Skip to content

Гарчиг руу орох

Явж, хүмүүст баптисм хүртээн, шавь болгогтун

Явж, хүмүүст баптисм хүртээн, шавь болгогтун

Явж, хүмүүст баптисм хүртээн, шавь болгогтун

«Тиймээс явж, бүх үндэстний хүмүүсийг шавь болгогтун. Эцэг, Хүү, ариун сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээн, миний та нарт тушаасан бүгдийг сахихыг заагтун» (МАТАЙ 28:19, 20, ШЕ).

1. Синаи уулын бэлд израиль үндэстэн ямар шийдвэр гаргасан бэ?

 3 500 ОРЧИМ жилийн өмнө нэгэн үндэстэн Бурханд ам өчиг өгөв. Синаи уулын бэлд цугласан израильчууд: «ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ» хэмээн бүх нийтээрээ мэдэгджээ. Тэр цагаас хойш израильчууд Бурханд өөрийгөө зориулсан үндэстэн, Еховагийн онцгой «эзэмшил» болсон (Египетээс гарсан нь 19:5, 8; 24:3). Тэд Бурхны хамгаалалт дор, «сүү балаар урссан» нутагт үе удам дамжин амьдран суухыг хүсэн хүлээж байлаа (Левит 20:24).

2. Өнөөдөр хүмүүс Бурхантай ямар харьцаа тогтоож болох вэ?

2 Гэхдээ дуулалч Асафын тэмдэглэснээр, израильчууд «Бурхны гэрээг сахин биелүүлэлгүй, Түүний хуулийг мөрдөхөөс ч татгалзсан» (Дуулал 78:10). Тэд Еховад өгсөн эцэг өвгөдийнхөө амлалтыг биелүүлээгүй бөгөөд эцэстээ Бурхантай тогтоосон онцгой харьцаагаа алджээ (Номлогчийн үгс 5:4; Матай 23:37, 38). Тийм учраас, Бурхан «Өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүсийг» авахын тулд «харь үндэстнүүдэд» анхаарлаа хандуулсан (Үйлс 15:14). Өнөөгийн эцсийн өдрүүдэд Бурхан «хэн ч тоолж чадамгүй» «үй олон хүнийг» «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс» цуглуулж байгаа бөгөөд тэд «аврал бол сэнтийд залрагч... Бурханд ба Хурганд байдгийг» хүлээн зөвшөөрдөг (Илчлэлт 7:9, 10).

3. Бурхантай дотно харьцаа тогтоохын тулд ямар ямар алхам хийх ёстой вэ?

3 Бурхантай дотно харьцаа тогтоохыг хүсдэг хэн боловч Бурханд өөрийгөө зориулан, үүнийгээ олон нийтэд мэдэгдэж, баптисм хүртэх ёстой. Энэ нь Есүсийн шавь нартаа: «Явж, бүх үндэстний хүмүүсийг шавь болгогтун. Эцэг, Хүү, ариун сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээн, миний та нарт тушаасан бүгдийг сахихыг заагтун» хэмээн тушаасныг дуулгавартайгаар биелүүлж буй хэрэг юм (Матай 28:19, 20, ШЕ). Мосе израильчуудад «гэрээний номноос» уншиж өгдөг байсан тул тэд Еховагийн өмнө ямар үүрэг хүлээдгээ мэддэг байв (Египетээс гарсан нь 24:3, 7, 8). Өнөөдөр ч гэсэн, Бурхны Үг буюу Библиэс хүсэл тааллынх нь тухай нарийн зөв мэдлэгтэй болох нь баптисм хүртэхийн өмнөх амин чухал алхам юм.

4. Баптисм хүртэх шаардлага хангахын тулд яах ёстой вэ? (6-р хуудасны хавсралтыг үзнэ үү.)

4 Есүс шавь нараа баптисм хүртэхээсээ өмнө бат бөх итгэлтэй болоосой гэж хүсэж байсан нь илэрхий. Тэрбээр: «Явж, хүмүүсийг шавь болгогтун» хэмээн дагалдагчдадаа тушаасан төдийгүй «[өөрийнх нь] тушаасан бүгдийг сахихыг заа» гэж захисан билээ (Матай 7:24, 25; Ефес 3:17–19). Тиймээс, баптисм хүртэх шаардлага хангахын тулд ихэнх хүн Библийг нэлээд хэдэн сар судалдаг. Зарим нь бүр, нэг хоёр жил ч судалдаг. Эцэст нь, нухацтай бодож байж, олон талаас нь нягталсны дүнд баптисм хүртэх эсэхээ шийддэг. Баптисм хүртэх хүмүүс энэ чухал алхмыг хийхээсээ өмнөхөн хоёр асуултад тийм гэж хариулдаг. Есүсийн хэлснээр, бид «за» гэсэн бол түүнийгээ биелүүлж, «үгүй» гэсэн бол түүгээрээ л байх ёстой. Тиймээс, энэ хоёр чухал асуултын утга санааг дэлгэрэнгүй авч үзэх нь бидэнд тустай (Матай 5:37).

Гэмших хийгээд Бурханд өөрийгөө зориулах нь

5. Эхний асуулт ямар хоёр алхмыг онцлон тэмдэглэдэг вэ?

5 Баптисм хүртэх хүмүүст тавьдаг эхний асуулт тухайн хүнийг урьд нь үйлдэж байсан нүглээ гэмшиж, хүсэл тааллыг нь биелүүлэхээр Еховад өөрийгөө зориулсан эсэхийг тодорхойлох зорилготой. Хүн баптисм хүртэхээс өмнө гэмших, Бурханд өөрийгөө зориулах гэсэн хоёр чухал алхам хийх ёстойг уг асуулт онцлон тэмдэглэдэг.

6, 7. а) Баптисм хүртэх хүн заавал гэмших ёстойн учир юу вэ? б) Гэмшсэн хүн өөрийгөө хэрхэн засах ёстой вэ?

6 Баптисм хүртэхээсээ өмнө гэмших ёстойн учир юу вэ? Элч Паул: «Бид... бүгдээрээ урьд нь... махан биеийнхээ хүсэл тачаалууд дотор амьдарч байв» хэмээн дээрх асуултад хариулжээ (Ефес 2:3). Бид Бурхны хүсэл тааллын тухай нарийн зөв мэдлэг эзэмшихээсээ өмнө ертөнцийн «дотор амьдрах» буюу энэ нийгэмд үнэ цэнтэйд тооцогддог бүхний араас хөөцөлдөж, хэм хэмжээнд нь тохируулан, аясыг нь дагаж явсан. Өөрөөр хэлбэл, өнөөгийн тогтолцооны бурхан Сатаны эрхшээлд амьдарч байжээ (2 Коринт 4:4). Харин Бурхны хүсэл тааллыг мэддэг болсноор «хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурхны хүслийн төлөө амьдрахаар» эргэлт буцалтгүй шийдсэн (1 Петр 4:2).

7 Бурханд үйлчлэхээр шийдэн, амьдралаа шинээр эхлэхэд арвин их ивээл хишиг хүртдэг. Хамгийн гол нь, Еховатай дотно харьцаа тогтоох үүд нээгддэг. Ийм харьцааг Давид Еховагийн «асар» болон «ариун ууланд» очих урилгатай зүйрлэсэн бөгөөд энэ нь үнэхээрийн агуу завшаан мөн! (Дуулал 15:1). Ехова хэн дуртай хүнийг бус, «үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж, зүрхэндээ үнэнийг өгүүлдэг» хүмүүсийг л урьдаг нь зүйн хэрэг (Дуулал 15:2). Үнэнийг мэдэхээсээ өмнө хэрхэн амьдарч байснаасаа шалтгаалан, дээрх шаардлагыг хангахын тулд зан чанараа ч, биеэ авч явах байдлаа ч тодорхой хэмжээгээр засах хэрэгтэй болж болох юм (1 Коринт 6:9–11; Колоссай 3:5–10). Өөрийгөө засаж залруулахын тулд, хамгийн гол нь, гэмших ёстой. Өөрөөр хэлбэл, урьд нь хийж байсан буруу хэрэгтээ үнэн сэтгэлээсээ харамсаж, Еховад таалагдахыг чин зүрхнээсээ хүсэх явдал юм. Үүний ачаар, бүрмөсөн «эргэх» буюу аминч үзэл, ертөнцийн амьдралын хэв маягийг орхиж, Бурханд таалагдах замаар замнаж чадна (Үйлс 3:19).

8. Бурханд өөрийгөө зориулах гэж яахыг хэлдэг вэ? Өөрийгөө зориулах баптисм хүртэх хоёр ямар холбоотой вэ?

8 Баптисм хүртэх хүмүүст тавьдаг эхний асуулт бас нэг зүйлийг онцолдог. Юу гэвэл, баптисм хүртэх хүнээс, хүсэл тааллыг нь биелүүлэхийн тулд Еховад өөрийгөө зориулсан эсэхийг нь лавлан асуудаг. Өөрийгөө зориулах гэдэг нь баптисм хүртэхээсээ өмнө заавал хийх ёстой амин чухал алхам юм. Энэ нь Еховад залбирч, Христээр дамжуулан амь амьдралаа Еховад бүрэн зориулах хүсэлтэйгээ хэлнэ гэсэн үг (Ром 14:7, 8; 2 Коринт 5:15). Тэр үеэс Ехова бидний Эзэн болж, бид ч Есүсийн адилаар, «хүслийг нь гүйцэлдүүлэхдээ баярлана» (Дуулал 40:8; Ефес 6:6). Энэ ариун амлалтаа Еховад нэг л удаа хэлдэг. Хүн Бурханд өөрийгөө зориулахдаа ганцаарчлан залбирдаг учир олны өмнө баптисм хүртэх нь тэнгэрийн Эцэгтээ чухал амлалт өгснөө «хүлээн зөвшөөрөх» буюу бүх нийтэд тунхаглаж буй хэрэг юм (Ром 10:10).

9, 10. а) Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? б) Еховагийн Гэрчүүд Бурханд өөрийгөө зориулдаг гэдгийг нацистууд хүртэл хэрхэн ойлгодог байсан бэ?

9 Есүсийн жишээг дуурайн, Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Есүс шавь нартаа: «Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа [«тарчлаах шонгоо», ШЕ] үүрч, Намайг [«үргэлж», ШЕ] дага» хэмээжээ (Матай 16:24). Бидний хангавал зохих гурван шаардлагыг Есүс энд онцолсон байна. Нэгдүгээрт, «өөрийгөө үгүйсгэх» буюу амин хувийн болон махан биеийн хүсэл сонирхлоо огоорч, Бурхны зөвлөгөө санамж, удирдлага зааврыг хүлээн зөвшөөрөх. Хоёрдугаарт, «тарчлаах шонгоо үүрэх». Есүсийн үед тарчлаах шон олны өмнө шившиг болох, зовлон зүдүүр эдлэхийг бэлэгддэг байжээ. Христианууд бид сайн мэдээний төлөө зовохоо ойлгодог (2 Тимот 1:8). Ертөнцийнхөн биднийг элэглэн шоолох юм уу зэмлэн буруушаадаг байж болох ч, бид Бурханд таалагддаг гэдгээ мэддэг тул Христийн адилаар, «гутамшгийг» үл тоон, баяр баясгалантай байдаг (Еврей 12:2). Гуравдугаарт, бид Есүсийг «үргэлж» дагадаг (Дуулал 73:26; 119:44; 145:2).

10 Еховагийн Гэрчүүд Бурханд өөрийгөө зориулдаг гэдэг нь зөвхөн Бурханд чин үнэнчээр үйлчилнэ гэсэн үг болохыг зарим эсэргүүцэгч хүртэл хүлээн зөвшөөрдөг нь анхаарал татдаг. Жишээ нь, нацистын Германы үед Бухенвальдын бөөнөөр хорих лагерьт итгэл үнэмшлээсээ няцаагүй Гэрчүүдээс «Би одоо ч гэсэн Бурханд өөрийгөө зориулсан, Библи Судлаач хэвээрээ байгаа бөгөөд Еховад өгсөн ам тангаргаа хэзээ ч хөсөрдүүлэхгүй» гэсэн үгтэй бичигт гарын үсэг зурахыг шаардаж байжээ. Бурханд өөрийгөө зориулсан үнэнч үйлчлэгчид ямар байр суурь баримталдгийг дээрх явдал тодорхой харуулдаг (Үйлс 5:32).

Еховагийн Гэрч болно гэдгээ ойлгох нь

11. Баптисм хүртэхийг хосгүй завшаан гэж хэлж болохын учир юу вэ?

11 Баптисм хүртэх хүнд тавьдаг хоёр дахь асуултын гол зорилго нь тухайн хүн баптисм хүртсэнээр Еховагийн Гэрч болно гэдгээ ойлгож байгаа эсэхийг тодруулах явдал юм. Баптисм хүртсэн хүн Еховагийн нэрийг авч явах эрхтэй үйлчлэгч нь болдог. Энэ бол нэг талаас хосгүй завшаан, нөгөө талаас туйлын хариуцлагатай үүрэг. Түүнээс гадна, Еховад үнэнч үлдвэл аврагдаж, мөнх амьдрах найдвартай болдог (Матай 24:13).

12. Еховагийн нэрийг авч яваа хүн ямар үүрэг хүлээдэг вэ?

12 Төгс хүчит Ехова Бурхны нэрийг авч явна гэдэг үнэхээрийн нэр төртэй хэрэг. Зөнч Мика: «Бүх ард түмэн тус бүр өөрийн бурхны нэр дотор алхах боловч бидний хувьд, бид үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана» хэмээжээ (Мика 4:5). Гэхдээ Еховагийн нэрийг авч яваа хүн бас үүрэг хүлээдэг. Бид Еховагийн Гэрч гэж Бурхныхаа нэрээр дуудуулаад зогсохгүй түүнийг алдаршуулахын төлөө амьдрах ёстой. Христиан хүний ам ажил хоёр зөрвөл Бурхны нэр «доромжлогддог» гэж Паул Ромын христиануудад бичсэн байдаг (Ром 2:21–24).

13. Еховагийн үйлчлэгчид ямар учраас Бурхныхаа тухай гэрчлэх үүрэг хүлээдэг вэ?

13 Еховагийн Гэрч болсон хүн Бурхныхаа тухай гэрчлэх үүрэг хүлээдгээ бас ухамсарлан ойлгодог. Бурханд өөрсдийгөө зориулсан Израилийн ард түмэн Ехова Бурхныг орчлонт ертөнцийн хамгийн дээд эрх мэдэлтэй Нэгэн мөн гэдгийг батлахын тулд гэрч нь байх урилгыг хүлээн авсан (Исаиа 43:10–12, 21). Гэсэн ч үүргээ биелүүлээгүй бөгөөд эцэстээ Еховагийн тааллыг бүрмөсөн алдсан юм. Харин орчин үеийн жинхэнэ христианууд Еховаг гэрчлэх завшаанаараа бахархдаг. Учир нь бид Еховад хайртай бөгөөд нэр нь ариусаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Бид тэнгэрийн Эцгийнхээ тухай үнэнийг болон санаа зорилгыг нь мэдсээр байж дуугүй байж чадна гэж үү? «Би шахалтад байдаг. Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог» хэмээсэн элч Паулын үгтэй бид санал нийлдэг (1 Коринт 9:16).

14, 15. а) Биднийг сүнслэгээр өсөхөд Бурхны байгууллага ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? б) Сүнслэг тусламж үзүүлэхийн тулд ямар ямар арга хэмжээ авдаг вэ?

14 Баптисм хүртсэн хүн Еховагийн сүнсээр удирдуулдаг байгууллагатай хамтран ажиллах үүрэг хүлээдгийг хоёр дахь асуулт давхар сануулдаг. Бурханд үйлчлэх ажлыг хүн ганцаараа хийх аргагүй бөгөөд «ахан дүүсийн барилдлагаасаа» тусламж, сэтгэлийн дэм авах хэрэгтэй (1 Петр 2:17; 1 Коринт 12:12, 13). Биднийг сүнслэгээр өсөхөд Бурхны байгууллага чухал үүрэг гүйцэтгэдэг. Библид үндэслэсэн ном хэвлэлийг арвин ихээр хангаж өгдгийнх нь ачаар бид мэдлэгээ гүнзгийрүүлж, бэрхшээлийг амжилттай даван туулж, Бурхантай дотно харьцаа тогтоож чаддаг. Эх хүн хүүхдээ хооллон ундалж, халамжлан бөөцийлдөг шиг «итгэмжит, ухаалаг боол» биднийг сүнслэгээр өсөөсэй хэмээн сүнслэг хоолыг цагт нь элбэг дэлбэг өгдөг (Матай 24:45–47; 1 Тесалоник 2:7, 8).

15 Еховагийн ард түмэн долоо хоног тутам цуглаж, үнэнч Гэрч байхад шаардлагатай сургалтад хамрагдан, урам зориг нэмдэг (Еврей 10:24, 25). Теократ үйлчлэлийн сургуулиар бид ярих урлагт суралцдаг бол Үйлчлэх цуглаанаар дэлгэрүүлэх ажилд үр дүнтэй оролцох арга барил эзэмшдэг. Бид цуглаан болон бие даасан судлалын ачаар Ехова өөрийн байгууллагыг сүнсээрээ хэрхэн удирддагийг ойлгодог. Бурхан биднийг ийнхүү байнга сургаж, аюулаас сэрэмжлүүлдгийн зэрэгцээ үр өгөөжтэй үйлчилж, сүнслэгээр сэргэг байхад туслах арга хэмжээ авдаг (Дуулал 19:7, 8, 11; 1 Тесалоник 5:6, 11; 1 Тимот 4:13).

Ямар учраас баптисм хүртдэг вэ?

16. Бид ямар учраас Еховад өөрсдийгөө зориулдаг вэ?

16 Дээрх хоёр асуулт баптисм хүртэхийн ач холбогдлыг, бас араас нь урган гардаг үүрэг хариуцлагыг сануулдаг. Гэхдээ бид, гол нь, ямар учраас баптисм хүртдэг вэ? Албадлагаар бус, харин Еховад татагддаг тул баптисм хүртдэг (Иохан 6:44). «Бурхан бол хайр» учраас орчлонт ертөнцийг хүчээр бус, хайраар захирдаг (1 Иохан 4:8). Ехова сайхан чанар, бидэнд хандах байдлаараа биднийг татдаг. Бидний төлөө «цорын ганц Хүүгээ» өгсөн бөгөөд хамгийн сайхан ирээдүйд хүргэхээ амласан (Иохан 3:16). Хариуд нь, бид Еховад өөрсдийгөө өгөх буюу амь амьдралаа зориулах хүсэлтэй болдог (Сургаалт үгс 3:9; 2 Коринт 5:14, 15).

17. Бурханд өөрийгөө зориулна гэдгийг юу гэж ойлгох нь зөв бэ?

17 Еховад өөрийгөө зориулна гэдэг бол итгэл үнэмшилтэй болох юм уу дэлгэрүүлэх ажил хийх төдий хэрэг биш ээ. Бурхны үйлчлэгчдийн ажил үүрэг заримдаа өөрчлөгддөг боловч Еховад үнэнч үйлчлэх шийдвэр нь хэвээрээ байдаг. Жишээ нь, Еховагийн Абрахамд өгсөн тушаал Иеремиад өгсөн даалгавраас нь эрс өөр байсан (Эхлэл 13:17, 18; Иеремиа 1:6, 7). Гэхдээ л тэдний хэн хэн нь Еховаг хайрлах хайр, хүсэл тааллыг нь үнэнчээр биелүүлэх чин хүслийнхээ улмаас харилцан адилгүй даалгаврыг дор бүрнээ биелүүлдэг байв. Төгсгөлийн цаг үед, баптисм хүртсэн христианууд бүгдээрээ Есүсийн тушааснаар, Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглан, хүмүүсийг шавь болгохыг хичээдэг (Матай 24:14; 28:19, 20). Энэ ажлаа сэтгэлээсээ хийх нь тэнгэрийн Эцэгтээ хайртайгаа, Бурханд өөрийгөө чин сэтгэлээсээ зориулснаа тодорхой харуулах арга юм (1 Иохан 5:3).

18, 19. а) Бид баптисм хүртэхдээ олон нийтэд юу гэж тунхагладаг вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай авч үзэх вэ?

18 Баптисм арвин их ивээлийн үүдийг нээдэг нь үнэн. Гэхдээ ийм шийдвэр гаргахдаа хөнгөн гоомой хөдөлж болохгүй (Лук 14:26–33). Баптисм хүртэх шийдвэр нэгэнт гаргасан бол Бурханд үйлчлэхээс өөр ямар ч үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавихгүй байхаар эргэлт буцалтгүй шийдсэнээ харуулж байгаа хэрэг (Лук 9:62). Мөн чанартаа, баптисм хүртэх нь «Энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ. Тэр биднийг үхэн үхтэл хөтлөх болно» хэмээн олон нийтэд тунхаглахтай утга нэг билээ (Дуулал 48:14).

19 Баптисм хүртэхтэй уялдан гарч болох бусад асуултыг, тодруулбал, «Баптисм хүртэхээ хойшлуулах хүндтэй шалтгаан байдаг уу? Баптисм хүртэхэд нас хамаатай юу? Баптисм хүртээх арга хэмжээг зөв зохистой явуулахад хүн бүр хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ?» гэх зэргийн асуултыг дараагийн өгүүллээр авч үзнэ.

Тайлбарлана уу

• Баптисм хүртэхээсээ өмнө гэмших ёстойн учир юу вэ?

• Бурханд өөрийгөө зориулна гэж яахыг хэлдэг вэ?

• Еховагийн Гэрч хүн ямар ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ?

• Бид ямар учраас баптисм хүртэх шийдвэр гаргадаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[5-р хуудасны хавсралт/зураг]

Баптисм хүртэх хүмүүст тавьдаг хоёр асуулт:

Та урьд нь үйлдэж байсан нүглээ Есүсийн золих тахилын үндсэн дээр гэмшиж, Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхээр түүнд өөрийгөө зориулсан уу?

Та Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртсэнээр Бурхны сүнсээр удирдуулдаг байгууллагад нэгдсэн Еховагийн Гэрч болно гэдгээ ойлгож байна уу?