Skip to content

Гарчиг руу орох

Үр бүтээлтэй дэлгэрүүлэхийн тулд уян хатан байгтун

Үр бүтээлтэй дэлгэрүүлэхийн тулд уян хатан байгтун

Үр бүтээлтэй дэлгэрүүлэхийн тулд уян хатан байгтун

«Яалаа ч гэсэн заримыг нь аврахын тулд бүх хүнд би бүх юм болж байлаа» (1 КОРИНТ 9:22).

1, 2. а) Элч Паул үр бүтээлтэй дэлгэрүүлэгч байсан нь юунаас харагддаг вэ? б) 1 Коринт 9:19–23-ыг үзвэл, Паул даалгавартаа хэрхэн ханддаг байсан бэ?

 ТЭРБЭЭР эрдэмд боловсорсон ухаант мэргэд, майхан оёдог эгэл борчуудын хэнтэй нь ч учраа олчихдог, Ромын язгууртнууд, Фругийн тариачдын аль алийг нь итгүүлэн үнэмшүүлж чаддаг нэгэн байв. Чөлөөтэй сэтгэдэг грекүүд ч, хуучинсаг үзэлтэй иудейчүүд ч захидлуудыг нь уншаад догдолдог байлаа. Итгэл үнэмшлээ няцаахын аргагүйгээр баталж, үгээ хүний сэтгэлд хүртэл хэлж ярьдаг байв. Хүмүүсийг Христэд итгүүлэхийг зорьж байсан тул хэнтэй ч ярьсан, хэл амаа олохыг хичээдэг байжээ (Үйлс 20:21).

2 Энэ хүн бол Бурханд үр бүтээлтэй үйлчилдэг элч Паул байсан юм (1 Тимот 1:12). Тэрбээр «харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө [Есүсийн] нэрийг үүрэх» даалгавар авчээ (Үйлс 9:15). Паул даалгавартаа хэрхэн хандсан бэ? «Заримыг нь аврахын тулд бүх хүнд би бүх юм болж байлаа. Би сайн мэдээний хамсаатан болохын тулд сайн мэдээний төлөө бүх юмыг хийдэг» хэмээн бичжээ (1 Коринт 9:19–23). Дэлгэрүүлэх болон заах ажлаа илүү үр бүтээлтэй хийхийн тулд элч Паулын жишээнээс юунд суралцах хэрэгтэй вэ?

Өөрчлөгдсөн хүн хэцүү даалгаврыг амжилттай биелүүлсэн нь

3. Паул христиан болохоосоо өмнө Есүсийн дагалдагчдад хэрхэн ханддаг байсан бэ?

3 Паул анхнаасаа л, тийм даалгавар биелүүлэхэд тохирсон хүлцэнгүй, халамжтай хүн байсан уу гэвэл үгүй! Хожим нь Паул болж алдаршсан Саул гэгч шашны хэт туйлширсан үзлээсээ болж Христийн дагалдагчдыг харгисаар хавчиж явжээ. Залуу байхдаа Стефаныг «алсан явдлыг сайшааж байлаа». Дараа нь, өөрийн биеэр христиануудыг хайр найргүй мөрдөн мөшгөдөг болсон (Үйлс 7:58; 8:1, 3; 1 Тимот 1:13). «Эзний дагалдагчдыг алж хядна гэж заналхийлсээр», Иерусалимд байсан христиануудыг хавчсандаа сэтгэл нь ханалгүй, мөрдлөг хавчлагаа үргэлжлүүлэхээр хойд зүгт орших алс холын Дамаск хүртэл явжээ (Үйлс 9:1, 2).

4. Паул даалгавраа биелүүлэхийн тулд хэрхэн өөрчлөгдөх ёстой байсан бэ?

4 Христиануудыг тэгтлээ үзэн яддаг байсан гол шалтгаан нь тэр шинэ урсгал иудейн шашныг харийн, гаж буруу сургаалаар бузарлах вий гэж айж байсных болов уу. Паул фарисай буюу «тусгаарлагдсан хүн» байсан учраас тэгж айх нь ч аргагүй юм (Үйлс 23:6). Гэтэл Бурхан чухам өөрийг нь сонгон, очиж очиж, иудей бус хүмүүст Христийн тухай дэлгэрүүлэх даалгавар өгсөнд Паул үнэхээр гайхсан байх учиртай! (Үйлс 22:14, 15; 26:16–18). Юу гэвэл, фарисайчууд нүгэлтэй гэж үздэг хүнтэйгээ хамт хоол ч идэх ёсгүй байв! (Лук 7:36–39). Тэгэхлээр, Паул үзэл бодлоо, бүх хүнийг аврагдаасай гэж хүсдэг Бурхны таалалд нийцүүлж өөрчлөхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байсан нь эргэлзээгүй (Галат 1:13–17).

5. Дэлгэрүүлэх болон заах ажилдаа Паулыг хэрхэн дуурайж болох вэ?

5 Бидний хувьд ч бас тийм шаардлага гарч мэднэ. Дэлгэрүүлж явахдаа өөр өөр үндэстний, янз бүрийн хэлээр ярьдаг хүмүүстэй таарах маань олширч байна. Тийм хүмүүст яаж ханддагаа шалгаж, ямар нэг байдлаар алаг үзэхгүй байхын тулд зориуд хүчин чармайлт гаргах хэрэгтэй (Ефес 4:22–24). Бид л тэр бүр анзаардаггүй болохоос, хүмүүжсэн нийгэм, эзэмшсэн боловсрол нь хүнд их нөлөөлж, зарим асуудалд тодорхой үндэслэлгүйгээр туйлширч, өрөөсгөл ханддаг болгох нь ч бий. Гэхдээ хонь шиг хүмүүсийг олж, тэдэнд туслах ажилдаа амжилт гаргая л гэж байгаа бол, тийм хандлагаа өөрчлөх ёстой (Ром 15:7). Паул ч ийм алхам хийсэн билээ. Хэдий амаргүй байсан ч, үйлчлэлээ өргөжүүлэх даалгаврыг хүлээн авсан. Хайрын сэтгэлдээ хөтлөгдөн, заах чадвараа хөгжүүлсэн нь бидэнд үлгэр жишээ болдог. «Харь үндэстнүүдийн элч» Паулын жишээг судалж үзэхэд, ажигч гярхай, уян хатан, овсгоо самбаатай багш, дэлгэрүүлэгч байсан нь харагддаг * (Ром 11:13).

Уян хатан дэлгэрүүлэгч

6. Паул ярилцагчдынхаа үзэл бодол, ахуй амьдрал, нөхцөл байдлыг хэрхэн тооцдог, ямар үр дүнд хүрдэг байсныг жишээгээр тайлбарлана уу.

6 Паул ярилцагч хүмүүсийнхээ шашин шүтлэг, үзэл бодол, ахуй амьдрал, нөхцөл байдлыг сайтар тооцож үздэг байжээ. Жишээ нь, ІІ Агрийп хаантай ярилцахдаа «иудейчүүдийн ёс заншил, маргаантай асуудлын талаар сайн мэддэг» гэдгийг нь шууд хэлсэн байдаг (Үйлс 26:2, 3, 27, 28). Агрийп хааны юунд итгэж үнэмшдгийг мэддэгээ чадварлаг ашиглаж, сайн ойлгодог асуудлаар нь ярилцдаг. Агрийп: «Богинохон хугацаанд чи чинь намайг Христийнх болгох нь ээ» гэж хэлснээс үзэхэд Паул үгээ хэр зэрэг тодорхой тайлбарлаж, ямар итгэлтэй хэлсэн нь харагдаж байна (Үйлс 26:2, 3, 27, 28).

7. Паул Лустр хотынхонд дэлгэрүүлэхдээ яаж уян хатан хандсан бэ?

7 Бас хүмүүст уян хатан ханддаг байсан. Нэгэн удаа Лустр хотод олон түмэн Барнаб Паул хоёрыг бурхан болгон тахин шүтэхийг оролдоход тэдэнд хэрхэн хандсан нь хаантай ярилцсан аргаас нь ямар ялгаатай байсныг авч үзье. Лукаон хэлтэй тэр хүмүүс Лустр хотын бусад оршин суугчийг бодвол боловсрол багатай, мухар сүсэг ихтэй байсан гэдэг. Үйлс 14:14–18-д бичсэнээр, Паул жинхэнэ Бурхны агуу давуу байдлыг тэдэнд ойлгуулахын тулд байгаль дэлхий болон түүний юмс, үзэгдлийг баталгаа болгон ашиглажээ. Ийнхүү ярьсныг нь олон түмэн төвөггүй ойлгосон учраас Паул Барнаб хоёрт «тахил өргөхөө» больжээ.

8. Паул заримдаа биеэ барьж чаддаггүй байсан ч, уян хатан ханддагаа яаж харуулсан бэ?

8 Мэдээж, Паул төгс бус хүн байсан тул заримдаа биеэ барьж чаддаггүй байв. Жишээ нь, нэг удаа хүмүүс өөрийг нь зүй бусаар дайрч доромжлоход Паул Ананиа гэгч иудей хүнийг үгээр дайрдаг. Гэхдээ тэр хүн нь тэргүүн тахилч гэдгийг мэдсэн даруйдаа уучлал гуйдаг (Үйлс 23:1–5). Бас Афинд байхдаа эхлээд, «шүтээнээр дүүрсэн тэр хотыг харж сүнсээрээ эгдүүцэн байжээ». Гэхдээ Арейпаг буюу Марсын толгойд цугласан олонтой ярилцахдаа тийн эгдүүцэн дургүйцэж байснаа харуулалгүй, харин ч «Үл мэдэгдэх бурханд» гэсэн бичигтэй тахилын ширээнийх нь тухай хэлж, нэг яруу найрагчаас нь иш татаж, тэдэнтэй хэл амаа олж чадсан (Үйлс 17:16–28).

9. Паул овсгоотой дэлгэрүүлэгч байсан нь юунаас харагддаг вэ?

9 Паул хэнтэй ч ярилцаж чаддаг тун овсгоотой хүн байлаа. Хүмүүс амьдрал ахуй, соёл боловсролоосоо шалтгаалаад харилцан адилгүй үзэл бодолтой байдгийг тооцож үздэг байсан. Жишээ нь, Ромын христиануудад захидал бичихдээ, тэднийг тухайн үедээ дэлхийд ноёлж байсан хамгийн хүчирхэг гүрний нийслэлд суугаа хүмүүс гэдгийг нь их анхаарчээ. Захидалдаа гол нь, ялзралд хүргэх Адамын нүглийн хүчийг эрх чөлөөнд хүргэх Христийн хүч ноёлох тухай тэмдэглэсэн байдаг. Тэрбээр Ром хот болон Ромын эзэнт гүрний захиргаанд байсан Коринт, Ефес, Тесалоник зэрэг хотын христиануудын зүрх сэтгэлд хүрэх тийм л аргаар захидлуудаа бичжээ (Ром 1:4; 5:14, 15).

10, 11. Паул жишээ татахдаа сонсогчдодоо хэрхэн тохируулдаг байсан бэ? (Мөн зүүлтийг үзнэ үү.)

10 Паул Библийн гүнзгий сургаал тайлбарлахдаа энгийн, ойлгомжтой жишээг чадварлаг ашигладаг байсан. Жишээ нь, Ромд ихээхэн хөгжсөн боолын тогтолцоог тэндхийн хүмүүс мэддэг байсныг Паул ойлгож байв. Тэгээд ч захиаг нь унших хүмүүсийн ихэнх нь боолууд байсан биз ээ. Тийм ч учраас, нүгэл болон зөвт байдлын аль нэгийг сонгож, дуулгавартай байх тухай чухал зүйлийг тайлбарлахдаа боолчлолтой зүйрлэсэн нь улам ч хурц тод болгожээ (Ром 6:16–20).

11 Нэгэн бүтээлд: «Эзэн нь боолоо ямар ч болзолгүйгээр шууд чөлөөлдөг, эсвэл боол эзэндээ мөнгө төлж эрх чөлөөтэй болдог ёс ромчуудад байжээ. Бас эзэн боолоо ямар нэг бурханд эзэмшил болгон өгвөл, боол эрх чөлөөтэй болдог байсан» гэж тэмдэглэжээ. Эрх чөлөөтэй болсон хүн хөлс аваад эзэндээ ажиллаж болдог байв. Тэгэхлээр, ямар эзэнд үйлчлэх буюу нүгэл, зөвт байдлын аль нэгийг хүн өөрөө сонгож болдог тухай бичихдээ Паул битүүхэндээ тэр ёсыг хэлж байсан бололтой. Ром дахь христианууд нүглээс чөлөөлөгдөж, Бурхных болсон байв. Өөрөөр хэлбэл, Бурханд чөлөөтэй үйлчлэх боломжтой байлаа. Гэсэн ч өөрсдөө хүсвэл урьдын эзэн болох нүглийн боол болж болох байж. Энгийн бөгөөд ойлгомжтой ийм жишээг уншаад Ромын христианууд: «Би аль эзэнд үйлчилдэг билээ?» гэж өөрийгөө цэгнэх учиртай байжээ. *

Паулын жишээнээс суралцах нь

12, 13. а) Хүмүүсийн зүрхэнд хүрэхийн тулд яах хэрэгтэй вэ? б) Ёс заншил, ахуй амьдрал өөр хүмүүст ямар аргаар дэлгэрүүлбэл үр өгөөжтэй байдгийг хувийн туршлагаасаа хэлнэ үү.

12 Паулын адилаар, бид хэнтэй ч ярьсан, зүрхэнд нь хүрэхийн тулд ажигч гярхай, уян хатан, овсгоотой байх хэрэгтэй. Хэлдэг хэдэн үгээ давтан, Библид үндэслэсэн хэвлэл өгөх төдийгөөр уулзсан болоод яваад байвал сайн мэдээний үнэ цэнийг ойлгуулж чадна гэж үү? Хүмүүст юу хэрэгтэй байна, санааг нь юу зовоож байна, юунд дуртай, юунд дургүй, юунаас айдаг гэх зэргээр үзэл бодлыг нь ойлгож мэдэхийг хичээх хэрэгтэй. Үүний тулд их бодож, багагүй чармайлт гаргах хэрэгтэй болдог ч, дэлгэрүүлэгчид шантардаггүй. Жишээ нь, Унгар дахь Еховагийн Гэрчүүдийн салбар: «Ах эгч нар маань өөр үндэстний хүмүүсийн ёс заншил, ахуй амьдралыг хүндэтгэдэг бөгөөд тэднийг өөрсөд шигээ байх ёстой гэж үздэггүй» гэж бичжээ. Дэлхийн өнцөг булан бүрд Гэрчүүд адилхан хүчин чармайлт гаргадаг.

13 Азийн нэг оронд ихэнх хүн эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжил, боловсролын асуудлыг их анхаардаг гэнэ. Тиймээс, тэндхийн дэлгэрүүлэгчид хүмүүстэй ярилцахдаа дэлхий дахины болон нийгмийн бусад тулгамдсан асуудлыг бус, тэдний сонирхдог асуудлыг хөндөхийг хичээдэг байна. Бас АНУ-ын нэг том хотын дэлгэрүүлэгчид хотынх нь зарим дүүргийн оршин суугчид хээл хахууль, замын бөглөрөл, гэмт хэрэг зэрэг асуудалд санаа зовдогийг ажигласны үндсэн дээр энэ тухай үг өдөж, улмаар Библийн сэдвээр яриа өрнүүлдэг ажээ. Библийн сайн багш нар хүмүүстэй ямар ч сэдвээр ярилцсан, өөдрөг үзлээр хандан, сэтгэлийг нь сэргээж, Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэх нь өнөөдөр ямар ач тустай байдгийг, Бурхан ирээдүйд юу хийхээр амласныг онцлон тэмдэглэдэг (Исаиа 48:17, 18; 52:7).

14. Хүмүүсийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд тохируулан яаж уян хатан хандаж болох вэ?

14 Хүмүүс соёл боловсрол, шашин шүтлэгийн хувьд өөр өөр байдаг тул бид бас дэлгэрүүлэх ажлынхаа арга барилыг өөрчилж байх нь тустай. Ямар нэгэн бүтээгч байдаг гэдэгт итгэдэг атлаа Библид итгэдэггүй хүнтэй ярилцах арга маань Бурхан байдаггүй гэж үздэг хүнтэй ярих аргаас өөр байх нь мэдээж. Шашны холбогдолтой ном хэвлэлийг суртал ухуулгын хэрэгсэл гэж үздэг хүнтэй ярилцахдаа Библийн сургаалыг хүлээн зөвшөөрдөг хүнд зориулсан оршил үг хэлэх нь тохиромжгүй. Боловсролын түвшин харилцан адилгүй хүмүүстэй зөв харьцахын тулд бас уян хатан байх хэрэгтэй. Тухайн нөхцөлдөө тохируулж жишээ татаж, баримт ашиглах нь сайн багш хүний өөр нэг чадвар юм (1 Иохан 5:20).

Шинэ дэлгэрүүлэгчдэд туслах нь

15, 16. Дэлгэрүүлэх ажилд оролцох хүсэлтэй хүмүүсийг сургах хэрэгтэйн учир юу вэ?

15 Паул өөрийнхөө л заах аргыг сайжруулах тухай боддог хүн биш байв. Тимот Тит нарын залуу үеийнхнийг сургаж бэлтгэн, Бурханд үр бүтээлтэй үйлчилдэг болоход нь туслах хэрэгтэйг ойлгож байсан (2 Тимот 2:2; 3:10, 14; Тит 1:4). Өнөөдөр ч, шинэ дэлгэрүүлэгчдийг сургах ажил чухал болоод байна.

16 1914 онд дэлхий дахинд нийт 5 000 орчим дэлгэрүүлэгч байсан бол өдгөө долоо хоног бүр ойролцоогоор 5 000 хүн баптисм хүртэж байна! (Исаиа 54:2, 3; Үйлс 11:21). Христиан хуралд нэгдээд, дэлгэрүүлэх ажилд оролцохыг хүсдэг болсон хүмүүст хичээл сургууль, заавар зөвлөгөө хэрэгтэй (Галат 6:6). Тийм хүмүүст зааж, тэднийг шавь болгон бэлдэхдээ Эзэн Есүсийнхээ арга барилыг дуурайх нь чухал. *

17, 18. Шинэ дэлгэрүүлэгчийг туршлага суухад нь хэрхэн тусалж болох вэ?

17 Есүс шавь нараа хүмүүс дээр дагуулж очингуутаа, дэлгэрүүл гэж хэлээд орхичихдог байгаагүй. Эхлээд дэлгэрүүлэх ажлын чухлыг онцлон тэмдэглэж, уг ажлыг хийхдээ Еховад найдан залбирахыг захидаг байжээ. Шавь нартаа туслахын тулд, 1-рт, хосоороо явахыг, 2-рт, хаашаа явахыг, 3-рт, юуны тухай дэлгэрүүлэхийг хэлж өгсөн нь ажилд нь хэрэгтэй гурван зүйл байсан (Матай 9:35–38; 10:5–7; Марк 6:7; Лук 9:2, 6). Бид ч бас үр хүүхдээ, суралцагч хүнээ, эсвэл идэвх нь суларсан дэлгэрүүлэгчид туслахдаа Есүсийн арга барилыг дуурайх нь зүйтэй.

18 Шинэ дэлгэрүүлэгчийг туршлага суутал нь тусалж дэмжих хэрэгтэй. Энгийн, сонирхолтой оршил үг бэлдэж, тэр үгээ хэлэх сургууль хийхэд нь туслаарай. «Намайг харж, дуурайн үйлдэгтүн» гэж дайчдадаа хэлж байсан Гидеоны жишээг дуурайн, айлаар дэлгэрүүлэхдээ, эхний хэдэн айлын хүмүүстэй та өөрөө ярилцаж, жишээ үзүүлээрэй (Шүүгчид 7:17). Дараа нь шинэ хүнээ оролцуулах нь зүйтэй. Хичээж мэрийж байгааг нь чин сэтгэлээсээ магтаж, шаардлагатай үед, юугаа сайжруулах хэрэгтэйг эвтэйхэн зөвлөөрэй.

19. «Үйлчлэлээ гүйцээхийн» тулд та юунд шийдвэр төгс байдаг вэ?

19 «Үйлчлэлээ гүйцээхийн» тулд өөрсдөө ч хүмүүст уян хатан хандаж, шинэ дэлгэрүүлэгчдээ ч тийм арга барилд суралцуулъя. Бидний гол зорилго бол авралд хүргэх, Бурхны тухай мэдлэгийг хүмүүст түгээх явдал билээ. Зорилго маань чухал гэдгийг бид ухамсарладаг. Тийм ч учраас, зорилгодоо хүрч, «заримыг нь аврахын тулд бүх хүнд... бүх юм болохыг» хамаг чадлаараа хичээдэг (2 Тимот 4:5; 1 Коринт 9:22).

[Зүүлт]

^ Паул эдгээр чанарыг хэрхэн илэрхийлснийг Үйлс 13:9, 16–42; 17:2–4; 18:1–4; 19:11–20; 20:34; Ром 10:11–15; 2 Коринт 6:11–13-аас тус тус үзнэ үү.

^ Түүнчлэн, Бурхан болон сүнсээр тослогдсон «хөвгүүдийнх» нь хоорондох онцгой харьцаатайг тайлбарлахдаа уншигчдынхаа сайн мэддэг хууль зүйн ойлголтод тулгуурласан байна (Ром 8:14–17). Элч Паулын тухай нэг номд: «Үрчлэх ёс ромчуудын дунд их түгсэн байсны зэрэгцээ гэр бүл гэдэг ойлголтын салшгүй нэг хэсэг байжээ» гэж тэмдэглэжээ («St. Paul at Rome»).

^ Одоогийн байдлаар, Еховагийн Гэрчүүд хурлынхаа хүрээнд «Эхлэгчид бусдад тусалж байна» гэсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хөтөлбөрийн зорилго нь дадлага туршлагатай бүрэн цагийн үйлчлэгчид туршлага багатай дэлгэрүүлэгчдэд тусламж үзүүлэх явдал юм.

Санаж байна уу?

• Дэлгэрүүлэх ажилдаа Паулын юуг дуурайх хэрэгтэй вэ?

• Үзэл бодлоо хэрхэн өөрчлөх хэрэгтэй байж болох вэ?

• Мэдээгээ хүмүүсийн сэтгэлд яаж хүргэх вэ?

• Шинэ дэлгэрүүлэгчийг туршлага суухад нь хэрхэн тусалж болох вэ?

[Догол мөрийн асуулт]