Одоо бол шийдвэртэй алхам хийх цаг мөн
Одоо бол шийдвэртэй алхам хийх цаг мөн
«Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ?» (ХААДЫН ДЭЭД 18:21).
1. Бидний амьдарч буй цаг үе юугаараа онцгой вэ?
ТА Еховаг цорын ганц жинхэнэ Бурхан гэдэгт итгэдэг үү? Бас, Библид зөгнөснөөр, өнөө үе бол Сатаны ёс бус ертөнцийн «эцсийн өдрүүд» гэдэгт итгэдэг үү? (2 Тимот 3:1). Хэрэв итгэдэг бол одоо шийдвэртэй алхам хийх цаг болоод байгааг шууд зөвшөөрнө биз ээ. Өнөөгийнх шиг ийм олон хүний амь хутганы ирэн дээр ирсэн цаг үе түүхэнд урьд нь байсангүй.
2. Ахаб хааны үеийн Израилийн арван овогт хаант улс ямар болсон бэ?
2 МЭӨ Х зууны үед Израилийн ард түмэн хэнд үйлчлэхээ шийдэх чухал асуудалтай тулгарчээ. Ахаб хаан хуурамч бурхад шүтдэг хатан Иезебелдээ уруу татагдаж, Баалын шүтлэгийг Израилийн арван овогт хаант улсад дэмжин дэлгэрүүлжээ. Баал гэдэг нь хур бороо оруулж, арвин их ургац хайрладаг үржил шимийн бурхан аж. Баал шүтдэг олон хүн гараа үнсэн бурхныхаа зүг сунгах юм уу өмнө нь сөгдөж мөргөдөг байв. Баал бурхныхаа ивээлийг хүртэж, ургацаа арвин, мал сүргээ тарган тавтай байлгах гэсэндээ дуганы янхнуудтай бөөнөөрөө бэлгийн гаж харьцаанд орж, садарлан наргидаг байжээ. Мөн биеэ зүсэж, цусаа урсгадаг байв (Хаадын дээд 18:28).
3. Баалын шүтлэг Бурхны ард түмэнд ямар нөлөө үзүүлсэн бэ?
3 Харин 7 000 израиль хүн энэхүү хуурамч шүтлэгт нэгдэж, садар самуун, хүчирхийлэл үйлдэхээс татгалзсан (Хаадын дээд 19:18). Тэд Ехова Бурхантай байгуулсан гэрээгээ үнэнчээр сахисан нь хавчлагад өртөх үндэс болжээ. Тухайлбал, Иезебел хатан Еховагийн олон зөнчийн амийг хөнөөсөн юм (Хаадын дээд 18:4, 13). Энэ мэтийн тэсэхэд бэрх нөхцөл байдлын улмаас израильчуудын дийлэнх нь хоёр шашин шүтдэг болж, Ехова Баал хоёрын аль алиных нь тааллыг олохыг бодож байлаа. Гэтэл энэ нь Еховагаас нүүр буруулж, хуурамч бурханд хандсан тэрс явдал байжээ. Ехова израильчуудад, өөрийг нь хайрлаж, хууль тушаалд нь захирагдвал ивээнэ гэдгээ амласан билээ. Гэхдээ чин үнэнч байж чадахгүй бол газрын хөрснөөс арчина гэж анхааруулсан (Дэд хууль 5:6–10; 28:15, 63).
4. Есүс болон түүний элч нар юу гэж зөгнөсөн бэ? Тэр зөгнөл хэрхэн биелж байгаа вэ?
4 Өнөөгийн Христ шашны ертөнцийн өнгө төрх үүнтэй адилхан байна. Сүмийн гишүүд өөрсдийгөө христианууд гэдэг боловч баяр ёслол, биеэ авч явах байдал, итгэл үнэмшил нь Библийн сургаалтай зөрчилддөг. Шашны удирдагчид нь, Иезебелийн адилаар, Еховагийн Гэрчүүдийг хавчих явдлыг оройлон удирддаг. Түүнчлэн, дайныг он удаан жил хөхүүлэн дэмжиж ирсэн бөгөөд тоймгүй олон сая сүсэгтнийхээ үхлийн буруутан болжээ. Шашин тийнхүү улс төрийн үйл ажиллагааг дэмждэг явдлыг Библид сүнслэг завхайрал гэдэг (Илчлэлт 18:2, 3). Христ шашны ертөнц ингэж сүнслэгээр завхайрдгаас гадна санваартнуудынхаа дунд хүртэл гарч буй садар самуун явдалд улам хүлцэнгүй ханддаг болсон. Есүс Христ болон түүний элч нар энэхүү их тэрслэлийн тухай зөгнөсөн байдаг (Матай 13:36–43; Үйлс 20:29, 30; 2 Петр 2:1, 2). Тэгвэл христ шашныг баримтлагч тэрбумаас илүү хүн эцэстээ яах бол? Тэдэнд болон нэгэн цагт хуурамч шашинд төөрөлдөж явсан бусад бүх хүнд Еховагийн үнэнч үйлчлэгчид ямар тусламж үзүүлэх үүрэгтэй вэ? Эдгээр асуултад тодорхой хариу авахын тулд «Израилиас Баалыг устгахад» хүргэсэн зөгнөлийн утгатай үйл явдлыг дэлгэрэнгүй үзье (Хаадын дэд 10:28).
Бурхан тэрслүү ард түмнээ хайрласан нь
5. Ехова тэрслүү ард түмэндээ хайр халамжаа хэрхэн үзүүлсэн бэ?
5 Ехова Бурхан өөрт нь үнэнч бус хүмүүсийг шийтгэхдээ өчүүхэн ч баярладаггүй. Тэрбээр халамжит Эцгийн хувьд тэднийг гэмшээд, өөр уруу нь эргээсэй гэж хүсэж байдаг (Езекиел 18:23; 2 Петр 3:9). Үүнийхээ нотолгоо болгож, Ахаб Иезебел нарын үед олон зөнчөө явуулж, Баал шүтэхийн аюулыг ард түмэндээ анхааруулж байсан. Тэр зөнчдийн нэг нь Елиа байв. Урьдчилан мэдэгдсэн аймшигт ган гачгийн дараа Елиа израильчуудыг Баалын зөнчидтэй хамт Кармел ууланд цуглуулахыг Ахаб хаанд тушаажээ (Хаадын дээд 18:1, 19).
6, 7. а) Елиагийн хэлснээр, Израильчуудын тэрслэх болсон гол шалтгаан юу байсан бэ? б) Баалын зөнчид яасан бэ? в) Елиа юу хийсэн бэ?
6 Ард олон Еховагийн тахилын ширээ байдаг газар цуглажээ. Урьд нь тэр ширээг «нураасан байсан» нь Иезебелийн таалалд нийцүүлэх гэснийх бололтой (Хаадын дээд 18:30). Хүсэн хүлээсэн бороог Ехова Баал хоёрын хэн нь оруулж өгөх чадалтайг тэнд очсон израильчууд мэдэхгүй байсан нь даанч тоогүй. Баалыг 450 зөнч төлөөлж байсан бол Еховаг төлөөлж байсан ганц зөнч нь Елиа байлаа. Тэрбээр израильчуудын тэрслэх болсон гол шалтгааныг зааж: «Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ?» гэж асуугаад, «Хэрэв ЭЗЭН [Ехова] нь [«жинхэнэ», ШЕ] Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага» гэж хэн ч ойлгохоор энгийн хэлсэн. Елиа шийдэмгий бус израильчуудад Еховад чин үнэнч байх хүсэл төрүүлэхийн тулд Баал Ехова хоёрын хэн нь жинхэнэ Бурхан болохыг шалгаж мэдэх санал гаргасан. Нэгийг нь Еховад, нөгөөг нь Баалд тахил болгож нядлах хоёр үхэр авчрав. Жинхэнэ Бурхан нь уг тахилыг шатаах ёстой байлаа. Баалын зөнчид тахилын үхрээ төхөөрчихөөд, «Баал аа, бидэнд хариулж өгөөч» хэмээн хэдэн цаг дуудав. Елиа тэднийг егөөдөн дооглосонд тэд биеэ зүсэн, цусаа урсгаж, байдаг чадлаараа орилон хашгиралдав. Гэвч хэн ч хариулсангүй (Хаадын дээд 18:21, 26–29).
7 Елиагийн ээлж боллоо. Эхлээд Еховагийн тахилын ширээг засаж, үхрийн цавчилсан махыг тавив. Дараа нь дөрвөн домбо дүүрэн усыг тахил дээр асгахыг тушаав. Гурван удаа ийнхүү үйлдсэнд тахилын ширээг тойруулан татсан шуудуу усаар дүүрчээ. Тэгээд Елиа: «Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН [Ехова] минь ээ, Та бол Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг, мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч. Надад хариу өгөөч, ЭЗЭН [Ехова] минь. ЭЗЭН [Ехова] минь, Та Бурхан гэдгээ энэ ард түмэнд мэдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахын тулд надад хариу өгөөч» гэж залбирав (Хаадын дээд 18:30–37).
8. Бурхан Елиагийн залбиралд хэрхэн хариулсан бэ? Елиа ямар арга хэмжээ авсан бэ?
8 Жинхэнэ Бурхан тэнгэрээс гал илгээж, тахилын ширээг тахилтай нь шатаав. Тахилын ширээг тойруулан татсан шуудуутай ус хүртэл ширгэж орхижээ! Үүнийг үзээд израильчууд яасан бол? Тэр даруй «нүүрээрээ газар шаан унаж: „ЭЗЭН [Ехова] л [«жинхэнэ», ШЕ] Бурхан мөн, ЭЗЭН [Ехова] л [«жинхэнэ», ШЕ] Бурхан мөн“ гэж хашхиралдав». Тэгэхэд нь Елиа дараагийн шийдвэртэй арга хэмжээ авчээ. «Баалын эш үзүүлэгчдийг баригтун. Нэгэнд нь ч зугтах боломж бүү өг» гэж тушаагаад, Баалын 450 зөнчийг бүгдийг нь Кармел уулын хормойд цаазлан хороожээ (Хаадын дээд 18:38–40).
9. Еховагийн үнэнч үйлчлэгчид яаж дахин соригдсон бэ?
9 Тэр мартагдашгүй өдөр Ехова гурван жил хагасын турш гантай байсан Израилийн нутагт бороо оруулжээ! (Иаков 5:17, 18). Ехова жинхэнэ Бурхан мөн гэдгээ хэрхэн баталсныг ард олон харих замдаа ярилцаж явсан нь гарцаагүй. Гэсэн ч Баалыг шүтэгчид бууж өгөөгүй юм. Иезебел Еховагийн үйлчлэгчдийг хайр найргүй хавчихаа зогсоосонгүй (Хаадын дээд 19:1, 2; 21:11–16). Энэ нь Бурхны ард түмний үнэнч байдалд дахин сорилт болов. Баал шүтэгчдийг шийтгэх өдөр ирэхэд тэд Еховад чин үнэнч хэвээрээ байж чадах болов уу?
Одооноос шийдвэртэй алхам хийгтүн
10. а) Орчин үед тослогдсон христианууд юу хийдэг вэ? б) Илчлэлт 18:4-т бичигдсэн тушаалыг дагана гэж яахыг хэлдэг вэ?
10 Орчин үед тослогдсон христианууд Елиагийнхтай адилхан ажил хийдэг. Тэд Христ шашны ертөнцөд харьяалагддаг, харьяалагддаггүй бүх л үндэстний хүмүүст хуурамч шашны аюулыг үг хэлээрээ болон хэвлэлийн хуудсаар анхааруулдаг. Үүний дүнд, олон сая хүн шийдвэртэй алхам хийн, хуурамч шашнаас холбоогоо тасалж, Еховад өөрийгөө зориулан, баптисм хүртэж, Есүс Христийн шавь болцгоожээ. Бурхан: «Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд нь хамтрагч болохгүйн тулд болон түүний гамшгийг хүлээж авахгүйн тулд түүнээс гарагтун» хэмээн уриалдаг. Энэхүү хойшлуулшгүй уриалгыг тэд хүлээн авсан юм (Илчлэлт 18:4).
11. Еховагийн сайшаалыг хүртэхийн тулд яах шаардлагатай вэ?
11 Өөр олон сая хүн Еховагийн Гэрчүүдийн тарааж буй, Библийн үндэстэй мэдээг сонирхдог ч хийх ёстой алхмаа одоо хэр нь шийдвэртэй хийж чадахгүй, эргэлзээд байдаг. Зарим нэг нь Эзний оройн зоог, мужийн чуулган гэх зэрэг онцгой цуглаанд л очдог. Бид тийм хүмүүст, «Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ?» хэмээн Елиагийн хэлсэн үгийг анхаарахыг шаргуу уриалдаг (Хаадын дээд 18:21). Тийм хүмүүс алгуурлаж цаг алдалгүй, одооноос шийдвэртэй алхам хийж, Еховад өөрийгөө зориулан, баптисм хүртсэн үйлчлэгчид нь болох зорилго тавин, нөр хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Тэдний мөнх амьдрах найдвар дээсэн дөрөөн дээр байна! (2 Тесалоник 1:6–9).
12. Баптисм хүртсэн зарим христиан ямар аюултай зам уруу халтиран орсон бэ? Тэд юу хийх шаардлагатай вэ?
12 Баптисм хүртсэн зарим христиан Хаанчлалын үйл хэрэгт тогтмол оролцохоо болих буюу бүр идэвхгүй болдог нь харамсаар (Еврей 10:23–25; 13:15, 16). Зарим нь хавчлагаас айсандаа, аж амьдралаа өөд татах гэсэндээ, баяжихын хойноос улайрсандаа, зугаа цэнгэл хөөсөндөө идэвх зүтгэлээ алддаг. Яг ийм л шалтгаанууд зарим дагалдагчийг нь «унагаж», «шахан зайлуулж», урхидахыг Есүс урьдчилан анхааруулж байсан билээ (Матай 10:28–33; 13:20–22; Лук 12:22–31; 21:34–36). Тийм хүмүүс «хоёр замын хооронд тээнэгэлзэхийн» оронд Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахын тулд шийдвэртэй алхам хийн, «зүтгэлтэй байж, гэмших» хэрэгтэй (Илчлэлт 3:15–19).
Хуурамч шашны гэнэтийн төгсгөл
13. Иехүг хаан болгон тослох үед Израилийн байдал ямар байсан бэ?
13 Кармел ууланд жинхэнэ Бурхан хэн болохыг баталснаас хойш 18 орчим жилийн дараа Израильд болсон нэг явдал, одооноос шийдвэртэй алхам хийх нь хойшлуулшгүй чухал байгаагийн учрыг тайлбарладаг. Елиаг залгамжлагч Елишагийн үед Баалын шүтлэгийг устгах Еховагийн өдөр гэв гэнэт болжээ. Тэр үед Ахаб хааны хүү Иорам захирч байсан бөгөөд эх хатан Иезебел нь амьд байв. Елиша Израилийн цэргийн ахмад Иехүг хаан болгон тослуулахаар туслахаа сэм явуулжээ. Тэгэхэд Иехү Иорданы зүүнтээх Рамот-гилеадад Израилийн дайснуудтай тулалдаж байв. Иорам хаан тулалдаанд олсон шархаа эдгээхээр Мегиддогийн талд байдаг Иезреел нутагт очсон байжээ (Хаадын дэд 8:29–9:4).
14, 15. Иехү ямар тушаал авсан бэ? Тушаалыг хэрхэн хүлээж авсан бэ?
14 Ехова Иехүд тушаан: «Иезебелийн гарт үрэгдсэн Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдийн цусны болон ЭЗЭНий бүх зарц нарын цусны өшөөг Би авахын тулд чи өөрийн эзэн Ахабын гэрийг цохигтун. Учир нь Ахабын бүх гэр мөхөх ёстой... Ноход Иезреелийн нутагт Иезебелийг идэх бөгөөд хэн ч түүнийг оршуулахгүй» хэмээн айлджээ (Хаадын дэд 9:7–10).
15 Иехү шийдэмгий хүн байсан тул удаж төдөлгүй тэргэндээ суугаад, Иезреелийн зүг довтолгов. Иезреелийн харуул Иехүгийн давхихыг таниад, Иорам хаанд мэдэгдсэнд хаан тэргэндээ суун, цэргийн жанжнаа угтахаар гарав. Уулзмагцаа: «„Иехү, амар амгалан уу?“ гэж асуусанд Иехү: „Чиний эх Иезебелийн завхайрал болон түүний ид шидүүд олшрон байхад юун амар амгалан байх билээ?“ хэмээв». Тэгээд, Иорамыг зугтахаас өрсөж, сумаа харватал зүрхийг нь нэвт сүлбэн алжээ (Хаадын дэд 9:20–24).
16. а) Иезебелийн түшмэд гэнэт ямар байдалд орсон бэ? б) Иезебелийн тухай зөгнөсөн Еховагийн үг хэрхэн биелсэн бэ?
16 Иехү тэр даруй хот уруу давхив. Хамаг байдгаараа будаж шунхадсан Иезебел Иехүг цонхоороо хараад, заналхийлэн сүрдүүлэв. Иехү түүнийг үл тоон, «Хэн миний талд вэ? Хэн бэ?» хэмээн дэмжлэг хайв. Одоо л Иезебелийн туслахууд шийдэмгий хөдлөх хэрэгтэй байлаа. Хоёр гурван түшмэл цонхоор толгойгоо цухуйлгав. Тэд хэнд үнэнчээ харуулах боллоо. «Түүнийг доош хаягтун» гэж Иехү тушаав. Түшмэд Иезебелийг доош хаясанд Иехүгийн морин тэрэг түүнийг бяц дайрчээ. Ингээд Израилийг Баалын шүтлэгт турхирагч этгээд зохих цээрлэлээ хүртсэн юм. Зөгнөсөн ёсоор, түүнийг оршуулахаас өмнө ноход махыг нь иджээ (Хаадын дэд 9:30–37).
17. Бурхан Иезебелийг шийтгэсэн явдлыг эргэцүүлэн бодохлоор ирээдүйн ямар үйл явдалд улам бат итгэх вэ?
17 Дээрхтэй төстэй аймшигт цээрлэлийг «Агуу их Вавилон» гэдэг нэртэй бэлэгдлийн янхан эм хүртэнэ. «Янхан эм» гэдэг нь эртний Вавилон хотоос үүсэлтэй Сатаны ертөнцийн хуурамч шашнууд юм. Хуурамч шашнууд устсаны дараа Ехова Бурхан Сатаны ертөнцийн үлдсэн хэсгийг бүрдүүлэгч бүх хүнийг устгана. Ийнхүү зөв шинэ ертөнцөд хүрэх замыг засна (Илчлэлт 17:3–6; 19:19–21; 21:1–4).
18. Иезебелийг үхсэний дараа Баал шүтдэг израильчуудад юу тохиолдсон бэ?
18 Иезебелийг үхсэний дараа Иехү алгуурлаж цаг алдалгүй, Ахабын үр удам, түүнийг дэмждэг нөлөө бүхий хүмүүсийг бүгдийг нь устгав (Хаадын дэд 10:11). Гэвч тэр нутагт Баал шүтдэг олон израиль хүн үлджээ. Иехү тэдэнд шийдвэртэй арга хэмжээ авч, «ЭЗЭНий төлөөх зүтгэлээ» харуулсан (Хаадын дэд 10:16). Баал шүтдэг мэт болж, Самарид Ахабын барьсан Баалын сүмд их баяр наадам зохиов. Израильд амьдардаг, Баал шүтдэг бүхэн баярт иржээ. Тэд хууртаж, сүмд ороод, Иехүгийн цэргүүдэд хядуулжээ. Библид энэ үйл явдлыг: «Ийнхүү Иехү Израилиас Баалыг устгав» хэмээн тэмдэглэсэн байдаг (Хаадын дэд 10:18–28).
19. Еховад үнэнчээр үйлчилдэг «үй олон хүнийг» ямар гайхамшигтай ирээдүй хүлээж байгаа вэ?
19 Тийнхүү Баалын шүтлэг Израилиас үндсээрээ устжээ. Энэ ертөнцийн хуурамч шашнуудын төгсгөл ч бас гэнэтийн, цочирдом байх юм. Та агуу их шүүлтийн өдөр хэний талд байх бол? Одооноос шийдвэртэй алхам хийвэл «үлэмж их зовлонг» эсэн мэнд давсан «үй олон хүний» дунд байх завшаан олдоно. Тэр цагт та өнгөрснөө дурсан баярлахын зэрэгцээ «завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан агуу их янхныг» шийтгэсэн Бурхныг магтан алдаршуулна. Еховагийн бүх үнэнч үйлчлэгчтэй нийлж, «Халлелуяа! Төгс хүчит Эзэн [бидний] Бурхан хаанчилдаг» хэмээн тэнгэрээс дуулах дууг сэтгэл хөдлөн сонсоно доо (Илчлэлт 7:9, 10, 14; 19:1, 2, 6).
Эргэцүүлж бодоорой
• Эртний Израиль яаж Баал шүтдэг болсон бэ?
• Библид ямар тэрслэлийн тухай зөгнөсөн байдаг вэ? Тэр зөгнөл хэрхэн биелж байгаа вэ?
• Иехү Баалын шүтлэгийг хэрхэн үндсээр нь устгасан бэ?
• Бурхны шүүх өдрийг эсэн мэнд давахын тулд юу хийх ёстой вэ?
[Догол мөрийн асуулт]