Skip to content

Гарчиг руу орох

Бурханд үнэнч явахын баяр баясгалан

Бурханд үнэнч явахын баяр баясгалан

Бурханд үнэнч явахын баяр баясгалан

«Еховагийн ивээл хишиг баян болгодог бөгөөд тэр үүндээ зовлон эс авчирдаг» (СУРГААЛТ ҮГС 10:22, ШЕ).

1, 2. Ирээдүйн тухай хэт их бодохоос зайлсхийх хэрэгтэйн учир юу вэ?

 «ИРЭЭДҮЙН тухай хэт их боддог хүн одоо байгаагаа харж чаддаггүй» гэж Америкийн нэг философич тэмдэглэжээ. Үнэхээр ч тийм. Жишээ нь, хүүхдүүд том болохын хүслэн болж явсаар, хүүхэд насны баяр жаргалыг хожуу ухаардаг.

2 Еховагийн үйлчлэгчид хүртэл заримдаа тийм бодолд автчихдаг. Ингэвэл ямар аюултайг бодож үзье. Бурхан дэлхийг диваажин болгоно гэж амласнаа биелүүлэх цагийг бид тэсэн ядан хүлээдэг. Өвдөж шаналахгүй, өтөлж хөгшрөхгүй, эмгэнэн гашуудахгүй, зовж зүдрэхгүй амьдрахыг маш их хүсдэг. Энэ бүхнийг хүсэн хүлээх нь зөв хэдий ч, одоогийнхоо сүнслэг ивээлийг харахын оронд, ирээдүйд ямар ивээл хүртэх тухайгаа л бодоод байвал юу болох вэ? Туйлын харамсалтай юм болно! Хүсэн хүлээж байсан зүйл нь санаснаас илүү удахад сэтгэлээр амархан унаж, «зүрх өвчилдөг» (Сургаалт үгс 13:12). Амьдралын нугачаанд сөхрөх юм уу өөрийгөө өрөвддөг болж болзошгүй. Хүнд бэрхийг даван туулахын оронд юм л бол зовлон тоочдог зантай болдог. Одоо хүртэж байгаа ивээлээ эргэцүүлж бодон, үнэлж эрхэмлэдэг бол энэ бүхнээс зайлсхийж чадна.

3. Энэ өгүүллээр юуг голлон авч үзэх вэ?

3 «Еховагийн ивээл хишиг баян болгодог бөгөөд тэр үүндээ зовлон эс авчирдаг» гэж Сургаалт үгс 10:22-т (ШЕ) бичжээ. Еховагийн орчин үеийн үйлчлэгчид сүнслэгээр хөгжин цэцэглэсэн нь ивээл биш гэж үү? Одоо бүгдээрээ, Ехова биднийг сүнслэгээр яаж ивээдгийг ярилцаж, хүн тус бүрд ямар ач тустайг авч үзье. Ехова «гэм зэмгүй [буюу өөрт нь үнэнч] явдаг шударга зөв хүнийг» арвин их ивээдгийг цаг гаргаад бодож үзвэл тэнгэрийн Эцэгтээ үргэлж баяр хөөртэй үйлчлэх шийдвэр маань үнэхээр батжих болно (Сургаалт үгс 20:7).

Одоо «баян болгодог ивээл хишиг»

4, 5. Та хувьдаа Библийн ямар сургаалыг илүү эрхэмлэдэг вэ? Яагаад?

4 Бид Библийн сургаалыг нарийн мэддэг. Ер нь, христ шашны урсгалууд Библид итгэдэг гэдэг боловч сургаалынх нь талаар нэгдсэн ойлголтгүй байдаг. Тэр байтугай, шашны нэг урсгалд хамаардаг мөртлөө Библийн сургаалыг өөр өөрөөр үздэг хүмүүс ч бий. Гэтэл Еховагийн үйлчлэгчид тэднээс ямар их ялгаатай вэ! Бид яс үндэс, угсаа гарал, соёлын хувьд өөр өөр ч, нэрийг нь мэддэг жинхэнэ Бурхнаа шүтдэг. Тэрбээр учир битүүлэг гурвал бурхан биш билээ (Дэд хууль 6:4; Дуулал 83:18; Марк 12:29). Бурхны хэмжээгүй эрх мэдлийн тухай хамгийн гол асуудал удахгүй шийдэгдэх гэж байгаа бөгөөд хүн болгон дор бүрнээ Бурхандаа үнэнч байвал тэрхүү маргаантай асуудлыг шийдвэрлэхэд биечлэн оролцож байгаа хэрэг гэдгийг бид бас мэддэг. Нас барагсад, үнэн чанартаа, ямар байдалтай байдгийг мэддэг бөгөөд Бурхан хүмүүсийг галт тамд юм уу өөр хаа нэгтээ тарчилган зовоодог гэж айдаггүй (Номлогчийн үгс 9:5, 10).

5 Түүнээс гадна, хүн бол удамшил хувьслын явцад санамсаргүй үүссэн бүтээгдэхүүн биш, харин Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн Бурхны бүтээл гэдгийг мэдэхлээр үнэхээр баярламаар! (Эхлэл 1:26; Малахи 2:10). «Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай бөгөөд миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм» хэмээн дуулалч Бурхандаа зориулан дуулсан байдаг (Дуулал 139:14).

6, 7. Таны юм уу таньдаг хүмүүсийн тань амьдралд гарсан ямар ямар өөрчлөлт Бурхан ивээдгийн баталгаа болдог вэ?

6 Хорт зуршлаасаа ангижирдаг. Тамхи татах, архи хэтрүүлэн уух, садар самуунтай орооцолдохын аюулыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга анхааруулдаг ч бараг хэн ч тоодоггүй. Гэтэл тийм муу явдал жинхэнэ Бурхны жигшлийг төрүүлдэг бөгөөд тэдгээрийг үйлдэгчид сэтгэлийг нь гонсойлгодгийг чин сэтгэлтэй хүмүүс мэдэхлээрээ яадаг вэ? Муу муухай зуршлаасаа ангижрахын хүслэн болдог! (Исаиа 63:10; 1 Коринт 6:9, 10; 2 Коринт 7:1; Ефес 4:30). Гол нь, Ехова Бурханд таалагдахын тулд энэ бүхнийг хийдэг бөгөөд өөрсдөө ч их ивээл хүртэж, бие эрүүл, сэтгэл тайван болдог.

7 Муу зуршлаасаа салах нь ихэнх хүний хувьд хэцүү. Гэсэн ч, жил бүр хэдэн арван мянган хүн муу зуршлаа хаяж байна. Тэд өөрсдийгөө Еховад зориулж, баптисм хүртэн Бурханд таалагддаггүй амьдралаасаа бүрмөсөн салсан гэдгээ олон нийтэд харуулдаг. Энэ нь бид бүхэнд үнэхээр их урам нэмдэг. Гэм нүгэлтэй, хор хөнөөлтэй явдлын боол болохгүй байх шийдвэр маань улам батаждаг.

8. Гэр бүлээрээ жаргалтай амьдрахад Библийн ямар зөвлөгөө тус болдог вэ?

8 Гэр бүлийн маань амьдрал жаргалтай. Олон оронд гэр бүлийн амьдрал бүтэлгүйтэж байна. Өдий төдий гэр бүл салж сарнин, ард нь хүүхдүүд сэтгэлийн шархтай хоцордог. Европын зарим оронд нийт өрхийн 20 хүртэлх хувийг тийм гэр бүлүүд эзэлдэг байна. Тэгвэл биднийг элэг бүтэн, аз жаргалтай амьдрахад Ехова яаж тусалдаг вэ? Ефес 5:22–6:4-ийг уншаад, нөхөр, эхнэр, хүүхдүүдэд Бурхны Үг ямар сайхан зөвлөгөө өгдгийг анхаараарай. Энэ болон Библийн бусад зөвлөгөөг хэрэгжүүлбэл гэр бүлийн холбоогоо бэхжүүлж, хүүхдээ зөв хүмүүжүүлж, улмаар гэр бүлээрээ жаргалтай амьдрах нь лавтай. Их ивээл биш гэж үү?

9, 10. Ирээдүйг үзэх бидний үзэл ертөнцийнхнөөс ямар ялгаатай вэ?

9 Дэлхий нийтийн бэрхшээл удахгүй шийдэгдэнэ гэдэгт итгэдэг. Хэдийгээр, шинжлэх ухаан, техник технологи өндөр хөгжиж, зарим нэг удирдагч чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргадаг ч өнөөгийн амьдралын том том бэрхшээл байсаар байна. Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Шваб «дэлхийд дахинд нүүрлээд байгаа бэрхшээл улам нэмэгдэж, харин тэдгээрийг шийдвэрлэх цаг улам багасаж байгааг» тэмдэглэжээ. Тэрбээр «бүх улс үндэстнийг хамрах болсон терроризм, экологийн сүйрэл, эдийн засгийн тогтворгүй байдал зэргийн аюулыг» дурдсан байна. Шваб эцэст нь: «Дэлхий дахинд тулгараад байгаа аюулыг арилгахын тулд хамтын хүчээр, шийдэмгий тэмцэх шаардлага одоо хэзээ хэзээнээс илүү гарч байна» хэмээн дүгнэжээ. ХХІ зуун сар жилээр урагшлан давшивч хүн төрөлхтний ирээдүй бүрхэг хэвээр.

10 Харин Ехова хүн төрөлхтний бэрхшээлийг шийдвэрлэх нэгэн арга хэмжээ авч, Мессиагийн Хаанчлалыг байгуулсан нь хэчнээн талархууштай вэ! Жинхэнэ Бурхан маань уг Хаанчлалын тусламжтайгаар «дайныг зогсоож», «арвин их амар тайвныг» бий болгоно (Дуулал 46:9; 72:7). Тослогдсон Хаан Есүс Христ «гачигдагч, дарлагдагч, ядуусыг дарамт ба хүчирхийллээс аврах болно» (Дуулал 72:12–14). Тэр Хаанчлалын үед хоол хүнсний хомсдол үгүй болно (Дуулал 72:16). Ехова бидний «нүднээс нулимс бүрийг арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» (Илчлэлт 21:4). Хаанчлал аль хэдийнээ тэнгэрт тогтсон бөгөөд дэлхий дээрх бүх бэрхшээлийг шийдвэрлэхээр шаардлагатай арга хэмжээг тун удахгүй авна (Даниел 2:44; Илчлэлт 11:15).

11, 12. а) Зугаа цэнгэлийн хойноос хөөцөлдөх нь үүрдийн аз жаргал авчрах уу? Тайлбарлана уу. б) Яавал жинхэнэ ёсоор аз жаргалтай амьдрах вэ?

11 Жинхэнэ ёсоор жаргалтай амьдрахын нууцыг мэддэг. Жинхэнэ аз жаргалын нууц юу вэ? Нэгэн сэтгэл судлаачийн хэлснээр, аз жаргал гурван хүчин зүйлээс бүрддэг бөгөөд энэ нь зугаацаж цэнгэх, алив үйл хэрэгт идэвхтэй оролцох (ажил хийх, гэр бүлдээ санаа тавих гэх мэт), утга учиртай амьдрах (зорилгодоо хүрэхийн тулд хүчин чармайлт гаргах, бусдын сайн сайхны төлөө хөдөлмөрлөх гэх мэт) явдал ажээ. Тэрбээр энэ гурваас зугаа цэнгэлийг ач холбогдол багатайд тооцоод, «Үүнийг зайлшгүй анхаарах шаардлагатай. Яагаад гэвэл, өчнөөн олон хүн зугаа цэнгэлийг амьдралынхаа гол зорилго болгочихоод байна» гэж тэмдэглэжээ. Тэгвэл Библи энэ талаар юу гэж сургадаг вэ?

12 Эртний Израилийн хаан Соломон: «Би өөртөө өгүүлрүүн: „Ир, одоо. Би чамайг тааламжит байдлаар сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул“ гэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа. Инээгчийг би „галзуу“ гэж, тааламж баяслын тухайд „Юу болж байна?» гэхчлэн боддог байв» хэмээн бичжээ (Номлогчийн үгс 2:1, 2). Библид бичсэнээр, зугаа цэнгэл хүнд, их л сайндаа, түр зуурын жаргал өгдөг аж. Тэгвэл аливаа үйл хэрэгт идэвхтэй оролцох тухайд юу хэлж болох вэ? Бид Хаанчлалыг тунхаглаж, шавь бэлдэх хамгийн чухал ажилд идэвхтэй оролцдог (Матай 24:14; 28:19, 20). Библид бичсэн авралын мэдээг бусадтай хуваалцдаг маань өөрсдийгөө ч, биднийг сонсдог хүмүүсийг ч аврах ажилд идэвхтэй оролцож байгаа хэрэг юм (1 Тимот 4:16). «Бурхны хамтран зүтгэгчид» бид «авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй [«жаргалтай», ШЕ]» гэдэг үгийг биеэрээ амсдаг (1 Коринт 3:9; Үйлс 20:35). Амьдралыг маань утга учиртай болгодог энэ ажлын ачаар Бүтээгч маань өөрийг нь муулагч Сатан Диаволд хариу өгдөг (Сургаалт үгс 27:11). Гагцхүү «бурханлаг байдал» жинхэнэ, үүрдийн аз жаргал авчирдгийг Ехова бидэнд ойлгуулдаг (1 Тимот 4:8).

13. а) Теократ үйлчлэлийн сургууль бидний хувьд яаж Бурхны ивээл болдог вэ? б) Та энэ сургуулиас ямар ач тус хүртсэн бэ?

13 Чухал ач холбогдолтой, үр дүнтэй сургалтын хөтөлбөр бий. Герхард Еховагийн Гэрчүүдийн нэг хуралд ахлагчаар үйлчилдэг. Тэрбээр залуу насаа дурсан: «Би багадаа хэл яриа муутай хүүхэд байлаа. Сандрахлаараа үгээ тод хэлж чадахгүй, ээрч эхэлнэ. Өөрийгөө их л дорд үзэн, сэтгэлээр их унасан даа. Эцэг эх минь намайг хэл яриа засах сургалтад явуулсан боловч тэдний зүтгэл талаар болсон. Миний энэ зовлон бие эрхтэнтэй биш, сэтгэхүйтэй холбоотой байсан юм. Харин Ехова нэг гайхамшигтай бэлэг өгсөн нь Теократ үйлчлэлийн сургууль байв. Энэ сургуульд орж суралцсанаар би их зоригтой болсон. Сурч мэдсэнээ ажил хэрэг болгох гэж байдгаараа мэрийдэг байлаа. Үр дүн ч гарсан шүү! Би илүү чөлөөтэй ярьдаг, дэлгэрүүлэх ажилд илүү зоригтой оролцдог болж, сэтгэлээр унахаа ч больсон. Одоо бүр нийтийн илтгэл тавьдаг. Энэ сургуулиар дамжуулж амьдралыг минь өөрчилсөн Ехова Бурхандаа үнэхээр их талархдаг» хэмээн ярьсан юм. Ехова биднийг сургадаг нь баярлах шалтгаан биш гэж үү?

14, 15. Хүнд хэцүү үед ямар тусламж бэлэн байдаг вэ? Жишээ хэлнэ үү.

14 Еховатай дотно харьцаатай бөгөөд олон улсын ахан дүүгийн барилдлагатай. Германд амьдардаг Катрин Зүүн өмнөд Азид хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунами болсон тухай мэдээ сонсоод, ихэд түгшжээ. Тэр гамшгийн үеэр охин нь Тайландад явж байсан аж. Охиноо эсэн мэнд байна уу, эсвэл цаг тутам тоо нь өссөөр байгаа гэмтэж бэртсэн, амь үрэгдсэн хүмүүсийн дунд байна уу гэдгийг энэ ээж мэдэж чадалгүй 32 цаг болжээ. Охин нь амьд байгааг утсаар мэдэгдэхэд сая сэтгэл нь амарчээ!

15 Айж түгшиж байсан тэр үед нь Катринд юу тус болсон бол оо? Тэрбээр: «Би Еховад тасралтгүй залбирч байлаа. Залбирал надад ямар их хүч өгч, сэтгэлийг минь тайвшруулж байгааг би дахин дахин мэдэрч байв. Бас, сүнслэг ах дүү нар минь манайд ирж, намайг их дэмжиж байсан» гэж бичжээ (Филиппой 4:6, 7). Хэрэв Катрин Еховад залбирч, итгэл нэгтнүүдийнхээ тусламж дэмжлэгийг аваагүй бол сэтгэл нь бүр ч их зовох байсан биз ээ! Ехова болон түүний Хүүтэй дотно харьцаатай байж, христиан ахан дүүстэйгээ нягт хамтран ажилладаг маань хосгүй ивээл, үнэлж баршгүй бэлэг юм.

16. Дахин амилах найдварын үнэ цэнг харуулсан жишээ татна уу.

16 Нас барсан хүмүүстэйгээ эргээд уулзах найдвар бий (Иохан 5:28, 29). Маттиас гэдэг залуу Еховагийн Гэрч болж өсжээ. Гэвч хүртэж буй ивээлээ үнэлэлгүй, сүнслэгээр суларч, өсвөр насандаа христиан хурлыг орхисон аж. «Би аавтайгаа сэтгэлээ нээж ярилцаж байсангүй. Бид санаа сэтгэл нийлэхгүй олон ч жил болсон. Гэсэн ч аав минь надад дандаа л сайн сайхныг хүсдэг байв. Хүүдээ ямар их хайртайг нь тэр үед хүү нь ойлгодоггүй байж дээ. 1996 онд аав минь хүндээр өвдөөд, хэвтэрт орсон юм. Би дэргэд нь суугаад, гарыг нь атган, гашуудан уйлж байхдаа урьдын бүх явдалдаа харамсаж байгаагаа, өөрт нь дэндүү хайртай байснаа хэлсэн. Даанч аав минь ухаангүй байлаа. Тэгээд удаа ч үгүй нас барсан даа. Хэрэв би диваажинд очвол, дахин амилсан аавтайгаа уулзаад, өнгөрснөө заавал засна. Ааваасаа хойш, хүү нь ахлагч болчихоод, эхнэртэйгээ хамт эхлэгчээр үйлчилж байсныг тэр үед аав минь мэдээд яасан их баярлах бол оо» гэж Маттиас бичжээ. Дахин амилах найдвар бидэнд үнэхээр ивээл юм!

«Тэр үүндээ зовлон эс авчирдаг»

17. Еховагийн ивээлийг эргэцүүлэн бодох нь ямар ач тустай вэ?

17 Есүс Христ тэнгэрийн Эцгийнхээ тухай: «Тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм» хэмээн хэлсэн байдаг (Матай 5:45). Хэрэв Ехова Бурхан хорон муу, зөвт бус хүмүүсийг ивээдэг юм бол өөрт нь үнэнч явдаг хүмүүсийг бүр ч их ивээх нь дамжиггүй! «Тэрбээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй» гэж Дуулал 84:11-д бичсэн байдаг. Өөрийг нь хайрладаг хүмүүст онцгой хайр халамж үзүүлдгийг нь эргэцүүлэн бодохлоор зүрх сэтгэл маань хэчнээн их баяр хөөрөөр бялхдаг билээ дээ!

18. а) Еховагийн ивээл зовлон дагуулдаггүй гэж хэлж болохын учир юу вэ? б) Бурхны үнэнч үйлчлэгчид яагаад зовдог вэ?

18 «Еховагийн ивээлээр» ард түмэн нь сүнслэгээр хөгжин цэцэглэдэг. «Тэр үүндээ зовлон эс авчирдаг» гэдэгт бид итгэлтэй байдаг (Сургаалт үгс 10:22, ШЕ). Тэгвэл, Бурхны үнэнч үйлчлэгчдэд ямар учраас их зовлон шаналал дагуулсан сорилт, бэрхшээл тулгардаг вэ? Гурван үндсэн шалтгаан байна. 1) Өөрсдийн маань нүгэлт хүсэл (Эхлэл 6:5; 8:21; Иаков 1:14, 15); 2) Сатан болон чөтгөрүүд (Ефес 6:11, 12); 3) Ёс бус ертөнц (Иохан 15:19). Бидэнд муу юм тохиолдохыг Ехова зөвшөөрдөг болохоос өөрөө учруулдаггүй. «Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн эцгээс бууж ирдэг» шүү дээ (Иаков 1:17). Еховагийн ивээл зовлон дагуулдаггүй.

19. Бурханд үнэнч хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байна вэ?

19 Сүнслэг хөгжил цэцэглэл Бурхантай тогтоосон харьцаатай нягт холбоотой. Бурхантай тогтоосон дотно харьцаагаа хөгжүүлж байж л «ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн үндэс суурийн эрдэнэсийг хураан, жинхэнэ амь» буюу мөнхийн аминд хүрэх юм (1 Тимот 6:12, 17–19). Бурхны шинэ ертөнцөд одоогийн сүнслэг ивээлээс гадна өөр олон ивээл хүртэнэ. Тэр цагт, «ЭЗЭНд дуулгавартай» бүх хүн жинхэнэ ёсоор жаргалтай амьдарна (Дэд хууль 28:2). Тэгэхлээр, Еховад үргэлж үнэнч үйлчлэх шийдвэр төгс байж, баяр хөөртэй явцгаая.

Юу мэдэж авсан бэ?

• Ирээдүйн тухай бодолд хэт автах нь яагаад ухаалаг биш вэ?

• Одоо бид ямар ямар ивээл хүртэж байгаа вэ?

• Бурхны үнэнч үйлчлэгчид ямар учраас зовдог вэ?

[Догол мөрийн асуулт]