Бурхан санаа зорилгоо яаж биелүүлдэг вэ?
Бурхан санаа зорилгоо яаж биелүүлдэг вэ?
«[Бурхан] бүх юмыг хүслийнхээ зөвлөгөөгөөр үйлддэг» (ЕФЕС 1:11).
1. Еховагийн Гэрчүүдийн бүх хурал 2006 оны дөрөвдүгээр сарын 12-нд цуглахын учир юу вэ?
2006 ОНЫ дөрөвдүгээр сарын 12-ны лхагва гаригийн үдэш 16 сая орчим хүн Эзний оройн зоогийн арга хэмжээнд хүрэлцэн ирнэ. Жил бүр болдог энэхүү цуглааны үеэр тусгайлан зассан ширээн дээр исгээгүй талх, улаан дарс тавьдаг. Исгээгүй талх нь Христийн биеийг, улаан дарс нь асгаруулсан цусыг нь бэлэгддэг. Есүсийн үхлийн утга учрыг тайлбарласан илтгэл дуусах дөхөхөд бэлэгдлийн чанартай энэ хоёр зүйлийн талхыг эхлээд, дарсыг дараа нь бүх хүнд дамжуулдаг. Бэлэгдлийн энэ идээнээс хүртдэг хүн Еховагийн Гэрчүүдийн цөөн хэдэн хуралд ганц хоёрхон байдаг. Тэнгэрт амьдрах найдвартай тэр цөөн хэдэн христиан бэлэгдлийн идээнээс хүртэж байхад дэлхий дээр амьдрах найдвартай олонх нь яагаад хүртдэггүй вэ?
2, 3. а) Ехова санаа зорилгынхоо дагуу бүтээлээ ямар дэс дараатайгаар туурвисан бэ? б) Ехова дэлхий ба хүн төрөлхтнийг ямар зорилготой бүтээсэн бэ?
2 Ехова бол санаа зорилготой Бурхан. Зорилгоо биелүүлэхийн тулд «бүх юмыг хүслийнхээ зөвлөгөөгөөр үйлддэг» (Ефес 1:11). Тэрбээр эхлээд «цорын ганц Хүүгээ» бүтээсэн (Иохан 1:1, 14; Илчлэлт 3:14). Дараа нь энэ Хүүгээрээ сүнсэн хөвгүүдийг, тэгээд орчлонт ертөнц, дэлхий, хүнийг бүтээлгэсэн (Иов 38:4, 7; Дуулал 103:19–21; Иохан 1:2, 3; Колоссай 1:15, 16).
3 Ехова дэлхийг, христ шашны ертөнцийнхний заадаг шиг, хожим нь тэнгэрт гаргах хүмүүсээ сорьж шалгах туршилтын талбар болгон бүтээгээгүй. Тэрбээр дэлхийг тодорхой зорилготойгоор буюу хүмүүсийг «оршин суулгахын тулд» бүтээсэн (Исаиа 45:18). Тийм ээ, дэлхийг хүнд зориулж, хүнийг дэлхий дээр амьдруулахаар бүтээсэн билээ (Дуулал 115:16). Бөмбөрцөг дэлхий маань зөв хүмүүсийн диваажин гэр болж, хүмүүс тэр гэрээ хайрлан хамгаалж, арчлан тордох ёстой байв. Анхны хос дэлхий дээрээ үүрд мөнх амьдрах байсан (Эхлэл 1:26–28; 2:7, 8, 15).
Еховагийн санаа зорилгод саад тотгор учирсан нь
4. Хүний түүхийн эхэнд, Еховагийн хэмжээгүй эрх мэдэлд хамаатай маргаан хэрхэн дэгдсэн бэ?
4 Бурхны нэг сүнсэн хүү сонгох эрх чөлөөгөө буруу ашиглан самуун дэгдээж, санаа зорилгод нь саад болохоор шийджээ. Энэ нь Еховагийн хэмжээгүй эрх мэдэлд хайрынхаа үүднээс захирагддаг бүхний амгалан тайван байдлыг алдагдуулав. Сатан анхны хосыг Бурхнаас хараат бусаар явах замд татан оруулжээ (Эхлэл 3:1–6). Тэрбээр Еховагийн хүч чадлыг үгүйсгээгүй ч хэмжээгүй эрх мэдлээ хэрэгжүүлэх аргынх нь талаар буюу захирах эрхтэй эсэх талаар маргаан дэгдээсэн. Ийнхүү Еховагийн хэмжээгүй эрх мэдэлд хамаатай гол маргаантай асуудал дэлхий дээр дэгдэж, хүн төрөлхтний түүхийн эхний хуудсанд бичигдсэн юм.
5. Хоёрдугаар асуудал цаанаа хэнд хамаатай байсан бэ?
5 Сатан маргаантай гол асуудалтай уялдуулан хоёрдугаар асуудлыг Иовын үед гаргаж тавьжээ. Тэрбээр, Еховагийн бүтээлүүд Бүтээгчдээ чин сэтгэлээсээ захирагдаж, үйлчилдэг үү гэсэн асуудал босгож, тэд амин хувиа бодож бүхнийг хийдэг бөгөөд сорилтод орвол Бурхнаас нүүр буруулна гэсэн утгатай үг хэлсэн (Иов 1:7–11; 2:4, 5). Энэхүү маргаантай асуудлыг хүнтэй холбон гаргаж тавьсан хэдий ч Бурхны сүнсэн хөвгүүдэд, тэр дундаа, цорын ганц Хүүд нь ч бас хамаатай байлаа.
6. Ехова нэрийнхээ утга учрыг баталж, зорилгодоо үнэнчээ хэрхэн харуулсан бэ?
6 Зорилгодоо үнэнч Ехова нэрийнхээ утгыг баталж, өөрийгөө Зөнч, Аврагч болгосон. * Тэрбээр Сатанд: «Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, бас чиний үр хүүхдийг [«үрийг», ШЕ] тэр эмэгтэйн үр хүүхэдтэй [«үртэй», ШЕ] өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд [«үр», ШЕ] чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно» гэж хэлжээ (Эхлэл 3:15). Ехова байгууллагынхаа тэнгэр дэх хэсэг буюу «эмэгтэйн» Үрээр дамжуулж Сатаны гаргасан маргаантай асуудалд хариу өгч, Адамын үр удмыг аварч, улмаар мөнх амьдрах найдвартай болгосон (Ром 5:21; Галат 4:26, 31).
Түүний «тааллын нууц»
7. Ехова элч Паулаар дамжуулж санаа зорилгоо хэрхэн илчилсэн бэ?
7 Элч Паул Ефесийн христиануудад бичсэн захидалдаа Еховаг санаа зорилгоо биелүүлэхийн тулд ямар арга хэмжээ авдгийг тодорхой тайлбарлажээ. Тэрбээр: «Тэр Түүний дотор зорилго тавьж, Өөрийнхөө сайн тааллын дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлэв. Энэ нь цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ» хэмээн бичжээ (Ефес 1:9, 10). Ехова өөрт нь хайрын сэтгэлээр захирагддаг бүх бүтээлээ нэгтгэх гайхамшигт санаа зорилготой (Илчлэлт 4:11). Энэ зорилго нь биелэх цагт Бурхны нэр ариусаж, хүсэл таалал нь «тэнгэрт шигээ газар дээр» биелж, Сатаны худалч болох нь батлагдах юм (Матай 6:10).
8. Ехова санаа зорилгоо яаж биелүүлэх вэ?
8 Ехова арга хэмжээтэйгээ яв цав нийцүүлж «сайн таалал» буюу санаа зорилгоо биелүүлдэг. Тэрбээр энэхүү гайхамшигт арга хэмжээндээ олон зууны явцад аажим аажмаар илчлэгдэх нэгэн «нууцыг» оруулжээ (Ефес 1:10; 3:9).
9. Ехова тааллынхаа нууцыг аажим аажмаар хэрхэн илчилсэн бэ?
9 Ехова дараалсан гэрээ байгуулж, Еденд амласан Үрийн талаарх санаа зорилгоо хэрхэн биелүүлэхээ аажим аажмаар тодорхой болгожээ. Абрахамтай байгуулсан гэрээ нь, амласан Үр Абрахамын удмаас гарч, «дэлхийн бүх үндэстэн» тэр үрээр дамжин ивээл хүртэх юм гэдгийг илчилсэн. Мөн, зарим хүн үрийн гол хэсэгтэй нэгдэнэ гэдгийг мэдүүлсэн (Эхлэл 22:17, 18). Израильтай байгуулсан Хуулийн гэрээ нь «тахилч нарын хаанчлал» байгуулах Еховагийн санаа зорилгыг илчилсэн (Египетээс гарсан нь 19:5, 6). Амласан Үр үүрд Хаан байна гэдгийг Давидтай байгуулсан гэрээ харуулдаг (2 Самуел 7:12, 13; Дуулал 89:3, 4). Хуулийн гэрээ иудейчүүдийг Мессиа руу «хандуулсны» дараа Ехова санаа зорилгоо хэрхэн биелүүлэх тухай цаашдын нарийн ширийн зүйлийг илчилсэн (Галат 3:19, 24). Үрийн гол хэсэгтэй нэгдэх тэр хүмүүс нь «тахилч нарын хаанчлалыг» бүрдүүлэх бөгөөд шинэ «Израиль» буюу сүнслэг үндэстэн болж, «шинэ гэрээнд» багтах учиртай байлаа (Иеремиа 31:31–34; Еврей 8:7–9). *
10, 11. а) Ехова амласан Үрээ хэрхэн илчилсэн бэ? б) Бурхны цорын ганц Хүү ямар учраас дэлхийд ирсэн бэ?
10 Ехова Бурхан санаа зорилгоо биелүүлэхийн тулд, амласан Үрээ дэлхий рүү явуулах цаг нь болов. Тэрбээр тэнгэр элч Габриелыг Мариа руу илгээж, Есүс гэдэг нэртэй хүү төрүүлэх гэж байгааг нь хэлүүлжээ. Габриел Мариад: «Тэр Хүү агуу Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд Түүний хаанчлалд төгсгөл байхгүй байна» гэж хэлсэн (Лук 1:32, 33). Ийнхүү, амласан Үр хэн байх нь тодорхой болсон (Галат 3:16; 4:4).
11 Еховагийн цорын ганц Хүү дэлхийд ирж, эцсээ хүртэл соригдох учиртай байв. Сатаны дэгдээсэн маргаантай асуудалд Хүү нь үйл хэргээрээ бүрэн төгс хариу өгөх байлаа. Есүс Эцэгтээ үнэнч үлдэж чадах болов уу? Энэ бүхэн Бурхны «нууцын» хэсэг байсан. Хожим нь элч Паул Есүсийн үүргийн тухай: «Бурханлаг байдлын нууц нь агуу гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрнө. Махан биеэр илчлэгдсэн Тэр нь Сүнс дотор зөвтгөгдсөн, тэнгэрт элч нарт харагдсан, үндэстнүүдийн дунд тунхаглагдсан, ертөнцөд итгэгдсэн, алдар дотор дээш авагдсан юм» гэж тайлбарласан (1 Тимот 3:16). Тийм ээ, Есүс үхэн үхтэлээ гуйвшгүй үнэнч байн, Сатаны гаргасан маргаантай асуудалд эцсийн хариуг өгсөн. Гэхдээ нууц бүрэн тайлагдаагүй байлаа.
«Бурхны хаанчлалын нууц»
12, 13. а) «Бурхны хаанчлалын нууцын» нэг хэсэг юу вэ? б) Ехова цөөн тооны хүнийг тэнгэрт гаргахаар сонгосон нь ямар учиртай вэ?
12 Есүс Галил нутгаар дэлгэрүүлж явахдаа тэрхүү нууцыг Мессиагийн Хаанчлалтай нягт уялдаатай болохыг илчилжээ. Тэрбээр шавь нартаа: «Тэнгэрийн хаанчлалын [«Бурхны хаанчлалын», Марк 4:11] нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм» гэж хэлсэн (Матай 13:11). Тэр нууцын нэгээхэн хэсэг нь Ехова «өчүүхэн сүрэг» буюу 144 000 хүнийг Хүүтэйгээ нэгтгэн, тэнгэрт хамт захируулахаар үрийн хэсэг болгон сонгох явдал байв (Лук 12:32; Илчлэлт 14:1, 4).
13 Ехова хүмүүсийг анхнаасаа дэлхий дээр амьдруулахаар бүтээсэн ч зарим хүнийг тэнгэрт гаргахын тулд «шинэ бүтээл» болгох шаардлагатай байжээ (2 Коринт 5:17). Тийм хүмүүсийн нэг болох элч Петр: «Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болон Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан агуу их өршөөлөөрөө Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар руу, мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв рүү дахин төрүүлсэн» гэж бичжээ (1 Петр 1:3, 4).
14. а) Иудей биш хүмүүс «Бурхны хаанчлалын нууцад» ямар хамаатай байсан бэ? б) Бид «Бурхны гүн юмсыг» ямар учраас ойлгож чаддаг вэ?
14 Ирээдүйн Хаанчлалын нууцын бас нэг хэсэг нь Христтэй хамт тэнгэрээс захирах тэр цөөн хүний дунд иудей бус хүмүүсийг оруулах явдал байлаа. Еховагийн санаа зорилгоо биелүүлэх арга хэмжээний энэ хэсгийн тухай Паул: «Энэ нь өөр үеийнхэнд, хүний хөвгүүдэд мэдэгдээгүй боловч эдүгээ сүнс дотор Түүний ариун элч нар ба эш үзүүлэгчдэд илчлэгдсэнээр Харь үндэстнүүд энэхүү биеийн хамтран өв залгамжлагчид ба эрхтнүүд болох бөгөөд сайн мэдээгээр дамжуулан Христ Есүс дотор амлалтыг хамтран хуваалцагчид болжээ» гэж тайлбарласан (Ефес 3:5, 6). Нууцын энэ хэсэг «ариун элч нарт» илчлэгджээ. Орчин үед ч бас ариун сүнс туслаагүй бол энэхүү «Бурхны гүн юмсыг» бид ойлгохгүй байх байсан (1 Коринт 2:10; 4:1; Колоссай 1:26, 27).
15, 16. Ехова Христийн хамтрагчдыг яагаад хүмүүсийн дундаас сонгосон бэ?
15 Тэнгэрийн Сион уулан дээр «Хургатай» хамт зогсох «зуун дөчин дөрвөн мянган хүнийг» «дэлхийгээс худалдаж авагдсан», «Бурхан болон Хурганы [Есүс Христийн] төлөөх анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан» гэдэг (Илчлэлт 14:1–4). Ехова тэнгэрийн хөвгүүдийнхээ анхныхыг Еденд амласан үрийнхээ гол хэсэг болгохоор сонгосон. Гэтэл бусад хэсэг буюу Христийн хамтрагчдыг яагаад хүмүүсийн дундаас сонгов оо? Тэр цөөн тооны хүнийг «Түүний [Еховагийн] зорилгын дагуу», «сайн тааллын дагуу» дуудагдсан гэдгийг элч Паул тайлбарлажээ (Ром 8:17, 28–30; Ефес 1:5, 11; 2 Тимот 1:9).
16 Ехова агуу, ариун нэрээ ариусгаж, орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөх зорилготой. Тэрбээр хосгүй мэргэн ухаанаар арга хэмжээ авч, ууган Хүүгээ дэлхий рүү явуулсан бөгөөд Хүү нь эцсээ хүртэл соригдсон билээ. Түүнээс гадна, Ехова хэмжээгүй эрх мэдлийг нь үхэн үхтэлээ дэмжих хүмүүсийг Хүүгийнхээ Мессиагийн Хаанчлалд оруулахаар шийджээ (Ефес 1:8–12; Илчлэлт 2:10, 11).
17. Христ болон түүний хам захирагчид өмнө нь хүн байсанд бид яагаад баярлах хэрэгтэй вэ?
17 Ехова Хүүгээ дэлхий рүү явуулан, Хаанчлалыг Хүүтэй нь хамтран өвлөх хүмүүсийг хүн төрөлхтний дундаас сонгосон нь Адамын үр удамд агуу хайраа үзүүлсэн хэрэг байв. Абелаас хойш өнөөг хүртэл Еховад үнэнчээ баталсаар ирсэн бусад хүн үүний ач тусыг хэрхэн хүртэх бол? Нүгэл, үхлийн боол болж төрдөг төгс бус хүмүүсийг сүнслэгээр болон бие махбодын хувьд илааршуулж, төгс болгох нь Еховагийн анхны санаа зорилго юм (Ром 5:12). Хаан нь дэлхийд үйлчилж байхдаа шавь нараа хайрлаж, сайхан сэтгэл гаргаж байсан шигээ өөрсдөд нь бас тийн хандана гэдгийг мэдэхлээрээ дэлхий дээр мөнх амьдрахаа тэсэн ядан хүлээж байгаа бүх хүн хэчнээн их тайвширдаг бол оо! (Матай 11:28, 29; Еврей 2:17, 18; 4:15; 7:25, 26). Бас Христтэй хамт тэнгэрт хаан-тахилч болох тэр эрэгтэй эмэгтэй хүмүүс бидэн шиг сул талтайгаа тэмцэж, амьдралын бэрхшээл зовлон туулж байсан гэж бодохлоор үнэхээр тайвширмаар! (Ром 7:21–25).
Еховагийн санаа зорилго өөрчлөгдөшгүй
18, 19. Ефес 1:8–11-д бичсэн Паулын үг одоо бидэнд хэрхэн тодорхой болсон бэ? Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
18 Ефес 1:8–11-д тослогдсон христиануудад хандсан Паулын үг ямар утгатай нь одоо илүү ойлгомжтой боллоо. Паулын хэлснээр, Ехова тэдэнд «тааллынхаа нууцыг» мэдүүлж, тэднийг Христийн «өв залгамжлагчид» болгон, «бүх юмыг хүслийнхээ зөвлөгөөгөөр үйлддэг [Өөрийнхөө] зорилгын дагуу [тэднийг] урьдаас тогтоосон» ажээ. Энэ бүхэн санаа зорилгоо биелүүлэхээр Еховагийн авсан арга хэмжээтэй тохирч байгаа нь харагдаж байна. Түүнчлэн, Эзний оройн зоогийн бэлэгдлийн утгатай талх, дарснаас цөөхөн хүн хүртдэгийн учир ойлгомжтой болж байна.
19 Дараагийн өгүүллээр Христийн үхлийг дурсах гэдэг нь тэнгэрийн найдвартай тэдгээр христианы хувьд юу гэсэн үг болохыг үзнэ. Мөн дэлхий дээр мөнх амьдрах найдвартай олон сая хүн уг арга хэмжээний цаад учрыг яагаад шимтэн сонирхох ёстой байдгийг ярилцана.
[Зүүлт]
^ Бурхны нэрийг үгчлэн орчуулбал «Тэр болгодог» гэсэн утгатай. Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд өөрийгөө юу болгох шаардлагатай байна, тийм болгодог аж. (Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Ехова гэж хэн бэ?» танилцуулгын 3, 4-р хуудаснаас үзнэ үү.)
^ Бурхны санаа зорилго биелэхтэй холбоотой эдгээр гэрээний талаар 1989/2/1-ний «Харуулын цамхаг» сэтгүүлийн 10—15-р хуудаснаас дэлгэрэнгүй үзнэ үү (англи).
Давтах асуулт
• Ехова ямар учраас дэлхийг бүтээж, хүнийг амьдруулах болсон бэ?
• Еховагийн цорын ганц Хүү дэлхий дээр соригдох байсны учир юу вэ?
• Ехова Христийн хам захирагчдыг хүмүүсийн дундаас сонгосон нь ямар учиртай байсан бэ?
[Догол мөрийн асуулт]