Skip to content

Гарчиг руу орох

Баптисм хүртэх шаардлагыг хангах нь

Баптисм хүртэх шаардлагыг хангах нь

Баптисм хүртэх шаардлагыг хангах нь

«Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ?» (ҮЙЛС 8:36).

1, 2. Филип түшмэлтэй яриа хэрхэн өрнүүлсэн бэ? Түшмэл чин сүсэгтэй хүн байсныг юу харуулдаг вэ?

 ЕСҮСИЙГ үхсэнээс хойш нэг хоёр жилийн дараа нэгэн түшмэл Иерусалимаас 1 500 километрт орших нутгаа зорин, «Газ руу урууддаг замаар» өмнө зүг явж байлаа. Чин сүсэгтэй энэ хүн Еховад мөргөл үйлдэх зорилгоор Етиопоос Иерусалимд ирсэн ажээ. Харих замдаа цагийг ухаалаг ашиглан, Бурхны Үгийг уншиж явсан нь Еховад бат итгэдгийнх нь шинж байв. Ехова чин сэтгэлтэй тэр хүнийг анхаарч, Есүсийн шавь Филипийг тэнгэр элчийн удирдлагаар түүн рүү явуулжээ (Үйлс 8:26–28).

2 Филип түшмэлтэй яриа хэрхэн өрнүүлснийг авч үзье. Түшмэл тэр үеийн заншил ёсоор дуудан уншиж байсан тул Исаиагийн номоос уншиж буйг нь Филип мэдэв. Тэгээд: «Та уншиж байгаагаа ойлгож байна уу?» хэмээн асуусан нь түшмэлийн анхаарлыг татаж, улмаар тэд Исаиа 53:7, 8-р зүйлийг дэлгэрэнгүй ярилцжээ. Эцэст нь, Филип «Есүсийн тухай түүнд ярьж өгөв» (Үйлс 8:29–35).

3, 4. а) Филип түшмэлд ямар учраас хойшлуулалгүйгээр баптисм хүртээсэн бэ? б) Энэ өгүүллээр ямар ямар асуулт авч үзэх вэ?

3 Есүс Бурхны санаа зорилгыг биелүүлэхийн тулд ямар үүрэг гүйцэтгэхийг, Христийн шавь болж баптисм хүртэх нь ямар учиртайг түшмэл богинохон хугацаанд ойлгожээ. Тэрбээр устай газар байхыг хараад Филипээс: «Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ?» хэмээн асуудаг. Энэ явдал их онцгой тохиолдол байсан нь ойлгомжтой. Түшмэл иудей үндэстэн биш атлаа Еховаг хэдийнээс шүтдэг байсан аж. Одоо л баптисм хүртэхгүй бол тийм боломж дахин мөд гарахгүй байх байсан биз. Хамгийн гол нь, тэрбээр Бурхан өөрөөс нь юу шаарддагийг сайн ойлгосон бөгөөд тэр шаардлагыг хангахыг чин сэтгэлээсээ хүсэж байв. Филип хүсэлтийг нь биелүүлэн, баптисм хүртээсэнд етиоп хүн «баяр баясалтайгаар замд гарчээ». Нутагтаа очоод сайн мэдээг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг болсон нь эргэлзээгүй (Үйлс 8:36–39).

4 Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэх шийдвэр гаргахдаа хөнгөн хуумгай хандаж болохгүй. Гэхдээ зарим хүн Бурхны Үгийн үнэнийг хүлээж аваад, удаж төдөлгүй баптисм хүртэж байсан нь етиоп түшмэлийн жишээнээс харагдаж байна. * Тэгэхлээр, баптисм хүртэхээсээ өмнө ямар бэлтгэл хангах ёстой вэ? Нас хэр зэрэг чухал бэ? Баптисм хүртэхээсээ өмнө сүнслэгээр ямар түвшинд хүрэх ёстой вэ? Гол нь, Ехова ямар учраас баптисм хүртэхийг шаарддаг вэ гэсэн асуултыг авч үзэх нь зүйтэй.

Чухал амлалт

5, 6. а) Эртний израильчууд Бурхны хайранд талархдагаа хэрхэн харуулсан бэ? б) Баптисм хүртсэн хүн Еховатай ямар харьцаа тогтоодог вэ?

5 Ехова израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлснийхөө дараа онцгой «эзэмшлээ» болгон, хайрлан хамгаалж, «ариун үндэстэн» болгохыг хүсэж байв. Гэхдээ израильчууд тэр ивээлийг хүртэхийн тулд Бурхны хайранд талархдагаа тодорхой харуулах учиртай байлаа. Тэд «ЭЗЭНий айлдсан бүхнийг» биелүүлэхээ амлан, гэрээ байгуулжээ (Египетээс гарсан нь 19:4–9). МЭ І зуунд Есүс шавь нартаа бүх үндэстний хүмүүсийг дагалдагч болгохыг тушаасан бөгөөд сургаалыг нь хүлээн авсан хүмүүс баптисм хүртдэг байв. Бурхантай дотно харьцаа тогтооё гэвэл Есүс Христэд итгэж, баптисм хүртэх шаардлагатай байсан (Матай 28:19, 20; Үйлс 2:38, 41).

6 Бурханд үйлчлэхээр амлаад, тэр чухал амлалтаа биелүүлдэг хүмүүсийг Ехова ивээдэг нь дээрх явдлаас харагддаг. Еховагийн ивээл хүртэхийн тулд христианууд заавал Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэх ёстой. Бид Бурхнаар «хөтлүүлэх» буюу удирдуулан, хэм хэмжээг нь баримтлах шийдвэр төгс байдаг (Дуулал 48:14). Хариуд нь, Ехова бидний гараас «атгаж», явах ёстой замаар маань удирддаг (Дуулал 73:23; Исаиа 30:21; 41:10, 13).

7. Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэх эсэхээ хувь хүн бие даан шийдэх ёстойн учир юу вэ?

7 Дээрх хоёр алхмыг хийхийн тулд, хамгийн гол нь, Еховаг хайрладаг, түүнд үйлчлэх чин хүсэлтэй байх ёстой. Хэн нэг хүн таныг Библи хангалттай удаан судаллаа гэх юм уу, эсвэл найзууд чинь баптисм хүртчихлээ гэж хэлсний зоргоор баптисм хүртэж болохгүй. Ер нь, Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэхийг эцэг эхчүүд үр хүүхдэдээ, төлөвшсөн христианууд бусдад уриалж болно. Жишээ нь, элч Петр Пентекостын өдөр өөрийг нь сонсож байсан хүмүүст «баптисм хүртэхийг» уриалж байсан (Үйлс 2:38). Гэхдээ Бурханд өөрийгөө зориулах эсэхээ хүн бие даан шийдэх ёстой бөгөөд энэ асуудлаар хэн ч бусдын өмнөөс шийдвэр гаргах эрхгүй. Бурхны хүсэл тааллыг биелүүлэх эсэхээ хувь хүн өөрөө шийдэх учиртай (Дуулал 40:8).

Баптисм хүртэх бэлтгэлээ хангах нь

8, 9. а) Нялх хүүхдэд баптисм хүртээх нь Библийн шаардлагад нийцэх үү? б) Хүүхэд багачууд баптисм хүртэхээсээ өмнө ямар шаардлага хангах ёстой вэ?

8 Тэгвэл хүүхэд Бурханд өөрийгөө зориулах эсэхээ ухамсартайгаар шийдэж чадах уу? Хэдийгээр Библид нас заагаагүй боловч нялх хүүхэд итгэл үнэмшилтэй болж, итгэлийнхээ үндсэн дээр Бурханд өөрийгөө зориулж чадахгүй нь тодорхой (Үйлс 8:12). Түүхч Август Неандер нэгэн бүтээлдээ І зууны христиануудын талаар: «Уг нь, цээнд хүрсэн хүмүүст л баптисм хүртээдэг байсан. Учир нь христианууд баптисмыг итгэл үнэмшилтэй нягт холбон үздэг байв» хэмээн тэмдэглэжээ («General History of the Christian Religion and Church»).

9 Зарим хүүхэд харьцангуй багаасаа сүнслэгээр төлөвшдөг байхад зарим нь өсөж томорсон хойноо тийм түвшинд хүрдэг. Ямартай ч, хүүхэд багачууд баптисм хүртэхээсээ өмнө, цээнд хүрсэн хүний нэгэн адил, Еховатай хувийн харьцаа тогтоож, Библийн үндсэн сургаалыг нарийн зөв ойлгож, Бурханд өөрийгөө зориулах гэж юу гэсэн үг болохыг сайтар ухамсарласан байх ёстой.

10. Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэхээс өмнө ямар ямар алхам хийх ёстой вэ?

10 Есүсийн шавь нар багшийнхаа тушаасан бүхнийг хүмүүст заах ёстой байсан (Матай 28:20). Тиймээс юуны түрүүнд, хүмүүст Библийн үнэнийг зааж, хүмүүс ч сурч мэдсэнийхээ үндсэн дээр Ехова болон түүний Үгэнд итгэдэг болох учиртай (Ром 10:17; 1 Тимот 2:4; Еврей 11:6). Тэгээд Библийн үнэн зүрхэнд нь хүрэх цагт хүн гэмшиж, өмнөх амьдралынхаа хэв маягаас «эргэдэг» (Үйлс 3:19). Эцэст нь, Еховад өөрийгөө зориулж, Есүсийн тушаасан ёсоор баптисм хүртэх хүсэлтэй болдог.

11. Баптисм хүртэхээсээ өмнө дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцох нь ямар ач холбогдолтой вэ?

11 Баптисм хүртэхийн өмнөх бас нэг чухал алхам бол Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх явдал юм. Эцсийн өдрүүдэд Бурхны ард түмний хийх ёстой хамгийн чухал ажил бол дэлгэрүүлэх ажил билээ (Матай 24:14). Тийм учраас баптисм хүртээгүй дэлгэрүүлэгчид ч гэсэн энэ ажилд оролцдог. Энэ нь баптисм хүртсэнийхээ дараа тогтмол, идэвх зүтгэлтэй дэлгэрүүлэх бэлтгэл болдог (Ром 10:9, 10, 14, 15).

Баптисм хүртэхэд тань ямар нэг саад тулгарч байна уу?

12. Зарим хүн ямар учраас баптисм хүртэхээс хойш суудаг вэ?

12 Зарим хүн үүрэг хариуцлага хүлээх дургүй байдгаасаа болоод баптисм хүртэхээс хойш суудаг байж болох юм. Тийм хүмүүс Еховагийн хэм хэмжээг сахихын тулд амьдралаа өөрчлөх ёстойгоо ойлгоод шантардаг. Эсвэл баптисм хүртсэнийхээ дараа Бурхны шаардлагын дагуу амьдарч чадахгүй байх вий гэж айдаг байж магадгүй. Тэр битгий хэл, зарим хүн: «Аягүй бол, баптисм хүртсэнийхээ дараа буруу юм хийж, хурлаас хасагдана» гэж боддог байж мэднэ.

13. Зарим хүн ямар шалтаг тоочин, Есүсийн дагалдагч болохоос хойш суусан бэ?

13 Нэгдүгээр зуунд зарим хүн хувийн ашиг харж, ар гэртээ хоргодон Есүсийн шавь болохоос хойш суусан байдаг. Жишээ нь, нэгэн хуулийн багш Есүсийг хаа ч явсан, дагая гэхэд нь Есүс, хоног төөрүүлэх газар тэр болгон олддоггүйг хэлдэг. Есүс өөр нэг хүнийг дагалдагчаа болохыг урихад өнөөх хүн эхлээд эцгээ «оршуулах» хэрэгтэй байгаагаа хэлдэг. Уг нь, Есүсийг дагаж яваад, цаг нь болохлоор эцгээ оршуулж болох л байсан. Гэсэн ч, гэртээ үлдэн, эцгээ нас бартал нь хүлээхийг илүүд үзсэн бололтой. Эцэст нь, гурав дахь хүн Есүсийг дагахаасаа өмнө «гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэх» хэрэгтэй гэж хэлжээ. Тийн хойрго байхыг Есүс «арагшаа харахтай» зүйрлэсэн байдаг. Тэгэхлээр, баптисм хүртэхээс хойш суудаг хүмүүс хариуцлагаас мултрах шалтаг хэзээд олж чаддаг байна (Лук 9:57–62).

14. а) «Хүмүүсийн загасчин болгоё» гэсэн Есүсийн саналыг Петр Андрей Иаков Иохан нар хэрхэн хүлээж авсан бэ? б) Есүсийн «буулганд» эргэлзэхгүйгээр орж болохын учир юу вэ?

14 Харин Петр Андрей Иаков Иохан нарын жишээ дээрхээс эрс ялгардаг. Есүс: «Намайг дага, би та нарыг хүмүүсийн загасчин болгоно» гэхэд «тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа» гэж Библид тэмдэглэсэн байдаг (Матай 4:19–22). Дагалдагч нь болох эсэхээ даруйхан шийдсэнийхээ ачаар тэд «Буулгыг минь өөр дээрээ авч, надаас суралц. Учир нь би дөлгөөн ааштай бөгөөд зүрхэндээ даруухан. Та нар сэргэх болно. Яагаад гэвэл миний буулга эвтэйхэн бөгөөд миний ачаа хөнгөн» хэмээн Есүсийн хожим хэлсэн үгийн үнэн болохыг биеэрээ үзсэн (Матай 11:29, 30, ШЕ). Баптисм хүртэхэд тодорхой хариуцлага хүлээдэг буюу «буулганд» ордог нь үнэн. Гэхдээ энэ «буулга» эвтэйхэн, боломжийн бөгөөд биднийг асар их сэргээнэ гэж Есүс амласан.

15. Бурхан биднийг дэмжинэ гэдгийг Мосе Иеремиа хоёрын жишээ хэрхэн харуулдаг вэ?

15 Мэдээж, өөрийгөө чамлах үе гардаг. Еховаг даалгавар өгөхөд Мосе Иеремиа хоёр эхэндээ өөрсдийгөө чамлаж байсан (Египетээс гарсан нь 3:11; Иеремиа 1:6). Тэгэхэд нь Бурхан хэрхэн зоригжуулсан билээ? «Би чамтай заавал хамт байна» хэмээн Мосед амлаж, «Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байна» гэж Иеремиад хэлсэн (Египетээс гарсан нь 3:12; Иеремиа 1:8). Тэгвэл биднийг ч бас дэмжинэ гэсэн үг. Бурхныг хайрлаж, түүнд бат итгэдэг бол өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарч чадах болов уу гэж эргэлзэхээ болино. «Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна» гэж элч Иохан бичсэн байдаг (1 Иохан 4:18). Бяцхан хүү ганцаараа явахдаа айж байж болох ч, аавынхаа гараас хөтлөөд явахдаа юунаас ч айдаггүй. Үүнтэй адилаар, хэрэв «бүх зүрхээрээ итгэвэл» Ехова бидэнтэй хамт явж, «замыг [маань] шулуун болгохоо» амладаг (Сургаалт үгс 3:5, 6).

Хүндэтгэвэл зохих үйл явдал

16. Баптисм хүртэхдээ ямар учраас бүтэн биеэрээ шумбах ёстой вэ?

16 Ер нь, баптисм хүртэх хүмүүс баптисм хүртэхээсээ өмнө уг арга хэмжээний ач холбогдлыг тайлбарласан илтгэл сонсдог. Илтгэлийн төгсгөлд хоёр асуултад хариулж, итгэл үнэмшлээ «хүлээн зөвшөөрөх» буюу бүх нийтэд тунхагладаг (Ром 10:10; 10-р хуудасны хавсралт үзнэ үү). Дараа нь Есүсийн жишээг дуурайн, бүтэн биеэрээ усанд шумбаж баптисм хүртдэг. Есүс баптисм хүртээд «уснаас гарч ирсэн» гэж Библид бичсэнийг үзвэл Баптисм хүртээгч Иохан Есүст баптисм хүртээхдээ бүтэн биеэр нь усанд шумбуулсан байж таарна * (Матай 3:16; Марк 1:10). Бүтэн биеэрээ шумбаж баптисм хүртэх нь амьдралдаа том өөрчлөлт хийснийг бэлэгддэг. Зүйрлэн хэлбэл, баптисм хүртэж буй хүн өмнөх амьдралынхаа хувьд үхэж, Бурханд үйлчлэхээр амьдралаа шинээр эхэлж байгаагаа харуулдаг.

17. Баптисм хүртэх хүмүүс болон бусад хүн уг арга хэмжээг хүндэтгэж байгаагаа хэрхэн харуулж болох вэ?

17 Баптисм хүртэх нь чухал бөгөөд баяр хөөртэй үйл явдал мөн. Есүс Иордан голд баптисм хүртээд залбирч байсныг Библид бичсэн байдаг (Лук 3:21, 22). Өнөөдөр ч гэсэн, баптисм хүртэх хүмүүс Есүсийн жишээг дуурайн, биеэ зөв авч явах ёстой. Бид Библийн хэм хэмжээг баримтлан, өдөр бүр даруу хувцаслахыг хичээдэг юм бол, тэр тусмаа, баптисм хүртэх үедээ бүр даруу хувцаслах учиртай! (1 Тимот 2:9). Бусад нь бас энэ үйл явдлыг хүндэтгэж байгаагаа харуулан, баптисм хүртэх хүмүүст зориулсан илтгэлийг анхааралтай сонсож, уг арга хэмжээний үеэр эмх журамтай байх нь зүйтэй (1 Коринт 14:40).

Баптисм хүртсэн хүмүүсийн хүртдэг ивээл

18, 19. Баптисм хүртсэн хүн ямар ямар ивээл хүртдэг вэ?

18 Бид Бурханд өөрсдийгөө зориулж, баптисм хүртсэнээр нэгэн өвөрмөц гэр бүлийн гишүүн болдог. Юуны түрүүнд, Ехова бидний Эцэг, Анд нөхөр болдог. Өмнө нь бид Бурхнаас хөндийрсөн байсан бол баптисм хүртсэнийхээ ачаар Бурхантай эвлэрдэг (2 Коринт 5:19; Колоссай 1:20). Христийн золих тахилын үндсэн дээр бид Бурханд ойртож, Бурхан ч бидэнд ойртдог (Иаков 4:8). Ехова нэрийг нь авч явдаг, хэрэглэдэг хүмүүст анхаарал тавин, тэднийг сонсож, бэлэгдлийн утгатай «дурсгалын номдоо» нэрийг нь бичиж авдаг бөгөөд «Тэд Минийх байх болно. Өөрт нь үйлчилдэг хүүгээ хүн өршөөдгийн адил Би тэднийг өршөөх болно» гэж хэлдгийг зөнч Малахи бичжээ (Малахи 3:16–18).

19 Түүнээс гадна, бид дэлхий дахины итгэл нэгт ахан дүүсийн барилдлагад нэгддэг. Элч Петр, христианууд золиосолсон бүхнийхээ төлөө ямар шагнал хүртэхийг асуухад Есүс: «Миний нэрийн төлөө гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно» гэж амласан (Матай 19:29). Есүсийг тэгж хэлснээс хойш олон жилийн дараа Петр «дэлхийд буй» болчихоод байсан «ахан дүүсийн барилдлагын» тухай бичжээ. Тэрбээр итгэл нэгт ах дүүсийнхээ хайр халамж, тусламж дэмжлэгийг биеэрээ үзсэн билээ. Бидэнд ч бас тийм боломж бий (1 Петр 2:17; 5:9).

20. Бид баптисм хүртэхдээ ямар найдвартай болдог вэ?

20 Бас өөрийг нь дагадаг хүмүүс «мөнх амийг өвлөх болно» гэж Есүс хэлсэн. Тийм ээ, бид Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэхдээ «жинхэнэ аминд хүрэх» буюу Бурхны шинэ ертөнцөд мөнх амьдрах найдвартай болдог (1 Тимот 6:19). Мөнхийн амь гэдэг бол бидний болоод дотнын хүмүүсийн маань хувьд хамгийн сайхан ирээдүй мөн! Тийм ээ, бид «үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхаж» чадна (Мика 4:5).

[Зүүлт]

^ Түүнчлэн, Еховаг шүтдэг иудей болон бусад үндэстний 3 000 хүн Пентекостын өдөр Петрийн үгийг сонсоод яг тэр өдөртөө баптисм хүртжээ. Тэд ч гэсэн түшмэлийн адилаар, Бурхны Үгийн үндсэн сургаал, зарчмуудыг аль хэдийн мэддэг байсан нь лавтай (Үйлс 2:37–41).

^ Баптисма гэдэг грек үг «шумбуулж гаргах» гэсэн утгатай болохыг эрдэмтэн Уильям Вайны «Шинэ Гэрээний үгийн тайлбар толь»-д тэмдэглэжээ.

Тайлбарлана уу

• Еховагийн хайранд талархдагаа хэрхэн харуулах вэ? Яагаад?

• Баптисм хүртэхээсээ өмнө сүнслэгээр ямар түвшинд хүрэх ёстой вэ?

• Нүгэл үйлдэх вий гэж айх юм уу үүрэг хариуцлага хүлээх дургүй гэх мэтийн шалтаг тоочин, баптисм хүртэхээс хойш суух ёсгүйн учир юу вэ?

• Баптисм хүртсэн хүн ямар ямар хосгүй ивээл хүртэж болох вэ?

[Догол мөрийн асуулт]