«Би та нартай хамт байдаг»
«Би та нартай хамт байдаг»
ЭЗЭНий элч: «„Би та нартай хамт байдаг“ гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэв (ХАГГАИ 1:13).
1. Есүс бидний үеийг юутай зүйрлэсэн бэ?
БИД түүхийн тун эгзэгтэй үед амьдарч байна. Энэ бол 1914 оноос эхэлсэн «Эзний өдөр» гэдгийг Библийн биелсэн зөгнөл баталдаг (Илчлэлт 1:10). Та «Эзний өдрийн» тухай зөгнөлийг нарийн судалсан байх. Тийм учраас, Есүс «Хүний Хүүгийн [Хааны эрх мэдэлтэй байх] өдрүүдийг» «Ноагийн» болон «Лотын өдрүүдтэй» зүйрлэснийг мэдэх биз ээ (Лук 17:26, 28). Ноа, Лотын үеийн түүх өнөө үед хамаатайг Библи харуулдаг. Бас, бидний нухацтай авч үзвэл зохих өөр зөгнөл бий.
2. Ехова, Хаггаи Зехариа нарт ямар даалгавар өгсөн бэ?
2 Еврей зөнч Хаггаи, Зехариа нарын үе уруу буцаж, тэр үеийн нөхцөл байдлыг ярилцъя. Үнэнч хоёр зөнчийн зөгнөл Еховагийн орчин цагийн үйлчлэгчдэд ямар ач холбогдолтой вэ? Еховагийн «элч» Хаггаи Зехариа хоёр Вавилоны олзноос буцаж ирсэн иудейчүүдэд сүмийг сэргээн барихад нь Бурхан тусална гэж итгүүлэх даалгавар авсан байв (Хаггаи 1:13; Зехариа 4:8, 9). Тэдний бичсэн ном хэмжээ багатай ч «Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай» Судрын салшгүй хэсэг юм (2 Тимот 3:16).
Анхаарал татахын учир
3, 4. Хаггаи Зехариа нарын зөгнөлийг бид яагаад анхаарч үзэх хэрэгтэй вэ?
3 Хаггаи Зехариа нарын бичсэн зөгнөл тэр үеийн иудейчүүдэд тустайн дээр тухайн үедээ биелж байжээ. Тэгвэл өнөөдөр энэ хоёр номыг яагаад анхаарч үзэх хэрэгтэй вэ? Еврей 12:26–29-д үүний учрыг тайлбарладаг. Элч Паул Хаггаи 2:6-гаас иш татаж, Бурхан «тэнгэр ба газрыг сэгсрэх» тухай өгүүлжээ. Тийнхүү сэгсрэхдээ «хаанчлалуудын сэнтийнүүдийг хөмөрч, үндэстнүүдийн хаанчлалуудын хүч чадлыг нь устгах» ажээ (Хаггаи 2:22).
4 Паул «Хаггаи» номоос иш татсаныхаа дараа «үндэстнүүдийн хаанчлалуудад» юу тохиолдохыг хэлж, тослогдсон христиануудын хүлээн авах, үл ганхах Хаанчлалын давуу талыг тэмдэглэжээ (Еврей 12:28). Манай эриний нэгдүгээр зуунд «Еврей» номыг бичсэн Паулын үгнээс Хаггаи Зехариа нарын зөгнөл ирээдүйд дахин биелэх учиртайг та ойлгож байгаа биз ээ. Есүстэй хамтран Мессиагийн Хаанчлалыг өвлөх, тослогдсон христиануудын үлдэгсэд дэлхий дээр өнөөдөр ч байгаа. Тэгэхлээр, Хаггаи Зехариа хоёрын зөгнөл өнөө үед ч чухал ач холбогдолтой болж таарч байна.
5, 6. Хаггаи Зехариа нарыг зөгнөхөөс өмнө байдал ямар байсан бэ?
5 «Езра» номд Хаггаи Зехариа нарын өмнөх үеийн үйл явдал гардаг. МЭӨ 537 онд иудейчүүдийг Вавилоноос чөлөөлөгдсөний дараа, МЭӨ 536 онд амбан захирагч Зеруббабел, тэргүүн тахилч Иошуа (буюу Иешуа) нар шинэ сүмийн суурь тавих ажлыг удирдах болжээ (Езра 3:8–13; 5:1). Энэ ажил их баяр хөөр авчраад төдий л удаагүй байтал иудейчүүдийг айдас нөмөрчээ. Дайснууд нь буюу «тэр газрын ард түмэн Иудагийн хүмүүсийн урмыг нь мохоож, цаашид барихад нь тэднийг айлгасан» гэж Езра 4:4-т өгүүлдэг. Дайснууд, ялангуяа, самаричууд иудейчүүдийг гүтгэн буруутгаж, Персийн хааныг ятган, сүм барих ажилд хориг тавиулж чаджээ (Езра 4:10–21).
6 Иудейчүүд сүм сэргээн барих ажлаа урам зоригтой эхэлж байсан бол сүүлдээ зориг нь мохож, хувийн ашиг сонирхлоо илүүд үзэх болов. Гэвч, сүмийн суурь тавигдсанаас хойш 16 жилийн дараа буюу МЭӨ 520 онд Ехова ард түмнээ зоригжуулж, барилгын ажлыг үргэлжлүүлэхээр Хаггаи Зехариа нарыг явуулжээ (Хаггаи 1:1; Зехариа 1:1). Иудейчүүд зөнчдийн үгэнд зоригжиж, Бурхан үнэхээр тусалж буйн баталгааг үзээд, сүм сэргээн барих ажлаа дахин өрнүүлж, МЭӨ 515 онд дуусгажээ (Езра 6:14, 15).
7. Хаггаи, Зехариа нарын үе өнөөгийнхтэй юугаараа төстэй вэ?
7 Энэ бүхэн бидэнд ямар сургамжтай вэ? Бид «хаанчлалын сайн мэдээ» дэлгэрүүлэх ажил хийдэг (Матай 24:14). Дэлхийн І дайны дараагаас энэ ажил бүр ч чухал болсон. Эртний иудейчүүд Вавилоноос чөлөөлөгдсөн шиг Еховагийн орчин үеийн ард түмэн хуурамч шашны дэлхийн эзэнт гүрэн болох Агуу их Вавилоноос чөлөөлөгдсөн. Бурхны тослогдсон үйлчлэгчид сайн мэдээ дэлгэрүүлж, зааж, хүмүүсийг жинхэнэ шашинд хандуулах ажилд махран орсон юм. Өнөө үед энэ ажил цар хүрээгээ тэлэн үргэлжилж байгаа бөгөөд та ч хувь нэмрээ оруулдаг биз ээ. Үнэхээр, одоо бол дэлгэрүүлэх цаг мөн! Учир нь эд юмсын тогтолцооны төгсгөл хаяанд тулж ирчихээд байна. Еховаг «агуу их гай гамшгаар» хүмүүсийн хэрэгт хөндлөнгөөс оролцоход энэ ажил маань дуусах учиртай (Матай 24:21). Тэр цагт ёс бус бүхэн үгүй болж, цэвэр шүтлэг дэлхий даяар түгэн дэлгэрнэ.
8. Бурхан бидний ажлыг дэмждэг гэдэгт итгэх ямар үндэс байдаг вэ?
8 Дэлгэрүүлэх ажилд чин сэтгэлээсээ оролцвол Еховагийн дэмжлэгийг авч, ивээлийг нь хүртэнэ гэдэгт итгэлтэй байж болохыг Хаггаи Зехариа нарын зөгнөл харуулдаг. Бурхны үйлчлэгчдийг нухчин дарахыг оролдож, дэлгэрүүлэх ажилд нь хориг саад тавьж байсан ч энэ ажлыг хааж боож чадсан засгийн газар байдаггүй. Ехова дэлхийн І дайнаас хойш өнөөг хүртэлх олон арван жилийн хугацаанд Хаанчлалын үйл хэргийг дэмжиж ивээсэн билээ. Гэхдээ, хийх ажил их байна.
9. Эртний ямар түүхийг анхаарч үзэх шаардлагатай вэ? Яагаад?
9 Бурхны тушаалыг улам дуулгавартай биелүүлж, дэлгэрүүлэх болон заах ажлаа идэвх зүтгэлтэй хийхэд Хаггаи Зехариа нарын зөгнөлөөс сурч мэдсэн маань хэрхэн туслах вэ? Сургамж болох хэдэн зүйлийг Библийн энэ хоёр номоос мэдэж авцгаая. Жишээ нь, Вавилоноос буцаж ирсэн иудейчүүд сүм барих ажилдаа хэрхэн хандах болсныг дэлгэрэнгүй үзье. Тэд сүм барих ажлаас шантарсныг дээр тэмдэглэсэн билээ. Сүмийн суурийг тавьсны дараа ажил нь удааширч эхэлжээ. Тэд ямар буруу үзэлтэй болсон бэ? Үүнээс ямар сургамж авах вэ?
Зөв үзэл бодолтой болох нь
10. Иудейчүүд ямар буруу үзэл бодолтой болсон бэ? Үр дүн нь ямар байсан бэ?
10 Иерусалимд эргэн ирсэн иудейчүүд: «Цаг нь болоогүй» гэж хэлдэг болжээ (Хаггаи 1:2). МЭӨ 536 онд сүмийн суурийг тавьж, барилгын ажлаа эхлэхдээ «цаг нь болоогүй» гэж хэлдэггүй байсан атлаа хөрш зэргэлдээ ард түмнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, нөлөө бүхий хүмүүс хөндлөнгөөс оролцож эхэлмэгц зориг нь мохсон аж. Иудейчүүд гоё чамин орд харшид, тохь тухтай амьдрахыг илүүд үзэж эхэлжээ. Тэдний гэр байшин «гоёмсог» байхад Еховагийн өргөө баригдаж ч дуусаагүй байлаа. Тийм учраас Ехова: «Энэ өргөө эзгүйрэн хоосроод байхад гоёмсог гэртээ суух нь та нарын хувьд цаг нь мөн гэж үү?» хэмээн асуусан (Хаггаи 1:4).
11. Ехова Хаггаин үеийн иудейчүүдэд ямар учраас зөвлөгөө өгсөн бэ?
11 Иудейчүүд эн тэргүүнд тавьдаг зүйлээ өөрчилсөн байлаа. Еховагийн санаа зорилгыг түрүүлж бодон, сүм сэргээн барихын оронд ахуй амьдрал, орон гэртээ хамаг анхаарлаа төвлөрүүлэх болов. Ийнхүү, Бурхны өргөөний ажил мартагдсан аж. Хаггаи 1:5-д бичсэнээр, Ехова иудейчүүдэд «зам мөрөө хянахыг» уриалжээ. Ехова тэдэнд түр азнаад, юу хийж байгаагаа эргэцүүлж, сүм барих ажлыг эн тэргүүнд тавихаа болимогц амьдрал ахуй нь ямар болсныг бодож үзэхийг зөвлөсөн.
12, 13. Хаггаи 1:6-д иудейчүүдийн нөхцөл байдлыг хэрхэн дүрсэлдэг вэ? Энэ үг ямар утгатай вэ?
12 Бодох ёстойгоосоо өөр юмыг эн тэргүүнд боддог болсон нь иудейчүүдэд өөрсдөд нь л муу байлаа. Тэд Бурхны нүдэнд хэрхэн харагдаж байсныг Хаггаи 1:6-д: «Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч согтдоггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин нь цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг» хэмээн бичжээ.
13 Иудейчүүд Бурхны өгсөн нутагт аж төрж байсан ч тэр газар нь тэдний хүссэнээр үржил шимтэй байсангүй. Ехова урьдчилан анхааруулж байснаараа тэднийг ивээхээ больжээ (Дэд хууль 28:38–48). Бурхны дэмжлэгийг авахаа больсон учраас үр суулгаад ч ургацын гарц муу байлаа. Түүний ивээлээс хагацсан тэд дулаан хувцаслаж ч чадахгүй байв. Хөлсний ажилчин нь хэчнээн зүтгэвч, олсон хэд нь аманд ч үгүй, хамарт ч үгүй болдог нь цоорхой түрийвчинд хийсэнтэй адил байжээ. Тэгвэл, «Та нар уудаг боловч согтдоггүй» гэж бичсэн нь ямар утгатай вэ? Ард түмэн нь согтуу хөлчүү байвал Бурхнаасаа ивээл хүртжээ гэсэн үг биш юм. Архидан согтуурахыг Бурхан эрс буруушаадаг шүү дээ (1 Самуел 25:36; Сургаалт үгс 23:29–35). Тэгэхлээр, энэ үг өөр утгатай. Иудейчүүд хэчнээн ч дарс исгэсэн, согттолоо уухаар ихийг исгэж чаддаггүй байжээ. Хаггаи 1:6-г Библийн өөр нэг орчуулгад: «Та нар уудаг боловч ханадаггүй» гэж буулгасан байдаг («Revised Standard Version»).
14, 15. Хаггаи 1:6-гаас ямар сургамж авах вэ?
14 Бид байшингийн хийц загвар, засал чимэглэлийн тухай ярих гэж тэр үеийн иудейчүүдийн түүхийг сөхсөнгүй. Тэгээд ч, Израилийн ард түмнийг Вавилонд олзлогдохоос өмнө зөнч Амос баячуудыг «зааны ясан байшингууд» дотроо «зааны ясан орнуудад хажуулдгаас» нь болоод зэмлэн буруушааж байсан билээ (Амос 3:15; 6:4). Тэд гоё чамин байшин, ганган хээнцэр тавилгаа удаан эдэлж чадаагүй. Эзлэн түрэмгийлэгчид тэр бүхнийг нь тоножээ. Вавилоны олзонд 70 жил болохдоо ч Бурхны ард түмний дотроос олон хүн энэ явдлаас сургамж аваагүй нь тоогүй. Тэгвэл бид яах вэ? Хүн бүр өөрөөсөө: «Үнэнийг хэлэхэд, би гэр байшингаа засаж чимэглэхэд хэт их анхаардаг юм биш биз? Албан тушаал ахихын тулд мэргэжил боловсролоо дээшлүүлэх гэж явсаар сүнслэг үйл хэргээ завсардуулдаггүй байгаа?» гэж асууж үзэх нь зүйтэй (Лук 12:20, 21; 1 Тимот 6:17–19).
15 Хаггаи 1:6-гаас бид Бурхны ивээл амьдралд зайлшгүй хэрэгтэйг ухаардаг. Эртний иудейчүүд үүнийг ойлгоогүйгээс их гарз хохирол амссан билээ. Бид эд хөрөнгөтэй ч бай, даржин амьдралтай ч бай, Еховагийн л ивээлээс салах аваас сүнслэг хохирол амсах нь гарцаагүй (Матай 25:34–40; 2 Коринт 9:8–12). Харин яаж Бурхны ивээлийг хүртэх вэ?
Ехова сүнсээрээ тусалдаг
16-18. Эртний иудейчүүдийн хувьд Зехариа 4:6 ямар утгатай байсан бэ?
16 Хаггаитай нэгэн үеийн зөнч Зехариа тухайн үеийн үнэнч хүмүүсийг Ехова хэрхэн ивээж, зоригжуулж байсныг онгодоор хөтлүүлэн тодорхой хэлжээ. Ехова таныг ч бас ивээнэ гэдгийг Зехариагийн үг баталдаг. Зехариа 4:6-д: «„Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр“ гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна» хэмээн бичжээ. Та энэ зүйлийг олонтаа сонсож байсан байх. Гэхдээ, Хаггаи Зехариа нарын үеийн иудейчүүдэд юу гэсэн үг байсан, мөн одоо таны хувьд ямар утгатай болохыг бодож үзсэн үү?
17 Хаггаи Зехариа нарын, Бурхны онгодонд хөтлөгдөн хэлсэн үг тухайн үеийн хүмүүст хүчтэй сэтгэгдэл төрүүлж, үнэнч иудейчүүдэд сэтгэлийн тэнхээ өгч байсныг эргэн саная. Хаггаи МЭӨ 520 оны зургадугаар сард зөгнөж эхэлсэн бол Зехариа мөн оны наймдугаар сараас зөгнөх болжээ (Зехариа 1:1). Израильчууд сүмийн суурь тавих ажлаа есдүгээр сараас дахин эхэлснийг Хаггаи 2:18-аас мэдэж болно. Тэд ажиллах эрч хүч аван, Ехова тусалж дэмжинэ гэдэгт итгэн, дуулгавартай захирагджээ. Тэгэхлээр, Бурхан ард түмнээ дэмждэгийг Зехариа 4:6-д батлан харуулдаг ажээ.
18 МЭӨ 537 онд иудейчүүд эх нутагтаа буцах болоход цэрэг зэвсэг гэхээр юм тэдэнд байсангүй. Гэсэн ч Ехова аян замын турш тэднийг хамгаалж, хөтлөн удирджээ. Мөн нутагтаа эргэж ирээд удалгүй сүм барих ажлаа эхлэхэд нь ариун сүнсээрээ ажил хэргийг нь удирдан зохицуулж байлаа. Тэднийг ажлаа чин сэтгэлээсээ хийж эхэлсэн даруйд Ехова ариун сүнсээрээ дэмжлэг үзүүлжээ.
19. Бурхны сүнс ямар эсэргүүцлийг давсан бэ?
19 Зехариа өөр хоорондоо уялдаа бүхий найман үзэгдэл үзээд, сүм барих ажлаа үнэнчээр хийж дуусгахад нь Ехова ард түмэнтэйгээ хамт байх юм гэдэгт итгэл төгс болжээ. 3-р бүлэгт гардаг дөрөв дэх үзэгдэлд сүмийн барилгыг дуусгах гэсэн иудейчүүдийн идэвх зүтгэлийг Сатан хүчтэй эсэргүүцсэн тухай бичжээ (Зехариа 3:1). Тэргүүн тахилч Иошуаг шинэ сүмд ард түмнийхээ тусын тулд үйлчлэхийг хараад Сатан баярлахгүй нь тодорхой байлаа. Диавол иудейчүүдийг сүм барихад ихээхэн саад тотгор учруулж байсан ч гэсэн, Еховагийн сүнс тэр саадыг арилгаж, тэднийг барилгын ажлаа дуустал эрч хүчтэй байхад нь гол үүрэг гүйцэтгэх байв.
20. Бурхны тушаалыг биелүүлэн сүмийг гүйцээн барихад ариун сүнс хэрхэн тусалсан бэ?
20 Тэдний ажилд хориг тавьсан хаад ноёдын эсэргүүцэл, давж барамгүй өндөр уул шиг байлаа. Гэсэн ч Ехова энэ «уулыг» «тал» болгохоо амлажээ (Зехариа 4:7). Амласандаа ч хүрсэн юм! І Дариус хаан Корешийн тэмдэглэлийг хянаж үзээд, иудейчүүдэд сүм сэргээн босгох бүрэн эрх олгосон байсныг олж мэджээ. Ингээд хоригийг цуцалж, хааны сангаас гаргах ёстой байсан мөнгийг иудейчүүдийн барилгын ажилд тусламж болгон өгөх зарлиг буулгажээ. Байдал ингэж өөрөөр эргэсэн нь үнэнхүү гайхмаар! Үүнд Бурхны сүнсний нөлөө байсан уу? Байлгүй яах вэ. Сүм І Дариус хааны зургадугаар онд буюу МЭӨ 515 онд баригдаж дуусжээ (Езра 6:1, 15).
21. а) Эрт үед Бурхан бүх үндэстнийг хэрхэн сэгсэрсэн бэ? «Үнэтэй зүйлс» яаж ирсэн бэ? б) Орчин үед энэ зөгнөл хэрхэн биелсэн бэ?
21 Хаггаи 2:5-д Бурхны иудейчүүдтэй байгуулсан гэрээг дурдсан байдаг. Тэр үед Синаи уул «бүхэлдээ асар хүчтэй доргиж» байжээ (Египетээс гарсан нь 19:18). Хаггаи Зехариа нарын үед Ехова «дахин нэг удаа сэгсрэх» гэж байгааг 6, 7-р зүйлд дүрсэлдэг. Персийн эзэнт гүрний улс төрийн байдал тогтворгүй болох ч сүм барих ажил урагштай явсаар дуусах байлаа. Эцэст нь тэр сүмд «бүх үндэстний үнэтэй зүйлс» (ШЕ) болох иудей биш хүмүүс иудейчүүдтэй хамтдаа Бурхныг алдаршуулах байв. Өнөө үед Бурхан дэлгэрүүлэх ажлаар дамжуулан илүү өргөн хэмжээгээр «үндэстнүүдийг сэгсэрч» байна. Үүний дүнд «бүх үндэстний үнэтэй зүйлс» тослогдсон үлдэгсэдтэй хамт Бурхныг шүтэхээр ирдэг болжээ. Үнэхээр ч, тослогдогсод болон өөр хонинууд Еховагийн өргөөг алдраар дүүргэж байгаа билээ. Бас дахин нэг удаа «тэнгэр, газрыг сэгсрэх» тэр цагийг Бурхны үнэнч үйлчлэгчид итгэлтэйгээр хүлээн байна. Тэр үед Ехова «үндэстнүүдийн хаанчлалуудын хүч чадлыг хөмөрч, устгах» юм (Хаггаи 2:22).
22. Үндэстнүүдийг хэрхэн «сэгсэрч» байна вэ? Үр дүнд нь ямар байна вэ? Удахгүй юу болох вэ?
22 «Тэнгэр ба газар, далай ба хуурай газраар» дүрслэгдсэн янз бүрийн хэсгүүдэд их өөрчлөлт гарсныг бид мэддэг. Үүний нэг нь Сатан Диавол ба чөтгөрүүд дэлхийн орчимд хаягдсан явдал юм (Илчлэлт 12:7–12). Тэрчлэн, Бурхны тослогдсон үйлчлэгчдийн удирдан явуулдаг дэлгэрүүлэх ажил өнөөгийн эд юмсын тогтолцоог бүрдүүлэгч хэсгүүдийг сэгсэрсэн (Илчлэлт 11:18). Гэсэн ч, «бүх үндэстний үнэтэй зүйлсийн» «үй олон хүн» сүнслэг Израильтай хөл нийлүүлэн Еховад үйлчлэх болсон (Илчлэлт 7:9, 10). Бурхан үндэстнүүдийг удахгүй Хармагедоноор сэгсрэх тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг үй олон хүн тослогдсон христиануудтай хамтран хийж байна. Тэрхүү үйл явдлаар цэвэр шүтлэг дэлхий даяар түгэн дэлгэрэх үүд хаалга нээгдэнэ.
Та санаж байна уу?
• Хаггаи Зехариа нар хэзээ, ямар нөхцөлд зөгнөж байсан бэ?
• «Хаггаи», «Зехариа» номын зөгнөл танд ямар ач тустай вэ?
• Танд Зехариа 4:6 хэрхэн урам хайрласан бэ?
[Догол мөрийн асуулт]