Хаан Христэд үнэнчээр үйлчлэгтүн
Хаан Христэд үнэнчээр үйлчлэгтүн
«Түүнд эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж, бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв» (ДАНИЕЛ 7:14).
1, 2. Христ МЭ 33 оноос хааны бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээгүй гэдгийг бид хаанаас мэддэг вэ?
ХАРЬЯАТ АЛБАТУУДЫНХАА төлөө амиа өгөөд, дахин амилж, хааны сэнтийд заларсан нэгэн хэн бэ? Дэлхийд амьдарч байхдаа албатуудынхаа итгэлийг олж, өөрт нь үнэнч байх хүслийг бадраасан, эдүгээ тэнгэрээс захирч байгаа хаан хэн бэ? Энэ бүхнийг болон өөр олон зүйлийг хийсэн нэгэн бол Есүс Христ билээ (Лук 1:32, 33). Христийг үхэж, дахин амилаад, тэнгэр өөд одсоных нь дараа МЭ 33 оны Пентекостын өдөр Бурхан түүнийг «чуулганы төлөө бүх юмны дээрх Тэргүүн болгожээ» (Ефес 1:20–22; Үйлс 2:32–36). Тэр үеэс Христ захирч эхэлсэн ч, хааны бүрэн эрхээ хараахан хэрэгжүүлээгүй. Анхны харьяат албатууд нь «Бурхны Израиль» буюу сүнслэг Израилийг бүрдүүлдэг тослогдсон христианууд байсан (Галат 6:16; Колоссай 1:13).
2 МЭ 33 оны Пентекостын өдрөөс хойш бараг 30 жилийн дараа элч Паул Христийг хааны бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээгүй байсныг батлан: «Бурхны баруун гарт заларсан бөгөөд Өөрийнх нь дайснуудыг хөлийнх нь гишгүүр болгох хүртэл тэр үеэс хойш хүлээж байна» хэмээн бичжээ (Еврей 10:12, 13). Дараа нь, МЭ І зууны эцсээр элч Иохан орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова, Есүс Христийг шинэхэн тогтсон тэнгэрийн Хаанчлалын хаанаар өргөмжилж буйг үзэгдлээр үзжээ (Илчлэлт 11:15; 12:1–5). Түүхийн өндөрлөгөөс эргэн харахад Есүс Христ 1914 онд тэнгэрт Хаанаар захирч эхэлсэн нь хөдөлгөөнгүй батлагддаг. *
3. а) 1914 оноос хойш Хаанчлалын тухай сайн мэдээ ямар гүнзгий агуулгатай болсон бэ? б) Бид өөрсдөдөө ямар асуулт тавих хэрэгтэй вэ?
3 Тийм ээ, 1914 оноос хойш Хаанчлалын тухай сайн мэдээ илүү гүнзгий агуулгатай болсон. Юу гэвэл, Христ «дайснуудынхаа дунд» байсан хэдий ч Бурхны тэнгэрийн Хаанчлалын хаанаар захирч эхэлсэн (Дуулал 110:1, 2; Матай 24:14; Илчлэлт 12:7–12). Түүнээс гадна, үнэнч албатууд нь Христийн шавь бэлдэх ажлыг дэлхий даяар урьд хожид байгаагүй өргөн цар хүрээтэй явуулан, эрх мэдэлд нь чин сэтгэлээсээ захирагддагаа харуулж байна (Даниел 7:13, 14; Матай 28:18). «Хаанчлалын хөвгүүд» болох сүнсээр тослогдсон христианууд «Христийн төлөө элчин сайдаар» үйлчилж, улам бүр өсөн нэмэгдэж буй «өөр хонинууд» буюу Бурхны Хаанчлалын төлөөлөгчдийн үнэнч дэмжлэгийг авч байна (Матай 13:38; 2 Коринт 5:20; Иохан 10:16, ШГ). Тийм боловч, бид дор бүрнээ: «Би Христэд гуйвшгүй үнэнч байдаг бил үү? Тэнгэрээс захирч буй Хаанд үнэнч байдгаа хэрхэн харуулах вэ?» гэж асуун, Христийн эрх мэдлийг үнэхээр хүлээн зөвшөөрдөг эсэхээ магадлах хэрэгтэй. Гэхдээ эхлээд, Христэд үнэнч байх ёстойн учрыг ярилцъя.
Хаандаа үнэнч байхыг өөрийн эрхгүй хүсдэг нь
4. Ирээдүйн Хаан Есүс дэлхий дээр байхдаа юу хийсэн бэ?
4 Бид Есүсийн хийсэн бүхэнд талархаж, гайхамшигтай сайхан чанаруудыг нь биширдэг тул түүнд үнэнч байхыг хүсдэг (1 Петр 1:8). Есүс Бурхны товлосон цагт хааны бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхлээрээ нийт хүн төрөлхтний төлөө юу хийхээ дэлхий дээр байхдаа бага хэмжээгээр харуулсан. Өлсгөлөн хүмүүсийг хооллож, хараагүй, сонсголгүй, хэлгүй, тахир дутуу, өвчтэй хүмүүсийг эдгээсэн төдийгүй нас барагсдыг амилуулж байв (Матай 15:30, 31; Лук 7:11–16; Иохан 6:5–13). Түүний зэрэгцээ, Есүс олон сайхан чанар илэрхийлж, ялангуяа, өөрийгөө золиослон бусдыг хайрлаж, ирээдүйд ямар захирагч байхаа харуулсан (Марк 1:40–45). Энэ тухай алдарт жанжин Наполеон Бонапарт: «[Македоны] Александр, [Юлий] Цезарь, Их Карл болон миний бие эзэнт гүрнүүдийг байгуулсан. Гэхдээ бид энэ агуу үйлийг хүчинд дулдуйдан хийсэн юм. Харин Есүс Христ л ганцаараа хаант улсаа хайранд үндэслэн байгуулсан. Өнөөдөр ч гэсэн, сая сая хүн түүний төлөө амиа өгөхөд бэлэн байна» хэмээсэн гэдэг.
5. Хүмүүс Есүст татагддаг байсны учир юу вэ?
5 Есүс «дөлгөөн ааштай бөгөөд зүрхэндээ даруухан» байсан учраас «нөр их хөдөлмөрлөдөг болон ачаа үүрсэн» хүмүүсийг сургаал номлол, зан чанараараа «сэргээдэг» байв (Матай 11:28–30, ШЕ). Хүүхэд багачууд ч Есүстэй хамт байх дуртай байлаа. Даруу зантай, гярхай эрчүүд сайн дураараа шавь нь болдог байв (Матай 4:18–22; Марк 10:13–16). Бусдыг халамжилж, хүндэтгэдэг байсанд нь олон эмэгтэй татагдан, Есүсийг үнэнчээр дагадаг болжээ. Тэдний зарим нь цаг зав, эд хөрөнгөө харамгүй зориулж, Есүсийг Бурханд үйлчлэх ажлаа санаа зовох юмгүй хийхэд тус нэмэр болсон билээ (Лук 8:1–3).
6. Лазарыг нас барахад Есүсийн ямар чанар харагдсан бэ?
6 Есүс дотнын анд Лазараа нас барахад их уян зөөлөн хүн гэдгээ харуулсан. Мариа Марта хоёрын эмгэнэн гашуудахыг үзээд Есүс «гүнээ шаналж, ...уйлав». Есүс Лазарыг удахгүй амилуулахаа мэдэж байсан хэрнээ зүрхнийхээ гүнээс гашуудан шаналж байлаа. Тэрбээр хайр, өрөвч сэтгэлдээ хөтлөгдөн, Бурхны өгсөн хүчээр Лазарыг дахин амилуулсан (Иохан 11:11–15, 33–35, 38–44).
7. Есүст үнэнч байх хүсэл өөрийн эрхгүй төрдгийн учир юу вэ? (14-р хуудасны хавсралт үзнэ үү.)
7 Есүс зөвийг эрхэмлэн хайрлаж, хоёр нүүр гаргах болон шударга бус явдлыг үзэн яддаг байсан нь үнэхээр биширмээр. Эр зориг гарган, шунахай худалдаачдыг хөөж, сүмийг хоёр ч удаа цэвэрлэж байсан (Матай 21:12, 13; Иохан 2:14–17). Түүнээс гадна, дэлхийд амьдарч байхдаа элдвийн сорилт бэрхшээлийг биеэрээ үзсэн учраас бидний зовлонг сайн ойлгодог (Еврей 5:7—9). Бас үзэн ядалт, шударга бус явдлын золиос болох гэж юу байдгийг мэддэг болсон (Иохан 5:15–18; 11:53, 54; 18:38–19:16). Эцэст нь, Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлж, харьяат албатуудаа мөнхийн амьтай болгохын тулд айж хулчийхгүйгээр тарчилж үхсэн (Иохан 3:16). Ийм сайхан чанаруудыг нь бодож үзэхлээр Есүст ямагт үнэнч үйлчлэх хүсэл өөрийн эрхгүй төрдөг (Еврей 13:8; Илчлэлт 5:6–10). Гэхдээ Христийн харьяат албат байхын тулд ямар шаардлага хангах хэрэгтэй вэ?
Христийн харьяат албат байх шаардлагыг хангах нь
8. Христийн харьяат албат ямар шаардлага хангах ёстой вэ?
8 Жишээ татъя. Өөр улсын иргэн болох гэж буй хүн тодорхой шаардлага хангах ёстой нь ойлгомжтой. Ёс суртахууны хүмүүжил сайтай, бие эрүүл байх шаардлагатай байж болох юм. Үүнтэй адилаар, Христийн харьяат албат болохын тулд ёс суртахууны өндөр хэм хэмжээ сахиж, сүнслэгээр эрүүл байх ёстой (1 Коринт 6:9–11; Галат 5:19–23).
9. Христэд үнэнч байдгаа хэрхэн харуулах вэ?
9 Есүс өөрт нь болон Хаанчлалд нь үнэнч байхыг албатуудаасаа шаардах эрхтэй. Тэд ч үнэнч гэдгээ батлан, Хааныхаа заасан сургаалын дагуу амьдардаг. Жишээ нь, тэд Хаанчлалын үйл хэрэг болон Бурхны хүсэл тааллыг эд баялгаас дээгүүрт тавьдаг (Матай 6:31–34). Түүнээс гадна, хамгийн хүнд сорилтод орохдоо ч Христийн зан чанарыг дуурайхыг чармайдаг. Бас үлгэр жишээг нь дагаж, санаачилга гарган бусдад сайныг үйлддэг (Матай 7:12; Иохан 13:3–17).
10. а) Христэд үнэнч байдаг хүн гэрийнхэнтэйгээ хэрхэн харьцдаг вэ? б) Итгэл нэгтнүүддээ хэрхэн ханддаг вэ?
10 Есүст үнэнчээ харуулах бас нэг арга бол гэрийнхэнтэйгээ харьцахдаа зан чанарыг нь дуурайх явдал юм. Жишээ нь, нөхөр хүн эхнэр болон үр хүүхдэдээ Христийн жишээгээр хандах нь тэнгэрийн Хаандаа үнэнч байдгаа харуулж буй хэрэг юм (Ефес 5:25, 28–30; 6:4; 1 Петр 3:7). Эхнэр хүн «журамт байдлыг» сахиж, «дөлгөөн болон даруу» байж, Христэд үнэнчээ илтгэн харуулдаг (1 Петр 3:1–4; Ефес 5:22–24). Эцэг эх нь төгс бус хүмүүс байсан ч гэлээ, Есүс тэдэнд дуулгавартай байсан. Хүүхдүүд ч мөн адил Есүсийн жишээг дуурайн, эцэг эхийнхээ үгэнд ордог бол Христэд үнэнч байдаг гэсэн үг (Лук 2:51, 52; Ефес 6:1). Христийн харьяат албатууд итгэл нэгтнүүддээ «энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг» хандахыг чармайдаг нь түүнийг үнэнчээр дуурайдгийн шинж юм. Тэд Христийн адилаар, «даруу байн... мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахгүй» байхыг хичээдэг (1 Петр 3:8, 9; 1 Коринт 11:1).
Хааныхаа хуульд захирагддаг албатууд
11. Христийн харьяат албатууд ямар ямар хуульд захирагддаг вэ?
11 Өөр орны иргэн болох гэж байгаа хүн тухайн орны хуульд захирагддаг шиг Христийн харьяат албатууд Хааныхаа заасан, тушаасан бүхэнд амьдралаа нийцүүлэн, «Христийн хуульд» захирагддаг (Галат 6:2). Ялангуяа, хайрын «хаан хуулийг» үнэнчээр сахидаг (Иаков 2:8). Эдгээр хуульд юу юу ордог вэ?
12, 13. Бид «Христийн хуулийг» хэрхэн үнэнчээр сахидаг вэ?
12 Христийн харьяат албатууд төгс бус, сул талтай хүмүүс гэдэг нь үнэн (Ром 3:23). Тиймээс, «чин сэтгэлээсээ ах дүүсээ хайрлахын тулд» «зүрх сэтгэлийн халуун хайрыг» хөгжүүлдэг байх хэрэгтэй (1 Петр 1:22). «Хэрэв хэн нэгэнд [нь] нөгөөгийнх [нь] эсрэг гомдол байвал» «нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучлан», Христийн хуулийг үнэнчээр мөрдөх шаардлагатай. Энэ хуулийг сахих нь бусдынхаа төгс бусыг дөвийлгөлгүй, бие биеэ хайрлахад тусалдаг. Хайрын сэтгэлтэй Хаандаа үнэнчээр захирагдан, «эв нэгдлийн төгс холбоос» болсон «хайрыг өмсдөг» хүмүүстэй хамт байдгаа та үнэлдэг үү? (Колоссай 3:13, 14).
13 Түүнээс гадна, Есүс жирийн хүмүүсийн бие биеэ хайрладаг хайраас илүү агуу хайрыг үлгэрлэн үзүүлснээ тайлбарласан (Иохан 13:34, 35). Хэрэв бид өөрсдийг маань хайрладаг хүмүүсийг л хайрладаг бол «бусдаас илүү юм хийж байгаа» хэрэг биш ээ. Ийм хайрыг дутуу гэхээс өөр аргагүй. Өөрсдийг нь үзэн ядаж, хавчдаг дайснуудаа хүртэл хайрлаж, Эцгийнх нь хайрыг дуурайхыг Есүс шавь нартаа уриалсан (Матай 5:46–48). Зарчимд тулгуурладаг тийм хайрын ачаар Хаанчлалын харьяат албатууд гол ажлаа үнэнчээр хийдэг. Тэр нь ямар ажил вэ?
Хаандаа үнэнч байдаг эсэх нь соригддог
14. Дэлгэрүүлэх ажил хийх нь ямар учраас туйлын чухал бэ?
14 Бурхны Хаанчлалын харьяат албатууд «Бурхны хаанчлалын тухай гэрчлэх» чухал ажил хийдэг (Үйлс 28:23). Мессиагийн Хаанчлал Еховагийн эрх мэдлийг зөвтгөх учраас энэ Хаанчлалын тухай гэрчлэх нь амин чухал юм (1 Коринт 15:24–28). Бидний хүргэдэг мэдээг хүлээж авсан хүмүүст Бурхны Хаанчлалын харьяат албат болох боломж олддог. Түүнээс гадна, сайн мэдээг хэрхэн хүлээж авч байгаад нь үндэслэн Хаан Христ хүмүүсийг шүүнэ (Матай 24:14; 2 Тесалоник 1:6–10). Тиймээс, Христэд үнэнчээ харуулах гол арга бол хүмүүст Хаанчлалын тухай гэрчлэх тушаалыг нь биелүүлэх явдал мөн (Матай 28:18–20).
15. Христианууд Хаандаа үнэнч байхын тулд сорилтод ордгийн учир юу вэ?
15 Сатан дэлгэрүүлэх ажлыг хамаг хүчээрээ эсэргүүцэж, улс орнуудын удирдагчид Христийн Бурхнаас авсан эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүйг бид мэддэг (Дуулал 2:1–3, 6–8). Есүс ч шавь нартаа: «Боол эзнээсээ илүү агуу биш... Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно» гэж анхааруулан хэлсэн (Иохан 15:20). Тиймээс, Христийн дагалдагчид үнэнч байдлыг нь сорьдог сүнслэг дайнд оролцох ёстой болдог (2 Коринт 10:3–5; Ефес 6:10–12).
16. Бурхны Хаанчлалын албатууд «Бурхны юмыг Бурханд» хэрхэн «өгдөг» вэ?
16 Гэхдээ Бурхны Хаанчлалын албатууд үл үзэгдэх Хаандаа үнэнч байхын зэрэгцээ төр засгийн эрх мэдлийг хүндэтгэдэг (Тит 3:1, 2). Есүс: «Цезарийн юмыг Цезарьт өг. Бурхны юмыг Бурханд өг» гэж айлдсан билээ (Марк 12:13–17). Тиймээс, Бурхны хуультай зөрчилддөггүй, төр засгийн хуулийг Христийн харьяат албатууд сахин мөрддөг (Ром 13:1–7). Иудейн Дээд шүүх Бурхны хуулийг үл тоомсорлон, Есүсийн шавь нарт дэлгэрүүлэхээ болихыг тушаахад тэд: «Бид хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах ёстой» хэмээн эрс шийдэмгий боловч хүндэтгэлтэйгээр хэлсэн (Үйлс 1:8; 5:27–32).
17. Үнэнч байдлын сорилтод орохдоо зоригтой байдгийн учир юу вэ?
17 Хавчлагатай тулгарсан ч Хаандаа үнэнч байхын тулд Христийн албатууд зоригтой байх учиртай. Гэхдээ Есүс: «Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ! Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа» хэмээсэн (Матай 5:11, 12). Христийн эртний шавь нар энэ үгийн үнэнийг биеэрээ үзсэн. Дэлгэрүүлэх ажлаа зогсоогоогүйгээс болж ташуурдуулж байсан ч Есүсийн «нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж үзэгдэх болсондоо баярлалдан, ...өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв» (Үйлс 5:41, 42). Амьдралын хатуу хүтүү, өвчин эмгэг, хагацал зовлон, хавчлага эсэргүүцлийг тэвчин, Христэд үнэнч байхыг хичээж яваа та ч бас магтаал хүлээх эрхтэй (Ром 5:3–5; Еврей 13:6).
18. Понти Пилатад хэлсэн Есүсийн үг юу харуулдаг вэ?
18 Есүс дэлхий дээр байхдаа Ромын амбан захирагч Понти Пилатад: «Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ. Хэрэв Миний хаанчлал энэ ертөнцийнх байсан бол Намайг иудейчүүдийн гарт өгөхгүйн тулд Миний зарц нар тэмцэх байсан. Харин одоо Миний хаанчлал эндхийнх биш» хэмээн тайлбарласан (Иохан 18:36). Тийм учраас, тэнгэрийн Хаанчлалын албатууд хэний ч эсрэг зэр зэвсэг агсдаггүй бөгөөд сөргөлдөгч талуудын алийг нь ч дэмждэггүй. «Энхийн Жононд» үнэнч байдаг учраас энэ ертөнцийн улс төрийн асуудалд төвийг сахих байр суурийг чанд сахидаг (Исаиа 2:2–4; 9:6, 7).
Христийн үнэнч албатуудын хүртэх шагнал
19. Христийн албатууд ирээдүйгээ итгэлтэй хардгийн учир юу вэ?
19 «Хаадын хаан» Христийн үнэнч албатууд ирээдүйг итгэлтэйгээр хардаг. Тэд Хааныхаа ер бусын хүчээ үзүүлэх цагийг тэсэн ядан хүлээдэг (Илчлэлт 19:11—20:3; Матай 24:30). Сүнсээр тослогдсон, «хаанчлалын хөвгүүдээс» үлдэгсэд хаан болж, Христтэй хамт тэнгэрээс захирах хосгүй өвөө эзэмших хүслэн болж байдаг (Матай 13:38; Лук 12:32). «Өөр хонинууд» Хаандаа үнэнч үйлчлэн, Хааныхаа: «Миний Эцгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг [буюу Хаанчлалын удирдлага дорх диваажин дэлхийг] өвлөн авсугай» гэж таалан хэлэх тэр цагийг хүлээдэг (Иохан 10:16, ШГ; Матай 25:34). Хаанчлалын харьяат албатууд аа, бүгдээрээ Хаан Христэд үнэнч үйлчлэх шийдвэр төгс байцгаая!
[Зүүлт]
^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номын 95—97-р хуудаснаас «Есүс засаглалаа хэзээ эхлэх вэ?» гарчигтай материал үзнэ үү.
Тайлбарлана уу
• Өөрт нь үнэнч байх хүслийг Христ бидэнд яаж төрүүлдэг вэ?
• Харьяат албатууд нь Христэд үнэнч байдгаа хэрхэн харуулдаг вэ?
• Хаан Христэд үнэнч байхыг мэрийдгийн маань учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]
[13-р хуудасны хавсралт]
ХРИСТИЙН ОНЦГОЙ ЧАНАРУУД
Алаг үздэггүй (Иохан 4:7–30).
Өрөвч (Матай 9:35–38; 12:18–21; Марк 6:30–34; Еврей 4:15, 16).
Өөрийгөө золиослон, бусдыг хайрладаг (Иохан 13:1; 15:12–15).
Бурханд болон шавь нартаа үнэнч (Матай 4:1–11; 28:20; Марк 11:15–18).
Ухаалаг, уян хатан (Матай 15:21–28).