Skip to content

Гарчиг руу орох

«Эрүүл ухаантай байгтун»

«Эрүүл ухаантай байгтун»

«Эрүүл ухаантай байгтун»

«Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн алхмууддаа хянамгай ханддаг» (СУРГААЛТ ҮГС 14:15).

1, 2. а) Лотод тохиолдсон явдал бидэнд ямар сургамжтай вэ? б) «Эрүүл ухаантай байх» гэж орчуулсан үг ямар утгатай вэ?

 АБРАХАМ Лотод дуртай газраа түрүүлж сонгохыг зөвшөөрсөнд тэрбээр ус бэлчээр сайтай, «ЭЗЭНий цэцэрлэг шиг» тал хөндийг таалжээ. Айл хотлоороо аж төрөн суухад тохирсон, сайхан газар шиг санагдсан байх учиртай. «Тиймээс Лот Иорданы тал хөндийг бүхлээр нь өөртөө сонгож», «майхнаа нүүлгэн, Содомын ойролцоо босгожээ». Гэвч үзэгдэх өнгө нь хуурамч байлаа. Учир нь тэдний хаяа хатган буусан «Содомын хүмүүс хэт хорон муухай, ЭЗЭНий өмнө их нүгэлтэй байжээ» (Эхлэл 13:7–13). Явандаа Лотынхон гашуун зовлон амсаж, эцэстээ агуйд толгой хоргодох болсон (Эхлэл 19:17, 23–26, 30). Өнгөн дээрээ их л сайхан мэт байсан бүхэн, үнэн чанартаа, олиггүй юм байжээ.

2 Лотод тохиолдсон явдал Бурхны өнөөгийн үйлчлэгчдэд сургамж болдог. Бид алив шийдвэр гаргахдаа хожим учирч болзошгүй аюулаас сэрэмжилж, анхны сэтгэгдэлдээ хууртахаас болгоомжлох ёстой. Тийм ч учраас, Бурхны Үг: «Эрүүл ухаантай байгтун» хэмээн уриалдаг нь зүгээр нэг сануулга төдий хэрэг биш ээ (1 Петр 1:13). Энд «эрүүл ухаантай байх» гэж орчуулсан грек үг нь «алив зүйлийн зөв бурууг тооцон цэгнэж, нарийн нягталж, зөв шийдвэр гаргах чадвар өгдөг оюун ухааны тайван, тогтвортой байдал» гэсэн утгатай болохыг Библи судлаач эрдэмтэн Ричард Ленски тэмдэглэжээ. Эрүүл ухаанаар хандах шаардлагатай зарим нөхцлийг авч үзье.

Ажил хэргийн саналыг нягтлан үзэх нь

3. Ажил хэргийн санал хүлээн авахдаа болгоомжтой байх хэрэгтэйн учир юу вэ?

3 Итгэл нэгт тань ч юм уу нэр хүндтэй хэн нэг хүн танд ажил хэргийн санал тавьжээ гэж бодъё. Амжилтад хүрнэ гээд сэтгэл нь хөөрчихсөн яваа тэр хүн таныг сайхан боломжийг алдалгүй, ажил хэрэгтээ түргэхэн шиг орохыг зөвлөж байна гэнэ. Тэгтэл амьдрал ахуй тань одоогийнхоосоо дээшлээд зогсохгүй христиан үйл хэрэгт илүү цаг гаргах боломж олдох юм шиг танд санагдаж магадгүй. Гэхдээ Сургаалт үгс 14:15-д: «Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн алхмууддаа хянамгай ханддаг» гэж анхааруулдгийг санах хэрэгтэй. Шинэ бизнес эрхлэнэ гэж хөөрчихсөн хүн ихэнхдээ аливаа эрсдлийг дутуу тооцоолж, аюулыг үл тоомсорлож, ирээдүйд байдал юугаар ч эргэж болохыг бодохгүй байж мэднэ (Иаков 4:13, 14). Ийм л үед эрүүл ухаантай байх нь туйлын чухал!

4. Ажил хэргийн санал хүлээн авахдаа «алхмууддаа хэрхэн хянамгай хандах» вэ?

4 Ухаалаг хэрсүү хүн алив шийдвэр гаргахаасаа өмнө адгаж яаралгүй, сайтар нягталж үздэг (Сургаалт үгс 21:5). Ингэж нягтлан үзэх явцад далд аюулыг олж харах нь байдаг. Жишээ нь, бизнес эрхлэх төлөвлөгөөтэй хүн зээл хайж байна гэж бодъё. Хэрэв таныг мөнгө зээлүүлбэл ашгаасаа багагүй хувь хүртээхээ амлажээ. Ийм санал хорхой хүргэмээр хэдий ч, «Ямар эрсдэл гарч болох вэ? Зээлдэгч, бизнес нь амжилт олсон ч, олоогүй ч зээлээ буцааж төлөх үү, эсвэл ажил хэрэг нь бүтсэн нөхцөлд л зээлээ төлж барагдуулах уу? Өөрөөр хэлбэл, хэрэв дампуурвал би мөнгөө алдах юм биш биз?» гэдгийг сайтар бодож үзээрэй. Түүнээс гадна, «Яагаад хувь хүнээс зээл авах сонирхолтой байна вэ? Иймэрхүү бизнесийг банк, санхүүгийн байгууллагууд найдваргүй гэж үздэг үү?» гэх мэтийн асуултыг ч орхигдуулахгүй байх нь зүйтэй. Цаг гаргаж байгаад, ямар эрсдэл гарч болохыг нягтлан үзэх нь тухайн асуудалд бодитой хандахад тусална (Сургаалт үгс 13:16; 22:3).

5. а) Иеремиа талбай худалдаж авахдаа ямар ухаалаг алхам хийсэн бэ? б) Хамтарсан бизнес эрхлэхдээ бичгээр албан ёсны гэрээ хийх нь ямар ашигтай вэ?

5 Зөнч Иеремиа итгэл нэгт үеэлээсээ талбай худалдан авахдаа гэрчүүдийн өмнө бичгээр гэрээ хийдэг (Иеремиа 32:9–12). Өнөөдөр ч мөн адил, ухаалаг хүн бусадтай, тэр дундаа, хамаатан садан юм уу итгэл нэгтнүүдтэйгээ хамтран бизнес эрхлэхдээ бичгээр албан ёсны заавал гэрээ хийдэг. * Бүх асуудлыг тодорхой заасан, сайн боловсруулсан гэрээ бие биеэ буруу ойлгохоос сэргийлж, эв түнжингээ хадгалахад тусалдаг. Гэхдээ бизнест нь бэрхшээл гарахад итгэл нэгтнүүдийн хооронд маргаан үүсэх нэг том шалтгаан нь гэрээ хэлцлээ бичгээр хийгээгүйтэй холбоотой байдаг. Иймэрхүү явдлын балгаар зарим хүн сэтгэл санаагаар хохирч, бие биедээ дайсагнан ханддаг болохын зэрэгцээ сүнслэгээр сулардаг нь харамсалтай.

6. Шунаг сэтгэлээс болгоомжлох ёстойн учир юу вэ?

6 Түүнчлэн, шунаг сэтгэлээс болгоомжлох ёстой (Лук 12:15). Их ашиг хүртэх амлалт сонссон хүн бизнесийн асуудалд ухаалаг бус алхам хийх нь ямар эрсдэлтэй байдгийг ухаарах сөхөөгүй болдог. Христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүс хүртэл тийм урхинд орох нь байдаг. Бурхны Үг: «Байгаа юмандаа сэтгэл хангалуун байн, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг» гэж бидэнд анхааруулдаг (Еврей 13:5). Тэгэхлээр, христиан хүн ажил хэргийн санал хүлээн авах эсэхээ бодож байгаа бол «Энэ бизнест оролцох шаардлага үнэхээр байна уу?» гэж өөрөөсөө асуух нь зүйтэй. Еховад үйлчлэх үйл хэргийг эн тэргүүнд тавьж, энгийн амьдрах нь биднийг «бүх төрлийн бузар муугаас» хамгаална (1 Тимот 6:6–10).

Ганц бие христиануудад тулгардаг сорилт

7. а) Ганц бие христианууд ямар сорилттой тулгардаг вэ? б) Амьдралын ханиа сонгох асуудал Бурханд үнэнч байхтай ямар холбоотой вэ?

7 Гэр бүлтэй болохыг хүсдэг ч таарч тохирох хүнээ олоогүй яваа христиан олон байдаг. Зарим оронд хүмүүс ганц бие хүнийг заавал гэр бүлтэй болохыг шахаж шаарддаг. Гэхдээ итгэл нэгтнүүдийнхээ дундаас амьдралын хань болох хүнээ сонгох боломж туйлын хязгаарлагдмал байж болох юм (Сургаалт үгс 13:12). Гэсэн ч, христианууд «зөвхөн Эзэн дотор» гэрлэх тушаалыг сахих нь Еховад үнэнч байхтай салшгүй холбоотойг ойлгодог (1 Коринт 7:39). Ганц бие христианууд олны шахалт, хорхой хүргэм зүйлийг туйлбартай тэвчихийн тулд эрүүл ухаантай байх ёстой.

8. Шуламмит бүсгүйд юу тохиолдсон бэ? Христиан эмэгтэйчүүд ямар сорилттой тулгарч болох вэ?

8 «Соломоны дуун» номд хөдөөгийн эгэл бүсгүй Шуламмит, хааны анхаарлыг татсан тухай гардаг. Бүсгүй өөр залууд сэтгэлээ нэгэнт өгсөн байсан хэдий ч хаан эд баялаг, нэр хүндээ ашиглан, гял цал бүхнээр сэтгэлийг нь татах гэж хичээжээ (Соломоны дуун 1:9–11; 3:7–10; 6:8–10, 13). Христиан эмэгтэй та ч гэсэн, өөрөө хүсээгүй боловч хэн нэгний анхаарлыг татаж болох юм. Ажил дээр тань өндөр албан тушаалтай ч юм уу хэн нэг хүн танд найрсаг хандан, ивээлдээ авч, тусалж дэмжиж, тантай хамт байх шалтаг хайдаг болж болох юм. Ийм үед болгоомжтой байх хэрэгтэй. Тэгж хандаж байгаа хүн болгоныг янаг амрагийн харьцаа тогтоох хүсэлтэй юм уу шалиг гэж хэлж болохгүй ч, ихэнхдээ тийм л байдаг. Шуламмит бүсгүйн адилаар, «хана» мэт байгаарай (Соломоны дуун 8:4, 10). Янаг амрагийн харьцаанаас эрс татгалзаарай. Еховагийн Гэрч гэдгээ хамт олондоо эртнээс мэдэгдэж, дэлгэрүүлэх боломж болгоныг алдалгүй ашиглаарай. Ингэвэл та өөрийгөө хамгаална.

9. Танихгүй хүнтэй Интернетээр дотно харьцаа тогтоох нь ямар аюултай вэ? (10-р хуудасны хавсралтыг үзнэ үү.)

9 Сүүлийн үед ганц бие хүмүүсийг гэрлэх хүнээ олоход нь туслах зорилготой Интернетийн Вэб хуудсууд Еховагийн Гэрчүүдийн дунд их түгээмэл болж байна. Зарим хүн үүнийг, өөрөөр хэзээ ч учрахгүй байсан хүнтэй танилцах боломж гэж үздэг. Гэхдээ танихгүй хүнтэй мухар сохроор харьцаа тогтооно гэдэг үнэхээр аюултай. Интернетээр харьцахад үнэн худлыг ялгах тун амаргүй (Дуулал 26:4). Өөрийгөө Еховагийн Гэрч гэж хэлсэн болгон, үнэндээ, тийм байдаггүй. Түүнээс гадна, Интернетээр болздог хүмүүс бие биедээ хурдан дасаж, бодит байдлыг харах чадвараа алддаг (Сургаалт үгс 28:26). Танихгүй шахам хүнтэй Интернет юм уу бусад хэрэгслээр дотно харьцаа тогтоох нь ухаалаг алхам яавч биш (1 Коринт 15:33).

10. Ганц бие итгэл нэгтнүүдээ хэрхэн дэмжиж болох вэ?

10 Ехова бол «энэрлээр дүүрэн» Бурхан билээ (Иаков 5:11). Арга буюу ганц бие яваа христианууд сорилттой тулгарахдаа заримдаа сэтгэлээр унадгийг Ехова сайн мэддэг бөгөөд үнэнч байдлаа хадгалах гэсэн хүчин чармайлтыг нь өндөр үнэлдэг. Тийм христиануудыг сэтгэл санаагаар хэрхэн дэмжиж болох вэ? Бурханд дуулгавартай байж, өөрийгөө золиосолдгийг нь байнга «магтан сайшаах» хэрэгтэй (Шүүгчид 11:39, 40, ШЕ). Бас амралт, чөлөөт цагаараа ямар нэг арга хэмжээ зохиохдоо тэднийг урьж болно. Та хамгийн сүүлд хэзээ тийм арга хэмжээ зохиосноо санаж байна уу? Түүнээс гадна, тэднийг сүнслэг дүн нуруугаа хадгалж, Еховад баяр хөөртэй үйлчлээсэй гэж залбирч болно. Үнэнч итгэл нэгтнүүдээ Еховагийн адилаар эрхэмлэн хүндэтгэдгээ харуулж, чин сэтгэлээсээ санаа тавьцгаая (Дуулал 37:28).

Эмчилгээ сонгох нь

11. Хүнд өвчин тусахад ямар төвөгтэй асуудал гардаг вэ?

11 Бид өөрсдөө юм уу гэрийнхнээс маань хэн нэг нь хүндээр өвдөхөд сэтгэл их зовдог (Исаиа 38:1–3). Мэдээж, бид сайн эмчилгээ хийлгэж, эдгэрэхийг хүсдэг. Гэхдээ ийм үед ч Библийн зарчмуудыг баримтлах нь амин чухал. Тухайлбал, христианууд «цуснаас цээрлэх» тушаалыг чанд сахидгийн зэрэгцээ «ид шидтэй» холбоотой аргаар оношлуулж, эмчлүүлэхээс зайлсхийдэг (Үйлс 15:28, 29; Галат 5:19–21). Анагаахын талын мэдлэггүй хүнд эмчилгээ оношлогооны арга хувилбарууд учрыг нь олоход хэцүү, ойлгомжгүй санагддаг байж болох юм. Тэгвэл эдгээр асуудалд эрүүл ухаантай хандахад юу туслах вэ?

12. Эмчилгээ оношлогооны асуудлаар ухаалаг шийдвэр гаргахад юу туслах вэ?

12 «Хэрсүү хүн» Библи болон Нийгэмлэгийн ном хэвлэлээс өөртөө хэрэгтэй мэдээлэл хайж «алхмууддаа хянамгай ханддаг» (Сургаалт үгс 14:15). Эмч, эмнэлэг цөөтэй газар ургамал, амьтны гаралтай эм тан хэрэглэдэг уламжлалт анагаах ухааны аргаар эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй байж болох юм. Хэрэв иймэрхүү аргаар эмчлүүлэх болбол «Энэ эмч ид шидтэй холбоотой зан үйл хийдэг үү? Бурхан сахиус хилэгнүүлснээс юм уу хараал хүрснээс болж өвчин тусдаг гэсэн итгэл үнэмшилд үндэслэсэн аргаар эмчилгээ хийдэг үү? Тан барих болон уулгахдаа хиймэл шүтээнд тахил өргөх, шившлэг хийх болон спиритизмтэй холбоотой өөр ямар нэг зан үйл хийдэг үү?» гэх зэргийг магадлах хэрэгтэй (Дэд хууль 18:10–12). Ийнхүү нягтлан магадлах нь «Бүхнийг шалга, сайныг баригтун» гэсэн зөвлөгөөг хэрэгжүүлэхэд тусална * (1 Тесалоник 5:21). Мөн ухаалаг шийдвэр гаргахад тус болно.

13, 14. а) Эрүүл мэндийн асуудалд хэрхэн ухаалаг хандах хэрэгтэй вэ? б) Эрүүл мэнд, эмчилгээнийн асуудлаар бусадтай ярилцахдаа ямар учраас дүн нуруутай, ухаалаг байх хэрэгтэй вэ?

13 Христианууд амьдралын бүх хүрээнд, тэр дундаа, эрүүл мэндээ анхаарах асуудалд ч ухаалаг хандахыг хичээдэг. Эрүүл мэндээ зохих ёсоор анхаарах нь Еховагийн өгсөн амийн бэлгийг эрхэмлэн хүндэтгэдгээ харуулж байгаа хэрэг юм. Хэрэв өвдвөл өөртөө заавал анхаарал тавих хэрэгтэй. Гэхдээ «үндэстнүүдийг эдгээх» Бурхны цаг болохоос нааш бид өвчин эмгэгээс бүрмөсөн ангижрах аргагүй (Илчлэлт 22:1, 2). Тиймээс, өвчин хуучаа хэтэрхий анхаараад, «илүү чухал юм» болох «сүнслэг хэрэгцээгээ» мартах ёсгүй (Филиппой 1:10, ШЕ; Матай 5:3, ШЕ).

14 Бас итгэл нэгтнүүдтэйгээ эрүүл мэнд, эмчилгээнийн асуудлаар ярилцахдаа ч дүн нуруутай, ухаалаг байх хэрэгтэй. Бид цуглаан, чуулганд сүнслэг хоол хүртэх зорилгоор очдог учир тэнд тиймэрхүү сэдвээр дагнан ярилцахгүй байх нь зүйтэй. Түүнчлэн, эмчилгээний асуудлаар ямар гаргах шийдвэр нь Библийн олон зарчим, тухайн хүний мөс чанар, Еховатай тогтоосон харьцаанаас нь шалтгаалах тул хувийн үзлээ бусдад тулгах юм уу мөс чанарынх нь эсрэг шийдвэр гаргуулах гэж шахаж шаардаж хэрхэвч болохгүй. Шийдвэр гаргахдаа төлөвшсөн христиануудтай зөвлөлдөж болох хэдий ч эцсийн эцэст, хүн болгон дор бүрнээ «ачаагаа үүрэх» буюу шийдвэр гаргаж, «өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно» (Галат 6:5; Ром 14:12, 22, 23).

Стресст орсон үед

15. Хүн стресст орсон үедээ заримдаа яадаг вэ?

15 Стресст орсон үедээ Бурханд үнэнч үйлчилдэг хүмүүс хүртэл буруу зөрүү ярьж, хөнгөн хуумгай алхам хийх нь байдаг (Номлогчийн үгс 7:7). Иов хүнд сорилтод ороод, нэг хэсэгтээ дүн нуруугаа алдаж, буруу хандлагатай болсон учир үзэл бодлоо засах шаардлагатай болж байсан (Иов 35:2, 3; 40:6–8). Мосе хэдийгээр «дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу байсан» боловч нэгэн удаа уурлан бухимдаж, бодлогогүй юм ярьсан нь бий (Тооллого 12:3; 20:7–12; Дуулал 106:32, 33). Саул хааны өөдөөс гар далайлгүй, биеэ барьж чадсан Давид өөрийг нь болон хүмүүсийг нь доромжилсон Набалд уурласандаа эрүүл ухаанаа алдсан удаатай. Абигаилыг өөртэй нь уулзаж, ярилцахад л Давид сая сэхээ орж, аймшигтай алдаа гаргах гэж байснаа ойлгодог (1 Самуел 24:2–7; 25:9–13, 32, 33).

16. Гоомой алхам хийхээс хэрхэн сэргийлж болох вэ?

16 Бид ч бас стресст орсон үедээ эрүүл ухаанаа алдаж болох юм. Гэхдээ Давидыг дуурайн, хүний үгийг хүлээцтэй сонсож, нухацтай бодвол, гоомой алхам хийж, нүгэл үйлдэхээс сэргийлж чадна (Сургаалт үгс 19:2). Түүнээс гадна, Бурхны Үг: «Чичрэн айж, нүгэл бүү хий. Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай» гэж зөвлөдгийг санах хэрэгтэй (Дуулал 4:4). Болж өгвөл, тайвширсныхаа дараа шийдвэр гаргах юм уу ямар нэг алхам хийсэн нь дээр (Сургаалт үгс 14:17, 29). Еховад чин сэтгэлээсээ залбирвал «бүх оюун ухаанаас дээгүүрх Бурхны амар тайван нь Христ Есүс дотор [бидний] зүрх, бодлыг... хамгаална» (Филиппой 4:6, 7). Бурхнаас ирдэг энэхүү амар тайван биднийг тайвшруулж, эрүүл ухаантай байхад тусална.

17. Эрүүл ухаантай байхын тулд Еховад найдах хэрэгтэйн учир юу вэ?

17 Аюулаас сэрэмжилж, ухаалаг байхыг хэчнээн хичээсэн ч бид бүгдээрээ л алддаг (Иаков 3:2). Өөрөө ч мэдэлгүй буруу юм хийхийг завдаж байж болох юм (Дуулал 19:12, 13). Түүнээс гадна, хүмүүс бид Еховагаас хамааралгүйгээр алхаагаа чиглүүлэх мэдэлгүй бөгөөд чадваргүй билээ (Иеремиа 10:23). Гэхдээ Бурхан: «Би чиний явах ёстой замд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамайг зөвлөнө» хэмээсэн нь биднийг их тайвшруулж, зоригжуулдаг (Дуулал 32:8). Тийм ээ, Еховагийн тусламжтайгаар бид эрүүл ухаантай байж чадна!

[Зүүлт]

^ Ажил хэргийн гэрээ хэлцэл хэрхэн хийх тухай «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1997 оны 8-р сарын 1-ний дугаарын 30, 31-р хуудас, мөн 1986 оны 11-р сарын 15-ны дугаарын 16, 17-р хуудас, «Сэрцгээ!» сэтгүүлийн 1983 оны 2-р сарын 8-ны дугаарын 13—15-р хуудаснаас дэлгэрэнгүй зөвлөгөө үзнэ үү (англи).

^ Зарим өвчнийг эмчлэх аргын талаар эмч мэргэжилтнүүд санал зөрөх үе байдаг бөгөөд тийм нөхцөлд ч энэ зөвлөгөөг сахих нь тустай.

Та хэрхэн хариулах вэ?

• Ажил хэргийн санал хүлээн авахдаа...

• Амьдралын ханиа сонгохдоо...

• Эмчилгээ сонгохдоо...

• Стресст орсон үедээ...

...хэрхэн эрүүл ухаанаар хандах вэ?

[Догол мөрийн асуулт]

[9-р хуудасны хавсралт]

Итгэж болно гэж үү?

Ганц бие хүмүүст зориулсан Вэб хуудаснуудад дараах анхааруулга байдаг.

«Энэ хуудсанд өөрсдийгөө танилцуулсан хувь хүмүүсийн мэдээлэл үнэн зөв эсэхийг олж тогтоохын тулд бид чадах бүхнээ хийдэг хэдий ч үнэн зөв мэдээлэл өгсөн эсэхийг нь хариуцахгүй».

«Бид энэ хуудсанд буй алив мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн, найдвартай эсэхийн баталгааг хариуцахгүй».

«Энэ хуудсанд буй аливаа зөвлөгөө, санал, тэмдэглэл болон бүх мэдээллийн үнэн баттай эсэхийг хувь хүмүүс өөрсдөө хариуцах бөгөөд... заавал үнэн байх албагүй».