Та Хүнийг Дагах Уу, Бурхныг Дагах Уу?
Та хүнийг дагах уу, Бурхныг дагах уу?
«Бид хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах ёстой» (ҮЙЛС 5:29).
1. а) Энэ өгүүллийг Библийн ямар зүйлд үндэслэсэн бэ? б) Элч нарыг яагаад баривчилсан бэ?
ИУДЕЙН Дээд шүүхийн шүүгчид хилэгнэн уурлажээ. Учир нь хоригдлууд алга болсон байв. Тэд бол хэдхэн долоо хоногийн өмнө дээд шүүхээс цаазлан хороох ял авсан Есүс Христийн элч нар юм. Энэ удаад шүүх тэдэнтэй хариуцлага тооцоход бэлэн байлаа. Гэтэл цэргүүд тэднийг авахаар очоод, шоронгийн өрөөнүүд цоожтой атлаа дотроо хүнгүй байгааг харжээ. Удалгүй тэд элч нарыг Иерусалимын сүмд олон түмэнд Есүс Христийн тухай аймшиггүйгээр зааж байгааг мэдэв. Элч нар гол нь энэ шалтгаанаар баривчлагдсан байжээ! Цэргүүд тэр даруйдаа сүмд очиж, элч нарыг баривчлан, шүүхэд аваачив (Үйлс 5:17–27).
2. Тэнгэр элч Христийн элч нарт юу гэж тушаасан бэ?
2 Элч нарыг нэг тэнгэр элч шоронгоос гаргасан байжээ. Цааш цаашдын хавчлагаас хамгаалах гэсэндээ тэр үү? Тийм биш ээ. Иерусалимын оршин суугчдад Есүс Христийн тухай сайн мэдээ дуулгах шаардлагатай байсан учраас ингэсэн аж. Тэнгэр элч Есүсийн элч нарт: «Ард олонд энэхүү Амийн бүх үгийг яригтун» гэж тушаажээ (Үйлс 5:19, 20). Цэргүүд сүмд ирээд, тэднийг тэнгэр элчийн тушаалыг дуулгавартай биелүүлж байхтай нь таарав.
3, 4. а) Дэлгэрүүлэх ажлаа зогсоохыг тушаахад, Петр Иохан хоёр яасан бэ? б) Бусад элч яасан бэ?
3 Тэр шийдэмгий дэлгэрүүлэгчдийн хоёр нь болох элч Петр Иохан нар өмнө нь шүүхэд хүргэгдэж, ерөнхий шүүгч Иосеф Каиафаас хатуу сануулга авч байжээ. Каиаф тэдэнд: «[Есүсийн] нэрээр дахин сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл та нар Иерусалимыг сургаалаараа булж орхилоо» гэлээ (Үйлс 5:28). Өмнө нь Петр Иохан хоёрт, дэлгэрүүлэхээ болихыг тушаахад, «Та нарын үгийг Бурхныхаас илүүд үзэх нь Бурхны өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ. Учир нь бид үзсэн, сонссон зүйлээ ярихаа зогсоож чадахгүй» гэж хэлж байсан учраас энэ удаад тэр хоёрыг шүүхэд хүргэгдэж ирсэнд Каиаф гайхаагүй байх учиртай. Тэд, эртний зөнч Иеремиагийн адил, дэлгэрүүлэх тушаалыг биелүүлэхээ больж чадаагүй юм (Үйлс 4:18–20; Иеремиа 20:9).
4 Харин энэ удаад Петр Иохан хоёроос гадна бусад бүх элч, тэр дундаа, шинээр сонгогдсон Маттиад ч гэсэн шүүхийн шийдвэрийг хэрхэн үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдэх завшаан олдоод байлаа (Үйлс 1:21–26). Дэлгэрүүлэх ажлаа зогсоохыг тушаахад тэд мөн л: «Бид хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах ёстой» гэж зоригтой хэлсэн (Үйлс 5:29).
Хүнийг дагах уу, Бурхныг дагах уу?
5, 6. Элч нар шүүхийн тушаалыг яагаад биелүүлээгүй вэ?
5 Элч нар шүүхийн тушаалыг зөрчдөг, хуульд тэрсэлдэг хүмүүс биш байсан. Гэхдээ хүний шүүх хэчнээн их эрх мэдэлтэй байлаа гээд, Бурхны тушаалыг зөрчүүлэх эрхгүй. Ехова бол «бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн» билээ (Дуулал 83:18). Тэрбээр «газар дэлхийн Шүүгч» төдийгүй Хамгийн дээд Хууль тогтоогч, мөнхийн Хаан юм. Бурхны хувьд, өөрийнх нь хуулийг хүчингүй болгох гэж оролдсон шүүхийн ямар ч тушаал хүчин төгөлдөр байж чадахгүй (Эхлэл 18:25; Исаиа 33:22).
6 Үүнийг хууль зүйн салбарын алдартай зарим мэргэжилтэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайлбал, 18-р зууны Английн нэрт хуульч Уильям Блакстоун, хүний гаргасан ямар ч хууль Библид бичигдсэн Бурхны хуультай зөрчилдөх ёсгүй тухай бичжээ. Тиймээс, Иудейн Дээд шүүх дэлгэрүүлэхээ болихыг элч нарт тушаасан нь эрхээ хэтрүүлсэн хэрэг байсан. Элч нар тэр тушаалыг нь биелүүлээгүй.
7. Ахлах тахилчид яагаад дэлгэрүүлэх ажлаас болж уурласан бэ?
7 Элч нарын дэлгэрүүлэхээ болихгүй байх шийдвэр ахлах тахилчдын уурыг хүргэжээ. Тэдний дотор Каиаф зэрэг амилалтад итгэдэггүй садукайчууд байв (Үйлс 4:1, 2; 5:17). Гэсэн ч элч нар Есүсийн дахин амилсныг шургуу баталсаар байлаа. Түүнээс гадна, ахлах тахилчдын зарим нь Ромын эрх мэдэлтнүүдэд тал олохыг ихэд мэрийж байжээ. Пилат Есүсийг байцааж байхдаа иудейчүүдэд хандан: «Танай Хаан» гэж хэлэв. Тэгэхэд нь ахлах тахилчид Есүсийг хаанаа гэж үзэхийн оронд: «Цезариас өөр хаан бидэнд байхгүй» гэж бүр хашгиралджээ (Иохан 19:15). * Элч нар Есүсийн амилсныг батлаад зогсохгүй, «Бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй» хэмээн Есүсийн нэрийн тухай зааж сургаж байсан (Үйлс 2:36; 4:12). Хэрэв олон түмэн дахин амилсан Есүсийг Удирдагчаа гэж үздэг болбол «ромчууд ирээд, газрыг [буюу сүмийг] нь үндэстэнтэй нь эзлэн авчих» вий гэж тахилчид айжээ. Тэгвэл иудейн шашны удирдагчид эрх мэдлээ алдах байлаа (Иохан 11:48, ШЕ).
8. Гамалиел Дээд шүүхэд юу гэж зөвлөсөн бэ?
8 Есүс Христийн элч нарын ирээдүй тун баргар байлаа. Дээд шүүхийн шүүгчид тэднийг алахыг бодож байлаа (Үйлс 5:33). Гэтэл санаанд оромгүй явдал болов. Хуулийн багш Гамалиел босож, хөнгөн хөдлөхгүй байхыг бусдадаа анхааруулжээ. Тэрбээр: «Энэхүү зорилго, үйлс нь хүнээс эхтэй бол нурж унах болно. Хэрэв Бурхнаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй» хэмээн ухаалгаар зөвлөөд, «Харин ч та нар Бурхны эсрэг тэмцэгчид болох бус уу» гэж чухалчлан сануулсан (Үйлс 5:34, 38, 39).
9. Элч нарын үйлс Бурхнаас эхтэй байсан нь юугаар батлагдсан бэ?
9 Шүүх Гамалиелын зөвлөгөөг авсан нь үнэхээр гайхмаар. Дээд шүүх «элч нарыг дуудан оруулж ирээд, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллажээ». Гэтэл элч нар айх нь битгий хэл, харин ч тэнгэр элчийн тушааснаар дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлэхээр шийдсэн байлаа. Тийнхүү, суллагдсаныхаа дараа, «өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв» (Үйлс 5:40, 42). Ехова тэдний зүтгэлийг ивээсэн. Яаж? «Бурхны үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр үргэлжлэн нэмэгдсээр байсан». Тэр байтугай, «тахилчдаас маш олон хүн итгэлд дуулгавартай болж байлаа» (Үйлс 6:7). Үүнд ахлах тахилчид ямар их цочирдсон бол оо! Элч нарын үйлс Бурхнаас эхтэй болох нь улам бүр нотлогдсоор байв!
Бурхны эсрэг тэмцэгчид амжилт олохгүй
10. Каиаф яагаад байр сууриа ганхахааргүй бат бэх гэж бодож байсан бэ? Ямар буруу юманд найдаж байсан бэ?
10 І зуунд Иудейн тэргүүн тахилчийг Ромын эрх мэдэлтнүүд томилдог байв. Хөрөнгө чинээ ихтэй Иосеф Каиаф Валери Гратын томилсноор тэргүүн тахилч болж, өмнөх үеийнхнээсээ удаан хугацаагаар эрх мэдлээ хадгалжээ. Каиаф өөрийгөө чадварлаг дипломатч бөгөөд Пилаттай анд нөхөр учраас ийм амжилтад хүрсэн гэж үзсэнээс биш, Бурхан томилсон гэж бодоогүй нь лавтай. Юутай ч, хүнд итгэж найдсан нь буруу байв. Элч нарыг Дээд шүүхэд байцаагдаж байснаас хойш гуравхан жилийн дараа Каиаф Ромын эрх мэдэлтнүүдэд нэр хүндгүй болж, тэргүүн тахилчийн суудлаа алджээ.
11. Понти Пилат болон Иудейн эд юмсын тогтолцоо яаж эцэс болсон бэ? Та эндээс ямар дүгнэлт хийж байна вэ?
11 Каиафыг огцруулах тушаалыг Сирийн амбан захирагч Луки Вители гаргажээ. Пилат хэдийгээр Каиафын дотнын нөхөр боловч өөрөөс нь дээгүүр албан тушаалтай тэр хүнийг яаж ч чадаагүй. Гэтэл ганцхан жилийн дараа Пилатыг бас огцруулж, Ромд эргүүлэн дуудаж, хариуцлагад татжээ. МЭ 70 онд Ромын арми Иерусалимыг сүм болон Дээд шүүхийн танхимтай нь цуг бүрмөсөн устгасан нь цезарьт найддаг Иудейн удирдагчдын «газрыг үндэстэнтэй нь эзлэн авсан» (ШЕ) хэрэг байжээ. «Ноёдод бүү итгэ, авралгүй хүний хүүд ч бүү итгэ» гэж дуулалчийн хэлсэн үг хэчнээн үнэн бэ! (Иохан 11:48; Дуулал 146:3).
12. Бурхныг дагах нь мэргэн ухаалаг хэрэг мөн гэдгийг Есүсийн жишээ хэрхэн баталдаг вэ?
12 Гэтэл дахин амилсан Есүс Христийг Бурхан агуу их сүнслэг сүмийн Тэргүүн тахилчаар томилсон. Энэ томилолтыг хэн ч хүчингүй болгож чадахгүй. Учир нь, Есүс «мөнхөд байдаг тул тахилчийн үүргээ байнга барьдаг» (Еврей 2:9; 7:17, 24; 9:11). Бурхан бас Есүсийг «амьд болоод үхэгсдийн» Шүүгчээр томилсон (1 Петр 4:5). Тиймээс, Иосеф Каиаф, Понти Пилат хоёрыг амилуулах эсэхийг Есүс шийднэ (Матай 23:33; Үйлс 24:15).
Орчин үеийн зоригт дэлгэрүүлэгчид
13. Орчин үед ямар үйлс хүнээс эхтэй нь батлагдсан бэ? Бурхнаас эхтэйн баталгааг ямар үйлс харуулсан бэ?
13 Өнөө үед ч бас нэгдүгээр зууныхтай адил, «Бурхны эсрэг тэмцэгчид» олон бий (Үйлс 5:39). Тухайлбал, Еховагийн Гэрчүүд өөрийг нь удирдагчаа хэмээн хүлээн зөвшөөрч «Хайль, Гитлер» гэж мэндчилдэггүйн төлөө Адольф Гитлер тэднийг устгахаа амласан байдаг (Матай 23:10). Нацистын тогтолцоо тэр амлалтыг хэрэгжүүлж ядаад байхааргүй байлаа. Гэрчүүдийг олон мянгаар нь баривчилж, бөөнөөр хорих лагерь уруу явуулж, заримынх нь амийг хүртэл хөнөөсөн. Гэсэн ч, цорын ганц Бурхныг шүтнэ гэдэг шийдвэрээс нь няцааж, Бурхны үйлчлэгчдийг бүхэлд нь устгаж чадаагүй юм. Тэр христиануудын үйлс хүнээс биш, Бурхнаас эхтэй байсан ба Бурхны үйлсийг хэн ч дийлэх аргагүй. Тэр цагаас хойш жаран жил өнгөрөхөд, Гитлер болон нацист намын муу нэрээс өөр юм үлдээгүй бол, нацистын бөөнөөр хорих лагериас эсэн мэнд гарсан үнэнч хүмүүс Еховад «бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа» үйлчилсээр байна (Матай 22:37).
14. а) Эсэргүүцэгчид Бурхны үйлчлэгчдийн нэр төрийг гутаах зорилгоор ямар балмад явдал гаргасаар ирсэн бэ? Үр дүн нь ямар байсан бэ? б) Эсэргүүцэгчид Бурхны ард түмнийг мөнхөд хохироож чадах уу? (Еврей 13:5, 6).
14 Нацистын балмад явдлаас хойш бусад хүн ч Ехова болон ард түмнийх нь эсрэг бүтэлгүй тэмцэл явуулсаар ирсэн. Европын зарим оронд шашин, төрийн зүтгэлтнүүд үгсэн нийлж, нэгдүгээр зууныхтай адил, Еховагийн Гэрчүүдэд шашны аюултай «бүлэглэл» гэсэн нэр хаяг зүүхийг оролдож байсан (Үйлс 28:22). Үнэндээ, Хүний эрхийн асуудлаарх Европын шүүх Еховагийн Гэрчүүдийг аюултай бүлэглэл биш, олон жилийн түүхтэй шашны байгууллага гэж хүлээн зөвшөөрсөн билээ. Эсэргүүцэгчид үүнийг мэдэж л байгаа. Гэсэн ч Гэрчүүдийн нэр төрийг гутаасаар байна. Үүнээс болж зарим Гэрчийг ажлаас нь хууль бусаар халж, сургууль дээр нь хүүхдүүдтэй зүй бусаар харьцах болсон. Байшингаа цуглааны танхимын зориулалтаар Гэрчүүдэд түрээслүүлж байсан зарим эзэн олон жилийн гэрээгээ цуцалжээ. Зөвхөн Гэрч гэдэг шалтгаанаар иргэний харьяаллыг нь хасах явдал ч зарим оронд мэр сэр гарсан байна! Гэсэн ч Еховагийн Гэрчүүдийн зориг мохоогүй юм.
15, 16. Франц дахь Еховагийн Гэрчүүд эсэргүүцлийг хэрхэн хүлээн авсан бэ? Тэд дэлгэрүүлэх ажлаа яагаад үргэлжлүүлсээр байна вэ?
15 Нэг жишээ үзье. Ер нь Францын ард түмэн ухаалаг, үнэнч шударга зантай. Харин цөөн тооны эсэргүүцэгчид Хаанчлалын үйл хэргийг саатуулах зорилгоор хуулийг өөрсдийнхөө талд ашиглах, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг оролджээ. Тэгэхэд нь Еховагийн Гэрчүүд яасан бол? Дэлгэрүүлэх ажлаа урьдынхаасаа илүү эрчимжүүлж, улмаар гайхалтай үр дүнд хүрсэн байна (Иаков 4:7). Зургаахан сарын дотор Библийн хичээлийн тоо нь 33 хувиар өсжээ! Францад чин сэтгэлтэй хүмүүс сайн мэдээг дуртайяа хүлээн авахад Диавол галзууртлаа уурласан нь лавтай (Илчлэлт 12:17). Итгэл нэгт франц нөхөд маань Исаиа зөнчийн: «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана» хэмээн бичсэн үгийн үнэнийг ийнхүү биеэрээ мэдэрчээ (Исаиа 54:17).
16 Еховагийн Гэрчүүд хавчигдаж байгаадаа баярладаггүй ч бүх христианд өгсөн Бурхны тушаалд захирагддаг учраас сонссон зүйлээ ярихгүй байж чаддаггүй, цаашид ч ярьсаар байх болно. Тэд сайн иргэд байхыг их хичээдэг. Гэхдээ хүний хууль Бурхны хуультай зөрчилдвөл Бурхнаа л дагах нь гарцаагүй.
Тэднээс бүү айгтун
17. а) Дайснуудаасаа яагаад айх хэрэггүй вэ? б) Хавчигчдаа хэрхэн үзэх ёстой вэ?
17 Бидэнд дайсагнан ханддаг хүмүүс, үнэн чанартаа, Бурхантай тэмцэлдэж байгаа учраас туйлын аюултай байдалд орсон хэрэг юм. Тиймд, бид тэднээс айхын оронд, Есүсийн тушааснаар, тэр хавчигчдын төлөө залбирдаг (Матай 5:44). Тарсын Саул шиг, Бурхныг эсэргүүцэж байгаагаа мэдэхгүй бол нүдийг нь нээж, үнэнийг ойлгуулж өгөөч хэмээн Еховад залбирдаг (2 Коринт 4:4). Саул сүүлдээ Паул гэдэг нэртэй христиан элч болж, тухайн үеийнхээ эрх мэдэлтнүүдийн гарт их зовсон билээ. Гэсэн ч, «удирдагчид ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай байж, аливаа сайн үйлд бэлэн байн, хэнийг ч [хамгийн харгисаар хавчиж байгаа хүмүүсийг ч] муулахгүй, хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх хүнд бүх талаар даруухан байдлыг харуулахыг» итгэл нэгтнүүддээ сануулсаар байжээ (Тит 3:1, 2). Еховагийн Гэрчүүд Францад ч, дэлхийн бусад улс оронд ч энэхүү зөвлөгөөг зүрх сэтгэлээрээ хүлээн авч, өөрсдөө хэрэгжүүлэхийг чармайдаг.
18. а) Ехова үйлчлэгчдэдээ яаж тусалж болох вэ? б) Эсэргүүцэгчид эцэстээ яах вэ?
18 Бурхан зөнч Иеремиад: «Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байна» гэж айлджээ (Иеремиа 1:8). Тэгвэл өнөөдөр Ехова биднийг хавчлагад өртсөн үед яаж «чөлөөлөх» буюу тусалж болох вэ? Гамалиел шиг үнэнч шударга хүмүүсийг гаргаж магадгүй. Эсвэл авилгач зантай, эсэргүүцэгч түшмэлийн оронд ухаалаг хүнийг гэнэт тавьж ч мэднэ. Гэхдээ бас, нэг хэсэгтээ хавчлагыг зөвшөөрч болох юм (2 Тимот 3:12). Тийм үед бидэнд хавчлагыг тэвчих хүч байнга өгнө (1 Коринт 10:13). Ехова тийнхүү хавчигдахыг зөвшөөрсөн байлаа ч эсэргүүцэгчид эцэстээ яахыг бид мэддэг. Бурхны ард түмэнтэй тэмцэгчид, үнэндээ, Бурхантай тэмцэж байгаа хэрэг. Бурхантай тэмцэгчид хэзээ ч амжилт олохгүй.
19. 2006 оны уриа юу вэ? Яагаад цагаа олсон уриа вэ?
19 Есүс шавь нараа зовлон туулна гэж хэлсэн (Иохан 16:33). Үүнээс үзвэл, Үйлс 5:29-д: «Бид хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах ёстой» гэж бичсэн үг одоо хэзээ хэзээнээс илүү, цагаа олсон сануулга болж байна. Тийм ч учраас урам хайрласан энэ үгийг 2006 оны уриа болгон сонголоо. Айсуй онд ч, алс ирээдүйд ч бэрхшээл зовлонгоос шантралгүй, Бурхнаа дагах шийдвэр төгс байцгаая.
[Зүүлт]
^ Гэтэл тэр «Цезарь» нь Ромын захирагч Тибер гэгч «жигшүүрт хүн» байжээ. Тибер хоёр нүүртэй, хүний амь хөнөөх дуртай этгээд байсан бөгөөд гаж донтон гэдгээрээ зартай байжээ (Даниел 11:15, 21).
Та юу гэж хариулах вэ?
• Элч нар эсэргүүцэлтэй тулгарч явахдаа бидэнд ямар сайхан жишээ үлдээсэн бэ?
• Ямар учраас хүнийг дагахаасаа илүү, Бурхныг дагах хэрэгтэй вэ?
• Биднийг эсэргүүцэгчид, үнэндээ, хэнийг эсэргүүцэж байгаа хэрэг вэ?
• Хавчлагыг тэвчдэг хүмүүс ирээдүйд яах вэ?
[Догол мөрийн асуулт]
[Товчлол]
2006 оны уриа: «Бид хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах ёстой» (Үйлс 5:29).