Skip to content

Гарчиг руу орох

«Бүх үндэстэнд гэрчлэл болно»

«Бүх үндэстэнд гэрчлэл болно»

«Бүх үндэстэнд гэрчлэл болно»

«Та нар... энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» (ҮЙЛС 1:8).

1. Матай 24:14-т бичсэн зөгнөлийг Есүсийн шавь нар анх хэзээ, хаана сонссон бэ?

 МАТАЙ 24:14-т бичсэн Есүсийн алдартай үгийг цээжээрээ мэддэг хүн бидний дунд олон байдаг. Энэ бол үнэхээрийн гайхалтай зөгнөл! Есүсийн шавь нар энэ үгийг анх сонсоод юу бодсон бол оо? Тэр үед МЭ 33 он гарсан байсан бөгөөд Есүсийн дэргэд бараг гурван жилийг өнгөрөөсөн шавь нар нь түүнтэй хамт Иерусалимд ирсэн байв. Тэд гурван жилийн хугацаанд багшийнхаа үйлдсэн гайхамшгийг үзэж, номлосон сургаалыг нь сонссон билээ. Есүсийн заасан сургаалыг шавь нар нь эрхэмлэн үнэлдэг байв. Гэтэл үнэлж үздэггүй хүн олон байсныг тэд сайн мэдэж байлаа. Есүсийн дайснуудын дунд эрх мэдэл, нэр нөлөө бүхий хүмүүс байсан.

2. Есүсийн шавь нар ямар аюул, сорилттой тулгарах ёстой байсан бэ?

2 Есүс Чидун ууланд байхдаа дөрвөн шавьдаа, хожим тэдэнд ямар аюул, сорилт тулгарахыг ярьжээ. Үүнээс өмнө, Есүс алуулах тухайгаа хэлж байсан (Матай 16:21). Энэ удаад тэднийг бас харгис хавчлагад өртөх учиртайг тодорхой хэлж: «Хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно» гэв. Түүгээр зогсохгүй, «хуурамч эш үзүүлэгчид» олныг төөрөлдүүлж, дагалдагчдынх нь зарим нь бүдэрч, нэг нэгнээсээ урваж, бие биеэ үзэн ядах аж. Бас заримынх нь буюу Есүсийн зөгнөснөөр, «олонх хүний» Бурхныг болон Бурхны Үгийг хайрлах хайр хөрөх ажээ (Матай 24:9–12).

3. Матай 24:14-т бичсэн Есүсийн үгийг үнэхээр гайхмаар гэж хэлж болохын учир юу вэ?

3 Есүс ийм таагүй үйл явдлын тухай ярьсныхаа дараа шавь нарынхаа гайхлыг төрүүлсэн нэг зөгнөл хэлсэн. Тэрбээр: «Хаанчлалын [тухай] энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» хэмээжээ (Матай 24:14). Тийм ээ, Есүсийн Израильд эхлүүлсэн «үнэний тухай гэрчлэх» ажил дэлхийн хэмжээнд өргөжин тэлэх учиртай байлаа (Иохан 18:37). Үнэхээр гайхмаар зөгнөл биш гэж үү? Энэхүү ажлыг «бүх үндэстний» хэмжээнд өргөжүүлнэ гэдэг амаргүй даваа байлаа. Тэр тусмаа, «бүх үндэстний үзэн ядалтыг» сөрөн байж, тийн өргөжүүлэн тэлэхийг гайхамшиг гэхээс өөр юу гэх билээ! Энэ агуу даалгаврыг биелүүлбэл Еховагийн хэмжээгүй эрх мэдэл, хүчийг, цаашлаад хайр, өрөвч сэтгэл, тэвчээрийг алдаршуулах байв. Түүнчлэн, Бурхны үйлчлэгчид бат итгэл, үнэнч байдлаа харуулах учиртай байлаа.

4. Гэрчлэх ажлыг хэнд хариуцуулсан бэ? Есүс тэднийг хэрхэн зоригжуулсан бэ?

4 Их чухал даалгавар биелүүлэх ёстойг нь Есүс шавь нартаа сайн ойлгуулсан. Тэрбээр тэнгэр өөд буцахаасаа өмнө тэдэнд үзэгдэж: «Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари, тэр байтугай, энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» гэж хэлсэн (Үйлс 1:8). Удахгүй шавь нарынх нь тоо нэмэгдэх боловч тийм агуу даалгавар биелүүлэхэд бас л цөөдөх байлаа. Тийм учраас, Бурхан хүчирхэг ариун сүнсээрээ өөрсдийг нь дэмжиж, даалгавраа биелүүлэхэд нь тусална гэдгийг мэдээд тэд урамшин зоригжсон байж таарна!

5. Есүсийн шавь нар дэлгэрүүлэх ажлын тухай юу мэдэхгүй байсан бэ?

5 Шавь нар сайн мэдээ дэлгэрүүлж, «бүх үндэстнийг дагалдагч болгох» тушаалтайгаа мэдэж байсан (Матай 28:19, 20). Гэхдээ уг ажил хэр зэрэг өргөн далайцтай явагдаж, төгсгөл хэзээ ирэхийг мэдэхгүй байв. Бид ч бас мэддэггүй. Гагцхүү Ехова л эдгээрийг шийднэ (Матай 24:36). Дэлгэрүүлэх ажлыг Еховагийн санасан хэмжээнд хүртэл хийсний дараа тэрбээр энэхүү ёс бус ертөнцийг устгана. Тэр үед л, дэлгэрүүлэх ажил Бурхны санасан хэмжээнд хүрчээ гэдгийг христианууд ойлгоно. Дэлгэрүүлэх ажил өнөөгийнх шиг ийм өргөн хүрээтэй явагдах учиртай байсныг Есүсийн эртний шавь нар төсөөлөө ч үгүй биз ээ.

Дэлгэрүүлэх болон заах ажил І зуунд

6. МЭ 33 оны Пентекостын өдөр болон түүнээс хойхон юу болсон бэ?

6 Хаанчлалын тухай дэлгэрүүлж, шавь бэлдэх ажил І зуунд ер бусын үр дүнд хүрсэн. МЭ 33 оны Пентекостын өдөр Иерусалим хотноо нэг байшингийн дээд давхрын өрөөнд цуглаад байсан 120 орчим шавь дээр Бурхны ариун сүнс асгарчээ. Элч Петр энэхүү гайхамшгийн учир утгыг тайлбарлан, сэтгэл хөдөлгөм үг хэлсэнд 3 000 хүн Христэд итгэж, баптисм хүртсэн түүхтэй. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл байв. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг зогсоохын тулд шашны удирдагчид элдвээр оролдож байсан ч, Ехова «аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа». Удалгүй «тэдний тоо таван мянгад хүрчээ». Үүний дараа «Эзэнд улам олон хүн итгэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэдэн дээр тогтмол нэмэгдэж байлаа» (Үйлс 2:1–4, 8, 14, 41, 47; 4:4; 5:14).

7. Корнел христиан болсон нь яагаад чухал үйл явдал байсан бэ?

7 МЭ 36 онд христиан хурлын түүхэнд нэг чухал үйл явдал болсон нь иудей бус үндэстэн Корнел гэгч хүн Есүсийн шавь болж, баптисм хүртсэн явдал байлаа. Бурхан өөрөөс нь эмээгч энэ хүн рүү элч Петрийг явуулсан нь «бүх үндэстнийг дагалдагч болгох» Есүсийн тушаал тухайн үед өөр өөр улс оронд амьдарч байсан иудейчүүдэд төдийгүй бусад үндэстний хүмүүст ч хамаатай болохыг харуулсан хэрэг байв (Үйлс 10:44, 45). Харь үндэстний хүмүүс сайн мэдээг хүлээн авсныг Иудейд байсан элч нар болон ахлагчид мэдээд Бурхныг алдаршуулсан (Үйлс 11:1, 18). Энэ хооронд иудейчүүдэд сайн мэдээ дэлгэрүүлэх ажил ч үр дүнтэй явагдаж байжээ. Хэдэн жилийн дараа буюу МЭ 58 оны орчим иудей бус хүмүүсээс гадна «олон мянган» иудей хүн христиан болсон байв (Үйлс 21:20).

8. Сайн мэдээ хүмүүст яаж нөлөөлдөг вэ?

8 Нэгдүгээр зуунд христиануудын тоо гайхалтай хурдан нэмэгдэж байсан. Гэхдээ тооны цаана хүмүүс байсан гэдгийг санах хэрэгтэй. Тэдэнд Библийн мэдээ хүчтэй нөлөөлжээ (Еврей 4:12). Мэдээг хүлээн авсан хүмүүс амьдралаа эрс өөрчлөн, урьдын ёс журамгүй явдлаа орхиж, «шинэ хүнийг өмсөн», Бурхантай эвлэрчээ (Ефес 4:22, 23). Өнөөдөр ч бас хүмүүс сайн мэдээг хүлээж аваад тийн өөрчлөгдөж, ирээдүйд мөнх амьдрах гайхамшигтай найдвартай болдог (Иохан 3:16).

Бурхны хамтран зүтгэгчид

9. Эртний христианууд хариуцлагатай бөгөөд нэр төртэй ямар үүрэг хүлээж байсан бэ?

9 Эртний христианууд дэлгэрүүлэх ажилд өөрсдийн хүч чадлаар бус, харин «ариун сүнсний хүчээр» амжилт гаргаснаа ойлгодог байв. (Ром 15:13, 19). Тийм ээ, Ехова сүнслэгээр «ургуулсан». Христианууд «Бурхны хамтран зүтгэгчид» байх хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүрэг хүлээдгээ бас ухамсарлаж байв (1 Коринт 3:6–9). Тийм ч учраас, Есүсийн захиасыг биелүүлж, өөрсдөд нь даалгасан ажлыг хариуцлагатай хийхийг хичээсэн билээ (Лук 13:24).

10. Эртний христианууд бүх үндэстэнд гэрчлэхийн тулд ямар хүчин чармайлт гаргаж байсан бэ?

10 «Харь үндэстнүүдийн элч» Паул эх газар болон далай тэнгисээр олон мянган бээрийг туулж, Ромын эзэнт гүрний Ази муж болон Грект олон хурлыг үүсгэн байгуулжээ (Ром 11:13). Ром хот уруу аялахын зэрэгцээ Испанид ч очиж байсан бололтой. Паулыг тийн дэлгэрүүлж байх зуур «хөвч хөндүүлсэн хүмүүсийн төлөөх сайн мэдээг» тунхаглах даалгавар авсан элч Петр өөр зүг буюу тэр үед иудейчүүдийн олноороо суудаг байсан Вавилонд очжээ (Галат 2:7–9; 1 Петр 5:13). Есүсийн өгсөн даалгаврыг хичээнгүйлэн биелүүлж байсан хүмүүсийн дунд Труфайна, Труфоса болон «Эзэн дотор шаргуу ажилласан» Персис нарын эмэгтэйчүүд байжээ (Ром 16:12).

11. Ехова эртний христиануудын хүчин чармайлтыг хэрхэн ивээсэн бэ?

11 Эдгээр болон бусад хичээнгүй үйлчлэгчээ Ехова арвин ихээр ивээсэн. Бүх үндэстэнд сайн мэдээг гэрчлэх тухай Есүсийг зөгнөн хэлснээс хойш 30 хүрэхгүй жилийн дараа Паул «сайн мэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдсан» хэмээн бичжээ (Колоссай 1:23). Тэгвэл тэр үед төгсгөл ирсэн үү? Товчхон хэлбэл, ирсэн. МЭ 70 онд Ромын арми Иерусалимыг сүмтэй нь устгахад иудейн эд юмсын тогтолцоо төгсгөл болсон. Гэхдээ Ехова Сатаны ёс бус тогтолцоог бүрмөсөн устгахаасаа өмнө, гэрчлэх ажлыг илүү өргөн хүрээтэй явуулахаар шийдсэн байжээ.

Гэрчлэх ажил өнөөдөр

12. Матай 24:14-ийг Библи Судлаачид хэрхэн ойлгодог байсан бэ?

12 Христ шашинд тэрс явдал удаан хугацаагаар ноёлсны эцэст ХІХ зууны сүүлээр цэвэр шүтлэг сэргэн манджээ. Тэр үеийн Библи Судлаачид буюу одоогийн Еховагийн Гэрчүүд, дэлхий даяар шавь бэлдэх тушаалыг сайн ойлгож байв (Матай 28:19, 20). 1914 он гэхэд 5 100 хүн идэвхтэй дэлгэрүүлж, сайн мэдээг 68 оронд хүргэж байжээ. Гэхдээ Матай 24:14-ийн учир холбогдлыг бүрэн ойлгоогүй л байлаа. ХІХ зууны эцэс гэхэд, Библийн нийгэмлэгүүд сайн мэдээний эх булаг болсон Библийг олон хэлээр орчуулж, хэвлэж, дэлхий даяар тараасан байжээ. Тиймээс, 1920-иод он гартал, Библи Судлаачид сайн мэдээ бүх үндэстэнд аль хэдийнээ гэрчлэл болжээ гэж үздэг байв.

13, 14. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1928 оны нэгэн дугаарт Бурхны хүсэл таалал, санаа зорилгын тухай ямар зөв ойлголтыг тайлбарласан бэ?

13 Ехова ард түмэндээ хүсэл таалал, санаа зорилгоо аажим аажмаар тодорхой ойлгуулсан (Сургаалт үгс 4:18). «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1928 оны 12-р сарын 1-ний дугаарт: «Библийг олон түмэнд тараасан тул Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх тухай зөгнөл биелсэн гэж хэлж болох уу? Яавч болохгүй! Хэдийгээр Библийг олон хувь тараасан ч гэлээ, дэлхий дээрх цөөн тооны хүнээс бүрддэг Бурхны гэрчүүд Бурхны [санаа зорилгыг] тайлбарласан ном хэвлэл хэвлэж, Библитэй болсон хүмүүсийн гэрт очих хэрэгтэй. Эс бөгөөс эдүгээ Мессиагийн Хаанчлал тогтсоныг хүмүүс мэдэхгүй хоцорно» хэмээн бичжээ.

14 Цааш нь: «Матай 24:14-т Эзний хэлсэн зөгнөл ямар учиртай болохыг Библи Судлаачид... 1920 онд зөв ойлгодог болсон. Бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдах ёстой энэхүү сайн мэдээ гэдэг нь ирэх хаанчлалын тухай бус, харин Хаан Мессиа дэлхийг захирч эхэлсэн тухай сайн мэдээ болохыг ойлгосон» хэмээн бичжээ.

15. 1920-иод оноос хойш дэлгэрүүлэх ажил хэрхэн өргөжин тэлсэн бэ?

15 1920-иод онд цөөн тооны хүнээс бүрдэж байсан гэрчүүд хожим нь олуулаа болсон. Дараагийн арваад жилд «өөр хонинуудын» «үй олон хүн» хэн болох нь танигдаж, цуглаж эхэлжээ (Иохан 10:16, ШГ; Илчлэлт 7:9). Эдүгээ дэлхийн 235 оронд 6 613 950 хүн сайн мэдээ тунхаглаж байгаа билээ. Еховагийн үнэнч үйлчлэгчид хэзээ хэзээнээс илүү олуулаа Хаанчлалын тухай сайн мэдээг урьд хожид байгаагүй өргөн хүрээтэй дэлгэрүүлж байгаа нь Есүсийн хэлсэн зөгнөл үнэхээр гайхалтайгаар биелж буйг харуулж байна!

16. Еховагийн үйлчлэгчид өнгөрсөн үйлчлэлийн жил юу хийсэн бэ? (11, 12-р хуудасны хавсралт үзнэ үү.)

16 Еховагийн олон сая Гэрч 2005 оны үйлчлэлийн жилд хамтдаа их ажил хийсэн. 235 оронд сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд тэрбум гаруй цаг зарцуулж, олон сая давтан уулзалт хийж, олон сая хүнд Библийн хичээл заасан. Бурхны Үгийг хүмүүст заах энэхүү ажилд Гэрчүүд цаг заваа харамгүй зориулж, нөөц бололцоогоо бүрэн дайчилдаг (Матай 10:8). Хүсэл тааллыг нь биелүүлдэг үйлчлэгчдээ Ехова Бурхан хүчирхэг ариун сүнсээрээ дэмжсээр ирсэн (Зехариа 4:6).

Гэрчлэх ажилд хичээл зүтгэлтэй оролцох нь

17. Сайн мэдээ дэлгэрүүлэх тухай Есүсийн үгийг Еховагийн ард түмэн хэрхэн биелүүлдэг вэ?

17 Сайн мэдээ дэлгэрүүлэх тухай Есүсийг зөгнөснөөс хойш бараг 2 000 жил өнгөрөөд байгаа хэдий ч, Бурхны ард түмэн идэвх зүтгэлээ сулруулаагүй. Сайныг үйлдэх үйлсэд оролцох нь Бурхны хайр, өрөвч сэтгэл, тэвчээр зэрэг чанарыг дуурайж байгаа хэрэг юм. Бид Бурхнаа дуурайн, хүмүүсийг бүү мөхөөсэй, харин гэмшиж, Бурхантай эвлэрээсэй гэж хүсдэг (2 Коринт 5:18–20; 2 Петр 3:9). Еховагийн «сүнс дотор шатаж» явдаг Гэрчүүд дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглах ажлаа хичээл зүтгэлтэй үргэлжлүүлж байна (Ром 12:11). Үүний ачаар, газар газрын хүмүүс Библийн үнэнийг хүлээн авч, амьдралаа өөрчлөн, халамжит Бурхан Еховагийн удирдлага заавраар явж эхэлдэг. Зарим жишээ үзье.

18, 19. Сайн мэдээг хүлээж авсан зарим хүний жишээг ярина уу.

18 Кени улсын баруун хэсэгт амьдардаг Чарльз гэдэг хүний жишээг авч үзье. 1998 онд тэрбээр 8 000 гаруй кг тамхи борлуулж, «Тамхины шилдэг тариаланч» гэсэн өргөмжлөл хүртжээ. Мөн тэр үеэс Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж эхэлсэн байна. Тэгээд удалгүй, тамхины тариалан эрхлэх нь Есүсийн өгсөн, «хөршөө хайрлах» тушаалыг зөрчиж байгаа хэрэг болохыг ойлгосон аж (Матай 22:39). Үнэндээ бол, Чарльз «шилдэг тариаланч» биш, харин «шилдэг алуурчин» байснаа ухаараад, тамхины ургамал тарьдаг талбайдаа хор цацжээ. Тэрбээр сүнслэгээр өсөн, өөрийгөө Бурханд зориулж, баптисм хүртсэн бөгөөд одоо байнгын эхлэгч, туслах үйлчлэгч болжээ.

19 Эдүгээ дэлхий дахинаа явагдаж байгаа сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаар Ехова «үндэстнүүдийг цочирдуулж», «үнэтэй» хүмүүсийг цуглуулж байгаа нь эргэлзээгүй (Хаггаи 2:7, ШЕ). Португалид амьдардаг Педро номлогч болж, хүмүүст Библи заах зорилгоор 13 настайдаа шашны сургуульд оржээ. Гэсэн ч, удаж төдөлгүй сургуулиа орхисон байна. Учир нь тэнд Библийн тухай бараг ярьдаггүй байжээ. Зургаан жил өнгөрөхөд, тэрбээр Лиссабон хотын их сургуульд сэтгэл судлалын мэргэжлээр сурч, Еховагийн Гэрч нагац эгчийндээ суудаг болжээ. Нагац нь түүнийг Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгахыг хэлжээ. Тэр үед Педро Бурхан байдаг гэдэгт итгэхээ больчихсон байсны дээр Библи судлах эсэхээ ч шийдэж чадахгүй байв. Тэгээд сэтгэл судлалын хичээл заадаг профессор багштайгаа ярилцаж, шийдэж чадахгүй байгаагаа хэлтэл, багш нь шийдвэр гаргаж чаддаггүй хүн өөртөө их зовлон учруулдаг гэж сэтгэл зүйд сургадгийг хэлсэн байна. Тэгэхлээр нь, Педро Библи судлахаар эргэлт буцалтгүй шийджээ. Тэрбээр саяхан баптисм хүртсэн бөгөөд одоо өөрөө Библийн хичээл заадаг болжээ.

20. Бүх үндэстэнд гэрчлэх ажил ийм өргөн цар хүрээтэй явагдаж байгаад бид яагаад баярладаг вэ?

20 Сайн мэдээ дэлгэрүүлэх ажил цаашдаа хэр зэрэг өргөжин тэлж, төгсгөл хэзээ, ямар өдөр, хэдэн цагт ирэхийг бид ч бас мэдэхгүй. Гэхдээ удахгүй болохыг нь мэднэ. Бурхны Хаанчлал хүний засаглалыг халах цаг ойртож байгаагийн нэг тэмдэг нь сайн мэдээ тунхаглах ажил мөн бөгөөд эдүгээ ийм өргөн цар хүрээтэй явагдаж байгаад бид баярладаг (Даниел 2:44). Жил ирэх тусам, олон сая хүнд сайн мэдээг хүлээж авах боломж олдож байгаа бөгөөд энэ нь Ехова Бурхныг маань алдаршуулдаг. Та ч гэсэн, бүх үндэстэнд гэрчлэх ажилд дэлхий дахины итгэл нэгтнүүдтэйгээ хамт тогтмол оролцож, Бурханд үнэнч байх шийдвэр төгс байгаарай. Ингэсэн цагт, бид өөрсдийгөө болон биднийг сонсдог хүмүүсийг аварна (1 Тимот 4:16).

Санаж байна уу?

Матай 24:14-т бичсэн зөгнөлийг гайхамшигтай гэж хэлж болохын учир юу вэ?

• Эртний христианууд дэлгэрүүлэх ажилд ямар хүчин чармайлт гаргаж, ямар үр дүнд хүрсэн бэ?

• Библи Судлаачид бүх үндэстэнд гэрчлэх хэрэгтэй гэдгийг хэрхэн ойлгосон бэ?

• Өнгөрсөн үйлчлэлийн жилийн тайлангийн чухам юу нь танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ?

[Догол мөрийн асуулт]