Skip to content

Гарчиг руу орох

Ехова хоньчдоо сургадаг

Ехова хоньчдоо сургадаг

Ехова хоньчдоо сургадаг

«ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг бөгөөд Түүний амнаас [«хэрсүү», ШЕ] ухаан хийгээд мэдлэг гардаг» (СУРГААЛТ ҮГС 2:6).

1, 2. Баптисм хүртсэн христиан эрчүүд ямар учраас хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг болохыг эрмэлздэг вэ?

 «БИ ахлагчаар томилогдчихоод их баярлаж билээ. Энэ завшааныг Бурханд үйлчлэх ажлаа өргөжүүлэх сайхан боломж гэж үзсэн. Миний төлөө Еховагийн хийсэн бүхэнд талархаж, хариуд нь улам ихийг хийхсэн гэж бодож байсан. Түүнээс гадна, хурлынхаа гишүүдэд чадах чинээгээрээ тусалж, ахлагчид надад яаж тусалсан шиг тэдэнд ч бас туслах хүсэл оргилж билээ» гэж долоон жил ахлагчаар үйлчилж буй Ник дурсан ярьжээ. Гэхдээ Ник баярлахын хажуугаар бас санаа нь зовж байсан аж. Тэрбээр: «Би ахлагч болохдоо 30 ч хүрээгүй байсан болохлоор сүргийг сайн хариулахад туршлага, хэрсүү ухаан болон мэргэн ухаан дутах вий гэж зовж байлаа» хэмээн ярьсан юм.

2 Еховагийн сүргийг хариулах үүрэг хүлээдэг хүмүүст баярлах шалтгаан олон бий. Элч Паул Есүсийн үгийг иш татан Ефес хотын хурлын ахлагчдад: «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй» буюу жаргалтай хэмээн бичихдээ нэг шалтгааныг тэмдэглэжээ (Үйлс 20:35). Баптисм хүртсэн христиан эрчүүдийн хувьд туслах үйлчлэгч, ахлагч болох нь Еховад болон итгэл нэгтнүүддээ «өгөх» олон сайхан боломж нээдэг. Жишээ нь, туслах үйлчлэгчид ахлагчдад тусалж, хуралд зайлшгүй хэрэгтэй, цаг хугацаа нэлээд шаарддаг ажил үүрэг биелүүлдэг. Тэд Бурхнаа болон бусдыгаа хайрладаг учир тийнхүү үйлчилдэг (Марк 12:30, 31).

3. Зарим христиан эрд туслах үйлчлэгч, ахлагч болох зориг дутдагийн учир юу байж болох вэ?

3 Христиан эр өөрийгөө чамлан, туслах үйлчлэгч, цаашлаад, ахлагч болох зориг хүрэхгүй байвал яах вэ? Сайн хоньчин байх чадвар туршлага дутах вий гэж Ник шиг санаа зовж байж болох юм. Танд ч бас тэгж санагддаг уу? Ехова сүргийг хэрхэн хариулж байгаагаар нь хоньчидтой хариуцлага тооцдог тул санаа зовох нь ч аргагүй юм. Учир нь, «хэнд их нь өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их нь даалгагдсан байна, түүнээс ихийг шаардана» гэж Есүс хэлсэн (Лук 12:48).

4. Ехова хоньчноор томилсон хүмүүстээ хэрхэн тусалдаг вэ?

4 Христиан эрэгтэй туслах үйлчлэгч юм уу ахлагчаар томилогдсон л бол бүхнийг ганцаараа хийх ёстой гэж Ехова үздэг үү? Үгүй ээ! Харин ч, үүргээ амжилттай биелүүлэхэд нь шаардлагатай бодит тусламж үзүүлдэг. Өмнөх өгүүлэлд тэмдэглэснээр, Ехова тэдэнд ариун сүнсээ өгдөг бөгөөд тэд сүнсний үр жимсний тусламжтайгаар сүргийг аядуу зөөлөн хариулдаг (Үйлс 20:28; Галат 5:22, 23). Бас «мэргэн ухаан», «хэрсүү ухаан», «мэдлэг» өгдөг (Сургаалт үгс 2:6, ШЕ). Эдгээрийг яаж өгдөг вэ? Ехова хоньчноор томилсон хүмүүсээ ямар гурван аргаар сургадгийг авч үзье.

Туршлагатай хоньчид сургадаг

5. Петр Иохан хоёр юуны ачаар сайн хоньчин болсон бэ?

5 Ухаант мэргэд гэгддэг иудейн Дээд шүүхийн шүүгчид өмнөө зогсох элч Петр Иохан хоёрыг «эрдэм номгүй, боловсролгүй» хүмүүс гэж үзэж байлаа. Тийм ээ, тэр хоёр уншиж бичиж чаддаг ч, Судрыг нарийн судалдаг шашны сургуульд суугаагүй нь үнэн. Гэсэн хэдий ч, Петр Иохан хоёр болон бусад шавь өөрсдийг нь сонссон олон хүний зүрх сэтгэлд хүрч, Христийн шавь болгосон нь сайн багш гэдгээ нотолсон хэрэг байлаа. Эрдэм номгүй тэр хүмүүс тийм чадварлаг багш болсны нууц юу юм бол? Петр Иохан хоёрыг сонссоныхоо дараа шүүхийнхэн тэднийг «Есүстэй хамт байсныг нь мэдэв» (Үйлс 4:1–4, 13). Тийм ээ, тэд ариун сүнс авсан байжээ (Үйлс 1:8). Гэхдээ бас Есүс тэднийг сургажээ гэдэг нь сүнслэгээр сохор тэр шүүгчдэд хүртэл илэрхий байв. Есүс дэлхий дээр байхдаа, хонь шиг хүмүүсийг хэрхэн хайж олохыг төдийгүй нэг сүрэгт нэгдсэн хойно нь хэрхэн хариулахыг ч элч нартаа зааж сургасан юм (Матай 11:29; 20:24–28; 1 Петр 5:4).

6. Есүс Паул нар бусдыг сургахдаа ямар жишээ үзүүлсэн бэ?

6 Есүс дахин амилсныхаа дараа ч хоньчноор томилсон хүмүүсээ сургасаар байв (Илчлэлт 1:1; 2:1–3:22). Тухайлбал, Паулыг өөрөө сонгож, түүнийг сургах ажлыг хариуцаж байсан (Үйлс 22:6–10). Паул сурч мэдсэнээ их үнэлдэг байсны зэрэгцээ бусад ахлагчид өвлүүлсэн (Үйлс 20:17–35). Жишээ нь, Тимотыг Бурханд үйлчилдэг «ичих явдалгүй ажилчин» болгохын тулд тэрбээр цаг зав, хүч чадлаа харамгүй зориулж байв (2 Тимот 2:15). Тийн хамтран ажиллахдаа тэд ихэд дотносжээ. Паул Тимотын тухай: «Тэр бид хоёр эцэг хүү хоёр шиг баярт мэдээг дэлгэрүүлэх ажлыг цуг хийсэн» гэж бичсэн байдаг (Филиппой 2:22, ШГ). Паул Тимот болон өөр хэн нэгнийг өөрийнхөө шавь болгохыг оролдож байгаагүй. Харин ч, өөр шиг нь «Христийг дуурайхыг» итгэл нэгтнүүддээ уриалдаг байсан (1 Коринт 11:1).

7, 8. а) Ахлагчид Есүс Паул хоёрын жишээг дуурайхад сайн үр дүнд хүрдэг нь юунаас харагддаг вэ? б) Туслах үйлчлэгч, ахлагч болох ирээдүйтэй эрчүүдийг ахлагчид хэзээнээс сургаж эхлэх нь зүйтэй вэ?

7 Туршлагатай ахлагчид Есүс Паул нарыг дуурайн, баптисм хүртсэн эрчүүдийг өөрсдийн санаачлагаар сурган, сайн үр дүнд хүрдэг. Чад гэдэг ахын жишээг авч үзье. Шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд өсөж хүмүүжсэн тэрбээр саяхан ахлагчаар томилогджээ. Чад: «Сүүлийн жилүүдэд туршлагатай хэдэн ахлагч намайг сүнслэгээр өсөхөд тусалсан. Аав маань Гэрч биш учраас тэд намайг онцгойлон анхаарч, миний сүнслэг аавууд болцгоосон юм. Их цаг гаргаж байж намайг дэлгэрүүлэх ажлын дөртэй болгосон. Сүүлд нь, нэг ахлагч намайг хуралд хүлээдэг үүргээ биелүүлэхэд тусалдаг байсан» гэж хэлжээ.

8 Чадын туршлагаас харахад, хэрсүү ухаантай хоньчид хурлынхаа чадварлаг эрчүүдийг ирээдүйд туслах үйлчлэгч, ахлагч болох шаардлага хангахад нь туслах зорилгоор эртнээс сургаж эхэлдэг байна. Яагаад гэвэл, туслах үйлчлэгчид болон ахлагчдын аль аль нь томилогдохоосоо өмнө ёс суртахууны болон сүнслэг өндөр хэм хэмжээг баримталж сурсан байхыг Библи тушаадаг. Тэд «эхлээд... шалгагдах» ёстой (1 Тимот 3:1–10).

9. Төлөвшсөн хоньчид ямар үүрэгтэй вэ? Яагаад?

9 Баптисм хүртсэн христиан эрчүүдийг эхлээд сургаад, дараа нь шалгах нь шударга ёсонд нийцнэ. Жишээ нь, сурагч багшаараа заалгаагүй хичээлээр шалгалт өгөөд тэнцэнэ гэж үү? Үгүй л болов уу. Тэгэхлээр, эхлээд заавал зааж сургах хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ, хичээнгүй багш сурагчаа шалгалтад л унахгүй бол боллоо гээд орхилгүй, мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусалдаг. Үүнтэй адилаар, хичээнгүй ахлагчид баптисм хүртсэн эрчүүдийг тусгайлан сургаж, туслах үйлчлэгч, ахлагчаар томилогдсон хүнд байх ёстой чанаруудыг хөгжүүлэхэд нь тусламж дэмжлэг үзүүлдэг. Тэднийг туслах үйлчлэгч, ахлагчаар томилогдоод л болчихолгүй, сүргийг сайн хариулах чадвартай болоосой гэж хүсдэг (2 Тимот 2:2). Баптисм хүртсэн эрчүүд ч дор бүрнээ хичээж мэрийн, хуралд хариуцлагатай хүлээдэг хүмүүст тавигддаг шаардлага хангахыг чармайх ёстой (Тит 1:5–9). Гэхдээ туршлагатай хоньчид тэднийг сайн дураараа сургаж, зохих шаардлагыг илүү хурдан хангахад нь тусалдаг.

10, 11. Ахлагч болон туслах үйлчлэгч болох ирээдүйтэй эрчүүдийг хоньчид хэрхэн сургаж болох вэ?

10 Тэгвэл туршлагатай хоньчид ахлагч болон туслах үйлчлэгч болох ирээдүйтэй эрчүүдийг хэрхэн тусгайлан сургаж болох вэ? Юуны түрүүнд, хурлын ах нарт санаа тавьж, тэдэнтэй хамт тогтмол дэлгэрүүлж, «үнэний үгийг зөв заах» чадвараа дээшлүүлэхэд нь туслах хэрэгтэй (2 Тимот 2:15). Бусдад үйлчлэх хийгээд өмнөө сүнслэг зорилго тавьж, зорилгодоо хүрэхэд хэчнээн сайхан байдгийг төлөвшсөн хоньчид тэдэнд ярьж өгдөг. Түүнээс гадна, «хонин сүрэгтээ үлгэр дуурайл болохын» тулд юугаа, хэрхэн сайжруулж болохыг тухайн хүнд тохируулан, сайхан сэтгэлийн үүднээс зааж зөвлөдөг (1 Петр 5:3, 5).

11 Ухаалаг хоньчид, туслах үйлчлэгч болсон хүнийг ч сургасан хэвээрээ байдаг. Бараг 50 жил ахлагчаар үйлчилж буй Брюс: «Би шинэхэн томилогдсон туслах үйлчлэгчтэй хамт сууж байгаад „итгэмжит, ухаалаг боолын“ өгдөг зааврыг давтан үздэг. Бас тухайн хүний гүйцэтгэх үүрэгт хамаатай бүх заавар зөвлөгөөг хамтдаа уншиж танилцаад, өөрөө учраа олдог болтол нь тусалдаг» гэж хэлжээ. Түүнчлэн, туслах үйлчлэгчийг туршлага суухынх нь хэрээр хоньчны ажлын зах зухаас сургаж болно. «Би туслах үйлчлэгчтэй хамт хоньчны эргэлт хийхээр явахдаа уулзах хүнийнхээ, эсвэл очих айлынхаа хүмүүсийн итгэлийг бэхжүүлж, зүрх сэтгэлд нь хүрэх тохирсон зүйл сонгоход нь тусалдаг. Туслах үйлчлэгч хүний хувьд Библийн зүйлийг ашиглан хүний зүрхэнд хүрэх арга ухаанд суралцах нь сайн хоньчин болоход амин чухал байдаг» гэж Брюс хэлжээ (Еврей 4:12; 5:14).

12. Шинэхэн томилогдсон ахлагчийг туршлагатай ахлагчид хэрхэн сургаж болох вэ?

12 Шинэхэн томилогдсон ахлагчид ч гэсэн байнгын сургалт ихээхэн тустай байдаг. Өгүүллийн эхэнд дурдсан Ник: «Өндөр настай хоёр ахлагч надад зааж зөвлөдөг байсан нь үнэхээр их тус болсон. Шийдэж мэдэхгүй асуудал гэж тэдэнд бараг байдаггүй байсан. Тэд намайг тэвчээртэй, анхааралтай сонсож, надтай санал нийлэхгүй байсан ч, миний саналыг нухацтай авч үздэг байсан юм. Бас итгэл нэгтнүүдээ хүндэтгэн, даруухан харьцдаг нь надад сайхан жишээ болсон. Асуудлыг шийдэхдээ, эсвэл хүний сэтгэлийг сэргээхдээ Библийг чадварлаг ашиглах хэрэгтэй гэж захидаг байсан» хэмээн туршлагаасаа хуваалцжээ.

Бурхны Үг сургадаг

13. а) Сайн хоньчин болоход юу хэрэгтэй вэ? б) Есүс: «Миний сургаал бол Минийх биш» гэж хэлсний учир юу вэ?

13 Хоньчин хүнийг «аливаа сайн үйлд бүрэн бэлтгэхэд» тустай хууль, зарчим, жишээ Бурхны Үг буюу Библид байдаг (2 Тимот 3:16, 17). Христиан эрэгтэй дээд боловсрол эзэмшсэн байж болох юм. Гэхдээ сайн хоньчин болоход, гол нь, Библийн мэдлэг, мэдлэгээ хэрэгжүүлэх чадвар тусалдаг. Есүсийн жишээг авч үзье. Есүс хамгийн их мэдлэгтэй, хамгийн хэрсүү, хамгийн мэргэн ухаантай сүнслэг хоньчин байсан атлаа Еховагийн хонинуудад заахдаа өөрийнхөө мэргэн ухаанд найдаагүй. Тэрбээр: «Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх» хэмээсэн байдаг. Ямар учраас тэгж хэлсэн бэ? Тэрбээр: «Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг» гэж хэлжээ. Тийм ээ, Есүс өөрийгөө бус, тэнгэрийн Эцгээ алдаршуулдаг байсан (Иохан 7:16, 18).

14. Хоньчид өөрсдийгөө алдаршуулахаас зайлсхийдгээ хэрхэн харуулдаг вэ?

14 Еховад үнэнч хоньчид өөрсдийгөө алдаршуулдаггүй. Тэд итгэл нэгтнүүддээ зааж зөвлөхдөө, тэднийг урамшуулан зоригжуулахдаа өөрсдийн мэргэн ухаанд бус, Бурхны Үгэнд тулгуурладаг. Хоньчин хүн сүргийг «Христийн оюун ухаантай» болоход нь туслах үүрэгтэй болохоос бус, хувийн үзлээ заах эрхгүй гэдгээ ойлгодог (1 Коринт 2:14–16). Жишээ нь, амьдрал нь болж бүтэхгүй байгаа хосод нэг ахлагч Библийн зарчим болон «итгэмжит, ухаалаг боолын» зааварт бус, хувийн туршлагадаа үндэслэн зөвлөгөө өгчээ гэж бодъё (Матай 24:45). Зөвлөгөө нь нутгийн ёс заншилд хэт баригдсан, мэдлэг нь хязгаарлагдмал байж болох юм. Мэдээж, ёс заншил болгон буруу биш, бас ахлагч амьдралын туршлага хуримтлуулсан хүн байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ хүний үзэл бодол юм уу нутгийн ёс заншлыг дагалгүй, Есүсийн дуу, Еховагийн үгийг сонсох нь сүрэгт хамгаас илүү тустай (Дуулал 12:6; Сургаалт үгс 3:5, 6).

«Итгэмжит, ухаалаг боол» сургадаг

15. Есүс «итгэмжит, ухаалаг боолд» ямар ажил даалгасан бэ? Боолын анги ажлаа амжилттай хийж байгаагийн нэг шалтгаан юу вэ?

15 Элч Петр Иохан Паул нарын хоньчид бүгдээрээ «итгэмжит, ухаалаг боол» гэж Есүсийн нэрлэсэн бүлэгт багтаж байсан. Энэхүү боолын анги нь Христтэй хамт тэнгэрээс захирах найдвартай, дэлхийд амьдарч буй тослогдсон христиануудаас бүрддэг (Илчлэлт 5:9, 10, МБОХ, 1996 он). Өнөөгийн эцсийн өдрүүдэд тэдний тоо цөөрч байгаа. Гэсэн ч, Есүсийн тэдэнд өгсөн даалгавар буюу төгсгөл болохоос өмнө Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлын хүрээ өргөжин тэлж байна. Тэгвэл боолын анги юуны ачаар ажлаа туйлын амжилттай биелүүлж байна вэ? Тэд «өөр хонинуудын» гишүүдийг сургаж, дэлгэрүүлэх болон заах ажилдаа туслуулдаг нь ажлаа амжилттай хийдгийн нэг шалтгаан юм (Иохан 10:16, ШГ; Матай 24:14; 25:40). Эдүгээ энэ ажлын ихэнх хэсгийг «өөр хонинууд» үнэнчээр гүйцэтгэж байна.

16. Боолын анги хоньчдыг хэрхэн сургадаг вэ?

16 Боолын анги «өөр хонинуудыг» хэрхэн сургадаг вэ? І зуунд боолын ангийн төлөөлөгчид христиан хурлын ахлагч томилж, сургах эрхтэй байсан. Харин ахлагчид хонинуудыг сургадаг байсан (1 Коринт 4:17). Өнөөдөр ч гэсэн, боолын ангийг төлөөлдөг Удирдах зөвлөл буюу тослогдсон ахлагчдын жижиг бүлэг дэлхий даяар зуун мянга орчим хуралд туслах үйлчлэгч болон ахлагч томилж, сургах үүргийг төлөөлөгчдөдөө оноодог. Түүний зэрэгцээ, салбарын хорооны гишүүн, явуулын харгалзагч, ахлагч болон туслах үйлчлэгчдэд зориулан сургалт явуулж, сүргийг сайн хариулах арга ухаанд сургадаг. Бас захиа, «Харуулын цамхаг» сэтгүүлийн өгүүлэл болон «Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага» * гэх мэтийн ном хэвлэлээр дамжуулан заавар зөвлөгөө өгдөг.

17. а) Есүс «итгэмжит, ухаалаг боолдоо» итгэдгээ хэрхэн харуулсан бэ? б) Сүнслэг хоньчид боолын ангид итгэдгээ хэрхэн харуулдаг вэ?

17 Есүс «итгэмжит, ухаалаг боолдоо» үнэхээр итгэдэг учраас «хамаг эзэмшил хөрөнгө» буюу дэлхийд байгаа өөрт харьяалагдах бүх сүнслэг зүйлээ даатгасан (Матай 24:47). Ахлагчид ч бас Удирдах зөвлөлийн заавар зөвлөгөөг хэрэгжүүлэн, боолын ангид итгэдгээ батлан харуулдаг. Тийм ээ, хоньчид бусдыг сургаж, өөрсдөө Бурхны Үгнээс суралцан, боолын ангийн зааж сургасан бүхнийг амьдралдаа хэрэгжүүлэн сүргийн эв нэгдлийг бэхжүүлдэг. Ехова христиан хурлын гишүүн бүрийг халамжлан хариулдаг хоньчдыг сургадагт бид гүнээ талархдаг!

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.

Хэрхэн хариулах вэ?

• Төлөвшсөн хоньчид бусдыг хэрхэн сургадаг вэ?

• Хоньчид хувийн үзэлдээ үндэслэн заадаггүйн учир юу вэ?

• Хоньчид боолын ангид итгэдгийн учир юу вэ? Итгэдгээ хэрхэн харуулдаг вэ?

[Догол мөрийн асуулт]