«Сүрэгтээ үлгэр дуурайл» үзүүлдэг хоньчид
«Сүрэгтээ үлгэр дуурайл» үзүүлдэг хоньчид
«Та нарын дунд байгаа Бурхны хонин сүргийг хариул. ...Сайн дураараа, ...хичээл зүтгэлээр, ...хонин сүрэгтээ үлгэр дуурайл болон хариул» (1 ПЕТР 5:2, 3).
1, 2. а) Есүс элч Петрт ямар хүндтэй үүрэг оноосон бэ? Петр Есүсийн итгэлийг даасан гэж хэлж болохын учир юу вэ? б) Ехова томилсон хоньчдодоо хэрхэн ханддаг вэ?
МЭ 33 ОНЫ Пентекостын өдрөөс хэд хоногийн өмнө Петр болон өөр зургаан шавь Галилын тэнгисийн эрэг дээр Есүсийн хийсэн хоол идэж байлаа. Үүнээс урьд Петр дахин амилсан Есүсийг нэг бус харсан бөгөөд Есүсийг амьд байгаад баярлаж байсан ч бас сэтгэл зовж байсан биз ээ. Учир нь тэрбээр хэдхэн өдрийн өмнө Есүсийг танихгүй мэдэхгүй хэмээн улайм цайм мэлзэж байсан билээ (Лук 22:55–60; 24:34; Иохан 18:25–27; 21:1–14). Есүс гэмшиж шаналсан Петрийг итгэл султай гэж зэмлэсэн үү? Үгүй. Харин ч, «хургануудыг» нь тэжээж, хариулах хүндтэй үүрэг оноосон (Иохан 21:15–17). І зууны христиан хурлын түүхийг Библиэс үзвэл Петр Есүсийн итгэлийг хөсөрдүүлээгүй нь харагддаг. Тэрбээр Иерусалимд байсан бусад элч болон ахлагчийн хамтаар христиан хурлыг харгис хавчлагын үед ч, их хурдтай өргөжин тэлж байх үед нь ч хариулж явжээ (Үйлс 1:15–26; 2:14; 15:6–9).
2 Ехова, Есүс Христээр дамжуулан чадварлаг эрчүүдийг сүнслэг хоньчин буюу ахлагчаар томилж, хүний түүхэнд өмнө нь тохиож байгаагүй өнөөгийн хэцүү цагт хонин сүргээ хариуцуулдаг (Ефес 4:11, 12; 2 Тимот 3:1). Томилогдсон хоньчид Бурхны итгэлийг даадаг болов уу? Дэлхий дахинд христиан ахан дүүсийн барилдлага эв нэгдэлтэй оршин байгаа нь энэ асуултад тодорхой хариу болдог. Тэд Петр шиг алдаж энддэг нь үнэн (Галат 2:11–14; Иаков 3:2). Гэсэн хэдий ч, Ехова тэдэнд итгэл хүлээлгэж, «Өөрийн [Хүүгийн] цусаар Өөртөө худалдаж авсан» сүргээ хариуцуулдаг (Үйлс 20:28). Ехова хоньчдоо их хайрладаг бөгөөд «хоёр дахин хүндэтгэл авах зохистой» гэж үздэг (1 Тимот 5:17).
3. Сүргийг сайн дураараа, хичээл зүтгэлтэй хариулах сэтгэлээ хувиргахгүй байхад нь хоньчдод юу тусалдаг вэ?
3 Сүргийг сайн дураараа, хичээл зүтгэлтэй хариулах сэтгэлээ хувиргалгүй, үлгэр дуурайл үзүүлэхэд нь хоньчдод юу тусалдаг вэ? Тэд Петр болон І зууны бусад хоньчны адилаар, үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай, хүч өгдөг Бурхны ариун сүнсэнд найддаг (2 Коринт 4:7). Түүнээс гадна, ариун сүнсний үр жимс буюу хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэл, дөлгөөн зан, биеэ барих чадварыг хөгжүүлдэг (Галат 5:22, 23). Ахлагчид өөрсдөд нь хариуцуулсан Бурхны сүргийг хариулахдаа эдгээр чанарыг хэрхэн илэрхийлж, үлгэр дуурайл үзүүлдгийг авч үзье.
Сүргийг нийтэд нь болон хонь нэг бүрийг хайрлах нь
4, 5. а) Ехова Есүс хоёр сүргээ хайрладгаа хэрхэн харуулдаг вэ? б) Сүнслэг хоньчид Бурхны сүргийг хайрладгаа хэрхэн харуулдаг вэ?
4 Бурхны сүнсний бий болгодог хамгийн чухал чанар бол хайр билээ. Ехова сүрэгтээ хайртай учраас нийтэд нь сүнслэг хоолоор элбэг дэлбэг хангадаг (Исаиа 65:13, 14; Матай 24:45–47). Түүгээр зогсохгүй, хонь нэг бүрээ «халамжлан» хайрладаг (1 Петр 5:6, 7, ШГ). Есүс ч бас Бурхны сүрэгт хайртай. Тэрбээр хоньдын төлөө амиа өгсөн бөгөөд хонь нэг бүрийг «нэрээр нь дууддаг» (Иохан 10:3, 14–16).
5 Сүнслэг хоньчид Ехова болон Есүсийг дуурайдаг. Тэд Бурхны сүргийг нийтэд нь хайрлаж, заах ажилд «санаа тавьдаг». Ахлагчид сүргийг хамгаалж, тэжээхийн тулд Библид үндэслэсэн үг хэлж, илтгэл тавьдаг бөгөөд энэ ажил нь бүхний нүдэнд ил байдаг (1 Тимот 4:13, 16). Гэхдээ цуглаан болон бусад ажил хэргийг «зохистой, эмх журамтай» явуулахын тулд хурлын бичиг баримт цэгцлэх, бусад хурал болон салбарт илгээх захидал бичиг төлөвлөх, янз бүрийн хуваарь гаргах зэрэг өөр олон нарийн ширийн ажилд чамгүй их цаг зарцуулдаг бөгөөд үүнийг нь хурлын бусад гишүүн тэр бүр анзаардаггүй (1 Коринт 14:40). Ийм их ажил хийдэг ч магтаал сайшаал хүртэх нь ховор байж болох юм. Гэсэн ч, сүргийг хайрладаг сэтгэл нь энэ их хөдөлмөрийнх нь үндэс болдог (Галат 5:13).
6, 7. а) Хонь нэг бүртэй сайн танилцахад тустай ямар арга байдаг вэ? б) Ахлагчидтай сэтгэлээ хуваалцах нь ямар учраас тустай вэ?
6 Халамжит хоньчид хонь нэг бүрийн «ашиг сонирхлыг харахыг» чармайдаг (Филиппой 2:4). Хонь нэг бүртэй сайн танилцах арга бол дэлгэрүүлэх ажилд хамт оролцох явдал юм. Есүс дэлгэрүүлэх ажилд шавь нараа байнга авч явдаг байсан бөгөөд тийн явахдаа тэдэнд урам хайрладаг байв (Лук 8:1). Нэгэн туршлагатай ахлагч: «Хамт дэлгэрүүлэх нь итгэл нэгтэнтэйгээ дотно танилцаж, түүнийг урамшуулах нэг сайн арга болдгийг би ойлгосон» гэж хэлжээ. Хэрэв та ахлагчтай хамт дэлгэрүүлээгүй удаж байгаа бол ойрын үед хамт дэлгэрүүлэхэд болохгүй нь юу билээ?
7 Есүс дагалдагчдадаа хайртай учраас жаргал зовлонг нь хуваалцдаг байсан. Тухайлбал, далан шавь нь дэлгэрүүлээд, баяр хөөртэй буцаж ирэхэд Есүс «үлэмжээр баярладаг» (Лук 10:17–21). Гэхдээ Лазарыг нас барахад Мариа болон хамаатан садан, найз нөхөд нь хэрхэн гашуудаж буйг үзээд «Есүс уйлсан» (Иохан 11:33–35). Өнөөдөр ч гэсэн, халамжит хоньчид хониныхоо жаргал зовлонг хуваалцдаг. Тэд сүрэгт хайртай учраас «баяр хөөр болох» цагт нь «хамт баярлаж», «уйлж буй» цагт нь «хамт уйлдаг» (Ром 12:15). Амьдралд тань жаргал зовлон тохиолдоход хоньчдодоо хэлж болно. Тэд сайн явааг тань мэдвэл баярлана (Ром 1:11, 12). Харин сорилтод орж байгааг тань мэдвэл «урамшуулан, батжуулна» (1 Тесалоник 1:6; 3:1–3).
8, 9. а) Нэг ахлагч эхнэрээ хэрхэн хайрлан халамжилдаг байсан бэ? б) Ар гэрээ хайрлан халамжлах нь хоньчин хүнд хэр зэрэг чухал бэ?
8 Сүргийг хайрладаг хоньчин гэр бүлээ ч бас хайрладаг (1 Тимот 3:1, 4). Эхнэрээ хайрлан хүндэтгэж, бусад нөхрүүдэд үлгэр жишээ үзүүлэх учиртай (Ефес 5:25; 1 Петр 3:7). Линда гэдэг христиан эмэгтэйн нөхөр нас барахаасаа өмнө 20 гаруй жил ахлагчаар үйлчилжээ. Линда: «Нөхөр маань хурлын ажилд үргэлж анхаарал тавьж, зав зай муутай байдаг байсан ч намайг ганцаардуулдаггүй байсан. Өөрийг нь дэмжиж урамшуулдаг гэж намайг үргэлж магтдаг байж билээ. Бас чөлөөт цагаа надтай хамт өнгөрүүлдэг байсан юм. Тиймээс, би хайр халамжийг нь мэдэрч, хурлын үйл хэрэгт их цаг гаргадагт нь дургүйцдэггүй байсан» хэмээн дурсан ярьжээ.
9 Христиан хоньчин хүүхэдтэй бол тэднийгээ халамжлан хүмүүжүүлж, хүчин чармайлтыг нь магтан сайшаан, бусад эцэг эхэд үлгэр жишээ болдог (Ефес 6:4). Үнэндээ, ар гэрээ хайрлан халамжилдаг ахлагч Бурхны ариун сүнсээр томилогдсон хоньчин мөн болохоо баталж, итгэлийг нь даадаг гэдгээ харуулдаг (1 Тимот 3:4, 5).
Санал бодлоо солилцох нь баяр баясгалан хийгээд амар тайвныг хөгжөөдөг
10. а) Христиан хурал юунаас болж амар тайван байдлаа алдаж, баяр баясгалангүй болох аюултай вэ? б) І зууны христиан хуралд аюултай ямар маргаан гарсан бэ? Уг асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
10 Бурхны ариун сүнс христиан хүн нэг бүрийн зүрхэнд, ахлагчдын зөвлөлд, христиан хуралд бүхэлд нь баяр баясгалан, амар тайвныг бий болгодог. Гэтэл чин сэтгэлийн илэн далангүй яриа дутвал амар тайван байдлаа алдаж, баяр баясгалангүй болох аюултай. Эртний Израилийн хаан Соломон: «Илэн далангүй яриа дутвал төлөвлөгөө бүтэлгүйтнэ» гэж хэлжээ (Сургаалт үгс 15:22, ШЕ). Харин бие биеэ харилцан хүндэтгэн, санал бодлоо чөлөөтэй хуваалцах нь баяр баясгалан хийгээд амар тайвныг хөгжөөдөг. Жишээ нь, І зууны христиан хуралд хөвч хөндөх асуудлаар маргаан гарахад Иерусалимд байсан удирдах зөвлөл ариун сүнсний удирдлага хайсны зэрэгцээ уг асуудлаар тус тусын санал бодлоо солилцсон. Нухацтай хэлэлцсэний эцэст санал нэгтэй шийдвэр гаргаж, тэр шийдвэрээ хурлуудад мэдэгдэхэд хурлын гишүүд «урамшуулсан үгэнд нь баярлацгаажээ» (Үйлс 15:6–23, 25, 31; 16:4, 5). Ийнхүү бүгд баяр баясгалантай, амар тайван болсон аж.
11. Ахлагчид хурлын баяр баясгалан хийгээд амар тайвныг хэрхэн хөгжөөдөг вэ?
11 Өнөөдөр ч гэсэн, ахлагчид санал бодлоо чөлөөтэй солилцож, хурал дотроо баяр баясгалан хийгээд амар тайвныг хөгжөөдөг. Хурлын амар тайванд аюул учруулахуйц ямар нэг асуудал гарахад тэд цуглаж, илэн далангүй ярилдцаг. Бие биеэ хүндэтгэн, үгийг нь хүлээцтэй сонсдог (Сургаалт үгс 13:10; 18:13). Ариун сүнсний удирдлага гуйж залбирсныхаа дараа Библийн зарчим болон «итгэмжит, ухаалаг боолын» заавар зөвлөгөөнд үндэслэн шийдвэр гаргадаг (Матай 24:45–47; 1 Коринт 4:6). Ахлагчдын зөвлөл Библид үндэслэсэн шийдвэр нэгэнт гаргасан бол ахлагч болгон өөрийнх нь санал олонхийн дэмжлэг аваагүй байсан ч, тухайн шийдвэрийг дор бүрнээ хүлээн зөвшөөрч, ариун сүнсний удирдлагыг дагадаг. Ийм даруу зан баяр баясгалан, амар тайвныг хөгжөөдгийн зэрэгцээ бусад хонинд Бурхантай хамт алхахын үлгэр жишээ болдог (Мика 6:8). Хурлынхаа ахлагчдын гаргасан Библид үндэслэсэн шийдвэрийг та даруухнаар хүлээж авдаг уу?
Тэвчээртэй бөгөөд энэрэнгүй байгтун
12. Есүс элч нартаа тэвчээртэй, энэргүй хандах хэрэгтэй байсны учир юу вэ?
12 Элч нар нэг бус удаа алдаж эндэж байсан ч Есүс тэдэнд тэвчээртэй, энэрэнгүй ханддаг байв. Жишээ нь, даруу байхын чухлыг олонтаа захидаг байсан (Матай 18:1–4; 20:25–27). Есүс дэлхий дээрх амьдралынхаа сүүлийн үдэш шавь нарынхаа хөлийг угаан, даруу байхын үлгэр жишээ үзүүлсэн. Гэсэн ч удалгүй «тэдний дунд хэн нь хамгийн агуу нь байх талаар... маргаан дэгджээ» (Лук 22:24; Иохан 13:1–5). Есүс тэднийг аашилж загнасан уу? Үгүй ээ. Харин ч: «Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг» хэмээн учирлан хэлжээ (Лук 22:27). Есүс тэвчээртэй, энэрэнгүй хүн байсны зэрэгцээ биеэ үлгэр жишээ авч явдаг байсан нь эцэстээ элч нарынх нь зүрх сэтгэлд хүрсэн билээ.
13, 14. Хоньчид, ялангуяа, ямар үед энэрэнгүй байх ёстой вэ?
13 Дээрхийн адилаар, сүнслэг хоньчин хониндоо сул талынх нь талаар дахин дахин зөвлөгөө өгөх хэрэг гарч, үүнээс болж хоньчин цухалдаж болох юм. Гэхдээ тэр хоньчин «эмх журамгүй хүмүүст сануулж» хэлэхдээ өөрөө ч сул талтай гэдгээ санадаг бол итгэл нэгтэндээ тэвчээртэй, энэрэнгүй хандаж чадна. Тийнхүү бүх христианд, тэр дундаа, хоньчдод тэвчээртэй, энэрэнгүй ханддаг Ехова Есүс хоёрыг дуурайдаг (1 Тесалоник 5:14; Иаков 2:13).
14 Заримдаа хоньчид ноцтой нүгэл үйлдсэн хүнийг хатуу зэмлэх хэрэг гардаг. Гэмшихгүй бол хурлаас хасдаг ёстой (1 Коринт 5:11–13). Гэхдээ тухайн хүнтэй харьцахдаа нүгэлтнийг бус, нүглийг жигшдэгээ харуулах хэрэгтэй (Иуда 23). Хоньчид энэрэнгүй байвал төөрсөн хонь яваандаа сүрэгтээ буцаж ирэхэд дөхөмтэй байж болох юм (Лук 15:11–24).
Бурханд болон амласан бүхэнд нь итгэдэг учраас сайхан сэтгэл гаргадаг
15. Еховагийн сайхан сэтгэлийг хоньчид хэрхэн дуурайж болох вэ? Ямар учраас дуурайдаг вэ?
15 Ехова «бүгдэд сайн» ханддаг, сайхан сэтгэлтэй Бурхан билээ. Өөрсдийнх нь төлөө хийдэг сайн үйлсэд нь талархдаггүй хүмүүст ч сайн ханддаг (Дуулал 145:9; Матай 5:45). Ялангуяа, «Хаанчлалын... [тухай] сайн мэдээ» тунхаглуулахаар ард түмнээ явуулдаг нь сайн сэтгэлийнх нь тодоос тод баталгаа мөн (Матай 24:14). Хоньчид дэлгэрүүлэх ажилд оройлон оролцож, Еховагийн сайхан сэтгэлийг дуурайдаг. Тэд Еховад болон амласан бүхэнд нь бат итгэдэг учраас эцэж цуцахыг үл мэдэн хөдөлмөрлөдөг (Ром 10:10, 13, 14).
16. Хоньчид сүрэгт хэрхэн «сайныг үйлдэж» болох вэ?
16 Хоньчид дэлгэрүүлэх ажилд оролцон, «бүх хүнд... сайныг үйлдэхийн» зэрэгцээ «юуны түрүүнд, итгэлийн гэр бүлийн гишүүдэд» сайныг үйлдэх үүрэг хүлээдэг (Галат 6:10). Энэ үүргээ биелүүлэх нэг арга нь итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулж, хоньчны эргэлт хийх явдал юм. Нэг ахлагч: «Би хоньчны эргэлт хийх дуртай. Эргэлт хийхэд итгэл нэгтнийхээ хүчин чармайлтыг магтан сайшааж, хийдэг бүхэн нь үнэ цэнтэй байдаг гэдгийг ойлгуулах боломж гардаг» гэж хэлжээ. Заримдаа хоньчид хурлынхаа гишүүдэд, яавал илүү үр бүтээлтэй үйлчилж болохыг зааж зөвлөдөг. Ингэхдээ ахлагчид элч Паулын жишээг дуурайдаг. Паул Тесалоник хотын христиануудад хэрхэн хандсаныг авч үзье. Тэрбээр: «Бид та нарт юу тушаана, түүнийг та нар хийж байгаа болон хийх ч болно хэмээн та нарын талаар Эзэн дотор итгэх итгэл бидэнд бий» гэж бичжээ (2 Тесалоник 3:4). Итгэл хүлээлгэдгээ ойлгуулбал хурлын гишүүдэд таатай сэтгэл төрж, зөвлөгөөг тань дуртайяа хүлээн авна. Бас «удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдахад» нь хялбар байх болно (Еврей 13:17). Хоньчны эргэлт хийж, урамшуулан зоригжуулсаных нь төлөө ахлагчдад талархаж болно шүү дээ!
Дөлгөөн байхын тулд биеэ барих хэрэгтэй
17. Петр Есүсээс юунд суралцсан бэ?
17 Есүс өдөөн хатгалгыг ч дөлгөөн зангаар давдаг байжээ (Матай 11:29). Дайсанд баригдаж байхдаа ч дөлгөөн зангаа гээлгүй, биеэ барьж байлаа. Гэтэл түргэн зантай Петр илдээ суглан Багшийгаа хамгаалах гэж оролдоход Есүс: «Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоохон Өөр рүүгээ илгээхээр би Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу?» гэж хэлдэг (Матай 26:51–53; Иохан 18:10). Энэ явдлаас сургамж авсан Петр хожим нь христиануудад: «Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. [...] Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй» хэмээн сануулжээ (1 Петр 2:21–23).
18, 19. а) Ялангуяа, ямар үед хоньчид дөлгөөн байж, биеэ барих хэрэгтэй вэ? б) Дараагийн өгүүллээр ямар ямар асуулт авч үзэх вэ?
18 Есүсийн жишээгээр, сайн хоньчид өөрсдөд нь шударга бус хандахад ч дөлгөөн байдаг. Жишээ нь, хурлын зарим гишүүн заавар зөвлөгөөг нь нааштай хүлээж авахгүй байж болох юм. Сүнслэгээр суларсан юм уу өвдсөн хүн зөвлөгөө авахаас дургүйцэж, тэр байтугай, «илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьж» мэднэ (Сургаалт үгс 12:18). Гэхдээ хоньчид Есүсийг дуурайн, хатуу үг, харгис үйлдлээр өшөө авдаггүй. Харин ч, биеэ барин, «энэрэнгүй» хандвал энэ нь дэмжлэг хэрэгтэй итгэл нэгтэндээ тусалж буй хэрэг болно (1 Петр 3:8, 9). Та ахлагчдын жишээнээс суралцаж, зөвлөгөө авахдаа дөлгөөн байж, биеэ барьдаг уу?
19 Сүргийг нь сайн дураараа хариулдаг олон мянган ахлагчийн хичээнгүй хөдөлмөрийг Ехова Есүс хоёр их үнэлдэг. «Ариун хүмүүст үйлчлэх» үйлсэд ахлагчдад ихээхэн дэмжлэг үзүүлдэг туслах үйлчлэгчдийг Ехова болон түүний Хүү бас их хайрладаг (Еврей 6:10). Тэгвэл баптисм хүртсэн зарим эрэгтэй энэхүү «сайн ажил» хийхийг яагаад «эрмэлздэггүй» юм бол оо? (1 Тимот 3:1). Ехова хоньчноор томилсон хүмүүсээ хэрхэн сургадаг вэ? Дараагийн өгүүллээр эдгээр асуултыг авч үзнэ.
Санаж байна уу?
• Хоньчид сүргийг хайрладгаа хэрхэн харуулж болох вэ?
• Хурлын гишүүд бүгдээрээ баяр баясгалан хийгээд амар тайвныг хэрхэн хөгжөөж болох вэ?
• Хоньчид заавар зөвлөгөө өгөхдөө тэвчээртэй, энэрэнгүй байдгийн учир юу вэ?
• Хоньчид сайхан сэтгэл болон итгэлээ хэрхэн харуулдаг вэ?
[Догол мөрийн асуулт]