Тодорч буй гэрлийн жимээр явагтун
Тодорч буй гэрлийн жимээр явагтун
«Шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно» (СУРГААЛТ ҮГС 4:18).
1, 2. Тодорч буй сүнслэг гэрэл Бурхны ард түмэнд ямар ач тустай байдаг вэ?
НАРАН мандаж, шөнийн харанхуйг хэрхэн гийгүүлдгийг гэрлийн Эх булаг Ехова Бурхнаас илүү сайн мэдэх өөр хэн байдаг вэ? (Дуулал 36:9). «Үүрийн гэгээ... газар дэлхийн хязгаараас зууран авахад [газар дэлхий] лацны шавар шиг өөрчлөгдөж, [аливаа биет хувцсаа өмссөн] мэт болцгоодог» гэж Бурхан хэлсэн байдаг (Иов 38:12–14). Нарны гэрэл тодрохын хэрээр газар дэлхийн хэлбэр дүрс улам тодордог нь нойтон шавар дээр дардас дарж лацдахад хээ нь тодоос тод харагддагтай адил ажээ.
2 Ехова бас сүнслэг гэрлийн Эх булаг билээ (Дуулал 43:3). Ертөнц түнэр харанхуйд байдаг бол жинхэнэ Бурхан ард түмэн дээрээ гэрэл тусгадаг. Үүний дүнд, «шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно» гэж Библид бичсэн байдаг (Сургаалт үгс 4:18). Тийм ээ, Еховагийн өгдөг, тодорч буй гэрэл ард түмнийх нь жимийг гэрэлтүүлдэг. Бурхны ард түмэн тэр гэрлийн ачаар зохион байгуулалтын хувьд улам боловсронгуй болж, Библийн сургаалыг илүү гүнзгий ойлгож, биеэ хэрхэн авч явах тухайд улам зөв ойлголттой болдог.
Зохион байгуулалтын хувьд улам боловсронгуй болсон нь
3. Исаиа 60:17-д Ехова юу амласан бэ?
3 Ехова зөнч Исаиагаар дамжуулан: «Би чамд зэсийн оронд алт, төмрийн оронд мөнгө, модны оронд зэс, чулууны оронд төмөр авчирна» гэж амласан (Исаиа 60:17). Урьд урьдахаас нь илүү чанартай металл авчрах гэдэг нь дэвжин дээшлэхийг бэлэгдэж байсан бөгөөд энэ нь ёсоор болж, Еховагийн ард түмэн «эцсийн өдрүүдэд» зохион байгуулалтын хувьд улам боловсронгуй болж байна (2 Тимот 3:1).
4. 1919 оноос ямар шинэ журам мөрдөж эхэлсэн бэ? Ямар үр дүнтэй байсан бэ?
4 «Эцсийн өдрүүдийн» эхэн үед Библи Судлаачид буюу одоогийн Еховагийн Гэрчүүд ахлагч болон туслах үйлчлэгчдийг хурлын гишүүдийн саналаар сонгодог байв. Гэтэл тийн сонгогдсон зарим ахлагч сайн мэдээ дэлгэрүүлэх чин хүсэлгүй тул тэр ажлаас хойш суудаг байв. Түүгээр зогсохгүй, итгэл нэгтнүүдийнхээ дэлгэрүүлэх ажил хийх урам зоригийг мохоодог байжээ. Тиймээс, 1919 оноос шинэ журам мөрдөж, хурал болгонд «үйлчлэлийн удирдагч» томилдог болсон нь зохион байгуулалтын хувьд боловсронгуй болсон хэрэг байлаа. Үйлчлэлийн удирдагчийг хурлын гишүүдийн саналаар сонгох бус, теократ журмаар салбараас томилдог болов. Үйлчлэлийн удирдагч дэлгэрүүлэх ажил зохион байгуулах, хэсэг хуваарилах, дэлгэрүүлэх ажилд оролцохыг уриалах үүрэгтэй байв. Энэ журмыг хэрэгжүүлснээс хойш Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажилд үнэхээр их ахиц дэвшил гарсан.
5. 1920-иод оноос ямар ахиц дэвшил гарсан бэ?
5 1922 онд АНУ-ын Огайо мужийн Сидар-Пойнт хотноо болсон чуулганаас «Хаан болон түүний хаанчлалыг тунхаглагтун, тунхаглагтун, тунхаглагтун» хэмээх уриалга гаргасанд хурлын бүх гишүүн улам бүр идэвхтэй дэлгэрүүлэх урам зориг нэмжээ. 1927 он гэхэд дэлгэрүүлэх ажил өргөн хүрээтэй явагдах болж, ням гаригийг айлаар дэлгэрүүлэхэд хамгийн тохиромжтой өдөр гэж үздэг болсон. Учир нь ням гаригт олон хүн гэртээ амардаг байлаа. Өнөөдөр ч гэсэн, Еховагийн Гэрчүүд олон хүнийг гэртээ байдаг үе буюу бямба, ням гаригт, мөн оройн цагаар дэлгэрүүлэхийг хичээдэг.
6. 1931 онд ямар тогтоол гаргасан бэ? Энэ үйл явдал дэлгэрүүлэх ажилд хэрхэн нөлөөлсөн бэ?
6 Хаанчлалыг тунхаглах ажилд ихээхэн түлхэц болсон нэг үйл явдал бол 1931 оны долдугаар сарын 26-ны ням гаригийн үдээс хойш Бурхны ард түмэн нэгэн тогтоол баталсан явдал байлаа. Уг тогтоолыг эхлээд АНУ-ын Огайо мужийн Коламбус хотод, дараа нь дэлхийн олон оронд явагдсан нэгэн чуулганаар батлан гаргасан түүхтэй. Тэр тогтоолд: «Ехова Бурхны үйлчлэгчид бид түүний нэрийн төлөө хөдөлмөрлөж, Есүс Христийг гэрчилж, Ехова бол жинхэнэ бөгөөд Төгс хүчит Бурхан мөн гэдгийг олон түмэнд мэдэгдэх тушаалтай. Тиймээс, бид Эзэн Бурхныхаа өгсөн нэрийг баяртайгаар хүлээн авч, Еховагийн гэрчүүд гэдэг нэрээр олонд танигдаж, дуудуулахыг хүсэж байна» хэмээн тэмдэглэжээ (Исаиа 43:10). Энэ шинэ нэр тэдний гол ажил үүргийг тун оновчтой тодорхойлж байлаа. Тийм ээ, Ехова бүх үнэнч үйлчлэгчдээ нэг ажил хариуцуулсан бөгөөд тэд ч ажлаа чин сэтгэлээсээ хүлээн авчээ!
7. 1932 онд ямар шалтгаанаар, ямар өөрчлөлт хийсэн бэ?
7 Олон ахлагч дэлгэрүүлэх ажилд даруухнаар оролцдог болсон хэдий ч зарим нь хурлын гишүүн болгон дэлгэрүүлэх ажилд оролцох шаардлагагүй гэж зүтгэдэг байв. Гэхдээ тэр байдал удалгүй өөрчлөгдсөн. 1932 онд «Харуулын цамхаг» сэтгүүлээр, ахлагч болон туслах үйлчлэгчдийг сонгодог журмыг халж, оронд нь, дэлгэрүүлэх ажилд идэвхийлэн оролцдог төлөвшсөн эрчүүдээс бүрдэх үйлчлэлийн хороог сонгодог болох тухай хурлуудад мэдэгджээ. Ийнхүү идэвхтэй дэлгэрүүлдэг ах нар хурлыг удирдах ажлыг хариуцдаг болсон учир дэлгэрүүлэх ажилд ч ахиц гарсан.
Зохион байгуулалтын дараагийн өөрчлөлт
8. 1938 онд ямар шинэ журам тогтоосон бэ?
8 Гэрэл улам бүр тодорсоор байв. 1938 онд сонгуулийн журмыг бүрмөсөн халж, хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг бүх үйлчлэгчийг теократ журмаар «итгэмжит, ухаалаг боолын» удирдлагаар томилдог болов (Матай 24:45–47). Энэхүү шинэ арга хэмжээг Еховагийн Гэрчүүдийн бараг бүх хурал тэр дор нь хүлээн авч, дэлгэрүүлэх ажил ч илүү үр дүнтэй явагдах болсон.
9. 1972 онд ямар өөрчлөлт гарсан бэ? Юугаараа ач тустай байсан бэ?
9 1972 оны 10-р сарын 1-нээс хурлын зохион байгуулалтад бас нэг өөрчлөлт оруулсан. Энэ бол урьд нь хурлын харгалзагч буюу ганц хүний хүлээж байсан удирдах үүргийг ахлагчдын зөвлөлд шилжүүлсэн явдал байлаа. Шинэ арга хэмжээ христиан эрчүүдийг хуралд удирдах үүрэг хүлээхийн тулд Библийн шаардлагыг хангахад нь ихээхэн түлхэц болсон (1 Тимот 3:1–7). Үүний дүнд, олон ах хуралд хариуцлагатай үүрэг хүлээх чадвар туршлага суужээ. Тэд Библийн үнэнийг хүлээн авсан шинэ хүмүүст туслах хоньчны ажилд багагүй хувь нэмэр оруулсан!
10. 1976 онд ямар өөрчлөлт гарсан бэ?
10 Удирдах зөвлөлийн гишүүд зургаан хороонд хуваагдан ажиллах болсон бөгөөд 1976 оны 1-р сарын 1-нээс эхлэн эдгээр хороо байгууллагын болон бүх хурлын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх болов. Ийнхүү Хаанчлалын үйл хэргийг «олон зөвлөгч» бүх талаас нь залж чиглүүлэх болсон нь үнэхээрийн ач тустай байлаа (Сургаалт үгс 15:22; 24:6).
11. 1992 онд ямар өөрчлөлт хийсэн бэ? Яагаад?
11 1992 онд зохион байгуулалтын хувьд бас нэг өөрчлөлт гарсан. Уг өөрчлөлтийг, израильчууд болон бусад хүмүүсийг Вавилоны олзноос нутагтаа буцаж ирсний дараа болсон явдалтай зүйрлэж болох юм. Тэр үед сүмд үйлчлэхэд туслах үүрэгтэй левичүүд дутагдалтай байсан тул нетиним буюу израиль бус үндэстний зарим хүн тэдэнд тусалдаг болсон билээ. Үүнтэй адилаар, Бурхны Хаанчлалын дэлхий дээрх үйл хэрэг өргөжин тэлэхийн хэрээр «итгэмжит, ухаалаг боолын» ангид туслах үүргийг «өөр хонинуудын» зарим хүн 1992 оноос хүлээх болов. Тэднийг Удирдах зөвлөлийн 6 хороонд туслуулахаар томилжээ (Иохан 10:16, ШГ).
12. Ехова «эв эеийг» хэрхэн бидний «харгалзагчид» болгосон бэ?
12 Энэ бүхний үр дүн юу байсан бэ? «Би эв эеийг чиний харгалзагчид болгож, зөвт байдлыг даалгавар өгөгчид чинь болгоно» гэж Ехова хэлж байсан (Исаиа 60:17, ШЕ). Өнөөдөр Еховагийн Гэрчүүдийн дунд «эв эе» ноёлж, «зөвт байдлыг» хайрлах хайр нь «даалгавар өгөгчид» буюу Бурханд үйлчлэх гол шалтгаан болдог. Бурхны ард түмэн Хаанчлалын тухай дэлгэрүүлж, шавь бэлдэх ажлаа амжилттай явуулахын тулд зохион байгуулалтын хувьд улам боловсронгуй болсон (Матай 24:14; 28:19, 20).
Ехова ард түмнээ гэгээрүүлдэг
13. 1920-иод онд Ехова ард түмнээ гэгээрүүлж, ямар ямар сургаал ойлгуулсан бэ?
13 Түүнээс гадна, Ехова ард түмэндээ Библийн сургаалыг тодорхой ойлгуулдаг. Үүний нэг жишээ нь, Бурхны ард түмэн Илчлэлт 12:1–9-д тэмдэглэсэн үйл явдлыг ойлгодог болсон явдал билээ. Энд бэлэгдлийн утгатай гурван дүр гардаг. Тэдгээр нь хөл хүндтэй байж байгаад хүүхэд төрүүлсэн «эмэгтэй», «луу», «эрэгтэй хүүхэд» юм. Дүр бүр цаанаа юу төлөөлдгийг та мэдэх үү? «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1925 оны 3-р сарын 1-ний дугаарт нийтэлсэн «„Үндэстэн“ бий болсон нь» гэдэг өгүүлэлд тэдгээр дүрийг тайлбарласны дүнд Бурхны ард түмэн Хаанчлал хэрхэн тогтох тухай зөгнөлүүдийг илүү гүнзгий ойлгож, орчлонт ертөнцөд эсрэг тэсрэг хоёр байгууллага, тодруулбал, нэг нь Еховагийн, нөгөө нь Сатаны байгууллага байдаг болохыг сайн мэддэг болсон. Дараа нь 1927—1928 онд Еховагийн ард түмэн «Крисмас» буюу Христийн мэндэлсэн өдөр болон төрсөн өдрийн баяр тэмдэглэх нь Библийн үндэслэлгүй болохыг ойлгосон учраас тэдгээрийг тэмдэглэхээ больжээ.
14. 1930-аад онд ямар гурван сургаалыг зөв ойлгодог болсон бэ?
14 1930-аад онд сүнслэг гэрэл улам тодорч, өөр гурван сургаалыг бас зөв ойлгодог болсон. Илчлэлт 7:9–17-д дурдсан «үй олон хүн» бол Христтэй хамт хаан, тахилчаар үйлчлэх 144 000 хүнээс тусдаа бүлэг гэдгийг Библи Судлаачид олон жилийн өмнөөс ойлгож байсан боловч чухам хэн гэдгийг нь тодорхой мэдэхгүй байлаа (Илчлэлт 5:9, 10; 14:1–5). Үүр цайж, гэрэл тодрохын хэрээр юмс үзэгдлийн хэлбэр дүрс, өнгө зүс тодрон ялгардаг шиг, «үй олон хүн» бол агуу их гай гамшгийг эсэн мэнд давж, дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүс мөн гэдгийг 1935 онд ойлгожээ. Мөн тэр онд бас нэг асуудлыг тодорхой ойлгодог болов. Энэ нь нэлээн хэдэн орны Еховагийн Гэрчүүдийн сургуулийн насны хүүхдүүдэд хамаатай асуудал байв. Үндсэрхэх үзэл дэлхий дахинд ихээхэн газар авч байсан тэр үед төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ёслол үйлдэх нь хуурамч шүтлэгийн нэг хэлбэр мөн болохыг ойлгожээ. Дараа жил нь, Христ загалмайд бус, «модон» шонд хадуулж үхсэн тухай тайлбар гарсан (Үйлс 10:39).
15. Цусны тухай ойлголтыг хэзээнээс, хэрхэн онцгой анхаардаг болсон бэ?
15 Дэлхийн ІІ дайны үед, шархадсан цэргүүдэд цус сэлбэх арга дэлгэрч, дайны дараа эмнэлгийн практикт өргөн нэвтэрчээ. Тэр үед Еховагийн Гэрчүүд цусны тухай ойлголтоо улам гүнзгийрүүлсэн байна. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1945 оны 7-р сарын 1-ний дугаарт «шинэ ертөнцөд мөнх амьдрахыг эрмэлздэг, Еховагийн бүх үйлчлэгч цусыг ариун хэмээн хүндэтгэж, энэ чухал асуудалд хамаатай Бурхны хуулийг сахих» учиртайг уриалжээ.
16. «Шинэ ертөнцийн орчуулга»-ыг бүтнээр нь хэзээ гаргасан бэ? Уг орчуулга ямар онцлогтой вэ?
16 Орчин үеийн судалгаанд үндэслэсэн, христ шашны ертөнцийн хуурамч сургаалд автаагүй Библийн шинэ орчуулга гарцаагүй хэрэгтэй нь 1946 оноос тодорхой болжээ. Шинэ орчуулгын ажил 1947 оны 12-р сараас эхэлж, 1950 онд Христиан Грек Судрын «Шинэ ертөнцийн орчуулга»-ыг англи хэлээр гаргажээ. Еврей Судрыг англи хэлээр таван боть болгон цувуулж гаргасны эхнийх нь 1953 онд уншигчдын гар дээр очсон. 5-р боть нь 1960 он буюу орчуулгын ажил анх эхэлснээс хойш 12 жилийн дараа бэлэн болсон байв. 1961 онд «Шинэ ертөнцийн орчуулга»-ыг бүтнээр нь нэг боть болгон олны хүртээл болгожээ. Эдүгээ олон хэлээр гараад байгаа энэхүү орчуулга нь олон онцлогтой. Юуны түрүүнд, Ехова гэдэг Бурхны нэрийг хэрэглэсэн байдаг. Түүнчлэн, эх бичгээс нь үгчилж буулгасан учир Бурхны Үгийн үнэнийг гүнзгий ойлгох үндэс болдог.
17. 1962 оноос ямар сургаалыг тодорхой ойлгодог болсон бэ?
17 Ром 13:1-д тэмдэглэсэн «дээд эрх мэдлүүд» гэж юу болох, христианууд тэдгээрт ямар хэмжээгээр захирагдах нь зүйтэйг 1962 оноос тодорхой ойлгодог болсон байна. «Ром» номын , 13-р бүлэгТит 3:1, 2 болон 1 Петр 2:13, 17 гэх мэтийн зүйлийг хам сэдэвтэй нь нарийвчлан судалсны үндсэн дээр «дээд эрх мэдлүүд» гэдэг нь Ехова Бурхан болон Есүс Христэд бус, төр засгийн эрх мэдэлд хамаатай нь тодорхой болсон.
18. 1980-аад онд ямар ямар сургаалыг сайн ойлгодог болсон бэ?
18 Дараагийн жилүүдэд ч «шударга зөв хүмүүсийн жим... улам тод гэрэлтсээр байв». 1985 онд «амийн» төлөө зөвт хэмээн тунхаглах, «Бурхны анд нөхөр» болгон зөвт хэмээн тунхаглах гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгодог болсон (Ром 5:18; Иаков 2:23). Түүнчлэн, «тавь дахь жил» христиануудын хувьд ямар ач холбогдолтой болохыг нарийн тайлбарласан өгүүлэл 1987 онд гарсан.
19. Сүүлийн жилүүдэд Ехова ард түмнээ сүнслэгээр хэрхэн гэгээрүүлсэн бэ?
19 1995 онд «хонийг ямаанаас тусгаарлах» тухай Есүсийн ёгт үлгэрийг зөв ойлгосон. «Езекиел» номд тэмдэглэсэн, тухайн үед биелээд эхэлчихсэн байсан, сүмийн тухай зөгнөлийн утга бүхий үзэгдлийг нарийвчлан тайлбарласан өгүүлэл 1998 онд гарсан. «Хоосролын бузар юм» «ариун газрыг» хэзээ, хэрхэн эзэлсэн нь 1999 онд тодорхой болжээ (Матай 24:15, 16; 25:32). Цаашлаад, 2002 онд Бурхныг «сүнс ба үнэнээр» шүтэх гэж юу гэсэн үг болохыг илүү гүнзгий ойлгодог болсон (Иохан 4:24, МБОХ, 1996 он).
20. Өөр ямар асуудлыг христианууд зөв ойлгодог болсон бэ?
20 Христианууд боловсронгуй зохион байгуулалттай, Библийн гүнзгий ойлголттой болохын зэрэгцээ Бурхны үйлчлэгч хүн биеэ хэрхэн авч явах нь зүйтэйг ойлгодог болжээ. Жишээ нь, тамхи татах нь «махан биеийн бузар булай», ноцтой нүгэл гэж 1973 оноос үзэх болсон (2 Коринт 7:1). Үүнээс арван жилийн дараа «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1983 оны 7-р сарын 15-ны дугаарт галт зэвсэг хэрэглэх тухайд христиан хүн ямар байр суурьтай байхыг тайлбарласан. Сүнслэг гэрэл улам тодорч байгааг цөөн хэдэн жишээгээр энд дурдлаа.
Тодорч буй гэрлийн жимээр зогсолтгүй явагтун
21. Тодорч буй гэрлийн жимээр явахад юу туслах вэ?
21 «Алив өөрчлөлтийг хүлээн авч, дасан зохицоход амаргүй байдаг» гэж олон жил ахлагчаар үйлчилж буй нэг ах илэн далангүй хэлжээ. Бурханд 48 жил үйлчлэхдээ тэр ах олон өөрчлөлт гарахыг үзжээ. Өөрчлөлтөд дасан зохицоход нь юу тусалдаг юм бол? «Хамгийн гол нь зөв сэтгэлтэй байх. Ямар нэг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол улам бүр урагшилж буй байгууллагатайгаа хөл нийлүүлж чадахгүй гэсэн үг. Шинэ арга хэмжээг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байвал би „Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна“ хэмээн Петрийн Есүст хэлсэн үгийг эргэцүүлэн бодоод, „Би хаашаа явах билээ? Ертөнцийн харанхуй уруу юу?“ гэж өөрөөсөө асуудаг. Энэ нь Бурхны байгууллагаас хөндийрөхгүй байхад тусалдаг» гэж тэр ах хэлжээ (Иохан 6:68).
22. Сүнслэг гэрлийн жимээр явах нь ямар тустай вэ?
22 Биднийг хүрээлэн буй ертөнц үнэхээр түнэр харанхуйд байдаг. Еховагийн тусгадаг гэрэл тодрохын хэрээр ард түмэн нь ертөнцийнхнөөс улам бүр холддог. Сүнслэг гэрэл бидэнд ямар ач тустай вэ? Гэрэл тусгалаа гээд, замын энхэл донхол арилдаггүй шиг Бурхны Үгийн гэрэл бидний замд таарах урхи зангыг зайлуулахгүй нь үнэн. Гэхдээ сүнслэг гэрэл биднийг тодорч буй гэрлийн жимээр зогсолтгүй явуулахын тулд урхи занганд орох аюулаас сэрэмжлүүлдэг. Тиймээс, Еховагийн зөгнөлийн үгийг «харанхуй газарт гэрэлтэж буй дэнлүү» мэт анхаарч явцгаая (2 Петр 1:19).
Санаж байна уу?
• Ехова ард түмнийхээ зохион байгуулалтыг яаж боловсронгуй болгосон бэ?
• Бурхны ард түмэн сүнслэг гэрлийн ачаар Библийн ямар ямар сургаалыг зөв ойлгодог болсон бэ?
• Та ямар өөрчлөлт гарахыг үзсэн бэ? Өөрчлөлтөд дасан зохицоход тань юу тусалсан бэ?
• Тодорч буй гэрлийн жимээр зогсолтгүй явахыг та ямар учраас хүсдэг вэ?
[Догол мөрийн асуулт]