Skip to content

Гарчиг руу орох

Та Бурханд хэр зэрэг бат итгэдэг вэ?

Та Бурханд хэр зэрэг бат итгэдэг вэ?

Та Бурханд хэр зэрэг бат итгэдэг вэ?

«Эхлээд... хаанчлалыг... хайгтун» (МАТАЙ 6:33).

1, 2. Нэгэн залуу Гэрч ажлаа юуны учир, хэрхэн өөрчилсөн бэ?

 НЭГЭН залуу Гэрч хурлынхаа үйл хэрэгт илүү үр бүтээлтэй оролцохыг хүсдэг байж. Гэтэл ажлаасаа болоод цуглаандаа тогтмол очиж чаддаггүй байв. Тэгээд яасан бол оо? Амьдралаа энгийн болгож, христиан үйл хэрэгт бүрэн дүүрэн оролцоход нь саад болохооргүй ажилд оржээ. Урьдынх шигээ өндөр цалин авдаггүй ч, гэр бүлээ тэжээж, амьдралаа болгоод л байдаг аж. Хамгийн гол нь, хурлынхаа үйл ажиллагаанд илүү хувь нэмэр оруулах боломжтой болжээ.

2 Тийм алхам хийснийх нь учрыг та ойлгож байна уу? Та түүний оронд байсан бол тийм шийдвэр гаргах байсан уу? Олон христиан түүнийх шиг алхам хийдэг нь сайшаалтай. Тэд «Эхлээд... хаанчлал болон [Бурхны] зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» хэмээсэн Есүсийн амлалтад итгэдгээ үйл хэргээрээ харуулдаг (Матай 6:33). Тэд амьдралаа «аюулгүй» буюу баталгаатай байлгахын тулд энэ ертөнцөд бус, Еховад найддаг (Сургаалт үгс 3:23, 26).

3. Өнөөдөр Бурхны Хаанчлалыг эн тэргүүнд тавих нь боломжтой гэдэгт зарим хүн яагаад эргэлздэг вэ?

3 Өнөөгийн цаг үеийн хэцүү төвөгтэйг бодож үзвэл, тэр залууг тийм алхам хийсэнд гайхах хүн цөөнгүй гарах байх. Өнөөдөр нийгмийн нэг хэсэг нь ядуугийн туйлд хүрчихээд байхад өөр нэг хэсэг нь хэзээ хэзээнээс илүү тохь тухтай амьдарч байна. Ядуу оронд ихэнх хүн амьдралаа бага ч болов өөд нь татахын тулд ямар ч ажлыг голохгүй хийдэг. Баян чинээлэг улс оронд ч эдийн засгийн хямрал, орон тооны цомхотгол, ажил олгогчдын өндөр шаардлага зэргээс болж амьжиргааныхаа түвшинг хадгалахад амаргүй болжээ. Тийм учраас, зарим хүн: «„Эхлээд хаанчлалыг хайх“ боломж өнөөдөр байна гэж үү?» хэмээн асууж болох юм. Энэ асуултад хариулахын тулд Есүс тэр үгээ чухам хэнд хэлснийг авч үзье.

«Бүү санаа зов»

4, 5. Өдөр тутмын хэрэгцээнд хэт их санаа зовох хэрэггүйг Есүс хэрхэн тайлбарласан бэ?

4 Есүс Галилд, газар газраас ирсэн олон хүнтэй ярилцаж байлаа (Матай 4:25). Тэдний ихэнх нь ядуус байсан. Баян хүн байсан юм гэхэд, хуруу дарам цөөхөн байсан болов уу. Гэтэл Есүс тэдэнд материаллаг эд баялгийг бус, түүнээс хавьгүй үнэтэй сүнслэг эд баялгийг эн тэргүүнд тавихыг уриалжээ (Матай 6:19–21, 24). Тэрбээр: «Амийнхаа төлөө юу идэх билээ, юу уух билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж ч бүү санаа зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү биш үү?» гэж хэлсэн (Матай 6:25).

5 Есүсийн үг олон хүнд амьдралаас тасархай юм шиг санагдсан байж болох. Борви бохирохгүй ажиллахгүй л бол, ар гэр нь хэцүүднэ гэдгийг тэд мэдэж байсан. Гэхдээ Есүс тэдэнд үгээ ойлгуулахын тулд жишээ татаж, жигүүртэн шувууд амьдраад бооод л байдаг ч, Ехова тэдэнд санаа тавьдаг тухай хэлсэн. Бас, талын цэцгийг торддог тухай ярьсан. Ехова огторгуйн шувууд, талын цэцэгсийн төлөө санаа тавьдаг юм бол, биднийг бүр ч их хайрлан халамжлах бус уу? (Матай 6:26–30). Тийм ээ, Есүсийн хэлснээр, амь маань идэх хоолноос, бие маань өмсөх хувцаснаас илүү үнэтэй. Хоол хувцасны төлөө бүхнээ зориулж, Еховад үйлчлэх цаг гаргахгүй юм бол амьдрал жинхэнэ утга учраа алдана (Номлогчийн үгс 12:13).

Дүн нуруутай хандах нь

6. а) Христианууд ямар үүрэг хүлээдэг вэ? б) Христианууд хэнд бүрэн дүүрэн найддаг вэ?

6 Есүс, гараа хумхиж суугаад, хэрэгтэй бүхнээ Бурхнаас авах тухай хэлсэн юм биш ээ. Өөртөө болон ангаахайдаа хоол хүнс олохын тулд шувуу хүртэл хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг шиг І зууны христианууд амьдралаа залгуулахын тулд ажил хийх ёстой байв. Бас ар гэрээ авч явах үүрэгтэй байсан. Христиан болсон зарц, боолууд эзэндээ хичээнгүйлэн үйлчлэх ёстой байлаа (2 Тесалоник 3:10–12; 1 Тимот 5:8; 1 Петр 2:18). Элч Паул амьдралаа залгуулахын тулд заримдаа майхан оёдог байсан (Үйлс 18:1–4; 1 Тесалоник 2:9). Гэхдээ тэд амьдралаа баталгаатай байлгахын тулд ажилдаа бус, Еховад найддаг байв. Үүнийхээ ачаар, зөвхөн Бурханд үйлчилдэг хүний мэдэрдэг, сэтгэлийн амар тайвныг олдог байжээ. Дуулалч: «ЭЗЭНд итгэдэг хүмүүс бол үл хөдлөх, мөнхөд оршдог Сион уулын адил юм» хэмээн бичсэн байдаг (Дуулал 125:1).

7. Еховад бат итгэдэггүй хүн ямар бодолтой байж болох вэ?

7 Еховад бат итгэдэггүй хэн боловч өөрөөр боддог байж болох юм. Эд баялаг бол амьдралын гол баталгаа гэж ихэнх хүн үздэг. Тиймээс, эцэг эхчүүд үр хүүхдээ ирээдүйд өндөр цалинтай, сайхан ажилтай болгох гэсэндээ дээд боловсрол эзэмшихийг уриалдаг. Гэтэл үр хүүхэд нь сүнслэг дүн нуруугаа алдаж, эд хөрөнгөний хойноос улайран хөөцөлддөг болж, улмаар гашуун үр дагавар амсах явдал христиан гэр бүлүүдэд мэр сэр гардаг нь тоогүй.

8. Христианууд ажилдаа хэрхэн дүн нуруутай ханддаг вэ?

8 Харин ухаалаг христианууд Есүсийн үгийг өнөөдөр ч хэрэгжүүлж болдог гэдгийг ойлгон, ажилдаа дүн нуруутай хандахыг хичээдэг. Тэд христиан үүргээ биелүүлэн, гэр бүлээ тэжээхийн тулд олон цагаар ажилладаг байлаа ч, мөнгө олох ажлыг сүнслэг үйл хэргээс хэзээ ч дээгүүр тавьдаггүй (Номлогчийн үгс 7:12).

Санаа зовохгүй байхад туслах зөвлөгөө

9. Еховад бүрэн дүүрэн найддаг хүмүүс Есүсийн хэлсэн үгнээс юу мэдэж болох вэ?

9 Есүс «Ууланд айлдсан номлол»-доо: «„Юу идэх билээ?“, „Юу уух билээ?“, эсвэл „Юу өмсөх билээ?“ гэж бүү санаа зов. Харь үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг. Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм» хэмээн хэлсэн байдаг (Матай 6:31, 32). Үнэхээр урам хайрласан үг биш гэж үү! Хэрэв бид Еховад бүрэн дүүрэн найддаг бол, Ехова биднийг үргэлж дэмжинэ. Гэхдээ Есүсийн хэлсэн үг илүү гүн утгатай. Юу гэвээс, хэрэв бид баян болохыг «чармайдаг» бол «харь үндэстнүүд» буюу христиан биш хүмүүстэй адилхан бодож сэтгэдэг гэсэн үг болно.

10. Өөрөөс нь зөвлөгөө хүссэн залуу, үнэн хэрэгтээ, юунд илүү хайртай байсныг Есүс хэрхэн илчилсэн бэ?

10 Маш их хөрөнгөтэй нэгэн залуу мөнх амийг олохын тулд яах ёстойгоо Есүсээс асуужээ. Хариуд нь Есүс тухайн үед хүчин төгөлдөр хэвээр байсан Мосегийн хуулийн заалтуудыг биелүүлэхийг зөвлөхөд өнөөх залуу: «Энэ бүхнийг би сахисан. Надад өөр юу дутагдаж байна вэ?» гэв. Тэгэхэд нь Есүс, өнөөгийн олон хүнд амьдралаас тасархай юм шиг санагдаж болох үг хэлжээ. «Хэрэв чи төгс байхыг хүсэж байвал явж, эд хөрөнгөө зарж, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага» хэмээжээ (Матай 19:16–21). Гэтэл залуу гунигтайгаар холдон явав. Хөрөнгөнөөсөө сална гэдэг түүний хувьд санаанд нь багтамгүй зүйл байж. Эд хөрөнгийг Еховагаас илүү хайрладаг байжээ.

11, 12. а) Есүс эд баялгийн тухай санаанд оромгүй ямар үг хэлсэн бэ? б) Еховад үйлчлэхэд эд хөрөнгө ямар саад учруулж болох вэ?

11 Үүнээс үүдээд Есүс санаанд оромгүй нэг үг хэлсэн байдаг. Тэрбээр: «Баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх аж. [...] Баян хүн Бурхны хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар» гэжээ (Матай 19:23, 24). Тэгвэл баян хүн Бурхны Хаанчлалыг өвлөх аргагүй гэсэн үг үү? «Бурханд бүх юм боломжтой» гэж Есүс хэлсэн учир баян хүн ч гэсэн Бурхны Хаанчлалыг өвлөж болно (Матай 19:25, 26). Тэгээд ч, Еховагийн тусламжтайгаар, тослогдсон христиан болсон хүмүүсийн дунд хөрөнгөтэй хүмүүс байсан билээ (1 Тимот 6:17). Гэхдээ, Есүс тэр үгээ бидэнд сануулга болгон зориуд хэлжээ.

12 Хэрэв хүн, тэр баян залуугийн адилаар, эд хөрөнгөнд сэтгэл зүрхээ өгвөл Еховад бүх зүрхээрээ үйлчилж чадахгүй. Эд хөрөнгөтэй юм уу «баяжих хүсэлтэй хүмүүсийн» хэн хэнд нь тийм саад учирч болно (1 Тимот 6:9, 10). Еховад найдахаасаа илүү, хөрөнгө мөнгөнд найддаг хүн «сүнслэг хэрэгцээгээ мэдрэхээ» больдог (Матай 5:3, ШЕ). Улмаар Бурхны тусламж дэмжлэг хэрэгтэй гэдгийг мартах аюултай (Дэд хууль 6:10–12). Тэр байтугай, итгэл нэгтнүүдээсээ онцгой анхаарал шаардаж, тэднээр илүү хүндлүүлэхийг хүсдэг болж мэднэ (Иаков 2:1–4). Бас Еховад үйлчлэхээс илүү, эд хөрөнгөндөө сэтгэл нь ханаж, зугаа цэнгэлд ихэнх цагаа зориулж болох юм.

Зөв бодолтой болох нь

13. Лаодикийн христианууд ямар буруу бодолтой байсан бэ?

13 Эд баялгийн талаар буруу бодолтой хэсэг хүн І зууны Лаодик хотын хуралд байжээ. Есүс тэдэнд: «Чи: „Би баян. Баяжсан тул дутах зүйл ер байхгүй“ гэдэг. Чи өөрийнхөө хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн байгааг мэдэхгүй байна» гэж хэлжээ. Баян учраас л тийм өрөвдөлтэй болсон хэрэг биш байлаа. Гол нь, тэд амьдралынхаа эн тэргүүнд Еховаг бус, эд баялгийг тавьдаг байжээ. Үүний гайгаар, сүнслэгээр «бүлээвтэр» болсон тул Есүс тэднийг «амнаасаа бөөлжиж гаргахаар» завдаж байв (Илчлэлт 3:14–17).

14. Паул ямар учраас еврей христиануудыг магтсан бэ?

14 Харин еврей христианууд хавчлагад өртөж, хамаг юмаа алдсан хэдий ч зөв бодолтой байсан тул элч Паулаас магтаал сонсжээ. Паул: «Илүү сайн мөнхийн өмч хөрөнгөтэйгөө та нар мэдэх тул хоригдогсдод энэрэнгүй хандаж, эд хөрөнгийг чинь булаан авахад ч баяр хөөртэй байсан» гэж бичжээ (Еврей 10:34). Тэд хамгийн үнэтэй буюу «илүү сайн мөнхийн өмч хөрөнгөнөөсөө» зуурч байсан учир эд хөрөнгөө алдлаа гэж сэтгэлээр уналгүй, баяр хөөртэй байж чадсан аж. Есүсийн «сургаалт зүйрлэлд» гардаг, их үнэтэй ширхэг сувдны төлөө, байсан бүхнээ зарсан худалдаачны адилаар, тэд Хаанчлалын найдвараа алдахгүйн тулд юугаа ч золиослоход бэлэн байсан (Матай 13:45, 46). Дуурайвал зохих жишээ биш гэж үү!

15. Залуу Гэрч эмэгтэй Хаанчлалыг эн тэргүүнд тавьдгаа хэрхэн харуулсан бэ?

15 Тэдний жишээг дуурайхыг хичээдэг христиан эдүгээ олон бий. Жишээ нь, Либерид амьдардаг нэгэн залуу Гэрч эмэгтэй их сургуульд сурах урилга авчээ. Либерид хэрэв хүн дээд боловсрол эзэмшвэл амьдралынхаа баталгааг хангасантай адил байдаг ажээ. Гэхдээ тэр Гэрч, эхлэгч буюу бүрэн цагийн дэлгэрүүлэгч байсны дээр түр хугацаагаар тусгай эхлэгчээр үйлчлэх урилга авчихаад байжээ. Тэрбээр эхлээд Хаанчлалыг хайхаар шийдэн, бүрэн цагийн үйлчлэлээ орхиогүй байна. Томилогдсон газраа очоод 3 сарын дотор 21 Библийн хичээл эхэлжээ. Энэ эгчийн адил өөр олон мянган Гэрч баяжиж болох байсан боломжоо золиослон, эхлээд Хаанчлалыг хайдаг. Тэд зоосны нүхээр хардаг ертөнцөд амьдардаг ч, олон сайхан христиан чанар хөгжүүлсний ачаар Хаанчлалыг хайх хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг. Тэдгээр чанарын заримыг авч үзье.

16, 17. а) Еховад итгэхэд даруу байх нь ямар учраас чухал бэ? б) Еховагийн амлалтад итгэх ёстойн учир юу вэ?

16 Даруу байх. «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно. Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай» гэж Библи зөвлөдөг (Сургаалт үгс 3:5–7). Ер нь, хүн өөрөө л зөв гэж бодсноороо шийдвэр гаргадаг (Иеремиа 17:9). Харин үнэнч христиан хүн ямагт Еховагаар «хөтлүүлдэг» буюу удирдуулдаг (Дуулал 48:14). Тийм хүн «бүх замаараа», өөрөөр хэлбэл, хурлын үйл хэрэг, сургууль соёл, ажил алба, амралт гэх мэтийн бүх л асуудлаар Еховагийн зөвлөгөөг хүлээн авч, даруухнаар хэрэгжүүлдэг (Дуулал 73:24).

17 Еховагийн амлалтад итгэх. «Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой» гэж Паул хэлсэн байдаг (Еврей 11:6). Еховаг хэлсэндээ хүрнэ гэдэгт эргэлздэг хүн «энэ ертөнцийг... бүрэн дүүрнээр ашиглах» нь ухаалаг гэж үзэх байх (1 Коринт 7:31). Харин бат итгэдэг хүн, эхлээд Хаанчлалыг хайх шийдвэр төгс байж чадна. Тэгвэл итгэлээ яаж бэхжүүлэх вэ? Чин сэтгэлээсээ тасралтгүй залбирах, бие даан тогтмол судлах зэргээр Еховад ойртох хэрэгтэй (Дуулал 1:1–3; Филиппой 4:6, 7; Иаков 4:8). Давид хааны адилаар, «ЭЗЭН, би Танд итгэдэг, „Та бол миний Бурхан“ гэж би хэлдэг. ...Сайн сайхан тань... хичнээн агуу вэ!» гэж залбирах нь зүйтэй (Дуулал 31:14, 19).

18, 19. а) Еховад үйлчлэхийн тулд хүчин чармайлт гаргах нь итгэлийг маань хэрхэн бэхжүүлдэг вэ? б) Христиан хүн өөрийгөө золиослоход бэлэн байх ёстойн учир юу вэ?

18 Хүчин чармайлт гарган, Еховад үйлчлэх. Паул, Бурхны амлалтад итгэдэг хүн Бурхандаа үйлчлэхийн тулд хүчин чармайлт гаргах ёстойг тэмдэглэн: «Та нарын хүн нэг бүр найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармайлт гаргаасай [гэж бид хүсдэг]» хэмээн бичжээ (Еврей 6:11). Өөрт нь үйлчлээд завгүй байдаг хүнийг Ехова дэмждэг. Тийм тусламж дэмжлэг авах бүрд итгэл маань бэхжиж, «тууштай байж, гуйвж дайвахгүй» үйлчилдэг (1 Коринт 15:58). Тийм ээ, итгэл найдвар маань бат бөх болдог (Ефес 3:16–19).

19 Өөрийгөө золиослоход бэлэн байх. Паул Есүсийг дагахын тулд ажил алба, хэргэм зэрэг ахих таатай боломжоо золиослосон. Материаллаг талаас нь авч үзвэл, Паулын амьдрал заримдаа хүнд байсан ч, гаргасан шийдвэр нь зөв байсан нь эргэлзээгүй (1 Коринт 4:11–13). Ехова үйлчлэгчдэдээ тансаг хангалуун амьдрал амлаагүй бөгөөд зовлон бэрхшээл биднийг тойрдоггүй. Бид амьдралаа энгийн болгож, өөрийгөө золиослоход бэлэн байн, Еховад үйлчлэхээр эргэлт буцалтгүй шийдсэнээ батлан харуулдаг (1 Тимот 6:6–8).

20. Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавьдаг хүнд тэвчээр ямар учраас чухал бэ?

20 Тэвчээртэй байх. Шавь Иаков итгэл нэгтнүүддээ: «Ах дүү нар аа, Эзнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун» хэмээн уриалжээ (Иаков 5:7). Амьдралын хэмнэл түргэсэж байгаа өнөөгийн нийгэмд тэвчээртэй байх амаргүй. Хүмүүс бид санасан бодсон маань түргэн биелээсэй гэж яардаг. Гэхдээ Паул биднийг «итгэл ба тэвчээрээр амлалтуудыг өвлөдөг хүмүүсийг дуурайгсад байхыг» уриалсан (Еврей 6:12). Еховаг тэвчээртэй хүлээгтүн! Дэлхийн диваажинд мөнх амьдрах гэдэг хүлээсэн ч алдах юм биш билээ!

21. а) Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавивал юуг харуулах вэ? б) Дараагийн өгүүллээр юун тухай ярилцах вэ?

21 Тийм ээ, эхлээд Хаанчлалыг хайх Есүсийн зөвлөгөөг өнөөдөр ч хэрэгжүүлж болдог. Хэрэгжүүлдэг бол Еховад бат итгэдгээ, христиан хүнд хамгийн найдвартай цорын ганц замыг сонгосноо харуулна. Гэхдээ Есүс: «Эхлээд... [Бурхны] зөвт байдлыг хайгтун» гэж бас тушаасан билээ. Энэхүү тушаалыг биелүүлэх нь, ялангуяа өнөөдөр ямар учраас тийм их ач холбогдолтой вэ гэдгийг дараагийн өгүүллээр ярилцъя.

Хариулна уу

• Есүсийн уриалснаар, эд баялагт хэрхэн дүн нуруутай хандах хэрэгтэй вэ?

• «Баян хүн Бурхны хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар» хэмээсэн Есүсийн үг ямар сургамжтай вэ?

• Эхлээд Хаанчлалыг хайхад ямар ямар чанар тусалдаг вэ?

[Догол мөрийн асуулт]