Skip to content

Гарчиг руу орох

Хуурамч шашнаас хол байгтун!

Хуурамч шашнаас хол байгтун!

Хуурамч шашнаас хол байгтун!

«„Тэдний дундаас гарч тусгаар бай. Бузар юманд бүү хүр“ гэж [Ехова] айлддаг» (2 КОРИНТ 6:17).

1. Чин сэтгэлтэй олон хүн юуны тухай заавал мэдэх шаардлагатай вэ?

 БУРХНЫ тухай үнэн хийгээд хүн төрөлхтний ирээдүйг мэддэг хүн цөөхөн байдаг. Гэтэл олон сая хүн шашин шүтлэгтэйгээ холбоотой хамгийн чухал асуултуудын хариуг олж чадахгүй төөрч будлин, итгэл найдвараа алджээ. Хүмүүс мухар сүсэг, зан үйл, баяр ёслолын боол болдог нь Бүтээгчээ доромжилсон хэрэг юм. Там, гурвал Бурхан, үхэшгүй мөнхийн сүнс гэх мэтийн хуурамч сургаалд итгэдэг хүмүүс танай хамаатан садан, айл хөршийнхний дунд байдаг ч байж магад.

2. Шашны удирдагчид юу хийж, ямар балаг тарьсан бэ?

2 Юунаас болоод бүх нийтийг ийм сүнслэг харанхуй нөмрөв өө? Шашнаас, ялангуяа, Бурхны үзэл бодолтой зөрчилддөг сургаал номлодог шашны байгууллага, удирдагчдаас болдог гэхлээр үнэхээр гайхмаар (Марк 7:7, 8). Үүний балгаар, олон хүн хууртаж, жинхэнэ Бурхныг шүтэж байна гэж боддог боловч, үнэн чанартаа, гутаан доромжилдог. Гол нь, хуурамч шашнаас болоод хүмүүс ийм эмгэнэлт байдалд ордог байна.

3. Хуурамч шашныг түгээн дэлгэрүүлдэг гол этгээд хэн бэ? Түүнийг Библид хэрхэн дүрсэлдэг вэ?

3 Хуурамч шашны цаана үл үзэгдэх нэг этгээд байдаг. Элч Паул түүний тухай: «Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурхны дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ» хэмээн хэлсэн (2 Коринт 4:4). «Энэ үеийн бурхан» гэж Сатан Диаволаас өөр хэн байх билээ? Тэр бол хуурамч шашныг түгээн дэлгэрүүлдэг гол эзэн юм. Паул: «Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг... Тиймээс хэрэв түүний зарц нар бас өөрсдийгөө зөвт байдлын зарц нар болгон хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш» гэж бичжээ (2 Коринт 11:14, 15). Сатан мууг сайн болгон хувиргаж, хүмүүсийг мэхлэн, худал хуурмагт итгүүлдэг.

4. Бурхан Мосегийн хуулиар ард түмнээ хуурамч зөнчдөөс хэрхэн сэрэмжлүүлсэн бэ?

4 Тэгэхлээр, Библи хуурамч шашныг эрс буруушаадагт гайхах юм алга! Жишээ нь, Бурхан Мосегийн хуулиар дамжуулан ард түмнээ хуурамч зөнчдөөс сэрэмжлүүлдэг байжээ. Худал сургаал, хуурамч шашныг дэмжиж, ард олныг Еховагаас «урвуулах гэж ятгасан» хэнийг ч болов алах ёстой байв. Тийнхүү, израильчууд «өөрсдийнхөө дундаас бузар мууг арилган зайлуулах» тушаалтай байжээ (Дэд хууль 13:1–5). Тийм ээ, Ехова хуурамч шашныг бузар гэж үздэг (Езекиел 13:3).

5. Бид ямар ямар сэрэмжлүүлгийг анхаарах ёстой вэ?

5 Есүс Христ болон түүний элч нар, Еховагийн адил, хуурамч шашныг жигшдэг байв. Есүс шавь нартаа: «Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Тэд хонины арьс нөмрөн та нар уруу ирэх боловч дотроо хомхой чононууд юм» хэмээн анхааруулжээ (Матай 7:15; Марк 13:22, 23). Паул: «Бурхны уур хилэн үнэнийг... нуун дарагч хүмүүсийн аливаа бурханлаг бус ба зөвт бус байдлын эсрэг тэнгэрээс илчлэгддэг» гэж бичсэн байдаг (Ром 1:18). Жинхэнэ христианууд эдгээр сэрэмжлүүлгийг анхаарч, Бурхны Үгийн үнэнийг нуун дардаг юм уу хуурамч сургаал тараадаг ямар ч хүнээс зайлсхийх нь туйлын чухал! (1 Иохан 4:1).

«Агуу их Вавилоноос» гарагтун

6. «Агуу их Вавилоныг» Библид хэрхэн дүрсэлдэг вэ?

6 Библийн «Илчлэлт» хэмээх номд хуурамч шашныг согтуу янхан эмээр дүрсэлдэг. Тэр эм хаант улсуудыг ард түмнүүдтэй нь захирдаг аж. Тэрбээр олон хаантай завхайрлыг үйлдэж, Бурхны үнэнч үйлчлэгчдийн цусанд согтжээ (Илчлэлт 17:1, 2, 6, 18). Бузар явдалд нь тохирсон нэр духан дээр нь бичээстэй аж. Түүний нэрийг «Дэлхийн янхнуудын ба жигшүүрт юмсын эх агуу их Вавилон» гэдэг (Илчлэлт 17:5).

7, 8. Хуурамч шашин яаж «садар самуун» үйлддэг вэ? Үүний уршиг юу вэ?

7 Сударт Агуу их Вавилоныг тийнхүү дүрсэлсэн нь хуурамч шашныг бүхэлд нь оновчтой хэлсэн хэрэг юм. Хэдийгээр олон мянган шашин нэг байгууллага болж албан ёсоор нэгдээгүй ч, хүсэл зориг, үйл хэргээрээ эвсэн нэгджээ. «Илчлэлт» номд садар эмээр дүрсэлдэг хуурамч шашин улс төрд асар их нөлөөтэй байдаг. Улс төрийн хүчнүүдтэй эвсэл холбоо байгуулдаг нь эр нөхөртөө үнэнч биш, садар эмтэй адил юм. Христийн шавь Иаков: «Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурхны эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурхны дайсан болгож байгаа юм» гэж бичжээ (Иаков 4:4).

8 Хуурамч шашин улс төртэй ийнхүү холилдож хутгалдсаны уршгаар эдүгээ хүн төрөлхтөн асар их зовлон туулж байна. Африкийн улс төр судлаач, доктор Онена Мангу: «Шашин улс төртэй нийлснээр хүнийг үй олноор нь устгасан жишээ дэлхийн түүхэнд олон бий» гэж тэмдэглэжээ. Саяхны нэг сонинд: «Өнөөдөр гарч буй хамгийн их цус урсгасан, хамгийн аюултай мөргөлдөөнд шашин гол үүрэг гүйцэтгэж байна» гэж бичжээ. Шашны урсгалуудын хөөргөн дэвэргэсэн мөргөлдөөний улмаас олон сая хүний амь сүйддэг. Агуу их Вавилон Бурхны үнэнч үйлчлэгчдийг ч хяхаж хавчин, алж хядан, цусанд нь «согтдог» (Илчлэлт 18:24).

9. Ехова хуурамч шашныг үзэн яддагийг «Илчлэлт» номд хэрхэн илэрхийлсэн байдаг вэ?

9 Ехова хуурамч шашныг үзэн яддагийг Агуу их Вавилонд тохиолдох явдал тодорхой харуулдаг. Илчлэлт 17:16-д: «Чиний харсан арван эвэр ба араатан нь янхныг үзэн ядаж, түүнийг хоосруулж, нүцгэлж, махан биеийг нь идээд, түүнийг галаар шатаах болно» хэмээн бичжээ. Эхлээд, аварга биет араатан тэр эмийг үхтэл нь тарчлаан зовоож, махыг нь иднэ. Дараа нь тэр эмээс үлдсэн хэсгийг шатаан устгана. Улс төрийн хүчнүүд хуурамч шашны эсрэг удахгүй ийм үйл ажиллагаа явуулах аж. Энэ бүхнийг Бурхан хийлгэх юм (Илчлэлт 17:17). Агуу их Вавилон буюу хуурамч шашны дэлхийн эзэнт гүрэн устгагдаж, «хойшид олдохгүй» (Илчлэлт 18:21).

10. Хуурамч шашныг бид хэрхэн үзэх ёстой вэ?

10 Тэгвэл, Бурхны үнэнч үйлчлэгчид яах ёстой вэ? Библид: «Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд нь хамтрагч болохгүйн тулд болон түүний гамшгийг хүлээж авахгүйн тулд түүнээс гарагтун» гэсэн тов тодорхой тушаал байдаг (Илчлэлт 18:4). Аврагдах хүсэлтэй хүмүүс оройтоогүй дээрээ хуурамч шашнаас гарах хэрэгтэй. Есүс Христ өөрийнх нь дагалдагч гэх хүмүүс эцсийн өдрүүдэд олноороо гарч ирэхийг дэлхий дээр байхдаа зөгнөн хэлж байсан (Матай 24:3–5). Тийм хүмүүст тэрбээр: «Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл» гэж хэлдэг (Матай 7:23). Эдүгээ хаан ширээнээ залран байгаа Есүс Христ хуурамч шашныг үл хэрэгсдэг.

Хуурамч шашнаас яаж хол байх вэ?

11. Хуурамч шашнаас хол байхын тулд яах ёстой вэ?

11 Жинхэнэ христианууд хуурамч шашнаас хол байж, худал сургаалаас зайлсхийдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан болон Библийн тухай худал хуурмагийг дэвэргэсэн радио, телевизийн нэвтрүүлэг сонирхож, ном зохиол уншдаггүй гэсэн үг (Дуулал 119:37). Мөн хуурамч шашинтай холбоотой аливаа байгууллагын ивээн тэтгэсэн уулзалт өдөрлөг, амралт чөлөөт цагийн арга хэмжээнд оролцдоггүй. Хуурамч шашныг өөр ямар ч байдлаар дэмждэггүй (1 Коринт 10:21). Энэ бүхнээс зайлсхийвэл, «Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлуулахгүй» (Колоссай 2:8).

12. Хуурамч шашны байгууллагатай тогтоосон холбоогоо хэрхэн тасалж болох вэ?

12 Еховагийн Гэрч болохыг хүсэж байгаа хүн хуурамч шашны байгууллагын гишүүн байвал яах вэ? Гишүүний бүртгэлээс хасагдах өргөдөл өгвөл цаашид тухайн байгууллагын гишүүн байх хүсэлгүйн баталгаа болно. Хуурамч шашинд бузарлагдахгүйн тулд шийдэмгий арга хэмжээ авах нь онцгой чухал юм. Гэрч болох хүсэлтэй хүн тийм алхам хийж, өмнө нь харьяалагдаж байсан шашны байгууллагаас холбоогоо тасалсан гэдгээ тухайн байгууллага болон бусад хүнд тодорхой мэдэгдэх ёстой.

13. Хуурамч шашнаас хол байх Библийн ямар зөвлөгөө байдаг вэ?

13 «Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ? Христ ба Белиалын хооронд ямар зохицол байх билээ? Итгэгч хүн итгэгч бус хүнтэй юугаараа адил билээ? Бурхны сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? [...] „Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай. Бузар юманд бүү хүр“ гэж Эзэн [Ехова] айлддаг» хэмээн элч Паул бичжээ (2 Коринт 6:14–17). Бид хуурамч шашнаас хол байсан цагт энэ үгийг биелүүлнэ. Тэгвэл, хуурамч шашин шүтдэг хүмүүсээс бас хол байх хэрэгтэй юү?

«Мэргэн ухаанаар харьц»

14. Хуурамч шашин шүтдэг хүмүүсээс харьцаа холбоогоо бүрмөсөн таслах ёстой юу? Тайлбарлана уу.

14 Бурхны үнэнч үйлчлэгчид хуурамч шашин шүтдэг хүмүүсээс харьцаа холбоогоо бүрмөсөн таслах ёстой юу? Итгэл үнэмшлийг маань хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсээс нүүр буруулах хэрэгтэй юү? Тэгэх хэрэггүй. Агуу хоёр тушаалын нэг нь: «Чи хөршөө өөрийн адил хайрла» гэдэг (Матай 22:39). Бид хүмүүст Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, хайраа илэрхийлдэг. Мөн тэдэнтэй Библи судалж, хуурамч шашнаас хол байх хэрэгтэйг ойлгуулах нь хайрлаж буй хэрэг юм.

15. «Ертөнцийнх биш» гэж юу гэсэн үг вэ?

15 Есүсийн дагалдагчид бид хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлдэг ч «ертөнцийнх биш» билээ (Иохан 15:19). Энэ зүйлийн «ертөнц» гэдэг үгээр Бурхнаас хөндийрсөн хүний нийгмийг хэлдэг (Ефес 4:17–19; 1 Иохан 5:19). Бид Еховад таалагддаггүй үг яриа, үйл хэрэг, зан авираас зайлсхийж, ертөнцөөс тусгаар байдаг (1 Иохан 2:15–17). Түүнээс гадна, «муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг» гэсэн зарчмыг баримталж, Библийн хэм хэмжээг сахидаггүй хүмүүстэй дотно нөхөрлөхөөс зайлсхийдэг (1 Коринт 15:33). «Ертөнцийнх биш» байна гэдэг нь ертөнцөөс «бохирдолгүй» үлдэнэ гэсэн үг болохоос биш, хүмүүсээс бүх холбоогоо тасална гэсэн үг биш юм (Иаков 1:27; Иохан 17:15, 16; 1 Коринт 5:9, 10).

16, 17. Христианууд Библийн үнэнийг мэддэггүй хүмүүст хэрхэн хандах ёстой вэ?

16 Тэгвэл, Библийн үнэнийг мэддэггүй хүмүүст хэрхэн хандах вэ? Паул Колоссайн хуралд бичсэн захидалдаа: «Гаднах хүмүүстэй мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц. Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсалж амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм» гэжээ (Колоссай 4:5, 6). Элч Петр: «Та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд, гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр өгөхөд ямагт бэлэн байн, Христийг Эзэн хэмээж зүрхэндээ тусгаарлан нандигна» гэж бичсэн байдаг (1 Петр 3:15). Паул христиануудад «хэнийг ч муулахгүй, хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх хүмүүст бүх талаар даруухан байдлыг харуулахыг» зөвлөжээ (Тит 3:2).

17 Еховагийн Гэрчүүд бид хүмүүстэй бүдүүлэг харьцах юм уу их зан гаргахаас зайлсхийдэг. Мөн өөр шашинтай хүмүүсийн тухай ярихдаа тэднийг гутаан доромжилсон өнгө аястай үг хэлдэггүй. Дэлгэрүүлж явахад таарсан хүмүүс, айл хөршийнхөн, хамт олон маань хатуу ширүүн харьцаж, хараалын үг хэлдэг байлаа ч бид хүн бүртэй аятайхан харьцахыг боддог (Колоссай 4:6; 2 Тимот 2:24).

«Эрүүл үгсийн жишээг байлгагтун»

18. Үнэний замаасаа буцсан зарим хүн ямар эмгэнэлт байдалд ордог вэ?

18 Библийн үнэнийг мэдчихээд замаасаа буцаж, өмнө нь шүтэж байсан шашиндаа эргэж орвол хэчнээн эмгэнэлтэй вэ! Ийм гунигт байдлын талаар Библид: «Хэрэв тэд ертөнцийн бузар бусармагаас Эзэн ба Аврагч Есүс Христийн мэдлэгээр ангижирсныхаа дараа тэдгээрээр дахин урхидуулан дийлдвэл тэдний хувьд сүүлчийн байдал нь эхнийхээсээ бүр дордох болно... Тэдний хувьд „Нохой бөөлжсөө долоодог, гахайг угаасны дараа шаварт буцаж хөлбөрдөг“ хэмээх үнэн сургаалт үгийн дагуу тохиолдсон аж» гэж бичсэн байдаг (2 Петр 2:20–22).

19. Сүнслэг байдалд маань аюул болох алив зүйлээс сэрэмжилж байх нь яагаад чухал бэ?

19 Бид сүнслэг байдалд маань аюул болох алив зүйлээс сэрэмжилж байх ёстой. Биднийг аюул цаг ямагт отож байдаг. Тийм ч учраас, элч Паул: «Хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг» хэмээн урьдчилан сэрэмжлүүлжээ (1 Тимот 4:1). Өнөө үе бол тэр «хожмын цаг» мөн. Хуурамч шашнаас холбоогоо тасалдаггүй хүмүүс «давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдах» аюултай (Ефес 4:13, 14).

20. Хуурамч шашны хор хөнөөлөөс өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?

20 Хуурамч шашны хор хөнөөлөөс өөрсдийгөө хамгаалахын тулд Еховагийн өгдөг бүхнийг ашиглах хэрэгтэй. Бурхан бидэнд өөрийн Үг Библийг өгдөг (2 Тимот 3:16, 17). Бас «итгэмжит, ухаалаг боолоор» арвин их сүнслэг хоол өгүүлдэг (Матай 24:45). Үнэний мэдлэг маань өсөхийн хэрээр төлөвшсөн хүмүүст зориулагддаг бор хоолонд орж, цуглаанд очиж Библийн үнэнийг сурч мэдэх хүсэлтэй болдог шүү дээ (Еврей 5:13, 14; Дуулал 26:8). Тиймээс «сонссон эрүүл үгсийн жишээг... байлгахын» тулд Еховагийн өгдөг бүхнийг бүрэн дүүрэн ашиглах шийдвэр төгс байцгаая (2 Тимот 1:13). Тэгвэл хуурамч шашнаас хол байж чадна.

Юу мэдэж авсан бэ?

• «Агуу их Вавилон» гэж юу вэ?

• Хуурамч шашнаас хол байхын тулд яах ёстой вэ?

• Сүнслэг байдалд маань аюул учруулах ямар ямар зүйлээс зайлсхийх ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]