Skip to content

Гарчиг руу орох

Зөв зохистой амралт бие, сэтгэлийн алжаал тайлдаг

Зөв зохистой амралт бие, сэтгэлийн алжаал тайлдаг

Зөв зохистой амралт бие, сэтгэлийн алжаал тайлдаг

«Та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий» (1 КОРИНТ 10:31)

1, 2. Хүний сэтгэлийг баясгаж болох бүхнийг «Бурхны бэлэг» гэж үзэхийн учир юу вэ? Гэхдээ Библи юуг анхааруулдаг вэ?

 ХҮН амарч цэнгэж, сэтгэлээ баясгахыг хүсдэг нь зүйн хэрэг. «Жаргалтай Бурхан» Ехова биднийг амьдралын сайн сайхныг мэдрээсэй гэж хүсдэг бөгөөд үүний тулд хэрэгтэй бүхнийг элбэг дэлбэг өгдөг (1 Тимот 1:11, ШЕ; 6:17). Мэргэн ухаант хаан Соломон: «Хүмүүсийн хувьд... баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн. Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурхны бэлэг буюу» хэмээн бичжээ (Номлогчийн үгс 3:12, 13).

2 Хийж бүтээснээ эргэцүүлэн бодоод, баярлаж бахдах цагт сэтгэл сэргэдэг. Ялангуяа, халуун бүлээрээ ч юм уу, эсвэл найз нөхөдтэйгөө хамтдаа цуглан, хөгжин баясах нь сэтгэлд нэн таатай. Тийм ээ, сэтгэлийн баясал бол «Бурхны бэлэг» мөн. Гэхдээ Бүтээгч маань хэрэгтэй бүхнээр хангаж өгдөг нь эх захгүй зугаацан цэнгэж болно гэсэн үг биш. Хөлчүүртлээ уух, ховдоглон идэх, садарлан самуурахыг Библи буруушаадгийн зэрэгцээ эдгээрийг үйлдэгч нь «Бурхны хаанчлалыг өвлөхгүй» гэж анхааруулдаг (1 Коринт 6:9, 10; Сургаалт үгс 23:20, 21; 1 Петр 4:1–4).

3. Сүнслэгээр сэргэг байж, Еховагийн агуу өдрийг санаж явахад юу туслах вэ?

3 Завхарсан ертөнцийн муу явдалд уусалгүйгээр ухаалаг амьдрах гэдэг өнөөгийн хэцүү үед христиануудын хувьд урьд урьдынхаас илүү төвөгтэй болжээ (Иохан 17:15, 16). Библид зөгнөснөөр, хүмүүс «Бурхныг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид» болсон учир «агуу их гай гамшиг» тун ойрхон буйн шинж тэмдгийг анхаардаггүй (2 Тимот 3:4, 5; Матай 24:21, 37–39). Есүс дагалдагчдадаа: «Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжтой байгтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх мэт гэнэт ирнэ» хэмээн сэрэмжлүүлжээ (Лук 21:34, 35). Бид Бурхандаа үйлчлэн, Есүсийн хэлсэн энэ үгийг анхаарч явах шийдвэр төгс байдаг. Хүрээлэн буй ёс бус ертөнцийн хүмүүсийг дуурайлгүй, сүнслэгээр сэргэг байж, Еховагийн агуу өдрийг санаж явахыг хичээдэг (Зефаниа 3:8; Лук 21:36).

4. а) Амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нь христиануудад яагаад хэцүү байдаг вэ? б) Бидний хэрэгжүүлэх ёстой ямар зөвлөгөө Ефес 5:15, 16-д байдаг вэ?

4 Ертөнцийн муу явдлаас ангид байх амаргүй. Учир нь Диавол муу муухай явдлыг сэтгэл татам болгож, газар сайгүй түгээн дэлгэрүүлжээ. Тиймээс, ялангуяа амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх асуудал бидэнд хэцүү байдаг. Ертөнц бараг байгаа бүхнээрээ «махан биеийн хүсэл тачаалуудыг» өөгшүүлдэг (1 Петр 2:11). Амралт, чөлөөт цагаа олон нийтийн газар өнгөрүүлэхэд, тэр бүү хэл, гэртээ суугаад ном сонин унших, телевизийн хөтөлбөр, видео кино үзэх юм уу Интернетээс ганц хоёр юм сонирхоход л муу юманд уруу татагдах аюултай байдаг. Тийм учраас, Бурхны Үг христиануудад: «Та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж» хэмээн зөвлөдөг (Ефес 5:15, 16). Энэхүү ухаалаг зөвлөгөөг чанд сахивал амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ буруу юманд уруу татагдан, цагаа дэмий үрэх, цаашлаад, Еховатай тогтоосон харьцаагаа эвдэн бусниулж, устгагдахаас сэрэмжилж чадна! (Иаков 1:14, 15).

5. Жинхэнэ амралтыг хэрхэн олж болох вэ?

5 Христианууд бид ажил ихтэй байдаг учир бие, сэтгэлийн алжаалаа тайлж, амармаар санагддаг нь зүйн хэрэг. «Инээх цаг... хийгээд бүжиглэх цаг» байдгийг Библид ч бичсэн буй (Номлогчийн үгс 3:4). Тэгэхлээр, амарч хөгжихийг Библид буруушааж, цаг дэмий үрсэн хэрэг гэж үздэггүй байх нь. Гэхдээ амарч байна гээд сүнслэг байдалдаа аюул учруулж, христиан үйл хэргээ завсардуулах учиргүй. Жинхэнэ жаргал бол өгөхийн жаргал гэдгийг төлөвшсөн христианууд туршлагаасаа ойлгодог. Тэд Бурхны хүсэл тааллыг биелүүлэх явдлыг амьдралынхаа эн тэргүүнд тавьж, Есүсийн буулгыг авч, сэтгэлдээ жинхэнэ амралтыг олдог (Матай 11:29, 30; Үйлс 20:35).

Амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлдэг эсэхээ тодорхойлох нь

6, 7. Амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлдэг эсэхээ тодорхойлоход юу туслах вэ?

6 Христиан хүн амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлдэг эсэхээ хэрхэн магадлах вэ? Энэ асуудлаар эцэг эхчүүд үр хүүхдэдээ заавар зөвлөгөө өгөх үүрэгтэй. Бас хурлын ахлагчид, шаардлагатай үед, бусдад ярьж зөвлөдөг. Ер нь, ямар ном унших, ямар кино үзэх, ямар тоглоом тоглох, ямар дуу дуулж, ямар бүжиг бүжиглэх нь буруу вэ гэдгийг хүнээр хэлүүлээд байх шаардлагагүй. Харин Паулын хэлснээр, мэдрэмжээ дадлагажуулан, сайн мууг ялгахад суралцаж, төлөвших хэрэгтэй (Еврей 5:14; 1 Коринт 14:20). Энэ асуудлаар удирдлага болох олон зарчим Библид бий. Бурхны Үгээр хүмүүжсэн мөс чанартаа захирагдах нь зүйтэй (1 Тимот 1:19).

7 «Модыг үр жимсээр нь таньдаг» (Матай 12:33). Есүсийн хэлсэн энэ үг бидэнд туслах нэг зарчим мөн. Хэрэв амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ хүчирхийлэл, садар самуун, спиритизм зэрэгт татагдан дурладаг бол муу үр жимс хурааж байгаа нь тэр. Түүнээс гадна, амь нас, эрүүл мэндэд аюултай, эд мөнгөний болон сэтгэл санааны хохирол учруулдаг, эсвэл бусдыг бүдрүүлдэг алив бүхнээс зайлсхийх нь зүйтэй. Хэрэв бид итгэл нэгтнүүдийнхээ мөс чанарыг шархлуулбал нүгэл үйлдсэнтэй ижил болохыг элч Паул сануулсан байдаг. Тэрбээр: «Ах дүүсийнхээ эсрэг нүгэл хийж, тэдний мөхөс мөс чанарыг шархлуулснаараа чи Христийн эсрэг нүгэл хийж байгаа юм. Тиймээс хэрэв идэх юм миний ах дүүг бүдрүүлэх шалтаг болбол ах дүүгээ бүдрүүлэхгүйн тулд би хэзээ ч дахин мах идэхгүй» хэмээн бичжээ (1 Коринт 8:12, 13).

8. Компьютерийн тоглоом тоглож, видео кино үзэх нь ямар аюултай байж болох вэ?

8 Өнөөдөр компьютерийн тоглоом, видео кино дэлгүүр хоршооны лангуугаар дүүрэн болжээ. Зарим нь үнэхээр хөгжилтэй, сэтгэл сэргээм байж болох ч, дийлэнх нь Библид буруушаадаг юмыг сурталчилж байна. Хүн зодож бэртээдэг, алж устгадаг, эсвэл садар самуун үйлддэг тоглоом тоглох нь ямар ч хал балгүй, ердөө л зугаагаа гаргаж байгаа хэрэг биш нь лавтай. «Хүчирхийлэлд дурлагчийг» Ехова үзэн яддаг (Дуулал 11:5; Сургаалт үгс 3:31; Колоссай 3:5, 6). Хэрэв та тоглоомоос болж сувдаг шунахай сэтгэлтэй, уур уцаартай болж, сэтгэлээр хоосорч, хайран цагаа дэмий үрдэг бол, өөртөө сүнслэг аюул учруулж байгаагаа ойлгож, засаж залруулах арга хэмжээ даруй аваарай (Матай 18:8, 9).

Амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нь

9, 10. Ухаалаг христианууд амралт, чөлөөт цагаа хэрхэн зөв зохистой өнгөрүүлдэг вэ?

9 Заримдаа христианууд: «Өнөөгийн ертөнцөд Библийн хэм хэмжээнд нийцэх зүйл гэж бараг байхгүй тул амралт, чөлөөт цагаа яаж зохистой өнгөрүүлэх вэ?» гэж асуудаг. Хүчин чармайлт гаргах юм бол, амралт, чөлөөт цагаа сайхан өнгөрүүлж болдог. Үүний тулд, ялангуяа, эцэг эхчүүд урьдаас бодож, төлөвлөх хэрэгтэй. Олон хүн амралтаа гэр бүлийнхэн, хурлынхаа нөхөдтэй хамт өнгөрүүлэх дуртай байдаг. Тухтай суугаад хоол идэнгээ тэр өдрийн үйл явдлыг юм уу Библийн сэдвээр ярилцах нь сэтгэл баясгаж, итгэл бэхжүүлдэг. Аялал, зугаалгаар явах, салхинд гарах, спорт тоглоом тоглох нь хөгжилтэй сайхан байдгийн зэрэгцээ бие, сэтгэлийн алжаал тайлдаг.

10 Эхнэрийнхээ хамт гурван хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн нэг ахлагч: «Бид хүүхдүүдээ бага байхаас нь л саналыг нь асууж байгаад, амралтаар хаашаа явахаа шийддэг байж билээ. Заримдаа амралтаа хөгжилтэй болгохын тулд хүүхдүүдийнхээ найзуудыг авч явдаг байсан. Гурван хүүхэд маань нэг нэг дотно найзаа дагуулж явдаг байв. Хүүхдүүдийн маань амьдралд чухал үйл явдал тохиоход бид зүгээр өнгөрдөггүй байсан. Үе үе хурлынхаа хамт олноос гэртээ зочин урьдаг байлаа. Гадаа хоол хийж идээд, тоглоом тоглоно. Ууланд гарч, Еховагийн бүтээлүүдтэй танилцдаг байж билээ» гэж дурсжээ.

11, 12. а) Амралт, чөлөөт цагаа бусадтай хамт өнгөрөөхдөө юуг анхаарах хэрэгтэй вэ? б) Ямар уулзалт үдэшлэг мартагдашгүй сайхан дурсамж үлдээдэг вэ?

11 Та болон танай гэр бүл амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ бусдыг урьж, өргөнөөр нээлттэй байхыг хичээдэг үү? Бэлэвсэн болон ганц бие хүмүүс, ганц бие эцэг эхэд сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байж болох юм (Лук 14:12–14). Бас цуглаанд ирдэг болоод удаагүй байгаа хүмүүсийг урьж болно. Гэхдээ бусдыг муу юманд уруу татахгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй (2 Тимот 2:20, 21). Бие муутай, гэрээсээ гарч чаддаггүй хүмүүсийг эргэн очиж, ярьж хөөрөн, цагийг хөгжилтэй сайхан өнгөрүүлж болох юм (Еврей 13:1, 2).

12 Зочидтойгоо хамт хөнгөн маягаар хооллож, итгэл нэгтнүүдийнхээ Гэрч болсон түүх, Бурханд үнэнч байхад нь юу тусалдгийг сонсож, харилцан ярилцах нь хэн бүхэнд сайхан дурсамж болон үлддэг. Хүүхэд багачуудыг ч үлдээлгүй, бүгдээрээ хамтдаа Библийн сэдвээр ярилцаж болно. Ингэж сайхан яриа өрнүүлэхэд ичиж, биеэ барих хүн гардаггүй бөгөөд бүгдээрээ урам авдаг.

13. Есүс Паул нарын жишээнээс юунд суралцаж болох вэ?

13 Урьсан гэрийн эзэн ч, уригдсан зочин ч Есүсийн жишээнээс суралцаж болно. Есүс зочилж явахдаа боломж болгоныг ашиглан сүнслэг яриа өрнүүлдэг байв (Лук 5:27–39; 10:42; 19:1–10; 24:28–32). Шавь нар нь ч түүнийг дуурайдаг байжээ (Үйлс 2:46, 47). Элч Паул: «Та нарыг бат болгохын тулд сүнслэг зарим бэлгийг та нартай хуваалцах гэсэндээ би та нарыг харахыг ихэд хүсдэг. Өөрөөр хэлбэл, та нарын дунд байхдаа бидний хэн хэн нь нөгөөгийнхөө, би та нарын, та нар миний итгэлээр хамтдаа зоригжих юм» хэмээн бичиж байсан (Ром 1:11, 12). Бид ч бас нэг нэгнээ урьж зочлохдоо бие биеэ урамшуулах сайхан уур амьсгал бүрдүүлэх нь зүйтэй (Ром 12:13; 15:1, 2).

Зарим сануулга хийгээд анхааруулга

14. Нэг дор олон зочин урих нь яагаад зохимжгүй вэ?

14 Эмх журам сахихад амаргүй байдаг учраас нэг дор олон зочин урих нь зохимжгүй. Сүнслэг үйл хэргээ завсардуулахгүйгээр, христиан гэр бүлүүд цөөн хэдүүлээ нийлж, зугаалах юм уу арцалдаж тэмцэлддэггүй, аятайхан тоглоом тоглож болно. Зочин урьж, үдэшлэг уулзалт зохион байгуулахдаа ахлагч, туслах үйлчлэгч, төлөвшсөн хүмүүсээс оролцуулах нь үр нөлөө сайтай, ач тус илүүтэй байдаг.

15. Зочин урихдаа эмх журмыг сахих ёстойн учир юу вэ?

15 Зочин урьж, үдэшлэг уулзалт зохион байгуулахдаа эмх журам сахихын чухлыг тоохгүй байж болохгүй. Бусдыг зочлох сайхан хэдий ч, таны хайхрамжгүйн гайгаар танайд болсон хэрэг явдлын улмаас хэн нэг хүн бүдэрхэд таатай байна гэж үү? Үүнтэй уялдуулан, Дэд хууль 22:8-д байдаг зарчмыг авч үзье. Эртний израильчууд хавтгай дээвэртэй байшинд суудаг байсан бөгөөд зочноо дээвэр дээрээ дайлж цайлах нь цөөнгүй байжээ. Тэд Мосегийн хуулийн дагуу, байшин барихдаа дээвэр дээрээ хашлага хийдэг ёстой байв. Ямар зорилгоор вэ? «Хэн нэгэн хүн чиний байшин дээрээс унаж, цус урссан гэм нь гэрт чинь оногдуузай» гэж сэрэмжлүүлсэн байдаг. Үүнтэй адилаар, эмх журам сахихыг хичээх нь бүх юмыг болохгүй гэж хориглож байгаа хэрэг биш, харин зочдоо бүх талаар, тэр дундаа, сүнслэгээр хамгаалж байгаа хэрэг юм.

16. Зочдоо согтууруулах ундаагаар дайлахаар бол юунд хэрсүү хандах ёстой вэ?

16 Хэрэв та зочдоо согтууруулах ундаагаар дайлахаар бол туйлын хэрсүү байх хэрэгтэй. Согтууруулах ундаа хэрэглэхэд нь зочдодоо хяналт тавьж чадна гэж үзсэн үедээ л христианууд урьсан хүмүүсээ согтууруулах ундаагаар дайлдаг. Ямар ч нөхцөлд бусдыг бүдрүүлэх юм уу хэтрүүлэн уух хорхойг нь хүргэх ёсгүй (Ефес 5:18, 19). Тодорхой шалтгаанаар зарим зочин согтууруулах ундаа уухгүй байж болох юм. Олон оронд хэдэн наснаас согтууруулах ундаа хэрэглэж болохыг хуулиар заасан байдаг бөгөөд энэ нь хэтэрхий хатуу чанга юм шиг санагдаж байсан ч, христианууд улсынхаа хуулийг дуулгавартай сахих ёстой (Ром 13:5).

17. а) Зочин урихдаа дуу, хөгжим сонсохоор шийдсэн бол яагаад ухаалаг сонгох ёстой вэ? б) Ямар бүжиг христиан хүнд зохисгүй вэ? Яагаад?

17 Зочдоо хөгжөөхийн тулд дуу хөгжим сонсож, бүжиг бүжиглэх болон бусад арга хэмжээ авахаар шийдсэн бол эдгээр нь христиан хэм хэмжээнд нийцэх эсэхийг магадлах шаардлагатай. Хүн хүний дур сонирхол өөр байдгийн зэрэгцээ дуу хөгжим ч олон янз байдаг. Гэхдээ орчин цагийн дуу хөгжим ихэнхдээ дураараа дургих явдал, садар самуун, хүчирхийлэлд уруу татсан өнгө аястай болжээ. Тийм учраас, ухаалаг сонгох хэрэгтэй. Заавал уянгын хөгжим байх албагүй ч, садар самуунд уриалсан аястай, орилж чарласан, хэт түргэн хэмнэлтэй байх нь зохисгүй. Бас дуу хөгжим хариуцах үүргийг хөгжмийн чанга сулыг ухаалаг тохируулж чадах хүнд л өгөх нь зүйтэй. Түүнчлэн, эрээ цээргүй зан байдлыг илэрхийлсэн, цээж болон бэлхүүсээрээ эротик хөдөлгөөн хийдэг бүжиг христиан хүнд зохисгүй нь ойлгомжтой (1 Тимот 2:8–10).

18. Эцэг эхчүүд хүүхдүүдээ үдэшлэг уулзалтад очиход нь хэрхэн хараа хяналт тавьж, хамгаалж болох вэ?

18 Христиан эцэг эх хүүхдүүдээ үдэшлэг уулзалтад явуулахдаа, тэнд очоод юу хийхийг нь мэдэх хэрэгтэй. Болж өгвөл, хамт очих нь ухаалаг хэрэг болно. Зарим эцэг эх хайхрамжгүй хандан, хараа хяналт тавих хүнгүй үдэшлэгт хүүхдүүдээ явуулж, хүүхдүүд нь тэнд очсон хойноо садар самуун юм уу өөр зохисгүй явдалтай орооцолддог нь харамсалтай (Ефес 6:1–4). Хүүхэд тань насанд хүрсэн, аливаад хариуцлагатай ханддаг болсон байлаа ч, «идэр насныхаа дур хүслүүдээс зугтахад» нь та эцэг эхийн хувьд туслах үүрэгтэй (2 Тимот 2:22).

19. Амьдралын эн тэргүүнд байх ёстой зүйлийг анхаарахын тулд юуг ойлгох хэрэгтэй вэ?

19 Амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлж, зугаацаж цэнгэх нь бие, сэтгэлийн алжаал тайлж, амьдралын баяр жаргалыг нэмдэг. Ехова үүнийг хорьдоггүй ч, энэ бүхэн «тэнгэрт эд баялгийг хураахад» тус нэмэр болохгүйг бид ойлгодог (Матай 6:19–21). Хүний амьдралын эн тэргүүнд байх ёстой зүйл бол «эхлээд... хаанчлал болон [Бурхны] зөвт байдлыг хайх» явдал болохоос бус, «харь үндэстнүүдийн чармайн хайдаг» идэж уух, өмсөж зүүх асуудал биш гэдгийг ойлгоход нь Есүс шавь нартаа тусалсан (Матай 6:31–34).

20. Өгөөмөр сэтгэлтэй Бурхны үнэнч үйлчлэгчид ямар ирээдүйг хүсэн хүлээдэг вэ?

20 Сэтгэлийг маань баясгахын тулд хэрэгтэй бүхнээр элбэг баян хангаж өгдөг Еховад талархан, «идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хийцгээе» (1 Коринт 10:31). Тун удахгүй сэргэх диваажин дэлхийд бид Бурхны тушаалыг биелүүлдэг хүмүүстэй хамт Еховагийн өгөөмөр сэтгэлийн үр шимийг хүртэн, үүрд мөнх зөв зохистой баясаж цэнгэнэ (Дуулал 145:16; Исаиа 25:6; 2 Коринт 7:1).

Санаж байна уу?

• Амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нь өнөөгийн христиануудад яагаад хэцүү байдаг вэ?

• Христиан гэр бүлүүд амралт, чөлөөт цагаа хэрхэн зөв зохистой өнгөрүүлж болох вэ?

• Зочин урьж, уулзалт үдэшлэг зохион байгуулахдаа юуг анхаарч, юунаас болгоомжлох хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]