Та эсэн мэнд үлдэх бэлтгэлээ базаасан уу?
Та эсэн мэнд үлдэх бэлтгэлээ базаасан уу?
«Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөв шударга байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ хөвөгч авдарт ор» (ЭХЛЭЛ 7:1).
1. Ноагийн үед Ехова хүмүүсийг аврах ямар арга хэмжээ авсан бэ?
НОАГИЙН үед Ехова «бурханлаг бус хүмүүсийн ертөнц дээр үер буулгасан» билээ. Гэсэн хэдий ч хүмүүсийг амьд үлдээх арга хэмжээг ч бас авсан юм (2 Петр 2:5). Жинхэнэ Бурхан маань хүмүүсийг Усан галаваас аврахын тулд хөвөгч авдар барих нарийн зааварчилгааг зөв шударга Ноад өгчээ (Эхлэл 6:14–16). Ноа Еховагийн үнэнч үйлчлэгч байсан тул «Бурхны өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэсэн» байх учиртай. Үнэхээр ч, «тийнхүү үйлджээ». Өнөөдөр амьд яваа маань, зарим талаар, Ноа Бурханд дуулгавартай байсны ач юм (Эхлэл 6:22).
2, 3. а) Тэр үеийн хүмүүс Ноагийн хийж байгаа үйл хэргийг хараад яасан бэ? б) Ноа юунд итгэлтэй байсан учраас хөвөгч авдарт орсон бэ?
2 Хөвөгч авдар барина гэдэг тийм ч амархан ажил биш байлаа. Ноа болон түүний гэрийнхний юу хийж байгааг хараад олон хүн гайхан алмайрч байсан биз ээ. Гэвч тэрхүү авдарт орвол аврагдана гэдэгтээ тэд даанч итгээгүй. Эцэс сүүлдээ, Бурхны тэвчээр барагдаж, ёс бус ертөнцийг устгахад хүрчээ (Эхлэл 6:3; 1 Петр 3:20).
3 Ноаг гэр бүлийнхэнтэйгээ олон арван жил нөр хөдөлмөрлөсний эцэст Ехова түүнд: «Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөв шударга байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ хөвөгч авдарт ор» хэмээн хэлжээ. Ноа Еховагийн үгэнд бат итгэн, «хөвгүүд, эхнэр, бэрүүдтэйгээ хамт... хөвөгч авдартаа орсон». Ехова тэднийг аврахаар авдрын хаалгыг хаажээ. Усан галав юүлэхэд хөвөгч авдар амь аврах найдвартай хэрэгсэл болсон юм (Эхлэл 7:1, 7, 10, 16).
Орчин үе ба Ноагийн үеийн ижил төстэй талууд
4, 5. а) Есүс залран байх үеэ юутай зүйрлэсэн бэ? б) Ноагийн үе ба өнөө үеийн хооронд ижил төстэй ямар талууд байна вэ?
4 «Хүний Хүүгийн залран ирэх [«байх», ШЕ] нь Ноагийн өдрүүдтэй адил байх юм» (Матай 24:37). Есүс ийн хэлэхдээ, өөрийнх нь үл үзэгдэх байдлаар залран байх үе Ноагийн үетэй адилхан байхыг заасан бөгөөд үнэхээр ч тийм байгаа билээ. Ялангуяа, 1919 оноос хойш Ноагийн тунхаглаж байсан мэдээтэй төстэй сэрэмжлүүлгийг бүх үндэстний хүнд тунхаглаж байна. Бүх үндэстний хүмүүсийн хандлага ч ерөнхийдөө, Ноагийн үеийнхтэй адилхан байна.
5 Ехова Усан галавын тусламжтайгаар, «хүчирхийллээр дүүрсэн» ертөнцийн эсрэг арга хэмжээ авсан билээ (Эхлэл 6:13). Харин тэр үед Ноа ба түүний гэр бүлийнхэн хүчирхийллийг цээрлэж, хөвөгч авдар барих ажлаа амар тайван хийж байсан нь хэний ч нүдэнд илхэн байлаа. Өнөө үе ч бас Ноагийнхтай төстэй. Чин сэтгэлтэй хүмүүс «зөв шударга ба хорон муугийн хоорондхыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондхыг дахин ялгадаг болжээ» (Малахи 3:18). Еховагийн Гэрчүүдийн үнэнч шударга зан, сайхан сэтгэл, амар тайван чанар болон нөр хичээл зүтгэл хүмүүсийн гайхал бишрэлийг төрүүлдэг. Мөн энэ сайхан чанарынхаа ачаар Бурхны ард түмэн бүхэлдээ ертөнцийнхнөөс ялгардаг. Гэрчүүд хүчирхийллийн бүхий л хэлбэрээс зайлсхийж, Еховагийн сүнсээр удирдуулдаг. Тийм ч учраас тэд Бурхны ивээлээр амар амгалан амьдарч, зөв замаар явдаг (Исаиа 60:17).
6, 7. а) Ноагийн үеийн хүмүүс юуг ойлгоогүй вэ? Өнөөгийн хүмүүс тэр үеийнхэнтэй юугаараа төстэй вэ? б) Олон нийт Еховагийн Гэрчүүдийг бусдаас өөр гэдгийг хүлээн зөвшөөрдгийг харуулах ямар ямар жишээ байна вэ?
6 Ноа Бурхны дэмжлэгийг авч, удирдлага заавраар нь явж байгааг тэр үеийнхэн ойлгоогүй юм. Тийм ч учраас Ноагийн тунхаглаж байсан мэдээг үл хайхарч, сэрэмжлүүлгийг нь дуулгавартай хүлээж аваагүй. Өнөөдөр байдал ямар байна вэ? Олон хүн Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа, биеэ авч явах байдлыг гайхан шагшдаг боловч ихэнх нь сайн мэдээг анхаарч, Библийн сэрэмжлүүлгийг нухацтай авч үздэггүй. Айл хөршүүд, ажлын хамт олон, хамаатан садангууд нь жинхэнэ христиануудын сайн сайхан зан чанарыг магтан ярьдаг боловч «Даанч тэд Еховагийн Гэрчүүд юм даа!» хэмээн халагладаг. Гэрчүүд Бурхны ариун сүнсээр удирдуулдаг учраас л хайр, амар тайван, энэрэл, сайхан сэтгэл, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал зэрэг чанаруудыг илэрхийлдэг гэдгийг энэ хүмүүс ойлгодоггүй (Галат 5:22–25). Уг нь Гэрчүүдийн дэлгэрүүлдэг мэдээнд итгэхэд тэр л сайхан чанарууд дөхөм болдог баймаар.
7 Нэг жишээ авъя. ОХУ-ын нэг хотод Еховагийн Гэрчүүд Хаанчлалын танхим барьж байжээ. Тэдний нэгтэй ярилцах гэж зориуд саатсан нэг эр: «Ямар сонин юм бэ! Энэ барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийн дунд тамхи татаж, бүдүүлэг үг хэлдэг, согтуу хөлчүү яваа хүн нэг ч харагдахгүй байх юм! Та нар арай Еховагийн Гэрчүүд юм биш биз дээ?» гэж асуужээ. Хариуд нь Гэрч түүнээс: «Биш гэвэл та итгэх үү?» гэж асуутал мөнөөх эр шуудхан л: «Яасан ч үгүй» гэж хариулжээ. Оросын өөр нэг хотод Гэрчүүдийг Хаанчлалын танхимаа барихыг эхнээс нь дуустал ажиглаж байсан хотын дарга үнэхээр их биширчээ. Тэрбээр урьд нь бүх шашныхныг адилхан гэж боддог байсан бол Еховагийн Гэрчүүдийг чин сэтгэлээсээ өөрийгөө золиослох сэтгэлгээ илэрхийлдгийг үйлсээр нь хараад, бодлоо өөрчилжээ. Энэ бол Еховагийн ард түмэн Библийн хэм хэмжээг дагадаггүй хүмүүсээс ялгардгийг харуулах наад захын жишээ юм.
8. Өнөөгийн ёс бус ертөнцийн төгсгөлийг эсэн мэнд давах эсэх маань юунаас шалтгаалах вэ?
8 Усан галаваар устгагдсан «эртний ертөнцийн» эцсийн мөчид Ноа «зөвт байдлыг тунхаглах» даалгаврыг үнэнчээр биелүүлж байсан (2 Петр 2:5). Өнөөгийн эд юмсын тогтолцооны эцсийн өдрүүдэд Еховагийн ард түмэн Бурхныхаа зөв хэм хэмжээг хүмүүст мэдүүлдэг. Мөн ёс бус ертөнцийн төгсгөлийг эсэн мэнд давж, шинэ ертөнцөд орох сайхан боломж байдгийг тунхагладаг (2 Петр 3:9–13). Ноа болон Бурхнаас эмээгч гэр бүлийнхэн нь хөвөгч авдарт орж аврагдсан шиг, өнөөдөр хүмүүсийн аврагдах эсэх нь тэдний итгэл болон Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэгтэй үнэнчээр хамтран ажиллаж буй эсэхээс нь шалтгаална.
Эсэн мэнд үлдэхэд итгэл амин чухал
9, 10. Сатаны тогтолцооны төгсгөлөөр амьд үлдэхэд итгэл яагаад амин чухал бэ?
9 Сатаны эрхшээлд байдаг өнөөгийн ертөнцийн сүйрлийг эсэн мэнд давъя гэвэл хүн юу хийх ёстой вэ? (1 Иохан 5:19) Юуны түрүүнд, хамгаалалт хэрэгтэй гэдгийг ойлгох ёстой. Дараа нь, тэр хамгаалалтад орох шаардлагатай. Ноагийн үеийн хүмүүс өдөр тутмын амьдралдаа түүртсээр, заналхийлж буй аюулаас хамгаалагдах хэрэгтэйгээ ухаараагүй. Тэдэнд бас нэг юм дутагдаж байсан. Энэ бол Бурханд итгэх итгэл юм.
10 Харин Ноа болон түүний гэрийнхэн аврагдахын тулд хамгаалалт хэрэгтэйг ойлгож байсан. Мөн Орчлонт ертөнцийн Эзэн Ехова Бурханд итгэж байсан. Элч Паул: «Итгэлгүйгээр [Еховад] таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан руу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Итгэлээр Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө хөвөгч авдрыг сүсэглэн бэлдсэн бөгөөд тэр түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ» хэмээн бичсэн байдаг (Еврей 11:6, 7).
11. Эрт үед Ехова ард түмнээ хамгаалж байснаас бид ямар сургамж авах вэ?
11 Өнөөгийн ёс бус тогтолцооны төгсгөлийг эсэн мэнд давъя гэвэл ертөнц устгагдана гэдэгт итгэхээс илүү зүйлийг хийх шаардлагатай. Биднийг эсэн мэнд үлдээхийн тулд авдаг Бурхны арга хэмжээг бүрэн дүүрэн ашиглаж, итгэлээ харуулах ёстой. Үүний тулд Бурхны Хүү Есүс Христийн золих тахилд итгэдгээ харуулах хэрэгтэй нь мэдээжийн хэрэг (Иохан 3:16, 36). Гэхдээ бид, хөвөгч авдар дотор байсан хүмүүс л Усан галаваар эсэн мэнд үлдсэнийг мартаж болохгүй. Эртний Израильд ч бас санамсаргүй хүн алсан хүн хоргодох хот руу зугтаж очоод, тэргүүн тахилчийг нас бартал тэндээ үлдвэл хамгаалагддаг байжээ (Тооллого 35:11—32). Мосегийн үед Египетэд учирсан арав дахь гамшгаар египетчүүдийн ууган төрөгсөд алагдсан бол израильчуудынх амьд үлддэг. Яагаад тэр вэ? Ехова Мосед тушааж: «Тэд [израильчууд] бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хаалганы баруун зүүн хатавчинд ба тотгонд цуснаас нь нялах ёстой. ... Өглөө болтол нэг ч хүн өөрийн гэрийн хаалганы гадна бүү гар» хэмээн айлджээ (Египетээс гарсан нь 12:7, 22). Хаалганы хоёр хатавч болон тотгонд нь цус нялсан гэрээс гарч болохгүй хэмээн Бурхны өгсөн зааврыг үл тоомсорлож зүрхлэх хүн израильчуудын дундаас гарах байсан гэж үү?
12. Хүн бүр өөрөөсөө ямар асуулт асуух хэрэгтэй вэ? Яагаад?
12 Тэгэхлээр, бид Еховагийн сүнслэг хамгаалалтад үнэхээр байж чадаж байна уу гэдгээ дор бүрнээ сайтар бодож үзэх хэрэгтэй байна. Тэрхүү хамгаалалтад орсон хүмүүс агуу их гай гамшиг болоход баярлаж, талархсандаа нулимс унагаж байхад бусад нь харуусан, гашуудсандаа уйлах болно шүү дээ.
Бэлтгэлээ базаахад боловсронгуй зохион байгуулалт тусалдаг
13. а) Зохион байгуулалтыг боловсронгуй болгосноор ямар үр дүнд хүрсэн бэ? б) Зохион байгуулалтын хувьд боловсронгуй болсон жишээ дурдана уу.
13 Ехова байгууллагынхаа дэлхий дэх хэсэгт зохион байгуулалтаа боловсронгуй болгож байна. Үүний ачаар, биднийг сүнслэгээр хамгаалахаар авсан арга хэмжээ нь улам сайжирч, тогтворжиж, бэхэжсэн юм. 1870-аад оноос 1932 он хүртэл ахлагчид болон тэдний туслахуудыг хурлын гишүүдийн саналаар сонгодог байв. 1932 онд ахлагч сонгох журмыг халж, үйлчлэлийн удирдагчид туслуулахаар үйлчлэлийн хороог хурлаас сонгодог болжээ. 1938 онд хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг бүх үйлчлэгчийг теократ журмаар томилох арга хэмжээ авчээ. Еховагийн Гэрчүүдийн Удирдах зөвлөлийн заавраар, 1972 оноос эхлэн, хурлууд Библийн шаардлага хангасан хүнийг харгалзагч, туслах үйлчлэгчдэд нэр дэвшүүлж, тэр дагуу Удирдах зөвлөлөөс томилдог болсон. Ийнхүү цагийн аясаар, Удирдах зөвлөлийн үүрэг нэмэгдэж, ажлаа хөнгөвчлөх зорилгоор тодорхой өөрчлөлтүүд хийсэн байна.
14. 1959 онд сургалтын ямар хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бэ?
14 «Та нарын эцэг өвгөдийн байранд хөвгүүд тань байна. Та тэднийг бүх дэлхийд хаад [«ноёд», ШЕ] болгоно» хэмээн бичсэн Дуулал 45:16-г нарийн судалсны дүнд 1950 оноос одоогийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Өнөөдөр хурал удирдаж байгаа ахлагчид Бурхны өгсөн даалгаврыг одоо болон Хармагедоны дараах үед биелүүлэхэд суралцаж байна (Илчлэлт 16:14, 16). 1959 онд Хаанчлалын Үйлчлэлийн сургууль анх үүдээ нээжээ. Тэр үед, гол нь, хурлын үйлчлэгчид буюу одоогийн тэргүүн харгалзагчдад зориулсан сарын хугацаатай сургалт явуулдаг байжээ. Одоо энэ сургууль үйл ажиллагаагаа өргөжүүлж, бүх ахлагч, туслах үйлчлэгчид зориулсан сургалт явуулдаг болсон. Тэд сургалтад хамрагдсаныхаа дараа хурлынхаа гишүүдийг сургах ажлыг удирддаг. Үүний ачаар, хурлын гишүүд сүнслэг тусламж авч, Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах ажлаа илүү үр ашигтай хийхэд суралцдаг (Марк 13:10).
15. Христиан хурлын цэвэр байдлыг хамгаалдаг хоёр арга юу вэ?
15 Христиан хуралд багтахыг хүсэж байгаа хүмүүс тодорхой шаардлагуудыг хангах ёстой байдаг. Ноагийн үеийн «элэглэн дооглогчдыг» хөвөгч авдарт оруулаагүй шиг, орчин үед тийм хүмүүсийг христиан хурлын гишүүн болгодоггүй (2 Петр 3:3–7). Түүнчлэн, хурлын цэвэр байдлыг хадгалах үүднээс үл гэмшигч нүгэлтнүүдийг хурлаас хасдаг. Энэ арга хэмжээг Еховагийн Гэрчүүд, ялангуяа 1952 оноос илүү сайн ойлгон, дэмжих болжээ. Гэхдээ чин сэтгэлээсээ гэмшсэн хүмүүст «өөрсдийн хөлд зориулж шулуун зам тавихад» нь хайрын үүднээс тусалдаг нь ойлгомжтой (Еврей 12:12, 13; Сургаалт үгс 28:13; Галат 6:1).
16. Еховагийн ард түмний сүнслэг байдал ямар байна вэ?
16 Еховагийн ард түмэн сүнслэгээр хөгжин цэцэглэж байгаа нь санамсаргүй хэрэг биш ээ. Ехова: «Үзэгтүн, Миний зарц нар идэх боловч, та нар өлсөнө. Үзэгтүн, Миний зарц нар уух боловч, та нар цангана. Үзэгтүн, Миний зарц нар баясах боловч, та нар ичнэ. Үзэгтүн, Миний зарц нар хөөртэй зүрхээр, баяр хөөртэйгөөр хашхирах боловч, та нар хүнд зүрхтэй орилж, цөхөрсөн сүнстэй уйлах болно» хэмээн Исаиа зөнчөөр хэлүүлжээ (Исаиа 65:13, 14). Ехова биднийг сүнслэгээр хүчтэй байлгадаг шим тэжээлтэй сүнслэг хоолыг цаг цагт нь элбэг дэлбэг өгсөөр байна (Матай 24:45).
Эсэн мэнд үлдэх бэлтгэлээ базаагтун
17. Эсэн мэнд үлдэх бэлтгэлээ базаахад юу туслах вэ?
17 Одоо, «хайр болон сайн үйлсэд бие биеэ хэрхэн хөхүүлэн урамшуулахыг бодож, зарим хүмүүсийн зуршил шиг хамтран цуглахаа умартахгүй» байцгаая гэсэн уриалгыг хэзээ хэзээнээс илүү анхаарах цаг болжээ (Еврей 10:23–25). Еховагийн Гэрчүүдийн 98000 гаруй хурлын аль нэгэнтэй дотно харьцаатай байж, идэвхтэй хамтран ажиллавал эсэн мэнд үлдэх бэлтгэлээ базааж чадна. «Шинэ хүнийг өмсөхийг» хичээж, Еховагийн аврах арга хэмжээг хүмүүст танин мэдүүлэхийг чин сэтгэлээсээ мэрийвэл итгэл нэгтнүүд маань биднийг дэмжинэ (Ефес 4:22–24; Колоссай 3:9, 10; 1 Тимот 4:16).
18. Та ямар учраас христиан хуралтайгаа ойр байх шийдвэр төгс байдаг вэ?
18 Сатан болон түүний ёс бус ертөнц биднийг христиан хурлаас урхидан холдуулахыг асар их хүсдэг. Гэсэн ч бид хуралдаа үлдэж, өнөөгийн ёс бус тогтолцооны төгсгөлийг эсэн мэнд давж чадна. Еховаг хайрлах хайр болон түүний хайрын арга хэмжээнд талархах сэтгэл маань биднийг Сатаны алив оролдлогыг урьдынхаасаа илүү хүчтэй эсэргүүцэх шийдвэр төгс болгох болтугай. Одоо ямар ямар ивээл хүртдэгээ эргэцүүлэн бодвол шийдвэр маань улам батажна. Зарим ивээлийн талаар дараагийн өгүүллээр ярилцъя.
Та юу гэж хариулах вэ?
• Өнөө үе Ноагийн үетэй юугаараа төстэй вэ?
• Эсэн мэнд үлдэхэд ямар чанар амин чухал үүрэгтэй вэ?
• Ямар ямар боловсронгуй зохион байгуулалтын ачаар Еховагийн биднийг хамгаалахаар авсан арга хэмжээ бэхжиж байна вэ?
• Эсэн мэнд үлдэх бэлтгэлээ хүн бүр хэрхэн базааж болох вэ?
[Догол мөрийн асуулт]