүмүүс нутгийн иргэдээс өөрөөр бодож сэтгэж, биеэ авч явж, өөр ёс заншил дагадаг нь дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцдог хүмүүст халширч зүрхшээх шалтаг болдоггүй. Харин ч, сайн мэдээний төлөө тэдний онцлогт дасан зохицож, дотно харьцаа тогтоохыг хичээдэг (1 Коринт 9:22, 23).

18. Дэлгэрүүлэгчдийн өмнө ямар «хаалга» нээлттэй байна вэ?

18 Библид зөгнөсөн ёсоор, «үндэстнүүдийн бүх хэлтэнд» сайн мэдээ дэлгэрүүлэх ажил эдүгээ явагдаж байна. Цаашдаа ч улам өргөжин тэлэх төлөвтэй байна. Энэ ажилд оролцох «үлэмж том... хаалга» олон мянган чадварлаг дэлгэрүүлэгчийн өмнө нээгдсэн билээ (1 Коринт 16:9). Гэхдээ гадаад хэлээр ярьдаг хүмүүст амжилттай дэлгэрүүлэхийн тулд илүү ихийг хийх шаардлагатай байдгийг дараагийн өгүүллээр ярилцъя.

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2004 оны 4-р сарын 1-ний дугаарын 24—28-р хуудасны «Бид багыг золиосолж, их ивээл хүртсэн» өгүүллээс өөр жишээ үзнэ үү (англи).

Тайлбарлана уу

• Нүүр тал хардаггүй Бурхнаа хэрхэн дуурайж болох вэ?

• Гадаад хэлээр ярьдаг хүмүүст хэрхэн хандах нь зүйтэй вэ?

• Хүмүүст төрөлх хэлээр нь дэлгэрүүлэх яагаад илүү ач тустай вэ?

• Нутагт маань байгаа гадаадын хүмүүст яаж тусалж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[Хавсралт]

«Бүх үндэстний хүмүүст зориулсан сайн мэдээ»

Энэхүү товхимол нь 2004 онд болсон «Бурхантай хамт алхагтун» мужийн чуулганаар анх гарсан. Хаанчлалын тухай сайн мэдээг аль болох олон хүнд хүргэх зорилготой, 96 хуудас бүхий уг товхимолд албанаас япон хүртэлх нийт 92 хэлээр товч тайлбар бичсэн билээ (Матай 24:14). Энэ товхимлыг ашиглан зарим Гэрч хэрхэн амжилттай дэлгэрүүлснийг дараах жишээнүүд харуулж байна.

Нэгэн гэр бүл чуулган дээр хүлээн авсан товхимлоо бариад гурван том цэцэрлэгт хүрээлэнгээр явжээ. Тэд Энэтхэг, Нидерланд, Пакистан, Филиппинээс ирсэн хүмүүстэй тааралдсан байна. Нөхөр нь: «Тэд бүгдээрээ л англиар бага сага ярьдаг ч гэсэн, товхимлыг эх хэлээрээ уншаад, их догдолж байсан. Нутгаасаа олон мянган бээрийн алсад байсан болохоор арга ч үгүй биз. Манай байгууллагыг үйл ажиллагаагаа дэлхий дахинд явуулдаг, эв нэгдэлтэй байгууллага гэж ойлгосон» гэжээ.

Нэгэн Гэрч ажлын газрынхаа энэтхэг хүнд товхимлоо үзүүлжээ. Товхимолд тийм олон хэлээр бичсэн байгааг өнөөх хүн үзээд ихэд гайхаж, төрөлх хэлээрээ сайн мэдээг уншжээ. Үүний дүнд Гэрч түүнтэй Библийн тухай дэлгэрэнгүй ярилцжээ. Бас хамт ажилладаг филиппин хүн ч товхимлоос филиппин хэлээр бичсэн тэмдэглэлийг олоод гайхаж, Еховагийн Гэрчүүдийг илүү сонирхох болсон байна.

Балбаас Канадад ирсэн нэгэн эмэгтэй утсаар Библийн хичээл хийхээр болсон ч гэлээ, Гэрч эгчийг гэртээ урихдаа тун дурамжхан байжээ. Гэхдээ Гэрчийг балба хэлээр сайн мэдээ бичсэн товхимлынхоо тухай ярихад эмэгтэйн сэтгэл хөдөлж, эгчийг гэртээ урьжээ. Тэр эмэгтэй уг товхимлоос төрөлх хэлээрээ уншснаасаа хойш гэртээ Библийн хичээл хийж байгаа ажээ!