«Гараа хүчтэй байлгагтун»
«Гараа хүчтэй байлгагтун»
«Эш үзүүлэгчдийн амнаас тунхаглагдсан эдгээр үгсийг энэ өдрүүдэд сонсож буй та нарын... гар... хүчтэй байг» (ЗЕХАРИА 8:9).
1, 2. Яагаад «Хаггаи», «Зехариа» ном бидний анхаарлыг татдаг вэ?
2 500 ЖИЛИЙН тэртээ бичигдсэн Хаггаи Зехариа нарын зөгнөл одоо ч таны амьдралд ач холбогдолтой. Энэ хоёр ном түүх өгүүлээд зогсохгүй, «биднийг сургахын тулд эрт үед бичигдсэн аливаа зүйлсийн» нэг хэсэг нь болдог (Ром 15:4). «Хаггаи», «Зехариа» номыг уншихад, 1914 онд тэнгэрт Хаанчлал тогтсоноос хойш өрнөж байгаа үйл явдал өөрийн эрхгүй бодогддог.
2 Эрт цагт Бурхны үйлчлэгчдийн туулж өнгөрүүлсэн нөхцөл байдал, үйл явдлын талаар элч Паул: «Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ» хэмээн дүгнэсэн байдаг (1 Коринт 10:11). «Тэгвэл энэ хоёр номын ач холбогдол чухам юу вэ?» гэж та асууж болох юм.
3. Хаггаи Зехариа нар хүмүүсийн анхаарлыг юунд хандуулж байсан бэ?
3 Хаггаи Зехариа нарын зөгнөл Вавилоны олзноос чөлөөлөгдсөн иудейчүүдийг Бурхны өгсөн нутагт эргэж ирсний дараах үед хамаатай гэдгийг өмнөх өгүүллээр үзсэн билээ. Тэд хүмүүсийн анхаарлыг сүм сэргээн барих ажилд хандуулж байжээ. МЭӨ 536 онд сүмийн суурийг тавихад, нас дээр гарсан зарим хүн өнгөрснөө дурсан, ард олон нийтдээ «баярлан шуугиж» байв. Гэвч орчин үед илүү чухал үйл явдал болсон. Чухам юу болсон бэ? (Езра 3:3–13).
4. Дэлхийн І дайны дараахан юу болсон бэ?
4 Еховагийн тослогдсон үйлчлэгчид дэлхийн І дайны дараахан Агуу их Вавилоны олзноос чөлөөлөгдсөн билээ. Энэ явдал Ехова ард түмнээ дэмждэгийн нэг тод илрэл юм. Өмнө нь шашны удирдагчид болон тэдний улс төрийн хамсаатнууд Библи Судлаачдын дэлгэрүүлэх, заах ажлыг бүрмөсөн зогсоож чадсан юм шиг санагдаж байв (Езра 4:8, 13, 21–24). Гэвч Ехова Бурхан дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд тулгарсан саадыг авч хаясан. 1919 оноос хойших олон арван жилийн хугацаанд Хаанчлалын ажил өргөжин тэлэхэд юу ч саад болж чадаагүй.
5, 6. Агуу ямар үйл явдлыг Зехариа 4:7-д харуулдаг вэ?
5 Өнөө үед ч Еховагийн дуулгавартай үйлчлэгчид дэлгэрүүлэх, заах ажлаа Бурхны дэмжлэгтэйгээр зогсолтгүй үргэлжлүүлнэ гэдэгт бид итгэлтэй байдаг. Зехариа 4:7-д (ШЕ): «Тэр тулгуур чулуу гаргаж тавина. Тэгэхэд нь: „Юутай сайхан бэ! Юутай сайхан бэ!“ гэж хашгиралдана» хэмээн бичжээ. Энэ зөгнөл орчин үед болох ямар агуу үйл явдлыг хэлсэн бэ?
6 Хэмжээгүй эрхт Эзнийг шүтэх жинхэнэ шүтлэг сүнслэг сүмийн дэлхий дэх хашаанд төгс байдалд хүрэх тэр цагийг Зехариа 4:7-д заадаг. Сүнслэг сүм гэдэг нь Христ Есүсийн эвлэрүүлэх тахилд үндэслэн Еховад ойртоход зориулсан шүтлэгийн байгууламж юм. Тэр агуу сүнслэг сүм МЭ І зуунаас оршин тогтнох болжээ. Гэхдээ энэ сүмийн дэлхий дэх хашаанд жинхэнэ шүтлэг төгс байдалд хараахан хүрээгүй байна. Еховаг шүтдэг олон сая хүн өнөөдөр дэлхий дэх сүнслэг сүмийн хашаанд үйлчилж байна. Есүс Христийн Мянган жилийн засаглалын үед тэд дахин амилсан тоолж баршгүй олон хүний хамт аажмаар төгс болно. Мянган жилийн эцэст Бурханд үнэнч хүмүүс л цэвэршсэн дэлхийдээ үлдэнэ.
7. Жинхэнэ шүтлэгийг төгс байдалд хүргэхийн тулд орчин үед Есүс ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ? Энэ нь биднийг хэрхэн урамшуулдаг вэ?
7 МЭӨ 515 онд сүмийг сэргээн босгох ажил дуусахад амбан захирагч Зеруббабел, тэргүүн тахилч Иошуа нар тэр үйл явдлын гэрч болж байсан. Зехариа 6:12, 13-т жинхэнэ шүтлэгийг төгс байдалд хүргэх Есүсийн үүргийн тухай: «„Түмэн цэргийн ЭЗЭН [Ехова] ингэж айлдаж байна. «Мөчир хэмээх нэртэй хүнийг үзэгтүн. Юу гэвэл, Түүний байгаа газраас Тэр ургаж нахиалдаг. Тэр ЭЗЭНий сүмийг барих болно. [...] Тэр хүндлэлийг хүртэж, Өөрийн сэнтий дээр захирна. Иймээс Тэр Өөрийнхөө сэнтий дээр тахилч болно» хэмээн зүйрлэн бичжээ. Давид хааны угсааг «мөчир» мэт залгамжилж, эдүгээ тэнгэрт заларсан Есүс Хаанчлалын ажлыг сүнслэг сүмээс дэмжиж байгаа цагт хэн нэг хүн энэ ажлын амжилтад саад болж чадна гэж үү? Огтхон ч үгүй! Ингэж бодохлоор, өдөр тутмын явдалд сатааралгүй, христиан үйл хэргээ тууштай үргэлжлүүлэх урам зориг дүүрэн болж байгаа биз дээ?
Эн тэргүүнд тавих зүйл
8. Сүнслэг сүмд үйлчлэх ажлыг амьдралынхаа эн тэргүүнд тавих ёстойн учир юу вэ?
8 Еховагийн дэмжлэгийг авч, ивээлийг нь хүртье гэвэл сүнслэг сүмд үйлчлэх ажлыг амьдралынхаа эн тэргүүнд тавих ёстой. Бид «цаг нь болоогүй» гэж хэлж байсан иудейчүүдийн алдааг давталгүй, «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаагаа санах учиртай (2 Тимот 3:1; Хаггаи 1:2) Үнэнч дагалдагчид нь Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэнэ гэдгийг Есүс зөгнөн хэлж байсан. Бид Бурханд үйлчлэх завшаанаа ямагт эрхэмлэх ёстой. Дэлгэрүүлэх, заах ажлыг энэ ертөнц эсэргүүцээд түр зогсоосон ч 1919 онд дахин сэргэсэн төдийгүй одоо ч үргэлжилж байна. Тэгээд эцсийн зорилгодоо хүрнэ!
9, 10. Еховагийн ивээлийг хүртье гэвэл яах ёстой вэ? Энэ нь бидний хувьд юу гэсэн үг вэ?
9 Хичээл зүтгэлтэй үйлчлэхийн хэрээр Ехова биднийг нийтээр маань болон нэгбүрчлэн ивээнэ. Бидэнд итгэл найдвар төрүүлсэн ямар амлалт өгснийг нь анхааръя. Иудейчүүдийг бүх зүрх сэтгэлээрээ Бурхандаа дахин үйлчилдэг болж, сүмийн суурь тавих ажлыг идэвх зүтгэлтэй хийж эхлэхэд Ехова: «Энэ өдрөөс Би та нарыг [ивээнэ]» гэж айлджээ (Хаггаи 2:19). Ехова тэднийг урьдынх шигээ элбэг дэлбэг ивээх байв. Яаж? «Үр амар тайван байна. Усан үзэм жимсэлж, газар үр жимсээ гаргаж, тэнгэр шүүдрээ өгнө. Энэ бүх зүйлсийг энэ ард түмний үлдэгсдэд Би өвлүүлнэ» хэмээн амлажээ (Зехариа 8:9–13).
10 Бид Еховагийн даалгасан ажлыг баяр хөөртэй, хичээл зүтгэлтэй хийвэл Ехова иудейчүүдийг сүнслэгээр болон эд материалаар ивээсэн шигээ биднийг ч бас ивээнэ. Бурхны ивээлийн ачаар ард түмэн нь сүнслэгээр аюулгүй, амар амгалан амьдарч, цэцэглэн хөгжиж, өсөн нэмэгдэнэ. Гэхдээ Бурхны ивээлийг цаашид хүртэх эсэх маань сүнслэг сүмийн ажлаа Еховагийн шаардлагын дагуу хийх эсэхээс шалтгаалах нь тодорхой.
11. Өөртөө хэрхэн дүгнэлт хийх вэ?
11 Одоо бол «зам мөрөө хянах» цаг мөн (Хаггаи 1:5, 7). Тиймээс, амьдралынхаа эн тэргүүнд юу анхаардгаа цаг гаргаад дор бүрнээ дүгнэж цэгнэж байх шаардлагатай. Еховагийн нэрийг алдаршуулж, сүнслэг сүмийн ажлыг ахиулахын хэрээр Ехова биднийг ивээнэ. Та өөрөөсөө: «Би эн тэргүүнд өөр юм анхаардаг болоогүй байгаа? Би одоо ч гэсэн Еховад үйлчилж, Библийн зарчим, сургаалыг хэрэгжүүлж, сайн мэдээ тунхаглахдаа баптисм хүртсэн үеийнх шигээ хичээл зүтгэл гаргадаг уу? Тав тухтай амьдрах сонирхол маань Еховаг болон Хаанчлалын үйл хэргийг анхаарахад саад болоогүй байгаа? Хүмүүс юу гэх бол гэж айдгаасаа болоод хойш суугаад байгаа юм биш биз?» гэж асууж үзээрэй (Илчлэлт 2:2–4).
12. Хаггаи 1:6, 9-д тэмдэглэснээр, иудейчүүдийн нөхцөл байдал ямар байсан бэ?
12 Бурхны нэрийг алдаршуулах үйл хэргийг орхигдуулаад ивээлээс нь хагацвал хэчнээн тоогүй вэ! Эх нутагтаа эргэн ирсэн иудейчүүд гараагаа сайн эхэлсэн ч дараа нь «цөмөөрөө өөр өөрийн гэр рүү гүйлдсэнийг» Хаггаи 1:9-д тэмдэглэжээ. Тэд өдөр тутмын аар саар явдалд автсаны гайгаар идэх хоол, уух унд нь «бага» болж, өмсөх хувцсаар гачигдах болсон (Хаггаи 1:6). Ехова тэднийг ивээхээ больжээ. Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ?
13, 14. Хаггаи 1:6, 9-өөс ямар сургамж авах вэ? Энэ нь яагаад чухал бэ?
13 Бурхны ивээлээс салахгүйн тулд хувийн ашиг сонирхлоо золиосолж байж Еховаг шүтэх ёстой гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү? Эд баялгийн хойноос хөөцөлдөх, богино хугацаанд их мөнгө олох, нийгэмд өндөр байр суурь эзлэх зорилгоор дээд боловсрол эзэмших, юу чаддагаа үзүүлэх гэсэн хүсэл сонирхолтой байх юм уу эдгээрийн хойноос хөөцөлдөх нь анхаарал сарниулах аюултай.
14 Энэ бүхэн буруу биш байж болох ч мөнхийн амийн дэргэд үнэхээр «үхсэн үйлс» болдгийг та ойлгодог биз дээ? (Еврей 9:14) Эдгээрийн хойноос явлаа гэхэд Бурхантай дотно харьцаа тогтоож, Бурхнаа шүтэхэд ямар ч үр ашиггүй, хоосон тул сүнслэгээр «үхсэн» үйлс болдог. Хэрэв хүн энэ бүхнээсээ салж чадахгүй бол сүнслэгээр үхнэ. Ийм явдал элч нарын үеийн тослогдсон христиануудын заримд тохиолдож байжээ (Филиппой 3:17–19). Өнөөдөр ч бас тийм юм болдог. Христиан үйл хэрэг болон хурлаасаа аажмаар холдсон, одоо Еховад дахин үйлчлэх сонирхолгүй байгаа хүмүүсийг та мэдэх байх. Бид тийм хүмүүсийг Ехова руу эргээд ирэх болов уу гэж хардаг. Гэвч хүн «үхсэн үйлсээр» хөөцөлдсөөр байвал эцэстээ Еховагийн ивээл, сайшаалыг алддаг. Бурхны сүнснээс гардаг баяр баясгалан, амар тайвныг алдаж, христиан ахан дүүсээсээ холбоогоо тасална гээд бод доо. Ийм юм болбол даанч харамсалтай! (Галат 1:6; 5:7, 13, 22–24).
15. Еховаг шүтэх асуудалд туйлын нухацтай хандах ёстойг Хаггаи 2:14 хэрхэн харуулдаг вэ?
15 Еховаг шүтэх асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Иудейчүүд орон гэрээ үнэхээр засаж чимэглэсэн ч бай, засаж чимэглэе гэж бодож явсан ч бай, ямартай ч Еховагийн өргөөг ганд нь хаяжээ. Энэ нь Еховад ямар санагдсаныг Хаггаи 2:14-т: «„Энэ ард түмэн ийм л байна. Миний өмнө энэ үндэстэн ийм байна“ гэж ЭЗЭН тунхаглаж байна. „Тэдний гарын ажил болгон нь ийм байна. Тэд юу өргөнө, тэр нь ч бузар юм“» гэж бичжээ. Иерусалимд түр босгосон тахилын ширээн дээр чин сэтгэлгүй иудейчүүдийн ор нэрийн төдий өргөсөн тахилыг Ехова хүлээж аваагүйн учир нь тэд жинхэнэ шүтлэгийг үл тоомсорлодог байсных юм (Езра 3:3).
Бурхан дэмжихээ баталсан
16. Зехариагийн үзсэн үзэгдлээс иудейчүүд юунд итгэлтэй болж чадсан бэ?
16 Бурхан Зехариад найман үзэгдэл үзүүлэн, ард түмнээ дэмжинэ гэдгээ мэдэгдсэн тул сүмийг сэргээн барьж байсан үнэнч иудейчүүд итгэлтэй болжээ. Ехова эхний үзэгдлээр, сүм барих ажил дуусахын зэрэгцээ өгсөн ажлыг нь дуулгавартай хийвэл Иуда, Иерусалим хөгжин цэцэглэнэ гэсэн баталгаа өгсөн (Зехариа 1:8–17). Хоёр дахь үзэгдлээр, жинхэнэ шүтлэгийг эсэргүүцсэн бүх засгийн газрыг устгах амлалт өгсөн (Зехариа 1:18–21). Үлдсэн үзэгдлүүд Бурхан барилгын ажил хийж буй иудейчүүдийг хамгаалах, Еховагийн өргөөг баригдаж дуусахад нь олон үндэстний хүмүүс цутгах, жинхэнэ амар тайван, аюулгүй байдал цэцэглэх, Бурхнаас өгсөн ажилд учирч байсан давшгүй өндөр уул мэт саадыг «тал» болгох хийгээд «хилэнцэт байдлыг» арилгах, тэнгэр элч удирдаж, хамгаалахыг баталсан (Зехариа 2:5, 11; 3:10; 4:7; 5:6–11; 6:1–8). Бурхан дэмжинэ гэдгээ ийм олон удаа баталсан учраас дуулгавартай хүмүүс амьдрал ахуйгаа өөрчилж, өөрсдийг нь эрх чөлөөтэй болгосон Бурхныхаа даалгасан ажлыг анхаарах болсон нь ойлгомжтой.
17. Бидэнд байгаа баталгааг бодож үзвэл, өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
17 Жинхэнэ шүтлэг гарцаагүй ялна гэсэн баталгаа бидэнд бий. Энэ баталгаанд үндэслэн бид ч бас Еховагийн өргөөний талаар нухацтай бодож, үйл хэрэг хийх учиртай. Та өөрөөсөө: «Одоо бол Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажил хийх цаг мөн гэдэгт би үнэхээр итгэдэг бол миний амьдралын зорилго, хэв маяг энэ итгэлтэй минь тохирдог уу? Бурхны зөгнөлийн Үгийг судлах, эргэцүүлэн бодох, Бурхны Үгийн тухай итгэл нэгтнүүдтэйгээ болон бусад хүнтэй ярих цаг гаргадаг уу?» гэж асуугаарай.
18. «Зехариа» номын 14-р бүлэгт бичсэнээр ирээдүйд ямар үйл явдал болох вэ?
18 Зехариа: «Энэ нь өдөр ч, шөнө ч байхгүйгээрээ ЭЗЭНд танигдах ер бусын өдөр байх болно. Гэвч тэр үед үдшийн цагаар гэрэлтэй байх болно» гэж бичихдээ Агуу их Вавилон устсаны дараа Хармагедон болохыг битүүдээ хэлжээ. Тийм ээ, Еховагийн өдөр дэлхий дээрх дайснуудынх нь хувьд үнэхээр харанхуй, баргар болно! Харин үнэнч үйлчлэгчдийнх нь хувьд үргэлжийн гэрэл, ивээл болох юм. Шинэ ертөнцөд бүх бүтээл Еховагийн ариун байдлыг хэрхэн тунхаглахыг Зехариа бас дүрслэн бичжээ. Тэр цагт Бурхны агуу сүнслэг сүмд бүгд жинхэнэ Бурхан Еховаг шүтнэ (Зехариа 14:7, 16–19). Бурхны өгсөн энэ баталгаа итгэлийг маань үнэхээр бэхжүүлдэг! Зехариагийн зөгнөл биелж, Ехова Бурхан хэмжээгүй эрх мэдлээ хэрхэн зөвтгөхийг бид нүдээрээ үзнэ. Еховагийн өдөр хэчнээн хосгүй болох бол оо!
Мөнхийн ивээл
19, 20. Зехариа 14:8, 9 танд ямар урам зориг төрүүлсэн бэ?
19 Энэ сүрдэм үйл явдлын дараа Сатан болон чөтгөрүүд ёроолгүй гүнд хаягдаж, идэвхгүй байдалд орно (Илчлэлт 20:1–3, 7). Дараа нь Христийн Мянган жилийн засаглалын үед хүн төрөлхтөн бялхам их ивээл хүртэнэ. Зехариа 14:8, 9-д: «Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис рүү, нөгөө хагас нь өрнийн тэнгис рүү чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно. ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН нь цорын ганцаар байж, Түүний нэр цорын ганц байх болно» хэмээн бичжээ.
20 Бүх хүнийг мөнх амьдруулах зорилгоор өгдөг Еховагийн ивээлийг дүрсэлсэн «амийн ус» буюу «амийн усны гол» Мессиагийн Хаанчлалын сэнтийнээс тасралтгүй урсана (Илчлэлт 22:1, 2). Хармагедоныг эсэн мэнд давсан үй олон хүн Адамын үхлийн ялаас чөлөөлөгдсөнөөр тэрхүү «амийн усны» ач тусыг үзнэ. Мөн аль эрт нас барсан хүмүүс ч дахин амилж, ач тус хүртэнэ. Ийнхүү, Еховагийн дэлхийг захирах шинэ үе эхэлнэ. Ехова бол орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн гэдгийг дэлхийн бүх хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч, ганцхан түүнийг шүтнэ.
21. Бид юунд шийдвэр төгс байх ёстой вэ?
21 Хаггаи Зехариа нарын юу зөгнөснийг, тэр бүгд нь биелснийг бодож үзвэл, Бурхны сүнслэг сүмийн дэлхий дэх хашаанд хийх ёстой ажилдаа хичээл зүтгэлтэй оролцох бүрэн үндэс бидэнд байна. Жинхэнэ шүтлэгийг төгс байдалд хүртэл бүгдээрээ Хаанчлалын үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавьцгаая. Зехариа 8:9-д: «Эш үзүүлэгчдийн амнаас тунхаглагдсан эдгээр үгсийг энэ өдрүүдэд сонсож буй та нарын... гар... хүчтэй байг» хэмээн уриалсан байдаг.
Санаж байна уу?
• Хаггаи Зехариа нарын номд бичигдсэн зөгнөл бидний амьдралд яагаад ач холбогдолтой вэ?
• Эн тэргүүнд тавих зүйлийн талаар «Хаггаи», «Зехариа» номоос ямар сургамж авах вэ?
• «Хаггаи», «Зехариа» номыг авч үзвэл ирээдүйдээ яагаад итгэлтэй болдог вэ?
[Догол мөрийн асуулт]