Skip to content

Гарчиг руу орох

Зөвт байдал биднийг хамгаална

Зөвт байдал биднийг хамгаална

Зөвт байдал биднийг хамгаална

«Эхлээд... [Бурхны] зөвт байдлыг хайгтун» (МАТАЙ 6:33).

1, 2. Нэгэн христиан бүсгүй ямар шийдвэр гаргасан бэ? Тийн шийдсэний учир юу вэ?

 АЗИЙН нэгэн оронд амьдардаг христиан бүсгүй төрийн байгууллагад нарийн бичгийн даргаар ажиллах болжээ. Тэрбээр нямбай, цаг барьдаг, ажил хийдүүлдэггүй хүн байв. Удалгүй туршилтаар ажиллах хугацаа нь дуусаж, орон тооны ажилтнаар үлдэх эсэх асуудлыг шийдэх болоход хэлтсийн дарга нь түүнийг өөртэй нь амрагийн харьцаа тогтоовол ажилд нь үлдээхээр барахгүй, бүр дээгүүр албан тушаалд дэвшүүлнэ гэжээ. Бүсгүй ажилгүй болохоо мэдэж байсан ч эрс шийдэмгий татгалзсан аж.

2 Ажилгүй хоцрох гэж байж, буруу л юм хийж дээ гэж үү? Яалаа гэж! Харин ч, Есүсийн: «Эхлээд... [Бурхны] зөвт байдлыг хайгтун» хэмээснийг чанд мөрджээ (Матай 6:33). Еховагийн өмнө зөвт байх нь бүсгүйн хувьд садар самуун үйлдэж, албан тушаал ахихаас илүү чухал байлаа (1 Коринт 6:18).

Зөвт байхын ач холбогдол

3. «Зөвт байдал» гэж юу вэ?

3 Ёс суртахууны хэм хэмжээг чанд сахихыг «зөвт байдал» гэнэ. Библид «зөвт байдал» гэж орчуулсан грек, еврей үг нь цэх шулуун, зөв шударга гэсэн утга илэрхийлдэг. Гэхдээ энэ нь хүн өөрийнхөө хэмжүүрээр тогтоодог зөвт байдал биш ээ (Лук 16:15). Харин Еховагийн тогтоосон хэм хэмжээ бөгөөд тэр дагуу байх нь жинхэнэ зөвт байдал юм (Ром 1:17; 3:21).

4. Зөвт байх нь христиан хүнд ямар учраас чухал бэ?

4 Зөвт байх нь яагаад чухал бэ? Яагаад гэвэл, Ехова өөрөө «зөвт Бурхан» бөгөөд зөв шударгыг үйлддэг хүмүүсийг таалдаг (Исаиа 45:21; Сургаалт үгс 2:20–22; Хабаккук 1:13) Бас цэх шулуун хүнтэй л дотно харьцаа тогтоодог (Сургаалт үгс 15:8). Тийм ч учраас, элч Паул Тимотод «идэр насныхаа дур хүслүүдээс зугтаж», «зөвт байдлыг» бусад чухал чанарын хамт «мөрдөхийг» захижээ (2 Тимот 2:22). Түүнээс гадна, элч Паулын бичсэн сүнслэг зэвсгийн салшгүй хэсэг нь «зөвт байдлын хуяг» юм (Ефес 6:14).

5. Есүсийн өгсөн, зөвт байдлыг хайх тушаалыг төгс бус хүн хэрхэн биелүүлж болох вэ?

5 Бүх хүн Адамаас төгс бус байдлыг өвлөсөн тул төрөлхийн нүгэлтэй, зөвт бус билээ. Тиймээс, Бурхны өмнө жинхэнэ утгаар зөвт байж чаддаггүй. Гэтэл, Есүс бидэнд зөвт байдлыг хайхыг тушаасан. Бид энэ тушаалыг биелүүлж чадах болов уу? Есүс хүн төрөлхтний төлөө амиа золиосолсон бөгөөд тэрхүү золиосонд итгэдэг хүний нүглийг Ехова дуртайяа уучилж, зөвт гэж үздэг (Матай 20:28; Иохан 3:16; Ром 5:8, 9, 12, 18). Хэрэв бид зөвт хэм хэмжээг нь сурч мэдээд, сахин мөрдөхийг хичээн, сул талаа засахдаа Бурхнаас тусламж гуйдаг бол Бурхан Есүсийн золиосонд үндэслэн шүтлэгийг маань хүлээн авдаг (Дуулал 1:6; Ром 7:19–25; Илчлэлт 7:9, 14). Энэ нь бидэнд урам хайрладаг.

Зөвт бус ертөнцөд зөвт байх нь

6. Эртний христиануудад ертөнц ямар учраас аюул учруулж байсан бэ?

6 Есүсийн шавь нар Багшаасаа «дэлхийн хязгаар хүртэл... гэрчлэх» даалгавар аваад нэг бэрхшээлтэй тулгарсан (Үйлс 1:8). Юу гэвэл, дэлгэрүүлэх ёстой хэсэг нь «муу нэгний [буюу Сатаны] дотор» байв (1 Иохан 5:19). Хүний нийгэм Сатаны дэвэргэдэг ёс бус «сүнсэнд» бүрмөсөн автсан байсан бөгөөд христианууд ч уруу татагдах байлаа (Ефес 2:2). Тийм ээ, ертөнц тэдэнд сүнслэг аюул учруулж байсан. Гэхдээ, Еховад үргэлж үнэнч байж, сорилтыг тэвчье л гэвэл, юуны түрүүнд, Бурхны зөвт байдлыг хайх учиртай байв. «Зөв шударга... замаас» хазайсан цөөн хэдэн хүнийг эс тооцвол, тэд үнэнч байж чадсан юм (Сургаалт үгс 12:28; 2 Тимот 4:10).

7. Христиан хүн ертөнцийн нөлөөтэй тэмцэх хэрэгтэй болдгийн учир юу вэ?

7 Өнөөдөр ертөнц I зууныхаас ч илүү завхран гажуудчихаад байгаа тул бүр аюултай! Түүнээс гадна, Сатан дэлхий уруу хаягдаж, «Бурхны хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн... үр удмын» үлдэгдэлтэй ширүүн дайтаж байгаа (Илчлэлт 12:12, 17). Мөн тэр «үр удмыг» дэмждэг хэн бүхэн уруу дайрдаг. Гэлээ гээд, христиануудад ертөнцөөс зугтах арга байхгүй. Тэд «ертөнцийнх биш» хэдий ч ертөнцөд амьдардаг (Иохан 17:15, 16). Бас чин сэтгэлтэй хүмүүсийг эрж хайж, тэдэнд зааж сургаж, Христийн шавь болгохын тулд ертөнцөд дэлгэрүүлдэг (Матай 24:14; 28:19, 20). Тиймдээ ч, христианууд энэ ертөнцийн муу нөлөөнөөс бүрмөсөн зайлсхийх аргагүй учраас энэ нөлөөнд автахгүйн тулд тэмцэх хэрэгтэй болдог. Одоо, аюултай нөлөөний дөрвийг нь авч үзье.

Садар самууны урхи

8. Израильчууд моабчуудын бурхдыг шүтдэг болсон нь ямар учиртай вэ?

8 Цөлд тэнүүлчилсэн 40 жилийн эцсээр олон израиль хүн зөв шударга замаас хазайсан. Уг нь, тэд Ехова өөрсдийг нь хэрхэн аврахыг нүдээрээ үзээд, Амласан газрын босгон дээр ирчихээд байлаа. Гэтэл тэр шийдвэрлэх мөчид моабчуудын бурхдыг шүтдэг болжээ. Ямар учраас тэр билээ? «Махан биеийн хүсэл тачаалд» дийлдсэний гай (1 Иохан 2:16). «Ард түмэн Моабын охидтой завхайрч эхлэв» гэж Библид тэмдэглэсэн байдаг (Тооллого 25:1).

9, 10. Махан биеийн хүсэл тачаал хүнийг амархан завхруулдаг гэдгийг санаж явах нь өнөөдөр яагаад чухал байна вэ?

9 Махан биеийн хүсэл тачаал сэрэмжгүй хүнийг амархан завхруулдаг нь энэ явдлаас харагдаж байна. Энэ түүх бидэнд сургамжтай. Ялангуяа, садар самуун явдал хэвийн үзэгдэл болсон өнөө үед бүр ч их сургамжтай (1 Коринт 10:6, 8). АНУ-д явуулсан нэгэн судалгаанд: «1970-аад он болтол, гэрлээгүй атлаа хамтран амьдрах явдлыг Америкийн бүх мужид хууль бус гэж үздэг байсан. Гэтэл одоо жирийн явдалд тооцдог болжээ. Анх удаа гэрлэж буй хүмүүсийн талаас илүү хувь нь өмнө нь хамтран амьдрагчид байжээ» гэж тэмдэглэсэн байна. Энэ мэтийн садар самуун явдал ганц улсаар тогтохгүй, хаа сайгүй л байдаг болж. Зарим христиан ийм явдлыг даган дуурайж, хурлаасаа хасагддаг нь харамсалтай (1 Коринт 5:11).

10 Түүнээс гадна, садар самууныг хаа сайгүй сурталчилдаг болжээ. Кино ший, телевизийн нэвтрүүлгээр, гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орох нь ямар ч хал балгүй гэж залууст ухуулдаг. Бас ижил хүйстэнтэйгээ явалдахыг жирийн хэрэг болгон харуулдаг. Мөн сексийг дэндүү ил задгай, эрээ цээргүй дэлгэн үзүүлдэг болсон. Садар самууны холбогдолтой зураг хөргийг Интернэтээс төвөггүй олж болно. Жишээ авч үзье. Нэгэн нийтлэлч долоон настай хүүгийнхээ үгийг дуулаад ихэд цочирджээ. Хүү нь сургуулиасаа ирээд, их л хөөрөн ярьсан юм нь ангийнх нь хүүхэд нүцгэн эмэгтэйчүүд сексийн үйлдэл хийж байгааг Интернэтээс үзсэн тухай байжээ. Гэхдээ ийм юм үзчихээд аав ээждээ хэлдэггүй хүүхэд хэд байгаа бол оо? Түүнээс гадна, үр хүүхдийнхээ тоглож нааддаг видео болон компьютерийн тоглоомын утга агуулгыг эцэг эхчүүдийн хэд нь мэддэг бол? Хүүхэд залуусын сонирхдог ихэнх тоглоом садар самуун, ид шид, хүчирхийллийг сурталчилдаг.

11. Эцэг эхчүүд үр хүүхдээ садар самуунаас хэрхэн хамгаалж болох вэ?

11 Эцэг эхчүүд үр хүүхдээ тийм ёс журамгүй «зугаа цэнгэлээс» хэрхэн хамгаалж болох вэ? Эхлээд Бурхны зөвт байдлыг хайж, садар самуунтай холбоотой алив бүхнээс зайлсхийх хүмүүжилтэй болгох хэрэгтэй (2 Коринт 6:14; Ефес 5:3). Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ хаана, юу хийж явдгийг зохих ёсоор анхаарч, Еховаг болон хуулийг нь хайрлах сэтгэлтэй болгон хүмүүжүүлбэл хүүхдүүд порно материал болон садар самууныг сурталчилсан видео тоглоом, кино болон хорхой хүргэм бусад зүйлээс өөрсдийгөө хамгаалах чадвартай болдог (Дэд хууль 6:4–9). *

Олны нөлөө аюултай

12. I зуунд ямар бэрхшээл байсан бэ?

12 Паул Бага Азийн Лустр хотод байхдаа нэг өвчтэй хүнийг гайхамшгаар эдгээдэг. Энэ явдлын тухай Библид: «Паулын үйлдсэн зүйлийг харсан олон түмэн дуугаа өндөрсгөн лукаон хэлээр: „Бурхад хүний дүрээр бидэн уруу буун иржээ“ гэцгээж байлаа. Тэд Барнабыг Зевс, Паулыг Хермес гэж нэрлэв. Учир нь Паул голлон ярьж байсан юм» гэж тэмдэглэсэн байдаг (Үйлс 14:11, 12). Гэтэл дараа нь өнөөх хүмүүс тэр хоёрыг алахыг оролддог (Үйлс 14:19). Тэд олны нөлөөнд амархан автдаг байснаас зайлахгүй. Түүнээс гадна, Паул Лустр хотын ойролцоох Колоссай хотын христиануудад захидал бичихдээ «тэнгэр элчүүдэд мөргөхгүй» байхыг сэрэмжлүүлсэн нь тэндхийн зарим хүн христиан болсон хойноо ч мухар сүсгээсээ бүрмөсөн салаагүй байсных бололтой (Колоссай 2:18).

13. Христиан хүн ямар ямар ёс заншлаас зайлсхийх ёстой вэ? Зайлсхийх хүч хаанаас авах вэ?

13 Өнөөдөр ч бас жинхэнэ христианууд хуурамч шашны сургаалд үндэслэсэн, Библийн зарчимтай зөрчилддөг ёс заншлаас зайлсхийх хэрэгтэй болдог. Жишээлбэл, зарим оронд, хүүхэд төрөх үед үйлддэг зан үйл болон оршуулгын ёслолын ихэнх нь үхэшгүй мөнхийн сүнсний тухай хуурамч сургаалд үндэслэсэн байдаг (Номлогчийн үгс 9:5, 10). Бас зарим оронд охидын «хөвч хөндөх» ёс байдаг. Энэ бол христиан эцэг эхийн хайр халамжтай огт авцалдахгүй, хүний ёсноос гадуур, харгис үйлдэл юм (Дэд хууль 6:6, 7; Ефес 6:4). Тэгвэл христианууд олны нөлөөнд авталгүйгээр тийм ёс заншлаас хэрхэн зайлсхийх вэ? Еховад бат итгэх хэрэгтэй (Дуулал 31:6). «[Та бол] Миний хоргодох газар, миний бат цайз, миний итгэдэг Бурхан» гэж чин сэтгэлээсээ хэлдэг үйлчлэгчдээ зөвт Бурхан хайрлан халамжилж, хүч өгдөг (Дуулал 91:2; Сургаалт үгс 29:25).

Еховаг бүү мартагтун

14. Амласан газар орохынх нь өмнөхөн Ехова израильчуудад юу анхааруулсан бэ?

14 Амласан газар орохынх нь өмнөхөн Ехова израильчуудад өөрийг нь санаж явах ёстойг анхааруулан: «Өнөөдөр миний чамд тушааж буй Түүний тушаал, хууль, зарлигийг сахилгүй, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартахаас болгоомжлоорой. Чи идэж цадаад, сайхан байшин барьж, тэндээ амьдран, мал сүрэг чинь үржин олширч, алт мөнгө чинь арвижиж, чамд байгаа бүхэн чинь өсөн нэмэгдэх үед чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай» хэмээн захижээ (Дэд хууль 8:11–14).

15. Еховаг мартахгүйн тулд өөрсдийгөө хэрхэн шалгаж болох вэ?

15 Буруу юмыг эн тэргүүнд тавивал өнөөдөр ч гэсэн Еховаг мартах аюултай. Гэхдээ, эхлээд Бурхны зөвт байдлыг хайдаг бол жинхэнэ шүтлэг амьдралд маань хамгийн гол байр суурийг эзэлж, Паулын уриалснаар, «цагийг үнэлж», дэлгэрүүлэх ажилд яарах сэтгэлээр оролцох болно (Колоссай 4:5; 2 Тимот 4:2). Харин амарч зугаацах юм уу цагийг өөр ямар нэг байдлаар хөгжилтэй өнгөрөөх явдал бидний хувьд цуглаан болон дэлгэрүүлэх ажлаас илүү чухал болбол Еховаг хоёрдугаарт тавьж, түүнийг мартаж байгаа нь тэр. «Эцсийн өдрүүдэд» хүмүүс «Бурхныг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох» тухай Паул хэлсэн (2 Тимот 3:4). Үнэнч христианууд тийм үзлээс сэргийлж, өөрсдийгөө байнга шалгадаг (2 Коринт 13:5).

Еховад үл захирагдах үзлээс болгоомжлогтун

16. Ева болон I зууны зарим христиан ямар буруу үзэлтэй байсан бэ?

16 Еден цэцэрлэгт Ева Сатаны хатгалгаар, Еховад захирагдахгүй байх аминч үзэлд дийлджээ. Ева сайн мууг өөрөө шийддэг болохыг хүссэн аж (Эхлэл 3:1–6). I зууны Коринт хотын христиан хуралд ч зарим хүн тийн хүсдэг болжээ. Тэд өөрсдийгөө Паулаас мэдлэгээр илүү гэж боддог байсныг Паул егөөдөн, тэднийг «хамгийн эрхэм элч нар» хэмээжээ (2 Коринт 11:3—5; 1 Тимот 6:3–5).

17. Бурханд үл захирагдах үзлээс зайлсхийхийн тулд яах хэрэгтэй вэ?

17 «Бодлогогүй, биеэ тоодог» хүн өнөөгийн нийгэмд олширсон бөгөөд зарим христиан тэдэнд уруу татагддаг. Тэр байтугай, зарим нь эсэргүүцэгч болдог (2 Тимот 3:4; Филиппой 3:18). Бид итгэл үнэмшилтэй холбоотой асуудлаар Еховагаас удирдлага заавар авч, «итгэмжит, ухаалаг боол» болон хурлын ахлагчидтай хамтран ажиллах нь чухал. Энэ нь зөвт байдлыг хайх нэг арга бөгөөд Еховад үл захирагдах үзлээс хамгаалдаг (Матай 24:45–47; Дуулал 25:9, 10; Исаиа 30:21). Тослогдсон христиануудын хурал бол «үнэний багана ба суурь» билээ. Ехова биднийг хамгаалж, удирдах зорилгоор тэр хурлыг бий болгосон (1 Тимот 3:15). Энэ хурал хэчнээн чухал үүрэг гүйцэтгэдгийг хүлээн зөвшөөрөх нь «юуг ч... бардам зангаар хийлгүй», Еховад даруухнаар захирагдахад тусална (Филиппой 2:2–4; Сургаалт үгс 3:4–6).

Есүсийг дуурайгтун

18. Есүсийг хэрхэн дуурайх хэрэгтэй вэ?

18 Библийн зөгнөлд бичсэнчлэн, Есүс «зөвт байдлыг хайрласан бөгөөд ёс бусыг жигшсэн» (Еврей 1:9; Дуулал 45:7). Энэ бол дуурайвал зохих сайхан жишээ мөн! (1 Коринт 11:1). Тэрбээр Еховагийн зөвт хэм хэмжээг мэдээд зогсохгүй тэр хэм хэмжээг эрхэмлэдэг байсан. Тиймээс, Сатанд соригдож байхдаа ч «шударга зөвийн замаас» огт хазайлгүй, шийдвэрээ тууштай баримталсан билээ (Сургаалт үгс 8:20; Матай 4:3–11).

19, 20. Зөвт байдлыг хайхын үр шим юу вэ?

19 Махан биеийн хүсэл тачаал их хүчтэй байдаг нь үнэн (Ром 7:19, 20). Гэхдээ бид зөвт байдлыг эрхэмлэдэг бол ёс бус байдалтай тэмцэж чадна (Дуулал 119:165). Еховад таалагддаггүй үйл хийхээс өөрсдийгөө хамгаалах сайн арга бол зөвт байдлыг чин сэтгэлээсээ хайрлах явдал юм (Сургаалт үгс 4:4–6). Хорхой хүргэм зүйлд автах бүрд Сатан ялдаг гэдгийг санаж яваарай. Сатаныг эсэргүүцэж, Еховагийн төлөө ялалт байгуулбал хэчнээн сайхан бэ! (Сургаалт үгс 27:11; Иаков 4:7, 8).

20 Жинхэнэ христианууд зөвт байдлыг хайдаг учраас «Бурхны магтаал болоод алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн» байдаг (Филиппой 1:10, 11). «Зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг... өмсдөг» (Ефес 4:24). Тэд Еховагийнх учир өөрсдийнхөө хүсэл тачаалын төлөө бус, Бурханд үйлчлэхийн төлөө амьдардаг (Ром 14:8; 1 Петр 4:2). Ийм хүсэл тэдний үзэл бодол, үйл хэрэгт бүрэн шингэсэн байдаг бөгөөд тэд тэнгэрийн Эцгийнхээ зүрхийг хязгааргүй ихээр баярлуулдаг (Сургаалт үгс 23:24).

[Зүүлт]

^ Үр хүүхдээ садар самуунд уруу татагдахаас сэргийлэхэд туслах ашигтай зөвлөгөөг Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Гэр бүлийн аз жаргалын нууц» номоос үзнэ үү (англи).

Тайлбарлана уу

• Зөвт байдлыг хайх нь яагаад чухал бэ?

• Есүсийн өгсөн, зөвт байдлыг хайх тушаалыг төгс бус хүн хэрхэн биелүүлж болох вэ?

• Христианууд юунаас зайлсхийх ёстой вэ?

• Зөвт байдал биднийг хэрхэн хамгаалдаг вэ?

[Догол мөрийн асуулт]